Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 01 сарын 23 өдөр

Дугаар 210/МА2023/00213

 

 

 

 

2023 01 23 210/МА2023/00213

 

 

А.Б-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Г.Даваадорж даргалж, шүүгч Ш.Оюунханд, Д.Дэлгэрцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Агол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 сарын 24-ний өдрийн 102/ШШ2022/03647 дугаар шийдвэртэй

А.Бгийн нэхэмжлэлтэй, А ХХК, А.А, Б.Б нарт холбогдох

Худалдах-худалдан авах гэрээний үүрэгт 16,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагч нарын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Д.Дэлгэрцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч А.Б, түүний өмгөөлөгч М.Алтанцэцэг, хариуцагч А.А, Б.Б, тэдгээрийн өмгөөлөгч Б.Өлзийбаяр, Х.Наранзул, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Мөнхбаатар нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:

1.1. 2016 оны 9 дүгээр сард А ХХК-ийн захирал Б.Б, орлогч захирал А.А нар манай хашаанд байсан Атлас Кофко маркийн компрессорыг хэд хэдэн удаа ирж үзэж сонголт хийсний эцэст надтай уулзаж манай компрессор эвдэрчихлээ, таны компрессор ижил байна, ярилцъя, авъя гэсэн. Би компрессороо 25,000,000 төгрөгөөр зарна гэсэн. Тэгтэл зөвхөн хий хуваарилах хэсэг болох Белги улсад үйлдвэрлэсэн, туслах хуваарилагч хуйлруулагчийг авна гэсэн.

Ингээд хариуцагч нар Швед улсын Атлас Кофко-395 маркийн хийн компрессорын нэг хэсэг болох хуйлруулагчийг 7,000,000 төгрөгийг бэлнээр, үлдсэн 8,000,000 төгрөгийг 2016 ондоо багтаан төлнө гэсэн хүсэлт тавьснийг би хүлээн авч нийт 15,000,000 төгрөгөөр худалдахаар харилцан тохиролцож амаар хэлцэл хийсэн.

Тэгээд 2016 оны 9 дүгээр сарын 06-ны өдөр Б.Б ...би таны дансанд яг одоо 7,000,000 төгрөг шилжүүлнэ, бид кран аваад ирлээ, одоо ачаад явлаа гэсэн. Би ...та нар зөвхөн хэрэгтэй хэсгээ, хуйлруулагчийг аваад яв гэхэд А.А, Б.Б нар ...бид том крантай ирсэн учир компрессорыг тэр чигт нь аваад явна, хуйлруулагчийг салгаж аваад эргээд бид өөрийнхөө жижиг кранаар буцаагаад авчирч өгнө гээд аваад явсан.

Ингээд миний компрессорыг авч явсан боловч тохиролцсон 7,000,000 төгрөгийг одоо болтол шилжүүлээгүй.

Би шүүхэд анх гаргасан нэхэмжлэлдээ А ХХК, А.А, Б.Б нарт холбогдуулж бүтэн компрессорын үнэ 25,000,000 төгрөг, шланкны үнэ 1,000,000 төгрөг, краз моторын үнэ 2,000,000 төгрөг, нийт 28,000,000 төгрөгийг шаардсан. Үүнээс хариуцагч А ХХК-аас татгалзаж, хариуцагч А.А, Б.Б нараас хуйлруулагчийн мөнгө 15,000,000 төгрөг, 17м урт шланкны үнэ 1,000,000 төгрөг, нийт 16,000,000 төгрөгийг гаргуулна. Би А.Аээс 1,000,000 төгрөгтөө тооцон труба авсан нь үнэн гэжээ.

