Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 10 сарын 30 өдөр

Дугаар 54

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч С.Байгальмаа даргалж, шүүгч Р.Батбаяр, Н.Ариунжаргал нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Оюун-Эрдэнэ, улсын яллагч П.Эрдэнэбаатар, иргэдийн төлөөлөгч Б.Ариун-Ундрах, шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Ганбадрах, шүүгдэгч А.Х нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

 Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.4 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт А.Х холбогдох эрүүгийн ........ дугаартай хэргийг 2018 оны 10 сарын 10-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, А.Х  

Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч А.Х нь 2018 оны 08 сарын 19-ний өдөр хохирогч Б.О далны доод хэсэгт 1 удаа хутгалж цээжний хөндий рүү нэвтэрч уушгийг гэмтээсэн, цээжний зүүн хөндийд хий, цус хуралдалт бүхий хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

                                                                         Т О Д О Р Х О Й Л О Х нь:

 

Шүүгдэгч А.Х нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.4 дэх хэсэгт зааснаар “Зэвсгийн чанартай зүйл хэрэглэж хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан” гэмт хэрэгт холбогджээ.

Нэг. Шүүгдэгч А.Х нь 2018 оны 08 сарын 19-ний өдөр хохирогч Б.О далны доод хэсэгт 1 удаа хутгалж цээжний хөндий рүү нэвтэрч уушгийг гэмтээсэн, цээжний зүүн хөндийд хий, цус хуралдалт бүхий хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан болон хавтаст хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар нотлогдоно. Үүнд:

1.1.Шүүгдэгч А.Х шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “2018 оны 08 сарын 19-ний өдөр ийм асуудал болсон нь үнэн. Хохирогч Б.О эмчилгээний зардалд 934000 төгрөг өгсөн, үлдэгдэл мөнгөө нэхэмжлэхгүй гэсэн. Би хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Надад хөнгөн ял оногдуулж өгнө үү” гэжээ.

1.2.Хохирогч Б.О 2018 оны 09 сарын 18-ны өдөр мөрдөн байцаалтад өгсөн: “Би 2018 оны 08 сарын 19-ний өдөр гэртээ эхнэр А хамтаар унтаж амраад байж байхад манай баз хүргэн болох эхнэрийн төрсөн дүү О  суусан А.Х  гэх залуу манай гэрт 2018 оны 08 сарын 19-ний үүрээр 05 цагийн үед ирсэн, А.Х  нь манайд ирээд надаас "Сумын төв рүү хүргээд өг, эсвэл мотоциклио өг” гэхээр нь "Би сумын төв рүү одоо хүргэж өгч чадахгүй ээ, өглөө хүргээд өгье, унтаад өглөө яв” гэж хэлсэн. Би тухайн үед өөрөө унтаж байсан болохоор А.Х ыг архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн эсэхийг би мэдээгүй. Тухайн үед харилцахад зүгээр л байсан. Ингээд бид өглөө 07 цагт сэрж босцгоосон. Өглөө сэрэхэд А.Х  нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн эсэх нь анзаарагдаагүй. Ингээд өглөө сэрээд би А.Х ыг ирснийг далимдуулж хүний авчирч өгч байсан 0.5 литрийн савалгаатай Ерөөл гэх нэртэй архи гаргаж А.Х тай хувааж уусан. Ингээд би архи уучихсан болохоор сумын төв рүү хүргэж чадахгүй, харин 2-лаа Б  гэрлүү очъё, тэндээсээ чи хүргүүлчих гэж хэлээд бид 2 Б  гэрлүү явсан. Б манайхаас урагш 1 км-ийн зайнд ойрхон бaйдаг юм. Ингээд бид 2 манай гэрээс гарч алхаад Б  гэрт очиход манай багийн xapьяат Э  болон Х  2 байсан. Ингээд Б асуухад адуундаа явчихсан гэж байсан. А.Х  бид 2-ыг очиход Э, Х  хонь төхөөрөөд эхэлж байсан. Ингээд Б  гэрт орчихоод Х тэй ганц 2 үг сольчихоод гарахад А.Х  "Намайг худлаа ярьж дагуулж ирлээ, сум руу хүргээд өгсөнгүй" гэх мэтээр надруу уурласан, тухайн үед нь "Сумын төврүү хүргэж өгөх албатай биш" гэж уурлаад бид 2 хоорондоо маргалдаж муудалцаж эхэлсэн. Ингээд миний уур хүрээд А.Х ыг газар унагаж ганц 2 удаа цохичхоод газар унасан хэвээр нь үлдээж хонь төхөөрч байсан Э  дээр очиж ганц 2 үг солих гэтэл А.Х  хойноос хүрээд ирсэн. Тэгэхээр нь би ахиад муудалцаж магадгүй гээд Б  гэрлүү орж гэрийнх нь баруун талаар газраар хэвтсэн. Намайг гэрт орж хэвтэхэд Б  эхнэр Х  нь зуухны урд хэсэгт хонины гэдэс арилгаад сууж байсан. Ингээд хэвтээд л жаахан зүйрмэглэх үед гаднаас А.Х  орж ирээд надруу ирж байгаа харагдахаар нь баруун талруугаа хажуу тийш эргэхэд ард халуун opгиод эхэлсэн. Тэгэхээр нь эргээд хартал цус байсан. Тэгсэн Х  битгий хөдлөөрэй гээд А.Х ыг гэрээс хөөж гаргачихаад эргэж ирээд миний шарханд боолт хийж өгсөн.Ингээд л удалгүй манай эхнэр болон Баянмөнх сумын эрүүл мэндийн төвөөс эмч Э  ирээд намайг сумын төвийн эмнэлэгт авчираад эрхлэгч их эмч Б  үзүүлэхэд намайг яаралтай Чингис хотруу явж үзүүлэх шаардлагатай гэсэн. Ингээд Чингис хотод очиж Нэгдсэн эмнэлэгийн гэмтлийн тасагт очиж үзүүлэхэд дотор эрхтэний гялтан хальс нь цоорсон байна, жаахан гүн орсон бол уушгиндаа нэвтрэх байсан байна гэж байсан. Ингээд Xэнтий аймгийн Чингис хотын нэгдсэн эмнэлэгийн гэмтлийн 1 дүгээр тасагт 5 хоног хэвтэж эмчлүүлж, гадуур эмчийн хяналтанд 4 хоног буюу Чингис хотод нийт 9 хоночихоод эргэж сумандаа ирээд 2 хоночхоод Улаанбаатар хотруу явж мөн Улсын клиникийн 1-р эмнэлэг болон бусад эмнэлэгүүдээр үзүүлж харуулж эмчилгээ хийлгэж нийт 9 хоносон. Ингээд 2018 оны 09 сарын 15-ны өдөр Хэнтий аймгийн Баянмөнх суманд ирсэн. Эмч намайг олон дахин машин тэргээр явж болохгүй гэсэн болохоор би гэрийн дэглэм барьж гэрээр эмчилгээ хийлгэсэн. Би А.Х ыг гаднаас орж ирэхдээ гартаа хутгатай байсныг хараагүй. А.Х  нь гайгүй л байх шиг байсан. Өмнө нь бид 2 хэрэлдэж маргалдаж байсан удаа байхгүй. Бид 2-ын хооронд ямар нэгэн өр авлага өш хонзонгийн зүйл байхгүй. Би Улаанбаатар хотын 1 дүгээр эмнэлэг болон Хэнтий аймгийн Чингис хотын нэгдсэн эмнэлэгт үзүүлж харуулж эмчилгээ хийлгэсэн. Хэнтий аймгийн нэгдсэн эмнэлэгийн мэс заслын тасагт хэвтэн эмчлүүлэхэд А.Х  миний ор хоногийн мөнгө болох 434.000 төгрөгийг өгсөн. Миний эмчилгээнд багцаагаар 1.300.000 төгрөг л болсон байх. Одоо надад А.Х т ямар нэгэн гомдол санал байхгүй, мөн нэхэмжлэх зүйл байхгүй. А.Х  бид 2 баз хүргэнүүд иймд миний зүгээс ямар нэгэн гомдол санал байхгүй тул хэргийг нь хялбаршуулсан журмаар шийдвэрлэж А.Х т хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү” гэх мэдүүлэг. /хх-ийн 5-6 хуу/

