Улсын дээд шүүхийн Тогтоол

2020 оны 11 сарын 11 өдөр

Дугаар 654

 

Д.Д-д холбогдох эрүүгийн

хэргийн тухай

 

Улсын Дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Амарбаясгалан, С.Батдэлгэр, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор А.Оюунгэрэл, шүүгдэгч Д.Д, түүний өмгөөлөгч М.Мэндбаяр, Э.Түмэнбаяр, М.Ганзориг, хохирогч нарын өмгөөлөгч О.Сарантуул, Р.Цэрэнханд, нарийн бичгийн дарга Э.Бадамдорж нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

 

Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 145 дугаар цагаатгах тогтоол, Булган аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 39 дугаар магадлалтай, Д.Д-д холбогдох 1915000010291 дугаартай эрүүгийн хэргийг Булган аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Э.Гантулгын бичсэн эсэргүүцэл, хохирогч нарын өмгөөлөгч О.Сарантуул, Р.Цэрэнханд нарын хамтран гаргасан гомдлыг үндэслэн 2020 оны 10 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч, шүүгч Ч.Хосбаярын танилцуулснаар хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн, 1985 оны 06 дугаар сарын 10-ны өдөр төрсөн, 35 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, малчин, урьд ял шийтгэлгүй, Л овогт Д.Д нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүнийг алах” гэмт хэрэгт холбогджээ.

 

Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.Д-д холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  34.19 дүгээр зүйлийн 1.1-д заасан гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгаж,

Д.Д-н эзэмшлийн Honda SR-V загварын 04-74 БУА улсын дугаартай тээврийн хэрэгслийг битүүмжилсэн тогтоолыг хүчингүй болгож,

Энэ хэргийн улмаас 29 хоног цагдан хоригдсон болох, мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 6-д зааснаар өөрт учирсан хохирлоо арилгуулахаар гомдол гаргах эрхтэйг тус тус дурдаж” шийдвэрлэсэн байна.

 

Булган аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүх цагаатгах тогтоолыг хэвээр үлдээж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ж.У, хохирогч С.Б, түүний өмгөөлөгч О.Сарантуул, Р.Цэрэнханд нарын гаргасан гомдол, прокурорын бичсэн эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

 

Хяналтын шатны шүүхэд Булган аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Э.Гантулга бичсэн эсэргүүцэлдээ “...цагаатгах тогтоолыг хэвээр үлдээсэн магадлал нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн. Хэрэг учрал болох цаг хугацаанд буюу 2018 оны 12 дугаар сарын 18-наас 19- нд шилжих шөнө талийгаач Д.Б-ын гэрт 10 том хүн 1 хүүхэд нийт 11 хүн байсан нь мөрдөн шалгах ажиллагаагаар тогтоогддог. Дээрх 10 хүн бүгд архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн, согтолт ихтэй байсан ба зодоон болох явцад гэр дотор н.Ж байхыг хэн нэгэн хүн хараагүй талаар гэрчүүд бүгд мэдүүлдэг. Харин Д.Б-н эхнэр болох М.О шүүхийн хэлэлцүүлгийн шатанд болон мөрдөн шалгах ажиллагааны үед гэрчээр өгсөн мэдүүлэгтээ “...С.Л эгч намайг гэрээс чирээд гаргахад ...гэрийн зүүн урд хэсэгт, гэрээс 4-5 метрийн зайтай /шүүхийн хэлэлцүүлэгт 10 орчим метр зайтай гэж/ н.Ж, Д.Б 2 барьцалдаад авсан хашгиралдаад байсан...” талаар мэдүүлдэг. Энэ мэдүүлэг нь гэрч С.Лхагвасүрэнгийн мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...н.О-г гэрээс гаргахад буцаад ороод ирсэн ...н.О-г гэрээс чирээд гаргасан, буцаад ороод ирсэн ...би цуг гарсан тэгэхэд гэрийн гадна хүн байсан эсэхийг хараагүй. Гэрийн гадна хүн амьтан маргалдсан зүйл болоогүй гэж бодож байна... энэ хугацаа удаан үргэлжлээгүй. н.Ж, Д.Б 1 гараад хэсэг байж байгаад орж ирэхдээ ямарч хэрүүл маргаан, зодоон цохион хийсэн зүйлгүй орж ирсэн... энэ асуудал зодоон болохоос өмнө болсон...” гэж мэдүүлсэн нь бусад гэрч нарын мэдүүлсэн зодоон болохоос өмнө н.Ж, талийгаач Д.Б нар гарсан болохыг тодорхой зааж байгаа ба М.О-н мэдүүлэгтэй зөрчилдөж байна.

