Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 11 сарын 29 өдөр

Дугаар 913

 

 

 

 

 

 

 

 

    2018          11         29                                      913

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Оюун даргалж,

 

нарийн бичгийн дарга: Б.Ядмаа, 

улсын яллагч: Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор С.Батгэрэл,

шүүгдэгч: А.Сүрэн нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Сүрэнд холбогдох эрүүгийн 1805 0580 21152 дугаартай хэргийг 2018 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн, 1990 оны 12 дугаар сарын 21-ний өдөр Хөвсгөл аймгийн Жаргалант суманд төрсөн, 28 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “Сүрэн.

 

Шүүгдэгч А.Сүрэн нь 2018 оны 11 дүгээр сарын 06-наас 11 дүгээр сарын 07-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “Эргэн дурсахуй” шөнийн цэнгээний газрын орчим иргэн Б.Баатарын нүүрэн тус газар нь 2 удаа цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. (яллах дүгнэлтэд дурдсанаар)

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч-А.Сүрэн мэдүүлэхдээ:

2018 оны 11 дүгээр сарын 06-наас 07-нд шилжих шөнө “Эргэн дурсахуй” шөнийн цэнгээний газарт найзуудын хамтаар орсон. Хохирогч Баатар ахтай дотор маргалдсан зүйл байхгүй, гадна маргаан үүссэн. Баарнаас гараад хартал манай найз замын цаана Цогтпүрэвтэй маргалдаж байхаар нь очиж салгах гэтэл Баатар ах ирээд, миний нүүрэн тус газар цохихоор нь эргүүлээд түүнийг цохисон. Манай найз юунаас болж хохирогчтой маргалдсаныг би сайн мэдэхгүй. Хохирогчтой хамт явж байсан эмэгтэйчүүдийг өдөж хоргоосон асуудал байхгүй. Хохирогчийг мөргөж гэмтэл учруулсан нь миний буруу. Хохирогчид эмчилгээний зардал 130 000 төгрөг өгөөд уучлалт гуйсан. Дахиж ийм алдаа гаргахгүй гэв.

 

Мөрдөн байцаалтад хохирогч-Б.Баатар мэдүүлэхдээ:

2018 оны 11 дүгээр сарын 06-07-нд шилжих шөнө 03 цагийн орчим би эхнэр Ариунчимэг, хуурай дүү нар болох Ганцэцэг, Эрдэнэжаргал нарын хамт дөрвүүлээ үйлчлүүлчихээд гэртээ харихаар гарч, гадна үүд хэсэгт нь такси хүлээгээд зогсож байсан чинь 5-6 залуу дагаж гарч ирээд “хамт яваа эмэгтэйчүүдээ өгчих, бид нар авч явж жаргаах гэсэн юм” гэж хэлсэн. Үүнээс болоод бид нарын дунд маргаан гарсан. Маргаан даамжирсаны улмаас цагаан эрээн куртиктэй эрэгтэйтэй заамдалцсан чинь эхнэр Ариунчимэг хамт явсан дүү нар салган машинд суулгасан. Тэгтэл өөрийгөө Бааска буюу Сүрэн гэж хэлээд хашгираад байсан залуу таксинд орж ирэн миний нүүр хэсэг рүү 2 удаа толгойгоороо мөргөсөн. Энэ үед миний хамраас цус гарсан. Тэгтэл эхнэр Ариунчимэг цагдаа дуудсан. Надтай маргалдсан хүмүүс зугтахаар нь би хойноос нь хөөж, намайг мөргөсөн Сүрэн гэх залууг барьж, цагдаагийн байгууллагад хүлээлгэж өгсөн. Намайг цайвар өнгийн куртиктай залуутай бие биенийгээ заамдан зогсож байхад Сүрэн дундуур орохоор нь би шанаа хэсэг рүү нь нэг удаа гараараа цохисон. Энэ үед эхнэр Ариунчимэг салгаад намайг машинд суулгасан чинь араас Сүрэн ирээд миний нүүрэн тус газар мөргөсөн. Өөр ямар нэгэн шалтгаан байхгүй. Би Сүрэнтэй сайн дурын үндсэн дээр эвлэрсэн. Мөн надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ. (хэргийн 14-15 дугаар хуудас)

 

Мөрдөн байцаалтад гэрч-Б.Гэндэн мэдүүлэхдээ:

2018 оны 11 дүгээр сарын 06-07-нд шилжих шөнө би найз Сүрэн, Энхболд, Цогтпүрэв, Тогмид нарын хамт тавуулаа “Эргэн дурсахуй” бааранд орж үйлчлүүлчихээд 03 цагийн орчим гарч явсан чинь хохирогч Баатар гурван эмэгтэйн хамт явж байсан. Бид нар гэр гэртээ харих зорилгоор такси барих гэж байсан чинь Баатар ямар шалтгаанаар болохыг мэдэхгүй байна, “хөдөөний оркууд минь харь” гэж хэлэхээр нь Энхболд та хамт яваа гурван хүүхнээрээ гэртээ хүргүүл гэж хэлсэн. Гэтэл Баатар зам хөндлөн гарч ирээд бид нартай маргалдсан. Нэг харсан чинь Баатар Цогпүрэвтэй заамдалцаж байсан. Энэ үед Сүрэн очсон чинь Баатар нүүр хэсэг рүү нь нэг удаа цохисон. Тэгтэл бид нар болон Баатарын хамт явсан эмэгтэйчүүд салгаад Баатарыг машинд суулгасан. Сүрэн Баатарын араас машин руу нь очиж байгаа харагдсан бөгөөд нэг мэдсэн чинь Баатар хамраа барьчихсан Сүрэнг чи намайг мөргөдөг хэн бэ гээд хашгираад байсан. Тухайн үед Баатарын хамраас цус гарч байсан. Удалгүй цагдаа ирээд Сүрэнг аваад явсан. Баатар, Цогтпүрэв хоёрыг салгах гээд Сүрэн очсон чинь Сүрэнгийн нүүрэн тус газар Баатар гараараа нэг удаа цохисон. Түүнээс болоод Сүрэн Баатарын нүүрэн тус газар мөргөсөн гэжээ. (хэргийн 41-42 дугаар хуудас)

 

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 13381 тоот дүгнэлтэд:

1. Б.Баатарын биед хамрын нурууны цус хуралт, зулгаралт, дээд уруулд зулгаралт, зөөлөн эдийн няцрал, уруулын салстад язрал, цус хуралт, зүүн нүдний зовхинд цус хуралт, хүзүүнд зулгаралт, тархи доргилт гэмтэл тогтоогдлоо.  

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн тус бүр нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Дээрх гэмтэл нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой

4. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй гэжээ. (хэргийн 17 дугаар хуудас)

 

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсанд:

А.Сүрэн ял шийтгэлгүй гэжээ. (хэргийн 27 дугаар хуудас)

 

                                                ШҮҮХИЙН ДҮГНЭЛТИЙН ТАЛААР:

 

Шүүгдэгч А.Сүрэн нь 2018 оны 11 дүгээр сарын 06-наас 11 дүгээр сарын 07-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “Эргэн дурсахуй” шөнийн цэнгээний газрын орчим хохирогч Б.Баатарын нүүрэн тус газар 2 удаа цохиж, эрүүл мэндэд нь хамрын нурууны цус хуралт, зулгаралт, дээд уруулд зулгаралт, зөөлөн эдийн няцрал, уруулын салстад язрал, цус хуралт, зүүн нүдний зовхинд цус хуралт, хүзүүнд зулгаралт, тархи доргилт бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч Б.Баатар, гэрч Б.Гэндэн нарын мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 13381 тоот дүгнэлт зэрэг хэрэгт авагдсан бусад нотлох баримтаар тогтоогдож байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, шалгаж, бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзлээ.

 

Хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг нотлосон, мөрдөн байцаалтад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй болно.

 

Иймд А.Сүрэнг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй.

 

Хохирогч нь өөрт учирсан хөнгөн хохирлыг эмчлүүлэхтэй холбоотой толгойн томографийн зураг авахуулсан 120 000 төгрөгийн баримтыг нотлох баримтаар гаргаж өгсөн боловч “би А.Сүрэнд зодуулж гэмтсэн боловч бид сайн дурын үндсэн дээр эвлэрсэн, гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэсэн хүсэлт гаргасан тул шүүгдэгчийг бусдад  төлөх төлбөргүй гэж үзэв. 

 

Шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, прокурорын сонсгосон ял болон түүнийг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний 450 000 төгрөгөөр торгох эрүүгийн хариуцлагын саналыг сайн дураар зөвшөөрч байна.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, А.Сүрэн өөрийгөө өмгөөлж шүүх хуралдаанд оролцсон болохыг тус тус дурдах нь зүйтэй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

           

1. Шүүгдэгч Сүрэнг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч А.Сүрэнг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний 450 000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар А.Сүрэн нь торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын 15 /арван таван/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар сольж эдлүүлэхийг мэдэгдсүгэй.

 

4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, А.Сүрэн цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч Б.Баатар гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдсугай.

 

            5. Шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-т  зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах,

улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол А.Сүрэнд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    Л.ОЮУН