Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 12 сарын 16 өдөр

Дугаар 210/МА2022/02124

 

 

 

 

 

 

 

     2022           12            16                                       210/МА2022/02124

 

 

*** гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Цогтсайхан даргалж, шүүгч С.Энхбаяр, шүүгч Д.Нямбазар нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 09 сарын 30-ны өдрийн 181/ШШ2022/02174 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч *** гийн нэхэмжлэлтэй, хариуцагч “***” ХХК, “***” ХМХ, “***” ХХК нарт холбогдох, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг сэргээж, уг мэдээг тараасан хэлбэр, хэрэгслээр няцаахыг даалгах тухай иргэний хэргийг хариуцагч “***” ХМХ-ийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Д.Нямбазар илтгэснээр хянан хэлэлцэв.

 

          Шүүх хуралдаанд: хариуцагч “***” ХМХ-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ***, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Содномдорж нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

  1. Нэхэмжлэгч нэхэмжлэл, тайлбартаа: “*** телевиз 2018 оны 09 сарын 17-ны өдрийн “***” болон 2018 оны 10 сарын 17-ны өдрийн “***”, *** телевиз 2018 оны 10 сарын 22-ны өдрийн “***”, *** 2020 оны 09 сарын 10-ны өдрийн “***” нэвтрүүлгээр *** миний нэр төрийг гутаасан шинжтэй худал мэдээ, мэдээллийг олон удаагийн давтамжтайгаар хэвлэл, мэдээллийн хэрэгслээр олон нийтэд цацсан байна. Нэвтрүүлгүүдэд дурдаж байгаа гол агуулга нь *** гэх хүний газартай давхцуулж Хөвсгөл аймгийн мэргэжлийн хяналтын газрын даргаар ажилладаг *** д газар өгсөн, энд авлига байна гэх эх сурвалжгүй мэдээлсэн юм. Дээрх нэвтрүүлгүүд нь нэг талыг барьсан, *** д хамааралгүй, бодит бус төдийгүй тухай цаг хугацаанд орон нутгийн төрийн захиргааны байгууллагад ажиллаж байсан миний хувийн болон ажил хэргийн нэр хүнд хөндөгдсөн. Иймд Иргэний хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2, 497 дугаар зүйлийн 497.1, 511 дүгээр зүйлийн 511.1 дэх хэсэгт заасны дагуу *** миний нэр төрийг гутаасан шинжтэй мэдээ, мэдээллийг хэвлэл мэдээллийн хэрэгслээр олон нийтэд цацсан мэдээлэл худал болохыг тогтоолгох, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг сэргээх, хариуцагч нарт нэхэмжлэгчээс уучлалт гуйх, өөрсдийн мэдээлсэн мэдээллийг телевизийн сувгаар дамжуулж залруулга хийхийг даалгах нэхэмжлэлийн шаардлага гаргаж байгаа тул хүлээн авч шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

 

  1. Хариуцагч “***” ХХК хариу тайлбартаа: “*** телевизийн 2018 оны 09 сарын 17-ны өдрийн “***” мэдээллийн хөтөлбөрт *** тэй холбоотой дурдсан мэдээ мэдээлэл огт яваагүй тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

 

