Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 02 сарын 21 өдөр

Дугаар 221/МА2019/0102

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

О.Ц нарын 8 иргэний нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Ц.Сайхантуяа, шүүгч Д.Баатархүү нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Даваажаргал, нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.А, нэхэмжлэгч нарын өмгөөлөгч В.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.М нарыг оролцуулан, Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 34 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлоор, О.Ц нарын 8 иргэний нэхэмжлэлтэй, Дархан-Уул аймгийн Засаг даргад холбогдох захиргааны хэргийг шүүгч Д.Баатархүүгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 34 дүгээр шийдвэрээр: Газрын тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.4, 58.6, Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1, 17.2-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч О.Ц, Ц.Б, С.О, А.Э, Ц.Н, Д.Д, О.О, Э.Б нарын 8 иргэний итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.А-ын “Дархан-Ул аймгийн Засаг даргын нэр бүхий иргэдийн гаргасан гомдлыг хянана шийдвэрлээгүй орхигдуулсан, газрын хянан баталгаа олгохгүй бөайгаа эс үйлдэхүй нь хууль бус болохыг тогтоож, газрын хянан баталгааны дүгнэлт олгохыг Дархан-Уул аймгийн Засаг даргад даалгах” нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч О.Ц нарын 8 иргэний итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.А давж заалдах гомдолдоо “Анхан шатны шүүх нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлээгүй, хэрэглэх ёстой хууль тогтоомжийг буруу тайлбарлан хэрэглэсэн. Маргаан бүхий үйл баримтад үнэлэлт, дүгнэлт өгөөгүйд гомдолтой байна. Шийдвэрийн үндэслэх хэсэгт

1. “... Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын дарга нь аймгийн Засаг даргад мэргэжлийн зөвлөгөө өгөх, Засаг даргын шийдвэрийн төслийг боловсруулах үүрэгтэй хувьд гомдол гаргагч нарт хариуг өгсөн байх тул аймгийн Засаг дарга нэр бүхий иргэдийн гаргасан гомдлыг хянан шийдвэрлээгүй орхигдуулсан, газрын хянан баталгаа өгөхгүй байгаа эс үйлдэхүй нь хууль бус гэж үндэслэлгүй байна” гэж дүгнэжээ. Гэтэл Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын даргын хариуг эс хүлээн зөвшөөрч дээд албан тушаалтан буюу Дархан-Уул аймгийн Засаг даргад гомдол гаргасан бөгөөд өнөөдрийг хүртэл шийдвэрлэж хариу өгөөгүй. Өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуульд зааснаар албан тушаалтан тухайн гомдлыг заавал шийдэж өгөх үүрэгтэй.

2. “... Газрын төлөв байдал чанарын улсын хянан баталгааны дүгнэлтийн захиргааны байгууллагад үлдсэн хувь зэргийг үзэхэд энэхүү хянан баталгааны дүгнэлт бичигдэж нэхэмжлэгч нарт олгогдсон, дүгнэлт олгоогүй гэх тайлбар үндэслэлгүй. Нотлох баримтаар нотлогдохгүй байна...” гэж дүгнэжээ. Гэвч хариуцагчаас өгсөн гэдгийг нотлох баримт байхгүй бөгөөд нэхэмжлэгч нар нь газрын хянан баталгааны дүгнэлтийг авсан байсан бол дахин Газрын алба болон Засаг даргад хандахгүй. Улсын бүртгэлийн байгууллагад хандан өмчлөх эрхийн гэрчилгээ гаргуулж авах боломжтой. Зөвхөн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газарт хувийн хэрэг хадгалагдаж байгаа бичигдсэн хянан баталгааны дүгнэлтийг авахыг хүссэн.

