Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 11 сарын 30 өдөр

Дугаар 127

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Д.Ц даргалж,

Нарийн бичгийн дарга Б.А

Улсын яллагч Н.А

Шүүгдэгч А.А нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн И овогт А.А-д холбогдох эрүүгийн 1820001060123 дугаартай  хэргийг 2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.        

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Хөвсгөл аймгийн Мөрөн суманд төрсөн, ... настай, эрэгтэй, яс үндэс халх, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Налайх дүүргийн Ю ХХК-д  төмөр таслагч ажилтай, ам бүл 3, аав, ээжийн хамт Хөвсгөл аймгийн Төмөр булаг сумын 5 дугаар багт оршин суудаг, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, бие эрүүл И овогт А.А,

Холбогдсон хэргийн талаар:           

Шүүгдэгч А.А нь 2018 оны 04 дүгээр сарын 01-ний орой Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 1 дүгээр баг  төв талбай дээрээс машиндаа суусан Б-н гар утсаа мартаж буусан гэдгийг мэдсээр байж гар утсыг авч завшсаны улмаас бага хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.  /Прокурорын яллах дүгнэлтээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт мэтгэлцэгч талууд дараах яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч А.А шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2018 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр Б-тай хамт вокзал дээр очиж бидэнтэй хамт явж байсан залуугаа буулгаж өгчихөөд эргээд Б-г цагдаагийн үүдэнд буулгаж өгсөн. Буулгаж өгчихөөд явж байтал миний араас Б залгаад машинд чинь гар утас байна уу гэж асууж байсан. Тэгээд машиныхаа сандал дээр үзтэл байхгүй байсан. Би гар утсыг нь завшаад арилжсан зүйл байхгүй тул надад хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү гэв.

Хохирогч М.Б мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: “...Би 2018 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр Замын-Үүд сумын төв талбай дээрээс А-н машинд суугаад буухдаа өөрийн гар утсаа мартаж буусан байна. Тэгээд машинаас буугаад явж байгаад утсаа үзтэл байхгүй байхаар нь А рүү би машинд чинь утсаа унагасан байна, хойд талын сандал дээрээ хараадахаач гэхэд чи машинд утас унагаагүй байна гэж хэлээд утсаа салгасан. Тэр өдрөөс хойш 7 хоногийн дараа ажлаас гараад хот явсан байсан... Тэгээд би фейсбүүкийн гар утас хар зах гэсэн цахим хуудсыг үзэхэд А өөрийн хаягнаас LG маркийн К8 гар утсыг зарна гээд тавьсан байхаар нь А рүү залгаад миний гар утсыг өгчих гэхэд би утсыг чинь аваагүй, адилхан утас байж болдоггүй юмуу гэхээр нь цагдаад өгсөн ....” гэжээ. /хх-ийн 20-21/

 Гэрэл зургийн үзүүлэлтүүд / хх-ийн 11-13/

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын цагдаагийн хэлтсийн эрүүгийн мөрдөгч Д.Г-н тэмдэглэл /хх-ийн 14/

Эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-ийн 15/

 Шүүгдэгч А.А-н ... дугаарын гар утасны яриа, мессежний лавлагаа /хх-ийн 34-42/

 А ХХК-ийн үнэлгээний тайланд LG маркийн К8 гар утсыг 350.000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээний тайлан /хх-ийн 66-68/

Шүүгдэгч А.А-н иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 74/

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудас /хх-ийн хх-ийн 75/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүгдэгч И овогт А.А нь 2018 оны 04 дүгээр сарын 01-ний орой Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 1 дүгээр баг,  төв талбай дээрээс  машиндаа суусан хохирогч Б-н гар утсаа мартаж буусан гэдгийг мэдсээр байж гар утсыг авч завшсаны улмаас бага хэмжээний хохирол буюу 350.000 төгрөгийн хохирол учруулжээ.