  1. Хариуцагч “***” ХМХ хариу тайлбартаа: Олон нийтийн радио телевизийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсэгт олон нийтийн радио телевизийн зорилго нь үндэсний хэмжээнд өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ эрхэлж, сонсогч, үзэгчдэд зориулсан төрөл бүрийн мэдээлэл, сургалт, танин мэдэхүй, хөгжөөн цэнгээх хөтөлбөр, нэвтрүүлэг бэлтгэх, нийтийн хүртээл болгоход оршино гэж заасан. Энэ хүрээнд баримт эрэн сурвалжлах нэвтрүүлгийг бэлтгэж ***ийн эфирээр дамжуулж байсан. Энэхүү нэвтрүүлгийн 2020 оны 04 сарын 10-ны өдрийн үзлэгийн тэмдэглэл, гэрч *** гийн гэрчийн мэдүүлгээс анхнаасаа хэн нэгэн хүний нэр төрд халдах гэсэн зүйл байгаагүй гэдэг нь харагдаж байгаа. Нэвтрүүлгийн зөвлөлийн дүгнэлт болон гэрч *** гийн мэдүүлэгт мэдээллийн эх сурвалжийг тодотгосноос өөрөө хувийн зүгээс ямар нэгэн тайлбар хийгээгүй. Энэхүү нэвтрүүлэг олон нийтийн тэнцвэрт байдлыг хангасан, үндэсний олон нийтийн радио телевизийн журмыг зөрчөөгүй. Мөн бусдын нэр төрд халдаагүй, ердийн мэдээллийн тэнцвэртэй байдлаар эх сурвалжийн мэдээлэлд үндэслэгдсэн байдаг. Хөвсгөл аймгийн иргэдийн удаа дараагийн хүсэлтийн дагуу баримтад үндэслэгдэж хийгдсэн. *** гэдэг нэвтрүүлэг манай байгууллагад байдаггүй. Баримт гэдэг нэвтрүүлэг байдаг. Нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

 

  1. Хариуцагч “***” ХХК хариу тайлбартаа: ““***” нэвтрүүлэг нь бидний үйл ажиллагааны үр дүнд бүтээгдсэн бүтээл биш юм. 2018 оны 10 сарын 09, 11-ний өдрүүдэд тус нэвтрүүлгийн богино видео танилцуулга *** сэтгүүлчийн цахим хаягт байршсан нь “***” нэвтрүүлэг тус сэтгүүлчийн бүтээл болохыг нотлохоос гадна телевизийн эфирээр цацагдахаас өмнө олон нийтэд нэвтрүүлгийн агуулга тодорхой хэмжээнд хүрсэн байгааг харуулж байна. Нэгэнт нэхэмжлэгчийн эрх зөрчигдөж, тухайн мэдээлэл өөр хэн нэгэн этгээдэд мэдээлэгдсэний дараа үүссэн харилцаа байна. Үүнээс үзвэл манай байгууллага нэхэмжлэгчийн нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндэд шууд халдсан, шууд хариуцлага хүлээх субъект биш бөгөөд *** сэтгүүлчийн цуглуулсан эх сурвалж, зохиол, үйл ажиллагаагаар бүтсэн нэвтрүүлэг нэхэмжлэгчийн нэр төрд халдаж тухайн маргаан үүсэх болсон шалтгаант холбоог агуулж байна. Түүнчлэн 2018 онд манай телевизийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан *** гэх хүн *** сэтгүүлчийн хүсэлтээр тухайн нэвтрүүлгийг эфирээр дамжуулах болсон байдаг. Харин ийнхүү эфирээр дамжуулсны хариуд манай байгууллага ямар нэгэн төлбөр тооцоо аваагүй бөгөөд байгаль орчин уул уурхайн эрэн сурвалжилсан нэвтрүүлэг байсан тул нийгмийн хариуцлагын хүрээнд иргэдийн эх сурвалжтай, олон нийтийн нийтлэг эрх ашигт нийцсэн мэдээллийг дамжуулсан юм. Нэхэмжлэгч үнэнд нийцэхгүй, бодит бус мэдээллийг тараасан гэх боловч тухайн нэвтрүүлгийн агуулгад дурдагдаж буй санаа нь иргэдийн ярилцлагын хүрээнд, холбогдох бичиг баримтууд дурдагдсан, эх сурвалжид тулгуурласан мэдээлэл байсан тул манай телевиз өөрийн эрх хэмжээний хүрээнд хяналт тавих үүргээ хэрэгжүүлсэн. Үүнээс гадна тухайн газар нь *** ын газар ашиглах эрхтэй давхацсан эсэх, газар эзэмших эрхийн гэрчилгээ олгох журам олгогдсон эсэх бодит үйл байдлыг манай байгууллагаас шалган тогтоох боломжгүй, захиргааны байгууллагын шийдвэрийн хүрээнд тогтоогдох асуудал тул эх сурвалжийн хүрээнд бэлтгэгдсэн мэдээлэл эсэхэд хяналт тавих боломжтой байсан юм. Иймд *** гийн гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.    

