| Шүүх | Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашзэвэгийн Цэдэнпэлжээ |
| Хэргийн индекс | 137/2018/0123/Э |
| Дугаар | 128 |
| Огноо | 2018-12-05 |
| Зүйл хэсэг | 19.14.1., |
| Улсын яллагч | Н.Амаржаргал |
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 12 сарын 05 өдөр
Дугаар 128
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч Д.Ц даргалж
Нарийн бичгийн дарга Б.А
Улсын яллагч Н.А
Шүүгдэгчийн өмгөөлөгч Э.Б
Орчуулагч Б.С
Шүүгдэгч ЗХ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.14 дүгээр зүйлийн 1-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн З Х-д холбогдох эрүүгийн 1820000000129 дугаартай хэргийг 2018 оны 12 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: БНХАУ-ын ӨМӨЗО-ны Хянган аймгийн Улаан хотод төрсөн, ... настай эрэгтэй, хан үндэстэн, бага боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 2, ээжийн хамт амьдардаг, БНХАУ-ын ӨМӨЗО-ны Эрээн хотын Бүшин гудамжны Б корпусд оршин суух хаягтай /иргэний үнэмлэхний дугаар ...................../, эрхэлсэн тоодорхой ажилгүй, урьд нь ял шийтгэлгүй, бие эрүүл З Х,
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч БНХАУ-ын иргэн ЗХ нь 2018 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр Дорноговь аймгийн Замын-Үүд сумын Хилийн ... дугаар анги хариуцсан хэсэг болох ... дүгээр тэмдгээр явганаар Монгол Улсын хилийг хууль бусаар нэвтэрсэн гэмт хэрэгт холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт мэтгэлцэгч талууд дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч З Х шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би 2018 оны 7 дугаар сарын 24-ний өдөр аялалын зорилгоор Монгол улсад Замын-Үүд боомтоор орж ирээд Улаанбаатар хот руу явсан. Тэнд очоод өөрийн найз Ш, М нартай уулзаж хамт байж байгаад 2018 оны 8 дугаар сарын 18-ны өдөр Замын-Үүдээр гарч Хятад руу явсан. Тэгээд 2018 оны 8 дугаар сарын 22-ны өдөр Замын-Үүдээр Монгол улсад орж ирээд Улаанбаатар хот руу явж найз Ш-нд очсон. Гэр нь 3, 4 дүгээр хороололд байдаг. Улаанбаатарт очоод хүүхдийн тоглоом, бэлэн хувцас зэргийг 3, 4 дүгээр хорооллын дэлгүүр болон Нарантуул зах дээр аваачиж зарсан. Зарсан бараануудаа хятадаас ирэхдээ авчирсан. Тэгээд 2018 оны 9 дүгээр сарын 13-ны хавьцаа Дархан хотыг үзэхээр найзтайгаа таксинд суугаад явсан. Тэнд очоод нэг хоноод буцаад Улаанбаатарт ирсэн. Улаанбаатарт ирэх үедээ өөрийн гадаад паспортаа хаячихсан байсан. Хаана хаяснаа санахгүй байна. Улаанбаатарт байхдаа наймаа хийсэн. Тэр үед хүмүүс авсан барааны мөнгө гүйцээж өгөхгүй байсан бөгөөд манай найз Ш 2018 оны 11 дүгээр 10-12-ны хооронд байхаа хятад руу буцахаар боллоо гээд явсан. Тэгээд хүмүүсээс үлдэгдэл мөнгөө гүйцээж авах гээд буудлаар байрлаж байгаад, мөнгөгүй болоод гэртээ харихаар шийдсэн. Тэгээд 2018 оны 11 дүгээр сарын 23-ны орой вокзалаас Замын-Үүд явах таксинд сууж ирсэн. Таксинд 50.000 төгрөг өгсөн. Маргааш нь буюу 2018 оны 11 дүгээр сарын 24-ний өглөө Замын-Үүдэд ирээд бүтэн өдөржин юу ч хийгээгүй, мөнгөгүй байсан юм. Тэгж байж байгаад нар жаргах үеэр харанхуй болж байхад хилийн тор давж хятад руу явахаар шийдсэн. Тухайн үед хэдэн цаг болж байсныг мэдэхгүй байна. Би Замын-Үүдээс баруун тийш явахад цахилгаан станц таарсан. Тэрний хажуугаар гараад, станцаа өнгөрөөд явж байгаад тор гарч ирсэн, торны доогуур шургаж гараад цааш явж байтал 2 тор гарч ирсэн. Тэгсэн чинь машинтай хил хамгаалдаг хүмүүс ирээд намайг бариад авсан. Ийм л зүйл болсон юм гэв.