Мөн гэрт зодоон болж бүгд бужигнасан байдалтай байсан талаар гэрчүүд мэдүүлж өөр өөрсдийн харснаар талийгаачийг зуухны урд хэвтэж байсан, сууж байсан талаар мэдүүлж байгаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “...хэргийн талаар өөрийн мэдэх зүйлийг үнэн зөвөөр мэдүүлэх” үүргийн дагуу мэдүүлсэн байна гэж үзэх үндэслэлтэй байна. Өөрөөр хэлбэл гэрчүүд бүгд талийгаачийг ямар байдалтай байсныг өөр өөрсдийн харсан зүйлийн талаар л мэдүүлсэн нь мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд өөрчлөгдсөн зүйлгүй байна. Харин насанд хүрээгүй гэрч Т.О хэрэг учрал болох үед гэрийн зүүн талын орон дээр унтаж байгаад сэрээд орон дээр суусан дараа нь орны өмнө босож зогссон талаар улсын яллагчийн асуусан асуултанд тодорхой хариулсаар байтал шүүх энэ талаар огт дүгнэлт хийлгүйгээр өмгөөлөгч нарын хөтөлсөн асуултанд ач холбогдол өгсөн нь тогтоолын үндэслэл болгосон хэсэгт тодорхой харагдаж байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухай шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж хуульчилсан байхад шүүх “нууцын баримтан”-д авагдсан Д.Д, М.О нарын харилцан ярианд шууд дүгнэлт хийж, мөрдөн шалгах ажиллагаанд дарамталсан, айлган сүрдүүлж мэдүүлэг авсан болон тогтоогдож байна гэж дүгнэсэн нь учир дутагдалтай байна. Насанд хүрээгүй гэрч Т.О-с мөрдөгч мэдүүлэг авахдаа ялз чанагчны тагийг ямар эх сурвалжийг шалгаж уг асуултыг тавьсан болох нь, мөн насанд хүрээгүй гэрчийн мэдүүлэг үнэн зөв гэж үнэлэхэд ч эргэлзээ төрүүлж байна гэсэн нь гэрч С.Л-н 2018 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 2 дахь мэдүүлэгт “...Талийгаачийг харахад зүүн нүд нь хөхөрч хавдсан байсан ба шууд зуухны урд очоод сөхрөөд сууж байхыг харсан. Тэр үед гэрийн үүдэнд Д.Д битүү чанагчны тагийг баруун гартаа бариад зогсож байсан...” гэж мэдүүлсэн, мөн энэ талаар ч улсын яллагчийн зүгээс шүүхийн хэлэлцүүлгийн шатанд удаа дараа хэлсээр байтал шүүх огт үнэлэлгүйгээр хэт нэг талыг барьж үндэслэлгүйгээр нууцын баримтанд тулгуурлаж дүгнэсэн байна.

Хэргийн газрын үзлэгийн явцад талийгаачийн өмсөж байсан түрийтэй хос гутал, цагаан, шаргал өнгө хосолсон гэрийн хөшиг, цагаан өнгийн фудболк, цагаан өнгийн гэрийн гадна бүрээс зэрэг эд зүйл, угаалтуурын төмөр, төмөр халуун сав, ногоон өнгийн хуванцар сав, битүү чанагч, тагны хамт хураан авч шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэн рүү шинжээч томилсны дагуу 2019 оны 12 дугаар сарын 05-ны өдөр №5669, №5843 дугаартай дүгнэлтүүд гарч шинжилгээнд явуулсан эд зүйлсийг хүлээн авсны дараа буюу 2020 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр эд мөрийн баримтаар тооцсон нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 23.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.7 дахь хэсэгт заасан шаардлагыг хангасан байгаа нь мөрдөн шалгах ажиллагааг нөхөж үйлдсэн гэх үндэслэл тогтоогдохгүй байхад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчиж, шүүгдэгчийг цагаатгасан нь үндэслэлгүй байна. Иймд цагаатгах тогтоол, магадлалыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь хэсэгт заасан үндэслэлээр тус тус хүчингүй болгуулж, дахин хэлэлцүүлэхээр шүүхэд буцаалгахаар, мөн хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1.2, 2 хэсгийг тус тус баримтлан прокурорын эсэргүүцэл бичив” гэжээ.

