Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 12 сарын 12 өдөр

Дугаар 2018/ШЦТ/111

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Сарантуяа даргалж

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Баасансүрэн

Улсын яллагч Н.Мөнхбат

Шүүгдэгч Б.Н нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Говь-Алтай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Б овогт Б-ын Н-д холбогдох 1816000000117 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 12 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, Б овогт Б-ын Н.

Шүүгдэгч Б.Н нь 2018 оны 09 дүгээр сарын 20-ны орчим Ус цаг уур орчны шинжилгээний автомашины зогсоол дээр гээсэн Н.Ж-ы эзэмшлийн Хуа Вэй Ю-6 маркын гар утсыг завшиж 450.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

 1. Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох

 Шүүх хуралдаанаар тогтоогдсон нөхцөл байдлаас үзвэл шүүгдэгч Б.Н нь 2018 оны 09 дүгээр сарын 20-ны орчим Ус цаг уур орчны шинжилгээний автомашины зогсоол дээр гээсэн Н.Ж-ны эзэмшлийн Хуа Вэй Ю-6 маркын гар утсыг завшиж, 450.000 төгрөгийн хохирол учруулсан нь өмчлөх эрхэд халдаж хохирол учруулсан шинжээрээ Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна гэж шүүх дүгнэлээ.

Тухайн гэмт хэрэгт шүүгдэгч Б.Н гэм буруутай болох нь:

Шүүгдэгч Б.Н-ийн шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхийг зөвшөөрч байна гээд мэдүүлсэн “... 2018 оны 09 сарын сүүлээр Ус цаг уур орчны шинжилгээний газрын тэнд эхнэртэйгээ явж байгаад зогсоолоос хөдлөх гэтэл утас дуугараад тэр утсыг авахад бээрчихсэн, залгаж болохгүй байсан. Тэгээд гэртээ очоод цэнэглээд асаах гэтэл тэр утас кодтой байсан. Хэд хоног гэртээ байлгаж байгаад гар утас засварчин дээр очоод кодыг нь гаргуулаад барьчихсан. Хүн нь зар тавих болов уу? буцаагаад өгчихье гэтэл тавиагүй. Тэрийг мэдээгүйгээсээ болоод жаахан удчихсан. 11 дүгээр сарын дундуур цагдаагаас дуудаад очоод учрыг мэдсэн ... гар утас засвар дээр очиж гаргуулаад өөрийнхөө дугаарыг хийсэн 99999999 гэсэн дугаарыг хийсэн... ” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэлээс/,  

Хохирогч Н.Ж-ны мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн “...2018 оны 09 дүгээр сарын 20-ны орчимд байх би өдрөө сайн санахгүй байна 20 цагийн орчимд байх би Ус цаг уур орчин шинжилгээний автомашины зогсоол дээр очоод машинаас буугаад суух үедээ өөрийн эзэмшлийн Хуа Вэй Ю-6 маркын гар утсаа унагаасан юм. Тухайн үед би гар утсаа унагааснаа мэдээгүй юм. Тэгээд би гэртээ очоод гар утсаа гээснээ мэдээд утас руугаа залгахад дуудаж байгаад унтарсан юм...”  гэсэн мэдүүлэг /ХХ15/,

 Гэрч Г.Э-ийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн “...Машиндаа суух гэж байтал газарт утас дуугарах шиг болсон. Тэгээд хартал газарт хар дэлгэцтэй, хөх өнгийн ухаалаг утас хэвтэж байсан. Тэгээд тэр утас руу Ж найз гэсэн дугаар залгаад байсан бөгөөд тус утас нь манай гэрт очоод унтарчихсан. Тэгээд хэд хоног өнгөрсний дараа манай нөхөр Б.Н тус утсыг авч зах дээр очоод О гэх утас засдаг хүнээр тус олсон утасныхаа кодыг нь гаргуулаад өрийн 99999999 дугаарыг хийн ашигласан...” гэсэн мэдүүлэг /ХХ23-24/,

