Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 12 сарын 06 өдөр

Дугаар 939

 

 

 

 

 

 

 

 

    2018         12          06                                      939

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                      

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Оюун даргалж,

 

нарийн бичгийн дарга: Б.Ядмаа,  

улсын яллагч: Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Т.Оюунжаргал, 

хохирогчийн өмгөөлөгч: Ж.Батбаяр /1888/,

иргэний хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Г.Лувсандамба,

шүүгдэгч: Д.Зоригт, түүний өмгөөлөгч Н.Цэрэндаваа /2300/ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

 

Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж, ирүүлсэн Зоригтод холбогдох эрүүгийн 1803 0047 00893 тоот дугаартай, 1 хавтас хэргийг 2018 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн, 1958 оны 12 дугаар сарын 14-ний өдөр Өвөрхангай аймгийн Тарагт суманд төрсөн, 60 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, Зоригт.

 

Шүүгдэгч Д.Зоригт нь 2018 оны 5 дугаар сарын 26-ны өдөр Баянгол дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт орших “Хэрлэн буян” ХХК болон “Хүнс Экспресс” ХХК-ийн хашаан дотор “Баянгол шинэ өргөө” ОНӨААТҮГ-ын эзэмшлийн “Daewoo F3DEF” маркийн, 63-34 УНӨ улсын дугаартай, хог ачих зориулалттай автомашиныг хог ачих зорилгоор жолоодож, ухрах үйлдэл хийх үедээ ачигч Б.Доржийг дайрч, эрүүл мэндэд нь хүнд хохирол болгоомжгүйгээр учруулсан гэмт хэрэг холбогджээ. (яллах дүгнэлтэд дурдсанаар)

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч-Д.Зоригт мэдүүлэхдээ:

Тэр өдөр ажлаа дуусгаад буух гэж байтал “Хүнс экспресс” ХХК-ийн ажилтан “манай хогийг ачаад өгөөч” гэж гуйсан тул хогийг нь ачих гэж хойшоо ухарч байхдаа Доржийг мөргөж, биед нь гэмтэл учруулсан. Өөрийн гэм бурууг бүрэн ойлгож байна. Энэ залуугийн биеийг эрүүл болгох талаар анхаарч мөрдөн байцаалтад 2 427 000 төгрөг төлсөн. Сая түлээ, нүүрсийг нь авч өгсөн. Мөн 1 300 000 төгрөг өгсөн. Хойшид эмчилгээний зардал гарвал төлнө.

Тэр осол болсон хашаанд машинаа тавих гэж байхдаа сахар маань ихсээд байхаар буулгах гэж 1 лааз пиво уусан юм. Үйлдсэн хэрэгтээ гэмшиж байна гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт иргэний хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч-Г.Лувсандамба мэдүүлэхдээ:

Би мөрдөн байцаалтад өгсөн иргэний хариуцагч Батнямын мэдүүлэгийг дэмжиж байна. Манай байгууллагын хөдөлмөрийн дотоод журамд ажилтанд гачигдал гарсан тохиолдолд захирлын тушаалаар тусламж дэмжлэг үзүүлдэг. Батням нь хохирогчид 500 000 төгрөгийн тусламж өгсөн гэж мэдүүлсэн байна. Гэхдээ энэ талаар нотлох баримт байхгүй болохоор байгууллагаас тусламж өгсөн эсэх, хохирогчийг эргэж тойрсон эсэхийг би мэдэхгүй. Манай байгууллага хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа хариуцсан мэргэжилтэнтэй тул өдөр бүр жолооч, ачигч нарт аюулгүй ажиллагааны зааварчилгаа өгдөг. Хог ачих зориулалттай автомашины хойно байгаа зүйлийг жолооч харахад хязгаарлагдмал. Манай ажилтнууд шөнө болон өдрөөр ээлжлэн ажилладаг ба Д.Зоригт хуваарийн дагуу ажиллаж байсан. Ажлын ачаалал энэ гэмт хэрэг гарахад нөлөөлсөнийг үгүйсгэхгүй. Хохирогч Доржид үйлдвэрлэлийн ослын акт тогтоосон тул энэ талаарх баримтыг нийгмийн даатгалын хэлтэст явуулсан гэв.

