Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 08 сарын 05 өдөр

Дугаар 210/МА2022/01449

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

*** ХХК, *** нарын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Д.Бямбасүрэн, шүүгч Д.Нямбазар нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 сарын 25-ны өдрийн 182/ШШ2022/01206 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч *** ХХК, *** нарын нэхэмжлэлтэй, хариуцагч *** ХК, *** нарт холбогдох, *** тоот орон сууцыг буцаан шилжүүлэхийг *** ХК-д даалгах, тус орон сууцнаас иргэн ***г албадан гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Д.Нямбазар илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч ***, нэхэмжлэгч нарын өмгөөлөгч ***, хариуцагч "***" ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ***, түүний өмгөөлөгч ***, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Номин-Эрдэнэ нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.   Нэхэмжлэлийн агуулга: *** ХХК нь *** ХК-тай 2020 оны 08 сарын 06-ны өдөр Захиалгаар орон сууц бариулах гэрээ байгуулж, гэрээгээр гүйцэтгэгч *** ХХК нь нийт 37 орон сууцыг захиалгаар барьж, хүлээлгэн өгөх, захиалагч тал болох *** ХК нь гэрээнд заасан хуваарьт төлбөрийг төлөх үүргийг тус тус хүлээсэн. Гэтэл *** ХК гэрээний үүргээ зөрчиж орон сууцны үнийг тогтсон хугацаанд бүрэн төлөөгүй тул *** ХХК-ийн зүгээс 2021 оны 06 сарын 02-ны өдрийн *** тоот албан бичгээр шаардлага хүргүүлсэн боловч үр дүн гараагүй. Ингээд 2021 оны 06 сарын 14-ний өдрийн *** тоот гэрээг цуцлах тухай мэдэгдэл хүргүүлж, *** ХК-тай байгуулсан гэрээнээс татгалзаж, гэрээг дуусгавар болгосон. Гэрээнээс татгалзсантай холбоотойгоор Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт заасны дагуу орон сууцыг буцаан шилжүүлэх эрх зүйн үр дагавар үүсэж, шилжүүлэн өгсөн орон сууцнуудыг чөлөөлж өгөхийг 2021 оны 06 сарын 17-ны өдрийн *** тоот албан бичгээр шаардсан ч шилжүүлж өгөөгүй. Одоо *** тоот орон сууцанд иргэн *** оршин сууж байгаа бөгөөд нэхэмжлэгч нарын зүгээс хариуцагч иргэнтэй тус орон сууцыг хууль ёсны дагуу худалдах, худалдан авах гэрээ байгуулаагүй, тухайн иргэнээс ямар нэгэн төлбөр, мөнгө хүлээн авч байгаагүй. Нэхэмжлэгч нарын зүгээс иргэн ***д *** ХК-тай байгуулсан гэрээг цуцалсан талаар мэдэгдэж, байр чөлөөлж өгөх шаардлага тавьсан ч ямар нэгэн арга хэмжээ авахгүйгээр орон сууцыг хууль бусаар эзэмшсээр байгаа юм. Дээрх орон сууцыг *** ХХК-ийн хувьцаа эзэмшигч *** нь улсын бүртгэлийн *** тоот гэрчилгээний дагуу хууль ёсоор өмчилдөг тул нэгдмэл ашиг сонирхлын улмаас хамтран нэхэмжлэл гаргаж байгаа болно. Иймд Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1, 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт заасны дагуу *** тоот орон сууцыг буцаан шилжүүлэхийг *** ХК-д даалгаж, иргэн ***г тус орон сууцнаас албадан гаргуулж, нэхэмжлэгч нарыг хохиролгүй болгож өгнө үү.