 

2. Хариуцагч Б.Б-ы татгалзал, тайлбарын агуулга:

2.1. 2016 оны 9 дүгээр сард ажлын захиалгууд авсан боловч миний өөрийн Атлас кофко-395 маркийн компрессорын хуйлруулагч эвдэрсэн тул солих шаардлагатай болсон. Ингээд А.Бгийн хашаанд 7, 8 гаруй жил байсан компрессорын хуйлруулагчийг авахаар түүнтэй уулзаж ...танд илүү компрессорын хуйлруулагч байгаа юу, танай хашаанд олон жилийн өмнөөс адил төрлийн хуйлруулагч харагдаад байна та зарах уу гэж асуухад А.Б ...би компрессороо тэр чигт нь 25,000,000 төгрөгөөр зарна гэсэн. Би ...надад компрессор хэрэггүй зөвхөн хуйлруулагч л хэрэгтэй байна гэхэд А.Б ...тэгвэл чи хуйлруулагчийг нь 15,000,000 төгрөгөөр ав гэсэн. Би ...хуйлруулагч нь эвдрэлгүй, зүгээр ажиллаж байвал урьдчилгаа 7,000,000 төгрөгийг өгье, үлдэгдлийг нь энэ ондоо багтаагаад өгнө гэж хэлсэн. Тэгтэл А.Б ...хуйлруулагч эвдрэлгүй, зүгээр ажиллаж байгаа. 7, 8 жил би ашиглаагүй, гэхдээ эвдрээгүй зүгээр байгаа гэхээр нь би итгэсэн.

Ингээд хуйлруулагчийг шалгаж үзэх гэтэл А.Б ..моторт нь ус орчихсон асахгүй, авч яваад шалга... гэсэн тул би өөрөө кранаар компрессорыг зөөж А.Б-ийн хашааны хойно байралх төрсөн дүү Д.Жаргалсайханы хашаа руу зөөж аваачсан.

Хуйлруулагчийг шалгахаар механик инженер мэргэжилтэй М аар хуйлруулагчийг салгуулж, өөрийн компрессорт угсруулан асаасан боловч хуйлруулагч нь 30 секунд ажиллаад л хий шахахгүй унтраад байсан. Механик инженер мэргэжилтэй М нь ...ажиллахгүй байна, эвдэрхий юм байна буцааж өг гээд хэлээд явсан.

Би А.Б-тай би утсаар холбогдож ...А гуай энэ хуйлруулагч чинь ажиллахгүй байна гэж хэлэхэд тэрээр ...зүгээр байсан юмыг та нар эвдэлчихлээ гэж уурлаад байсан тул мөн механик инженер мэргэжилтэй Ц-г дуудаж А.Б-г өөрийг нь байлцуулан дахин асааж, шалгуулахад мөн л ажиллахгүй байсан.

А.Б өөрийн нүдээр харж, үзчихээд зүгээр байсан хэмээн гүрийж, компрессороо эргүүлэн авахгүй гэж хэлээд алга болсон.

2.1. Би удаа дараа доголдолтой эд хөрөнгөө эргүүлэн авахыг утсаар шаардаж, гэрт нь очсон боловч хөдөө ажлаар явсан гээд хэсэг тааралдаагүй. Компрессорыг зөөж авснаас хойш 1 хоногийн дараа А.Б нь над руу холбогдоод ...Төв аймгийн Бүрэн суманд худаг өрөмдлөгийн ажил бүтдэггүй, 80м труба олж өгөөч гэхээр нь би 1 м нь 18,000 төгрөгийн үнэтэй 80 м труба нийт 1,440,000 төгрөгийн трубаг өөрийн зардлаараа хүргэж өгсөн.

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй, компрессор анх авсан байдлаараа харуул хамгаалалттай хашаанд хадгалагдаж байгаа, буцааж өгөхөд бэлэн гэжээ.

 

3. Хариуцагч А.А-ийн татгалзал, тайлбарын агуулга:

3.1. Б.Б-ы тайлбартай санал нэг байна.

3.2. Шланкны 1,000,000 төгрөгт нэхэмжлэгчтэй эвлэрч, А.Б-ийн биднээс авсан трубаны 1,400,000 төгрөгийг шаардалгүй шланкны 1,000,000 төгрөгийн оронд тооцож, 400,000 төгрөгийг шаардахгүй байхаар харилцан тооцоо дууссан гэжээ.

