| Шүүх | Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашзэвэгийн Цэдэнпэлжээ |
| Хэргийн индекс | 137/2018/0120/Э |
| Дугаар | 126 |
| Огноо | 2018-11-28 |
| Зүйл хэсэг | 17.5.1., |
| Улсын яллагч | Э.Тулгаа |
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 11 сарын 28 өдөр
Дугаар 126
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Д.Ц даргалж,
Нарийн бичгийн дарга Б.А
Улсын яллагч Э.Т
Шүүгдэгч Т.О нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Т овогт Т.О-д холбогдох эрүүгийн 1820002470122 дугаартай хэргийг 2018 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Дундговь аймгийн Цагаандэлгэр суманд төрсөн, 25 настай, эрэгтэй, яс үндэс халх, бүрэн бус дунд боловсролтой, сантехникийн слесарь мэргэжилтэй, ам бүл 8, аав, ээж, ах, эгч дүү нарын хамт амьдардаг, Ч ХХК-нд ажилтай, Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 5 дугаар баг, Мобикомын гудамж ... тоотод оршин суудаг, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, бие эрүүл Т овогт Т.О,
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Т.О нь 2018 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 17 цагийн үед Замын-Үүд сумын 2 дугаар баг, бага сургуулийн 4 замын уулзварын ногооны дэлгүүрийн гаднаас хохирогч Н.Э-н гээгдүүлсэн VIVO маркын гар утсыг олж аван завшиж, бусдад 600.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт мэтгэлцэгч талууд дараах яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Т овогт Т.О шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би мөрдөн байцаалтанд үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч бүгдийг нь үнэнээр нь мэдүүлсэн учир дахин мэдүүлэг өгөх шаардлагагүй. Би үйлдсэн хэргийнхээ гэм бурууг хүлээн зөвшөөрч байна. Дахин гэмт хэрэг үйлдэхгүй. Гэмт хэрэг үйлдсэндээ харамсаж байна гэв.
Хохирогч Н.Э мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: “...Миний гээгдүүлсэн гар утас VIVO нэртэй бичигтэй улаан өнгөтэй шилэн наалттай гадуураа өнгөгүй хамгаалалтын гэртэй байсан. Эдэлгээний хувьд цоо шинэ байсан. 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдөр БНХАУ-ын Эрээн хотоос 1770 юань буюу Монгол мөнгөөр 670.000 төгрөгөөр худалдан авч байсан. Миний гар утсыг үнэлгээний компани 600.000 төгрөгөөр үнэлсэн байна. Би уг үнэлгээг хүлээн зөвшөөрч байна. Өөрийн гар утсыг бүрэн бүтэн олж авсан болохоор надад гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй” гэжээ. /хх-ийн 5, 28/
Гэрч С.Б мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: “...2018 оны 10 дугаар сарын 26-ны өдөр хамт ажилладаг О-н хамт орой 17 цагийн үед гэр лүүгээ харихаар Замын-Үүд сумын 2 дугаар баг, Сургуулийн 4 замын ногооны дэлгүүрийн гадаа явж байсан чинь О доошоо тонгойсноо газраас нэг юм авчих шиг болсон, юу юм бол гээд асуусан чинь улаан өнгөтэй VIVO гэсэн бичигтэй гар утас байсан. Тэгээд О нөгөө гар утсыг куртикнийхээ халаасанд хийгээд бид хоёр цаашаа явсан” гэжээ. /хх-ийн 8-9 хуудас/
А ХХК-ийн үнэлгээний тайлангаар VIVO нэртэй гар утасны үнэлгээг 600.000 төгрөгөөр үнэлсэн дүгнэлт /хх-ийн 14/
Гэрэл зургийн үзүүлэлтүүд / хх-ийн 11-12/
Эд зүйл хураан авсан тухай тэмдэглэл /хх-ийн 19/
Эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол / хх-ийн 18/
Ч ХХК-ийн 2018 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн тодорхойлолт /хх-ийн 32/
Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 33-34/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүгдэгч Т овогт Т.О нь 2018 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 17 цагийн үед Замын-Үүд сумын 2 дугаар баг бага сургуулийн 4 замын уулзварын ногооны дэлгүүрийн гаднаас хохирогч Н.Э-н гээгдүүлсэн VIVO гар утсыг олж аван гээгдэл эд хөрөнгө гэдгийг мэдсээр байж завшиж 600.000 төгрөгийн хохирол учруулжээ.
