| Шүүх | Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Төртогтохын Энхмандах |
| Хэргийн индекс | 165/2018/0107/Э |
| Дугаар | 2018/ШЦТ/110 |
| Огноо | 2018-12-12 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Э.Нэргүй |
Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 12 сарын 12 өдөр
Дугаар 2018/ШЦТ/110
Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Т.Энхмандах даргалж,
нарийн бичгийн дарга П.Рэнцэндорж,
улсын яллагч Э.Нэргүй,
шүүгдэгч М.Б түүний өмгөөлөгч Б.Батчимэг нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Говьсүмбэр аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн шүүгдэгч Х.овогт М-н Б-д холбогдох эрүүгийн 1817002250107 дугаартай хэргийг 2018 оны 12 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1974 оны 06 дугаар сарын 24-нд Дархан-Уул аймагт төрсөн, 44 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, малчин мэргэжилтэй, “Гоё амтат” зоогийн газар галч ажилтай, ам бүл 4, ээж, дүү нарын хамт Говьсүмбэр аймгийн Сүмбэр сум, 4 дүгээр баг, У......... гэх газар оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй гэх Хорь бичээч овогт М-н Б /РД: ........./
Холбогдсон хэргийн талаар:
/яллах дүгнэлтэд дурдсанаар/
Яллагдагч М.Б нь 2018 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэр “Улаан худаг” гэх газар иргэн М.О-тай маргалдан түүнийг зодож, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
НЭГ. Шүүгдэгч М.Б нь 2018 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэр “Улаан худаг” гэх газар хохирогч М.О-тай маргалдан түүнийг зодож, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан болон хавтаст хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:
1.1. Шүүгдэгч М.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:
2018 оны 11 дүгээр сарын 01-ны өглөө ажлаасаа буугаад гэртээ ирсэн чинь ээж О намайг хөөж туугаад байна гэж надад хэлсэн. Тэгээд би маргааш нь гэрээ дулаалах гээд ёмкос дээр очсон. Тэгсэн чинь О хөрзөнгөө хураах гээд байж байхаар нь би очоод настай хүнд илүү дутуу зүйл ярьж байхаар надтай ярь гэсэн чинь О уурлаад намайг заамдаж авахаар нь би гараа тавь гэтэл тавихгүй байсан. Тэгэхээр нь би тавь гээд түлхсэн чинь ардаа байсан сондуул тээглээд унасан. Тэгээд ёмкос руугаа орох гэсэн чинь босч ирээд дахиж намайг заамдаж аваад футболкны зах урсан. Тэгээд бүр тавихгүй болохоор нь хоёр алгадсан. Нөхрийг нь ав гэсэн чинь авахгүй айгаад байгаа бололтой ёмкосоо тойроод яваад өгсөн. Тэгээд О намайг цагдаад өгнө гэхээр нь би тэгээ тэг би үнэн байдлыг нь хэлнэ гэж хэлсэн гэв.