1.3. Гэрч Б.Т 2018 оны 08 сарын 19-ний өдөр мөрдөн байцаалтад өгсөн: “Өнөөдөр буюу 2018 оны 08 сарын 19-ны өдөр 12 цаг 40 минутын үед намайг ажлын өрөөндөө сууж байх үед Баянмөнх сумын эмэгтэйчүүдийн их эмч Э  миний утас руу залгаж "Эмнэлэг дээр ар нуруундаа буюу далан тус газраа хутгалуулсан шархтай хүн ирлээ" гэхээр нь би эмнэлэг дээр яваад очиход Баянмөнх сумын 3 дугаар багийн малчин Б.О  нь дээгүүрээ нүцгэн доогуураа хар хөх өнгийн биеийн тамирийн өмдтэй халамцуухан сууж байсан. Ингээд би юу болсон талаар асуухдаа гадна хэсэгт нь гэмтэл шарх хаана учирсан эсэхийг нь харахад Б.О ийн зүүн талын далан тус газар эмч шархыг нь цэвэрлээд боолт хийчихсэн байхаар нь боолтыг нь авч харахад өргөн 2 см орчим шарх үүссэн байсан. Эмч хэлэхдээ шархны гүн нь 3 см орчим байгаа тул нэвтэрсэн шарх байж магадгүй тул Хэнтий аймгийн Нэгдсэн эмнэлэг яаралтай авч явах шаардлагатай байна гэсэн. Би Б.О ээс юу болсон талаар асууж тодруулахад Б.О  нь "Хамт архи уусан баз хүргэн болох Баянмөнх сумын 3 дугаар багийн малчин А.Х  гэгчтэй маргалдахад Хүрэлбаатар нь надруу дайраад байхаар нь ганц 2 удаа цохичхсон чинь намайг хэвтэж байхад араас хутгаар хатгачихсан" гэж хэлсэн. Б.О ийн нүүр ам болон бусад ил харагдах хэсэгт ямар нэгэн гэмтэл шарх учраагүй байсан. Харин зүүн даланд нь л хутгалуулсан шарх учирсан байсан. Б.О ийг хөндлөнгөөс ажиглахад халамцуухан байсан. Хүний ярьж хэлж байгаа зүйлийг ойлгож байсан. Б.О  нь тухайн үед дээгүүрээ нүцгэн байсан гэсэн. Эмнэлэг дээр ирэхдээ хар хөх өнгийн биеийн тамирын өмдтэй ирсэн. Тэр өмдөнд ямар нэгэн цус болсон зүйл байгаагүй. Би цагдаагийн хэлтсийн 70567102 дугаарт мэдэгдэж, Б.О ийн далан тус газар хутгалсан гэх А.Х  гэгчийг авчирахаар явах гэж байсан боловч А.Х  нь өөрөө хүрээд ирсэн болохоор нь дахин гэмт хэрэг зөрчил үйлдэгдэхээс урьдчилан сэргийлж өрөөндөө ажлын хэсгийг иртэл хамт байсан. Би тухайн үед нь хэрэг учрал болсон гэх айлын эзэн лүү утсаар холбогдож цэвэрлэгээ хийхгүй байх талаар анхааруулахад намайг ярихаас өмнө гэр орноо цэвэрлэчихсэн гэж байсан. Ингээд би Бор-Өндөр сумын цагдаагийн хэлтсээс ирсэн ажлын хэсгийнхэнтэй хамт хэрэг үйлдэгдсэн газар очиход гэр орноо цэвэрлэчихсэн ямар нэгэн цус болсон зүйл байгаагүй. Мөн хутгалсан гэх хутгыг нь арчиж цэвэрлэчихсэн байсан. А.Х  нь мөн л халамцуу байсан. А.Х ын зүүн чих нь жаахан хавдсан байдалтай байсан.