 

  1. Анхан шатны шүүх: Иргэний хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2, 497 дугаар зүйлийн 497.1, 511 дүгээр зүйлийн 511.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч “***” ХХК-ийн *** телевизийн 2018 оны 09 сарын 17-ны өдрийн “***” мэдээллийн хөтөлбөр, “***” ХХК-ийн *** телевизийн 2018 оны 10 сарын 22-ны өдрийн “***” нэвтрүүлэг, “***” ХМХ-ийн 2020 оны 09 сарын 07-ны өдрийн “***” нэвтрүүлгээр нэхэмжлэгч *** гийн нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан мэдээ тараасан болохыг тогтоож, уг мэдээг тараасан хэлбэр хэрэгслээр уучлалт гуйх, залруулга хийхийг даалгаж, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 2018 оны 10 дугаар 17-ны өдрийн мэдээллийн хөтөлбөрт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

  1. Хариуцагч “***” ХМХ давж заалдах гомдолдоо:  

          6.а. Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн шүүхийн 2022 оны 05 сарын 05-ны өдрийн 181/ШТ2022/00219 дугаар тогтоолоор *** гийн 2011, 2012 оны нийгмийн даатгал төлсөн дэлгэрэнгүй лавлагаа болон “***” ХХК-ийн хуулийн этгээдийн дэлгэрэнгүй лавлагаа зэрэг баримтуудыг гаргуулахаар шийдвэрлэсэн. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны үндсэн зарчмын хувьд талуудын аль нэг нь хүсэлт гаргаагүй нөхцөлд шүүх өөрийн санаачилгаар үйл ажиллагаа явуулахыг хориглодог. Гэтэл шүүхээс өөрийн санаачилгаар нэхэмжлэгч талд ашигтай нотлох баримтуудыг гаргуулахаар шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг илт зөрчсөн байна. Өөрөөр хэлбэл, шүүгч хэт нэг талыг баримталсан илт хууль бус шийдвэр гаргасан гэж үзэх үндэслэл болж байна.

          6.б. Мөн хэрэгт цугларсан баримтаар иргэн *** “***”  ХХК-тай хамаарал бүхий байдал нь Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2, 3.1.3, 3.1.5-д тус тус зааснаас харагдаж байна. Иргэн *** нь “***” ХХК-ийн үүсгэн байгуулагч хувьцаа эзэмшигч ***, *** нарын төрсөн эцэг мөн бөгөөд үүнийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *** шүүх хурлын явцад хүлээн зөвшөөрсөн. Мөн “***” ХХК-ийн бэлтгэсэн нэвтрүүлгийн бичлэгт гардаг “***” ХХК-ийн нягтлан бодогч *** нь *** гийн эхнэр юм.

          6.в. Иргэний хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2 дахь хэсэгт зааснаас үзвэл хэн нэгэн этгээдийн нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан, худал мэдээ тараасан байх үйлдлийг заасан бөгөөд хэрэгт цугларсан баримт болон шүүх хуралдааны явцад хэлэлцэгдсэн нотлох баримтаар тус нэвтрүүлэг худал мэдээлэл дээр үндэслэгдээгүй болох нь тогтоогдож байна. Тиймээс нэхэмжлэгч өөрийн нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд гутаагдсан гэж үзэж байгаа бол үүнийгээ баримтаар нотлох үүрэгтэй юм. Гэтэл тус нэвтрүүлгээр нэхэмжлэгчийн нэр хүндэд халдсан, худал мэдээлэл тараасан гэх үндэслэл болон нэр төрийг гутаасан ямар нэгэн үйлдэл гаргаагүй, түүний нэр төрийг гутаан доромжилсон гэх баримт байхгүй тул нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байна.

