Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 10 сарын 05 өдөр

Дугаар 185

 

Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Цэцэгээ даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Галбадрах,

Улсын яллагч У.Анхжаргал,

Шүүгдэгч Д.Н нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Өвөрхангай аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн ******* овгийн Д.Н-д холбогдох эрүүгийн 1826002730204 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, ******* овгийн Д.Н

Үйлдсэн хэргийн талаар:

Шүүгдэгч Д.Н нь 2018 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 11 цагийн орчимд Өвөрхангай аймгийн ******* сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэр “*******” гэх газар иргэн О.Б-н нүүрэн тус газар чулуугаар цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүгдэгч Д.Н  шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:

Хохирогч О.Б-н мөрдөн байцаалтанд өгсөн “...Би 2018 оны 06 дугаар сарын 13-ний өдөр 11 цагийн үед ажил дээрээ байж байхад манай ажлаас ойрхон шороон дээр хүмүүс овоороод байхаар нь очсон чинь, Н,  А, Н-н хүү Д  нар болон  танихгүй 5-6 хүн байсан. Би очоод мэнд мэдээд хүмүүсийн доод талд А-н хажууд суусан. Тэр хүмүүс 1 шил 0.75 литрийн “Ерөөл” нэртэй архи уугаад дуусах гэж байсан. Надад жижиг сэнжтэй аягаар 2 удаа архи хийж өгсөн. Би тэр архийг нь уусан. Хажууд сууж байсан А-тай юм яриад сууж байсан чинь миний өөдөөс хараад байсан Н гэх хүн чанга чанга дуугараад юм яриад байсан. Гэнэт миний нүүрэнд тас гээд хатуу зүйл цохьсон. Би доошоо тонгойгоод нүүрээ гараараа дарсан. Миний зүүн нүдний дээд талаас цус гараад тогтохгүй байсан. Би нэг хэсэг манарсан байсан. Тэгээд хэн цохьчихвоо гэсэн чинь Н би цохьсон чамайг алнаа гээд л орилоод байсан. Н-н хүү нь хориод байх шиг байсан. Тэр үед манай эхнэр уурхайн машинтай ирсэн. Тэгээд би ******* сумын эмнэлэг явсан. Эмнэлэг дээр очиход миний зүүн нүдний дээд хэсэгт 4 оёдол тавьсан. Би тэр хүмүүс дээр очихоос өмнө 2 хундага архи уусан байсан.Тэр өдөр болон урьд өмнө нь Н-тай хэрэлдэж маргалдаагүй. Би Н-с нилээд зайтай сууж байсан. Н нэлээд согтуу байсан. Юунаас болж намайг цохьсныг мэдэхгүй. Н өмнө нь 5 дугаар сарын сүүл үед манай уурхай дээр согтуу ирээд манай захирлыг буудна, манай газрыг ухаад гээд 2 удаа ирж агсан тавьж байсан. Намайг тэр уурхайд ажилладаг болохоор л намайг зодсон байх. Бид хоёрт өмнө ямар нэгэн өш хонзон байхгүй. Би гомдолтой байна. Толгой өвдөөд ажлаа хийж чадахгүй байнгын өвчин намдаах эм, даралтын эм ууж байна. Эмнэлэгт хэвтэх шаардлагатай гэсэн. Мөнгө төгрөг байхгүй эмнэлэгт хэвтэж чадахгүй байна. Эм тарианы нэхэмжилнэ” гэсэн мэдүүлэг /хх-ийн 20-21 хуудас/,

Гэрч О.С-н мөрдөн байцаалтанд өгсөн "...Тухайн өдрийн өглөө манай нөхөр машинд засвар хийж байгаад 10 цагийн үед гал тогооны гэрт очиж ирээд би хойшоо оччихоод ирье, хүмүүс том алт олсон гэнэ гээд гараад явсан. Тэгээд 12 цагийн үед миний гар утас руу тэнд шороо угааж байсан Б гэх хүн залгаад танай нөхрийн чинь тархийг нь хага цохьсон байна. Цус нь тогтохгүй байна, хүрээд ир гэхээр нь би уурхайн дарга У-н хамт машинтай очсон. Намайг очиход Б-н зүүн нүдний дээд талаас нь цус гараад байсан. Хажууд нь А, М-н эхнэр У, О нар цусыг нь алчуураар арчаад байсан. Мандах би чиний нөхрийг цохьсон гээд орилоод байсан. Би тэгээд М-н эхнэр У, А нарыг авч яваад цусыг нь арилгахаар явсан. Би уурхай ороод хоолыг нь хийчихээд буцаад М-д ирж Б-г аваад сумын төв орж эмнэлэгт очин боолт хийлгэж, толгойд нь 4 ширхэг оёдол тавиулсан..." гэсэн мэдүүлэг /хх-ийн 6-7 хуудас/,