 

Мөрдөн байцаалтад хохирогч-Б.Дорж мэдүүлэхдээ:

  2018 оны 5 дугаар сарын 26-нд өглөө 09 цагт Зоригт жолоочтой 63-34 УНӨ улсын дугаартай, “DAEWOO” маркийн автомашинтай ажилд гарсан. Өдөр 16 цагийн орчимд байгууллагын хашаанд очсон. Тэгээд машины гараашийн үүдэнд хэсэг хог байхаар нь машинд ачихаар би хойд талд нь хойшоогоо хараад 2 ширхэг хайрцаг авах гээд явж байсан. Надтай хамт ачигч байсан. Зоригт машинтайгаа хойшоогоо ухарч байсан. Тэгтэл гэнэт машин ухарч ирээд, миний урдаас мөргөхөд би төмөр бетон хашлагад хавчуулагдсан. Тэгээд “машинаа урагшлуулаач ээ” гээд орилсон. Машин урагшаагаа хөдлөхөд би газар унасан. Намайг ард нь байгааг жолооч мэдсэн үгүйг би мэдэхгүй. Ачигч Шинэбаяр мэдэж байсан. Би 1 метр өндөртэй бетонд хавчуулагдсан. Осол байгууллагын хашаанд болсон. Тухайн өдөр Зоригт бид хоёр өглөөнөөс хойш хамтдаа явсан. Ажил дуусаад машинаа хашаан дотор тавьсан юм.

Би Улсын нэгдсэн 1 дүгээр эмнэлгийн хэвлийн гэмтлийн тасагт 8 хоног хэвтэж эмчлүүлээд 2018 оны 8 дугаар сарын 12-ны өдөр эмнэлгээс гарсан. Одоогоор биеийн байдал тааруу, хагалгаа хийлгүүлээд хэвлий нээлттэй тул марлиар ороочихсон байгаа. Мөн давсгандаа шээсний гуурс тавиастай, өөрөө бие засаж чадахгүй байдалтай байна. Цаашид эмчийн хяналтанд эм тариа хэрэглэх шаардлагатай ч мөнгөний боломжгүйгээс зарим эм тариагаа авч чадахгүй байна. Байгууллагаас одоогоор харж хандсан зүйлгүй, анх эмнэлэгт хэвтэхэд ажилчдаас тусламж, дэмжлэг болгож 300 000 төгрөг надад өгсөн. Эмчилгээ хийлгээд эрүүл мэндийн байдал хэвийн байдалд орох эсэхийг одоогоор тодорхой мэдэхгүй байна. Жолооч Зоригт тэр өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байснаас болж намайг мөргөж гэмтээсэнд гомдолтой байна. Жолооч Зоригт тэнд байнга хог ачдаг учраас осол гарсан газарт буюу тэр өдөр машинаа зогсоосон газрын ард цементэн тавцан байдгийг сайн мэднэ. Тийм байж намайг мөргөж гэмтээсэнд гомдолтой байна. Мөн надаас уучлалт гуйгаагүй, намайг эмнэлэг дээр байхад миний хагалгааны төлбөрийн 650 000 төгрөгийг төлж өгсөн боловч дахиж мөнгө төгрөг өгч чадахгүй гэсэн. Мөн надтай уулзахгүй байгаа. Миний эмчилгээг зохих түвшинд хийлгүүлээд биеийн байдлыг эрүүл, хэвийн болгоод өгөөч гэж Зоригтоос хүсэх байна гэжээ. (хэргийн 11-12, 62 дугаар хуудас)

 

Мөрдөн байцаалтад гэрч-Д.Шинэбаяр мэдүүлэхдээ:

Би 2018 оны 5 дугаар сарын 25-наас 26-нд шилжих шөнө хамт ажилладаг ачигч Дорж, хог ачдаг том оврын “DAEWOO” машины жолооч нарын хамт шөнө 02 цагт ажлаа хүлээж аваад, гэрээт байгууллагуудынхаа хогийг ачиж ажиллаад, 2018 оны 5 дугаар сарын 26-ны өдөр ажлаа үргэлжлүүлж, 17 цагт ажлаас буух гэж байсан юм. Тэгээд хамгийн сүүлд манайхаар хогоо ачуулдаг Баянгол дүүргийн 11 дүгээр хорооны “Хүнс экспресс” компани руу очоод Зоригт жолооч хашаанд байрлах агуулахын наад талд Дорж бид хоёрыг буулгаад машинтайгаа хөдлөх үед нь би хашааны хаалганы орчим унасан байсан хоосон цаасан хайрцагийг авч, хог ачдаг машины арын бункер руу хийчихээд агуулах руу алхаад явж байх хооронд Дорж буцаж машинд суугаад агуулахын үүд рүү очсон байсан ба улмаар машины ар талд хог ачих гээд хоосон цаасан хайрцаг авах гэж байхад нь Зоригт жолооч хог ачдаг машинаа арагш ухраахдаа Доржийг харалгүй мөргөчихсөн байсан. Гэнэт хүн орилохоор нь би Дорж руу гүйгээд очтол Дорж агуулахын үүдэнд зогсож байгаа машины ар талд газарт хэвтчихсэн өмд нь цус болчихсон байсан. Тэр компанийн хүмүүс 103-т мэдэгдсэн байх. Мөн Доржийн ар гэрийнхэн ч ирсэн. Удалгүй түргэн ирээд Доржийг аваад явахаар нь би хамт гэмтэл рүү очсон. Дорж тэнд анхны тусламж аваад шууд эмнэлэгт хэвтсэн. Дорж бид хоёр согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй, жолооч согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн эсэхийг мэдэхгүй. Чинзориг жолооч 2018 оны 5 дугаар сарын 26-ны өдөр Дорж бид хоёртой хамт өдөр 14-15 цагийн орчим машинтайгаа Ганц худгийн тэнд байдаг бааз руу очиж түлш аваад, замаа тойрчихоод “Хүнс экспресс” ХХК руу очсон болохоор машин тэргээ шалгуулсан. Тэр өдөр хэвийн байсан. Харин архи уусан эсэхийг тэр өдөр шалгаагүй. Би уг нь Зоригт жолоочийг хог ачих бүрт байнга машиных нь хажуу талд гарч зогсоод зүг чиг заагаад машиныг нь ухраадаг юм. Тэгэхгүй болохоор манай хог ачдаг машин том оврынх болохоор хойно нь хүн байгаа тохиолдолд хоёр талын толинд нь харагддаггүй юм. Тэр үед би өөр тийшээ хараад явж байсан болохоор Зоригт жолооч ганцаараа ухрах үйлдэл хийхдээ Доржийг харахгүй мөргөчихсөн бололтой байна. Би энэ жолоочтой олон жил хамт ажиллаж байгаа болохоор машинд нь зүг зааж, ухрааж өгдөг байсан. Тэр өдөр би анхаарал сарниагүй байсан бол арай ч ийм зүйл болохгүй байсан. Өмнө нь осол болсон “Хүнс экспресс” компанийн хашаанаас 3 удаа хог ачиж байсан. Жолоочийн машинаа зогсоосон газрын ард цементэн тавцан байдаг гэдгийг Зоригт ах мэднэ. Би ч мэднэ гэжээ. (хэргийн 88-89 дүгээр хуудас)

 

Мөрдөн байцаалтад гэрч-Б.Цэрэндаваа мэдүүлэхдээ:

Миний бие “Хүнс экспресс” ХХК-д механикаар ажилладаг бөгөөд манай компани “Хэрлэн буян” ХХК-иас тухайн хашаанд байдаг агуулахуудын нэгийг нь түрээслэж үйл ажиллагаа явуулдаг юм. 2018 оны 5 дугаар сарын 26-ны өдөр манай “Хүнс экспресс” ХХК агуулахынхаа шалны цутгалтыг хийж байхад хашаанд “Баянгол шинэ өргөө” ХХК-ийн хог ачдаг машин зогсож байсан. Уг нь манайх их хэмжээний хог гарвал өөрсдөө машинаараа ачаад авчихдаг, бага зэргийн хогоо Зоригт ах болон бусад ээлжийн жолооч нарыг тус хашаанд ирэх үед ачуулдаг байсан юм. Тэр өдөр намайг агуулах дотор ажиллаж байхад 16-17 цагийн орчим агуулахын үүдний бетон довжооны орчим хүмүүс орилолдоод “хүн хавччихлаа, урагшлаач ээ” гэсэн дуу гараад байхаар нь би агуулахаас гарахад Зоригт жолоочийн машины ард нэг ачигч залуу нь хог ачих гэж ороод санамсаргүй машинд мөргүүлчихсэн гээд газарт уначихсан дээшээ хараад хэвтэж байсан. Зоригт жолооч хэлэхдээ яг ард ороод зогсчихсон байх юм гэж хэлж байсан. Ачигч залуу машиных нь яг ард зогсчихсон байсан болохоор жолооч толиндоо хараагүй гэсэн. Манай хог агуулахын үүдний орчим байрлах бараа буулгах зориулалттай бетон довжооны хажуу талд задгай ил байсан юм. Уг нь тэр хог ачдаг машины жолооч ажил нь дуусах үед манай “Хэрлэн буян” ХХК-ийн үйл ажиллагаа явуулж байгаа хашаанд машинаа тавьдаг болохоор би Зоригт жолоочид хэлээд агуулахын үүдэнд байсан хогийг ачуулах гэж байтал ийм асуудал болсон байсан. Зоригт гуай ажлаас буух гэж байгаа бололтой машин дотороо байхад нь би манай хогийг аваадах гэж гуйсан нь үнэн гэжээ. (хэргийн 91 дүгээр хуудас)

 

Мөрдөн байцаалтад гэрч-Д.Хажидсүрэн мэдүүлэхдээ:

...2018 оны 5 дугаар сарын 26-ны өдөр Зоригт 16-17 цагийн орчим над руу нэлээд сандарсан байдалтай утсаар яриад “би хүн мөргөчихлөө, нөгөө хүнийг нь түргэн ирээд аваад явсан. Би араас нь явлаа” гэж хэлсэн. Тухайн үед би нөхрийгөө тайвшруулаад “тайван бай” гэж хэлээд гэмтлийн эмнэлэг дээр очиход Зоригт сандраад тамхи сороод хаяад байсан ба сахар ихсээд өнөөдөр ганц пиво уучихсан шүү гэж хэлж байсан. Эрүүл мэндийн талаар Зоригт нь чихрийн шижин өвчтэй, үе үе сахар нь ихсээд ирэх үед бага зэрэг буулгах үүднээс ганц нэг пиво уучихаар ам цангалтыг нь багасгаж өгдөг юм болов уу гэж би ойлгодог. Зоригтын өөрийнх нь яриагаар “28 дугаар сургуулийн ард байршилтай том гражтай хашаанд ажлаа хийж байгаад машинтайгаа арагшаа ухрах үед Дорж гэдэг ачигч нь Зоригтын машины ард хог авах гэж очсон байхдаа машин ухрахыг анзааралгүй машиных нь ард хавчуулагдсан, уг нь хамт ажилладаг хоёр ачигчийн хэн нэг нь жолоочдоо дохиж өгдөг юм” гэсэн. Зоригт сүүлд нь хэлэхдээ тэр хашаанд машинаа тавьдаг, тэр өдөр машинаа тавьчихаад буух гэж байтал нэг байгууллагын хүн хэсэг хог ачуулахаар болоод түүнийг нь ачих гэж байхад нь ийм асуудал болсон байсан. Ачигч Доржийг эрүүл мэндээрээ хохирч гэмтэлд хэвтэснээс хойш Зоригтын зүгээс 2 500 000 орчим төгрөгийг хохиролд цувуулж өгсөн гэжээ. (хэргийн 92 дугаар хуудас)

 

Мөрдөн байцаалтад гэрч-Х.Нарантуяа мэдүүлэхдээ:

2018 оны 5 дугаар сарын 26-ны өдөр амралтын өдөр байсан бөгөөд намайг гэртээ байхад 16 цаг 30 минутын орчим миний хүү Б.Доржтой хамт ажилладаг “Баянгол шинэ өргөө” ХХК-ийн жолооч Зоригт мобикомын 95751511 дугаараас миний эзэмшлийн 88354446 дугаарт залгаж надтай яриад “би таны хүү Доржийг 28 дугаар сургуулийн арын хашаанд машинаар мөргөчихлөө, Дорж ээжийг дууд гээд байна” гэж хэлэхээр нь би 10-20 минутын дараа такси бариад 28 дугаар сургуулийн ард байрлах осол болсон гэх хашаанд нь очсон. Намайг очиход миний хүү Дорж тус хашаанд газарт дээшээ хараад хэвтчихсэн уйлаад байсан ба удалгүй түргэн ирээд Доржийг үзээд, түргэний тэргээр гэмтлийн эмнэлэг хүргэхэд нь би хамт явсан. Гэмтлийн эмнэлгийн хүлээн авахад эмч нар Доржийг үзэхэд төмсөг нь арьснаасаа бүлтийгээд гараад ирчихсэн, шээсний сүвний орчим язарсан байсан ба эмч нар төмсөгийг нь цааш нь чихэж оруулж, оёдол тавиад, рентген зураг авахуулсан. Доржийг аарцаг яс хугарч, шээсний сүв тасарсан байна, хагалгаанд оруулна гээд мэс заслын тасагт хэвтүүлж, Дорж тэр өдөртөө хагалгаанд орсон. Хагалгааны дараа Доржийн биеийн байдал сайнгүй, шээсний сүвэндээ катетартай байж байгаад түүнийгээ авахуулаад одоогоор давсагандаа катетартай долоо хоноод улсын 1 дүгээр эмнэлэгийн урологийн тасагт очиж үзүүлж катетараа шинээр солиулж байгаа. Миний хүү Дорж бие дааж явж чадахгүй, хэвтрийн байдалд байна. Цаашид эрүүл мэндийн байдал дээрдэх эсэх нь одоогоор тодорхойгүй, мөн эрүүл мэндээрээ хохирсоны улмаас эмчилгээний зардал болон цаашид шаардлагатай байгаа төлбөрийг буруутай талаас яаралтай гаргуулах шаардлагатай байна. Намайг осол болсон гэх газарт очиход жолооч Зоригтоос согтууруулах ундааны зүйл бага зэрэг үнэртэж байсан. Би Зоригтоос яагаад ийм осол болчихвоо гэж асуухад Зоригт тухайн үед манай нөгөө ачигч өөр тийшээ харчихсан, би машины цонхоо хаачихсан байсан болохоор машинаа ухраахдаа санамсаргүй Доржийг мөргөөд Дорж орилохыг сонсоогүй гэж хэлсэн. Зоригт гуайн зүгээс Доржийг гэмтэлд анх хагалгаанд ороход 700 000 төгрөг, мөн ээж Нарантуяаг нь зээл төлөхөд 220 000 төгрөг, хоол хүнсний зардалд 200 000 төгрөг, эм авахад 20 000 төгрөг, эмнэлгийн ор хоногийн тооцоонд 84 000 төгрөг, гар утасны нэгж ав гэж 20 000 төгрөг, таксины мөнгө 20 000 төгрөг, боолт хийлгэхэд 16 000 төгрөг, шүүх эмнэлгийн үзлэгийн төлбөрт 8 000 төгрөгийг төлсөн. Хэн хариуцаж төлсөнийг мэдэхгүй байна. Дараа нь Доржийн шарх идээлээд 2018 оны 7 дугаар сард 1 дүгээр эмнэлэгт хэвтэхэд Зоригт гуай 65 000 төгрөгөөр бэхэлгээ бүс авч өгсөн. Мөн 16 500 төгрөгөөр элэг хамгаалах эм, 20 000 төгрөгөөр ариун наалт, өвчин намдаах эм 5 200 төгрөгөөр, дуслын систем 28 500 төгрөгөөр авч өгсөн. Бусад тооцоог баримтгүй болохоор мэдэхгүй байна гэжээ. (хэргийн 94-95 дугаар хуудас)

 

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн 7000 тоот дүгнэлтэд:

1. Б.Доржийн биед аарцаг ясны эрвээхэй хэлбэрийн хугарал, давсагны урагдал, шээсний сүвний тасрал, хуухнаг, тээрхийн шарх, баруун гуя, умдагны цус хуралт, хэвлийн хагалгаа хийгдсэн байдал тогтоогдоо. 

