Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 10 сарын 30 өдөр

Дугаар 55

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Р.Батбаяр даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Туяа, улсын яллагч П.Эрдэнэбаатар, хохирогч Э.Ш, шүүгдэгч Г.Т нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

            Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г.Т холбогдох эрүүгийн 1840000750047  дугаартай хэргийг 2018 оны 10 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, эрэгтэй, халх, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, Г.Т

Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд дурдсанаар/

Г.Т нь 35 дугаар байрны хамгийн хойд талын 6 дугаар орцны өмнөх сандал доороос 2018 оны 06 дугаар сарын 29-өөс 30-нд шилжих шөнө хохирогч Э.Ш ий өмчлөл, эзэмшилд байгаа HUAWEI-P8 маркийн гар утсыг завшсаны улмаас бусдад 700.000 төгрөгийн буюу бага хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Т О Д О Р Х О Й Л О Х нь:

Шүүгдэгч Г.Т шүүхийн хэлэлцүүлэгт “мэдүүлэг өгөхгүй” гэв.

Хохирогч Э.Ш  шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “Би 2018 оны 06 сарын 30-ны өдөр үйлдвэрийн цалин буусан. Тэр үед би шагнуулаад явж байсан. Тэр үед орцонд ороход миний гар утас карманд байсан. Манай найз түүнийг харсан. Маргааш өглөө үүрээр 4 цаг өнгөрч байхад тэр орцноос гарахдаа гар утасаа үзэхэд байхгүй байсан. Маргааш нь утсаа хайж явж байгаад орой нь Г.Т  бэлтгэлийн хүүхэдтэй таарахад тэр хүүхэд таны утсыг Г.Т  тэнд бариад явж байсан гэсэн. Тэгээд Г.Т  рүү очоод утсаа явъя гэсэн чинь утасныхаа баталгааг аваад ир гэхээр нь би маргааш уулзъя гэж хэлсэн. Маргааш нь баталгаагаа харуулах гээд утсаар нь залгасан чинь утас нь холбогдохгүй болсон байсан. Ингээд 2-3 хоногийн дараа соёлын төвийн үүдэнд Г.Т тэй таарсан чинь намайг 200.000 төгрөг өгөөд аваарай гэсэн. Цагдаагаас надад утсыг нь өгөөрэй гэж Г.Т д хэлсэн боловч Г.Т  надад өгөөгүй 10 гаруй хоносон. Үүний дараа Г.Т тэй 2-3 удаа тараад утсаа авъя гэхээр миний юм чиний утсан дээр байгаа, устгаагүй байгаа гэдэг. Сүүлд нь би Улаанбаатар явах гээд утсаа авъя ямар удаан хэрэглэдэг юм бэ гэсэн чинь намайг явж байхгүй юу ээжид чинь өгнө гэж хэлсэн. Цагдаа дээр очоод утсаа авах гэтэл утасны дэлгэц нь хагархай, нугаларсан байсан. Би утсаа барихгүй байгаа ч гэсэн лизингийн төлбөрөө 3 сар хийсэн. Гомдолтой байна” гэв.

