Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 11 сарын 22 өдөр

Дугаар 897

 

 

 

 

 

 

 

 

    2018         11           22                                     897

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                      

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Оюун даргалж,

 

нарийн бичгийн дарга: Б.Ядмаа,  

улсын яллагч: Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Г.Эрдэмбаатар, 

шүүгдэгч: Н.Дорж, түүний өмгөөлөгч Б.Тэнгис /0518/ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

 

Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д  зааснаар яллах дүгнэлт үйлдэж, ирүүлсэн Доржид холбогдох эрүүгийн 1805 0165 60987 тоот дугаартай, 1 хавтас хэргийг 2018 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн, 1966 оны 2 дугаар сарын 19-ний өдөр Ховд аймгийн Жаргалант суманд төрсөн, 52 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, жолооч, засварчин мэргэжилтэй, ам бүл 3, эхнэр, хүүгийн хамт оршин суух,

1995 оны 2 дугаар сарын 27-ны өдрийн Ховд аймгийн шүүхийн 1/23 дугаар тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 260 дугаар зүйлийн 260.3 дахь хэсэгт зааснаар 8 жил хорих ялаар шийтгүүлж, 1998 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр хугацааны өмнө тэнсэн суллагдсан, Дорж.

 

             Шүүгдэгч Н.Дорж нь 2017 оны 11 дүгээр сарын 29-нөөс 30-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 51 дүгээр байрны 3-9 тоотод гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн, хүргэн Ж.Мөнхийг зодож, түүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.  (яллах дүгнэлтэд дурдсанаар)

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч-Н.Дорж мэдүүлэхдээ:

Би хохирогч Ж.Мөнхийн хадам аав нь юм. Хэрэг гарсан орой би Мөнхийнд байж хүүхдийг нь харж байсан. Тэгээд хүргэнээ “надад ор засаад өг” гэж хэлэхэд тэр надад ганц гудас дэвсэж өгсөн. Тэгээд архи уусан байсан болохоор миний уур хүрээд хүргэнээ цохисон. Бид хоёр маргалдаж байх явцад Мөнх миний дээр гарсан байхаар нь түүнийг авч шидэж, нэг удаа алгадсан. Тэр үед Мөнхд гэмтэл учирсан байх. Мөнх эмчид үзүүлнэ гэж хэлээд надаас 1 900 000 төгрөг авсан. Энэ мөнгийг манай гэр бүлийнхэн өгсөн. Бид нар одоо тусдаа амьдарч байгаа. Хохирогчийн эрүүл мэндийн байдал одоо зүгээр болсон. Энэ үйлдсэн хэрэгтээ гэмшиж, буруугаа ойлгож, хүргэнээсээ уучлалт гуйсан. Цаашдаа дахин ийм үйлдэл гаргахгүй гэв.

 

Мөрдөн байцаалтад хохирогч-Ж.Мөнх мэдүүлэхдээ:

2017 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр гэртээ шөнийн 01 цагийн үед амарч байхад манай хадам аав согтуу, манай гэрт байж байгаад миний толгой, нуруу руу цохиж зодсон. Ямар шалтгаанаар цохиж зодсон талаар сайн мэдэхгүй байна. Надад дургүй байдаг. Муу ажил хийдэг гэх зэргээр байнга л загнаж, зүхдэг. Тэр орой хадам аав намайг заамдаад миний нүүр рүү нулимсан. Би яаж байгаа талаар асуухад юм хэлэлгүй дахин зодсон. Би өөрөөсөө холдуулаад түлхсэн. Тэгсэн дахиад намайг нүүр рүү нулимаад дахин зодсон. Би газарт толгойгоо дараад хэвтэж байтал хөлийнхөө өсгийгөөр толгой дээр дэвсээд миний баруун талын 8 дахь хавирга хугарсан. Би зодоод болсон юм байх гэж бодоод паарны хажуу талд паар налаад сууж байтал гэнэт миний нүүр рүү өшиглөөд би газарт савж унатал миний толгой руу хэд хэдэн удаа дэвссэн. Би гэрээсээ мөлхөж зугтаасан. Гэрээсээ гараад орцонд сууж байтал миний өөрийн аав хүрч ирээд намайг авсан. Тухайн үед би 3 шил пиво уусан байсан. Манай хадам аав юу уусан талаар мэдэхгүй байна. Ер нь өдөр бүр л архи уудаг. Миний нүдний ухархайн доод хана хугарсан, хамрын яс цөмөрсөн, шанааны яс цөмөрсөн, шүдний хэлбэр өөрчлөгдсөн, баруун 8 дугаар хавирга дотогшоо зөрүүгүй хугарсан байсан. Гомдолтой байна. Эмчилгээний зардлаа гаргуулж авах хүсэлтэй байна. Надад биеэ үзүүл гэж 1 900 000 төгрөг өгсөн. Одоо үлдэгдэл 8 100 000 төгрөгийг гаргуулж нүднийхээ хагалгаанд орох шаардлагатай байна.