          6.г. Нэр хүндэд халдсан, худал мэдээлэл тараасан гэх үндэслэл нь хэрэгт цугларсан нотлох баримтаар тогтоогдоогүй буюу нэр хүндэд нь халдаж хүмүүс ярьсан гэх үндэслэл хэрэгт цугларсан баримт болон шүүх хуралдааны явцад тогтоогдоогүй, ажил албан тушаалаа хэвийн эрхэлж байгаад тэтгэвэртээ гарсан гэдэг нь тогтоогдсон.

          Иймд Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.  

 

ХЯНАВАЛ:

 

  1. Давж заалдах шатны шүүх гомдолд дурдсан үндэслэлээр хэргийг хянан үзээд шийдвэрт найруулгын өөрчлөлт оруулав.

 

  1. Нэхэмжлэгч *** хариуцагч “***” ХХК, “***” ХМХ, “***” ХХК нарт холбогдуулан нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг сэргээж, уг мэдээг тараасан хэлбэр, хэрэгслээр няцаахыг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргасныг хариуцагч нар бүхэлд нь эс зөвшөөрч маргажээ.

 

  1. Анхан шатны шүүх нэхэмжлэгч *** гийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэнд хариуцагч “***” ХХК, “***” ХХК нар давж заалдах гомдол гаргаагүй тул *** телевизийн эфирээр 2018 оны 09 сарын 17-ны өдөр нэвтрүүлсэн “***” нэвтрүүлэг, *** телевизийн эфирээр 2018 оны 10 сарын 22-ны өдөр нэвтрүүлсэн “***” нэвтрүүлгийн талаар давж заалдах шатны шүүх хууль зүйн дүгнэлт өгөх шаардлагагүй гэж үзсэн болно.
  2. Шүүх нэхэмжлэгч талын хүсэлтээр “***” ХМХ-ийн эфирээр 2020 оны 09 сарын 07-ны өдөр нэвтрүүлсэн “***” нэвтрүүлгийн холбогдох хэсэгт үзлэг хийн бэхжүүлж, нотлох баримтын шаардлагыг хангуулсан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт нийцжээ. /1хх 64-65, 115-125/

 

  1. Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсэгт “Хэвлэл мэдээллийн хэрэгсэл нь өөрийн нийтэлж, нэвтрүүлж байгаа зүйлийнхээ төлөө хариуцлага хүлээнэ” гэж, Иргэний хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2 дахь хэсэгт “Иргэний нэр, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан мэдээ тараасан этгээд түүнийхээ үнэн зөвийг нотолж чадахгүй бол эрх нь зөрчигдсөн этгээдийн шаардлагаар уг мэдээг тараасан хэлбэр, хэрэгсэл...-ээр няцаах үүрэг хүлээнэ” хэмээн тус тус заажээ.

Өмнө дурдсан үзлэгийн тэмдэглэлээр “***” ХМХ-ийн эфирээр 2020 оны 09 сарын 07-ны өдөр нэвтрүүлсэн “***” нэвтрүүлгээр нэвтрүүлэгч “... Зарим тохиолдолд авлига, хээл хахуулийн шинжтэй үйлдлүүд ч гарах болсон гэдгийг нутгийн иргэд хэллээ. Тухайлбал, *** ы иргэн ***т гар урлалын бүтээгдэхүүн хийн жуулчдад худалдаалдаг байсан. Гэтэл мөн түүний газрын ихэнх хэсгийг аймгийн мэргэжлийн хяналтын газар ажилладаг *** гэх хүнд давхцуулж олгосон...” гэж нэвтрүүлсэн болох нь тогтоогдсон.

