| Шүүх | Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Цэнджавын Байгалмаа |
| Хэргийн индекс | 159/2016/0027/З |
| Дугаар | 159/ШШ2017/0007 |
| Огноо | 2017-02-06 |
| Маргааны төрөл | Төрийн алба, |
Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 02 сарын 06 өдөр
Дугаар 159/ШШ2017/0007
Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Байгалмаа даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: ******* нэхэмжлэлтэй
Хариуцагч: Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газрын даргад холбогдох
“Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газрын даргын 2003 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 146 дугаар тушаалыг хүчингүй болгуулах”-ыг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгч: *******
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Ундрам нар оролцов.
Тодорхойлох нь:
Нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа: Миний бие анх 1990 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 57 тоот тушаалаар Сэлэнгэ аймгийн Нийгмийг аюулаас хамгаалах газар цагдан сэргийлэх хэлтэст сэргийлэгчээр орж ажиллаад 2003 оны 12 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл Сэлэнгэ цагдаагийн газрын нийгмийн хэв журмын тасагт цагдаагаар ажиллаж байгаад эрүүл мэндийн шалтгааны улмаас албанаас чөлөөлөгдсөн юм. Тухайн үеийн боловсон хүчин болон нарийн бичиг нь эрүүл мэндийн шалтгааны улмаас гэхийн оронд өөрийн хүсэлт гэсэн алдаатай тушаал бичсэнээс болж би хувь тэнцүүлсэн цэргийн тэтгэвэрт орох боломжгүй болоод байна. Нийгмийн даатгал болохоор өөрийн хүсэлт гэсэн тушаалаар цэргийн байгууллагын хүнийг тэтгэвэрт оруулахгүй гээд байгаа учир би ажлаас гарсанаас хойш эмнэлэгт үзүүлсэн группт орсон бусад бичиг баримтыг хавсарган оруулав. Би Сэлэнгэ цагдаагийн газарт 13 жил 08 сар, Хилийн цэргийн 0184 дүгээр ангид 2 жил цэргийн алба хааж нийт 15 жил 08 сар эх орон ард түмэндээ өргөсөн тангарагтаа үнэнчээр зүтгэж ажилласан юм. Энэ хугацаанд 1991 онд Цагдаагийн газар аймгийн Сагсан бөмбөгийн аварга баг болоход холбогчоор, 1996 онд Иргэний хамгаалалтын онц сурлагатан тэмдэгээр, 1999 онд байгууллагынхаа хагас жилийн ажлын аварга, 2000 онд Цагдаагийн газрын хөдөлмөрийн аваргаар тус тус шагнагдаж байсан. Шүүхэд өргөдөл өгсөний хариуд Цагдаагийн байгууллага, дээд байгууллагадаа нэхэмжлэл гарга гэсний дагуу Цагдаагийн ерөнхий газарт хандахад ар гэрийн гачигдал гэсэн өргөдөл байна, албанаас чөлөөлж өгнө үү гэсэн өргөдөл өгсөн шийдэж өгөөгүй байтал сарын дараа ар гэрт ах маань аваарт орсон байсан үед сахих шаардлагатай болоод ахыгаа сахингаа өөрийгөө давхар эмчилгээ хийлгэе гэж бодоод дахин өргөдөл өгсөн, өргөдлөөр тэр өдөрт нь тушаал гаргасан байна. Би группт ороход анх өөрийн хүсэлт гэсэн тушаалыг харсан юм. Тэгэхэд би 45 нас хүрээгүй хөөцөлдөх болоогүй байсан юм. 2002 оны Намар байгууллагынхаа нэрийн өмнөөс тэмцээнд орж байгаад зүүн хөлөө нарийн шилбээр нь хугалаад шагай мөн мултарсан 60 хоног гэртээ чөлөөнд байсан.
