Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 10 сарын 05 өдөр

Дугаар 184

 

Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Цэцэгээ даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Галбадрах,

Улсын яллагч У.Анхжаргал,

Шүүгдэгч, түүний өмгөөлөгч Т.Оюунчимэг нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Өвөрхангай аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овгийн Б.Х-д холбогдох эрүүгийн 1826001000156 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, урьд Өвөрхангай аймаг дахь сум дундын 1-р шүүхийн 2010 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 1/51 дугаар шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-д зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлж, шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар хойшлуулж байсан, ******* овгийн Б.Х

Үйлдсэн хэргийн талаар:

Шүүгдэгч Б.Х нь 2018 оны 02 дугаар сарын 20-ны өдрөөс 21-нд шилжих шөнө Өвөрхангай аймгийн ******* сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах "Альфа" гэх баарны зүүн хойд талд хохирогч Б.Э-г гар утсаараа ярих үйлдэл хийж явахад нь гар утсыг хүч хэрэглэж авахаар довтолж, хохирогчийн араас татаж, хавирч унаган Ай Фоне-6 маркийн гар утсыг дээрэмдэж, 500000 /Таван зуун мянга/ төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүгдэгч Б.Х  шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Мэдүүлэг өгөхгүй. Хохирогчид утсыг нь авч өгсөн. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Хөнгөн ял оноож өгнө үү гэв.

Хохирогч Б.Э шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2018 оны 02 дугаар сарын 20-ны өдөр 22:00 цагийн үед “*******” гэх pub-д бага зэрэг пиво ууж байгаад 23:00 цагийн үед “Альфа” бааранд ортол ******* нь 2 залуугийн хамт сууж байсан.Тэгээд уг баарнаас нэг шил архи хүн тус бүрийн 5000 төгрөгөөр нийлж захиалаад тухайн үед би *******аас 5000 төгрөг зээлсэн байсан.Тэгээд баар хаах болоод баарнаас гараад найзтайгаа утсаар яриад явж байтал араас хүн намайг татаад хавирчих шиг болсон.Тэгээд би унахдаа утсаа унагачихсан. Миний мөр мултарсан. Ер нь их амархан мултарчихдаг юм. Тэгээд мөрөө оруулчихаад утсаа хайгаад олоогүй. ******* ахтай хамт нөгөө газраа ирж утсаа хайхад байхгүй байсан. ******* нь миний утасны ижлийг авч өгсөн. Одоо гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэв.

Хохирогч *******ын  мөрдөн байцаалтанд өгсөн “...2018 оны 02 дугаар сарын 20-ны өдөр 20 цагийн орчим Өвөрхангай аймгийн ******* сумын 5 дугаар багт байрлах ******* ресторанд Дашдаваа гэх найзын хамт 1 шил 0,75 литрийн Болор архи хувааж уусан. Тэгээд 00 цагийн орчим ******* ресторанаас гараад Альфа паб руу ганцаараа орсон. Манай найз Дашдаваа Альфа баарны гаднаас надаас салаад явсан. Намайг Альфа бааранд ороход хаах гээд заалныхаа гэрлийг асаасан байхаар нь Альфа пабын баруун хойд талд байх ширээн дээр 3 залуу сууж байхаар нь очоод суусан. Тухайн ширээн 2 дээлтэй залуу, нэг хар малгайтай Хүдрээ гэх залуу сууж байсан. Тэгсэн нэг дээлтэй залуу нь зөөгчөөс нэг шил архи захиалж аваад мөнгийг 4-үүлээ хуваагаад өгчихье гэж хэлсэн. Тэгээд бид 4 архиа хувааж уучихаад байж байхад архи захиалсан залуу надад хэлэхдээ архины мөнгө 5000 төгрөг өгчих гэж хэлэхээр нь би мөнгөө хайгаад олоогүй. Тэгсэн Хүдрээ гэх хар өнгийн саравчтай малгай өмссөн залуу миний өмнөөс 5000 төгрөг өгсөн. Тэгээд Альфа паб хаагаад 2 дээлтэй залуу түрүүлж гарсан, би араас нь гарахад Хүдрээ гэдэг залуу араас гарч ирээд 5000 төгрөгөө авъя гэхээр нь би хүн дуудаад өгье гээд Альфа пабаас ертөнцийн зүгээр хойш алхаж явахад зүүн мөрнөөс татаад хавирч унагаасан. Тэгээд уначихаад харахад Хүдрээ гэх залуу байсан. Би тухайн үед газар унахад миний мөр мултарсан. Миний мөр ерөөсөө мултардаг юм. Хүдрээ гэх залуу намайг хавирч унагаагаад VIP авто угаалгын зүг рүү яваад өгсөн. Би босч ирээд гар утсаа хайхад миний утас байгаагүй. Дараа нь дахиж хүн дуудаад тухайн унасан газраа байхгүй байсан. Миний өмнөөс 5000 төгрөг өгчихөөд араас мөнгө өг гээд нэхээд байсан. Тэгээд тэр залуу намайг мөнгө өгөхгүй болохоор намайг хавирч унагаад миний гар утсыг аваад явсан гэж бодож байна. Тухайн үед би утсаар ярьсан явж байсан юм. Би газар унаад харахад ******* гэх залуу цаашаа хараад явж байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 6-7  хуудас/,