Өөр ил харагдах гэмтэл шарх учраагүй байсан ...” гэх мэдүүлэг /хх-н 7-8 хуу/

1.4. Гэрч А.Х гийн 2018 оны 08 сарын 19-ний өдөр мөрдөн байцаалтад өгсөн “... А.Х бид 2 төрсөн ах дүү нар байгаа юм. 2018 оны 08 сарын 19-ний өглөө 09 цагийн үед гэртээ нөхөр Б  хүргэн ах Э  нарын хамтаар байж байхад манайхаас хойш 2 км хүрэхгүй зайнд нутаглаж байгаа Б.О  ах манай төрсөн ах А.Х ын хамтаар нилээн халамцуу байдалтай ирсэн юм. Тэр 2-ын ярианаас сонсоход Б.О  ахын гэрт архи уугаад ирсэн юм шиг байсан. Б.О  ах, А.Х  ах 2-ыг ирэх үед манай нөхөр адууныхаа хойноос явахаар гэрээс гараад явсан. Харин хүргэн ах Э  гадаа хонь төхөөрч байсан юм. Харин би төхөөрсөн хонины гэдсийг арилгаад сууж байсан юм. Тухайн үед Б.О  ах А.Х  ах 2 гэрт орж ирээд надтай ганц 2 үг сольчхоод гэрээс гарсан. Манай гэрээс гараад л тэр хоорондоо маргалдаад эхэлсэн, юунаас болж хоорондоо маргалдсан эсэхийг би мэдэхгүй, манай гэрт байхад лав маргалдаагүй. Би тухайн үед 2 согтуу хүмүүс хоорондоо хэрэлдэж маргалдаж байдаг болохоор айхтар тоогоогүй юм. Тэгсэн Б.О  ах А.Х ыг хэд хэдэн удаа нүүрэн тус газар нь цохиж газар унагаагаад толгой тус газар нь дэвсчхээд хонь төхөөрч байсан хүргэн Э  луу явж байх шиг байсан. Харин А.Х  ах хойноос очиход Б.О  ах зөрөөд манай гэрт орж ирээд гэрийн баруун хэсэгт газраар хэвтэхдээ "А.Х тай муудалцаад яахав ах нь хэвтэж байя” гээд дээшээ хараад хэвтсэн. Би ч тухайн үед “Тэг тэг" гэж хэлсэн. Ингээд би гэдсээ арилгаад сууж байхад гаднаас А.Х  ах гүйгээд ороод ирээд Б.О  ахын хэвтэж байсан газарлуу очих үед Оуюнбилэг ах өндийж босох гээд цааш харах үед нь А.Х  ахын ар нуруу руу нь цохих шиг л болохоор нь гарлуу нь хартал баруун гартаа хутга барьчихсан байхаар нь босож очоод гарнаас нь татаж хойш болгож гэрээс гаргачхаад эргэж орж ирээд харахад Б.О  ах босоод суучихсан зүүн талын далан тус газраас нь цус гоожоод тогтож байсан. Тэгэхээр нь би шархыг нь маарлаар боочхоод, газар туссан байсан цусыг нь цэвэрлэсэн. Ингээд би Э  ахыг дуудаад эмнэлэг рүү дуудлага өгсөн. Тэгээд эмнэлэг рүү дуудлага өгсөнийхөө дараа Б.О  ахын эхнэр Азжаргал, төрсөн дүү Ц  нарыг нь дуудсан. Мөн өөрийн эгч Н ийг дуудсан. Ингээд удаагүй байтал манай нөхөр Б  ирсэн. Ингээд сумаас Э  эмч Баянмөнх сумын Энх-Магнай ХХК-ны захирал Энэбиш ахтай машинтай ирсэн. Тэгээд Б.О  ахыг эмнэлэг рүү аваад явсан. Энэ үед А.Х  ах гэрийн гадаа байсан. Учир нь бид оруулаагүй юм. А.Х  Б.О  нар нь нэг айлын хүргэцүүл буюу базууд байгаа юм. Би А.Х  ахыг гэрт орж ирээд Б.О  ахыг ар нуруу хэсэгт нь цохих үед харахад А.Х  ах гартаа манай гэрийн хутга буюу Э  ахын гадаа хонь төхөөрөхөд ашиглаж байсан бор модон иштэй хутга байсан. Би анх гэрт орж ирэхэд нь бол анзаараагүй юм. Харин Б.О  ахыг цохисны дараа л харсан. А.Х  ахыг гэрээс гарахад цаанаас Э  ах ирээд аваад явсан байсан. Сүүлд сонсоход гарт нь барьсан байсан хутгыг нь аваад хонио үргэлжлүүлж төхөөрч янзалсан гэж байсан. Учир нь Э  ax гэрт юу болсон эсэхийг мэдээгүй байсан. Одоо тэр хутга нь мал хийсэн чигтээ л байгаа. Би Б.О  ахын шархыг нь маарлаар боож өгөхөд 2 см урттай зүсэгдсэн шарх байсан. Өөр учирсан гэмтэл шарх байгаагүй. А.Х  ахын зүүн чих нь жаахан хавдсан, чихний аль хэсгээс нь гарсан нь мэдэгдэхгүй цус гарсан байсан. Өөр ил харагдах гэмтэл шарх байгаагүй. А.Х  ах нилээн л согтуу байх шиг байсан, Б.О  ах бол халамцуухан байсан. Бусдын хэл яриа үйлдлийг ухамсарлан, өөрийн үйлдлийг хянах чадвартай байсан эсэхийг мэдэхгүй. Б.О  ах манай гэрт ирэхдээ дээгүүрээ цээж нүцгэн, доогуураа хар хөх өнгийн биеийн тамирийн өмдтэй байсан” гэх мэдүүлэг. /хх-н 9-10 хуу/