1.2. Шүүгдэгч М.Б мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар мэдүүлэхдээ:
Би саахалт айлын хүн О-г зодож биед нь хөнгөн гэмтэл учруулсан асуудлаар шалгагдаж байна. Би “Гоё амтат” зоогт түр хугацаагаар галчийн ажил хийж байгаа юм. Би 2018 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр ажлаасаа буугаад хөдөө гэрээ дулаалахаар очсон. Манайх “Улаан худаг” гэх газарт байх өвөлжөөгөө Г гэх айлд зарсан юм. Манайх өвөлжөөн дээр төмөр амбаараа үлдээсэн юм. Тэр амбаараас гэрийнхээ дулаалгыг авахаар тэмээн тэрэгтэй 3 дүүгийнхээ хамт очсон. Би өөрөө мотоцикльтэй очсон. Бид хэдийг очиход Г, О нар гаднаа байсан. О намайг гэрт байхгүй байхад манайд ирээд танайх манайд хороогоо зарсан байж манай бэлчээр дээр буусан, нүү гэж манай хөгшин настай ээжийг хөөсөн байсан. Би О-д хандаад чи настай хүнд янз бүрийн асуудал ярьж байхаар надтай ярихгүй яасан юм бэ гэж хэлсэн. Тэгтэл О-н над руу дайраад танай хөгшин шулам юу гээд байгаа юм бэ гээд намайг заамдаад чи намайг зод, хоёулаа шүүх дээр уулзана гээд дайраад байсан. Тэгэхээр нь би өөрөөсөө холдуулах гээд цааш түлхсэн. Түлхэхдээ хоолой руу багалзуурдаад түлхсэн. О ар талд байсан миний санаж байгаар дэрсний сондуулд /би О-г юунд тээгэлдээд унасныг мэдэхгүй байна/ тээгэлдээд газар унасан. Унахдаа О миний дээлнээс татаад товчийг тасалсан. Би дээлээ тайлаад тавьсан чинь над руу дахиад дайраад миний пудволкоос зуураад бариад авахаар нь гар луу цохиод гарыг нь тавиулах гэсэн миний пудволк урагдсан. Тухайн үед миний уур хүрээд эрэгтэй хүний энгэр зам урлаа гээд О-г цамцных нь захнаас заамдаж барьж аваад ар талд байсан хураалттай хөрзөн лүү шахаад зүүн хацар луу нь хоёр удаа гараараа алгадсан. Би О-д больё гээд салсан. Тэгсэн О болихгүй чамайг цагдаад өгнө гээд утсаар цагдаа дуудаад байгаа бололтой байсан. Тухайн үед хажууд манай 3 дүү байсан. Мөн О-ны нөхөр Г байсан. Г-т эхнэрээ ав гэсэн чинь айгаад байгаа бололтой зогсоод байсан. Г эхнэртээ хандаад чи битгий тэнэгтээд бай гэж хэлж байсан. Сүүлд нь нөхөр лүүгээ дайраад байгаа бололтой харагдаж байсан. Тэгээд бүрээсээ аваад гэр дээрээ аваачиж тавьчихаад усанд явчихаад ирсэн чинь цагдаагийн хүмүүс ирсэн байсан. Өөр асуудал болоогүй... гэх мэдүүлэг /хх-ийн 34-35 дугаар хуудас/
1.3. Хохирогч М.О мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ:
Манайх Б гэх залуугаас энэ оны 08 дугаар сард 8 000 000 төгрөгөөр өвөлжөө худалдаж авсан юм. Б-н нэг том төмөр ёмкос манай өвөлжөөн дээр үлдсэн байсан юм. Б-нх нүүхдээ хог шороогоо цэвэрлээгүй нүүсэн байсан. Тэр хогийг би цэвэрлэсэн юм. Тэгээд Б-нх өвөлжөөн дээрээсээ нүүгээд 1 километр гаран зайтай газар худгийн хажууд очоод буусан. Энэ асуудлаас болоод манай хоёр жоохон маргаантай байгаад байдаг байсан. Б өвөлжөөнийхөө гэрчилгээг гаргаж өгөхгүй мөртлөө манай өвөлжөөнөөс ойрхон газар буучихаад хороон дээрээс мод чулуу зөөгөөд байдаг юм. Энэ байдлыг нь би ээжид нь хэлээд бэлчээрээс холхон буугаач гэж хэлсэн чинь манайх эндээ хороо барина, худаг бэлчээр нь хамт зарагдахгүй гээд загнаад байсан. 