Ж.Мөнх миний бие өөрийн хадам аав Н.Доржид 2017 оны 11 сарын 29-нөөс 30-нд шилжих шөнө зодуулж, хүндэвтэр зэргийн хохирол амссан үйлдэлд цаашид Н.Доржид ямар нэгэн гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй учир тус хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү. Мөн миний бие ажил ихтэй учир хэргийн материалтай танилцаж шүүх хуралдаанд оролцох боломжгүй гэжээ. (хэргийн 17-18, 65 дугаар хуудас)

 

Мөрдөн байцаалтад гэрч-Д.Ням мэдүүлэхдээ:

Би одоо яг хэдний өдөр гэдгийг нь сайн санахгүй байна.  Шөнийн 23-00 цагийн үед хүү Мөнх 94042323 дугаарын утаснаас дуудлага ирэхээр нь утсыг нь автал Мөнх цаана нь “ааваа болиочээ” гээд ноцолдож зодолдоод байгаа юм шиг уухилсан чимээ гараад байхаар нь би гэрт нь яваад очтол Мөнх байхгүй байсан. Тэгтэл эхнэр нь та энэ бичлэгийг үз гээд надад утсаа өгөхөөр нь наадах чинь яадаг юм, хүүхэд хаана байна гээд буцаагаад өөр рүү нь шидээд 2 өрөөнд орж үзэхэд хүн байхгүй байсан. Тухайн үед хадам аав нь том өрөөний буйдангийн наад талын өнцөгт нь сууж байгаад надтай юм ярих гээд босоод ирсэн. Би хүүхэд хаана байна гээд дахиад асуутал бэр Бямбабаяр дуугарахгүй байхаар гэрээс нь гартал 4-5 давхарын шатны дунд Мөнх өрөөсөн гутлаа тайлаад хажуудаа тавьчихсан өрөөсөн гуталтай, хүрэм нь шатан дээр байсан. Өөрөө өвдөгөн дээрээ хоёр тохойгоо тавиад толгойгоо түшээд сууж байхаар нь “яасан миний хүү гэтэл хадам аав Дорж намайг зодчихлоо” гэсэн. Би Мөнхийг хувцаслаад эд нарт алуулж байхаар явъя гээд шатаар түшиж буулгаад машиндаа суулгаад явж байтал Гурвалжингийн гүүр даваад бөөлжих гээд байна гэхээр нь зогсож бөөлжүүлсэн. Тэр оройдоо гэртээ оруулаад шууд унтуулсан. Маргааш өглөө нь Мөнх толгой өвдөөд бөөлжис хүрээд байна. Хавиргаар хатгаж өвдөөд байна гэхээр нь эмнэлэгт үзүүл гэхэд ганцаараа явж үзүүлсэн. Үдээс хойш нь над руу яриад хавирга болон нүдний аяганы холбоос яс, хамрын мөгөөрс яс хугарсан байна гээд утасдахаар нь эхнэртэйгээ гэмтлийн эмнэлэг дээр очиж Мөнхтэй уулзаж нарийн шинжилгээ өгүүлсэн. Дорж өдөр болгон л согтуу байдаг юм. Тэр өдөр согтуу байсан. Мөнх архи уугаагүй эрүүл байсан гэжээ. (хэргийн 31 дүгээр хуудас)

 

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 2 дугаар сарын 01-ний өдрийн 2020 тоот дүгнэлтэд:

1. Ж.Мөнхийн биед баруун гайморын хөндийн өмнөд болон арын хана, ухархайн доод болон гадна ханыг хамарсан нийлмэл хугарал, гайморын хөндийн шингэн хуралдалт, хамар ясны хугарал, таславчийн мурийлт, тархи доргилт, баруун 8 дугаар хавирганы далд хугарал бүхий гэмтэл учирчээ.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой.

