Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 02 сарын 15 өдөр

Дугаар 225/МА2023/00006

 

 

 

 

 

2023 оны 02 сарын 15 өдөр

Дугаар 225/МА2023/00006

 

 

 

Л.*******ы нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Л.Эрдэнэбат даргалж, Ерөнхий шүүгч Б.Сосорбарам, шүүгч Н.Баярхүү нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 155/ШШ2022/01021 дүгээр шийдвэртэй,

Нэхэмжлэгч: Л.*******ы нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Хөвсгөл аймгийн Жаргалант сумын Засаг даргад холбогдох

Ажилгүй байсан хугацааны цалин 17,761,076 (арван долоон сая долоон зуун жаран нэгэн мянга далан зургаа) төгрөг гаргуулах, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийн нөхөн бичилт хийлгэх тухай  нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч Н.Баярхүүгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Л.*******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Энхтүвшин, хариуцагчийн өмгөөлөгч Б.Амаржаргал, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Өлзийбуян нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Л.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие Лхаасүрэнгийн ******* нь Хөвсгөл аймгийн Жаргалант сумын Засаг даргын 2022 оны 1 дүгээр сарын 10-ны өдрийн Б/01 дугаартай захирамжаар Хөвсгөл аймгийн Жаргалант сумын Эрүүл мэндийн төвийн даргын үүрэгт ажлаас чөлөөлөгдсөн. Би тухайн захирамжийг эс зөвшөөрч, Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд хандсан. Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн 10 дугаартай шийдвэрээр намайг урьд эрхэлж байсан ажил болох Хөвсгөл аймгийн Жаргалант сумын Эрүүл мэндийн төвийн даргын ажилд эгүүлэн тогтоосон. Шүүхийн шийдвэр гарч, намайг сумын Засаг даргын 2022 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн 6/10 дугаартай захирамжаар ажилд минь буцаан томилсон. Одоо ажилгүй байсан хугацааны цалин болон нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалд нөхөн бичилт хийлгэх хүсэлтэй байна.

Иймд миний ажилгүй байсан хугацааны цалин болох 17,761,076 төгрөгийг гаргуулж, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалд нөхөн бичилт хийлгэж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Түвшинтөгс шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг дэмжиж байна. Шүүхийн шийдвэрийн дагуу Хөвсгөл аймгийн Жаргалант сумын Засаг даргын 2022 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн Б/10 дугаартай захирамжаар ажилд нь буцаан томилсон. ...Л.*******ы ажиллаж байсан хугацааны сүүлийн 3 сарын буюу 2021 оны 10, 11, 12 дугаар сарын нийт цалин хөлснөөс дунджийг бодож гаргасан. Нэг сарын цалин 2,396,214 төгрөг, нэг хоногийн цалин 114,105 төгрөг, ажилгүй байсан хугацааг 121 өдрөөр тооцоход нийт 13,806,705 төгрөг болж байна. Нэхэмжлэгч яаж тооцоод 17,761,076 төгрөг нэхэмжилж байгааг мэдэхгүй.

...Иймд нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан ажилгүй байсан хугацааны цалин 17,761,076 төгрөгийг гаргуулж, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалд нөхөн бичилт хийлгэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Хариуцагч Хөвсгөл аймгийн Жаргалант сумын Засаг дарга Ц.Бямбажав шүүхэд гаргасан тайлбартаа: Манай сумын Эрүүл мэндийн төвийн дарга, их эмчээр ажиллаж байсан Лхаасүрэнгийн ******* жирэмсэн эх, хүүхдийг хариуцлагагүйн улмаас эндүүлснээ хүлээн зөвшөөрч, ажлаас гарах өргөдлөө өөрөө өгсний дагуу 2022 оны 1 дүгээр сарын 10-ны өдрөөс уг ажлаас чөлөөлж, албан тушаал бууруулж, их эмчээр томилж ажиллуулах шийдвэрийг эрх бүхий албан тушаалтан гаргасан юм.