2018 оны 11 дүгээр сарын 02-ны өглөө гаднаа хөрзөнгөө хураагаад зогсож байтал Б 3 дүүгийнхээ хамт ёмкосноосоо юм авахаар ирсэн. Тэгэхэд би 3 дүүд нь хандаад та нар хог шороогоо цэвэрлээд яваарай, цэвэрлэхгүй яваад өгчих юм гэж хэлсэн. Тэгтэл Б над руу дайрч ирээд намайг багалзуураас түлхсэн. Тэгтэл би ар талд юманд тээглээд ар талд байсан трубан дээр унахдаа толгойгоо цохисон. Тэгээд уур хүрээд босч ирээд Б-г заамдаад авсан. Б намайг заамдаад авсан. Тэгээд Б намайг нэг удаа хальт баруун хацар хэсэг рүү мөргөсөн. Манай нөхөр цаанаас та хоёр болио гэсэн. Тэгсэн Б-н фудволк нь урагдсан. Б чи намайг заамдаад хүний хувцас урах болоогүй гээд хураасан хөрзөн лүү хоолой шахаад дарж байгаад зүүн хацар луу хоёр удаа гараараа цохисон. Манай нөхөр ирээд бид хоёрыг салгасан. Би салсныхаа дараа цагдаа дуудсан. Манай нөхөр Г намайг чи болио, наад хүн чинь хүний үг авахгүй хүн байна лээ хандах газар нь ханд гэж надад хэлж байсан. Б-н хоёр дүү нь тэмээн тэрэг дээрээ дээвэр туургаа ачаад явсан. Б тэр хавьд жоохон байж байгаад нэг дүүгээ сундлаад баруун зүг рүү бетон ганзагалаад явсан. Тэгээд удаагүй цагдаагийн хүмүүс ирсэн. Тэгээд Б-н гэрт очоод Б-г аваад явсан... гэх мэдүүлэг /хх-ийн 15-16 дугаар хуудас/
1.4. Гэрч Ч.Н мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:
Манайх “Улаан худаг” гэх газарт байх хороогоо Гансугар гэх айлд зарсан. Газар нь бол улсын мэдэлд байдаг юм. Манайх Улаан худаг гэх газарт байх худгийн хажууд буусан юм. Манайх зарсан хорооноосоо 3 орчим километр газар зайтай буусан. Манайх том төмөр амбаараа хороон дээрээс авч чадахгүй байгаад байсан юм. Тэр амбаарт манай эд зүйлүүд байдаг юм. 2018 оны 10 дугаар сарын 18-наас 19-ний өдөр Г-н эхнэр О-н манайд ирээд та манай бэлчээр дээр буулаа, манайх таны өвөлжөөг худалдаж авсан биз дээ гэхээр нь би энэ бэлчээрийн газар чиний мэддэг газар биш, энэ улсын газар, чи бид хоёр мэдэхгүй гэж хэлээд явуулсан. Энэ асуудлыг хүү Б-д санаандгүй О ирээд бэлчээр дээр буулаа гэж байна гэж хэлсэн. Манай хүү чихний сонсгол муу, группт байдаг юм. Манайх гэрээ дулаалж барихаар өвөлжөөн дээр байгаа төмөр амбаараас юм аа авахаар Б явсан. Б-тэй манай 3 ач хамт явсан байсан юм. Тэр гурав тэргэн дээр бүрээс туургаа түрээд аваад ирсэн. Тэр гурав ирээд О эгч Б ах руу дайраад муудалцсан гэж байсан. Б ах усанд явсан гэж хэлсэн. Удаагүй араас цагдаагийн машин ирээд Б-г сурсан. Б ус аваад хүрээд ирсэн. Б-г цагдаагийн хүмүүс аваад явсан. Би хажууд байгаагүй болохоор нарийн учрыг нь сайн мэдэхгүй байна... гэх мэдүүлэг /хх-ийн 18 дугаар хуудас/
