Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 02 сарын 15 өдөр

Дугаар 225/МА2023/00007

 

 

 

 

 

2023 оны 02 сарын 15 өдөр

Дугаар 225/МА2023/00007

 

 

 

Д.Цогтгэрэлийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Сосорбарам даргалж, шүүгч Н.Баярхүү, Л.Эрдэнэбат нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 155/ШШ2023/00028 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: Д.Цогтгэрэлийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Ж.Лхагвацэцэгт холбогдох

Гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгох тухай үндсэн нэхэмжлэлтэй, хариуцагч Ж.Лхагвацэцэгийн гэрлэлт цуцлуулж, хүүхдүүдийг өөрийн асрамжид авч, хүүхдийн тэтгэлэг, хамтран өмчлөх дундын эд хөрөнгөөс хүүхдүүдэд болон өөрт ногдох хэсэг болох 80,266,216 төгрөгийн эд хөрөнгө гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Лхагвацэцэгийн нэхэмжлэгч Д.Цогтгэрэлд холбогдуулан гаргасан хамтран өмчлөх дундын эд хөрөнгөөс ногдох хэсэг болох 17,000,000 төгрөг гаргуулах тухай маргаантай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.Цогтгэрэл, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Амаржаргал, хариуцагч Ж.Лхагвацэцэг, хариуцагчийн өмгөөлөгч Б.Ганчимэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Баяржаргал нар оролцов.

Нэхэмжлэгч Д.Цогтгэрэл шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Би Ж.Лхагвацэцэгтэй 2012 оны 10 дугаар сард гэр бүл болж байсан. Манай эхнэр хамт амьдарч байх хугацаандаа зан ааш нь эвдэрч, намайг хэл амаар доромжилж гэрээсээ хөөж, тууж намайг цаашид хамт амьдрахад тэвчишгүй нөхцөл байдалд хүргэж байсан.

Иймд Ж.Лхагвацэцэг бид хоёрын гэрлэлтийг цуцалж, хоёр хүүхдээ өөрийнхөө асрамжид авахаар нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна. Учир нь миний хоёр охин хариуцагч Ж.Лхагвацэцэгийн асрамжид үлдэх юм бол маш буруу хүмүүжлээр өсөж олон хүүхдийн аавыг хариуцагч шиг зан ааш гаргаж зовоох төлөвтэй болж байгаа. Тиймээс би хоёр хүүхдээ өөрийнхөө асрамжид авмаар байна гэжээ.

Хариуцагч Ж.Лхагвацэцэг шүүхэд болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа Би 20 настай байхдаа том хүү Ц.Баянбаатарыг төрүүлсэн. Одоо миний том хүү 24 настай, хүүгээ 13 настай байхад нь нэхэмжлэгч Д.Цогтгэрэлтэй танилцан, үерхэж байгаад 2011 онд гэр бүл болж, нэг гэрт орсон. Нэхэмжлэгч нь намайг өөртэй нь гэрлэхэд нь хүүтэй байсан талаар мэддэг байсан учраас хүү Ц.Баянбаатарыг өөрийн нэрээр овоглож байсан. нөхөр Д.Цогтгэрэл нь өөрийнхөө нэрээр овоглож хүртэл авч байсан. Хамтран амьдрах хугацаанд бидний дундаас хоёр охин төрсөн. Том охин Ц.Цолмонгэрэл нь 2012 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр төрсөн, 10 настай, бага охин Ц.Цэцэнжаргал нь 2016 оны 5 дугаар сарын 03-ны өдөр төрсөн, 6 настай. Манай нөхөр Д.Цогтгэрэл надтай гэрлэхээсээ өмнө архины хамааралтай, архи согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэдэг байсан. Би гэр бүл болоод энэ занг нь засах гэж маш их хичээж байсан боловч ямар нэгэн үр дүн гараагүй.

Би архи согтууруулах ундааны зүйл хэрэглэж, гэр бүлээс гадуурх харилцаа үүсгэж нэхэмжлэгчийн сэтгэлд сэв суулгаж байсан удаа огт байхгүй. Манай хоёр охин бага насны хүүхдүүд учраас би өөрийнхөө асрамжид авна, би гэр орныхоо ажлыг хийж хоёр охиноо харж хандаж өдийг хүртэл амьдарч ирсэн.

Иймд би нэхэмжлэгч Д.Цогтгэрэлээс гэрлэлтээ цуцлуулахыг хүлээн зөвшөөрч байна. Харин хоёр охиноо түүний асрамжид үлдээхийг хүлээн зөвшөөрч чадахгүй. Учир нь нэхэмжлэгч нь танхай балмад, гэр бүлийн хүчирхийлэл үйлддэг ийм хүнд эмээлийн бүрэг шиг хоёр охиноо өгмөөргүй байна. Нэхэмжлэгчийн ярьж байгаа бүхэн нь худлаа, ийм энхийн цагаан тагтаа юм шиг зүйл ярьж болохгүй гэжээ.

