Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 11 сарын 23 өдөр

Дугаар 902

 

 

 

 

 

 

 

 

   2018          11           23                                    902

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Оюун даргалж,

 

нарийн бичгийн дарга: Б.Ядмаа, 

улсын яллагч: Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Г.Ганхөлөг,

шүүгдэгч: В.Од нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Одт холбогдох эрүүгийн 1805 0518 01040 дугаартай хэргийг 2018 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн, 1985 оны 3 дугаар сарын 25-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 33 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн оршин суух Од.

 

  Шүүгдэгч В.Од нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2018 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр Баянгол дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Эко стар” зочид буудалд эхнэр болох иргэн А.Туяатай хувийн таарамжгүй харьцаанаас маргалдаж улмаар А.Туяагийн биед халдаж гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. (яллах дүгнэлтэд дурдсанаар)

            

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч-В.Од мэдүүлэхдээ:

Би хохирогч болох эхнэр Туяагийн эрүүл мэндэд хөнгөн гэмтэл учруулсан буруутай үйлдлээ хүлээн зөвшөөрч байна. Тухайн хэрэг болдог өдөр бид хоёр зочид буудалд хамт байх үед би ээжийнхээ гэр рүү явах гэтэл эхнэр явуулаагүй тул согтуудаа эхнэртээ гар хүрсэн байх. Урьд өмнө нь эхнэртээ гар хүрч, зодож байгаагүй. Эхнэр маань биед учирсан гэмтлээ зориулалтын тос түрхэж эдгээсэн. Өөр ямар нэгэн эмчилгээ хийгээгүй. Би гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэдгээ хүлээн зөвшөөрч байна. Үйлдсэн хэрэгтээ дүгнэлт хийж архи уухгүй гэж бодож байгаа. Бид хоёр эвлэрсэн, бидэнд ямар нэгэн маргаан байхгүй гэв.

Мөрдөн байцаалтад хохирогч-А.Туяа мэдүүлэхдээ:

Би 2014 оноос хойш нөхөр Одтай хамт амьдарч байна. Би 7 настай 1 охинтой. Нөхөр Одтай 2017 оны 9 дүгээр сард гэрлэлтийн баталгаа авсан. 2018 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр ажлын найз Галбаярын хурим болоод тухайн хуримаас 00 цагийн үед гараад нөхөр Од болон бусад 7-8 найзуудын хамт Кюү центерийн караокед орж дуу дуулж, архи ууж сууцгаасан юм. Тухайн караокед манай нөхөр архи уугаад согтсон байсан. Караокеноос 04 цагийн үед гараад Баяраа ах, манай нөхөр Од бид гурав зочид буудал руу алхаж байсан чинь манай нөхөр намайг хэл амаар доромжлоод хөл рүү 1 удаа өшиглөөд, толгой руу 3 удаа цохиход Баяраа ах салгасан юм. Тэгээд бид гурав Баянгол дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Чугана нэртэй зочид буудалд орсон. Тухайн буудалд нөхөр маань Баяраа ахын хамт 1 шил архи хувааж уучихаад Баяраа ах 07 цагийн орчим гараад явчихсан. Түүний дараа би нөхрийг буудалд унт гэж хэлсэн чинь унтахгүй гэж над руу уурлаад, хүзүүг маань боохоор нь би болиоч гэж түлхэж салгаад буудлын өрөөнөөс гарсан чинь араас дагаж гарч ирээд шатан дээр баруун талын хавирга руу 1 удаа, баруун хөлний гуя руу 1 удаа өшиглөсөн. Дараа нь би тухайн буудлын ресепшиний дэргэд ээжийнхээ гэр рүү явна гэхээр нь би хориод байж байтал миний нүүр рүү 1 удаа цохисон. Тэгээд би нөхрийг дийлэхгүй байсан тул за ээж рүүгээ яв гээд явуулсан. Манай нөхөр уучихаараа хэдэн өдрөөр ээжийнхээ гэрт очиж архи ууж хэвтдэг юм. Намайг хааяа цохиж авдаг. Гэхдээ энэ талаар мэдүүлэгтээ тодорхой ярьмааргүй байна. Би 2018 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр надад гаргасан үйлдэлд нь гомдолтой байна. Би нөхрийг гэр рүүгээ явъя гэхэд чамд хамаагүй гээд ээжийнхээ гэр рүү явна гэхээр нь зочид буудалд оруулж унтуулах санаатай явж байгаад зодуулчихлаа. Шүүх эмнэлгийн шинжээчийн 2018 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн 11615 дугаартай дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна. Бид хоёр одоо эвлэрсэн, гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй гэжээ. (хэргийн 5, 25-26 дугаар хуудас)

 

Шүүх шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн 11615 дугаар дүгнэлтэд:

1. А.Туяагийн биед хүзүү, цээж, баруун алга, зүүн бугуйнд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн гуянд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэгээс дээш удаагийн үйлчлэлээр үүснэ.

3. Шүүх эмнэлгийн Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар саринулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.

5. Дээрх гэмтэл нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой гэжээ.  (хэргийн 28 дугаар хуудас)

 

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсанд:

В.Од ял шийтгэгдэж байгаагүй гэжээ. (хэргийн 47 дугаар хуудас)

 

ШҮҮХИЙН ДҮГНЭЛТИЙН ТАЛААР:

Шүүгдэгч В.Од нь архи ууж согтуурсан үедээ 2018 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр Баянгол дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Эко стар” зочид буудалд хохирогч А.Туяатай хувийн таарамжгүй харьцаанаас маргалдаж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн, түүнийг зодож, эрүүл мэндэд нь хүзүү, цээж, баруун алга, зүүн бугуйнд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн гуянд зулгаралт бүхий хөнгөн хохирол учруулсан нь шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч А.Туяагийн мэдүүлэг, Шүүх шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн 11615 дугаар дүгнэлт зэрэг хэрэгт авагдсан бусад нотлох баримтаар тогтоогдож байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, шалгаж, бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзлээ.

Хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг нотолсон, мөрдөн байцаалтад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй байна.

Баянгол дүүргийн прокурорын газраас В.Одт холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн нь үндэслэлтэй тул шүүгдэгчийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял оногдуулах нь зүйтэй.

Шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч, прокурорын сонсгосон ял болон прокуророос түүнийг 600 нэгжтэй тэнцэх хэмжээний 600 000 төгрөгөөр торгох эрүүгийн хариуцлагын саналыг сайн дураар зөвшөөрсөн болно.

Хохирогч нь өөрт учирсан хөнгөн хохирлыг эмчлүүлэхтэй холбоотой хохирол нэхэмжлээгүй бөгөөд гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн тул шүүгдэгчийг бусдад  төлөх төлбөргүй гэж үзэв. 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулахдаа үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа, бусдад төлөх төлбөргүй, хохирогч гомдолгүй байгаа зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.

Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, В.Од цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, өөрийгөө өмгөөлж шүүх хуралдаанд оролцсон болохыг тус тус дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

1. Шүүгдэгч Одыг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т зааснаар шүүгдэгч В.Одыг 600 нэгжтэй тэнцэх хэмжээний 600 000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар В.Од нь торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын 15 /арван таван/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар сольж эдлүүлэхийг мэдэгдсүгэй.

 

4. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, төлөх төлбөргүй болохыг тус тус  дурдсугай.

5. Шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол В.Одт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-т зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол В.Одт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                         Л.ОЮУН