1.5. Насанд хүрээгүй гэрч Э.М мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:
Тухайн үед сургууль амарсан байсан. Би 2018 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр хөдөө эмээ Н-доо очсон байсан. Манай эмээгийнх айлд өвөлжөөгөө зарсан юм. Тэр айлын өвөлжөөн дээр үлдээсэн ёмкосноосоо гэрээ дулаалахаар юм авахаар Б ах, Х, М бид нарыг эмээгийн зарсан хороон дээрээ үлдээсэн ёмкосноос юм аваад ир гээд явуулсан. Өвөлжөөн дээр очиход манай эмээгийн хороог худалдаж авсан айлын хүмүүс байсан. Бид нар 10 цагийн үед очсон байх. Тэр айлын эхнэр болох О эгч бид нарт хандаад та нар хогоо ав наанаас чинь 2 Портер хог гарсан гээд бид хэдийг загнасан. Тэгсэн. Б ах уурлаад чи хэлэх үгээ надад хэл битгий бие муутай хөгшин настай хүн хүүхдүүдэд хэлээд бай гэсэн чинь О уурлаад битгий солиор тэр муу эмгэн шулам чинь өөрөө эхэлсэн ш дээ гээд Б ах руу дайраад заамдаж аваад түлхээд байсан. Тэгсэн Б ах О-г эргүүлээд түлхсэн чинь ар талдаа байсан хивсэн дээр тээгэлдээд газар унасан. О эгч босч ирээд Б ахыг заамдаж аваад чи намайг цохь гээд Б ахын дээлний энгэрээс барьчихаад зууралдаад байсан. Тэгсэн Б ах О эгчийн нөхөрт хандаад энэ эхнэрээ аваач гэсэн чинь нөхөр нь Б ахыг дүлий годил минь битгий хуц гээд байсан. Тэгсэн Б ах уурлаад О эгчийн зүүн хацар луу 2 удаа хальт алгадаад авсан. Тэгсэн О эгч чи намайг цохичихлоо гээд цагдаа дуудсан. О эгч нөхөртөө хандаад чи юундаа айгаад байгаа юм бэ гээд байсан. Тэгсэн нөхөр нь чи юунд өөрийгөө тамлаад байгаа юм бэ хандах газар нь хандаад орхиоч гэж байсан.
Тэгээд бид нар дээр ирээд шар өнгийн сав нэхээд байсан. М эгч бид хоёртой юм яриад чи өөрөө үз гэж хэлтэл О эгч М эгчийг чамайг ална шүү гөлөг минь чи дуугүй бай гэсэн. Б ах юу гээд байгаа юм бэ надад хэлэх үгээ хэл гэсэн. Тэгээд М эгч Х хоёр гэрийнхээ дулаалгыг тэмээн дэргэн дээр тавиад аваад явсан. Б ах, бид хоёр ус авахаар худаг руу явсан. Б ах бид худгаас ирсэн чинь цагдаагийн хүмүүс ирсэн байсан. Цагдаагийн хүмүүс Б ахыг аваад явсан. Урд нь О эгч манай эмээгийн гэрт ирээд энэ нутгаас нүү гээд хөөгөөд байсан. Тэгээд манай эмээтэй маргалдаж байгаад яваад өгсөн. Мөн Х бид хоёрыг вагончигний хаалга онгойлгосон гээд гүтгээд байсан. Энэ асуудлаас болоод Баасанхүү ах уурласан байх… гэх мэдүүлэг /хх-ийн 19 дүгээр хуудас/
1.6. Насанд хүрээгүй гэрч Ц.Х мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:
Тухайн үед сургууль амарсан байсан. Би 2018 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр хөдөө эмээ Н очсон байсан. Манай эмээгийнх айлд өвөлжөөгөө зарсан юм. Тэр айлын өвөлжөөн дээр үлдээсэн ёмкосноосоо гэрээ дулаалахаар юм авахаар Б ах, М нар явсан. Өвөлжөөн дээр очиход манай эмээгийн хороог худалдаж авсан айлын хүмүүс байсан. Бид нар 10 цагийн үед очсон байх. Тэр айлын эхнэр О эгчид хандаад Б ах хөгшин настай хүн дарамтлаад гэж хэлсэн. Тэгсэн чинь О эгч хуц солиор гэж хэлээд Б ахыг заамдаад авсан. Бид хэд гадаа ёмкосны хажууд байсан. Б ах О эгчийг түлхсэн чинь ар талдаа байсан хивсэн дээр тээгэлдээд газар унасан. О эгч босч ирээд Б ахыг заамдаж аваад доош татаад дээлийнх нь шилбийг таслаад чи намайг цохь гээд орилоод байсан. Б ах О-н эгчийн нөхөрт энэ эхнэрээ ав гай болно шүү гэж хэлтэл хуц гичий минь гээд байсан. Тэгээд тэр эгч Б ахын дээлийн энгэрээс зуурчихаад өөдөөс нь цохиод байсан. Тэгтэл Б ах нүүр орчимд нэг удаа цохисон. Тэгтэл О чи намайг цохичихлоо, одоо би цагдаа дуудна гээд цагдаа руу ярьсан. Тэгээд Б ахыг заамдаж аваад салаавч гаргаад нүүр лүү цохиод авсан. Тэгсэн Б ах дахиад нэг удаа зүүн хацар луу цохиод авсан. Тэгсэн О-н эгчийн нөхөр нь ирээд тэр хоёрыг салгасан. Б ах дугуйн дээр сууж байтал О эгч нөхөртөө хандаад чи энэ муу дүлий годилоос юунд айгаад байгаа юм бэ, чи энийг зодооч гээд байсан. О эгчийн нөхөр цаашаа яваад өгсөн чинь чи энэнээс юунд нь айгаад байгаа юм бэ гээд О эгч нөхрийнхөө араас нь очоод цохиод байсан. Тэгсэн нөхөр нь чи юунд өөрийгөө тамлаад байгаа юм бэ хандах газар нь хандаад орхиоч гэж байсан. Тэгээд бид нар дээр ирээд шар өнгийн сав нэхээд байсан. М эгч бид хоёртой юм яриад чи өөрөө үз гэж хэлтэл О эгч М эгчийг чамайг ална шүү гөлөг минь гэсэн. Б ах юу гээд байгаа юм бэ надад хэлэх үгээ хэл гэсэн. Тэгсэн О эгч энэ муу чинь өөрөө эхлээд байна ш дээ гэсэн. Манай эмээг О эгч эмгэн шуламаа аваад зайлаарай гээд байсан. Тэгээд М эгч бид хоёр гэрийнхээ дулаалгыг тэмээн дэргэн дээр тавиад аваад явсан. Б ах, М хоёр ус авахаар худаг руу явсан. М эгч бид хоёрыг гэрт иртэл цагдаагийн хүмүүс ирсэн байсан. Б ах худагаас ирсэн. Цагдаагийн хүмүүс аваад явсан. Урьд нь О эгч манай эмээгийн гэрт ирээд энэ нутгаас нүү гээд хөөгөөд байсан. Тэгээд манай эмээтэй маргалдаж байгаад яваад өгсөн. Мөн М бид хоёрыг вагончигний хаалга онгойлгосон гээд гүтгээд байсан… гэх мэдүүлэг /хх-ийн 20 дугаар хуудас/
1.7. Говьсүмбэр аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 305 дугаартай дүгнэлтэд:
-М.О-ны биед тархи доргилт, зүүн хөмсөгний угаар, баруун нүдний гадна өнцөгт зөөлөн эдийн няцрал, хүзүүнд цус хуралт гэмтэл учирчээ.
-Уг гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
-Уг гэмтлүүд нь “Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаа сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
-Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонгид нөлөөлөхгүй болно.
Дүгнэлт гаргасан: Шинжээч эмч Л.Жаргалтогтох гэжээ. /хх-ийн 24 дүгээр хуудас/
1.8. Хохирогч М.О-ны хохирлын тооцоо /хх-ийн 53 дугаар хуудас/
1.9. Хохирогч М.О-ны “Натур эмнэлэг” компьютер томографикийн оношилогоо дүгнэлт /хх-ийн 62 дугаар хуудас/ зэрэг болно.