 

Мөн шүүхэд хохирогчийн өмгөөлөгч О.Сарантуул, Р.Цэрэнханд нар нь “...магадлалыг эс зөвшөөрч гомдол гаргаж байна. Уг хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг бүрэн гүйцэт тогтоогоогүй. Хэрэгт хохирогч н.У-н толгой руу н.О төмрөөр цохисон н.О н.П-г сандлаар цохисон талийгаач Д.Б-г хэвлий цээж рүү өшиглөсөн гэрийн эд хогшлыг тавагтай идээ авч шидэх, сандлаар Д.Д талийгаачийг өшиглөж байгаа, гэрийн эд зүйлийг авч шидэж гэрийн гадаа гараад алаад өгье гэж хашгирч байгаа зэрэг үйлдлүүдийг н.О, Д.Д нар хийгээд байгаа нь гэрч н.О, хохирогч н.У, н.Л нарын мэдүүлгээр нотлогддог. Нэгэнт ийм дүр зураг, үйл явдал тогтоогдож байхад үүнийг яагаад хуульд нийцүүлэн шалгахгүй орхиж байгаа нь хэргийг шалгах ажиллагаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр бүлэгт тусгагдсан зарчмууд, тэдгээрийн агуулгад нийцэхгүй байгаа тул хууль ёсны гэж тооцох боломжгүй юм.

Анхан болон давж заалдах шатны шүүхийн дүгнэлт нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй, хэргийн бодит байдалтай нийцээгүй. Харилцан зөрүүтэй гэж дүгнэсэн нотлох баримтын нэгийг авахдаа нөгөөг нь үгүйсгэсэн тухай үндэслэлээ заагаагүй. Нотлох баримтуудыг няцаан үгүйсгэсэн үндэслэлийг логик дэс дараалалтайгаар бичсэний дараа шүүхийн тогтоолд дурдсан дүгнэлт хэргийн шинж байдалтай нийцсэн эсэхийг давж заалдах шатны шүүх зөв тогтоож чадаагүй. Анхан шатны шүүхийн дүгнэлтийн хүрээнд дүгнэлт хийсэн. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлийн 2-т заасан шүүх, прокурор нь нотлох баримтыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэт бодит байдлаар хянаж үзсэний үндсэн дээр үнэлнэ. Мөн зүйлийн 3-т заасан нотлох баримтын эх сурвалжийг магадлах аргаар шалгана гэснийг зөрчсөн. Тухайн үед М.О, Д.Д нар бие биенийхээ үйлдлийг дэмжин бусдын эрх чөлөөнд халдаж, эд зүйлийг нь эвдэж бусдын амгалан тайван байдлыг алдагдуулсан үйлдлийг хуульд нийцүүлж шалгахгүй орхисон. Өөрөөр хэлбэл, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тогтоогоогүй нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил болно. Иймд цагаатгах тогтоол, магадлалыг хүчингүй болгож, хэргийг прокурорт буцааж өгнө үү” гэсэн агуулга бүхий гомдлыг хамтран гаргажээ.

