Улсын дээд шүүхийн Шүүхийн тогтоол

2017 оны 05 сарын 19 өдөр

Дугаар 001/ШТ2017/00129

 

“Эм Си Пи Си Жи Ар” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, Ц.Амарсайхан, П.Золзаяа, Г.Цагаанцоож нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 181/ШШ2016/01208 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2017 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 486 дугаар магадлалтай,

“Эм Си Пи Си Жи Ар” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Зам, тээврийн хөгжлийн яаманд холбогдох,

Ажлын хөлс 16.813.022 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.Энхчулууны гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Г.Цагаанцоож илтгэснээр хянан хэлэлцэв.

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Ж.Батсайхан шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Тус компани нь Зам, тээврийн яамны захиалгаар 2010 онд Өндөрхаан-Чойбалсан IV ээлжийн 37.0 км (Өндөрхаан-Чойбалсан чиглэлийн IV ээлжийн 27.7 км авто зам) авто замын инженерийн нарийвчилсан зураг төслийг боловсруулан хүлээлгэн өгсөн. Иймд энэхүү төслийн зураг төсөл зохиогч байгууллага юм. Засгийн газрын 2012 оны 151 дүгээр тогтоолын хавсралт болох Барилгын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх, ашиглалтад оруулах дүрэм-ийн 4.6-д заасны дагуу замыг ашиглалтад өгөхөд зайлшгүй зохиогчийн дүгнэлт гаргуулсан байна. Мөн дүрмийн 1.1-д замын барилгын ажлын явцад зураг төсөл зохиогч зохиогчийн хяналт тавих үүрэгтэйг тус тус заасан байдаг.

Зам, тээврийн яам болон барилгын гүйцэтгэгч Гашууны гол ХХК-ийн 2014 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 212 тоот албан бичгээр зохиогчийн хяналт хийлгүүлж, дүгнэлт гаргуулах захиалга ирүүлсэн. Үүний дагуу Эм Си Пи Си Жи Ap XXK зохиогчийн хяналтын ажлыг хийж, 2014 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 355/14 тоот албан бичгээр захиалагчид дүгнэлтийг хүргүүлж, улмаар 2014 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 353/14 тоот албан бичгээр санхүүжилтийг хүссэн боловч, ямар нэгэн шалтгаангүйгээр өнөөдрийг хүртэл олгогдоогүй байна.

Бид дүгнэлт гаргаж хүргүүлснээр Өндөрхаан-Чойбалсан чиглэлийн IV ээлжийн 27.7 км улсын чанартай авто зам 2014 онд албан ёсоор ашиглалтад орж, улсын комисс хүлээн авсан юм. Мэдээллээр Зам, тээврийн яамны 2015 оны 10 дугаар сарын 04/4309 тоот албан бичгээр Сангийн яаманд зохиогчийн хяналтын зардлын эрх нээлгүүлэх тухай хүргэгдсэн байдаг.

Иймээс дахин санхүүжилт хүсэж, 2016 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 16/16 тоот албан бичиг явуулсан. Мөн 2016 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 128/16 тоот албан бичгээр нэхэмжилж, улмаар захиалагчийн хүсэлтээр 2016 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 143/16 тоот албан бичгээр гэрээний төслийг хүргүүлсэн боловч, ямар нэгэн шалтгаангүйгээр гэрээ өнөөдрийг хүртэл байгуулагдаагүй. Хамгийн сүүлд буюу 2016 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 169/1-6 тоотоор захиалагчид санхүүжилтын тухай албан бичиг хүргүүлээд байна.

Бид өөрсдийн хийж гүйцэтгэсэн ажлын үр дүнгээ нэгэнт Төрийн захиргааны төв байгууллагад хүлээлгэн өгч, захиалагчийн өмнө хүлээсэн үүргээ биелүүлсэн. Харамсалтай нь захиалагчийн зүгээс өнөөдрийг хүртэл бидний гүйцэтгэсэн ажлын санхүүжилтийг олгохгүй чирэгдүүлсээр байгаа тул бид арга шүүхэд хандаж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн төлөөлөгч Д.Ганбат шүүхэд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч талын маргаж буй үйл явдал 2014 онд болсон болох нь нэхэмжлэлийн үндэслэлдээ Зохиогчийн хяналтын ажлыг Эм Си Пи Си Жи Ар ХХК 2014 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 264/14 тоот албан бичгээр захиалагчид дүгнэлтийг хүргүүлсэн гэснээр нотлогдож байна. Үндэслэл болгож буй Барилга, хот байгуулалтын сайдын Барилгын норм ба дүрэм шинэчлэн батлах тушаалын хавсралтад нэмэлт өөрчлөлт оруулах тухай 185 дугаар тушаал нь 2015 оны 10 дугаар сарын 01-ний өдөр батлагдаж мөн өдрөөс хүчин төгөлдөр үйлчилж эхэлсэн байна.