 

2.   Хариуцагч *** ХК-ийн хариу тайлбарын агуулга: Манай компани 2020 оны 08 сарын 06-ны өдөр Захиалгаар орон сууц бариулах гэрээ байгуулж, 30 орон сууцыг хүлээн авч, хэрэгжүүлж байгаа төсөлд хамрагдаж буй багш нарт олгохоор шийдвэрлэсэн. Гэрээний хавсралтад хаалганы тоот болон м.кв, үнэ зэргийг заасан. Тухайн гэрээнд нийт үнийн дүн болох 2,307,742,500 төгрөгийн 80 хувийг төлмөгц орон сууцнуудын үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг гаргаж өгөхөөр зохицуулсан. Гэтэл одоогийн байдлаар 95 хувь буюу 2,174,322,750 төгрөгийн төлөлт хийгдээд байхад 30 байрнаас 9 байрны гэрчилгээг гаргаж өгөөд үлдсэн 21 байрны гэрчилгээг гаргаж өгөөгүй байгаа. Мөн гэрээнд НӨАТ орсон үнэ гэж тохирсон боловч өнөөдрийг хүртэл ямар нэгэн НӨАТ манай байгууллага руу шивээгүй болно. Гэрээ цуцлах тухай гэсэн 2021 оны 06 сарын 14-ний өдрийн *** дугаартай албан тоотоор гэрээг дүгнээд нэмж гэрчилгээнүүдийг шилжүүлэн өгөхөөр дурдсан атлаа гэрээгээ дүгнээгүй, харин ч 2021 оны 06 сарын 21-ний өдрөөс эхлэн 315,000,000 төгрөгийг нийт төлбөрт нэмж авсан болно. Тухайн албан тоотыг ирүүлэх үед нийт 1,872,322,750 төгрөгийг төлсөн байсан бөгөөд энэ нь нийт төлбөрийн 81 хувьтай тэнцэж байсан. Гэрээгээр хүлээсэн үүргээ өнөөдрийг хүртэл биелүүлээгүй байж манай компанийг гэрээ зөрчсөн мэтээр нэхэмжлэл гаргаж буй нь учир дутагдалтай байна. Манай компани 2020 оны 08 сарын 06-ны өдрийн Захиалгаар орон сууц бариулах гэрээ-гээр хүлээсэн үүргээ зөрчөөгүй тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

 

3.   Хариуцагч ***гийн хариу тайлбарын агуулга: Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт Өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй гэж заасан. Хариуцагч ***гийн хувьд тухайн байрны хууль бус эзэмшигч биш бөгөөд тухайн байрыг *** ХК болон *** ХХК-ийн хооронд байгуулагдсан гэрээний үндсэн дээр шилжүүлж авсан. *** нь *** ХК-тай тусдаа гэрээ байгуулан тухайн байранд орсон. Бодит байдалд хариуцагч ***гийн байгуулсан гэрээ нь хууль зөрчсөн зүйл байхгүй, хууль бусаар тухайн орон сууцыг эзэмшээгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

 

4.   Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч *** ХК-д холбогдох гэрээнээс татгалзсантай холбоотойгоор *** тоот орон сууцыг буцаан шилжүүлэхийг *** ХК-д даалгах тухай *** ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч ***д холбогдох *** тоот орон сууцнаас ***г албадан гаргах тухай ***гийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч *** ХХК, *** нарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 623,600 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн.

 

5.   Нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдлын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч дараах үндэслэлээр давж заалдах гомдол гаргаж байна.

5.а. Маргаан бүхий объектыг хариуцагч *** ХК хүлээн аваагүй гэж маргаагүй буюу 30 обьектыг хүлээн авсан талаараа шүүх хуралдааны мэтгэлцээний үед хэлсэн, үл хөдлөх хөрөнгийг цааш ***д шилжүүлэн өгсөн үйл баримт талуудын тайлбараар тогтоогдож байхад шүүх талуудын маргаагүй асуудалд дүгнэлт хийсэн нь хууль зүйн үндэслэлгүй. Талууд 2020 оны 08 сарын 06-ны өдрийн Захиалгаар орон сууц бариулах гэрээ-ний үүрэг зөрчигдсөн эсэх, энэ нь Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт заасан өгсөн, авснаа харилцан буцаах үр дагаврыг үүсгэх эсэх асуудалд маргаж мэтгэлцсэн. Гэтэл анхан шатны шүүх маргааны гол зүйлд хууль зүйн дүгнэлт өгөхгүйгээр маргааны зүйлээс гадуур тэс хөндлөн асуудлаар дүгнэлт хийсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх зарчимд нийцэхгүй байна.

