Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 08 сарын 01 өдөр

Дугаар 210/МА2022/01423

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

*** ХХК-ийн нэхэмжлэлтэй

Иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Бямбасүрэн даргалж, шүүгч Ц.Алтанцэцэг, шүүгч Д.Нямбазар нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 сарын 11-ний өдрийн 101/ШШ2022/01638 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч *** ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч *** ХХК, *** нарт холбогдох, зээлийн гэрээний үүрэгт нийт 245,520,800 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай иргэний хэргийг хариуцагч ***гийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Д.Нямбазар илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ***, хариуцагч ***гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ***, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Содномдорж нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.   Нэхэмжлэлийн агуулга: Тус ББСБ нь ***тэй 2020 оны 07 сарын 03-ны өдөр *** дугаартай зээлийн гэрээ байгуулж, 2020 оны 07 сарын 06-ны өдөр ***гийн Худалдаа, хөгжлийн банк дахь *** тоот дансанд 140,000,000 төгрөгийг шилжүүлэн зээл олгосон. Зээлийн гэрээний үүргийн биелэлтийг хангах баталгаа болгож, *** ХХК-ийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн *** дугаартай, *** тоот хаягт байрлах, аялал жуулчлалын зориулалттай, 90 хувийн гүйцэтгэлтэй үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалсан. Зээлдэгч нь энэхүү зээлийг 3 сарын хугацаатай авч 2020 оны 10 сарын 03-ны өдөр буцаан төлөх ёстой байсан ч биелүүлээгүй. Зээлдэгч нь тендерээр ажил гүйцэтгэхээр болсон удахгүй мөнгө орж ирнэ, ковид-19 цар тахлын улмаас ажил удаашралтай явагдаж байна, санхүүжилт шийдэгдэхгүй хойшилсоор байна гэх зэргээр хугацаа олгохыг хүсч байсан. Энэ хугацаанд барьцаалуулагч *** ХХК-ийн захирал ***, түүний өмгөөлөгч нартай утсаар холбогдох, уулзалт хийх зэргээр зээлийн эргэн төлөлт хийх талаар холбогдох шаардлагыг тавьж ирсэн ч төлөгдөөгүй. Иймд хариуцагч ***гээс үндсэн зээл 140,000,000 төгрөг, 2022 оны 01 сарын 28-ны өдрийн байдлаар тооцсон зээлийн хүү 87,934,000 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 17,586,800 төгрөг, нийт 245,520,800 төгрөгийг гаргуулж өгнө үү. Мөн хариуцагч *** ХХК-ийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн *** дугаартай, *** тоот хаягт байрлах, аялал жуулчлалын зориулалттай, 90 хувийн гүйцэтгэлтэй үл хөдлөх эд хөрөнгийг худалдан борлуулж үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү.

 

2.   Хариуцагч ***гийн хариу тайлбарын агуулга: *** ХХК нь 2017 онд *** д 600 хүний суудалтай драмын театрын ажлыг *** ХХК-ийн цуцалсан ажил дээр шууд гэрээ хийж, нийт 5,2 тэрбум төгрөгийн ажил хийхээр *** аймгийн Засаг даргын Тамгын газартай гэрээ хийж ажлаа эхлүүлсэн. Эхлээд гүйцэтгэлээ хийж ажлаа хүлээлгэж өгсний дараа Сангийн яамнаас санхүүжилтээ авдаг үндсэн зарчмын дагуу ажлыг хийж гүйцэтгэсэн. *** ХХК нь цахилгаан холболтыг анхнаасаа буруу хийсний улмаас хийж буй ажилд маргаан гарч 690,000,000 төгрөгийн санхүүжилт 2 жил шийдвэрлэгдэхгүй шүүхээр яваад манай компани 2 шатны шүүх дээр ялсан байна. Уг зээлийг бид тухайн ажлаа хурдан шуурхай хийж гүйцэтгээд санхүүжилтээ аваад төлнө гэж үзэж авч хэрэглэсэн, зээлээ төлөх чин хүсэлтэй байгаа. Мөн Ковид-19 цар тахлаас болж бидний ажил саатсан. Биднийг ажлаа явуулж байх хугацаанд *** аймгийн Засаг дарга 2 удаа солигдож манай гэрээг цуцална гэж зогсоосон гэх мэт бидний ажилд шат шатны асуудлууд тулгарсан. Зөвхөн энэ зээл гэлтгүй, барилгын материалын зээл гэх мэт олон зээлтэй учраас компанийн хувьд маш хүнд байдалд орсон. *** ХХК-аас авсан зээлийн хүү, алданги дээр тохиролцоонд хүрвэл бүрэн төлж барагдуулах хүсэл эрмэлзэлтэй байна.

 

3.   Хариуцагч *** ХХК-ийн хариу тайлбарын агуулга: *** ХХК-ийн гүйцэтгэх захирал *** хариуцагч ***г танихгүй. Төрсөн ах ***ынх нь хүсэлтийн дагуу 2020 оны 06 сард иргэн ***д компанийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн *** дугаартай, *** тоот хаягт байрлах, 90 хувийн гүйцэтгэлтэй үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалуулах итгэмжлэлийг 2020 оны 06 сарын 25-ны өдөр олгосон. *** нь манай компаниас итгэмжлэлээр авсан дээрх үл хөдлөх эд хөрөнгийг ***" ХХК-д 2020 оны 07 сарын 03-ны өдрийн *** дугаартай зээлийн гэрээгээр 140,000,000 төгрөгийн зээлийн барьцаанд тавьсан байна. ***гийн авсан тухайн зээлээс манай компани бэлэн болон бус хэлбэрээр нэг ч төгрөг аваагүй. Дэлхий нийтийг хамарсан цар тахал, валютын ханшны өсөлт, бараа материалын огцом өсөлт, давагдашгүй хүчин зүйлийн нөлөөлөлд бүх нийтээрээ өртөж энэ цаг үед ямар ч компани, иргэн гэрээний үүргийг биелүүлэхэд хүндрэлтэй байгаа зэрэг нөхцөл байдлыг харгалзан үзэж шүүхээс нэмэгдүүлсэн хүүг багасгаж өгнө үү.

 

4.   Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч ***гээс 242,748,800 төгрөг гаргуулан нэхэмжлэгч *** ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 2,772,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч *** шүүхийн шийдвэрт заасан төлбөрийг төлөөгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох хариуцагч *** ХХК-ийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн *** дугаартай, *** тоот хаягт байрлах, 277.4 м.кв талбайтай, аялал жуулчлалын зориулалттай, 90 хувийн гүйцэтгэлтэй үл хөдлөх эд хөрөнгийг албадан худалдаж, үүргийн гүйцэтгэлийг хангуулж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1,618,324 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч ***гээс 1,371,694 төгрөг, хариуцагч *** ХХК-аас 70,200 төгрөг тус тус гаргуулан нэхэмжлэгч *** ХХК-д буцаан олгож шийдвэрлэсэн.

 

5.   Хариуцагч ***гийн гаргасан давж заалдах гомдлын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэрийн зарим хэсгийг эс зөвшөөрч дараах үндэслэлээр давж заалдах гомдол гаргаж байна.

5.а. Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.2 дахь хэсэгт Хүүгийн хэмжээ нь зээлдэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд илт хохиролтойгоор тогтоогдсон бол түүний хүсэлтээр шүүх зээлийн хүүг багасгаж болно гэж заасан бөгөөд хариуцагч нь үндсэн зээл 140,000,000 төгрөг, зээлийн хүүнд, 87,934,000 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 14,814,800 төгрөг, нийт 242,748,000 төгрөг төлөхөөр шийдвэрлэсэн буюу зөвхөн хүүгийн хэмжээ нь үндсэн зээлийнхээ 30 гаруй хувьд хүрсэн байгаа нь зээлдэгчийн эрх, ашиг сонирхолд илт хохиролтой байна. Учир нь зээлийн хүү гэдэг нь зээлийн үнэ бөгөөд зээлдүүлэгчийн хувьд орлого, ашиглагчийн хувьд зардлыг илэрхийлдэг. Зээл авах зорилго нь хуулийн этгээдийн бизнесийн үйл ажиллагааг санхүүжүүлэх ашиг олох байдал цар тахлаас шалтгаалсан эдийн засгийн хямрал, хил хаагдсан зэрэг нөхцөл байдлаас компани санхүүгийн чадамжгүй, үйл ажиллагаа зогссон байгаа дээр илт нугалсан өндөр дүнтэй хүү төлөх чадамжгүй, компани дампуурахад хүрэхээр байна. Энэ нөхцөл байдлыг шүүх хуралдаан болон татгалзлын үндэслэлдээ тайлбарласан ч шүүх анхаарч үзээгүй.

5.б. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсэгт ...Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон буюу нийтэд илэрхий үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй гэж заасан бөгөөд цар тахал дэгдэж, Засгийн газар болон Улсын онцгой комисс, Нийслэлийн Засаг даргын шийдвэрээр хатуу хөл хориог удаа дараа тогтоосон нь нийтэд илэрхий үйл баримт гэж үзнэ. Түүнчлэн Улсын Их Хурлаас Корона вируст халдвар /ковид-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийг баталж мөрдүүлсэн. 2020 оны 02 сарын 19-ний өдрийн Засгийн газрын 64 дүгээр тогтоолоос эхлэн бүх нийтийн бэлэн байдал 44 хоног, бүх нийтийн хэсэгчилсэн бэлэн байдал 45 хоног, өндөржүүлсэн бэлэн байдал 238 хоног болсон бөгөөд энэ хугацаанд үүрэг гүйцэтгэгчээс үл хамаарах шалтгаанаар үүрэг гүйцэтгэх боломжгүй болсон. Засгийн газрын бодпого цар тахлаас шалтгаалсан эдийн засгийн хямралаас иргэн аж ахуйн нэгжийг хамгаалах, бизнесийн хэвийн үйл ажиллагааг хангах чиглэлээр дэмжих бодлого баримталж байхад шүүхээс хэт өндөр зээлийн хүү гаргуулах шийдвэр гарсан нь хариуцагчид илт хохиролтой байна.

5.в. Нэмэгдүүлсэн хүү гэдэг нь Улсын Дээд шүүхийн 2006 оны 53 дугаар тогтоолд зааснаар зээлдэгч авсан зээлээ гэрээнд заасан хугацаандаа буцааж төлөөгүй тохиолдолд зээлдэгчээр үндсэн хүү дээр нэмж төлүүлэхээр тогтоож гэрээгээр тодорхойлсон хариуцлагын хэлбэрийг хэлнэ. Харин уг тохиолдолд зээлээ хугацаанд нь эргэн төлж чадаагүй нь хариуцагчаас үл хамаарсан шинжтэй, цар тахлаас шалтгаалсан хүнд нөхцөл байдлын улмаас үүрэг гүйцэтгэх хугацаа хэтрүүлсэн байдаг. Иймд хариуцагчаас бүрэн хамаарсан гэм буруу байхгүй нөхцөлд нэмэгдүүлсэн хүү гэх хариуцлагын заалтыг хэрэглэснээр хэт өндөр төлбөрийн дарамтад ороод байна. Талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээний хүү нь жилийн 46.8 хувь буюу ижил төрлийн зээлийн хүүнээс хэт өндөр, үндсэн зээлийнхээ хагаст дөхсөн, зээлдэгчид илт хохиролтой байгаа, түүнчлэн ББСБ нь өдөр тутам зээл олгох үйл ажиллагаанд оролцдог, энэ чиглэлээр мэргэшсэн этгээд байдаг бөгөөд зээлдэгч зээлийн харилцаанд төдийлөн оролцдоггүй, зээлийн талаар санхүү болоод хууль зүйн ойлголт дутмаг байдаг, энэ харилцаанд талууд тэнцвэртэй байдаггүй зэрэг нөхцөл байдпыг шүүх анхаарч үзээгүй. Дээрх нөхцөл байдлуудыг харгалзан үзэж хүүгийн хэмжээг бууруулах боломжтой байхад анхан шатны шүүх уг хэрэг маргааныг хянан шийдвэрлэхдээ илт үүргийн тэнцвэрт байдлыг хангах, хэт өндөр төлбөрийн дарамтаас зээлдэгчийг хамгаалах зорилго бүхий хуулийг буруу тайлбарлан хэрэглэж, шүүхийн шийдвэрийг гаргасан байх тул шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах үндэслэл болж байна.

5.г. Түүнчлэн шүүх хамтран хариуцагчаар *** ХХК-ийг татсан бөгөөд гэрээний оролцогч бус этгээдийг татсан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нийцээгүй. Хариуцагчийн зүгээс үндсэн зээлийг эргэн төлөх талаар маргаагүй, хүлээн зөвшөөрч байгаа бөгөөд хүү болон нэмэгдүүлсэн хүүгийн хэмжээг хэт өндөр нэхэмжилснийг хүлээн зөвшөөрөх боломжгүй байгаа. Анхан шатны шүүхийн хангасан хүүнд л 87,934,000 төгрөг төлөхөөр болсон бөгөөд энэ нь эргэн төлөх үндсэн зээлийнхээ 40 хувьд хүрсэн. Шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад 242,748,800 гаргуулахаар шийдвэрлэснээс зээлийн хүүгийн 50 хувь буюу 51,374,400 төгрөгийг хасч тооцон, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 сарын 11-ний өдрийн 103/ШШ2022/01638 дугаар шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү.