Хариуцагч Ж.Лхагвацэцэг шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: Нөхөр нэхэмжлэл гаргахдаа надаас гэрлэлтээ цуцлуулна гэсэн байсан. Үүнийг би хүлээн зөвшөөрч байна. Харин Д.Цогтгэрэл нь охидуудаа эцэг хүний ухаанаар өсгөн хүмүүжүүлж чадахгүй, байнгын айдас түгшүүрт байлгадаг тул би охидуудаа эцэгийн нь асрамжид үлдээхгүй. Иймээс Д.Цогтгэрэлийн тус шүүхэд гаргасан үндсэн нэхэмжлэлтэй холбогдуулан сөрөг нэхэмжлэл гаргаж байна. Сөрөг нэхэмжлэлийн шаардлагад:

1. Д.Цогтгэрэлээс гэрлэлтээ цуцлуулах

2. Охин Ц.Цолмонгэрэл , охин Ц.Цэцэнжаргал нарыг өөрийнхөө асрамжинд авах шаардлага гаргаж байна гэжээ.

Хариуцагч Ж.Лхагвацэцэг сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэхдээ:

Миний бие Ж.Лхагвацэцэг нь Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэгч Д.Цогтгэрэлийн гаргасан үндсэн нэхэмжлэлтэй холбогдуулан 2022 оны 6 дугаар сарын 15-ны өдөр нөхөр Д.Цогтгэрэлээс гэрлэлтээ цуцлуулах, охин Ц.Цолмонгэрэл, охин Ц.Цэцэнжаргал нарыг өөрийнхөө асрамжид авах сөрөг нэхэмжлэл гаргасан юм. Нэхэмжлэгч Ж.Лхагвацэцэг би иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж байна.

Нэмэгдүүлсэн нэхэмжпэлийн шаардлагад:

1. Охин Ц.Цолмонгэрэл, охин Ц.Цэцэнжаргал нарт хуульд заасан хэмжээгээр эцэг Д.Цогтгэрэлээс нь тэтгэлэг гаргуулах,

2. Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 7 дугаар баг 17 дугаар гудамжны 01 тоотод байрлах 860.8 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар, 112 м.кв хэмжээтэй хувийн өвлийн сууц, хашаа газрын үнэ нийлээд 30 сая төгрөг,

3. 29-85 ХӨН улсын дугаартай Зил 131 маркийн 22 сая төгрөгний үнэ бүхий тээврийн хэрэгсэл,

4. Рехтон маркийн 4801 УНҮ дугаартай байгаад одоо Хөвсгөл дугаартай болгосон гэх ба уг Хөвсгөл дугаарыг би мэдэхгүй, уг суудлын автомашин 13 сая төгрөг, нийт дээрх эд хөрөнгөнөөс хүү Ц.Баянбаатар, охин Ц.Цолмонгэрэл, Ц.Цэцэнжаргал, өөрт оногдох хэсэг болох 52,000,000 төгрөгийг нөхөр Д.Цогтгэрэлээс гаргуулж өгнө үү гэж нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж байна гэжээ.

Нэхэмжлэгч Д.Цогтгэрэл сөрөг нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагад холбогдуулж гаргасан тайлбартаа: Д.Цогтгэрэл би Ж.Лхагвацэцэгийн 2022 оны 06 дугаар сарын 28-ны өдөр шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлэх тухай нэхэмжлэлийг хүлээн авч дараах тайлбарыг гаргаж байна.Үүнд:

1. Хүүхдийн тэтгэмж гаргуулахаар нэхэмжилсэн нэхэмжпэлийн тухайд: Ж.Лхагвацэцэгийн хувьд хүүхдүүдийг асран хамгаалж, тэжээн тэтгэж, сайн хүмүүжил төлөвшилтэй хүн болгож өсгөж чадахгүй учир би хүүхдүүдээ өөрийн асрамжинд авч, тэжээн тэтгэж, ёс зүйн хүмүүжил төлөвшлийн хувьд сайн төлөвшилтэй бие хүн болгож өсгөн хүмүүжүүлэх болно. Учир нь эхнэр Лхагвацэцэг нь ажил хөдөлмөр огт эрхлэж байгаагүй, бусад хүмүүстэй харилцах харилцааны ёс зүй огт байхгүй, байнгын хэрүүл маргаан үүсгэж, лам бөө, удган гэх хүмүүсээр янз бүрийн арга засал хийлгэх нэрийдлээр миний хөдөлмөрлөж олж ирсэн орлогыг зарцуулаад дуусгачихдаг, хүүхдүүдийн наад захын хэрэгцээ шаардлагыг ч хангаж чадахгүй хүн. Миний. хувьд гэр бүлээ тэжээн тэтгэхээр өөрөөс шалтгаалах бүх боломжоо дайчлан хичээж ажил болгоныг голохгүй хийж, аль болох эхнэр хүүхдүүдийнхээ хэрэгцээ шаардлагыг бүрэн хангаж өгдөг байсан. Гэвч эхнэр хүний зүгээс эр нөхөрөө хайрлаж халамжпахгүй, наад захын зан харилцааны хувьд эр нөхөрөө хүндлэх ёс зүй байхгүй, байнга гэр орноос минь хөөж, яв зайл гэх зэргээр дарамтладаг байдлаас болж бидний гэр бүлийн харилцаанд ан цав үүсч эцэстээ гэр бүлээсээ явахад хүргэсэн.

2. Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 7-р баг 17-р гудамж 01 тоотод байрлах 860 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар, 112 м/кв хэмжээтэй хувийн сууцыг гэр бүлийн дундын эд хөрөнгө гэж үзэж нэхэмжилсэн байгааг бүхэлд хүлээн зөвшөөрөхгүй. Учир нь уг эд хөрөнгө биднийг гэр бүл болохоос өмнө миний эцэг эхэд байсан эд хөрөнгө байсан. Эцэг эх маань уг эд хөрөнгө газрыг хүүдээ буюу зөвхөн надад 2018 онд бэлэглсэн миний хуваарьт эд хөрөнгө юм.

3. 29-85 ХӨН улсын дугаартай Зил 131 маркийн машиныг нэхэмжилсэн байгааг мөн бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. Учир нь уг эд хөрөнгийг манай гэр бүлийн гишүүдийн орлого эд хөрөнгөөр худалдаж аваагүй. Уг эд хөрөнгийг манай дүү Гэрэлтуяа нь өөрийн мөнгөн хөрөнгөөр Сэлэнгэ аймагаас худалдаж авсан. Ингэж худалдаж авахдаа дүү маань Хөвсгөл аймгийн Мөрөн суманд байсан, машиныг Сэлэнгэ аймгаас очиж худалдаж авахаар болж би Улаанбаатар хотод байж таарсан учир уг машины үнийг миний данс руу бүтнээр нь шилжүүлж, би машиныг Сэлэнгэ аймагт газар дээр нь очиж үзэж, шалгаж худалдаж авч, машины үнийг төлж, машиныг Мөрөн суманд дүүдээ авчирч өгсөн. Энэ машин бол манай гэр бүлийн гишүүдийн хөдөлмөрлөж олсон орлогоор худалдаж авсан эд хөрөнгө биш.

4. Рехтон маркийн 48-01 дугаартай машиныг нэхэмжилсэн байгааг мөн хүлээн зөвшөөрөхгүй байна. Ийм машин манай гэр бүлд байхгүй гэжээ.

Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Лхагвацэцэг шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие Ж.Лхагвацэцэг нь гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хувьд бие даан нэхэмжпэлийн доорх шаардлагыг гаргаж байна.

Нэхэмжлэлийн шаардлага:

1. Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 7 дугаар баг 17 дугаар гудамжны 01 тоотод байрлах 860. 8 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар , 112 м.кв хэмжээтэй Хувийн өвлийн сууц, хашаа газрын үнэ нийлээд 30 сая төгрөг,

2. 2985 ХӨН улсын дугаартай Зил 131 маркийн 22 сая төгрөгний үнэ бүхий тээврийн хэрэгсэл,

3. Рехтон маркийн 4801 унү дугаартай байгаад одоо Хөвсгөл дугаартай болгосон гэх ба уг Хөвсгөл дугаарыг би мэдэхгүй , уг суудлын автомашин 13 сая төгрөг,

4. Газ 2410 маркийн 18-17 ХӨА улсын дугаартай 20 сая төгрөгний үнэ бүхий тээврийн хэрэгсэл, дээрх нийт эд хөрөнгөний үнэ болох 85 сая төгрөгнөөс өөрт оногдох 17 сая төгрөгийг хариуцагч Д.Цогтгэрэлээс гаргуулж өгнө үү гэж нэхэмжпэлийн шаардлага гаргаж байна гэжээ.

Нэхэмжлэгч Д.Цогтгэрэл бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Лхагвацэцэгийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн хариу тайлбарт: Миний хувьд уг нэхэмжпэлд бичсэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. Үүнд:

1. Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 7-р баг 17-р гудамж 01 тоотод байрлах 860 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар, 112 м/кв хэмжээтэй хувийн сууцыг гэр бүлийн дундын эд хөрөнгө гэж үзэж нэхэмжилсэн байгааг бүхэлд хүлээн зөвшөөрөхгүй. Учир нь уг эд хөрөнгө биднийг гэр бүл болохоос өмнө миний эцэг эхэд байсан эд хөрөнгө байсан. Эцэг эх маань уг эд хөрөнгө газрыг хүүдээ буюу зөвхөн надад 2018 онд бэлэглсэн миний хуваарьт эд хөрөнгө юм.

2. 29-85 ХӨН улсын дугаартай Зил 131 маркийн машиныг нэхэмжилсэн байгааг мөн бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. Учир нь уг эд хөрөнгийг манай гэр бүлийн гишүүдийн орлого эд хөрөнгөөр худалдаж аваагүй. Уг эд хөрөнгийг манай дүү Гэрэлтуяа нь өөрийн мөнгөн хөрөнгөөр Сэлэнгэ аймагаас худалдаж авсан. Ингэж худалдаж авахдаа дүү маань Хөвсгөл аймгийн Мөрөн суманд байсан, машиныг Сэлэнгэ аймгаас очиж худалдаж авахаар болж би Улаанбаатар хотод байж таарсан учир уг машины үнийг миний данс руу бүтнээр нь шилжүүлж, би машиныг Сэлэнгэ аймагт газар дээр нь очиж үзэж, шалгаж худалдаж авч, машины үнийг төлж, машиныг Мөрөн суманд дүүдээ авчирч өгсөн. Энэ машин бол манай гэр бүлийн гишүүдийн хөдөлмөрлөж олсон орлогоор худалдаж авсан эд хөрөнгө биш.

