Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 01 сарын 25 өдөр

Дугаар 210/ма2023/00242

 

 

 

 

 

 

2023 01 25 210/МА2023/00242

 

 

Т ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Золзаяа даргалж, шүүгч Ш.Оюунханд, Д.Цогтсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 102/ШШ2022/03886 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Т ХХК-ийн хариуцагч М л ХХК-д холбогдуулан гаргасан М л ХХК-ийн Т ХХК-аас үндэслэлгүйгээр их хэмжээний мөнгө нэхэмжилдэг, ус, дулааны хангамжийг хаадаг, бохирын шугамыг дур мэдэн хаадаг, цонх хааж чингэлэг тавьдаг, компанийн орц, гарцыг хааж Т ХХК-ийн өмчлөх, эзэмших эрхийг зөрчиж буй хууль бус үйлдлийг таслан зогсоох, Т ХХК-ийн эрхийг зөрчихөөс өмнөх байдалд сэргээх буюу цонх хааж тавьсан чингэлгийг зайлуулах, орц, гарцаар Т ХХК-ийг чөлөөтэй нэвтрүүлэхийг даалгах, цаашид М л ХХК-ийг өмчлөх, эзэмших эрхээ хэрэгжүүлэхдээ ямар нэгэн байдлаар Т ХХК-ийн өмчлөх, эзэмших эрх, түүнтэй холбогдсон хууль ёсны ашиг сонирхолд харшилсан аливаа ажиллагаа явуулахгүй байх, Т ХХК-ийн хэвийн үйл ажиллагааг алдагдуулахгүй байхыг даалгах үндсэн, Гэрээт харуул хамгаалалтын үйлчилгээний төлбөрийн 25 хувь болох 1 постын сар бүрийн төлбөр нийт 98,010,000 төгрөг, 1 дүгээр пост буюу харуулын байрны халаалтын сар бүрийн төлбөр нийт 5,184,000 төгрөг, 1 дүгээр пост болох төв хаалганаас Т ХХК-ийн байр хүртэлх 6 прожекторын гэрэлтүүлгийн сар бүрийн төлбөрийн 50 хувийг 1,481,500 төгрөг, дундын эзэмшлийн зам талбайн цэвэрлэгээ, арчилгаа, урсгал засварын ажлын хөлсний 50 хувийг 8,800,000 төгрөг, 1 дүгээр пост болох төв хаалганы автомат хаалтын төлбөрийн 50 хувь 2,900,000 төгрөг, нийт 116,425,000 төгрөг гаргуулах, нийтийн эзэмшлийн зам талбайд оршин буй барилга байгууламж, явуулж буй үйл ажиллагааны хэвийн, аюулгүй байдлыг хангахад шаардлагатай бараа, ажил үйлчилгээг худалдан авахтай холбогдон гарах зардлыг М л ХХК-тай хамтран хариуцаж, төлбөрийг төлөхийг Т ХХК-д даалгах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Д.Цогтсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч Т.Д, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ё.М, түүний өмгөөлөгч Г.М, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Мөнхбаатар нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлийн агуулга: М л ХХК-аас гэрээ, хэлцэл байгуулаагүй атлаа үндэслэлгүйгээр их хэмжээний төлбөр нэхэмжилдэг, орц гарцаар манай компанийн болон харилцагч, үйлчлүүлэгчдийг нэвтрүүлэхгүй буцаах зэрэг үйлдэл гаргадаг. Төвийн дулааны шугамыг өөрийн эзэмшлийн газраар дайрч өнгөрдөг гэх үндэслэлээр ус, дулаан хангамжийг тасалж, мөн оффисын цонхыг хааж чингэлэг тавьсан. М л ХХК-ийн хууль бус дарамт шахалт өнөөдрийг хүртэл тасралтгүй үргэлжилсээр байна гэжээ.