Гэрч Б.Н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: “...Би 2018 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 19 цагаас 21 цагийн хооронд Хил хамгаалалтын баруун тал буюу А, А, Д, 60 айлын хяналтын камерыг хянаж байсан. Хяналт хийж байх явцад 19 цаг 51 минутын орчимд Д хилийн харуулын хойно явж байсан нэг хүнийг А камераар илрүүлж, шуурхай жижүүрт мэдэгдсний дагуу ангиас шуурхай бүлэг гарч тухайн иргэнийг 20 цаг өнгөрч байхад саатуулсан. Тухайн иргэн нь Хил хамгаалалтын 2 дугаар заагийг даваад 200-300 метр орчим газарт саатуулсан...” гэжээ. /хх-ийн 55-56/
Гэрч Э.М мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэгтээ: “...Би 2018 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр заставын эргүүлтэй байсан. Тухайн өдрийн орой 20 цаг өнгөрч байхад ангийн шуурхай жижүүр хошууч М над руу залгаад хилийн ... дүгээр тэмдгээс дотоодоос, гадаад руу чиглэлтэй 1 хүн явж байна гэж хэлсний дагуу бүлэг авч хилийн хамгаалалтын 2 дугаар зааг руу явсан. Тэгээд хилийн ... дугаар хаалгаар ороод хил хамгаалалтын 2 дугаар заагаас 200-300 метр газарт хил зөрчигчийг саатуулсан. Ангийн операторууд чиглэл өгсний дагуу тухайн иргэнийг олж очиход хил зөрчигч газарт хэвтэж байсан. Тэгээд түүнийг саатуулж ангийн байрлалд авчирсан...” гэжээ. /хх-ийн 57-58/
2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 28-31/
Гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 32-41/
Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 47-53/
Эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол /хх-ийн 54/
Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 71/
Шүүгдэгч З Х-н гадаад паспортын хуулбар /хх-ийн 72/
Эд зүйл, баримт бичиг, гомдол мэдээлэл, бусад баримтыг хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-ийн 73/
Эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-ийн 76/
Шүүгдэгч З Х-н хэрэг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх тухай хүсэлт /хх-ийн 86-87/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүгдэгч З Х нь 2018 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр Дорноговь аймгийн Замын-Үүд сумын Хилийн ... дугаар ангиийн хариуцсан хэсэг болох ... дүгээр тэмдгээр явганаар, хилийн торон доогуур мөлхөн гарч Монгол Улсын хилийг хууль бусаар нэвтэрсэн гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, гэрч Б.Н-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “..Би 2018 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 19 цагаас 21 цагийн хооронд хил хамгаалалтын баруун тал буюу А, А, Д, 60 айлын хяналтын камерыг хянаж байсан. Хяналт хийж байх явцад 19 цаг 51 минутын орчимд Д хилийн харуулын хойно явж байсан нэг хүнийг А камераар илрүүлж, шуурхай жижүүрт мэдэгдсний дагуу ангиас шуурхай бүлэг гарч тухайн иргэнийг 20 цаг өнгөрч байхад саатуулсан. Тухайн иргэн нь хил хамгаалалтын 2 дугаар заагийг даваад 200-300 метр орчим газарт саатуулсан” гэх мэдүүлэг /хх-ийн 55-56 хуудас/, гэрч Э.М-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Би 2018 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр заставын эргүүлтэй байсан. Тухайн өдрийн орой 20 цаг өнгөрч байхад ангийн шуурхай жижүүр хошууч М над руу залгаад Хилийн ... дүгээр тэмдгээс дотоодоос, гадаад руу чиглэлтэй 1 хүн явж байна гэж хэлсний дагуу бүлэг авч хилийн хамгаалалтын 2 дугаар зааг руу явсан. Тэгээд хилийн ... дугаар хаалгаар ороод хил хамгаалалтын 2 дугаар заагаас 200-300 метр газарт хил зөрчигчийг саатуулсан. Ангийн операторууд чиглэл өгсний дагуу тухайн иргэнийг олж очиход хил зөрчигч газарт хэвтэж байсан. Тэгээд түүнийг саатуулж ангийн байрлалд авчирсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 57-58/ болон 2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 28-31/, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 47-53/, эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол /хх-ийн 54/, эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-ийн 76/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар хангалттай батлагдан тогтоогдож байна.