Гэрч О.О-н мөрдөн байцаалтанд өгсөн “...Би өдрийг нь сайн санахгүй байна. Би өглөө 10 цаг өнгөрч байхад эхнэр У-н хамт шороо угаахаар *******ын нүхэн дээр очсон чинь хүмүүс том алт олсон гээд А, Д, Т нар байсан. М тасраад унтаад өгсөн байсан. Т эхнэрийн хамт яваад өгсөн. Тэгээд би хүмүүсийн хажууд очиж суусан. Тэгээд 0.5 л Ерөөл архи 2 ширхэг, 2.5 литртэй Сэрүүн нэртэй пиво 3 ширхэг байсан. Надад архи хийж өгсөн, би архийг нь уусан. Удалгүй Б урдаас ганцаараа алхаад ирсэн. Тэгээд миний өөдөөс хараад суусан. Тэгээд 1 шил архи уугаад дуусаж байхад М ирсэн. Тэгээд намайг хоёулаа уулзъя гээд дуудахаар нь би босоод очсон. Намайг чи муу чацга яагаад байгаа юм гээд 2 удаа алгадаад толгойгоороо 1 удаа шанаанд мөргөсөн. Би та яагаад байна, би Ц байна шүү дээ гэсэн чинь өө уучлаарай ахын дүү гээд намайг үнссэн. Тэгээд тэр хүмүүс дээр очоод суусан. Тэгтэл М Б-с хэрүүл гуйгаад байсан. Би хажуугийн хүнтэй юм яриад хажуу тийшээ хараад сууж байсан чинь А М ах хүний толгой хагалчихлаа гэхээр нь эргээд хартал Б-н толгойн хэсгээс цус гараад тогтохгүй байсан. Би тэнд байсан бүтэн шил архиар Б-н толгойг угааж цэвэрлэсэн. Тэгээд цусыг нь тогтоогоод байж байсан чинь Б-н эхнэр ирсэн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 15-16 хуудас/,

Гэрч О.Б-н мөрдөн байцаалтанд өгсөн “...Би өглөө *******ын нүхэн дээр ус авахаар очиход хүмүүс нүхэн дээр  овоороод байсан ба намайг А дуудсан. Намайг очиход Ц эхнэрийн хамт, Х, эхнэрийн хамт, Т, А нар байсан. Тэнд архи, пиво ууж байсан. А надад сумын төв ороод 2 пиво, 1 шил архи аваад ир гээд мөнгө өгсөн. Би сумын төв явсан. Би сумын төвөөс 2 пиво, 1 шил архи аваад буцаад ирэхэд Б ахын зүүн нүдний дээд хэсэгт хагарчихсан цус гараад байж байсан. А М-г хориод зогсож байсан. Би М яагаад ингэж байгаа юм гэсэн чинь А намайг чи хүнтэй маргах хэрэггүй гэхлээр нь би больсон. Б ахыг гэрт нь хүргэж өгсөн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 17-18 хуудас/,

Өвөрхангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 403 дугаартай шинжээчийн:

1.Үзүүлэгч О.Б-н биед тархи доргилт, зүүн хөмсөгт шарх, зүүн нүд, зүүн хөмсөгний гадна хэсэг, зүүн хацрын төвгөр, уруулын баруун хэсэг, багана нуруу, бүсэлхий нуруу, баруун гарын тохой, баруун гарын бугалга хэсэгт зулгаралт, цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2.Үзүүлэгч О.Б-н бие архаг хууч өвчтэй талаарх эмнэлгийн бичиг баримт болон бусад нотлох баримт ирүүлээгүй.

3.Дээрх гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй бөгөөд амь насанд аюул учруулахгүй.

4.Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар саринуулах тул Шүүх эмнэлгийн

гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэсэн дүгнэлт /хх-ийн 23 хуудас/,

Шүүгдэгч Д.Н-н хувийн байдлыг тодорхойлсон иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-35 хуудас/,  урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-37 хуудас/, Өвөрхангай аймгийн ******* сумын 3 дугаар багийн Засаг даргын 2018 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 392 дугаартай тодорхойлолт /хх-39 хуудас/,

Шүүгдэгч Д.Н-с хохирогч О.Б-д 540000 төгрөг төлсөн Хаан банкны 2018 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн мөнгөн шилжүүлгийн баримт,

Хохирогч О.Б-н 2018 оны 10 дугаар сарын 04-ний өдөр шүүхэд ирүүлсэн “Д.Н-с 540000 төгрөгийг дансаар авсан тул гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй” гэсэн хүсэлт зэрэг болно.