Хохирогч *******ын 2018 оны 05 дугаар сарын 09-ний өдөр мөрдөн байцаалтанд дахин өгсөн”...Намайг ******* руу утсаараа залгаж байхад намайг хавирч унагаад Хүдрээ гэх залуу гүйгээд явсан. Тухайн үед би босч ирээд утсаа хайхад байхгүй байсан. Дараа нь *******ыг дуудаж ирээд утсаа хайхад мөн л миний утас байхгүй байсан, тийм учраас би Хүдрээ гэх хүнийг миний утсыг авсан гэж бодож байна...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 29-30/,

Хохирогч *******ын 2018 оны 03 дугаар сарын 03-ны өдөр мөрдөн байцаалтанд дахин өгсөн”...Би *******ын гэрт очоод *******тай буцаж тухайн газраа очоод гар утсаа хайсан. *******ын утаснаас залгаж үзэхэд миний утас холбогдохгүй байсан. ******* ахад утсаа дээрэмдүүлсэн гэж хэлсэн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 31-32/,

Хохирогч *******ын 2018 оны 07 дугаар сарын 31-ний өдөр мөрдөн байцаалтанд дахин өгсөн”...Тухайн үед би гар утсаараа яриад явж байхад миний араас нэг хүн ирээд баруун талын мөрнөөс татаад хавираад унагаасан. Тэгээд би босч ирээд харахад ******* байсан. Надтай ямар нэг зүйлийн талаар юу ч яриагүй, зүгээр л яваад өгсөн. Тэгээд би босч ирээд гар утсаа унасан газар орчмоор хайсан боловч олоогүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 87/,

Гэрч А.*******ын мөрдөн байцаалтанд өгсөн “...2018 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 00 цагийн орчим гэртээ унтаж байхад Энхбаяр орж ирээд мөр мултарчихлаа, гар утсаа дээрэмдүүлчихлээ гээд орж ирсэн. Тэгээд би мөрийг нь татаж оруулж өгсөн. Тухайн үед Энхбаяр хэлэхдээ намайг хавирч унагаад дээрэмдчихлээ гэхээр нь би тухайн газар утас чинь унасан байж магадгүй, хоёулаа очиж хайя гэж хэлээд ******* сумын 5 дугаар баг Альфа баарны ард талын VIP авто угаалгын залгаа байрлах дугуй засварын орчмоор Э-н утсыг хайгаад олоогүй. Э өөрөө хэлэхдээ би яг энд унасан гээд тухайн газрыг заагаад байсан. Тэгээд Энхбаяр бид 2 харьсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 33-34 хуудас/,