 

6.   Давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгч талын хариу тайлбарын агуулга: *** ХХК-ийг барьцааны үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилготой хариуцагчаар татаж оролцуулсан. Зээлийн үндсэн төлбөрийг зээлийн гэрээний хугацаа дуусахад төлөхөөр тохиролцсон, үүнээс хойш хугацаа хэтэрсэн гэж үзнэ гээд хариуцагчийн тайлбарласан үндэслэлийг шүүх хэрэглэн нэмэгдүүлсэн хүүг багасгаж шийдвэрлэсэн. Зээлийн гэрээ байгуулсан болон зээлийн гэрээний дагуу төлөгдөж дуусах хүртэлх хугацаанд цар тахлын нөхцөл байдал өөрчлөгдөөгүй. Цар тахлын нөлөөлөл нь хариуцагчийн зээлээ төлөх чадварт нөлөөлсөн үү, ажил хэрэгт нь нөлөөлсөн үү гэдэгт дүгнэлт хийхэд цар тахлаас өмнө огт төлбөр төлөөгүй. Өөрөөр хэлбэл, цар тахлын нөхцөл байдлаас хамаарахгүйгээр төлбөр төлөөгүй, зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах хууль зүйн үндэслэл байхгүй.

 

ХЯНАВАЛ:

 

1.   Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзэхэд анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан байх тул хэвээр үлдээв.

 

2.   Нэхэмжлэгч *** ХХК нь хариуцагч ***, *** ХХК нарт холбогдуулан, зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 140,000,000 төгрөг, зээлийн хүү 87,934,000 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 17,586,800 төгрөг, нийт 245,520,800 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэл гаргажээ. /хх 1-5, 90/

 

Хариуцагч *** нь ...тендерийн ажил авсан боловч Ковид-19 цар тахлын улмаас ажил саатсан, эрх бүхий албан тушаалтны шийдвэрээр ажил зогссон, компани санхүүгийн хүндрэлтэй нөхцөл байдалд орсон учир үндсэн зээлийг зөвшөөрнө, хүү, нэмэгдүүлсэн хүүгийн талаар зөвшилцөх шаардлагатай... гэж /хх 37, 144/, хариуцагч *** ХХК нь ...хариуцагч ***г танихгүй, ах ***ын хүсэлтийн дагуу компанийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгөтэй холбоотой эрхийг ***д итгэмжлэлээр олгосон, зээлийн мөнгөн хөрөнгөөс нэг ч төгрөг аваагүй... гэж /хх 130/ тус тус тайлбарлан маргасан байна.

 

3.   *** нь *** ХХК-тай 2020 оны 07 сарын 03-ны өдөр *** тоот Зээлийн гэрээ, *** тоот Барьцааны гэрээ-г тус тус байгуулж, 140,000,000 төгрөгийг сарын 3.3 хувийн хүүтэйгээр 3 сарын хугацаатай зээлдэн авах, гэрээний хавсралтад заасан хуваарийн дагуу зээлийн эргэн төлөлтийг хийгээгүй бол үндсэн хүүгийн 20 хувьтай тэнцэх нэмэгдүүлсэн хүү төлөх, зээлийн гэрээний үүргийн биелэлтийг хангах зорилгоор *** ХХК-ийн өмчлөлийн *** тоот хаягт байршилтай, эрхийн улсын бүртгэлийн *** дугаарт бүртгэлтэй, 277.4 м.кв талбайтай, аялал жуулчлалын зориулалттай, 90 хувийн гүйцэтгэлтэй үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалуулах нөхцөлийг тус тус харилцан тохиролцсон болох нь хэргийн баримтаар тогтоогдсон. /хх 16-18, 19-25/

 

Анхан шатны шүүх талуудын хооронд үүссэн эрх зүйн харилцааг Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээний харилцаа, 156 дугаар зүйлийн 156.1, 165 дугаар зүйлийн 165.1 дэх хэсэгт заасан барьцааны гэрээний харилцаа гэж тус тус зөв тодорхойлж, эдгээр гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар үндэслэл бүхий дүгнэлтийг хийжээ.

 

4.   Зээлдүүлэгч *** ХХК нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж зээлийн мөнгөн хөрөнгө болох 140,000,000 төгрөгийг 2020 оны 07 сарын 06-ны өдөр ***гийн эзэмшдэг Худалдаа, хөгжлийн банк дахь *** тоот данс руу шилжүүлсэн болох нь хэргийн 27-р талд авагдсан депозит дансны хуулгаар нотлогдож байна.

 

Иймд нэхэмжлэгч *** ХХК нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт тус тус зааснаар зээлийн мөнгөн хөрөнгө, зээлийн хүү, хэтэрсэн хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүүг хариуцагч ***гээс шаардах эрхтэй.

 

Хариуцагчийн хариу тайлбарт дурдагдсан ...тендерийн ажил Ковид-19 цар тахлын улмаас саатсан, эрх бүхий албан тушаалтны шийдвэрээр ажил зогссон, компани санхүүгийн хүндрэлтэй нөхцөл байдалд орсон... гэх нөхцөл байдлууд нь түүнийг зээлийн гэрээний үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй. Энэ талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт зөв.

 

5.   Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.2 дахь хэсэгт заасан зээлдэгчийн хүсэлтээр зээлийн хүүг багасгаж болох зохицуулалт нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээний харилцаанд хэрэглэгдэхгүй учир ...зээлийн хүүгийн хэмжээ зээлдэгчид илт хохиролтой, хэт өндөр, үндсэн зээлийнхээ хагаст дөхсөн байгааг шүүх анхаараагүй... гэх хариуцагчийн тайлбар, давж заалдах гомдол үндэслэлгүй.

 

Түүнчлэн, Коронавируст халдвар /Ковид-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн холбогдох зохицуулалт нь барьцаалан зээлдүүлэх газарт хамааралтай буюу банк бус санхүүгийн байгууллагад хамааралгүй тул ...Засгийн газрын тогтоолоор бүх нийтийн бэлэн байдал, бүх нийтийн хэсэгчилсэн бэлэн байдал, өндөржүүлсэн бэлэн байдал зарласан, энэ хугацаанд үүрэг гүйцэтгэгчээс үл хамаарах шалтгаанаар үүрэг гүйцэтгэх боломжгүй болсон... гэх хариуцагчийн тайлбар, давж заалдах гомдол мөн үндэслэлгүй. Өөрөөр хэлбэл, дээрх хуулиар банк бус санхүүгийн байгууллагад зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүгээ бууруулах, авахгүй байхыг үүрэг болгоогүй учир энэ талаарх хариуцагчийн тайлбар, давж заалдах гомдлыг хүлээн авах боломжгүй.

 

6.   Нэхэмжлэгч талаас шүүхэд гаргаж өгсөн зээл, хүү, нэмэгдүүлсэн хүүгийн тооцоололтой хариуцагч тал маргаагүй, өөрийн зүгээс эсрэг тооцооллыг гаргаж өгөөгүйгээс гадна хариуцагч талаас зээлийн эргэн төлөлтөд төлсөн төлбөргүй байна.

 

Анхан шатны шүүх Талууд зээлийн гэрээний хугацааны эцэст зээлийг төлөхөөр тохирсон учир зээлийн гэрээний хугацаанд нэмэгдүүлсэн хүү тооцогдохгүй гэж дүгнэн нэмэгдүүлсэн хүүгээс 2,772,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг буруутгах боломжгүй.

 

Иймд хариуцагч ***гээс зээлийн гэрээний үүрэгт нийт 242,748,800 төгрөгийг гаргуулан шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдлийг хууль зүйн үндэслэлтэй гэж үзнэ.

 

7.   Өмнө дурдсанчлан талуудын хооронд байгуулагдсан барьцааны гэрээ нь хуульд заасан хэлбэрийн шаардлагыг хангасан, хүчин төгөлдөр гэрээ учир барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай шаардлагыг хангаж шийдвэрлэх нь Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсгийн зохицуулалтад нийцнэ.

 

*** ХХК нь барьцаа хөрөнгийн өмчлөгч болох нь хэрэгт авагдсан үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээгээр нотлогдож байх тул хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хариуцагчаар татан оролцуулсан нь зөв, энэ талаарх хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй.

 

8.   Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч ***гийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.   Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 сарын 11-ний өдрийн 101/ШШ2022/01638 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч ***гийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч ***гээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2022 оны 05 сарын 23-ны өдөр урьдчилан төлсөн 414,822 төгрөгийг улсын төсөвт үлдээсүгэй.

 

3.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг тайлбарласугай.

 

4.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.БЯМБАСҮРЭН

 

 

ШҮҮГЧИД Ц.АЛТАНЦЭЦЭГ

 

 

Д.НЯМБАЗАР