3. Рехтон маркийн 48-01 дугаартай машикыг нэхэмжилсэн байгааг мөн хүлээн зөвшөөрөхгүй байна. Ийм машин манай гэр бүлд байхгүй.

4. Газ 2410 маркийн 18-17 ХӨА дугаартай машин гэж нэхэмжилсэн байна. Угмашин 2008 онд миний эзэмшилд байсан гэхдээ уг машиныг 2009 онд хүнд худалдсан эд хөрөнгө бөгөөд манай гэр бүлд хамаагүй юм гэжээ.

Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх 2022 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 155/ШШ2023/00028 дугаар шийдвэрээр Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4-т зааснаар регистрийн дугаар РП79082411 Дунд хариад Дүгэржавын Цогтгэрэл, регистрийн дугаар РХ77041608, Шарнууд Жандалын Лхагвацэцэг нарын гэрлэлтийг цуцалж, Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д зааснаар регистрийн дугаар РЮ12312120, 2012 оны 11дүгээр сарын 21-ний өдөр төрсөн охин Ц.Цолмонгэрэл, регистрийн дугаар РЮ16250300, 2016 оны 5 дугаар сарын 03-ны өдөр төрсөн, охин Ц.Цэцэнжаргал нарыг эх Ж.Лхагвацэцэгийн асрамжид тус тус үлдээж, Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар регистрийн дугаар РЮ12312120, 2012 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр төрсөн охин Ц.Цолмонгэрэл, регистрийн дугаар РЮ16250300, 2016 оны 5 дугаар сарын 03-ны өдөр төрсөн, охин Ц.Цэцэнжаргал нарт 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амжиргааны баталгаажих доод түвшингийн 50 хувиар, мөн хуулийн 40.1.2-т зааснаар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай, насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдэд тэтгэлэг авагч хүүхдийн оршин суугаа газрын бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүр эцэг Д.Цогтгэрэлээс тэтгэлэг гаргуулан тэжээн тэтгүүлж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6-д зааснаар бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Лхагвацэцэг нь бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдэд ноогдох хэсэг болох 17,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан болохыг дурдаж, Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 7 дугаар багийн 17 дугаар гудамжны 01 тоотод байрлах 860.8 м2 талбайтай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар, 112 м2 хэмжээтэй хувийн өвлийн сууц, Рехтон автомашин худалдсан төлбөрөөс үлдсэн 5,000,000 төгрөг, нийт 50,332,770 төгрөгийг гэр бүлийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгөд тооцож, дээрхи үл хөдлөх эд хөрөнгийг хариуцагч Ж.Лхагвацэцэгт үлдээж, хариуцагч Ж.Лхагвацэцэгээс 9,066,554 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Д.Цогтгэрэлд, нэхэмжлэгч Д.Цогтгэрэлээс 4,000,000 төгрөгийг гаргуулж, хариуцагч Ж.Лхагвацэцэгт тус тус олгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 29,933,446 төгрөгийн эд хөрөнгө гаргуулах хэсгийг хэрэгсэхгүй болгож, ...Гэр бүлийн тухай хуулийн 130 дугаар зүйлийн 130.2.2-д зааснаар тус шүүхийн 2022 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн 155/ШЗ2022/02770 дугаартай шүүгчийн захирамжаар авсан урьдчилсан арга хэмжээг дуусгавар болсонд тооцож, Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, 26.2, 26.3, 26.6-д зааснаар эцэг, эх хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээхийг, эцэг, эх нь хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах тэжээн тэтгэх, үндэсний ёс заншил, уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, түүнд суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох, хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах үүрэг хүлээхийг, эцэг, эх нь хүүхдийн эрүүл мэнд, сэтгэхүй, ёс суртахууны хүмүүжилд хохирол учруулах, хүүхдэдээ хэрцгий хандах, эцэг, эх байх эрхээ зүй бусаар ашиглахыг хориглохыг хүүхдийн эрх ашигт харшлахааргүй бол гэрлэлтээ цуцлуулсан эцэг эхийн хэн нэгэн нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд саад болохыг хориглохыг тус тус мэдэгдэж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Амаржаргал давж заалдах гомдолдоо: Б.Амаржаргал би дээрх хэрэгт нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хувиар уг шийдвэрийг дахин хянуулахаар давж заалдах гомдлыг гаргаж байна. Үүнд:

1. Анхан шатны шүүх 2022 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн шүүх хуралдаанаар гэрлэгчдийн дундын болон хуваарьт эд хөрөнгийн талаар хянан хэлэлцэж дүгнэлт гаргахдаа: 2018 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн гэрчилгээний дугаар 000119639, улсын бүртгэлийн дугаар Ү-1723005105, Үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч өөрт ногдох хэсгээ бусад хамтран өмчлөгчид бэлэглэх гэрээ, 2018 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн гэрчилгээний дугаар 00083410, улсын бүртгэлийн дугаар Г-1723001818, нэгж талбарын 21070215, газар бэлэглэлийн гэрээ... зэргээр Г.Дүгэржав, А.Батдэмбэрэл нь уг эд хөрөнгийг нэхэмжлэгч Д.Цогтгэрэлд бэлэглэсэн нь тогтоогдож байх боловч Үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч өөрт ногдох хэсгээ бусад хамтран өмчлөгчид бэлэглэх гэрээний 3.10, газар бэлэглэлийн гэрээний 3.8-д бэлэг буцахгүй нөхцөлтэй, гэр бүл болсноосоо хойш гэрлэгчид болон хүүхдүүд байнгын амьдарч байгаа, нэхэмжлэгчийн уг үл хөдлөх эд хөрөнгийг бид өөрсдийн хүч хөдөлмөрөөр засч сэлбэсэн гэх тайлбар зэргийг харгалзан тухайн эд хөрөнгийг гэр бүлийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгө мөн гэж дүгнэлээ... гэж дүгнэсэн. Өөрөөр хэлбэл анхан шатны шүүх Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 7-р баг 17-01 тоотод байрлах үл хөдлөх эд хөрөнгө болон газар нь гэрлэгчдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгө мөн гэж дүгнэсэн нь хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн үндэслэлгүй дүгнэлт боллоо.

2. Шүүх хуулийг зөв хэрэглэсэн бол Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн Гэрлэснээс хойш хамтран амьдарсан хугацаанд бий болсон гэр бүлийн гишүүдийн хуваарьт хөрөнгөөс бусад хөрөнгө нь гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын өмч мөн 126 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн Гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын өмчид дараах хөрөнгө хамаарна гэх заалтуудын нэг ч шаардлагыг хангасан нотлох баримтыг хариуцагч, сөрөг нэхэмжлэл гаргагч Ж.Лхагвацэцэг нь гаргаж өгч чадаагүйд дүгнэлт хийгээд түүнд нэхэмжлэгч Д.Цогтгэрэлийн хуваарьт эд хөрөнгөөс шаардах эрх байгаа эсэхийг тодорхойлчих бүрэн боломж байсан.

3. Анхан шатны шүүх гэрлэгчдийг 2012 оны 10 дугаар сарын 26-ны өдөр гэр бүл болсон болохыг дүгнэсэн атлаа улсын бүртгэлийн Ү-1723005105, Г-1723001818, нэгж талбарын 21070215 дугаартай Мөрөн сумын 7-р багийн 17-01 тоотод байрлах газар, үл хөдлөх эд хөрөнгө нь хэзээ, хэрхэн яаж, ямар хөрөнгө, ямар хөдөлмөр, ямар аж ахуйн үйл ажиллагаанаас олсон орлогоор бий болсон эсэхэд дүгнэлт хийсэнгүй. Мөн хариуцагчийн тайлбарласнаар би үл хөдлөх эд хөрөнгөд засвар хийсэн, үнэ өссөн гэж тайлбарлаж байгаа боловч хариуцагч энэ байдлаа өөрөө нотлох үүргээ хэрэгжүүлээгүй байгаад дүгнэлт хийсэнгүй.

4. Гэр бүлийн гишүүд үл хөдлөх эд хөрөнгийг дундаа хамтран өмчлөх эрх нь Иргэний хуулийн 110-р зүйлийн 110.1-д зааснаар улсын бүртгэлийн газар бүртгүүлснээр үүсдэг. Анхан шатны шүүх гэр бүлийн дундын өмч гэж маргаж байгаа үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр болон хамтран өмчлөгчөөр эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлд хэн бүртгэгдсэнийг нэн тэргүүнд анхаарч, Иргэний хуулийн 183-р зүйлийн 183.1, 183.3-т заасан үндэслэлээр гомдол маргаан гаргаагүй байгаад шүүх дүгнэлт хийсэнгүй. Мөн хэрэгт нотлох баримтаар авагдсан эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн лавлагаа /хэргийн 12 дугаар хуудас/, бэлэглэлийн гэрээ, гэрч Г.Дүгэржавын мэдүүлэг зэрэг нотлох баримтуудыг хэрхэн яаж үнэлж дүгнэсэн эсэх нь ойлгомжгүй байна.

5. Шүүх шийдвэрийн үндэслэлдээ нэхэмжлэгчийн шүүх хуралдаан дээр тайлбарласан тайлбарыг ...нэхэмжлэгчийн уг үл хөдлөх эд хөрөнгийг бид өөрсдийн хүч хөдөлмөрөөр засч сэлбэсэн гэх тайлбар зэргийг харгалзан... гэж мушгин гуйвуулж, хариуцагчийн тайлбарыг нэхэмжлэгч тайлбарласан мэтээр дүгнэсэн нь илт үндэслэлгүй дүгнэлт боллоо.