2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга: 2012 онд Т ХХК-ийн хүсэлтийн дагуу Нийслэлийн газрын алба нь манай компанийн объектын төв хаалганаас одоогийн Т ХХК-ийн хаалга хүртэл замыг дундын буюу нийтийн эзэмшлийн талбай болгосон. Манай компани өнөөдрийг хүртэл тухайн замын цэвэрлэгээ, урсгал засвар болон орчны гэрэлтүүлгийг өөрийн зардлаар хийж байна. Нэхэмжлэгчийн байр манай байгууламжийн дунд хэсэгт байрладаг давуу талаа ашиглан өнөөдрийг хүртэл харуул хамгаалалтын үйлчилгээний зардал гаргахгүйгээр ажиллаж байна. Манай компанийн зүгээс нэхэмжлэгчийн үйл ажиллагаанд оролцсон, сөргөөр нөлөөлсөн зүйл байхгүй. Манай компани 1970 оны хуучин барилга байгууламжийг хувьчлан авсан ба шугам сүлжээг шинэчлэх, шинэ шугам татах зэрэгт олон сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн бөгөөд нэхэмжлэгчээс энэ шугам сүлжээнд холбогдохыг шаардсан, нэхэмжлэгчийн ус, дулаан, бохирын шугамыг хаасан зүйл байхгүй гэжээ.

3. Сөрөг нэхэмжлэлийн шаардлага түүний үндэслэлийн агуулга: Хариуцагч М л ХХК-аас сөрөг нэхэмжлэлдээ төв хаалганд өөрийн зардлаар гүйдэг хаалга, автомат хаалгыг суурилуулсан ба эдгээрийг шинэчлэх, засварлах, сэлбэг солих зэргийг өөрсдийн зардлаар хийдэг. Шинэ чиптэй автомат хаалтыг 5,800,000 төгрөгөөр суурилуулж ашиглалтад оруулсан ба нэхэмжлэгчийг 50 хувийг төлөхийг шаардахад төлөөгүй атлаа уг хаалтыг ашиглаж байна. Төв хаалга болох 1 дүгээр пост дээр 24 цагийн 3 ээлжийн хамгаалагчид хяналт тавьж ажиллахдаа мөн Т ХХК-д үйлчилгээ үзүүлж байна. Гэрээт харуул хамгаалалтын үйлчилгээний төлбөрийн 25 хувь болох 1 дүгээр постын сар бүрийн төлбөр нийт 98,010,000 төгрөг, 1 дүгээр пост буюу харуулын байрны халаалтын сар бүрийн төлбөр нийт 5,184,000 төгрөг, 1 дүгээр пост болох төв хаалганаас Т ХХК-ийн байр хүртэлх 6 прожекторын гэрэлтүүлгийн сар бүрийн төлбөрийн 50 хувийг 1,481,500 төгрөг, дундын эзэмшлийн зам талбайн цэвэрлэгээ, арчилгаа, урсгал засварын ажлын хөлсний 50 хувийг 8,800,000 төгрөг, 1 дүгээр пост болох төв хаалганы автомат хаалтын төлбөрийн 50 хувь 2,900,000 төгрөг, нийт 116,425,000 төгрөг гаргуулах, нийтийн эзэмшлийн зам талбайд оршин буй барилга байгууламж, явуулж буй үйл ажиллагааны хэвийн, аюулгүй байдлыг хангахад шаардлагатай бараа, ажил үйлчилгээг худалдан авахтай холбогдон гарах зардлыг М л ХХК-тай хамтран хариуцаж, төлбөрийг төлөхийг Т ХХК-д даалгах гэжээ.