Гэрч Г.О-ын мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн “... 2018 оны 10 дугаар сард байх би өдрөө санхгүй байна. Намайг ажил дээрээ байж байтал Б.Н ирээд энэ гар утасны код тайлаад өгөөч гээд ирэхээр нь би программ уншуулаад гаргаж өгсөн юм... Н надад хэлэхдээ кодоо мартсан байна гэж хэлж байсан... Хуа Вэй Ю-6 маркын гар утас байсан...” гэсэн мэдүүүлэг /ХХ27/,

 Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын үнэлгээний комиссын 2018 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн эд зүйлийн үнэлгээ /ХХ30/, Гар утас, төхөөрөмж хөнгөлөлттэй болон зээлийн нөхцөлөөр худалдах, худалдан авах, үйлчилгээний багц ашиглах хугацаатай гэрээ /ХХ6/, эд мөрийн баримт хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /ХХ9-11/  зэрэг хавтаст хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдаж, бэхжигдсэн улсын яллагчийн хүсэлтээр шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүх хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд энэ хэрэгт хамааралтай,  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар бүлэгт заасан үндэслэл журмын дагуу  хийгдсэн, уг хэргийг хянан шийдвэрлэхэд шаардлагатай үйл баримтуудыг хангалттай цуглуулж тогтоосон, мөрдөн байцаалтын шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдохгүй байна гэж шүүх дүгнэлээ.

Аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Б.Н-д холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлд зааснаар хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн нь шүүгдэгч гэм буруугийн талаар маргаагүй байх тул үндэслэлтэй байна гэж үзлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар оролцогч нараас шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг явуулах хүсэлт гаргаагүй, шүүгдэгч Б.Н нь өөрөө өөрийгөө өмгөөлж, өмгөөлөгчгүйгээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох хүсэлтийг бичгээр ирүүлсэн болохыг дурдах нь зүйтэй байна.

Шүүхээс шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдлыг дүгнэхэд шүүгдэгч Б.Н-г Эрүүгийн хуулийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын гээгдэл эд хөрөнгийг завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг тогтоох үндэслэлтэй байна гэж дүгнэв.

2. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх

Шүүгдэгч Б.Н-г Эрүүгийн хуулийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гээгдэл эд хөрөнгийг завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн  17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.

Шүүхээс шүүгдэгч Б.Н нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирогчид учирсан хохирлыг төлсөн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн зэрэг байдлыг Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2 дахь хэсэгт зааснаар хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ харгалзаж үзэв. Харин Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Энэ хэрэгт шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн нотлох баримт нь шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдсан, хэрэгт талуудын хэлэлцүүлсэн нотлох баримтуудын жагсаалт хавсаргагдсан болон энэ хэрэгт  эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хөрөнгө битүүмжлээгүй,шүүгдэгч цагдан хоригдоогүй,түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч Н.Ж-д хохирлыг бүрэн төлсөн зэргийг тус тус дурдаж, хэрэгт ирсэн иргэний үнэмлэхийг шүүгдэгчид буцаан олгох нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйл, 17.5 дугаар зүйлийн 9 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б овогт Б-ын Н-г Эрүүгийн хуулийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гээгдэл эд хөрөнгө завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг тогтоосугай.

2. Эрүүгийн хуулийн 17.5 дугаар зүйлийн  1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Н-г 450 нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу 450000 төгрөгөөр торгох ял  шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Н-д оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу 450000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш сар бүр 150000 төгрөгөөр 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Б.Н-д танилцуулсугай.

5. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Н-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

6. Энэ хэрэгт  эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хөрөнгө битүүмжлээгүй, шүүгдэгч цагдан хоригдоогүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч Н.Ж-д хохирлыг бүрэн төлсөн зэргийг тус тус дурдаж, хэрэгт ирсэн ДБ00000000 регистрийн дугаартай иргэний үнэмлэхийг шүүгдэгч Б.Н-д буцаан олгосугай.

 7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлд зааснаар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш эс зөвшөөрвөл шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч 14 хоногийн дотор Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

9. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Б.Н-д  авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.  

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                           Д.САРАНТУЯА