5.б. Хариуцагч *** нь 203 тоотод оршин суудаггүй буюу өөр хэн нэгэн амьдардаг гэж маргаагүй, өөрөө оршин суудаг учраас л хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцоод явж байгаа нь илт ойлгомжтой. *** ХК-аас хүлээлгэн өгсөн байрны түлхүүрийг ***гийн өмнөөс хэн ч хүлээн авсан байх боломжтой байхад шүүх байрны түлхүүрийг *** хүлээн авсан нь орон сууцыг хэн эзэмшиж, амьдарч буй нь тодорхойгүй нөхцөл байдал гэж хийсвэр байдлаар дүгнэсэн нь үндэслэлгүй. Хариуцагч ***гийн хувьд нэхэмжлэлийн шаардлагад ямар нэгэн хариу тайлбар ирүүлээгүй ба түүний өмгөөлөгч шүүх хуралдаанд *** нь хууль бусаар орон сууцыг эзэмшээгүй, *** ХК-тай байгуулсан орон сууцжуулах хамтын ажиллагааны гэрээний үндсэнд тухайн орон сууцыг эзэмшсэн гэх тайлбар гарган мэтгэлцсэн. Өөрөөр хэлбэл, орон сууцанд *** байдаг, байдаггүй гэж маргаагүй буюу гагцхүү энэ эзэмшил нь хууль ёсны эсэх асуудалд тайлбар гаргасан байдаг. Шүүх шийдвэрээ зөвтгөхийн тулд хэргийн оролцогчийн тайлбарыг илт худал нэмж бичин, өөрийн шийдвэрт нийцүүлсэн нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил мөн.

5.в. Шүүхийн шийдвэрт ...203 тоот хоёр өрөө орон сууцны эрхийн улсын бүртгэлийн *** дугаарт бүртгэгдсэн орон сууцны өмчлөгч *** болох нь үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээгээр тогтоогдсон зэрэг байдлаар үзэхэд уг боломжгүй байна" гэж утга, агуулгын алдаатай, ойлгомжгүй дүгнэлтийг хийжээ. 203 тоот орон сууцны хууль ёсны өмчлөгч *** болох нь тогтоогдож байгаа нөхцөл байдал нь юуг боломжгүй гэж үзэх үндэслэл болж байгаа нь туйлын тодорхойгүй байна. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт зааснаар хууль ёсны өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй. Хуулийн энэ зохицуулалтын дагуу нэхэмжлэгч *** нь 203 тоотын хууль ёсны өмчлөгч гэдэг нь хэрэгт авагдсан, улсын бүртгэлийн *** тоот гэрчилгээгээр тогтоогдсон, бодитоор орон сууцанд *** оршин суудаг, ингэхдээ хууль ёсны өмчлөгчтэй бус *** ХК-тай байгуулсан гэрээний үндсэнд эзэмших эрхийг олж авсан зэрэг нөхцөл байдал үүссэн байдаг. Нэхэмжлэгч *** ХХК хариуцагч *** ХК-тай байгуулсан 2020 оны 08 сарын 06-ны өдрийн Захиалгаар орон сууц бариулах гэрээ-г цуцалснаар ***гийн эзэмшил хууль бус болох үр дагаврыг үүсгэсэн байхад шүүх Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх заалтыг хэргийн үйл баримтад нийцүүлэн дүгнэлт өгөхгүйгээр, дээрх байдлаар хийсвэр дүгнэлт хийсэнд гомдолтой байна.

