Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 01 сарын 23 өдөр

Дугаар 210/МА2023/00211

 

 

 

 

2023 01 23 210/МА2023/00211

 

 

А ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Г.Даваадорж даргалж, шүүгч Ш.Оюунханд, Д.Дэлгэрцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 сарын 16-ны өдрийн 181/ШШ2022/02620 дугаар шийдвэртэй

А ХХК-ийн нэхэмжлэлтэй, Б ХХК-д холбогдох

209,730 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Д.Дэлгэрцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Пүрэвсүрэн, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Мөнхбаатар нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:

1.1. Тус байгууллага нь гадаад харилцаа, бараа бүтээгдэхүүн борлуулалт, түгээлтийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг билээ. Хариуцагч Б ХХК нь 2020 оны 4 дүгээр сарын 03-ны өдөр 206,730 төгрөгийн бараа бүтээгдэхүүнийг захиалан авсан бөгөөд өнөөдрийг хүртэлх хугацаанд төлбөр тооцоог төлж барагдуулаагүй болно. Иймд хариуцагч Б ХХК-иас бараа бүтээгдэхүүний төлбөр 206,730 төгрөг, нэхэмжлэл гаргахтай холбоотой нотариатын зардал 3,000 төгрөг, нийт 209,730 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:

2.1. Б ХХК нь 2020 оны 04 сарын 03-ны өдөр 206,730 төгрөгийн бараа хүлээж аваагүй бөгөөд манай компани нь тус компанитай зээлээр бараа бүтээгдэхүүн худалдах, худалдан авах гэрээ хийж байгаагүй. Өнгөрсөн 2 жил 2 сарын хугацаанд Б ХХК-ийн захирал надад нэг ч удаа төлбөрийн асуудлаар тайлбарлаж яриагүйгээр шүүхэд хандсан байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 219.1-т заасан үндэслэл тогтоогдоогүй тул Б ХХК-д холбогдох бараа бүтээгэхүүн худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 206,730 төгрөг, нотариатын зардалд 3,000 төгрөг, нийт 209,730 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч А ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн дугаар 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч А ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 6,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга:

4.1. 2020 оны 04 сарын 03-ны өдөр 206,730 төгрөгийн үнэ бүхий бараа бүтээгдэхүүнийг Б ХХК-ийн худалдааны зөвлөх В-д хүлээлгэн өгсөн. Уг төлбөрийг удаа дараа шаардаж мэдэгдэл хүргүүлсэн боловч хариуцагч дэлгүүрээ түрээслүүлсэн тул өөрт нь өгч чадаагүй.

Гэтэл хариуцагчийн тайлбарыг үндэслэн шаардлагаа нотлохоор өгсөн нотлох баримтыг үнэлээгүй, талуудын хооронд худалдах-худалдан авах гэрээ байгуулаагүй болохыг тайлбарласаар байтал гэрээг байгаа мэтээр дүгнэсэн нь үндэслэлгүй.

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах-худалдан авах гэрээг заавал бичгээр байгуулахыг хуульчлаагүй байтал хуулийг буруу тайлбарлан хэргийг шийдвэрлэснийг зөвшөөрөхгүй тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, гомдлыг хангаж өгнө үү гэжээ.

 

5. Хариуцагч давж заалдах гомдолд тайлбар гаргаагүй болно.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын хүрээнд хэргийг хянаад шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж гомдлыг хангахгүй орхив.

 

2. Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан, шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй байна.

 

3. Нэхэмжлэгч А ХХК нь хариуцагч Б ХХК-д холбогдуулан нийлүүлсэн бараа бүтээгдэхүүний төлбөрт 206,730 төгрөг, нотариатын зардал 3,000 төгрөг нийт 209,730 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч бүхэлд нь эс зөвшөөрч маргажээ.

 

3.а. Нэхэмжлэгч 2020 оны 04 сарын 02-ны өдөр Б ХХК-ийн Г хүнсний дэлгүүрт 206,730 төгрөгийн бараа бүтээгдэхүүн нийлүүлсэн гэж, хариуцагч уг бараа бүтээгдэхүүнийг хүлээж аваагүй тул хариуцахгүй гэж тус тус өөрөөр тайлбарласан байна.

 

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ гэж заасан.

 

3.б. Нэхэмжлэгчийн шүүхэд гаргаж өгсөн зарлагын баримтыг үндэслэн хариуцагч Б ХХК-ийг тухайн баримтад бичигдсэн бараа бүтээгдэхүүнийг нэхэмжлэгчээс худалдан авсан гэж үзэх үндэслэлгүй талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлтийг буруутгахгүй.

 

Учир нь нэхэмжлэгч А ХХК нь хариуцагч Б ХХК-тай худалдах, худалдан авах гэрээ байгуулсан, 206,730 төгрөгийн барааг хариуцагчийн захиалснаар нийлүүлсэн гэдгээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нотлоогүй байна.

 

Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт зааснаар хууль буюу гэрээгээр үүрэг үүсдэг ба хариуцагч нь худалдах, худалдан авах гэрээний дагуу нэхэмжлэгчийн өмнө үүрэг хүлээсэн гэх үндэслэл тогтоогдоогүй болно.

 

Иймд нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар худалдан авагч буюу А ХХК -ийн өмчлөлд бараа бүтээгдэхүүн нийлүүлсэн гэх байдлаа баримтаар нотлоогүй тул хариуцагчаас төлбөр гаргуулахаар шаардах эрхгүй.

 

4. Түүнчлэн, худалдах, худалдан авах гэрээний үүргийн гүйцэтгэл шаардсаныг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул нэхэмжлэгч Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт заасан хохирол шаардах эрхгүй, энэ талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт зөв болжээ.

 

Иймд анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийж, нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.

 

5. Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээхээр шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 сарын 16-ны өдрийн 181/ШШ2022/02620 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч А ХХК-ийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 6,945 төгрөгийг улсын орлогод үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3 дахь хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.ДАВААДОРЖ

 

ШҮҮГЧИД Ш.ОЮУНХАНД

 

Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