| Шүүх | Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Хумбаагийн Отгонжаргал |
| Хэргийн индекс | 173/2018/0178/Э |
| Дугаар | 183 |
| Огноо | 2018-10-05 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | У.Энхжаргал |
Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 10 сарын 05 өдөр
Дугаар 183
Өвөрхангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Х.Отгонжаргал даргалж,
Улсын яллагч: У.Анхжаргал,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Бямбасүрэн,
Шүүгдэгч: В.Э нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Өвөрхангай аймгийн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн ******* овогт В.Э-д холбогдох 1826003230210 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, улсаас авсан гавъяа шагнал, ял шийтгэлгүй, ******* овогт В.Э
Шүүгдэгч В.Э нь 2018 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн 20 цагийн орчим Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэр, 19 дүгээр гудамжны 14 тоотод иргэн Т.Д-г зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүгдэгч В.Э шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:... Би 2018 оны 07 дугаар сарын 09-ний өдөр ээлжийн амралтаа авч Дархан-Уул аймгаас өндөр настай аавыгаа ах дүү нартай нь уулзуулах зорилготой Өвөрхангай аймагт ирсэн. Өвөрхангай аймагт ирээд ******* гэх эгчийнд очтол манай аав дүүгийндээ очно гэсэн тул дүүгийнд нь 2018 оны 07 дугаар сарын 10-ны өдөр очсон. Аав түрүүлээд гэрт нь орсон. Намайг араас нь ороход аав орон дээр хэвтэхээр нь би Д гэдэг дүүдээ аав их ядарч ирлээ, цай хоол хийгээд өг гэхэд уурлаад байсан. Тэднийх цайны газар ажиллуулдаг болохоор нь би утсаар яриад аав ирсэн гэхэд Д би хоол хийх албатай юу гэх мэтээр дургүйцлээ илэрхийлээд байхаар нь би уурандаа 2 удаа цохиод авсан. Тэгэхэд Д гэрээс гараад гүйсэн. Д-г томографикийн зураг авахуулах мөнгө гэж 270000 төгрөг төлсөн. Шинжээчийн дүгнэлтээр гарсан гэмтлийн зэргийг хүлээн зөвшөөрч байгаа. Гэм буруугаа хүлээж байна. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна гэв.
Хохирогч Т.Д мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:... В.Э ах хүрч ирээд миний ар дагз хэсэг рүү нэг удаа гараараа цохиход толгой манараад явчихсан. Би зугтаагаад өвөөгийн гэрээс гартал араас В.Э ах өвөөгийн гэрээс гарч ирээд миний толгойны ар дагз хэсэг рүү 2-3 удаа дахиад цохисон. В.Э ах миний зүүн хөлийн гадна тал руу ахиж хөлөөрөө өшиглөхөөр нь би гэртээ гүйж ороод аавд цагдаа ирчихээд намайг зодоод байна гэхэд аав гэрээс гарсан. Би толгойгоо томографикт харуулахад зүгээр байна гэсэн. Миний биед ямар нэгэн зовиур байхгүй. Одоо надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. /хх-ийн 23-24 хуудас/,
Гэрч А.Т мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:... Манай хүү Т.Д эхнэрийн холын хамаатан В.Э гэдэг хүнд зодуулсан гээд гэрт орж ирсэн. Манай хүүгийн баруун талын хацар хавдчихсан байсан. /хх-ийн 3-4 хуудас/,
Гэрч Д.Ө мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:... В.Э надад ярихдаа Д муу чацга аав бид хоёрыг ядраад гэрт ороод аавд цай хийгээд өгчих гэхэд манайд цай байхгүй гээд халаасандаа гараа хийчихээд зогсоод байхаар нь Д-г би алгадсан гэж ярьсан. /хх-ийн 6 хуудас/,
Өвөрхангай аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн №445 дугаар шинжээчийн дүгнэлтэнд:... Т.Д-н биед тархи доргилт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. /хх-ийн 15 хуудас/,
Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол, шүүгдэгч В.Э-н яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 27-29 хуудас/,
Шүүгдэгч В.Э-н хувийн байдлыг тогтоосон оршин суугаа хаягийн тодорхойлолт, ажлын үнэмлэхийн болон ажлын байрны тодорхойлолт, Монгол Улсын Хууль сахиулахын их сургуулийн захирлын 2017 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн Б/682 дугаар тушаалын хуулбарууд /хх-ийн 16, 31-33 хуудас/,
Шүүгдэгч В.Э-н урьд ял шийтгүүлсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 17 хуудас/ зэрэг болно.