5.г. Анхан шатны шүүх талуудын хооронд байгуулагдсан 2020 оны 08 сарын 06-ны өдрийн Захиалгаар орон сууц бариулах гэрээ-г Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан Худалдах, худалдан авах гэрээ гэж дүгнэсэн. Талуудын хооронд Захиалгаар орон сууц бариулах гэрээ байгуулагдаж, уг гэрээний дагуу *** ХХК 55 айлын 12 давхар орон сууцны барилгыг барьж засан сайжруулалт хийн хүлээлгэж өгөх, *** ХК нь гэрээгээр тохирсон үнэ хөлсийг төлөхөөр тохирсон. Энэ нь Иргэний хуулийн 343 дугаар зүйлд заасан Ажил гүйцэтгэх гэрээний шинжийг агуулж байгаа бөгөөд нэхэмжлэгч *** ХХК-ийн зүгээс мөн хуулийн 355 дугаар зүйлийн 355.1 дэх хэсэгт заасан гэрээний аль нэг тал үүргээ ноцтой зөрчсөн бол энэ хуулийн 225, 226 дугаар зүйлүүдэд заасан үндэслэл, журмын дагуу гэрээг цуцалж, учирсан хохирлоо нөхөн төлүүлэхээр шаардах эрхтэй гэж заасны дагуу гэрээг цуцалсан байдаг. Гэрээ цуцлах харилцаанд Иргэний хуулийн 225 дугаар зүйлд заасан гэрээнээс татгалзах хуулийн зохицуулалт нэгэн адил үйлчлэхээр заасан тул 203 тоот орон сууцны эзэмшлийг буцаан шилжүүлэхтэй холбоотой гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхийг хариуцагч *** ХК-д даалгахаар нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлээ тодорхойлсон болно. Гэтэл шүүх талуудын хооронд үүссэн гэрээний эрх зүйн харилцааг буруу тодорхойлж, хууль хэрэглээний алдаа гаргасан.

Иймд дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү.

 

6.   Давж заалдах гомдолд гаргасан хариуцагч *** ХК-ийн хариу тайлбарын агуулга: Анх 30 айлын орон сууц худалдаж авахаар 2,307,742,500 төгрөгийн гэрээ байгуулсан. Тухайн гэрээтэй холбоотойгоор төлбөр төлөх хугацааны дагуу 12 сард төлбөрөө бүрэн төлж дуусгаагүй. *** ХК-аас гаргаж өгсөн тооцооллын хувьд урьдчилгаа 80,000,000 төгрөг, тухайн 8 сард 460,000,000 төгрөгийг төлсөн. Уг хугацаанаас хойш тодорхой хугацаанд төлбөр төлөлтийг хийсэн. Нэхэмжлэгчийн зүгээс нэхэмжлэлийн шаардлага гаргахдаа гэрээнээс татгалзсантай холбоотойгоор 38 айлын орон сууцны үнийн дүнд 3,000,000,000 гаруй төгрөгийг нэхэмжилсэн. Тухайн 38 айлын орон сууцны хавсралтаар байгуулсан гэрээг хэзээ байгуулсан нь тодорхойгүй. Тооцооллын хувьд харахад 2021 оны 04 сард гэрээний төлбөр төлөлтийг 1,849,000,322 төгрөг буюу төлбөрийн 80 хувьд хүргэсэн. Нэхэмжлэгчийн гаргаж өгсөн 38 айлын орон сууцны хавсралттай гэрээний үнийн дүн 3,180,000,000 төгрөгөөс 1,871,322,000 төгрөг гэх тооцооллыг харахад 2021 оны 06 сард байгуулагдсан нь тогтоогдсон. Уг гэрээг шинэчлэн байгуулсантай холбоотойгоор нэмэлт 8 айлын орон сууцны төлбөр төлөлтийг гэрээний шинэчлэлтээр байгуулж, гэрээ байгуулах хугацаандаа нэмэлт өөрчлөлтийг оруулж өгөөгүй. 2020 оны 12 сард дуусахаар тохиролцсон бөгөөд уг төлбөрийг хэзээ төлөх, мөн тухайн орон сууцыг шилжүүлж өгөх талаар тодорхой баримт байхгүй. Төлбөр төлөх гэрээний дагуу төлбөрөө хугацаанд нь төлж барагдуулаагүй боловч нэхэмжлэгч тал гэрээг ноцтой зөрчсөний улмаас гэрээнээс татгалзсан гэж хэлсэн. Хариуцагчийн зүгээс үүргийг зөрчсөн боловч 2021 оны 10 сар хүртэлх төлөлтийг хийсэн. 2021 оны 06 сард албан шаардлага хүргүүлсэн нь гэрээ байгуулагдсаны дараа 38 айлын орон сууцаар нэхэмжлэлийн дүнг гаргасан тул тооцооллын хувьд алдаатай байна. Гэрээ цуцлах , мөн хугацаатай шаардлага хүргүүлэх тухай мэдэгдэлд гүйцэтгэх захирал *** бичгээр хариу тайлбар хүргүүлээгүй боловч *** ХХК-ийн захиралтай уулзаж тохиролцсон. 2021 оны 10 сар хүртэл тодорхой төлөлтийг хийсэн нь төлбөр төлөлтийг хүлээж авч байгаа тул гэрээг цуцлаагүй гэж үзсэн. 2021 оны 04 сард төлбөр төлөлт 80 хувьд хүрсэн байхад тухайн 6 сараас өмнө танай компани төлбөр төлөлт хийгдэхгүй байна гэх мэдэгдэл, шаардлагыг хүргэж өгөөгүй. Иймд анхан шатны шүүх гэрээг цуцалсан эсэхэд дүгнэлт өгөхгүй хэргийг хэрэгсэхгүй болгосон. Хариуцагчийн зүгээс гэрээ хүчин төгөлдөр гэж үзсэн тул нэхэмжлэгч талын шаардах эрх үндэслэлгүй. Иймд анхан шатны шүүхээс хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзэхэд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1-д заасан үндэслэл тогтоогдсон тул шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр тухайн шүүхэд буцаав.