1.5. Гэрч М.Б  2018 оны 09 сарын 19-ний өдөр мөрдөн байцаалтад өгсөн:  “А.Х манай хүргэн ах байгаа юм. Би А.Х ын төрсөн дүү Х  гэгчийнх нь нөхөр нь юм. 2018 оны 08 дугаар сарын 19-ний өглөө 08 цаг болж байх үед адуундаа явсан юм. Намайг адуунд явах үед манай баз хүргэн Э  ирсэн. Намайг адуунд явахад манай эхнэр Х  болон баз хүргэн Э  нар хонь төхөөрнө гээд үлдсэн. Ингээд би адуугаа хайж олоод эргээд 10 цагийн үед гэртээ эргэж ирэхэд манай гэрт Б.О  ах, А.Х  ах 2 ирчихсэн, А.Х  ах Б.О ийн ар нуруу хэсэгт нь хутгаар хатгачихсан гэсээр байж байсан. Мөн Б.О  ахын эхнэр Азжаргал, төрсөн дүү Цогцолмаа, баз хүргэн Э ын эхнэр Н  нар ирчихсэн байсан. Тэгээд би юу болсон талаар асууж тодруулахад Б.О , А.Х  нар нь хоорондоо маргалдаж А.Х  нь Б.О ийг хутгаар ар нуруу хэсэгт нь буюу далан тус газар нь хутгалчихсан гэж байсан. Ингээд би Б.О  ахад учирсан гэмтлийг харах гэхэд маарлаар биеэ бүтэн ороож боосон байдалтай, хажууд нь манай эхнэр зогсож байсан. Ингээд л удалгүй эмч Э  ирээд Б.О ийг аваад явсан. Б.О ийг авч явсны дараа манай гэрт манай эхнэр Х , баз хүргэн Э  ах, Н  эгч, хүргэн ах А.Х  нь  үлдсэн. Намайг ороход манай эхнэр газар дуссан цусыг нь арчиж цэвэрлэчихсэн байсан. А.Х  Б.О  нар нь нэг айлын хүргэцүүл буюу базууд байгаа юм. Миний мэдэхээр энэ 2-ыг хоорондоо хэрэлдэж маргалдаж байсан эсэхийг мэдэхгүй Юунаас болж  нэгнийгээ хутгалах болсон эсэхийг мэдэхгүй байна. А.Х  ах Улаанбаатар хотод ажиллаж байгаад энэ хавар буюу 5 дугаар сард Баянмөнх суманд ирсэн юм. Би Б.О  ахын шархыг нь хараагүй. Учир нь маарлаар даруулж боосон байсан. Б.О  ахад өөр ил харагдах гэмтэл шарх учраагүй байсан. Намайг харахад гайгүй л байсан. Ил харагдах гэмтэл шарх байгаагүй. Намайг ирэхэд тэр 2 нилээн халамцуу байсан. А.Х , Б.О  ах 2 намайг адуунд явсан хойгуур ирсэн байсан. Б.О  ах, А.Х  ах 2 манайд ирэхдээ согтуу ирсэн гэж манай эхнэр Х  надад хэлсэн. Манай гэрт ирээд ямар нэгэн архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй. Б.О  ах намайг гэрт ирэхэд дээгүүрээ цээж нүцгэн, доогуураа хар хөх өнгийн биеийн тамирын өмдтэй байсан. Мөн А.Х  ах ч дээгүүрээ нүцгэн байсан. Б.О  ахыг А.Х  ах хутгаар дүрчихсэн гэж манай эхнэр Х  надад хэлсэн. Тэр хутга нь манай гэрийн хутга байгаа юм. Тухайн үед Э  ах хонь төхөөрөхдөө ашиглаж байсан гэсэн. Тэр хутга нь хүрэн модон иштэй хутга байгаа. Э  ах хонь төхөөрч байсан болохоор уг хутгыг А.Х ын гарнаас салгаж аваад хонины махаа эвдсэн гэсэн. Учир нь Э  ах гэрт юу болсоныг мэдээгүй сүүлд мэдсэн байсан”...гэх мэдүүлэг /хх-ийн 11-12/