Харин хавтаст хэргийн 21 дүгээр хуудсанд авагдсан гэрч Ч.Г-н мэдүүлгийг нотлох баримтын хэмжээнд үнэлэх боломжгүй байна. Учир нь Ч.Г-с гэрчийн мэдүүлэг авахаас өмнө Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.6 дугаар зүйлд заасан гэрчийн эрх үүргийг тайлбарлаагүй, мөн мэдүүлэг өгөхөөс санаатайгаар зайлсхийсэн, эсхүл худал мэдүүлэг өгсөн бол түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлд заасан хариуцлага хүлээлгэх талаар сануулахгүйгээр Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 3.6 дугаар зүйл, 4.8 дугаар зүйлүүдийг баримтлан гэрчийн мэдүүлэг авсан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дээрх зүйлийг ноцтой зөрчсөн байна. Иймд хавтаст хэргийн 21 дүгээр хуудсанд авагдсан гэрч Ч.Г-н мэдүүлгийг нотлох баримтаас хасах нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгч М.Б-н үйлдсэн гэмт хэрэг нь хавтаст хэрэгт авагдсан бусад нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлгээр нотлогдон тогтоогдсон байна.
Шүүгдэгч М.Б болон түүний өмгөөлөгч Б.Батчимэг нар нь гэмт хэргийн зүйлчлэл болон гэм буруугийн талаар маргаагүй болно.
Иймд шүүгдэгч М.Б-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.
ХОЁР. Шүүгдэгч М.Б-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хавтаст хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
2.1. Гэрч Ч.Н мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:
Чихний сонсгол муутай. Энэ сонсголоосоо болоод жоохон бухимдуу зантай. Огцом ууртай. Уур нь хурдан гардаг. Дараа нь бодож санах юмгүй явж байдаг. Хүний үгийг буруу зөрүү дуулчихаад уурлаж байдаг. Урд нь хүнтэй маргалдаж зодолдож байгаагүй. Хар бор ажилд их сайн. Өөрийнхөө хариуцан хийж байгаа ажлыг чанартай сайн хийдэг. Миний хажууд ганц түшиг тулга болж байгаа хүн юм... гэх мэдүүлэг /хх-ийн 18 дугаар хуудас/
2.2. Гэрч Б.Б мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:
Б-н хувьд ажил хөдөлмөрт сайн. Эвсэг харицаатай. Намайг Б ахаа гээд л дуудаад явж байдаг. Б-н хувьд архи дарс, тамхи хэрэглэдэггүй юм шиг байна лээ. Би Б-тэй хамт 1 сар ажиллаж байна. Энэ хугацаанд элдэв янзын ааш зан гаргаж байгаагүй. Гар нийлээд сайхан ажиллаж байна... гэх мэдүүлэг /хх-ийн 22 дугаар хуудас/
2.3. Согтолтын зэрэг тогтоосон тухай тэмдэглэл /хх-ийн 7 дугаар хуудас/
2.4. Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 43 дугаар хуудас/
2.5. Хохирогч М.Ою-ны мөрдөн байцаалтын шатанд гаргасан хүсэлт /хх-ийн 29 дүгээр хуудас/
2.6. Хохирогч М.О-ны хохирол төлбөр хүлээн авсан өргөдөл /хх-ийн 55 дугаар хуудас/
2.7. Хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацаа тогтоосон акт /хх-ийн 58 дугаар хуудас/ зэрэг болно.
Шүүгдэгч М.Б-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэв.
Иймд шүүгдэгч М.Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 450 000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэх зүйтэй гэж шүүх үзлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Б-д оногдуулсан 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 450 000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялыг түүний цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан 5 /тав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоов.
Шүүгдэгч М.Б нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч М.Б нь цагдан хоригдсон хоноггүй, гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй, хэрэгт иргэний бичиг баримт ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримт хураагдаж ирээгүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 17.5, 36.2 дугаар зүйлийн 4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасаныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Х овогт М-н Б-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Шүүгдэгч М.Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 450 000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Б-д оногдуулсан 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 450 000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялыг 5 /тав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Шүүгдэгч М.Б нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч М.Б нь цагдан хоригдсон хоноггүй, гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй, хэрэгт иргэний бичиг баримт ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримт хураагдаж ирээгүй болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, түүний дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.
7. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлд зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.Б-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.ЭНХМАНДАХ