Энэ үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэргийн шинжийг агуулж байх тул шүүгдэгч Т.О-н гээгдэл эд хөрөнгө завших гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгч өгсөн шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч Н.Э-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “Миний гээгдүүлсэн гар утас VIVO нэртэй бичигтэй улаан өнгөтэй шилэн наалттай гадуураа өнгөгүй хамгаалалтын гэртэй байсан. Эдэлгээний хувьд цоо шинэ байсан. 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдөр БНХАУ-ын Эрээн хотоос 1770 юань буюу Монгол мөнгөөр 670.000 төгрөгөөр худалдан авч байсан” гэх мэдүүлэг, гэрч С.Б-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “2018 оны 10 дугаар сарын 26-ны өдөр хамт ажилладаг О-н хамт орой 17 цагийн үед гэр лүүгээ харихаар Замын-Үүд сумын 2 дугаар баг, Сургуулийн 4 замын ногооны дэлгүүрийн гадаа явж байсан чинь О доошоо тонгойсноо газраас нэг юм авчих шиг болсон уу, юу юм бол гээд асуусан чинь улаан өнгөтэй VIVO гэсэн бичигтэй гар утас байсан” гэсэн мэдүүлгүүд, болон А ХХК-ийн үнэлгээний тайлан /хх-ийн 14/, гэрэл зургийн үзүүлэлтүүд / хх-ийн 11-12/, эд зүйл хураан авсан тухай тэмдэглэл /хх-ийн 19/, эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол / хх-ийн 18/ зэрэг нотлох баримтуудаар хангалттай, эргэлзээгүйгээр батлагдан тогтоогдож байна.
Дээрх яллах талын нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан нөхцөл журмын дагуу авагдсан, тухайн хэрэгт хамааралтай, нэг нь нөгөөгөө давхар нотолсон, шүүхийн шийдвэрийн үндэс болсон хууль ёсны нотлох баримтууд гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Шүүгдэгч Т.О нь уг үйлдлийг гэм буруугийн санаатай хэлбэрээр, шунахай сэдэлтээр үйлдэж, бусдад нийт 600.000 төгрөгийн хохирол учруулсан, үйлдсэн хэргийн гэм буруу нь тогтоогдсон, Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокурорын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1-т зааснаар зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна гэж үзлээ.
Шүүгдэгч Т.О нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэм буруугийн болон хэргийн зүйлчлэлийн талаар маргаж, мэтгэлцээгүй болно.
Шүүхээс шүүгдэгчийг гээгдэл эд хөрөнгө завших гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Хохирогч Н.Э нь мөрдөн шалгах ажиллагаанд “өөрийн гар утсыг бүрэн бүтэн олж авсан болохоор надад гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй” гэж мэдүүлсэн /хх-ийн 28/ тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн VIVO гэсэн бичигтэй, улаан өнгөтэй, 1 ширхэг гар утсыг хохирогч Н.Энхтуяад буцаан олгож, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, иргэний баримт бичиг нь шүүхэд ирээгүй, битүүмжлэгдэж ирсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Шүүгдэгч Т.О нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирлыг төлсөн зэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2-д зааснаар Эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болох бөгөөд хуульд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Прокуророос шүүгдэгч Т.О-д 460 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 460.000 төгрөгөөр торгох ялыг санал болгосон ба шүүгдэгч Т.О нь Ч ХХК-д ажилладаг, тогтмол орлоготой байх тул уг торгуулийн ялыг төлөх санхүүгийн боломжтой гэж шүүх үзлээ.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 8,9, 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Т овогт Т.О-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1-т заасан гээгдэл эд хөрөнгө завших гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1-т зааснаар Т.О-г 460 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 460.000 /дөрвөн зуун жаран мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-т зааснаар шүүгдэгч Т.О нь 460.000 төгрөгийн торгуулийн ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих учрыг мэдэгдсүгэй.
4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн VIVO нэртэй, улаан өнгөтэй, 1 ширхэг гар утсыг хохирогч Н.Э-д буцаан олгосугай.
5. Шүүгдэгч Т.О нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, иргэний баримт бичиг нь шүүхэд ирээгүй, битүүмжлэгдэж ирсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-д зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Т.О-д авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар Прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.Ц