Өөрөөр хэлбэл нэхэмжлэлд дурдсан 2014 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 264/14 тоот албан бичгээр захиалагчид дүгнэлтийг хүргүүлсэн гэсэн нь үндэслэл болгож буй Барилга хот байгуулалтын сайдын 2015 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 185 дугаар тушаал хүчин төгөлдөр болохоос өмнө болсон гэдгийг нотолж байх бөгөөд энэ нь хууль зүйн үндэслэлгүй болохыг нэхэмжлэгч өөрөө нэхэмжлэлдээ тодорхой заажээ.Харин Барилга, хот байгуулалтын сайдын 2015 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 185 дугаар тушаал батлагдахаас өмнө Зураг төсөл зохиогч барилгын ажилд хяналт тавихтай холбоотой харилцааг Дэд бүтцийн хөгжлийн сайдын 1999 оны 196 дугаар тушаалын хавсралтаар баталсан Барилгын ажлын явцад зохиогчийн хяналт хийх дүрэмээр зохицуулж ирсэн. Ийнхүү Эм Си Пи Си Жи Ap ХХК нь Зам, тээврийн яам /хуучнаар/-тай гэрээ байгуулаагүй нь Дэд бүтцийн хөгжлийн сайдын 1999 оны 196 дугаар тушаалын хавсралтаар баталсан Барилгын ажлын явцад зохиогчийн хяналт хийх дүрэм-ийн 1.9-7 Зохиогчийн хяналтыг барилгын захиалагч, зураг төслийн байгууллагын хооронд аж ахуйн гэрээ байгуулах үндсэн дээр хийнэ гэж заасныг ноцтой зөрчсөн байна.

Иймд Эм Си Пи Си Жи Ар XXК болон Зам, тээврийн яам /хуучнаар/-ны Төрийн нарийн бичгийн даргын хооронд гэрээ байгуулаагүй нь Иргэний хуулийн 196-р зүйлийн 196.1 дэх хэсгийн 196.1.2-т заасан хүрээнд нэхэмжлэлийн шаардлага нь хууль зүйн үндэслэлгүй болохыг нотолж байна.

Нэхэмжлэлийн шаардлагад дурдсан 16.813.022 төгрөгийг хэрхэн тооцож гаргасан, ямар баримт бичгийг үндэслэн шаардаж байгааг нэхэмжлэлийн үндэслэлдээ дурдаагүй нь Иргэний хуулийн 344-р зүйлийн 344.1 дэх хэсэгт заасны дагуу тохиролцож тодорхойлоогүй болохыг нотолж байгаагаар уг хуулийн заалт зөрчигдсөн байна.

Иймд Иргэний хуулийн холбогдох заалтууд, Монгол Улсын яамны эрх зүйн байдлын тухай хуулийн холбогдох заалт болон Барилга, хот байгуулалтын сайдын 2015 оны 185-р тушаалын хавсралтаар батлагдсан Барилгын ажлын явцад зохиогчийн хяналт тавих дүрэм-ийн дээр дурдсан холбогдох заалтууд зөрчигдсөн байх тул Эм Си Пи Си Жи Ар ХХК-ийн шаардаж буй 16.813.022 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 181/ШШ2016/01208 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 491 дүгээр зүйлийн 491.6 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Зам, Тээврийн хөгжлийн яамнаас 16.813.022 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Эм Си Пи Си Жи Ар ХХК-д олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх заалтад зааснаар нэхэмжлэгч Эм Си Пи Си Жи Ар ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 242.015 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Зам, Тээврийн хөгжлийн яамнаас 242.015 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Эм Си Пи Си Жи Ар ХХК-д олгож шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 486 дугаар магадлалаар: Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 181/ШШ2016/01208 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан үндэслэлгүй тул Зам, Тээврийн хөгжлийн яамнаас 16.813.022 төгрөг гаргуулах тухай Эм Си Пи Си Жи Ар ХХК-ийн нэхэмжлэлийг  хэрэгсэхгүй  болгож, шийдвэрийн 2 дахь заалтад “хариуцагчаас  242.015 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгох” гэснийг хасаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагч нь давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахад төлөх улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.Энхчулуун хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн 181/ШШ2016/01208 дугаартай шийдвэрт хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар давж заалдах гомдол гаргасны дагуу Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хэргийг хянан хэлэлцэж 486 дугаар магадлалыг гаргажээ.

Уг магадлалаар Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 181/ШШ2016/01208 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэжээ. Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2017 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 486 дугаар магадлалыг гаргахдаа хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, хэргийн үйл баримтын талаар үнэн зөв үнэлэлт өгч чадаагүй гэж үзэн хяналтын журмаар гомдол гаргаж байна. Нэхэмжлэгчийн зүгээс ажил гүйцэтгэх гэрээний дагуу гүйцэтгэсэн ажлын хөлс болох нийт 16.813.022 төгрөгийг Зам, тээврийн хөгжлийн яамнаас гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргасан.

Магадлалд “Ажлын хөлсийг шаардах эрхийн тухайд талуудын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан байх, гүйцэтгэгч нь гэрээнд заасан ажлыг хийж, үр дүнг захиалагчид хүлээлгэн өгсөн нөхцөл байдал тогтоогдсон байх учиртай. Талуудын хооронд Өндөрхаан-Чойбалсан чиглэлийн 4 дүгээр ээлжийн 27.7 км авто замын барилгын ажилд зохиогчийн хяналтын ажил гүйцэтгэхтэй холбоотой эрх, үүрэг үүсгэсэн хэлцэл хийгдсэн талаар баримт нэхэмжлэгчийн хэрэгт гаргаж өгсөн зохиогчийн хяналт дүгнэлтийг хариуцагч байгууллагын захиалгаар гүйцэтгэсэн гэж үзэж баримт хэрэгт байхгүй байна.” Гэтэл гэрээ байгуулагдаагүй, хариуцагчийг үнэн зөв тодорхойлж чадаагүй, бусдын үүргийг даалгаваргүйгээр гүйцэтгэсэн мэт дүгнэлт хийсэн нь үндэслэлгүй болно. Зам барилгын ажлын захиалагч нь Зам тээврийн яам байдаг бөгөөд ажил гүйцэтгэх гэрээний үр дүнг хариуцагч Зам, тээврийн яам хүлээн авсан байдаг тул тодорхой үйлдлээр хийгдсэн хэлцэл гэж үзэж байна.

Иймд Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 486 дугаар магадлалыг бүхэлд нь хүчингүй болгож, Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 181/ШШ2016/01208 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

                                                ХЯНАВАЛ

Нэхэмжлэгч “Эм Си Пи Си Жи Ар” ХХК нь хариуцагч Зам, тээврийн хөгжлийн яаманд холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 16.813.022 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 181/ШШ2016/01208 дугаар шийдвэрээр хариуцагч Зам, Тээврийн хөгжлийн яамнаас 16.813.022 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “Эм Си Пи Си Жи Ар” ХХК-д олгосон ба Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 486 дугаар магадлалаар дээрх шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.        

Нэхэмжлэгч давж заалдах шатны шүүхийн магадлалыг эс зөвшөөрч хяналтын журмаар гомдол гаргасны дараа 2017 оны 5 дугаар сарын 07-ны өдөр гомдлоосоо татгалзаж, энэ тухайгаа бичгээр мэдэгдсэн байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.3-т зааснаар хяналтын журмаар гомдол гаргасан этгээд хяналтын шатны шүүх хуралдаанаас өмнө гомдлоосоо татгалзвал түүнийг гомдол гаргаагүйд тооцож, улсын тэмдэгтийн хураамжийг буцаан олгоно.

Иймд нэхэмжлэгчийг гомдол гаргаагүйд тооцох нь зүйтэй гэж  үзэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.3, 123 дугаар зүйлийн 123.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Хариуцагч Зам, тээврийн хөгжлийн яаманд холбогдох ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 16.813.022 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй хэрэгт нэхэмжлэгч “Эм Си Пи Си Жи Ар” ХХК нь хяналтын журмаар гомдол гаргаагүйд тооцсугай.  

2. Нэхэмжлэгч хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2017 оны 3 дугаар сарын 20-ны өдөр төлсөн 242.015 төгрөгийг буцаан олгосугай.

            ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                    Х.СОНИНБАЯР

            ШҮҮГЧ                                                            Г.ЦАГААНЦООЖ