 

4. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч А.Б нь хариуцагч хариуцагч А ХХК-д холбогдох шаардлагаасаа татгалзсаныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Б.Б, А.А нараас 15,000,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч А.Б-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 1,000,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 297,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Б, А.А нараас 232,950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

 

5. Хариуцагч нарын давж заалдах гомдлын агуулга:

5.1. Шүүх нэхэмжлэгчийн тайлбарт үндэслэн талуудын хооронд худалдах-худалдан авах гэрээ байгуулагдсан гэж үзсэн атлаа тухайн компрессор, хийн хуйлруулагч хэзээ, хаана үйлдвэрлэсэн, хэдэн жил ажилласан, ажиллагаатай байсан эсэх, элэгдэл хорогдлын талаарх мэдээлэл зэргийг нэхэмжлэгч бидэнд хүлээлгэн өгөөгүй, хэрэгт энэ талаарх баримт хэрэгт авагдаагүйд дүгнэлт хийхгээгүй.

Мөн А.Б нь өөрийн хашаанд олон жил болсон ажиллагаагүй компрессорын хуйлруулагчийн ажилладаг эсэхийг хараад мэдэх, газар дээр нь шалгах боломжгүй, тусгай техникийн тусламжтайгаар ажиллуулдаг эд хөрөнгийг ажиллаж байгаа хэмээн хуурч, эд хөрөнгийн эрхийн болон биет байдлын доголдолтой эд хөрөнгийг шилжүүлсэн эсэхэд дүгнэлт хийгээгүй.

5.2. Хариуцагч Б.Б, А.А нарын тайлбар болон гэрч Ц.Б , М.М , Д.Ц , Ч.Э нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтууд нь маргаан бүхий компрессорын хуйлруулагчийг ажиллагаагүй, нүдээр хараад ажиллагаатай эсэхийг мэдэх боломжгүй, эвдэрхий байсан зэргийг давхар нотолдог.

Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч нар эд хөрөнгийг А.Бгийн хамт шалгаж, гэрээг цуцлах тухай түүнд хуульд заасан хугацаанд мэдэгдсэн. Гэтэл шүүх энэ талаар дүгнэлт хийлгүйгээр Иргэний хуулийн 247 дугаар зүйлийн 247.1 дэх хэсэгт зааснаар үр шим болон эрсдэл худалдан авагчид шилжсэн гэж үзсэн нь хууль бус юм. Учир нь энэ заалтыг хэрэгжихээс өмнөх Иргэний хуулийн 243, 251, 252 дугаар зүйлүүдэд заасан нөхцөлийг хангаж байгаа эсэхэд дүгнэлт өгөх ёстой.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

6. Давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгч талын тайлбарын агуулга: Хариуцагч талын давж заалдах гомдол нь бүхэлдээ үндэслэлгүй. Учир нь А.Б усны хайгуул өрөмдлөгийн салбарын гарьяат болтол ажилласан гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх хэргийг хариуцагч нарын гаргасан давж заалдах гомдлын хүрээнд хянаад гомдлыг хангаж, шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.

 

2. Нэхэмжлэгч А.Б нь хариуцагч А ХХК, Б.Б, А.А нарт холбогдуулан хийн компрессорын үнэ 25,000,000 төгрөг, краз моторын үнэ 2,000,000 төгрөг, шланкны үнэ 1,000,000 төгрөг нийт 28,000,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасныг шүүх хуралдаанд хийн компрессорын хуйлруулагч 15,000,000 төгрөг, шланкны үнэ 1,000,000 төгрөг нийт 16,000,000 төгрөг болгон багасгасан.

 

Нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч А ХХК-д холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагаас татгалзсаныг анхан шатны шүүх баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт нийцсэн байна.

 

Хариуцагч нар шлакны үнэ 1,000,000 төгрөгийг зөвшөөрч, нэхэмжлэлийн шаардлагын үлдэх хэсгийг эс зөвшөөрч маргажээ.

 

3. А.Б нь Б.Б, А.А нарт 2016 оны 09 сарын 06-ны өдөр Атлас кофко-395 маркийн компрессорын хуйлруулагчийг 15,000,000 төгрөгөөр худалдахаар, Б.Б, А.А нар нь 15,000,000 төгрөгийг 2 хувааж төлөхөөр тохиролцсон үйл баримтыг анхан шатны шүүх зөв тогтоосон ба талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэсэн нь үндэслэлтэй.

 

4. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт Худалдах, худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээхээр зохицуулсан тул худалдагч А.Б нь худалдан авагч Б.Б, А.А нарт биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хуйлруулагч шилжүүлэн өгөх үүрэгтэй.