1.6. Гэрч П.Э ын 2018 оны 08 сарын 19-ний өдөр мөрдөн байцаалтад өгсөн “...А.Х төрсөн эгч болох Н тэй гэр бүл. Би А.Х ын хүргэн ах нь байгаа юм. Би өнөөдөр баз хүргэн Б д ганц хонь төхөөрөх гэж өглөөний 08 цаг өнгөрч байх үед ирсэн юм. Намайг Б  гэрт ирэхэд Б  болон түүний эхнэр Х  нар байсан. Намайг очиход Б  адуугаа хайхаар явсан. Харин би Х гийн хамтаар үлдэж хоттой хониноос нь нэг хонь бариад төхөөрч байх үед манай эхнэрийн дүү болох А.Х  болон Б.О  ах 2 ирсэн. Б.О  ахынх Б хөөс хойшоо 2 км-ийн зайнд нутагладаг юм. Ингээд намайг гадаа хонь төхөөрч байхад гэрийн гадаа Б.О  А.Х  2 хоорондоо маргалдаж зодолдоод байх шиг байсан. Би энэ 2-ыг нэг айлын хүргэцүүл болохоор нь айхтар зодолдоод байхгүй байх гэж бодоод тоогоогүй юм. Ингээд Б.О  А.Х  ах 2 муудалцаж байгаад Б.О  ахыг над дээр ирэхээр нь би унтаж амар гээд Б  гэрлүү оруулсан. Б.О  ахыг Б  гэрлүү орох үед нь А.Х  над дээр ирсэн. Ингээд би төхөөрч байсан хониныхоо ууцыг өлгөхөөр аваад босоход А.Х  гэрлүү орохоор явж байсан. Би эргээд хонь төхөөрч байсан газраа ирэхэд гэрээс Х  намайг дуудаж А.Х  ах Б.О  ахыг хутгалчихлаа гэсээр гэрээсээ гаргаж ирэхээр нь яваад очтол А.Х  гартаа миний хонь төхөөрч байсан хүрэн өнгийн модон иштэй хутгийг баруун гартаа барьчихсан зогсож байхаар нь гараас нь хутгийг нь салгаж эргэж үлдсэн хониныхоо махыг эвдсэн. Би тухайн үед А.Х ыг тэр хутгаар Б.О ийг хутгалсан гэж бодоогүй. Ингээд би үлдсэн хонио эвдээд эргэж гэрт орж ирэх үед Б.О  ах гэрийн баруун талд суучихсан цээжин хэсгээрээ маарлаар боочихсон байсан. Тухайн үед Б  эхнэр Х  нь А.Х  ах Б.О  ахыг хутгалчихлаа гэсээр зогсож байсан. Ингээд бид Б.О ийн эхнэр болох Азжаргал, төрсөн дүү Ц  нарыг дуудсан. Мөн Х  нь манай эхнэр Н ийг дуудчихсан байсан. Ингээд удаагүй байтал манай сумын эмч Э  Энх-Магнай ХХК-ны захирал Энэбиштэй хамт ирээд Б.О  ахыг сумын төврүү аваад явсан. Би гэрээс зүүн урагш 15-20-оод метрийн зайнд хонь төхөөрч байсан юм. Би тухайн үед хонь төхөөрч байсан хутгаа хонины нэхийн дээр тавьсан байсан юм. Би хонины ууцыг өлгөхөөр босоод явах хойгуур А.Х  ирээд уг хутгийг аваад явчихсан байсан. Би А.Х ыг хутга авч явсан эсэхийг мэдээгүй. А.Х ыг ямар зорилгоор хутга авсан эсэхийг мэдэхгүй. Намайг гэрт ороход Б.О ийн сууж байсан газар ямар нэгэн цус болсон зүйл байгаагүй. Х  нь цусыг нь цэвэрлэчихсэн гэж байсан. А.Х  Б.О  нар нь нэг айлын хүргэчүүл буюу базууд байгаа юм. Тэр талаар надад мэдэх зүйл байхгүй. Би Б.О  ахын шархыг нь хараагүй. Учир нь маарлаар даруулж боосон байсан. Б.О д өөр ил харагдах гэмтэл шарх учраагүй байсан. Намайг харахад гайгүй л байсан. Ил харагдах гэмтэл шарх байгаагүй. Миний дүгнэлтээр тэр 2 хоёулаа л халамцуу байсан. Энэ асуудал нь хоромхон зуур болсон асуудал байсан. Б.О , А.Х  2 Б  гэрт ирэхдээ халамцуу ирсэн. Б  гэрт ирээд ямар нэгэн архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй. Оюунбилзг Б  гэрт ирэхдээ дээгүүрээ цээж нүцгэн, доогуураа хар хөх өнгийн биеийн тамирын өмдтэй байсан. Б.О ийг А.Х  хутгаар дүрчихсэн гэж манай эхнэрийн дүү Х  надад хэлсэн. Мөн Б.О  өөрөө А.Х  намайг хутгалсан гэж байсан. Тэр хутга нь Б  гэрт байсан хутга юм. Би хонь төхөөрөхдөө тэр хутгаар төхөөрч байсан юм. Тухайн үед би А.Х ыг Б.О ийг хутгалчихсан гэж бодоогүй. Гартаа хутгатай байхаар нь хутгыг нь булааж авсан. Тухайн үед хонь төхөөрч байсан болохоор хутганы үзүүрт цус байсан болохоор хүний цус уу? Хонины цус уу? гэдгийг би ялгаагүй. Учир нь би хонь төхөөрч байсан болохоор. Мөн би А.Х ыг Б.О ийг үнэхээр хутгалчихсан гэж бодоогүй. Тэр асуудал нь гэрт болсон байсан. Харин би гадаа байсан болохоор хараагүй. Тухайн үед Х  гэр дотор хонины гэдэс арилгаад сууж байсан. А.Х  Б.О ийг хуггалах үед хажууд нь Х  л байсан. Харин би гадаа байсан. Тэнд өөр хүн байгаагүй”...гэх мэдүүлэг. /хх-ийн 13-14 хуу/