Тэрнээс хойш миний хөл өвдөөд байдаг болсон. Эмчид үзүүлэхээр тайрна гэдэг байсан, би тайруулаагүй, ардын эмнэлгээр явж арай гайгүй болгосон одоо ч хаяа тэнгэр муухай болохоор хөлийн шагай, шилбээр янгинаж өвддөг юмаа. Мөн тэр үеэс л эргүүлд явж байхад доороос их даарч хөрч байснаас болоод бөөр ходоод өвддөг болсон. 2008 онд ходоодны шархаар группт орж эмчилгээ хийлгэж байсан. Би одоо бөөрний жижгэрэлт гээд эмч нарын хяналтанд байдаг юм. Иймд Сэлэнгэ аймгийн Засаг даргын тамгын газрын дэргэдэх цагдаагийн газрын 2003 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 146 дугаар тушаалыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч миний бие шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг ханган шийдвэрлэж өгнө үү гэв.
Хариуцагч Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч И.Эрдэнэбилэг шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Тус аймгийн Сүхбаатар сум 4 дүгээр баг 2 дугаар хэсэг 09 тоотод оршин суух ******* *******ын гаргасан Сэлэнгэ аймаг дахь Цагдаагийн газарт холбогдох нэхэмжлэлд дараах тайлбарыг гаргаж байна.
Үүнд: Иргэн ******* ******* нь Сэлэнгэ аймаг дахь Нийгмийг аюулаас хамгаалах газрын даргын 1990 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 57 дугаар тушаалаар тухайн үеийн Цагдан сэргийлэх хэлтэст сэргийлэгчээр томилогдон ажиллаж байгаад Сэлэнгэ аймгийн Засаг даргын дэргэдэх Цагдаагийн газрын даргын 2003 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 146 дугаар тушаалаар өөрийн хүсэлтээр цагдаагийн албанаас чөлөөгдсөн байна. Иргэн ******* ******* нь 2003 оны 12 дугаар сарын 15-ны өдөр миний ах хүнд өвчний улмаас хэвтэрт байгаа тул түүний асрах шаардлагатай байна гэсэн хүсэлт гаргаж албанаас чөлөөлөгдөж байжээ.
Тухайн үед ******* ямар шалтгааны улмаас ажлаас чөлөөлөгдсөн талаар өөр баримт материал байхгүй байгаа болно гэжээ.
Үндэслэх нь:
Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газрын даргын 2003 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 146 дугаар тушаалаар хэв журмын тасгийн цагдаа, цагдаагийн ахлах ахлагч ******* *******ыг өөрийн хүсэлт, цагдаагийн газрын даргын зөвлөлийн 2003 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 29 дүгээр хурлын шийдвэрийг үндэслэн хөдөлмөрийн гэрээг цуцлан цагдаагийн ахлах ахлагч цолыг хураан цагдаагийн албанаас чөлөөлсөн байна.
Нэхэмжлэгч ******* нь Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газрын даргын 2003 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 146 дугаар тушаалыг хүчингүй болгуулахыг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргажээ.
Шүүх нэхэмжлэгч, хариуцагчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдсан бичмэл нотлох баримт, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудад үнэлэлт өгч, дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.
Нэхэмжлэгч *******ыг ажлаас чөлөөлсөн Сэлэнгэ аймгийн Засаг даргын дэргэдэх Цагдаагийн газрын даргын 2003 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн тушаал буюу маргаан бүхий захиргааны актын хууль зүйн үндэслэлийг судлахад
-“Өөрийн хүсэлт болон, Цагдаагийн газрын даргын зөвлөлийн 2003 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 29 дүгээр хурлын шийдвэрийг үндэслэн” гэж тушаал гаргасан байх бөгөөд Цагдаагийн Ерөнхий газрын Төв архивын газраас ирүүлсэн архивын лавлагаа, түүнд хавсарган ирүүлсэн баримтаас үзэхэд[1] даргын зөвлөлийн хурлаар ******* хүсэлтийн талаархи асуудлыг хэлэлцсэн эсэх нь тодорхойгүй, дурдагдаагүй байтал уг даргын зөвлөлийн шийдвэрийг үндэслэн тушаал гаргасан нь үндэслэлгүй байна гэж дүгнэлээ.