3. Уг гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулах эсэх нь эдгэрэлт, эмчилгээний үр дүнгээс хамаарна гэжээ. (хавтаст хэргийн 33 дугаар хуудас)

     

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсанд:

Н.Дорж нь 1995 оны 2 дугаар сарын 27-ны өдрийн Ховд аймгийн шүүхийн 1/23 дугаар тогтоолоор Эрүүгийн хуулийн 260 дугаар зүйлийн 260.3 дахь хэсэгт зааснаар 8 жил хорих ялаар шийтгүүлж, 1998 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр хугацааны өмнө тэнсэн суллагдсан гэжээ. (хавтаст хэргийн 48 дугаар хуудас)

 

ШҮҮХИЙН ДҮГНЭЛТИЙН ТАЛААР:

 

Шүүгдэгч Н.Дорж нь 2017 оны 11 дүгээр сарын 29-нөөс 30-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 51 дүгээр байрны 3-9 тоотод гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн, хохирогч Ж.Мөнхийг зодож, эрүүл мэндэд нь баруун гайморын хөндийн өмнөд болон арын хана, ухархайн доод болон гадна ханыг хамарсан нийлмэл хугарал, гайморын хөндийн шингэн хуралдалт, хамар ясны хугарал, таславчийн мурийлт, тархи доргилт, баруун 8 дугаар хавирганы далд хугарал бүхий хүндэвтэр хохирол учруулсан нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч Ж.Мөнх, гэрч Д.Ням нарын мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 2 дугаар сарын 01-ний өдрийн 2020 тоот дүгнэлт зэрэг нотлох баримтаар нотлогдож байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, шалгаж, бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзлээ.

 

Хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг нотолсон, мөрдөн байцаалтад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй байна.

 

            Шүүгдэгчид холбогдох хэргийн мөрдөн байцаалтын ажиллагаа бүрэн хийгдсэн, хэргийн талаар нотолбол зохих асуудлуудыг бүрэн шалгасан байна.

Баянгол дүүргийн прокурорын газраас шүүгдэгчид холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д  зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй тул Н.Доржийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хохирогч Ж.Мөнхийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд хуульд заасан ял оногдуулах нь зүйтэй

 

Хохирогч нь өөрт учирсан хүндэвтэр хохирлыг эмчлүүлсэнтэй холбоотой зардлын талаар нотлох баримт хэрэгт гаргаагүй, “гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй Н.Дорж нь эмчилгээний зардалд 1 900 000 төгрөг өгсөн. Би тухайн үед 300 000 төгрөгөөр эмнэлэгт хэвтэхийн өмнө нарийн шинжилгээнүүд хийлгэсэн. 200 000 төгрөгөөр толгойн томографийн зураг авахуулсан. Такси унаанд 200 000 төгрөг өгсөн. 400 000 төгрөг нь бэлэн байгаа. Үлдсэн мөнгийг нь байр, тогны мөнгөнд өгөөрэй гээд эхнэртээ өгсөн. Эмчилгээний баримтууд байхгүй” гэж мэдүүлж байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулахдаа үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа, бусдад төлөх төлбөргүй, хохирогч гомдолгүй байгаа зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1-д “Хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл, хэсэг, заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр таван жил хүртэл хугацаагаар тэнсэж болно” гэж зааснаар шүүгдэгчид хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж шийдвэрлэлээ. 

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдах нь зүйтэй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч Доржийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар шүүгдэгч Н.Доржийг хорих ялыг оногдуулахгүйгээр 1 жил 06 сарын /нэг жил, зургаан сар/ хугацаагаар тэнсэж, түүнд хяналт тавихыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3-т зааснаар Н.Доржид согтууруулах ундаа хэрэглэхийг хориглох хязгаарлалтыг тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4, 5-д зааснаар Н.Дорж нь шүүхээс тогтоосон хязгаарлалтыг зөрчсөн бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулах,

үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ авагдсан хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх уг албадлагын арга хэмжээ авагдсан шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.1 дүгээр зүйлд заасан журмаар ял  оногдуулахыг дурдсугай.

 

5. Хохирогч Ж.Мөнх нь энэ хэргийн улмаас учирсан хүндэвтэр гэмтлээ эмчлүүлэхтэй холбоотой хохирол нэхэмжлээгүй бөгөөд цаашид гарсан эмчилгээний зардлаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.

 

6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, Н.Дорж цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

7. Шүүхийн шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид  урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-т  зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах,

улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Н.Доржид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    Л.ОЮУН