Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 11 сарын 22 өдөр

Дугаар 124

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Д.Ц даргалж,

Нарийн бичгийн дарга Б.А

Улсын яллагч Н.А

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Э

Шүүгдэгч Б.М нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Б.М-д холбогдох эрүүгийн 1720000340105 дугаартай  хэргийг 2018 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.        

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Улаанбаатар хотод төрсөн, ... настай, эрэгтэй, яс үндэс халх, бүрэн дунд боловсролтой, мужаан мэргэжилтэй, ам бүл 5, ээж, дүү, 2 хүүхдийн хамт амьдардаг, Нийслэлийн Баянгол дүүргийн 4 дүгээр хороонд оршин суудаг, Дорноговь аймгин Замын-Үүд сумын Б ХХК-нд мужаан ажилтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд нь 1998 оны 08 сарын 27-ны өдрийн Нийслэлийн Сүхбаатар дүүргийн шүүхийн 518 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 127 дугаар зүйлийн 127.2-т зааснаар 2 жилийн хорих ялаар шийтгүүлж, 1 жилийн хугацаагаар тэнсэж, хянан харгалзсан, 1999 оны 06 сарын 28-ны өдрийн Нийслэлийн Баянгол дүүргийн шүүхийн 546 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт  зааснаар 1 жил 1 сарын хорих ялаар, 2004 оны 02  сарын  06-ны өдрийн Нийслэлийн Баянгол дүүргийн шүүхийн 49 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.3-т зааснаар 6 жилийн хорих ялаар, 2010 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн Нийслэлийн Баянгол дүүргийн шүүхийн 186 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 2 жил 1 сарын хорих ялаар шийтгүүлж, шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар хойшлуулж байсан,бие эрүүл Б овогт Б.М-д холбогдсон хэргийн талаар:           

Шүүгдэгч Б.М нь 2018 оны 07 дугаар сарын 17-ны өглөө Дорноговь аймгийн Замын-Үүд  сумын 3 дугаар баг, ... дугаар байрны 3 давхарт оршин суух иргэн С.О гэрээс Айпоне 6  маркийн гар утсыг хулгайлж бусдад 510.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.  /Прокурорын яллах дүгнэлтээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт мэтгэлцэгч талууд дараах яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Б.М шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:  2018 оны 07 дугаар сарын 20-ны өдөр ... дугаар байранд байдаг найз Э-н гэрт орох гээд явж байтал гурван давхарт нэг айл хаалга нээлттэй байхаар нь сонирхоод хартал нэг хүн хажуудаа гар утсаа цэнэглээд унтаж байсан юм. Тэгээд гэрт нь сэмээрхэн орж уг гар утсыг хулгайлсан. Тэр гар утсыг УАЗ-469 машины жолооч Х гэх залууд зарсан юм гэв.

Хохирогч С.О мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: “...2017 оны 07 дугаар сарын 23-ны өглөө 05 цагийн үед Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 2 дугаар баг ... дугаар байрны ... тоотод унтаж байтал миний хажууд тавьсан байсан Айпоне 6 маркийн гар утас хулгайд алдагдсан. Тэгээд би цагдаагийн байгууллагад хандаж бүртгүүлээд өөрийн утасныхаа  Пайнд май айпоне гэдэг аплекейшнээр нь дамжуулаад өөрийн гар утсаа 160 орчим см өндөртэй, туранхай шар царайтай эрэгтэй хүнээс гар утсаа эргүүлж авсан” гэжээ. /хх-ийн 50/