Энэ үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэргийн шинжийг агуулж байх тул шүүгдэгч А.А-н гээгдэл эд хөрөнгө завших гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч М.Б-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “Би 2018 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр Замын-Үүд сумын төв талбай дээрээс А-н машинд суугаад буухдаа өөрийн гар утсаа мартаж буусан байна. Тэгээд машинаас буугаад явж байгаад утсаа үзтэл байхгүй байхаар нь А рүү би машинд чинь утсаа унагасан байна, хойд талын сандал дээрээ хараадахаа ч гэхэд чи машинд утас унагаагүй байна гэж хэлээд утсаа салгасан. Тэр өдрөөс хойш 7 хоногийн дараа ажлаас гараад хот явсан байсан... Тэгээд би фейсбүүкийн гар утас хар зах гэсэн цахим хуудсыг үзэхэд А өөрийн хаягнаас LG маркийн К8 гар утсыг зарна гээд тавьсан байхаар нь А рүү залгаад миний гар утсыг өгчих гэхэд би утсыг чинь аваагүй, адилхан утас байж болдоггүй юмуу гэхээр нь цагдаад өгсөн” гэх мэдүүлэг,  А ХХК-ийн үнэлгээний тайлан /хх-ийн 66-68/, гэрэл зургийн үзүүлэлтүүд / хх-ийн 11-13/, эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-ийн 15/ зэрэг нотлох баримтуудаар хангалттай, эргэлзээгүйгээр батлагдан тогтоогдож байна.

Дээрх яллах талын нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай  хуульд заасан нөхцөл журмын дагуу авагдсан, тухайн хэрэгт хамааралтай, нэг нь нөгөөгөө давхар нотолсон, шүүхийн шийдвэрийн үндэс болсон хууль ёсны нотлох баримтууд гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Шүүгдэгч А.А нь уг үйлдлийг гэм буруугийн хэлбэрээр, шунахай сэдэлтээр үйлдэж, бусдад нийт 350.000 төгрөгийн хохирол учруулсан, үйлдсэн хэргийн гэм буруу нь тогтоогдсон, Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокурорын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1-т зааснаар зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна гэж үзлээ.

Шүүгдэгч А.А нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэм буруугийн болон хэргийн зүйлчлэлийн талаар маргаж, мэтгэлцээгүй болно.

Шүүхээс шүүгдэгчийг гээгдэл эд хөрөнгө завших гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Хохирогч М.Б нь мөрдөн шалгах ажиллагаанд “Би өөрийн гар утсыг олж авсан.... Миний утсанд ямар нэг эвдрэл гэмтэл учраагүй, бүрэн бүтэн байсан....” гэж мэдүүлсэн /хх-ийн 64/ тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар болон иргэний баримт бичиг нь шүүхэд ирээгүй, битүүмжлэгдэж ирсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

Шүүгдэгч А.А нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирлыг төлсөн зэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2-д зааснаар Эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болох бөгөөд хуульд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Прокуророос шүүгдэгч А.А-д 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялыг санал гаргажээ.

 Шүүх хуралдаанд шүүгдэгч нь улирлын чанартай  ажил эрхэлдэг тул торгуулийн ялыг хэсэгчлэн төлүүлж өгнө үү гэсэн хүсэлт гаргасан тул шүүгдэгчийн хүсэлтийг хүлээн авч оногдуулах торгуулийн ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүгдэгчийн хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгуулийн ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэв.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 8,9, 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч И овогт А.А-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1-т заасан гээгдэл эд хөрөнгө завших гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1-т зааснаар А.А-г 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5-т зааснаар шүүгдэгч А.А-д оногдуулсан  450.000 төгрөгийн торгуулийн ялыг 3 /гурван/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлж, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих учрыг  мэдэгдсүгэй.

4. Шүүгдэгч А.А нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар болон иргэний баримт бичиг нь шүүхэд ирээгүй, битүүмжлэгдэж ирсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-д зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч А.А-д авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар Прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг мэдэгдсүгэй.

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ             Д.Ц