Дээрх нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх хэрэгт хамааралтай, ач холбогдолтойд тооцож, шүүгдэгчийг яллагдагчаар болон  хохирогч, гэрч нарыг байцаахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, нотлох баримтууд нь агуулгын хувьд зөрүүгүй, нөхцөл байдлыг хангалттай тогтоосон байх тул шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтын хэмжээнд дүгнэлт хийж, шүүгдэгч Д.Н-д холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж дүгнэлээ.

Шүүх хуралдаанаар шинжлэн судласан нотлох баримтуудаас үзэхэд шүүгдэгч Д.Н нь 2018 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 11 цагийн орчимд Өвөрхангай аймгийн ******* сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэр “*******” гэх газар иргэн О.Б-н нүүрэн тус газар чулуугаар цохиж, түүний эрүүл мэндэд “тархи доргилт, зүүн хөмсөгт шарх, зүүн нүд, зүүн хөмсөгний гадна хэсэг, зүүн хацрын төвгөр, уруулын баруун хэсэг, багна нуруу, бүсэлхий нуруу, баруун гарын тохой, баруун гарын бугалга хэсэгт зулгаралт, цус хуралт” бүхий хөнгөн хохирол учруулсан үйл баримт тогтоогдсон бөгөөд энэ нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна.

Шүүгдэгч Д.Н нь хохирогч О.Б-н  эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хохирогч О.Б /хх-20-21/, гэрч О.С /хх-6-7/, гэрч О.О /хх-15-16/, гэрч О.Б /хх-17-18/ нарын мэдүүлэг, Өвөрхангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 403 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-23/, шүүгдэгч Д.Н-н шүүх хуралдааны хэлэлцүүлэгт үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон, мөрдөн байцаалтын үед гүйцэтгэвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн байна.

Өвөрхангай аймгийн прокуророос шүүгдэгч Д.Н-н үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдсэн нь үндэслэлтэй байх тул шүүгдэгч ******* овгийн Д.Н-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна гэж дүгнэв.

Шүүгдэгч Д.Н нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, шүүгдэгч, хохирогч нар нь хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан бөгөөд прокуророос уг хүсэлтийг хүлээн авч хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай тогтоол гарган, яллах дүгнэлт, ялын санал үйлдэж хэргийг шүүхэд ирүүлжээ.

Шүүгдэгч Д.Н нь ял шийтгүүлж байгаагүй,  хохирогчид 540000 төгрөгийг төлсөн, бусдад төлөх төлбөргүй болох нь хохирогч О.Б-н шүүхэд ирүүлсэн хүсэлт, шүүгдэгч Д.Н-с хохирогч О.Б-н дансанд 540000 төгрөгийг шилжүүлсэн Хаан банкны 2018 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн орлогын баримт, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-37/ зэргээр тогтоогдож байна.

Шүүгдэгч Д.Н нь бусдад төлөх төлбөргүй, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ял, хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон болох нь хавтаст хэрэгт авагдсан шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшиж байна, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэсэн хүсэлт, хохирогчийн хүсэлт, эрүүгийн хариуцлагын төрөл хэмжээний талаарх прокурорын саналтай танилцаж зөвшөөрсөн талаарх баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өгсөн мэдүүлэг, шинжлэн судалсан баримтуудаар тогтоогдож байна.

Шүүх эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүгдэгч Д.Н-н тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо нөхөн төлсөн зэрэг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2-д заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болон түүний хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, прокурорын ялын саналыг  харгалзан түүнд 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000 төгрөгөөр торгох ял оногдуулж, уг торгох ялыг 2 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож шийдвэрлэх нь зүйтэй байна.

Шүүгдэгч Д.Н-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг шүүгдэгч Д.Н-д мэдэгдэж,

Шүүгдэгч Д.Н нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогчид 540000 төгрөг төлсөн, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, хураагдсан бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн, энэ хэрэгт хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт авагдаагүй болохыг тус тус дурьдаж, шүүгдэгч Д.Н-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлж,

Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдаж, давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Н-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж тус тус шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2, 4, 17.5 дугаар зүйлийн 1, 5, 6, 7, 8, 9, 36.2 дугаар зүйлийн 1,2,3,4, 36.6, 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.6, 4, 5, 36.10 дугаар зүйлийн 1, 36.13, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ******* овгийн Д.Н-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан  гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* овгийн Д.Н-г 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000 /дөрвөн зуун тавин мянган / төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Н-д оногдуулсан 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялыг 2 сарын хугацаанд тус бүр 225000 /хоёр зуун хорин таван мянга/ төгрөгөөр хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Н-д шүүхээс оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдсүгэй.

5. Шүүгдэгч Д.Н нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч О.Б-д 540000 төгрөг төлсөн, бусдад төлөх төлбөргүй, хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн,  хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, хураагдсан бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, энэ хэрэгт хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт авагдаагүй болохыг тус тус дурьдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд  шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Н-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Д.Н-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.