Л.******* нь Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд Сумын Засаг даргын 2022 оны 1 дүгээр сарын 10-ны өдрийн Б/01 дугаартай захирамжийг хүчингүй болгуулж, Эрүүл мэндийн төвийн даргын ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэл гаргасан байдаг. Захиргааны хэргийн шүүх уг өргөдлийг Өргөдөл гомдлыг шийдвэрлэх тухай хуульд заасан хугацаанд шийдвэрлээгүй гэдэг үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Эрүүл мэндийн төвийн даргын ажилд эгүүлэн тогтоох шийдвэрийг гаргасан. Л.*******ы өргөдлийг шийдвэрлэх хуулийн хугацаанд Ковид-19, коронавирусын халдвар, өвчлөл эрчимтэй тархаж байсан тул уг ажлын байранд (Эрүүл мэндийн төвийн даргад) ажиллах их эмч олдохгүй байснаас хуулийн хугацаанд ажлаас чөлөөлөөгүй. Л.*******ыг эрүүл мэндийн төвийн даргын үүрэгт ажлаас чөлөөлсөн ч үргэлжлүүлэн эмчлэгч их эмчээр томилж ажиллуулах тушаалыг Эрүүл мэндийн төвийн даргыг түр орлон гүйцэтгэгч Б.Амарбаясгалан 2022 оны 1 дүгээр сарын 27-ны өдрийн Б/02 тушаалаар шийдвэрлэсэн. Эмчлэгч их эмчийн ажлын байраар хангасаар байтал ажилдаа ирэлгүй ажлаа сайн дураараа тасалсан хүн. Ажлын хариуцлагагүйгээс эх хүүхэд эндүүлж, эмч хүнд байж боломгүй алдаа гаргасныг сумын Засаг даргаар ажиллаж байгаа миний бие холбогдох хуулийн хүрээнд арга хэмжээ авалгүй, хэтэрхий зөөлөн хандсан нь алдаа байсан.

Иймд Л.*******ы нэхэмжлэлтэй, ажилгүй байсан цаг хугацааны цалин 17,761,076 (арван долоон сая долоон зуун жаран нэгэн мянга далан зургаа) төгрөг болон нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалд нөхөн бичилт хийхийг хариуцах үндэслэлгүй гэж үзэж тайлбар гаргаж байна гэжээ. 

Хариуцагч Хөвсгөл аймгийн Жаргалант сумын Засаг дарга Ц.Бямбажав шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Л.*******ы нэхэмжилсэн 17,761,076 төгрөгийн цалин гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг бодит биш гэж үзэж байна.

Хэрэв тухайн үед Л.******* Эрүүл мэндийн төвийн даргаар ажиллаж байсан бол сарын 2,399,000 төгрөгийн цалин бодогдоно. Түүний 2021 оны хамгийн өндөр цалин авсан 3 сарын дунджаар тооцоход үндсэн цалин 842,702 төгрөг, хавсарсан ажлын 40 хувийн нэмэгдэл, 337,081 төгрөг, алба хаасны нэмэгдэл 82,470 төгрөг, хөдөө орон нутагт ажилласны 20 хувийн нэмэгдэл 168,540 төгрөг, унаа, хоолны мөнгө 21,000 төгрөг, илүү цагаар ажилласан нэмэгдэл 101,000 төгрөг, улирлын үр дүнгийн урамшуулал 757,000 төгрөг, нийт 2,399,000 төгрөг болж байна. Ажилгүй байсан хугацааны цалин 11,995,000 төгрөг гарч байна.

Харин Л.*******ы эмчлэгч их эмчээр ажиллах хугацааны цалинг Санхүү, төрийн сангийн албаны нягтлан бодогчоор тооцоо гаргуулахад үндсэн цалин 2 дугаар сард 752,185 төгрөг, 3 дугаар сард 842,702 төгрөг, 4, 5, 6 дугаар саруудад 936,899 төгрөг, нийт 6,502,100 төгрөг болсон. 3 дугаар сараас эхлэн тодорхой хэмжээгээр цалин нэмэгдсэн. Тэрээр 2022 оны 4, 5, 6 дугаар саруудад ажлаа тасалсан тул цалин олгохгүй. Одоо 2022 оны 2, 3, 4, 5, 6 дугаар саруудад олгох Эрүүл мэндийн төвийн даргын хавсарсан ажлын нэмэгдэл 40 хувь болох нийт 1,796,040 төгрөг, 7 дугаар сард олгох байсан 4 өдрийн цалин 93,000 төгрөг, бүгд 1,889,040 төгрөг өгөхийг зөвшөөрч байна гэжээ.

Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх 2022 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 155/ШШ2022/01021 дүгээр шийдвэрээр Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1-д зааснаар хариуцагч Хөвсгөл аймгийн Жаргалант сумын Засаг даргаас ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх нөхөн олговор 1,889,040 (нэг сая найман зуун наян есөн мянга дөч) төгрөг гаргуулан, нэхэмжлэгч Л.*******д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 15,872,036 (арван таван сая найман зуун далан хоёр мянга гучин зургаа) төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.7-д зааснаар нэхэмжлэгч Л.*******ы ажилгүй байсан хугацааны нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийн нөхөн бичилт хийхийг хариуцагч Хөвсгөл аймгийн Жаргалант сумын Засаг даргад даалгаж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Түвшинтөгс давж заалдах гомдолдоо: ... Анхан шатны шүүхээс хэргийг шийдвэрлэхдээ нэхэмжлэгчийн шүүхэд ирүүлсэн №А000281422 дугаар нийгмийн даатгалын дэвтэрт 2021 оны 7 дугаар сараас 2022 оны 01 дүгээр сар хүртэл хугацааны бичилтийг нийгмийн даатгалын байцаагч шалгаж баталгаажуулсан эсэх нь тодорхойгүй, 2021 оны 3 дугаар сараас 12 дугаар сарын цалингийн карт болон нийгмийн даатгалын дэвтэрт бичсэн цалин хөлсний бичилт хоорондоо зөрүүтэй байх тул нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн зарим хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ. Тус шийдвэр нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх зарчимд нийцэхгүй байгаа ба хэт нэг талыг баримталж шийдвэрлэсэн байна.

Иймд шүүхийн шийдвэрийг өөрчилж, нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Давж заалдах шатны шүүх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Түвшинтөгсийн гаргасан давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан хэлэлцээд гомдлын зарим хэсгийг хангах үндэслэлтэй, нэхэмжлэгчид 1,889,040 /нэг сая найман зуун наян есэн мянга дөч/ төгрөг олгохоор шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж дүгнэв.

2. Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан, талууд мэтгэлцэх эрхийг бүрэн хэрэгжүүлсэн, зохигчийн хооронд үүссэн хөдөлмөрийн маргаантай харилцааг зохицуулсан Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн байх боловч нэхэмжлэгчийн урьд нь эрхэлж байсан ажлыг нь гүйцэтгүүлж эхлүүлэх хүртэл хугацаанд өмнө нь авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговрыг тооцож олгохдоо хариуцагчийн зөвшөөрсөн хэмжээг үндэслэн шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцээгүй байна.

3. Нэхэмжлэгч Л.******* нь Хөвсгөл аймгийн Жаргалант сумын Засаг даргад холбогдуулан урьд нь эрхэлж байсан ажлыг нь гүйцэтгүүлж эхлүүлэх хүртэл хугацаанд өмнө нь авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговорт 17,761,076 /арван долоон сая долоон зуун жаран нэгэн мянга далан зургаа/ төгрөг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, бичилт хийлгэх тухай шаардлага гаргасныг хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагаас 1,889,040 төгрөгийг хүлээн зөвшөөрч, үлдэх хэсгийг эс зөвшөөрч маргасан.

  4. Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн 10 дугаар шийдвэрээр Л.*******ыг Хөвсгөл аймгийн Жаргалант сумын Эрүүл мэндийн төвийн даргын ажилд эгүүлэн тогтоож шийдвэрлэсэн байна. Дээрх шийдвэр хүчин төгөлдөр болжээ.

5. Нэхэмжлэгч Л.*******ыг Хөвсгөл аймгийн Жаргалант сумын Засаг даргын 2022 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн Б/10 дугаартай захирамжаар 2022 оны 07 дугаар сарын 07-ны өдрөөс эхлэн Эрүүл мэндийн төвийн даргын албан тушаалд томилсон байна. Иймд Л.******* нь 2022 оны 01 дүгээр сарын 10-ны өдрөөс 2022 оны 07 дугаар сарын 07-ны өдөр хүртэл буюу урьд нь эрхэлж байсан ажлыг нь гүйцэтгүүлж эхлүүлэх хүртэлх хугацаа болох 121 /нэг зуун хорин нэг/ хоногийн олговрыг хариуцагч байгууллагаас шаардах эрхтэй байна. Энэ талаар анхан анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийжээ.