Мөн Боорой овогтой ******* нь 2003 оны 12 дугаар сард эрүүл мэндийн шалтгааны улмаас ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ гаргасан гэх өөрийнх нь тайлбар болон тухайн үйл явдлын талаар мэдэх хамт ажиллаж байсан Д.Ганбаатар, Х.Одончимэг, С.Баяржаргал, Ц.Сандуйжав нар нь гэрчлэн мэдүүлж байгааг шүүх үнэн зөв үнэлэх нь зүйтэй гэж үзэж байна.
Түүнчлэн энэ талаар хариуцагч маргахгүй байгаа бөгөөд, үзлэгээр тухайн үед ирсэн явсан бичиг, өргөдөл гомдол хэрхэн шийдвэрлэгдсэн талаархи бүртгэл хөтлөгддөггүй, даргын цохолтоор шийдвэрлэгддэг байсан гэж тайлбарладаг.
1994 оны 06 дугаар сарын 13-ны өдөр батлагдсан “Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.2 дахь хэсэгт “...Энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан хугацааг хангаагүй боловч 10-аас доошгүй жил цэргийн алба хаасан цэргийн алба хаагч дор дурдсан шалтгаанаар халагдсан бол цэргийн алба хаах насны хязгаарт хүрээд цэргийн алба хаасны тэтгэврийг хувь тэнцүүлэн тогтоолгож авах эрхтэй:
1/орон тоо, зохион байгуулалтын өөрчлөлтөөр;
2/биеийн эрүүл мэндээр;
3/цэргийн алба хаах нас хэтэрч” гэсэн үндэслэлүүдийг тодорхойлж өгсөн ба ******* хувьд цагдаагийн байгууллагад 13 жил 08 сар ажилласан, мөн эрүүл мэндийн шалтгааны улмаас чөлөөлөгдөх хүсэлтээ гаргасан учир дээрхи хуулийн зохицуулалтаар тэтгэвэрт гарах нөхцөл нь бүрдсэн хэдий ч уг маргаан бүхийн захиргааны актын дагуу тэтгэвэр тогтоолгох боломжгүй болж өөрийн зөрчигдсөн эрхээ сэргээлгэхээр шүүхэд хандсан байна.
Шүүх нэхэмжлэгчийн хуулиар хамгаалагдсан эрх, ашиг сонирхол хөндөгдсөн буюу зөрчигдсөн гэж үзэн, мөн маргаан бүхий захиргааны акт нь үндэслэлгүй болох нь хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдож байх тул нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг ханган шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Уг маргаан бүхий захиргааны акт болох Сэлэнгэ аймгийн Засаг даргын дэргэдэх Цагдаагийн газрын даргын 2003 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн тушаалд нэхэмжлэгч *******ыг “өөрийн хүсэлтээр” бус “эрүүл мэндийн байдлын улмаас” хэмээн тушаалын үндэслэлийг тодорхойлох нь зүйтэй гэдгийг тэмдэглэж байна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.1, 103.3.12 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангаж, хариуцагч Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газрын даргын 2003 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 146 дугаартай тушаалыг хүчингүй болгосугай.
2.Нэхэмжлэгч ******* нь тус шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 145 дугаар шүүгчийн захирамжаар улсын тэмдэгтийн хураамж 70.200 төгрөгөөс чөлөөлөгдсөн болохыг дурьдсугай.
3.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2, 108.4 дэх хэсэгт тус тус зааснаар шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба шүүх хуралдаанд оролцсон хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэ хуулийн 108.3-т заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авах болохыг дурьдсугай.
4.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар шийдвэрийг гардаж авснаас хойш хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурьдусгай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.БАЙГАЛМАА