Гэрч Б.Б мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: “Би өнөөдөр буюу 2017 оны 07 дугаар сарын 17-ны 11 цагийн үед Замын-Үүд сумын Сүлд баг Тусгаар тогтнолын ... тоотод өөрийн гэртээ байж байхад хүргэн болох Б ... дугаарын утсаар над руу холбогдож ярихад хүргэн маань Н гэх манай танил ахаас гар утсыг нь мөнгө байвал түр аваад 200,000 төгрөг өгчих найдвартай хүн мөнгөний хэрэг гараад байна гэнээ гэж хэлсэн. Тэгэхээр нь за гэж хэлэхэд хэдэн минутын дараа З чамтай ярьсан уу? гэж хэлээд ... дугаарын утсаар миний ... дугаарын утас руу залгаад утсаа түр чамд барьцаалаад 200,000 төгрөг авчих гэж З хэлсэн гэхээр нь тэгсэн гэж хэлээд 11 цаг 30 минутын үед Замын-Үүдийн вокзал дээр уулзаад мөнгө, гар утсаа солилцсон” гэжээ. /хх-ийн 10/

Иргэний нэхэмжлэгч Б.Б мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: “... Тэгээд М надтай холбогдож бид хоёр 11 цагийн орчимд төв талбай дээр уулзаж мөнгө  болон гар утсыг солилцсон. ...Би 200.000 төгрөгөө авсан тул надад одоо гомдол санал байхгүй...” гэжээ. /хх-ийн 58-59/

Хөрөнгийн үнэлгээний В компаний 323/017, ТХҮ/818-015 дугааруудтай дүгнэлтэнд  Айпоне -6 маркийн гар утсыг 510.000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээ /хх-ийн 15, 66-67/

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 74-76/

Нийслэлийн Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны Засаг даргын шүүгдэгч Б.М-н ам бүл, оршин суугаа газрыг тодорхойлсон тодорхойлолт

1998 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийн Нийслэлийн Сүхбаатар дүүргийн эрүүгийн шүүхийн шийтгэх тогтоол

1999 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн Нийслэлийн Баянгол дүүргийн эрүүгийн шүүхийн шийтгэх тогтоол

2004 оны 02 дугаар сарын  06-ны өдрийн Нийслэлийн Баянгол дүүргийн эрүүгийн шүүхийн шийтгэх тогтоол

2010 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн Нийслэлийн Баянгол дүүргийн эрүүгийн шүүхийн шийтгэх тогтоолуудын хуулбар /хх-ийн 79-97/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүгдэгч Б овогт Б.М нь 2018 оны 07 дугаар сарын 17-ны өглөө 05 цагийн орчимд Дорноговь аймгийн Замын-Үүд  сумын 3 дугаар баг, ... дугаар байрны 3 давхарт оршин суух хохирогч С.О-н гэрт нэвтрэн орж  Айпоне6 маркийн гар утсыг нь хулгайлж бусдад 510.000 төгрөгийн хохирол учруулжээ.

Энэ үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-т заасан гэмт хэргийн шинжийг агуулж байх тул шүүгдэгч Б.М-г орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч С.О-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн  “...2017 оны 07 дугаар сарын 23-ны өглөө 05 цагийн үед Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 2 дугаар баг ... дугаар байрны ... тоотод унтаж байтал миний хажууд тавьсан байсан Айпоне 6 маркийн гар утас хулгайд алдагдсан. Тэгээд би цагдаагийн байгууллагад хандаж бүртгүүлээд шалгаж байгаад өөрийн утасныхаа  Пайнд май айпоне гэдэг аплекейшнээр нь дамжуулаад өөрийн гар утсаа 160 орчим см өндөртэй, туранхай шар царайтай эрэгтэй хүнээс гар утсаа эргүүлж авсан” гэх мэдүүлэг /хх-ийн 50/, иргэний нэхэмжлэгч Б.Б-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн  “... Тэгээд М надтай холбогдож бид хоёр 11 цагийн орчимд төв талбай дээр уулзаж мөнгө  болон гар утсыг солилцсон. ...Би 200.000 төгрөгөө авсан тул надад одоо гомдол санал байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 58-59/, хөрөнгийн үнэлгээний В компаний 323/017, ТХҮ/818-015 дугааруудтай дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар хангалттай, эргэлзээгүйгээр батлагдан тогтоогдож байна.