1.8. Хэнтий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 09  сарын 19-ний өдрийн 66 дугаартай

  1. Н.Б.О ийн биед зүүн далны доод хэсгээр цээжний хөндий руу нэвтэрч

уушгийг гэмтээсэн хутгалагдсан шарх, цээжний зүүн хөндийд хий, цус хуралдалт бүхий гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь хурц ир үзүүртэй хүчин зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.

3. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.11-д зааснаар учрах үедээ амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.

  1. Цаашид дээрх гэмтэл нь энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд

нөлөөлөх эсэх нь эдгэрэлт, эмчилгээний үр дүнгээс хамаарна.гэх дүгнэлт /хх-н 40 хуу/

1.9. Шүүгдэгч А.Х 2018 оны 09 сарын 25-ны өдөр яллагдагчаар өгсөн: ”Би 2018 оны 08 сарын 18-ны өдөр  22 цагийн үед унтахынхаа өмнө гэртээ ганцаар 0.5 литрийн савалгаатай Ерөөл архи нэг шилийг уугаад дахин архи олж уухаар сумын төврүү явахаар болсон юм. Надад өөрийн гэсэн унаа тэрэг байхгүй болохоор би саахалт айлын хүн болох баз хүргэн Б.О мотоциклийг гуйж унахаар гэрт нь 04 цаг өнгөрч байх үед очиход Б.О  гэртээ эхнэр хүүхдийнхээ хамтаар амарч байсан. Ингээд би Б.О ээс мотоциклио өгчих, сумын төврүү ороод ирье гэж гуйхад "Та архи хэрэглэсэн байна, маргааш өглөө болье жаахан унтаад амарчих" гэхээр нь би Б.О ийн гэрт унтсан. Ингээд би өглөө 07 цаг өнгөрч байх үед сэрэхэд Б.О  авдарнаасаа 0.5 литрийн савалгаатай Ерөөл архи нэг шилийг гаргаж ирсэн. Ингээд бид 2 уг архийг хувааж уусан. Ингээд архи дуусах үед нь Б.О ээс сумын төврүү хүргэж өгөхийг хүсэхэд Б.О  архи хэрэглэсэн учир хүргэж өгөх боломжгүй, та Б хэний хэн нэгнээр хүргүүлчих гэсэн. Ингээд бид 2 Б.О ийн гэрээс холгүй урдхан 1 км хүрэхгүй зайнд нутагладаг Б  гэрт очсон. Б  гэрт очиход Э  ах болон манай төрсөн дүү Х  нар хонь төхөөрөх гээд байж байсан. Би тухайн үед өмнөх өдөр нь болон өглөө нь архи уусан байсан болохоор нилээн согтсон байсан. Нэг мэдсэн Б.О тэй маргалдсан байсан. Тэгсэн Б.О  намайг ахархаж миний нүүрэн тус газар 2-3 удаа цохиж газар унагаасан. Ингээд намайг газар унагачихаад гэрийн зүүн урд талд хонь төхөөрч байсан Э  ахруу очихоор нь би цохиулсандаа уурлаж хойноос нь очиход Б.О  Б  гэрлүү орсон. Намайг очих үед Э  хонины ууцыг дэлгэхээр махаа аваад босоход нь би дэргэд нь байсан хутгыг авч Б.О ийн хойноос Б  гэрлүү орсон. Намайг хутга авахыг Э  хараагүй. Ингээд Б  гэрт ороход манай төрсөн дүү Х  зуухны зүүн урд талд хонины гэдэс арилгаад сууж байсан. Харин Б.О  гэрийн баруун хэсэгт газраар хэвтэж байсан. Тэгэхээр нь би айлгах гээд гартаа барьж байсан хутгаараа чичилэхэд Б.О  цааш эргээд хутганд өртчихсөн. Тэгсэн Б.О ийн далан тус газар хутгаар хатгачихсан байсан. Би тухайн үед хутгалъя гэж бодоогүй, цохиулсан болохоор Б.О ийг айлгах гэж л хутга барьсан. Энэ үед манай дүү Х  босож ирээд намайг гэрээс гаргасан. Ингээд би буруу зүйл хийсэнээ ойлгож дахин Б  гэрлүү ороогүй. Тухайн үед ийм л асуудал болсон. Б.