 

Шүүх хуралдаанд хохирогч нарын өмгөөлөгч О.Сарантуул хэлсэн саналдаа “Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 145 дугаар цагаатгах тогтоол, Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 39 дүгээр магадлалыг эс зөвшөөрч хяналтын журмаар гомдол гаргасан. Шүүх хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн. Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн үйл баримт, бодит байдлыг зөв тогтоож чадаагүй. Хэрэгт авагдсан яллах талын нотлох баримтыг хэрхэн няцаан үгүйсгэсэн дүгнэлтийг анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолд бүрэн тусгаагүй. Харин давж заалдах шатны шүүх зөвхөн анхан шатны шүүхийн дүгнэлтийн хүрээнд хэргийг хянасан. Анхан шатны шүүх цагаатгах тогтоол гаргахдаа үйл баримтын талаар 3 өөр дүгнэлт хийсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг зөрчсөн. Давж заалдах шатны шүүх Д.Д амь хохирогчийг өшиглөсөн үйлдлийн талаар огт дүгнэлт хийгээгүй. Шүүх гэрчүүдийн мэдүүлгийн зөрүүтэй байдлыг арилгаагүй буюу үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хууль ёсны дагуу явагдаагүй гэж үзэх үндэслэлтэй. Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт зааснаар хэргийг прокурорт буцааж өгнө үү” гэв.

 

Мөн хохирогч нарын өмгөөлөгч Р.Цэрэнханд шүүх хуралдаанд хэлсэн саналдаа “цагаатгах тогтоол, магадлал нь хууль зүйн үндэслэлгүй гарсан. Анхан шатны шүүхийн цагаатгах тогтоол нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлийн 1.1, 1.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангаагүй буюу хэрэгт авагдсан нотлох баримтууд, прокурор, иргэдийн төлөөлөгч, өмгөөлөгчийн дүгнэлтийг хэрхэн няцаасан үндэслэлийг хангалттай заагаагүй. Иймд хэргийг дахин шалгуулахаар прокурорт буцааж өгнө үү. Амь хохирогч гаднын нөлөөтэй нас барсан болох нь тодорхой бөгөөд насанд хүрээгүй гэрч Т.О хэргийн талаар тууштай мэдүүлсээр ирсэн” гэв.

 

Хяналтын шатны шүүх хуралдаанд хяналтын прокурор А.Оюунгэрэл гаргасан хууль зүйн дүгнэлтдээ “Шүүгдэгч Д.Д бусдыг санаатай алах гэмт хэргийг үйлдсэн болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон. Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ нотлох баримтыг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчиж цуглуулсан гэж жагсаан бичиж, прокурорын дүгнэлт болон насанд хүрээгүй гэрчийн мэдүүлгийг няцаан үгүйсгэсэн үндэслэлээ цагаатгах тогтоод тодорхой тусгаагүй байна. Иймд хэргийн бодит байдалд нийцээгүй цагаатгах тогтоол, магадлалыг хүчингүй болгуулахаар бичсэн прокурорын бичсэн эсэргүүцлийг дэмжиж байна” гэв.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч М.Мэндбаяр хэлсэн саналдаа “Анхан шатны шүүхийн цагаатгах тогтоол, давж заалдах шатны шүүхийн магадлал хуульд заасны дагуу үндэслэл бүхий шийдвэр болсон. Иймд цагаатгах тогтоол болон магадлалыг хэвээр үлдээж өгнө үү” гэв.

 