4. Нэхэмжлэгчийн сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбарын агуулга: М л ХХК-ийн нэрлэсэн 1 дүгээр постоос Т ХХК-ийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгө хүртэлх зам нь нийтийн эзэмшилд хамаардаг. Гэтэл М л ХХК нь нийтийн эзэмшлийн талбайд орох, гарах гарцыг хааж хаалт суурилуулж, хаалтынхаа тал төлбөрийг нэхэмжилж, мөн өөрийн эзэмшил, өмчлөлийн хөрөнгийг арчилсан, цэвэрлэсэн, хамгаалсан зардлаа нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй. М л ХХК-аас нийтийн эзэмшлийн талбайн арчилгаа, хамгаалалт, цэвэрлэгээг Түвшин Энэрэл ХХК-тай хамтран хийх, орц, гарц хаах, гэрэлтүүлэг тавих асуудлаараа мэдэгдэж, санал солилцож, гэрээ хэлцэл байгуулах замаар асуудлаа харилцан тохиролцон шийдвэрлэх хэрэгтэй. Сөрөг нэхэмжлэлд хавсаргасан баримтууд нь М л ХХК-ийн тамга, тэмдэгтэй ба эдгээр баримтуудыг одоо шүүхэд өгч байгааг харахад нотлох баримтыг нөхөж бүрдүүлсэн байна. Т ХХК нь өнгөрсөн хугацаанд гэрэлтүүлэг, замын ашиглалтын зардлыг тооцон гэрээ хийх саналыг хүргүүлсэн боловч М л ХХК нь зөвшөөрсөн, зөвшөөргүй талаар хариу ирүүлээгүй. Манай компани Эрүүл ахуйн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.4.3-т зааснаар өөрт хамаарах хэсгийн бүхий л арчилгааг тухай бүрт нь өөрийн хөрөнгөөр хариуцан хийсээр ирсэн. Мөн гадаа байрладаг хүчин чадал өндөртэй шөнийн цагаар гэрэл мэдэрч асдаг гэрэлтүүлэг суурилуулж зардлаа хариуцаж ирсэн. Компаниудын эзэмшлийн талбайг харьцуулвал М л ХХК нь нийт 62580 м.кв талбайг, Т ХХК нь түүнээс 68 дахин бага хэмжээтэй буюу нийт 924 м.кв талбайг эзэмшдэг. М л ХХК-ийн талбайд орж, гарах зориулалттай нийт 5 постны зөвхөн 1 дүгээр постыг М л ХХК болон түүний өмчлөлийн объектуудыг түрээслэдэг аж ахуйн нэгж, байгууллагын хамтаар ашигладаг байхад нийт 4 постныхоо 25 хувийг буюу 1 дүгээр постны төлбөрийг бүхэлд нь, гэрэлтүүлгийн 50 хувь, урсгал зардлын 30 хувь, хаалтны 50 хувийг нэхэмжилсэн нь үндэслэлгүй гэжээ.

5. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.2 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч М л ХХК-д Баянгол дүүргийн 1 дүгээр хороо, Үйлдвэрчний төвийн бүс, Тээвэрчид гудамж, * тоот хаягт үйл ажиллагаа эрхлэх Т ХХК өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд саад болох аливаа үйлдлийг хийхгүй байхыг даалгаж, Т ХХК-ийн оффисын цонх хааж байршуулсан чингэлгийг зайлуулах, нийтийн эзэмшлийн орц, гарцаар чөлөөтэй нэвтрүүлэхийг даалгаж, Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч М л ХХК-ийн Гэрээт харуул хамгаалалтын үйлчилгээний төлбөрийн 25 хувь болох 1 дүгээр постын сар бүрийн төлбөр нийт 98,010,000 төгрөг, 1 дүгээр постын харуулын байрны халаалтын сар бүрийн төлбөр нийт 5,184,000 төгрөг, 1 дүгээр пост болох төв хаалганаас Т ХХК-ийн байр хүртэлх 6 прожекторын гэрэлтүүлгийн сар бүрийн төлбөрийн 50 хувийг 1,481,500 төгрөг, дундын эзэмшлийн зам талбайн цэвэрлэгээ, арчилгаа, урсгал засварын ажлын хөлсний 50 хувийг 8,800,000 төгрөг, 1 дүгээр пост болох төв хаалганы автомат хаалтын төлбөрийн 50 хувь 2,900,000 төгрөг, нийт 116,425,000 төгрөг гаргуулах, нийтийн эзэмшлийн зам талбайд бараа, ажил үйлчилгээг худалдан авахад гарах зардлыг М л ХХК-тай хамтран хариуцах, төлбөр төлөхийг Т ХХК-д даалгах тухай сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 210,600 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 210,600 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,336,778 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

6. Хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга: Шүүх үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шаардлагад нийцэхгүй байна. Шийдвэрт дурдсан баримтууд нь хариуцагчийн зүгээс нэхэмжлэгчийн өмчлөх эрхэд халдсан эсхүл эрхээ хэрэгжүүлэхэд нь саад болсон үйл баримтыг нотолсон зүйлгүй, харин Т ХХК нь өмчлөлийн зүйл буюу барилга байгууламжийн өөрийн нь шинж байдлын улмаас өмчлөгчийн хувиар зайлшгүй авах ёстой үйлчилгээг бусдаас авсантай, түүнчлэн хийх ёстой засвар, арчлалтын ажлыг бусдаар гүйцэтгүүлж буй тэрхүү харилцааг нотолсон баримтууд байгаа. Тодруулбал нэхэмжлэгчийн өмчилдөг барилга байгууламж нь анхнаасаа инженерийн шугам сүлжээнд холбогдоогүй, тиймээс инженерийн шугам сүлжээ буюу цэвэр бохир усны шугам, халаалтын шугамд холбох зэрэг ажлыг зайлшгүй хийх шаардлагатай байсан ба энэ л зорилгоор холбогдох этгээдүүдээр уг ажлыг гүйцэтгүүлсэнд холбогдох гэрээ, хэлцлүүд болохыг шүүх ойлгоогүй, баримтын үнэлэхдээ алдаа гаргасан байна. Энэ нөхцөл байдалд холбогдолтой баримтыг ч шүүх шийдвэр гаргахдаа харгалзан үзсэнгүй. Түүнчлэн, хариуцагчийн хэзээ, ямар үйлдэл эс үйлдэхүй эрхийг нь хэрхэн зөрчсөнийг нотолсон ямар нэгэн нотлох баримтыг шүүхэд гаргаагүй байхад чухам юунд үндэслэн хариуцагч нь нэхэмжлэгчийн эрхийг зорчсон үйл ажиллагаа явуулсан" гэж үзсэн талаар шүүгч шийдвэртээ дурдсангүй. Нэхэмжлэгч нь орц гарцыг хааж өмчлөх эзэмших эрхийг зөрчсөн гэх тайлбар үндэслэл дурддаг. Энэ тухайд хариуцагчийн зүгээс гаргасан тайлбар, түүнд хамаарах нотлох баримтыг шүүх зохих ёсоор үнэлээгүй. Хариуцагч нь энэ тухайд харуулын постоор нэвтрэх хэсэгт автомат хаалт байрлуулсан, үүнтэй холбоотойгоор нэхэмжлэгч байгууллагад түүний ажилтан, ажиллагсад, тээврийн хэрэгслийн тоогоор буюу 12 ширхэг чип-ийг олгосон, энэ тухайд холбогдох баримтуудыг, түүнчлэн нэхэмжлэгч байгууллагын харилцагч, үйлчлүүлэгчдийг ямар нэгэн саадгүй чөлөөтэй нэвтрүүлж ирсэн талаарх, түүнчлэн ийнхүү орж гарах хөдөлгөөний зохицуулах хаалт байрлуулж, харуул хамгаалалт ажиллуулж буй нь зохигчийн хэн алиных нь эрх, хууль ёсны ашиг сонирхолд нийцсэн төдийгүй нэн тустай болох тухай тайлбараа гаргасныг шүүх үүнийг анхаараагүй.

"М л ХХК болон Т ХХК-иуд газраа дундаа хамтран ашиглах болсон. Ийнхүү замыг дундаа хамтран эзэмшиж ашиглах хүрээндМ л" ХХК нь өөрийн зардлаар автозам тавьж, өнөөдрийг хүртэл хугацаанд зам талбайг хог хаягдал мөсгүй байлгах, 4 улирлын өдөр тутмын цэвэрлэгээ болон зам, гүйдэг хаалга, гэрэлтүүлэг. хашаа, хашлага, хайс, бордюрыг бүрэн бүтэн байлгах буюу будах солих, нөхөөс хийх. засварлах гэх мэт талбайн урсгал зардал засвар, арчилгаа, автомат хаалт хийх. харуул хамгаалалтын төлбөрийг дангаар хариуцан хийж ирсэн. Нэхэмжлэгч өөрийн барилга байгууламж нь хариуцагчийн эзэмшлийн газрын дунд хэсэгт байрладаг давуу галаа ашиглан ямар нэгэн зардалгүйгээр, бусдын хүч хөдөлмөр, хөрөнгө мөнгө шингэсэн хөрөнгийг үнэ төлбөргүй ашиглах нь шударга ёсонд нийцэхгүй. Иймээс дундын эзэмшлийн зам талбайн харуул хамгаалалтын ажилтны цалин, харуулын байрны халаалт, гэрэлтүүлэг, зам талбайн цэвэрлэгээ арчилгаа зэрэг урсгал зардлаа хамтран хариуцах нэхэмжлэлийг гаргасан. Уг үйл баримт, гүүнд холбогдох нотлох баримтыг шүүх хэрэглэхгүйгээр сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй.

Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн. Өмнө нь давж заалдах шатны шүүх хэргийг 2022 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр хэлэлцээд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаасан 210/МА2022/00670 дугаар магадлалд заасан анхан шатны шүүх хийж гүйцэтгээгүй. Мөн үзлэгт оролцоогүй хүнээр гарын үсэг зуруулсан. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, 48.2 дахь хэсэгт заасан журмыг шүүх ноцтой зөрчиж үзлэгийн ажиллагаанд хөндлөнгийн гэрч оролцуулаагүй тул уг ажиллагааг дахиж хийж гүйцэтгэх шаардлагатай. Шүүх хэргийг шийдвэрлэхдээ хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ё.М-д эрх, үүрэг, нөлөөллийн талаар тайлбарлаагүй, хэргийн материал танилцуулаагүй, шүүх хуралдаанд оролцуулаагүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.2-т заасныг зөрчсөн. Иймд нэхэмжлэгчийн үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

7. Давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгч талын тайлбарын агуулга: 10 га газартай, 62,580 м.кв талбай, 5 орц гарцтай газар нь 1990 онд хувьчлагдсан. Т ХХК-аас худалдаж авсан Г.Б, С.Б нар 982 м.кв суурьтай. Тухайн үед Г , С.Б нар орох, гарах эрх нь хязгаарлагдмал байсан тул Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд хандаж эвлэрсэн. Ингээд н худалдаж авахад хариуцагч тал орц гарц бохирыг хаадаг зөрчил гаргасан. Шүүх хоёр удаа үзлэг хийж зураг авсан нь хэрэгт авагдсан. н өөрийн өмчлөх эрхийг хэрэгжүүлэхийн тулд арга буюу шүүхэд хандсан. Шүүхэд хандахаас өмнө гэрэл, цахилгаан, дулааныг өөрөө шийдсэн. Гэхдээ тухайн үйлдвэрийн нийтийн эзэмшлийн зам талбайгаар явж байгаа шугам сүлжээ бохир нь бүгд ажилладаг байсан. Эрх зүйн зөрчил нь тогтоогдож нотлох баримтаар хэрэгт авагдсан. 30 Сөрөг нэхэмжлэлийн тухайд ийм зардал гарч байгаа нь үнэн. Хариуцагч нь 5 орцтой том байгууллага, манайх эдний 1 гарцаар дамжихаас өөр ямар ч арга байхгүй. Иргэний хуульд зааснаар зөвшилцөж Иргэний хуулийн 186 дугаар зүйлд зааснаар саналаа явуулж хүлээн зөвшөөрсний үндсэн дээр гэрээ байгуулагдаагүй байна гэж шүүх үзсэн. Анхан шатны шүүх Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.2 дахь хэсэгт Өмчлөгч өмчлөлийн зүйлээ эзэмшихтэй холбоогүй боловч өмчлөх эрх нь ямар нэгэн байдлаар зөрчигдсөн гэж үзвэл уг зөрчлийг арилгуулах, эсхүл өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд саад болж байгаа үйлдлийг зогсоохыг эрх зөрчигчөөс шаардах эрхтэй гэж заажээ. Өөрөөр хэлбэл, өмчлөгч нь өөрийн өмчлөх эрхийн зөрчлийг арилгахыг шаардах, мөн ирээдүйд өмчлөх эрхийг нь зөрчиж болох үйлдлийг хийхгүй байхыг шаардах эрхээ шүүхээр дамжуулан хэрэгжүүлнэ гэж шийдвэрлэсэн. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ё.М хэргийн материалтай танилцаагүй гэж байгаа боловч анхан шатны шүүх хуралдаанд оролцсон. Хууль зүйн дагуу хариуцагч тал зөрчсөн бөгөөд энэ зөрчлийг арилгуулах эрхтэй тул шүүхэд хандсан. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хэргийг гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянан үзлээ.