6. Иргэний хуулийн 127-р зүйлийн 127.1.1-д гэрлэхийн өмнө олж авсан эд хөрөнгө... нь хуваарьт хөрөнгөд хамаарна гэж зааснаар эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн лавлагаа /хэргийн 12 дугаар хуудас/-гаар 2005 оны 04 дүгээр сарын 04- ний өдөр маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгө болон газрыг нэхэмжлэгч Д.Цогтгэрэл, түүний эцэг Г.Дүргэржав, ээж А.Батдэмбэрэл нар өмчилж бүртгэгдсэн байгааг хэрхэн яаж дүгнэсэн нь ойлгомжгүй.

7. Иргэний хуулийн 127-р зүйлийн 127.1.2-т зааснаар 2018 оны 07 дугаар сарын 02- ны өдөр байгуулагдсан Газар бэлэглэлийн гэрээ, Үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч өөрт ногдох хэсгээ бусад хамтран өмчлөгчид бэлэглэх гэрээ- р нэхэмжлэгч Д.Цогтгэрэл нь 2018 оны 07 сарын 02-ны өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 7-р баг 17-01 тоотод байрлах үл хөдлөх эд хөрөнгийг эцэг, эхдээ ногдох хэсгийг бэлэглэглэлийн журмаар шилжүүлэн авсан ганц өмчлөгч болох нь хэрэгт авагдсан баримтуудаар нотлогдсоор байхад анхан шатны шүүх бэлэглэлийн гэрээний 3.8, 3.10-т заасан бэлэг буцахгүй гэх заалтыг баримтлан гэрлэгчдийн дундын эд хөрөнгө гэж дүгнэсэн нь нэхэмжлэгчийн хуулиар олгогдож баталгаажигдсан эрхийг илтэд дордуулж шийдвэрлэлээ.

8. Шүүх 2018 оны 07 дугаар сарын 02-ны өдөр байгуулагдсан Газар бэлэглэлийн гэрээ Үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч өөрт ногдох хэсгээ бусад хамтран өмчлөгчид бэлэглэх гэрээ-ний 3.8, 3.10 дахь заалтыг шийдвэрийн үндэслэл болгож байгаа бол тухайн бэлэглэлийн гэрээний 1.1, 3.1 дэх заалтад заасан /Хүүдээ бэлэглэгж байгаа болно/ гэх заалтыг хэрхэн яаж үнэлж дүгнэсэн эсэх нь ойлгомжгүй байна.

9. Гэрлэгчид 2012 оны 10 сарын 26-ны өдөр гэр бүл болсон. Бэлэглэлийн гэрээг хийх болсон шалтгааныг нэхэмжлэгч Д.Цогтгэрэл, гэрч Дүгэржав нарын тайлбарласнаар 2018 онд банкнаас зээл авах зорилгоор Цогтгэрэл нь эцэг, эхдээ ногдох өмчлөлийн хэсгийг бэлэглэлийн журмаар зөвхөн хүү Цогтгэрэлд бэлэглэсэн болохоос гэр бүлийн хэрэгцээнд буюу гэр бүлд нь амьдрах зорилгоор бэлэглээгүй гэх тайлбар, гэрчийн мэдүүлгийг үнэлж үзээгүй.

10. Ашид билгүүн ХХК-ийн хөрөнгийн унэлгээний дугнэлтийн 4-р зуйлийн 4.1-д Барилгын хийц бүтээцийн тодорхойлолт хуснэгт 1-д Барилгын ерөнхий мэдээлэл:- Ашиглалтад орсон огноо: 2010 онд ашиглалтанд орсон болохыг тодорхойлсон байдлаас дүгнэхэд ч гэсэн гэрлэгчдийн маргаж буй үл хөдлөх эд хөрөнгө, газар нь гэрлэгчдийг гэр бүл болохоос өмнө бий болсон, Иргэний хуулийн 110 дугаар зүйлийн 110.1-д зааснаар нэхэмжлэгч Д.Цогтгэрэлийн болон түүний эцэг эхийн хамтын хүч хөдөлмөрөөр бий болсон тэдний нэр дээр өмчлөх эрх бүртгэгдэж хуулиар баталгаажигдсан хуваарьт хөрөнгө болохыг нотлох баримтаар нотлон харуулсаар байгааг анхан шатны шүүх анхаарсангүй.

11.Анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106-р зүйлийн 106.6-д зааснаар бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, гуравдагч этгээдэд ногдох хэсэг болох нэхэмжлэлийн шаардлагаасаа бүхэлд нь татгалзсан болохыг дурдаж шийдвэрлэсэн боловч гэрлэгчдийн дундын эд хөрөнгөөс ногдох хэсгийг хуваарилж шийдвэрлэж байгаа шийдвэрийн үндэслэл дүгнэлт ойлгомжгүй байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг зөрчсөн гэж үзэж байгаа тул шийдвэрийн зарим хэсгийг хүчингүй болгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөнөөс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байх тул шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй байна.