Дээрх нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх хэрэгт хамааралтай, ач холбогдолтойд тооцож, шүүгдэгчийг яллагдагчаар болон хохирогч, гэрч нарыг байцаахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, нотлох баримтууд нь агуулгын хувьд зөрүүгүй, нөхцөл байдлыг хангалттай тогтоосон байх тул шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтын хэмжээнд дүгнэлт хийж, шүүгдэгч В.Э-д холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж дүгнэлээ.
Шүүгдэгч В.Э нь 2018 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн 20 цагийн орчимд Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 3 дугаар баг 19-14 тоотод хохирогч Т.Д-н толгойн тус газар нь гараараа цохиж зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч В.Э-н үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан хохирогч Т.Д-н В.Э ах миний ар дагз хэсэг рүү нэг удаа гараараа цохиход толгой манараад явчихсан. Би зугтаагаад өвөөгийн гэрээс гартал В.Э ах араас гарч ирээд миний толгойны ар дагз хэсэг рүү 2-3 удаа дахиад цохисон. В.Э ах миний зүүн хөлийн гадна тал руу ахиж хөлөөрөө өшиглөсөн. Гэрч А.Т-н Т.Д эхнэрийн холын хамаатан В.Э гэдэг хүнд зодуулсан гээд гэрт орж ирсэн. Манай хүүгийн баруун талын хацар хавдчихсан байсан. Гэрч Д.Ө-н В.Э надад ярихдаа Д муу чацга аав бид хоёрыг ядраад гэрт ороод аавд цай хийгээд өгчих гэхэд манайд цай байхгүй гээд халаасандаа гараа хийчихээд зогсоод байхаар нь Д-г би алгадсан гэж ярьсан гэх мэдүүлгүүд, Өвөрхангай аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн №445 дугаар шинжээчийн дүгнэлт, эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол, шүүгдэгч В.Э-н яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлгээр нотлогдон тогтоогдсон, мөрдөн байцаалтын шатанд хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн байна.
Шүүгдэгч В.Э-д холбогдох хэргийн зүйлчлэл зөв, шүүхээс түүнийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж дүгнэв.
Шүүгдэгч В.Э нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшсэн эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх онцгой нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлыг төлсөн эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлыг болон шүүгдэгч В.Э гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдлыг тус тус харгалзан үзэж түүнд торгох ял оногдуулсан болно.
Шүүгдэгч В.Э нь шүүхээс оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг,
Мөн шүүгдэгч В.Э нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйл, бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт авагдаагүй, хохирогч Т.Д-д хохирол төлбөрт 270000 төгрөг төлсөн, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, хохирогч нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн болохыг тус тус дурьдаж,
Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол мөн шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч В.Э-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж тус тус шийдвэрлэх нь зүйтэй байна.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэг, 17.5 дугаар зүйлийн 1, 5, 6, 7, 8, 9 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.5, 36.8 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч ******* овогт В.Э-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч В.Энхтайванд дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу дөрвөн зуун тавин мянган төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч В.Э нь шүүхээс оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг, мөн шүүгдэгч В.Э нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйл, бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт авагдаагүй, хохирогч Т.Д-д хохирол төлбөрт 270000 төгрөг төлсөн, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, хохирогч нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн болохыг тус тус дурьдсугай.
4.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч В.Э-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
5.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.
6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч В.Э-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.