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Уг гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.15, 3.1.12-т зааснаар учрах үедээ амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эдгэрэлт, эмчилгээний үр дүнгээс хамаарна.

5. Уг гэмтэл нь тухайн хэргийн нөхцөлд үүссэн байх боломжтой гэжээ. (хавтаст хэргийн 16 дугаар хуудас)

     

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсанд:

Д.Зоригт ял шийтгүүлж байгаагүй гэжээ. (хавтаст хэргийн 117 дугаар хуудас)

ШҮҮХИЙН ДҮГНЭЛТИЙН ТАЛААР:

 

Шүүгдэгч Д.Зоригт нь Баянгол шинэ өргөө” ОНӨААТҮГазарт хог тээврийн жолоочоор ажиллаж байхдаа тус газрын  эзэмшлийн “Daewoo F3DEF” маркийн, 63-34 УНӨ улсын дугаартай хог ачих зориулалттай автомашиныг жолоодож байхдаа 2018 оны 5 дугаар сарын 26-ны өдөр Баянгол дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт орших “Хэрлэн буян” ХХК болон “Хүнс Экспресс” ХХК-ийн хашаан дотор  хог ачих зорилгоор ухрах үйлдэл хийхдээ хохирогч Б.Доржийг мөргөж, түүний эрүүл мэндэд нь аарцаг ясны эрвээхэй хэлбэрийн хугарал, давсагны урагдал, шээсний сүвний тасрал, хуухнаг, тээрхийн шарх, баруун гуя, умдагны цус хуралт бүхий хүнд хохирол болгоомжгүйгээр учруулсан нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч Б.Дорж, гэрч Д.Шинэбаяр, Б.Цэрэндаваа, Д.Хажидсүрэн, Х.Нарантуяа нарын мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн 7000 дүгнэлт, 2018 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн Зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, зам тээврийн осол, хэрэг үзлэгээр тогтоосон байдал, осол хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч, 06287 тоот өвчний түүх зэрэг хэрэгт авагдсан бусад нотлох баримтаар тогтоогдож байна.

 

 Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, шалгаж, бэхжүүлсэн тул хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзлээ.

 

Хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг нотолсон, мөрдөн байцаалтад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй байна.

 

            Шүүгдэгчид холбогдох хэргийн мөрдөн байцаалтын ажиллагаа бүрэн хийгдсэн, хэргийн талаар нотолбол зохих асуудлуудыг бүрэн шалгасан байна.

Баянгол дүүргийн прокурорын газраас шүүгдэгчид холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дүгээр зүйлийн 1-д  зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй тул Д.Зоригтийг хүний эрүүл мэндэд хүнд хохирол болгоомжгүйгээр учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуульд заасан ял оногдуулах нь зүйтэй.

 

Хохирогч нь өөрт учирсан хүнд хохирлыг эмчлүүлсэнтэй холбоотой 861 122 төгрөгийн нотлох баримтыг хэрэгт гаргаж өгчээ.

Шүүгдэгч нь Доржийг Гэмтлийн эмнэлэгт хагалгаанд орох, эмнэлгийн ор хоногийн тооцоо хийх, боолт хийлгэж, эм тариа авах, хоол хүнс авах, ээж Нарантуяагийн зээл төлөхөд нь дэмжлэг үзүүлэх зэргээр мөрдөн байцаалтад 2 427 300 төгрөг төлсөн ба шүүхийн шатанд 1 300 000 төгрөг төлсөн тул түүнийг хохирогчид учирсан гэм хорын хохиролд 3 727 300 төгрөгийг төлсөн гэж үзэв.

Хохирогч Б.Дорж нь энэ хэргийн улмаас учирсан гэмтлээ эмчлүүлэхэд цаашид гарсан эмчилгээний зардлаа шүүгдэгчээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэх эрхтэй ба Д.Зоригт цаашид гарсан эмчилгээний зардлыг нь нөхөн төлөхөө илэрхийлсэн болно.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа болгоомжгүй гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа, учруулсан хор уршигийг төлсөн зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1-д “Хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл, хэсэг, заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр таван жил хүртэл хугацаагаар тэнсэж болно” гэж заасныг баримтлан шүүгдэгчид хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж шийдвэрлэх нь зүйтэй.   