О  бид 2 юунаас маргалдаж эхэлснийг мэдэхгүй нэг мэдэхэд л хоорондоо маргалдчихсан Б.О  ахархаад зогсож байсан. Тухайн үед Б.О т цохиулсанаар миний шанаа жаахан хавдсан. Тэрнээс өөр гэмтэл шарх учраагүй. Өмнө нь бид 2 хоорондоо хэрэлдэж маргалдаж муудалцаж байсан удаа байхгүй. Бид 2-ын хооронд ямар нэгэн өр авлага өш хонзон байхгүй. Өмнө нь бид 2 хамт архи ууж байсан удаа олон байдаг, гэхдээ ганц ч муудалцаж үзээгүй.Энэ удаа яагаад муудалцах болсоноо мэдэхгүй байна. Тухайн үед манай төрсөн дүү Х  болон Э , Б.О  бид 4 л байсан. Б.О  бид нэг айлын хүрэгчүүл буюу базууд байгаа юм. Би өөрийн хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Миний үйлдлээс болж Б.О т хүнд хохирол учирсан. Би өөрийн гэм бурууг ойлгож Б.О т өөрийн чадлаараа эмчилгээнд нь мөнгө төгрөг өгч байгаа. Цаашид ч эмчилгээнд нь мөнгө төгрөг өгнө. Иймд шүүх прокурорын байгууллагынхан та бүгд миний хийсэн үйлдэлд хөнгөн шийтгэл ногдуулж өгнө үү гэж хүсмээр байна. Би өөрийн хийсэн хэрэгтээ чин сэтгэлээсээ гэмшиж байна” гэх мэдүүлэг. /хх-ийн 52-53 хуу/

            1.10.Хохирогч Б.О 2018 оны 10 сарын 29-ний өдөр өгсөн: “Миний бие Б.О  нь эмчилгээний зардалд 1300000 төгрөг зарцуулсан бөгөөд А.Х нь миний эмчилгээний зардлаас 934000 төгрөг өгсөн болно. Үлдэгдэл мөнгө болох 366000  төгрөгийг А.А.Х аас нэхэмжлэхгүй юм. Би А.А.Х т ямар нэгэн гомдол санал байхгүй болно. Миний бие одоо

бүрэн эдгэрсэн. Би шүүх хуралдаанд оролцохгүй болно” гэх тайлбар.

            1.11.Эд мөрийн баримтыг түр хураан авсан тухай тэмдэглэл /хх-н 45 хуу/, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-н 57 хуу/, хохирогчид 934000 төгрөг шилжүүлсэн орлогын мэдүүлгийн баримт /хх-ийн 70/, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай прокурорын тогтоол /хх-н 71 хуу/ зэрэг нотлох баримтуудыг шүүх хуралдаанаар шинжлэн судлав.

Хоёр: Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь

энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзлээ.

Шүүхээс шүүгдэгч А.А.Х ыг гэм буруутайд тооцсон үндэслэлийн талаар:

          Хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудаас дүгнэхэд шүүгдэгч А.Х нь зэвсэг буюу хутга хэрэглэн 2018 оны 08 сарын 19-ний орой Хэнтий аймгийн Баянмөнх сумын 3-р баг Тэрэгт гэх газарт  хохирогч Б.О далны доод хэсэгт 1 удаа хутгалж цээжний хөндий рүү нэвтэрч уушгийг гэмтээсэн, цээжний зүүн хөндийд хий, цус хуралдалт бүхий хүнд гэмтэл санаатай учруулсан үйл баримт болсон байна.

           Хохирогч Б.О “...бид 2 Б  гэрлүү явсан, би ахиад муудалцаж магадгүй гээд Б  гэрлүү орж гэрийнх нь баруун талаар газраар хэвтсэн. Ингээд хэвтээд л жаахан зүйрмэглэх үед гаднаас А.Х  орж ирээд надруу ирж байгаа харагдахаар нь баруун талруугаа хажуу тийш эргэхэд ард халуун opгиод эхэлсэн. Тэгэхээр нь эргээд хартал цус байсан. Тэгсэн Х  битгий хөдлөөрэй гээд А.Х ыг гэрээс хөөж гаргачихаад эргэж ирээд миний шарханд боолт хийж өгсөн” гэх мэдүүлэг.