Шүүгдэгч Г.Т  мөрдөн байцаалтад яллагдагчаар өгсөн  “Би 2018 оны 06 дугаар сарын 29-ний орой Бор-Өндөр сумын 2 дугаар баг 46 дугаар байрны гадаа найзуудтайгаа хамт сууж байгаад гэр лүүгээ харьсан. 46 дугаар байрны гадаа очихоосоо өмнө бага зэрэг архи уучихсан байсан. Тэгээд архиа гаргах гэж гайгүй болох гэж дэмий сууж байгаад шөнө 2018 оны 06 дугаар сарын 30-ны 02 цагийн үед гэр лүүгээ ганцаараа харьсан. Надтай хамт байсан найз нар маань гэр гэр лүүгээ явцгаасан. Би Бор-Өндөр сумын 1 дүгээр баг 35 дугаар байрны хамгийн хойд талын орц буюу гэрийнхээ орцны гадаа ирээд сандал дээр суугаад ганцаараа тамхилсан. Би  тамхиа татаж байхдаа өөрийнхөө сууж байсан сандал доор нэг гар утас байхыг нь харсан. Тэгээд ойр хавьд  хүн байхгүй,  хэнийх гэдэг нь  мэдэгдэхгүй болохоор нь аваад  гэр лүүгээ орсон. Тэгээд гэртээ ороод  унтаж амарсан. Тухайн үед манай гэрт ээж, ах  дүү нар байсан,  гэхдээ намайг утас олж гэртээ орсныг нь мэдээгүй, тэд  нар унтаж байсан. Тэгээд  маргааш өдөр нь олсон гар утасныхаа симийг нь гаргаж хаяад өөртөө байсан нэг юнителийн дугаар хийсэн. Youtube-ээс бичлэг үзэж байгаад  уг гар утсыг форматласан. Тэгээд тэр утсыг өөрөө ашиглаад барьсан. Би олсон гар утсаа өөрөө барьж ашиглах гээд форматласан. Мөн утсанд байсан сим картыг гаргаад хаячихсан.  ... Тухайн үед би тэр сандал дээр сууж байгаад тамхи татаж байхдаа асаагуурын гэрэл доош нь тусгасан чинь харагдсан. Миний олсон гар утас цэнэггүй байсан”  гэх мэдүүлэг. /хх-ийн 29-30-р хуу/

Хохирогч Э.Ш ий хэрэг бүртгэлтэд өгсөн “... Тэр үед  цаг шөнийн 02 цаг болж байсан санагдаж байна. Тэгээд би  сэрээд тухайн орцноос гарах гэж байхдаа гар утсаа өөрийн өмсөж байсан жинсэн шоортны халаасандаа үзсэн чинь байхгүй болчихсон байхаар гайхаад хайсан боловч олдохгүй байсан. ... Тэгээд тэр өдөр гэртээ очоод байж байгаад орой 20 цагийн үед гэрээсээ найзуудтайгаа хамт сагс тоглох санаатай 48 дугаар байр луу найзуудтайгаа хамт явж байсан чинь дүүгийн найз болох  Ө, Ц, З  нартай замдаа тааралдаад З  надаас гар утсаа алдчихсан юм уу гэж асуухаар нь би HUAWEI гэдэг шаргал өнгөтэй гар утас гэсэн чинь З  35 дугаар байранд байдаг Г.Т  ахад  таны хэлээд байгаа шиг гар утас байсан ба тэр гар утсаа олсон гэж байсан. Тэгээд  би Г.Т г олж уулзаад чи гар утас олсон гэж байна, хармаар байна гэсэн чинь  Г.Т  халааснаасаа гаргаж ирээд харуулсан чинь миний гар утас мөн байсан, тэгээд би энэ гар утас чинь  миний гар утас байна гээд  үзсэн чинь миний гар утсыг форматлаад хурууны хээ таньдаг программ болон дотор нь байсан бүх зүйлийг устгаад  өөрчилсөн байсан, тэгээд би гар  утсаа авмаар байна гэсэн чинь  чиний гэх ямар баталгаа байгаа юм бэ гэхээр нь би худалдаж авсан бичиг  баримт байгаа гээд тэр өдөртөө авч чадалгүй би явсан. Тэгээд би хэд хоногийн дараа Г.Т тэй уулзаад шагналыг нь өгөөд гар утсаа авмаар байна гэсэн чинь чи хэдийг өгөх юм бэ гэсэн чинь 30.000 орчим төгрөг өгөөд авчихмаар байна гэсэн чинь доод тал нь 200.000 төгрөг өгөөд ав гээд өгөхгүй байгаад байхаар нь би цагдаагийн байгууллагад хандаж байгаа юм” гэх мэдүүлэг /хх-ийн 09-12 хуу/