Гэрч Б.Д-н мөрдөн байцаалтанд өгсөн “...2018 оны 02 дугаар сарын 20-ны өдөр 18 цагийн орчим Өвөрхангай аймгийн ******* сумын 06 дугаар багт найз Б.Э-тай очиж уулзсан. Тэгээд Э бид 2 ******* ресторан орж жоохон юм ярьж суухаар болсон. *******д 1 шил 0,75 литрийн Болор архи, 0,5 литрийн нэг нэг пиво авч Б.Э бид 2 хувааж уусан. Тэгсэн Э 23 цагийн орчим нэг хүнтэй утсаар яриад байсан. Надад хэлэхдээ Альфа баар орохоор боллоо. Тэнд хүргээд өг гэж хэлсэн. Э-г би Альфа баарны гадна хүргэж өгөөд явсан. Би Альфа баар луу ороогүй. Э Альфа баар руу орсон. Маргааш нь 12 цагийн орчим Э дээр очиход гар утсаа алдсан цагдаад тэмдэглүүлсэн гэж хэлсэн. Э *******гоос гарахад хар саарал өнгийн iPhone -6 маркийн утастай байсан. Түрүүвчийг нь анзаараагүй. Э *******д тооцоогоо картаа уншуулж хийсэн. Хаанаас гаргаж ирсэн талаар нь анзаарч хараагүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 35 хуудас/,

Гэрч З.П-н мөрдөн байцаалтанд өгсөн “...Би 2018 оны 02 дугаар сарын 19-ний өдөр Өвөрхангай аймгийн Баянгол сумаас ээжийн ахын хүүхэд Х хамтаар Өвөрхангай аймгийн төв рүү золголтоор явсан юм. Өвөрхангай аймгийн төв дээр оччихоод бид хоёр хоёр тийшээ салаад золголтоор явсан. Тухайн үед аймгийн төв дээр манай гэр бүлийнхэн Ц.Ү ахын гэрт байрлаж хоносон юм. Тэгтэл маргааш нь өглөө 10 цагийн орчимд Х нь хаагуур юу хийж явсан нь тодорхойгүй шинжтэй нүүр ам нь хөхөрчихсөн хүнтэй зодоон цохион хийсэн шинжтэй 2 ширхэг iPhone-6 маркийн гар утастай орж ирээд надад нэгийг нь зарья гэхээр нь би сонирхоод гар утасны сим картаа хийж уншуулж үзэхэд дэлгэцний код болон айди код зэргийг нь мэдэхгүй байсан тул буцаагаад би авахгүй гэж хэлээд Х-д өөрт нь өгчихсөн юм. Тэр өдрөө манай гэр бүлийнхэн Улаанбаатар хот руу явсан юм. Тэгэхэд Х нь хамт ирсэн. Бид нар Улаанбаатар хотод шөнийн 11 цагийн орчимд ирсэн. Тэр өдрөө Х нь манайд хоночихоод маргааш нь манай аав ээж хоёр тэрнийг дагуулж гэмтлийн эмнэлэг рүү очиж үзүүлчихээд буцаагаад Өвөрхангай аймгийн автобусанд суулгаж явуулсан. Тэрнээс хойш *******тай уулзаагүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 39-40 хуудас/,

“Юнител” ХХК-ийн 2018 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн №05-01/1924 тоот “ 359304063428398 имэй кодтой утсанд ******** дугаарыг 2018 оны 02 дугаар сарын 21-ний өдөр хийж ашигласан байна. ******** З.П, /хх-ийн 51 хуудас/,

Хөрөнгийн үнэлгээ төслийн “Лэндс” ХХК-ий 2018 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн №02/29 тоот үнэлгээний тайлан /хх-ийн 18-19/, 

Шүүгдэгч Б.Х хувийн байдлыг тодорхойлсон иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-62/,  урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-94/, Өвөрхангай аймгийн Баянгол сумын 3 дугаар багийн Засаг даргын 2018 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 289 дугаартай тодорхойлолт /хх-95/ зэрэг болно.

Дээрх нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх хэрэгт хамааралтай, ач холбогдолтойд тооцож, шүүгдэгчийг яллагдагчаар болон  хохирогч, гэрч нарыг байцаахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, нотлох баримтууд нь агуулгын хувьд зөрүүгүй, нөхцөл байдлыг хангалттай тогтоосон байх тул шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтын хэмжээнд дүгнэлт хийж, шүүгдэгч Б.Х-д холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж дүгнэлээ.

Шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаас үзэхэд шүүгдэгч Б.Х нь 2018 оны 02 дугаар сарын 20-ны өдрөөс 2018 оны 02 дугаар сарын 21-нд шилжих шөнө Өвөрхангай аймгийн ******* сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах "Альфа" гэх баарны хойд талд хохирогч *******ыг хавирч унаган,  iPhone-6 маркийн гар утсыг дээрэмдэж, 500000 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт тогтоогдсон бөгөөд энэ нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна.

Шүүгдэгч Б.******* нь хохирогч  *******т хүч хэрэглэж, iPhone-6 маркийн гар утсыг дээрэмдсэн гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хохирогч ******* /хх-6-7, 29-32, 87/, гэрч ******* /хх-35/, насанд хүрээгүй гэрч ******* /хх-39-40/, гэрч А.******* /хх-33-34/ нарын мэдүүлэг, “Юнител” ХХК-ий 2018 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн №05-01/1924 тоот албан бичиг /хх-51/,  Хөрөнгийн үнэлгээ төслийн “Лэндс” ХХК-ий 2018 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн №02/29 тоот үнэлгээний тайлан /хх-18-19/, шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн хохирогч *******ын мэдүүлэг, шүүгдэгч Б.*******ы үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон, мөрдөн байцаалтын үед гүйцэтгэвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн байна.

Өвөрхангай аймгийн прокуророос шүүгдэгч Б.*******ы үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдсэн нь үндэслэлтэй байна.

Иймд шүүгдэгч ******* овгийн Баярмөнхийн *******ыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж авахаар довтолсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна гэж дүгнэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан шүүх дараах байдлаар хорих ялыг хөнгөрүүлж, ялаас чөлөөлж, албадлагын арга хэмжээ хэрэглэж болно” гэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т “энэ хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг хоёр жилээс дээш, дээд хэмжээг найман жил хүртэл хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол тухайн зүйл, хэсэг, заалтад заасан ялын дээд хэмжээний хоёрны нэгээс хэтрүүлэхгүйгээр, ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй ял оногдуулах” гэж тус тус хуульчилжээ.

Шүүгдэгч Б.******* нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо төлсөн  болох нь шүүх хуралдааны хэлэлцүүлэгт  хохирогч, шүүгдэгч нарын өгсөн мэдүүлэг, хохирогч *******ын шүүхэд ирүүлсэн хүсэлт зэргээр тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч Б.*******д ял шийтгэл оногдуулахдаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэж хохирогчид учруулсан хохирлыг төлсөн, хор уршгийг арилгасан зэрэг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал, шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг нь нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо төлсөн,  гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг тал бүрээс нь харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.*******д 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, шүүгдэгчид оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэх нь зүйтэй  гэж шүүх үзлээ.

Шүүгдэгч Б.Х-д эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Б.Х нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч Б-д 500000 төгрөгийн үнэ бүхий iPhone-6 маркийн гар утсыг авч өгсөн, бусдад төлөх төлбөргүй, хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, хураагдсан бичиг баримтгүй, эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, энэ хэрэгт хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт авагдаагүй болохыг дурьдаж, шүүгдэгч Б.Х-д авсан хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг авч ,

Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдаж, давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Б.Х-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж тус тус шийдвэрлэх нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1,2,3,4, 36.6, 36.7 дугаар зүйлийн 2.1, 2.3, 2.4, 3.1, 36.8 дугаар зүйлийн 1.1, 1.2, 1.6, 4, 5, 36.10 дугаар зүйлийн 1, 36.13, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч ******* овгийн Б.Х-г бусдын эд хөрөнгийг хүч

хэрэглэж авахаар довтолсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******* овгийн Б.Х-г 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих  ялаар шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Х-д оногдуулсан 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

4.Шүүгдэгч Б.Х нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогчид 500000 төгрөгийн хохирол төлсөн, бусдад төлөх төлбөргүй, хохирогч Б.Э нь гомдол саналгүй,  нэхэмжлэх зүйлгүй гэсэн, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйл, бичиг баримт, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй  болохыг тус тус дурьдсугай.

5.Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Х-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн цагдан хорьсугай.

6.Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.

7.Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Б.Х-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.