 

2. Нэхэмжлэгч *** ХХК нь хариуцагч *** ХК-д холбогдуулан *** тоот орон сууцыг буцаан шилжүүлэхийг даалгах шаардлагыг, нэхэмжлэгч *** нь хариуцагч ***д холбогдуулан дээрх орон сууцыг албадан чөлөөлүүлэх шаардлагыг тус тус гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч маргажээ.

 

3. Нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлага нь нэг обьекттой буюу *** тоот орон сууцтай холбоотой байхаас гадна нэг нэхэмжлэгч нь гэрээний нөгөө талд холбогдуулан орон сууцыг буцаан шилжүүлэхийг даалгах, нөгөө нэхэмжлэгч нь гэрээний оролцогч биш этгээдэд холбогдуулан түүнийг орон сууцнаас албадан гаргуулах агуулгатай шаардлагыг тус тус гаргажээ.

Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч *** ХХК нь гэрээний үүргийн зөрчилтэй холбоотойгоор гэрээг цуцалж, түүний үр дагаврыг арилгуулах агуулгатай шаардлагыг хариуцагч *** ХК-д холбогдуулан гаргасан бол нэхэмжлэгч *** нь хууль ёсны өмчлөгч болохынхоо хувьд бусдын хууль бус эзэмшлээс эд хөрөнгөө шаардсан агуулгатай шаардлагыг хариуцагч ***д холбогдуулан тус тус гаргасан байна.

 

Энэ тохиолдолд шүүхийн зүгээс дээрх нэхэмжлэлийн шаардлагууд хоорондоо шууд хамааралтай эсэх, нэгэн зэрэг шийдвэрлэгдэх боломжтой эсэх талаар тодруулж, үүнтэй холбоотойгоор хэргийг тусгаарлах эсэх талаар дүгнэлт хийх шаардлагатай байжээ.