 Гэрч М.Г хэрэг бүртгэлтэд өгсөн “... 38 дугаар байрны гадаа найз Ш  тааралдсан. Тухайн үед Ш  ажлынхаа ах нартай уусан гэсээр халамцуухан тааралдсан. Тухайн үед Ш  гэрлүүгээ харихаасаа өмнө архиа жаахан гаргачихмаар байна, хоёулаа орцонд жаахан сууж юм ярьж байгаад  явъя гэсэн. Тэгэхээр нь би зөвшөөрөөд Бор-Өндөр сумын 35 дугаар байрны  хамгийн хойд талын орцруу орсон. Ингээд орцонд  сууж байгаад би найз охин А рүү ярихаар  болж Ш ээс утсыг нь гуйгаад  залгах гэтэл Ш ий утас нь унтарчихсан цэнэг нь дуусчихсан байсан. Ингээд би найз охинтой уулзахаар болзсон байсан тул энэ талаараа Ш д хэлээд явахаар болсон. Тэгсэн Ш  би жаахан сууж байгаад харина, чи явж бай гэж хэлээд үлдсэн ... Ингээд маргааш өглөө нь Ш  манай гэрт ирээд  “Найзынхаа утсыг харсан уу” гэхээр нь би мэдэхгүй гэж хэлсэн ” гэх мэдүүлэг. /хх-н 34-р хуу/

Гэрч Р.Н хэрэг бүртгэлтэд өгсөн “... 2018 оны 06 дугаар сарын 30-ны өглөө гэртээ ирсэн ба би гар утсаа алга болгочихлоо гээд ороод ирэхээр нь юу болсон талаар асуусан чинь  би ажлынхантайгаа архи уусан юм, тэгээд би хэт их согтсон  байсан болохоор  архиа гаргах санаатай 35 дугаар байрны орцонд  сууж байгаад  унтчихсан байна, тэгээд  босоод ирсэн чинь миний гар утас байхгүй болсон байсан,  ба хайж үзээгүй, тэгээд архи гараагүй байсан болохоор би манай дүү Б гэрт ороод унтсан гэж хариулсан ...Тэгээд  хэсэг хугацаа өнгөрч байсан чинь манай хүү өөрөө надад миний гар утсыг Г.Т  гэх хүүхэд  бариад явж байна гэж хэлэхээр нь цагдаад өргөдөл бичээд өг гэсэн чинь  цагдаад хандаагүй байсан ...200.000 төгрөг өгөөд ав гээд миний гар утсыг өгөхгүй байна гэж байсан. Тэгээд би 2018 оны 07 дугаар сарын 12-ны өдөр Г.Т  гэх хүүхдийн гэрт очиж  ээжтэй нь уулзаж гар утсаа авах талаараа хэлсэн чинь Г.Т  нь ээждээ олсон гэж хэлсэн байсан” гэх мэдүүлэг. /хх-н 13-14-р хуу/ зэрэг нотлох баримтуудыг шүүх хуралдаанаар шинжлэн судлав.

Шүүхээс шүүгдэгч Г.Т г гэм буруутайд тооцсон үндэслэлийн талаар:

          Шүүгдэгч Г.Т нь 2018 оны 06 дугаар сарын 29-өөс 30-нд шилжих шөнө Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын 1 дүгээр баг 35 дугаар байрны гаднаас хохирогч Э.Ш ий өмчлөлд байсан HUAWEI-P8  маркийн гээгдэл гар утсыг олж завшсаны улмаас бусдад 700.000 төгрөгийн буюу бага бус хэмжээнээс дээш хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь

          Хохирогч Э.Ш Г.Т-г олж уулзаад чи гар утас олсон гэж байна, хармаар байна гэсэн чинь  Г.Т  халааснаасаа гаргаж ирээд харуулсан чинь миний гар утас мөн байсан, тэгээд би энэ гар утас чинь  миний гар утас байна гээд үзсэн чинь миний гар утасыг форматлаад хурууны хээ таньдаг программ болон дотор нь байсан бүх зүйлийг утсгаад  өөрчилсөн байсан, тэгээд би гар  утсаа авмаар байна гэсэн чинь  чиний гэх ямар баталгаа байгаа юм бэ гэхээр нь би худалдаж авсан бичиг  баримт байгаа гээд тэр өдөртөө авч чадалгүй би явсан. Тэгээд би хэд хоногийн дараа Г.Т тэй уулзаад шагналыг нь өгөөд гар утсаа авмаар байна гэсэн чинь чи хэдийг өгөх юм бэ гэсэн чинь 30.000 орчим төгрөг өгөөд авчихмаар байна гэсэн чинь доод тал нь 200.000 төгрөг өгөөд ав гээд өгөхгүй байгаад байхаар нь би цагдаагийн байгууллагад хандаж байгаа юм” гэх мэдүүлэг

          Гэрч Р.Н “...Тэгээд би 2018 оны 07 дугаар сарын 12-ны өдөр Г.Т  гэх хүүхдийн гэрт очиж  ээжтэй нь уулзаж гар утсаа авах талаараа хэлсэн чинь Г.Т  нь ээждээ олсон гэж хэлсэн байсан” гэх мэдүүлэг, шүүгдэгчийн гэм буруугаа хүлээсэн мэдүүлэг зэрэг зэрэг нотлох баримтаар хангалттай нотлогдож байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөлд байгааг мэдсээр байж завшсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна гэж үзлээ.

         

            Шүүхээс шүүгдэгч Г.Т д хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:

           Шүүгдэгч Г.Т д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо. Харин эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

          Улсын яллагчийн зүгээс шүүгдэгчийг 500 нэгж буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал тавьсныг хүлээн авах боломжгүй гэж үзлээ. Учир нь шүүгдэгч нь ажил, хөдөлмөр эрхэлдэггүй, өөрийн гэсэн орлогогүй болох нь түүний биеийн байцаалтаар тогтоогдож байна. Эрүүгийн хариуцлагын зорилго гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, түүнийг нийгэмшүүлэхэд чиглэх зорилготой байдаг тул шүүгдэгчид торгох ял оногдуулах нь дээрх зорилгод нийцэхгүй юм. Иймээс гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан түүнд нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.

          Хохирол төлбөрийн талаар:

          Хохирогч Э.Ш  нь шүүхийн хэлэлцүүлэгт “Г.Т  нь миний гар утсыг эвдсэн, мөн утсаа барилгүй 3 сар лизингийн мөнгө төлсөн тул эдгээр мөнгөө нэхэмжилж байна” гэж мэдүүлж байх боловч хэрэгт энэ талаарх баримт байхгүй тул дээрх нэхэмжлэлийг эрүүгийн хэргийн хамт шийдвэрлэх боломжгүй байна. Иймд хохирогч нь энэ талаарх нотлох баримтаа бүрдүүлсний эцэст иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэлээ.

          Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой гарсан зардалгүй болохыг тогтоолд дурдаж, тогтоол хүчин төгөлдөр болтол Г.Т д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэсэн болно.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн хуулийн                              36.2 дугаар зүйлийн 4, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлүүдийг

тус тус удирдлага болгон Т О Г Т О О Х нь:

 

  1. Шүүгдэгч Г.Т г гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөлд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр шүүгдэгч Г.Т г 250 /хоёр зуун тавин/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Т д оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт 4 цагаас дээшгүй байхаар тооцсугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Т нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил  хийлгэх ялын 8 /найм/ цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.

5. Шүүгдэгч Г.Т  иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө болон эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

6. Хохирогч Э.Ш  нь өөрт учирсан хохирлын талаарх нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

          7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд хэргийн оролцогч шийтгэх тогтоолыг гардаж авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

              8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоолыг биелүүлэх хүртэл Г.Т д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.   

 

ДАРГАЛАГЧ                           Р.БАТБАЯР