          Гэрч А.Х гийн “...гаднаас А.Х  ах гүйгээд ороод ирээд Б.О  ахын хэвтэж байсан газарлуу очих үед Оуюнбилэг ах өндийж босох гээд цааш харах үед нь А.Х  ах ар нуруу руу нь цохих шиг л болохоор нь гарлуу нь хартал баруун гартаа хутга барьчихсан байхаар нь босож очоод гарнаас нь татаж хойш болгож гэрээс гаргачихаад эргэж орж ирээд харахад Б.О  ах босоод суучихсан зүүн талын далан тус газраас нь цус гоожоод тогтож байсан. Тэгэхээр нь би шархыг нь маарлаар боочихоод, газар туссан байсан цусыг нь цэвэрлэсэн” гэх мэдүүлэг.

          Гэрч П.Э ын “... Ингээд намайг гадаа хонь төхөөрч байхад гэрийн гадаа Б.О  А.Х  2 хоорондоо маргалдаж зодолдоод байх шиг байсан. Х  намайг дуудаж А.Х  ах Б.О  ахыг хутгалчхлаа гэсээр гэрээсээ гаргаж ирэхээр нь яваад очтол А.Х  гартаа миний хонь төхөөрч байсан хүрэн өнгийн модон иштэй хутгыг баруун гартаа барьчихсан байхаар нь булааж авсан. Б.О  ах гэрийн баруун талд суучихсан цээжин хэсгээрээ маарлаар боочихсон байсан” гэх мэдүүлэг зэргээс дүгнэхэд хохирогч Б.О ийн биед хүнд гэмтэл учруулсан шалтгаан шүүгдэгч А.Х гэм буруутай үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой байна.

          Шүүгдэгч А.Х нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2018 оны 08 сарын 19-ний өдөр Хэнтий аймгийн Баянмөнх сумын 3-р багийн нутагт хувийн таарамжгүй харьцааны улмаас хохирогч Б.О далны доод хэсэгт 1 удаа хутгалж хүнд гэмтэл санаатай учруулсан болох нь хэрэгт авагдсан хохирогчийн болон гэрчүүдийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт,  шүүгдэгчийн гэм буруугаа хүлээсэн мэдүүлэг, бусад нотлох баримтуудаар хангалттай нотлогдож байх тул түүнийг “Зэвсэг хэрэглэн хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.

          Дээрх гэмт хэрэг үйлдэгдэх шалтгаан нөхцөл нь архи, согтууруулах ундааг хэтрүүлэн хэрэглэх, шүүгдэгч, хохирогч нарын таарамжгүй харьцаанаас үүдэлтэй болохыг дурдах нь зүйтэй.

            Шүүхээс шүүгдэгч А.Х т хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:

           Шүүхээс шүүгдэгч А.Х ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.4-т заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Шүүгдэгч А.Х т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй, харин учруулсан хохирлоо нөхөн төлсөн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болж байна.  

          Шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс шүүгдэгч А.Х нь хохиролд нийт 934000 төгрөг төлсөн, гэм буруугаа ойлгон гэмшиж, үйлдсэн хэрэгтээ дүгнэлт хийж байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.4-т зааснаар оногдуулах ялыг хөнгөрүүлж өгнө үү гэх хүсэлтийг хүлээн авах нь зүйтэй гэж үзлээ.

          Учир нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.4-т гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн тохиолдолд оногдуулах ялыг хөнгөрүүлж болохоор заасан тул түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.4-т заасныг журамлан хорих ял оногдуулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

          Шүүгдэгч А.Х гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан үзэж түүнд оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.

          Хохирол төлбөрийн талаар:

          Мөрдөн байцаалтын болон прокурорын шатанд хохирогч Б.О  нь шүүгдэгч А.А.Х т гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэж мэдүүлсэн энэ талаарх хүсэлтийг өгсөн тул түүнийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хүрэн иштэй 27.5 см урттай, ажлын хэсэг нь 15 см урттай 1 ширхэг хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгах нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн хуулийн 36.2 дугаар  зүйлийн 4, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлүүдийг тус тус                                     удирдлага болгон Т О Г Т О О Х нь:

 

  1. Шүүгдэгч А.Х ыг зэвсэг хэрэглэн хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Боржигон овогт А.Х ыг 3 /гурван/ жил 5 /таван/ сар хорих ялаар шийтгэсүгэй.
  3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар А.Х т оногдуулсан 3 /гурван/ жил 5 /таван/ сар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
  4. Шүүгдэгч А.Х нь бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчийн бичиг баримт шилжиж ирээгүй болохыг дурдсугай.         

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйлийн 8.5

дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хүрэн иштэй

27.5 см урттай, ажлын хэсэг нь 15 см урттай 1 ширхэг хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.

          6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйлийн 8.7 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Х т хувийн баталгаа авсан таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорьсугай.   

  1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн

4, 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд хэргийн оролцогч шийтгэх тогтоолыг гардаж авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

  1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоолыг биелүүлэх хүртэл А.Х т авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.  

 

 

 

               ДАРГАЛАГЧ                         С.БАЙГАЛЬМАА

               ШҮҮГЧИД                              Р.БАТБАЯР

                                                                  Н.АРИУНЖАРГАЛ