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, 102527 дугаартай В, C, D, Е ангиллын жолооны үнэмлэхийг шүүхэд ирүүлсэн болохыг тус тус дурдав.

 

“Баянгол шинэ өргөө” ОНӨААТҮГазар Б.Доржийг ажлын байран дээр ажил үүргээ гүйцэтгэж байхдаа осолд орсон гэж 2018 оны 6 дугаар сарын 04-ний өдөр үйлдвэрлэлийн ослын акт тогтоосон тул хохирогч Хөдөлмөрийн тухай хуулийн 97 дугаар зүйлийн 97.1.1-д заасан “үйлдвэрлэлийн осол, хурц хордлого, мэргэжлээс шалтгаалсан өвчний улмаас хөдөлмөрийн чадвараа 30 хувь хүртэл алдсан ажилтанд 5 сар, 31-50 хувь алдсан ажилтанд 7 сар, 51-70 хувь хүртэл алдсан ажилтанд 9 сар, 71 хувиас дээш алдсан ажилтанд 18 сарын цалингийн дундажтай тэнцэх хэмжээний нөхөн төлбөрийг нэг ба түүнээс дээш удаа” ажил олгогчоос нөхөн төлбөр жич нэхэмжлэх  эрхтэй.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 1-дГэмт хэрэг үйлдсэн хүний нийтийн албанд ажиллах, мэргэжлийн үйл ажиллагаа явуулах, эсхүл бусад тодорхой эрхийг нэг жилээс найман жил хүртэл хугацаагаар хориглохыг эрх хасах ял гэнэ”,

2-т “Шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан оногдуулсан үндсэн ял дээр нэмж эрх хасах ялыг оногдуулж болно. Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд эрх хасах ялыг заавал оногдуулна”,

мөн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1-дХууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, эсхүл бусад болгоомжгүй үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан бол нэг жил хүртэл хугацаагаар эрх хасаж зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж тус тус заажээ.

Хуулийн дээрх заалтуудад эрх хасах ялын хугацааг зөрүүтэй заасан боловч шүүх тусгай ангийн нарийвчилсан зохицуулалтыг хэрэглэж, шүүгдэгчийн жолоочоор ажиллах эрхийг 10 сараар хассан болно.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч Зоригтийг хүний эрүүл мэндэд хүнд хохирол болгоомжгүйгээр учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Д.Зоригтийг жолоочоор ажиллах эрхийг 10 сарын /арван сар/ хугацаагаар хасаж, хорих ялыг оногдуулахгүйгээр 1 жилийн /нэг жил/ хугацаагаар тэнсэж, түүнд хяналт тавихыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5, 3 дахь хэсгийн 3.3-т зааснаар Д.Зоригт нь  оршин суух газраа өөрчилсөн бол хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргийг түүнд хүлээлгэж,

Д.Зоригтод согтууруулах ундаа хэрэглэхийг хориглох хязгаарлалтыг тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4, 5-д зааснаар Д.Зоригт нь шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулах,

үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ авагдсан хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх уг албадлагын арга хэмжээ авагдсан шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.1 дүгээр зүйлд заасан журмаар ял  оногдуулахыг дурдсугай.

 

5. Хохирогч Б.Дорж нь энэ хэргийн улмаас учирсан хүнд гэмтлээ эмчлүүлэхтэй холбоотой цаашид гарсан эмчилгээний зардлаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.

 

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3-т зааснаар Д.Зоригтын жолоочоор ажиллах эрхийг 10 сарын хугацаагаар хассан нэмэгдэл ялын хугацааг хорих ял оногдуулахгүйгээр үүрэг хүлээлгэсэн үеэс тоолсугай.

 

7. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, Д.Зоригт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүйг тус тус дурдаж,

102527 дугаартай В, C, D, Е ангиллын жолооны үнэмлэхийг Шийдвэр гүйцэтгэх байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслахад даалгасугай.

 

8. Шүүхийн шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид  урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-т  зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах,

улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Д.Зоригтод авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    Л.ОЮУН