Шүүх гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгох тухай үндсэн нэхэмжлэлтэй, хариуцагч Ж.Лхагвацэцэгийн гэрлэлт цуцлуулж, хүүхдүүдийг өөрийн асрамжид авч, хүүхдийн тэтгэлэг, хамтран өмчлөх дундын эд хөрөнгөөс хүүхдүүдэд болон өөрт ногдох хэсэг болох 80,266,216 төгрөгийн эд хөрөнгө гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Лхагвацэцэгийн нэхэмжлэгч Д.Цогтгэрэлд холбогдуулан гаргасан хамтран өмчлөх дундын эд хөрөнгөөс ногдох хэсэг болох 17,000,000 төгрөг гаргуулах тухай маргаантай иргэний хэргийг шийдвэрлэхдээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг дараах байдлаар зөрчжээ. Үүнд:

1. Шүүх үндсэн нэхэмжлэлээс гэрлэлт цуцлуулах шаардлагыг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож, сөрөг нэхэмжлэлээс гэрлэлт цуцлуулж, хүүхдүүдийг өөрийн асрамжид авч, хүүхдийн тэтгэлэг гаргуулах хэсгийг хангаж, хамтран өмчлөх дундын эд хөрөнгөөс хүүхдүүдэд болон өөрт ногдох хэсэг болох 80,266,216 төгрөгийн эд хөрөнгө гаргуулах шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ шийдвэрийн эрх зүйн үндэслэлийг хуульд нийцүүлэн тодорхойлоогүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.4 дэх хэсэгт нийцээгүй байна.

Тодруулбал Гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгийг гэрлэлт хүчин төгөлдөр байх хугацаанд, гэрлэлт цуцалсны дараа, эсхүл гэр бүлийн гишүүн хэн нэгний нь хуваарьт эд хөрөнгө төлбөр гаргуулахад хүрэлцэхгүй бол нэхэмжлэгчийн шаардлагаар хуваах, харилцан тохиролцох журмаар хуваах, маргаан гарсан тохиолдолд гэр бүлийн гишүүний хэнд нь ямар хөрөнгө шилжихийг шүүх тодорхойлж аль нэг гишүүнд шилжүүлсэн хөрөнгийн үнэ нь түүнд ногдох хэсгээс давсан бол үнийн зөрүүг бусдад нь олгож болохоор хамтран өмчлөх дундын эд хөрөнгийг хуваах зохицуулалтыг Иргэний хуулийн 130 дугаар зүйлд тусгайлан заажээ.

Гэтэл шүүх ... Нийт 50,332,770 төгрөгийг гэр бүлийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгөд тооцож, дээрхи үл хөдлөх эд хөрөнгийг хариуцагч Ж.Лхагвацэцэгт үлдээж, хариуцагч Ж.Лхагвацэцэгээс 9,066,554 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Д.Цогтгэрэлд, нэхэмжлэгч Д.Цогтгэрэлээс 4,000,000 төгрөгийг гаргуулж, хариуцагч Ж.Л-т тус тус олгож шийдвэрлэсэн нь ойлгомжгүй болжээ.

Өөрөөр хэлбэл, гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгийг хэдэн хүнд, хэрхэн хуваасан нь тодорхойгүй, ямар үндэслэлээр Д.Цогтгэрэлээс 4,000,000 төгрөг гаргуулж, хариуцагчид олгож буй нь ойлгомжгүй байна.

Мөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь бие даасан шаардлагаасаа татгалзсан гэж шүүх дүгнэсэн атлаа төлөөлүүлэгч болох гуравдагч этгээд Ц.Баянбаатарт гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгөөс ногдох хэсгийг гаргуулсан эсэх нь тодорхойгүй, энэ талаар хийсэн шүүхийн дүгнэлт ойлгомжгүй, шүүхийн шийдвэр тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байх хуулийн шаардлагад нийцээгүй байна.

2. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Ж.Лхагвацэцэг нь нэхэмжлэгч Д.Цогтгэрэлд холбогдуулан гэрлэлт цуцлуулж, хүүхдүүдийг өөрийн асрамжид авахаар сөрөг нэхэмжлэл гаргасныг шүүгчийн 2022 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн 155/ШЗ2022/002002 дугаар захирамжаар хүлээн авч шийдвэрлэсэн атлаа хариуцагч хамтран өмчлөх дундын эд хөрөнгөөс хүүхдүүд болон өөрт ногдох хэсэг болох 52,000,000 төгрөг гаргуулахаар сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлснийг хүлээн авсан эсэх нь тодорхойгүй, уг нэхэмжлэлтэй хамт улсын тэмдэгтийн хураамжаас хуульд заасан үндэслэлээр чөлөөлүүлэх хүсэлт гаргасныг шийдвэрлээгүй орхигдуулжээ.

Түүнчлэн хариуцагч шүүх хуралдааны явцад ...80,266,216 төгрөгийн эд хөрөнгө гаргуулахаар сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа дахин нэмэгдүүлэхдээ улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй, уг нэмэгдүүлсэн шаардлагыг шүүх мөн хүлээн авсан эсэх нь тодорхойгүй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.1-д ...Сөрөг нэхэмжлэл энэ хуулийн 62 дугаар зүйлд заасан шаардлагыг хангасан байна гэж, мөн зүйлийн 3-т Сөрөг нэхэмжлэл гаргах үед улсын тэмдэгтийн хураамжийг ердийн нэхэмжлэлийн адил хэмжээгээр тогтоосон журмын дагуу урьдчилан төлсөн байна гэж заасан.