Дээрх яллах талын нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай  хуульд заасан нөхцөл журмын дагуу авагдсан, тухайн хэрэгт хамааралтай, нэг нь нөгөөгөө давхар нотолсон, шүүхийн шийдвэрийн үндэс болсон хууль ёсны нотлох баримтууд гэж шүүх  үзлээ.

Шүүгдэгч Б.М нь уг үйлдлийг гэм буруугийн санаатай хэлбэрээр, шунахай сэдэлтээр үйлдэж, бусдад нийт 510.000 төгрөгийн хохирол учруулсан, үйлдсэн хэргийн гэм буруу нь тогтоогдсон, Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-т зааснаар зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна гэж үзлээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Э шүүхийн хэлэлцүүлэгт “Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчимд эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна гэсэнтэй нийцэхгүй байна. Шүүгдэгч Б.М нь хулгайн гэмт хэрэг үйлдэх санаа зорилгогүй байсан. Утсыг нь хараад хулгай хийх санаа төрсөн. Тохиолдлын шинжтэй гэмт хэрэг үйлдсэн гэж үзэхээр байна. Тухайн үед хохирогчийн хаалга нь онгорхой байсан бөгөөд үүнийг орон байранд нэвтэрч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлгүй тул шүүгдэгч Б.М-д холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дахь хэсэгт зааснаар зүйлчилж өгнө үү” гэсэн хүсэлтийг шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан бөгөөд уг хүсэлтийг шүүх хүлээн авах боломжгүй гэж үзэв.

Учир нь шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн зарчим нь шүүхээс тухайн этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд баримтлах зарчим болохоос хэргийн зүйлчлэлийг өөрчлөхөд нөлөөлөхгүй бөгөөд тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг үйлдсэн нь хэргийн хариуцлагыг хөнгөрүүлэн үзэх нөхцөл байдал болно. Мөн гэрийн хаалга нь нээлттэй, хаалттай аль ч тохиолдолд бусдын орон байранд хууль бусаар нэвтрэн орж байгаа үйлдэл нь Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-т заасан буюу бусдын орон байранд нэвтэрсэн хуулийн үйлчлэлд хамаарна. Иймд шүүгдэгч Б.М-д холбогдох хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчлөх хууль зүйн үндэслэлгүй байна.

Шүүхээс шүүгдэгчийг орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүгдэгч нь мөрдөн шалгах ажиллагаанд хулгайлсан гар утсаа хохирогчид буцаан өгсөн, мөн иргэний нэхэмжлэгчийн хохирол 200.000 төгрөгийг төлсөн нь хохирогч, иргэний нэхэмжлэгч нарын мэдүүлгээр нотлогдож байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, битүүмжлэгдэж ирсэн эд хөрөнгөгүй, иргэний баримт бичиг нь шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

Шүүгдэгч Б.М нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг төлсөн зэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2-д заасан Эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болох бөгөөд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Шүүхээс шүүгдэгч Б.М-д эрүүгийн ял оногдуулахдаа дээрх хөнгөрүүлэн үзэх нөхцөл байдал болон гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирлоо төлсөн, нийгмийн аюулын хор аюул арилсан, өөрийн өнчин хоёр охинтойгоо  амьдардаг зэрэг хувийн зан байдал зэргийг  харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3-д зааснаар хорих ялыг хөнгөрүүлэн оногдуулж,  түүний эдлэх ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б овогт Б.М-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-д заасан орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3-д заасныг журамлан мөн хуулийн  тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-т зааснаар шүүгдэгч Б овогт Б.М-г 1 /нэг/ жил, 1 /нэг/ сарын хорих ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч Б.М-д оногдуулсан  1 /нэг/ жил, 1 /нэг/ сарын  хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4. Шүүгдэгч Б.М нь бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримт болон иргэний баримт бичиг нь шүүхэд ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-д зааснаар  шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.М-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих  таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-д зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг мэдэгдсүгэй.

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ              Д.Ц