6. Харин анхан шатны шүүх нэхэмжлэгчийн №А0000281422 дугаартай нийгмийн даатгалын дэвтрийн бичилтийг нийгмийн даатгалын байцаагч шалгаж баталгаажуулсан эсэх нь тодорхойгүй, 2021 оны 3 дугаар сарын, 12 дугаар сарын цалингийн карт болон нийгмийн даатгалын дэвтэрт бичсэн цалин хөлсний бичилт хоорондоо зөрүүтэй гэх үндэслэлээр нотлох баримтаар үнэлээгүй нь учир дутагдалтай болжээ. Учир нь дээрх баримтууд нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан нотлох баримтын шаардлага хангасан баримтууд байх ба нийгмийн даатгалын дэвтэрт байцаагч гарын үсэг зурж, тамга даран баталгаажуулсан байна.

7. Давж заалдах шатын шүүх Төрийн албаны цалингийн нэгдсэн системээс гаргаж өгсөн Л.*******ы дундаж цалин хөлс /хх-ийн 11 дүгээр тал/-ний баримтыг нотлох баримтаар үнэлж шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзлээ. Учир нь цалингийн карт, нийгмийн даатгалын дэвтэрт бичигдсэн цалин хөлс эрс зөрүүтэй байна.

Тодруулбал, Л.*******ы ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговрыг Хөдөлмөр,нийгмийн хамгааллын сайдын 2021 оны А/192 дугаар тушаалын хавсралт Дундаж цалин хөлс тодорхойлох журам-д зааснаар тооцох боломжгүй нөхцөл байдал үүссэн байна. Учир нь нэхэмжлэгч Л.******* нь 2021 оны сүүлээр ээлжийн амралтаа авсан гэж шүүх хуралдаанд тайлбарласан ба ээлжийн амралтын олговор болон бусад шалтгааны улмаас түүний цалин огцом өсч дээрх журмаар дундаж цалин хөлсийг тооцох нь шударга ёсны зарчимд нийцэхгүй байна.

8. Нэхэмжлэгч Л.*******ы нэг сарын дундаж  цалин, хөлсийг 1,727,514 /нэг сая долоон зуун хорин долоон мянга таван зуун арван дөрөв/ төгрөгөөр тооцон ажлын 21 /хорин нэг/ хоногт хуваахад нэг өдрийн дундаж цалин хөлс нь 82,262 /наян хоёр мянга хоёр зуун жаран хоёр/ төгрөг болох  ба энэхүү 82,262 /наян хоёр мянга хоёр зуун жаран хоёр/ төгрөгийг ажилгүй байсан хугацаа болох 121 /нэг зуун хорин нэг/ хоногоор үржүүлбэл 9,953,771 /есөн сая есөн зуун тавин гурван мянга долоон зуун далан нэг/ төгрөгийн олговор болж байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт дээрх хэмжээгээр өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

9. Шүүхийн шийдвэрээр хариуцагчаас нь нэхэмжлэгчид олгох урьд эрхэлж байсан ажлыг нь гүйцэтгүүлж эхлүүлэх хүртэл хугацаанд өмнө нь авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговорт давж заалдах шатны шүүхээс өөрчлөлт оруулж шийдвэрлэсэнтэй холбогдуулан тэмдэгтийн хураамж хуваан хариуцуулсан хэсэгт өөрчлөлт оруулж шийдвэрлээ.  

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 155/ШШ2022/01021 дугаартай  шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын ...1,889,040 төгрөг гэснийг 9,953,771 /есөн сая есөн зуун тавин гурван мянга долоон зуун далан нэг/ төгрөг гэж, ...15,872,036 төгрөг гэснийг 7,807,305 /долоон сая найман зуун долоон мянга гурван зуун тав/ төгрөг гэж, тогтоох хэсгийн 3 дахь заалтын ...45,175 төгрөг гэснийг 174,210 /нэг зуун далан дөрвөн мянга хоёр зуун арав/ төгрөг ... гэж тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй. 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар  зүйлийн 162.4-т зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 237,310 /хоёр зуун гучин долоон мянга гурван зуун арав/ төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай. 

  3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн  167.5-д зааснаар Давж заалдах шатны шүүхийн магадлалд энэ хуулийн 172.2-т заасан анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн үндэслэлээр  зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Л.ЭРДЭНЭБАТ

ШҮҮГЧИД                                Б.СОСОРБАРАМ

Н.БАЯРХҮҮ