Иймд сөрөг нэхэмжлэл нь үндсэн нэхэмжлэлийн нэгэн адил бичгийн хэлбэрээр гарч, хуульд заасан бүрдүүлбэрийг хангасан байхыг шаардах бөгөөд улсын тэмдэгтийн хураамж төлөх эсэхийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль болон Улсын тэмдэгтийн хураамжийн тухай /Шинэчилсэн найруулга/ хуулийн холбогдох заалтаар шийдвэрлэх учиртай.

Мөн сөрөг нэхэмжлэл болон сөрөг нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагыг нэхэмжлэгчид гардуулахдаа хариуцагч Д.Цогтгэрэлд, нэхэмжлэгч Д.Цогтгэрэлд гэж хоёр өөр байдлаар гардуулсан нь ойлгомжгүй байна /хх-н 54, 91/.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26, 29 дүгээр зүйлд нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээдийн эрх зүйн байдлыг өөр, өөр байдлаар тодорхойлж хуульчилсныг анхаараагүй байна.

3. Хариуцагч Ж.Лхагвацэцэг нь шүүхэд ...Хүү Ц.Баянбаатар минь Д.Цогтгэрэлээр овоглодог. Одоо насанд хүрээд ажил хөдөлмөр эрхэлж байгаа ч өмч тасалж өгч, өрх тусгаарлаагүй тул Ц.Баянбаатарыг гуравдагч этгээдээр оролцуулж өгнө үү гэх агуулга бүхий хүсэлт гаргасныг шүүгчийн 2022 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн 155/ШЗ2022/02554 дугаартай захирамжаар хүлээн авч хангаж шийдвэрлэхдээ маргааны зүйлийн талаар бие даасан шаардлага гаргасан /гаргаагүй/ эсэхийг тодорхойлоогүй байна. /хх-н 182-184/.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 29.2-т Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд зохигчийн эрх эдэлж, үүрэг хүлээнэ гэж заасан бөгөөд мөн зүйлийн 4-т Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд нэхэмжлэл гаргасан үндэслэл ба нэхэмжлэлийг өөрчлөх, нэхэмжлэлийн шаардлагыг ихэсгэх буюу багасгах, нэхэмжлэлээс татгалзах, нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөх, эвлэрэхээс бусад зохигчийн эрхийг эдэлж, үүргийг хүлээнэ гэж, мөн хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д Зохигч, гуравдагч этгээд, түүнчлэн энэ хуулийн 12.1.2-12.1.4-т заасны дагуу хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож байгаа этгээдийг хэргийн оролцогч гэнэ гэж хэргийн оролцогчдын эрх зүйн байдлыг өөр, өөр байдлаар тодорхойлсон.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гуравдагч этгээд Ц.Баянбаатар нь өөрийн төрсөн эх болох хариуцагч Ж.Лхагвацэцэгийг итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцуулахаар шүүхэд итгэмжлэл ирүүлжээ.

Хариуцагч Ж.Лхагвацэцэг, гуравдагч этгээд Ц.Баянбаатар нарын ашиг сонирхол адил атал сөрөг нэхэмжлэлийг гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Лхагвацэцэгт буюу хариуцагч Ж.Лхагвацэцэгт өөрт нь гардуулсан нь ойлгомжгүй болжээ. /хх-192/.

Анхан шатны шүүхийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны дээрх ноцтой зөрчил болон хууль хэрэглээний алдааг давж заалдах шатны шүүх залруулах болон уг маргааны үйл баримтад эрх зүйн дүгнэлт өгч, хэргийг шийдвэрлэх боломжгүй тул нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан ...Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106-р зүйлийн 106.6-д зааснаар бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, гуравдагч этгээдэд ногдох хэсэг болох нэхэмжлэлийн шаардлагаасаа бүхэлд нь татгалзсан болохыг дурдаж шийдвэрлэсэн боловч гэрлэгчдийн дундын эд хөрөнгөөс ногдох хэсгийг хуваарилж шийдвэрлэж байгаа шийдвэрийн үндэслэл дүгнэлт ойлгомжгүй, шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг зөрчсөн ... гэх агуулга бүхий давж заалдах гомдлыг хүлээн авч, шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаах хууль зүйн үндэслэлтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаан шийдвэрлэсэн тул нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 409,614 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгохыг дурдах нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг гомдлыг хүлээн авч,

Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 22022 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 155/ШШ2023/00028 дугаар шийдвэрийг хүчингүй болгож дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 409,614 /дөрвөн зуун есөн мянга зургаан зуун арван дөрөв/ төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн  167.5-д зааснаар Давж заалдах шатны шүүхийн магадлалд энэ хуулийн 172.2-т заасан анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн үндэслэлээр  зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                            Б.СОСОРБАРАМ

ШҮҮГЧИД                            Н.БАЯРХҮҮ    

Л.ЭРДЭНЭБАТ