2. Анхан шатны шүүх маргааны үйл баримтад хамааралтай нөхцөл байдлууд тодорхой бус байхад хэргийг хянан шийдвэрлэсний улмаас шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байх тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэв.

3. Нэхэмжлэгч Т ХХК нь хариуцагч М ХХК-д холбогдуулан М л ХХК-ийн Т ХХК-аас үндэслэлгүйгээр их хэмжээний мөнгө нэхэмжилдэг, ус, дулааны хангамжийг хаадаг, бохирын шугамыг дур мэдэн хаадаг, цонх хааж чингэлэг тавьдаг, компанийн орц, гарцыг хааж Т ХХК-ийн өмчлөх, эзэмших эрхийг зөрчиж буй хууль бус үйлдлийг таслан зогсоох, Т ХХК-ийн эрхийг зөрчихөөс өмнөх байдалд сэргээх буюу цонх хааж тавьсан чингэлгийг зайлуулах, орц, гарцаар Т ХХК-ийг чөлөөтэй нэвтрүүлэхийг даалгах, цаашид М л ХХК-ийг өмчлөх, эзэмших эрхээ хэрэгжүүлэхдээ ямар нэгэн байдлаар Т ХХК-ийн өмчлөх, эзэмших эрх, түүнтэй холбогдсон хууль ёсны ашиг сонирхолд харшилсан аливаа ажиллагаа явуулахгүй байх, Т ХХК-ийн хэвийн үйл ажиллагааг алдагдуулахгүй байхыг даалгах шаардлага нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч Гэрээт харуул хамгаалалтын үйлчилгээний төлбөрийн 25 хувь болох 1 постын сар бүрийн төлбөр нийт 98,010,000 төгрөг, 1 дүгээр пост буюу харуулын байрны халаалтын сар бүрийн төлбөр нийт 5,184,000 төгрөг, 1 дүгээр пост болох төв хаалганаас Т ХХК-ийн байр хүртэлх 6 прожекторын гэрэлтүүлгийн сар бүрийн төлбөрийн 50 хувийг 1,481,500 төгрөг, дундын эзэмшлийн зам талбайн цэвэрлэгээ, арчилгаа, урсгал засварын ажлын хөлсний 50 хувийг 8,800,000 төгрөг, 1 дүгээр пост болох төв хаалганы автомат хаалтын төлбөрийн 50 хувь 2,900,000 төгрөг, нийт 116,425,000 төгрөг гаргуулах, нийтийн эзэмшлийн зам талбайд оршин буй барилга байгууламж, явуулж буй үйл ажиллагааны хэвийн, аюулгүй байдлыг хангахад шаардлагатай бараа, ажил үйлчилгээг худалдан авахтай холбогдон гарах зардлыг М л ХХК-тай хамтран хариуцаж, төлбөрийг төлөхийг Т ХХК-д даалгахаар сөрөг нэхэмжлэл гарган маргажээ.

4. 1 дүгээр хавтасны хэргийн 70-73, 3 дугаар хавтаст хэргийн 183 дугаар талд авагдсан хариуцагчийн тайлбарт ...Т ХХК-аас барилга байшинг үзэж сонирхож байх үед нь Ц т уг эд хөрөнгө нь дулаан, цэвэр, бохир усны хангамжгүй, хүйтэн цех байна гэдгийг анхааруулж байсан. ...Т ХХК нь манай компанийн хувийн өмч болох шугам сүлжээнд холбогдохыг шаардаж бидний хувийн өмч хөрөнгө рүү халдах эрх байхгүй. ...Хөндлөнгийн аж ахуйн нэгж байгууллагыг дулаан, ус, бохирын хангамжаар хангах техникийн нөхцөл боломж байхгүй. Бидний зүгээс нэхэмжлэгчийн ус, дулаан, бохирын шугамыг хаасан зүйл байхгүй. гэж маргасан байх ба дээрх нэхэмжлэгчийн эзэмшлийн зүйл нь хариуцагчийн өмчлөл, эзэмшлийн эд зүйлсээс хамааралтай, тусдаа эсэх, хариуцагч нь нэхэмжлэгчийн өмчлөх, эзэмших эрхээ хэрэгжүүлэхэд саад болж байгаа, нэхэмжлэгчийн хууль ёсны эрх ашгийг зөрчсөн эсэх зэрэг үндсэн болон сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг шийдвэрлэхэд хамааралтай нөхцөл байдлууд тодорхой бус байна.