Мөн шүүгдэгчийн өмгөөлөгч Э.Түмэнбаяр хэлсэн саналдаа “Хохирогч нарын өмгөөлөгчийн гаргасан гомдол болон прокурорын бичсэн эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож, цагаатгах тогтоол, магадлалыг хэвээр үлдээх саналтай байна. Анхан болон давж заалдах шатны шүүх хэрэгт авагдсан баримтууд, гэрчүүдийн мэдүүлгийг үнэлэх боломжгүй талаар хууль зүйн тодорхой дүгнэлт хийсэн. Тиймээс анхан шатны шүүхийн цагаатгах тогтоол, давж заалдах шатны шүүхийн магадлал нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан байна” гэв.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч М.Ганзориг хэлсэн саналдаа “Мөрдөгч, прокурорын зүгээс хэрэгт шалгагдвал зохих бүхий л ажиллагааг хийхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчиж хийсэн ажиллагаа багагүй бий. Анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолд насанд хүрээгүй гэрчийн мэдүүлгийг үнэлж болохгүй үндэслэлийг тодорхой дурдсан буюу Т.О-н мэдүүлгийг магадлах аргаар үнэлсэн боловч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэг заасан шаардлагыг хангаагүй. Анхан болон давж заалдах шатны шүүхийн нотлох баримтыг үнэлэх ажиллагаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлд заасан журмын дагуу явагдсан. Хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаасан ч Д.Д-г яллах нотлох баримт хэрэгт байхгүй. Мөн шат шатны прокурорууд хэргийг оролцогчдын гомдлоор хянаж байсан. Тийм учраас хэрэгт нэмэлт ажиллагаа хийх хууль зүйн үндэслэлгүй. Иймд гомдол, эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож, цагаатгах тогтоол, магадлалыг хэвээр үлдээж өгнө үү” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Хяналтын шатны шүүх хуралдаанаар хохирогчийн өмгөөлөгч О.Сарантуул, Р.Цэрэнханд нарын хамтран гаргасан гомдол, Булган аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Э.Гантулгын бичсэн эсэргүүцлийг үндэслэн Д.Д-д холбогдох хэргийг хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу анхан болон давж заалдах шатны шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянав.

 

2018 оны 12 дугаар сарын 18-наас 19-нд шилжих шөнө Д.Д нь Булган аймгийн Бугат сумын 3 дугаар багийн нутаг “Баруун бэрх” гэх газарт цуг архи ууж байсан хүмүүстэй маргалдах явцдаа Д.Б-н толгойн тус газарт битүү чанагчийн тагаар цохиж, хөлөөр өшиглөж гавал тархины битүү гэмтэл учруулан алсан гэх хэргийн мөрдөн шалгах ажиллагаа бүрэн биш явагдсан, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоогоогүй, хэрэгт цугласан нотлох баримтын хүрээнд хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй байна гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

 

Анхан шатны шүүх хэргийг хянаад Д.Д-н гэм бурууг тогтоох нотлох баримт хангалтгүй талаар үндэслэл бүхий дүгнэлт хийсэн атлаа хэргийн нотлох баримт нь хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй эсэхэд дүгнэлт өгөхгүйгээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг баримтлан Д.Д-г цагаатгаж, улмаар давж заалдах шатны шүүх уг цагаатгах тогтоолыг хэвээр үлдээж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэл муутай болжээ.

 

Өөрөөр хэлбэл, энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хэргийн бодит байдлыг эргэлзээгүй тогтоож чадаагүй, мөн хуулийн 16.2 дугаар зүйлийн 1.1, 1.2, 1.6 дахь заалт буюу гэмт хэргийн нотолбол зохих байдал хангалттай нотлогдоогүй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан зохицуулалт нь мөрдөгч, прокуророос хэргийн нөхцөл байдлыг тал бүрээс нь бүрэн шалгаж, хэрэгт шаардлагатай бүх ажиллагааг хийсний эцэст яллагдагч, шүүгдэгчийн гэм буруутай эсэх талаар эргэлзээ үүсвэл гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр цагаатгаж шийдвэрлэх тухай байтал мөрдөн байцаалтыг гүйцэт биш явуулсны үр дагаварт бий болсон эргэлзээг шүүгдэгчид ашигтай байдал гэж тайлбарлах нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэнд тооцогдоно.

 

Иймд дээрх үндэслэлээр прокурорын эсэргүүцлийн зарим хэсэг, хохирогчийн өмгөөлөгч нарын гомдлыг бүхэлд нь хангаж, цагаатгах тогтоол, магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг прокурорт буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.3-т заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

 

1. Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 145 дугаар цагаатгах тогтоол, Булган аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 39 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож, Д.Дид  холбогдох хэргийг прокурорт буцаасугай.

 

2. Хэргийг прокурорт очтол Д.Д-д урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

                       

                                         ДАРГАЛАГЧ                                                 Б.ЦОГТ

                                         ШҮҮГЧ                                                          Б.АМАРБАЯСГАЛАН

                                                                                                               С.БАТДЭЛГЭР

                                                                                                               Ч.ХОСБАЯР

                                                                                                               Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН