Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 10 сарын 31 өдөр

Дугаар 56

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

 Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч С.Байгальмаа даргалж, тус шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Туяа

Улсын яллагч П.Эрдэнэбаатар

Шүүгдэгч Б.Б нарыг оролцуулан Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Хардал овогт Б, ы Бат-Эрдэнэд холбогдох 1840000000055 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 10 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч Монгол улсын иргэн эрэгтэй, яс үндэс халх, дээд боловсролтой, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан бүрэн гэх Б.Б

Шүүгдэгч Б.Б  нь 2018 оны 9 дүгээр сарын 30-ны орой 23 цагийн үед Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Фрейндс” бааранд Б.Ба хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж улмаар толгойн тус газар нь шилээр цохиж толгойн оройн баруун дээд хэсгийн хуйхны язарсан шарх, зөөлөн эдийн няцрал бүхий эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулсан хөнгөн зэргийн гэмтэл санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд дурдсанаар/

                                                                        Т О Д О Р Х О Й Л О Х нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Хохирогч Б.Б  гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “... Би 2018 оны 9 дүгээр сарын 30-ны орой 21 цаг өнгөрч байх үед Бор-Өндөр сумын 1 дүгээ багийн нутаг “Фрейндс” баарны караокед ганц хоёр цаг дуулахаар орсон ... Тухайн үед би нэлээн хэдэн лааз пиво уусан болохоор согтсон байсан. Ингээд нэг мэдсэн би Б.Б сууж байсан ширээний хажуу талын ширээнд сууж байсан Б, М  нартай уулзаад зогсож байтал миний араас гэнэт толгой руу хүчтэй цохиход миний толгой дээр шил хагарах шиг болсон. Энэ үед сөхөр ч суугаад босохдоо ширээн дээр байсан архины шилийг аваад эргэж хартал Б.Б баарнаас гараад зугтааж байсан. Тэгэхээр нь би Б.Б хойноос гарч хөөгөөд барьж чадаагүй. Ингээд би эмнэлэгт очиж толгойгоо үзүүлэхэд миний толгойны баруун дээд хэсэг хагарч хуйх нь язарсан байна гээд эмч ариутгал хийгээд 3 оёдол тавьж өгсөн. Ингээд би эмнэлгээс гараад цагдаагийн байгууллагад хандсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 5 дугаар хуудас/

Гэрч Б.Ө мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “... Би тухайн үед юу болсныг мэдээгүй. Ингээд гадаа гарахад Б дээгүүрээ цээж нүцгэн, өмсөж явсан цамцаараа дарж толгойгоо барьчихсан ирсэн. Тэгэхээр нь би Б  гаас юу болсон талаар асуухад Б.Б гэдэг залуу миний толгой руу шилээр цохьчихлоо...” гэх мэдүүлэг /хх-ийн 6-7 дугаар хуудас/

Гэрч Б.Э мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “... Б, Б.Б хоёрыг хоёр тийш нь салгахад М  гэгч нь мөн над руу дайрч давшлаад зодолдох гээд байгаа бололтой зан гаргаад байхаар нь би хүнтэй муудалцаад яахав гэж бодоод баарнаас гараад гэр рүүгээ явчихсан юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 8-9 дүгээр хуудас/

Гэрч Б.Б мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “... М  гэгч нь Э  руу дайрч давшаал байсан. Энэ үед нь Э  баарнаас гүйгээд гараад явчихсан. Тэгэхээр нь би гадаа хүмүүстэй муудалцаж магадгүй гэж бодоод Б   ахыг баарны бүжгийн талбай дээр үлдээгээд Э ийн хойноос гарахад Э  гадаа байхгүй байсан. Тэгсэн намайг гадаа байхад төд удалгүй Б.Б баарнаас гүйж гарч ирээд яваад өгсөн. Харин араас нь Б ах толгойгоо барьчихсан, толгойноос нь цус гоожчихсон гүйгээд гараад ирсэн. Тэгэхээр нь яасан бэ гэж асуухад Б.Б миний толгой руу пивоны шилээр цохичихлоо гэж байсан... Б.Б, Б   хоёр бүжгийн талбай дээр муудалцаад байсан. Тэр уурандаа Б  гийн толгой руу пивоны шилээр цохьсон байх гэж бодож байна. Өөр шалтгаан байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 10-11 дүгээр хуудас/

Гэрч Б.М мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...Тэгсэн бүжиглэж байхад Б, М  хоёр хоорондоо үл ялих зүйлээр маргалдаж сөргөлдөөд байх шиг байсан. Би ч таньдаг хүмүүс болохоор хоорондоо зодолдчихгүй байх гэж бодоод тэр хоёрт больцгоо гэж хэлж байсан. Тэр хоёр гэхдээ хэн хэнийхээ хувцас хунараа зуурч ноцолдоогүй, зүгээр л түлхэлцээд байсан... Би хэнд цохиулсанаа мэдэхгүй, манай найзууд ч мэдэхгүй байгаа. Тухайн үед надад ямар нэгэн гэмтэл шарх учраагүй, тийм болохоор надад ямар нэгэн гомдол санал байхгүй... ” гэх мэдүүлэг /хх-ийн 12 дугаар хуудас/