4.1. Анхан шатны шүүх хэргийн үйл баримт бүрэн тогтоогдоогүй байхад нэхэмжлэгчийн өөртөө үйлчилгээ авах зорилгоор бусадтай байгуулсан ажил гүйцэтгэх гэрээ, худалдах, худалдан авах гэрээ, бохир ус цэвэрлэх станцын угсралт, суурилуулалт, холболтын гэрээнүүдийг үндэслэн хариуцагчийг нэхэмжлэгчийн өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд саад болж түний барилга байгууламжийн ус, дулаан хангамж, бохирын шугамыг хаасан үйлдэл хийсэн гэж дүгнэж үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь учир дутагдалтай болжээ.

 

4.2. Нэхэмжлэгч нь 2022 оны 10 дугаар сарын 05-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагаа тодруулахдаа ...орц, гарцаар Т ХХК-ийг чөлөөтэй нэвтрүүлэхийг даалгах гэж тодорхойлсон атлаа нэхэмжлэлийн үндэслэлийг огт бичээгүй байна. Энэ тохиолдолд анхан шатны шүүх уг үндэслэлийг тодруулах учиртай. Хэрэв шүүх нэхэмжлэлийн шаардлагын энэ үндэслэлийг 2021 оны 02 дугаар сарын 01-ний өдөр гаргасан нэхэмжлэлд тусгагдсан гэж үзвэл компанийн ажилчид болон үйлчлүүлэгчдийг нэвтрүүлэхгүй саад болж байна гэж тодорхойлсон үйл баримтыг тодруулах байсан. Өөрөөр хэлбэл, тус компанийн ажилчид болон үйлчлүүлэгчдийг нэвтрүүлэхгүй үйл баримт байгаа эсэхийг асуудлыг тодруулахаар байна.

 

5. 1 дүгээр хавтаст хэргийн 225-226 дугаар талд 2021 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн бохирын шугам хаасан талаарх үзлэг хийсэн тэмдэглэл, 2 дугаар хавтаст хэргийн 1-23 дугаар талд 2021 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн үл хөдлөх эд хөрөнгийн байршлын талаар үзлэг хийсэн тэмдэглэл, 3 дугаар хавтаст хэргийн 155 дугаар талд 2022 оны 10 дугаар сарын 24-ний өдөр зохигчдын эзэмшил газрын байршлын талаарх үзлэг хийсэн тэмдэглэл тус тус баримтаар авагдсан ба дээрх үзлэгээр илэрсэн нөхцөл байдал тодорхойгүй, тусгаагүй байна. Энэ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.5 дахь хэсэгт заасны дагуу үзлэгийн тэмдэглэлд үзлэгээр илэрсэн нөхцөл байдлыг бичих шаардлагад нийцээгүй. Энэ ажиллагааг хийгээгүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.7-д заасан хэргийн оролцогчийн хүсэлтээр нотлох баримт бүрдүүлэх ажиллагааг дутуу явуулсан үндэслэлд хамаарч байна.

6. Түүнчлэн, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ё.М-д эрх, үүрэг, нөлөөллийн талаар тайлбарлаагүй, хэргийн материал танилцуулаагүй, шүүх хуралдаанд оролцуулаагүй гэх давж заалдах гомдол үндэслэлгүй. Учир нь хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.А, М.Ш нарт хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд эдлэх эрх, хүлээх үүргийг тайлбарлаж, нөлөөллийн мэдүүлгийг танилцуулсан байх ба хариуцагчийг төлөөлж 2022 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн шүүх хуралдаанд оролцсон байх тул хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй байгааг дурдах нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 102/ШШ2022/03886 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагчаас төлсөн 1,091,075 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.ЗОЛЗАЯА

 

ШҮҮГЧИД Ш.ОЮУНХАНД

Д.ЦОГТСАЙХАН