Нэвтрүүлэгчийн хэлсэн үгийн агуулга нь “...Аймгийн мэргэжлийн хяналтын газар ажилладаг *** гэх хүн авлига өгч иргэн *** ын газартай давхцуулж газар авсан...” гэсэн ойлголтыг үзэгчдэд өгөхөөр агуулгатай болсон байна.

Нэхэмжлэгч *** нь ***т газар эзэмшдэг, нэвтрүүлэг гарах үед мэргэжлийн хяналтын газар ажиллаж байсан, бусдад авлига өгч газар авсан гэх үйл баримт хэргийн баримтаар тогтоогдоогүй тул хариуцагч “***” ХМХ-ийг 2020 оны 09 сарын 07-ны өдөр нэвтрүүлсэн “***” нэвтрүүлэгт дурдсан мэдээллийнхээ үнэн зөвийг нотолж чадаагүй гэж үзнэ.

Иймд хариуцагч “***” ХМХ-ийн гаргасан “...тус нэвтрүүлгээр нэхэмжлэгчийн нэр хүндэд халдсан, худал мэдээлэл тараасан гэх үндэслэл болон нэр төрийг гутаасан ямар нэгэн үйлдэл гаргаагүй, түүний нэр төрийг гутаан доромжилсон гэх баримт байхгүй...” гэх давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй.

 

  1. Хариуцагч “***” ХМХ-ийн гаргасан “...Шүүх өөрийн санаачилгаар нэхэмжлэгч талд ашигтай нотлох баримтуудыг гаргуулахаар шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг илт зөрчсөн...” гэх давж заалдах гомдлыг мөн хүлээн авч, хангах үндэслэлгүй.

Учир нь, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.9 дэх хэсэгт зааснаар шүүх хуралдааны явцад шинээр нотлох баримт шаардагдвал шүүх хуралдааныг нэг удаа хойшлуулах шүүхийн бүрэн эрхэд хамаарч байна.

 

  1. Нэхэмжлэгч шаардлагаа “...*** миний нэр төрийг гутаасан шинжтэй худал мэдээ, мэдээллийг хэвлэл мэдээллийн хэрэгслээр олон нийтэд цацсан мэдээлэл худал болохыг тогтоолгох...” гэж томьёолсон боловч энэ нь бие даасан нэхэмжлэлийн шаардлага бус харин “...нэр төр, ажил хэргийн нэр хүндийг сэргээлгэх...” нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл байна.    

Мөн нэхэмжлэгч “...алдар хүндийг сэргээх...” шаардлага гаргасан байх боловч “алдар хүнд” гэсэн ойлголт нь олны танил хүнд хамааралтай ойлголт тул холбогдох шаардлагыг хангах үндэслэлгүй гэж үзлээ.   

 

  1. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын найруулгыг Иргэний хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2 дахь хэсгийн зохицуулалтад нийцүүлэн өөрчлөн найруулах нь зүйтэй.

 

  1. Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт найруулгын өөрчлөлт оруулж, хариуцагч “***” ХМХ-ийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

          Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

  1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 09 сарын 30-ны өдрийн 181/ШШ2022/02174 дугаар шийдвэрийн  

тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2, 497 дугаар зүйлийн 497.1, 511 дүгээр зүйлийн 511.1 дэх хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгч *** ийн нэр төр, ажил хэргийн нэр хүндийг сэргээж, уг мэдээг тараасан хэлбэр хэрэгслээр няцаалт хийхийг хариуцагч “***” ХХК, “***” ХМХ, “***” ХХК нарт даалгаж, алдар хүндийг сэргээлгэх шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай” гэж өөрчлөн найруулж,

шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, хариуцагч “***” ХМХ-ийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч “***” ХМХ-ээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2022 оны 11 сарын 21-ний өдөр урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.  

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

 

                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Д.ЦОГТСАЙХАН      

             

 

                                         ШҮҮГЧИД                                      С.ЭНХБАЯР

 

 

                                                                                                Д.НЯМБАЗАР