Шүүгдэгч Б.Б мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “... Би 2018 оны 9 дүгээр сарын 30-ны 21 цагийн үед Бор-Өндөр сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Цээл” гэх рестранд найзууд болох О, М нарын хамтаар орж 00.75 литрийн савалгаатай Соёрхол гэх нэртэй архийг гурвуулаа хувааж уугаад 22 цаг өнгөрч байх үед гарч “Фрейндс” бааранд дахин нэг шил архи уухаар орсон. Ингээд бааранд орж баарны текний урд талын ширээ буюу 1 дүгээр ширээнд гурвуулаа сууж 0.75 литрийн савалгаатай Соёрхол нэртэй архи захиалж уусан. М бид хоёр бүжиглэсэн. Би бүжгийн талбай дээр таних танихгүй хүмүүстэй бүжиглэж байтал гэнэт баарны ертөнцийн зүгээр зүүн хойд буланд манай найз М-ыг гурван залуу зодож байсан. Тэгэхээр нь би очоод салгатал нөгөө гурван залуу над руу дайрсан. Тухайн үед М ухаан алдсан бололтой газар хэвтээд байсан. Ингээд М-ыг зодож байсан залуучууд дайрахаар нь хойшоо ухарч өөрийн сууж байсан ширээ рүүгээ ухарсан. Намайг ухарч байхад тэр гурван залуугийн нэг нь буюу махлагдуу залуу нь намайг өшиглөх гэж байгаад газар унасан. Б   нь над руу дайрч давхар хамах гэж байгаа бололтой тонгойгоод миний хөл рүү дайрахаар нь би ширээн дээр байсан 0.33 литрийн савалгаатай пивоны шилээр цохиход толгойн тус газар нь цохичихсон. Надад сонсгож байгаа зүйл ангийг хүлээн зөвшөөрч байна. Би өөрийнхөө буруу зүйл хийснийг ойлгож мэдэж байна” гэх мэдүүлэг /хх-ийн 21-22 дугаар хуудас/

Шүүгдэгч Б.Б үйлдлийн улмаас хохирогч Б.Б  гийн бие махбодид хөнгөн зэргийн гэмтэл учирсан болохыг нотолсон Шүүх эмнэлгийн 2018 оны 10 дугаар сарын 3-ны өдрийн шинжээчийн эмчийн № 68 дугаартай дүгнэлт  /хх-ийн 14 дүгээр хуудас/

Шүүгдэгч Б.Б нь 2018 оны 9 дүгээр сарын 30-ны орой 23 цагийн үед Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Фрейндс” бааранд Б.Ба хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж улмаар толгойн тус газар нь шилээр цохиж толгойн оройн баруун дээд хэсгийн хуйхны язарсан шарх, зөөлөн эдийн няцрал бүхий эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулсан хөнгөн зэргийн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хохирогч Б.Б  гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг, гэрч Б.Ө, Б.Э , Б.Б, Б.М нарын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг, Шүүх эмнэлгийн шинжээчийн эмчийн 68 дугаартай дүгнэлт, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байх тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй байна.

Шүүгдэгч Б.Б нь анх удаа хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан, гэмт хэргийг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа болохыг  дурдах нь  зүйтэй байна.

Хохирогч Б.Б  гийн мөрдөн байцаалтын шатанд “... Миний бие Б.Б   нь 2018 оны 09 дүгээр сарын 30-нд иргэн Б.Б толгойгоо пивоны шилээр цохиулж хагалуулсан. Одоо миний бие Б.Б гомдолгүй болсон” гэсэн хүсэлт бичиж өгсөн тул шүүгдэгчийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Б.Б 500 /таван зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ялаар шийтгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ.

Шүүгдэгч Б.Б торгуулийн мөнгийг тогтоол хүчин төгөлдөр болмогц улсын орлогод оруулахыг даалгах нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйл, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

Т О Г Т О О Х нь:

1.  Шүүгдэгч Б.Б-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бат-Эрдэнийг 500 /таван зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгосугай.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-д торгуулийн мөнгийг тогтоол хүчин төгөлдөр болмогц улсын орлогод оруулахыг даалгаж, шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг сайн дураар биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих учрыг мэдэгдсүгэй.

              4. Шүүгдэгч Б.Б нь цагдан хоригдсон хоноггүй,  түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, хохирогчид төлөх төлбөргүй, энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө байхгүй болохыг тус тус дурдсугай.

  5. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Б.Б-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжүүлсүгэй.

6. Шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан болон хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

            7. Эрх бүхий этгээд шийтгэх тогтоолд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч, түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч Б.Б-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтсугай.

 

ДАРГАЛАГЧ                                   С.БАЙГАЛЬМАА