 

Худалдах-худалдан авах гэрээний зүйл болох хийн компрессорын хуйлруулагчийн биет байдлын доголдолтой байсан эсэх нь талуудын маргааны зүйл болжээ.

 

5. Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлээгүйг давж заалдах шатны шүүхээс залруулах боломжтой.

 

5.а. Нэхэмжлэгч нь биет байдлын доголдолгүй эд хөрөнгийг хариуцагч нарт шилжүүлэн өгсөн гэх тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотлоогүйгээс гадна Иргэний хуулийн 251 дүгээр зүйлийн 251.2 дахь хэсэгт Хэрэв гэрээнд эд хөрөнгийн чанарын талаар заагаагүй бол гэрээнд заасан зориулалтаар ашиглах боломжтой эд хөрөнгийг биет байдлын доголдолгүй гэж үзнэ гэж заасан нөхцөл байдал хэргийн баримтаар тогтоогдоогүй.

 

5.б. Гэрч М.М шүүхэд ...би ирээд асаасан, хий бага гарч байсан, хурдан халсан, унтраахад тарр гээд дуу гарсан, задлаад үзэхэд жижиг дотор арааны гол угаараа тасарсан, помп нь эвдэрхий байсан, ...гаднаасаа харахад мэдэгдэхгүй, би буцааж боогоод ажиллах боломжгүй юм байна буцаагаад өг гэж хэлсэн гэх,

гэрч Д.Ц шүүхэд ...А ХХК-ийн гарааш дээр очиход компрессор байсан, асангуутаа 30 минут болоод унтарчихлаа гэсэн, ... шүүрнүүийг сольсон гэж хэлсэн, асаах уу гэхээр нь хэрэггүй гэж хэлээд явсан гэх агуулга бүхий мэдүүлэг өгчээ.

 

Дээрх гэрч нарын мэдүүлгийг нэхэмжлэгч А.Б баримтаар үгүйсгэж чадаагүй тул хариуцагч нарын татгалзлын үндэслэл буюу тухайн эд хөрөнгийг аваад ажиллуулж үзэхэд доголдолтой, ажиллахгүй байсан нь тогтоогдсон учир хийн компрессорын хуйлруулагчийг биет байдлын доголдолтой гэж дүгнэв.

 

Иймд Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.1 дэх хэсэгт зааснаар худалдан авсан эд хөрөнгө доголдолтой бол худалдан авагч гэрээнээс татгалзах эрхтэй. Хариуцагч нарын гаргасан давж заалдах гомдол үндэслэлтэй тул хангах нь зүйтэй.

 

6. Нэхэмжлэгч А.Б нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан биет байдлын доголдолгүй эд хөрөнгийг худалдан авагч Б.Б, А.А нарт шилжүүлэх үүргээ биелүүлээгүй байна.

 

Иймд нэхэмжлэгч нь хариуцагч нараас хуйлруулагчийн үнэ 15,000,000 төгрөгийг Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар шаардах эрхгүй.

 

7. Нэхэмжлэгч А.Б нь 17 метр шланкны үнэ 1,000,000 төгрөгийг хариуцагч Б.Б, А.А нараас гаргуулахаар нэхэмжилснийг анхан шатны шүүх хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэнд нэхэмжлэгч гомдол гаргаагүй тул талуудын зарчмыг баримтлан шийдвэрийн энэ хэсгийг хэвээр үлдээнэ.

 

Мөн, анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад хариуцагч гэж 2 удаа бичсэн техникийн шинжтэй алдааг залруулах нь зүйтэй.

 

8. Дээр дурдсан үндэслэлээр хариуцагч нарын гаргасан давж заалдах гомдлыг хангаж анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Агол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 сарын 24-ний өдрийн 102/ШШ2022/03647 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын ...хариуцагч гэснийг хасаж,

2 дахь заалтыг ...Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Б.Б, А.А нараас 16,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч А.Бгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай. гэж,

3 дахь заалтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 297,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй. гэж тус тус өөрчлөн найруулж,

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч Б.Бы давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 232,950 төгрөгийг буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3 дахь хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.ДАВААДОРЖ

 

ШҮҮГЧИД Ш.ОЮУНХАНД

 

Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