Дээрх яллах талын нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан нөхцөл журмын дагуу авагдсан, тухайн хэрэгт хамааралтай, нэг нь нөгөөгөө давхар нотолсон, шүүхийн шийдвэрийн үндэс болсон хууль ёсны нотлох баримтууд гэж үзсэн болно.
Шүүгдэгч З Х нь уг үйлдлийг гэм буруугийн санаатай хэлбэрээр, хил нэвтрэх эрхийн баримт, бичиггүйгээр, хийлийн торыг тасдаж, доогуур нь мөлхөх аргаар үйлджээ.
Шүүгдэгчийн үйлдсэн хэргийн гэм буруу нь тогтоогдсон, Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.14 дүгээр зүйлийн 1-т зааснаар зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.
Шүүгдэгч нь мөрдөн шалгах ажиллагааны явцад үйлдсэн гэмт хэргийнхээ гэм бурууг хүлээн зөвшөөрч, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр прокурорт хүсэлт гаргасныг прокурор хүсэлтийг хүлээн авч хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр тогтоол гаргажээ.
Прокуророос хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлд заасан нөхцөл байдлыг тогтоосон бөгөөд ердийн журмаар хянан хэлэлцэх үндэслэл тогтоогдоогүй тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Шүүхээс шүүгдэгчийг Монгол Улсын хилийг хууль бусаар нэвтэрсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж үзэв.
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд хяналтын камерын бичлэг 1 ширхэгийг эд мөрийн баримтаар тооцож хураан авсан байх бөгөөд эрүүгийн хэргийг хадгалах хугацаа дуустал эд мөрийн баримтыг хэрэгт хадгалж үлдээхээр шийдвэрлэв.
Шүүгдэгч З Х нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, иргэний баримт бичиг нь шүүхэд ирээгүй, битүүмжлэгдэж ирсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурьдав.
Шүүгдэгч нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйийн 1.1-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болох бөгөөд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Шүүх хуралдаанд шүүгдэгч нь прокуророос санал болгосон 1400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.400.000 төгрөгөөр торгох ялыг хүлээн зөвшөөрч байгаа, торгуулийн ялыг хэсэгчлэн төлөхгүйгээр бөөнд нь нэг удаа төлнө гэж мэдүүлж байх тул прокурорын санал болгосон ялын төрөл, хэмжээнд ял оногдуулахаар шийдвэрлэв.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч З Х-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.14 дүгээр зүйлийн 1-т заасан Монгол Улсын хилийг хууль бусаар нэвтэрсэн гэмт хэрэг үйлдсэн гэмт буруутайд тооцсугай.
2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.14 дүгээр зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч З Х-г 1400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1400000 / нэг сая дөрвөн зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-т зааснаар шүүгдэгч З Х нь 1.400.000 төгрөгийн торгуулийн ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих учрыг мэдэгдсүгэй.
4. Шүүгдэгч З Х нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, иргэний баримт бичиг нь шүүхэд ирээгүй, битүүмжлэгдэж ирсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурьдсугай.
5. Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг СД бичлэгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хадгалахаар үлдээсүгэй.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-т зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч З Х-д авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар Прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-д зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.Ц