 

4. Хэргийн 13-17-р талд авагдсан *** ХК, *** ХХК-иудын хооронд байгуулагдсан 2020 оны 08 сарын 06-ны өдрийн Захиалгаар орон сууц бариулах гэрээ-нд 37 ширхэг орон сууцыг захиалгаар барихтай холбоотой харилцааг, харин хэргийн 207-209-р талд авагдсан *** ХК, *** ХХК-иудын хооронд байгуулагдсан гэх тодорхой огноогүй Захиалгаар орон сууц бариулах гэрээ-нд 30 ширхэг орон сууцыг захиалгаар барихтай холбоотой харилцааг тус тус зохицуулсан байх ба эдгээр гэрээний зүйл нь 30 ширхэг орон сууцны хувьд давхцаж байна. /тоот, үнэ г.м/

Энэ тохиолдолд шүүхийн зүгээс гэрээний зүйл нь 30, 37 ширхэг орон сууц байхад, эдгээр гэрээг цуцлах үндэслэлтэй эсэх талаар талууд маргаж байхад чухам 1 ширхэг орон сууц буюу *** тоотын талаар шаардлага гаргаж байгаа учир шалтгааныг тодруулж, үнэлэлт дүгнэлт хийх шаардлагатай.

Өөрөөр хэлбэл, цуцалсан нь үндэслэлтэй эсэх талаар дүгнэлт хийх Захиалгаар орон сууц бариулах гэрээ-нд 30, 37 ширхэг орон сууцны асуудал зохицуулагдсан тул шүүх маргааныг нэг мөр шийдвэрлэх нь хууль зүйн хувьд оновчтой.

 

5. Нэхэмжлэгч тал давж заалдах шатны шүүх хуралдаанд Захиалгаар орон сууц бариулах гэрээ-нд дурдагдсан бусад орон сууцны асуудал өөр өөр шүүхүүдэд шийдвэрлэгдэж байгаа гэх агуулга бүхий тайлбарыг өгсөн.

Энэ тохиолдолд анхан шатны шүүхийн зүгээс уг нөхцөл байдлыг тодруулж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.6, 65.1.7-д заасан хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэл байгаа эсэхэд дүгнэлт өгөх шаардлагатай.

 

6. *** ХХК, *** ХК-иудын хооронд байгуулагдсан гэрээний дагуу *** ХК-ийн *** ХХК-д төлсөн мөнгөн дүн, тэр нь гэрэний үүргийн зөрчлийн хэсэгт хамаарах эсэх, үүнд *** тоот орон сууц хамаарч байгаа эсэхийг тодруулах шаардлагатай.

Мөн ***гийн ***д холбогдуулан гаргасан шаардлага нь гэрээний үүргийн зөрчилтэй холбогдуулан үндэслэж байгаа юу, эсхүл улсын бүртгэлд өмчлөгчөөр бүртгэгдсэнтэй холбогдуулан үндэслэж байгаа юу гэдгийг тодруулах шаардлагатай.

Эдгээр нөхцөл байдлуудыг тодруулсны үндсэн дээр талуудын маргаж буй асуудалд үндэслэл бүхий дүгнэлт хийх, улмаар холбогдох хуулийг зөв тайлбарлан хэрэглэх боломжгүй болно.

 

7. Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр тухайн шүүхэд буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

Анхан шатны шүүх шийдвэрийнхээ удиртгал, тогтоох хэсэгт маргааны зүйл болох орон сууцны хаягийг үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээнд тусгагдсанаас зөрүүтэй бичсэн, *** тоотыг *** тоот гэж алдаатай бичсэн зэрэг техникийн шинжтэй алдаа гаргасныг дурдах нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1-д зааснаар Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 сарын 25-ны өдрийн 182/ШШ2022/01206 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр тухайн шүүхэд буцаасугай.

 

2.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч талаас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2022 оны 06 сарын 07-ны өдөр урьдчилан төлсөн 624,000 төгрөгийг шүүгчийн захирамжаар нэхэмжлэгч *** ХХК-д буцаан олгосугай.

 

3.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг тайлбарласугай.

 

4.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

 

ШҮҮГЧИД Д.БЯМБАСҮРЭН

 

 

Д.НЯМБАЗАР