3. “... Аймгийн Засаг дарга газрын төлөв байдал чанарын улсын хянан баталгааг хийж, дүгнэлт гаргах эрх бүхий субъект биш, Геодези, зураг зүйн газраас зөвшөөрөл олгосон тусгай зөвшөөрөлтэй эрх бүхий мэргэжлийн байгууллага газрын хянан баталгаа хийж дүгнэлт гаргахаар хуульчилсан бөгөөд аймгийн Засаг даргад хуулиар эрх олгогдоогүй байх тул газрын хянан баталгааны дүгнэлт Дархан-Уул аймгийн Засаг даргад даалгах боломжгүй байна ..” гэж дүгнэжээ. Нэхэмжлэгч нараас мэргэжлийн байгууллагаар газрын төлөв байдал чанарын хянан баталгаа хийлгэж, дүгнэлт гаргуулъя гэж огт хүсээгүй. Зөвхөн нэхэмжлэгч нарын хувийн хэрэгт хадгалагдаж буй бичигдсэн хянан баталгааны дүгнэлтийг авахыг, түүнийг олгохыг хүсэж Газрын алба, Засаг дарга мөн шүүхэд хандсан. Гэтэл шүүхээс нэхэмжлэлийн үндсэн шаардлага болон хэргийн үйл явцыг огт ойлгосонгүй.

Иймд Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 34 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлийг бүрэн тодруулаагүй, үүнтэй холбоотой шаардлагатай нотлох баримтыг бүрэн цуглуулалгүйгээр хэргийн үйл баримтыг дутуу дүгнэж, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.1.4-т заасны дагуу шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэв.

Нэхэмжлэгч нэр бүхий 8 иргэний итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.А-оос Дархан-Уул аймгийн Засаг даргад холбогдуулан “Газрын хянан баталгаа олгохгүй байгаа эс үйлдэхүй нь хууль бус болохыг тогтоож, газрын хянан баталгааны дүгнэлт олгохыг Дархан-Уул аймгийн Засаг даргад даалгах” шаардлага бүхий нэхэмжлэл гаргажээ.

Нэхэмжлэгчээс шийдвэрийг эс зөвшөөрч гомдолдоо “...нэхэмжлэгч нараас мэргэжлийн байгууллагаар газрын төлөв байдал, чанарын хянан баталгаа хийлгэж, дүгнэлт гаргуулъя гэж огт хүсээгүй бөгөөд зөвхөн нэхэмжлэгч нарын хувийн хэрэгт хадгалагдаж байгаа бичигдсэн хянан баталгааны дүгнэлтийг авахыг хүсэж газрын алба, засаг дарга мөн шүүхэд хандсан. Гэтэл шүүхээс нэхэмжлэлийн шаардлага болон хэргийн үйл явцыг огт ойлгосонгүй...” хэмээн маргаж байна.

Хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд нэхэмжлэгч нэр бүхий иргэдийн газар эзэмшүүлж, өмчлүүлсэн захирамжуудыг хүчингүй болгосон захирамжийг эс зөвшөөрч Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн шүүхэд хандсан байх бөгөөд хариуцагч Дархан-Уул аймгийн Засаг дарга нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрснөөр шүүгчийн 2017 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 28 дугаар захирамжаар хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Улмаар эдгээр иргэд газар өмчлөх эрхээ баталгаажуулахаар газрын хянан баталгааны дүгнэлт авахаар Газрын алба болон аймгийн Засаг даргад хандахад хянан баталгааны дүгнэлтийн хуудас гаргаж өгөх боломжгүй гэсэн хариу өгсөн байна.

Гэтэл анхан шатны шүүх “...аймгийн Засаг даргад хуулиар эрх олгогдоогүй байх тул газрын хянан баталгааны дүгнэлт олгохыг Дархан-Уул аймгийн Засаг даргад даалгах боломжгүй...” гэсэн дүгнэлт хийж нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь буруу байна.

Зүй нь анхан шатны шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.5.1-д заасны дагуу нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлийг тодруулсны үндсэн дээр нэхэмжлэгч нарын эрх, хууль ёсны ашиг сонирхол хэрхэн зөрчигдсөн эсэхийг хэрэгт авагдсан баримтад тулгуурлан  шийдвэрлэх байтал, нэхэмжлэгч нарын маргаагүй асуудлаар буюу газрын төлөв байдал, чанарын улсын хянан баталгааг мэргэжлийн байгууллагаар гаргуулах шаардлага гэж үзэж шийдвэрлэсэн нь давж заалдах гомдол болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбараас тодорхой харагдаж байна.

Нөгөөтэйгүүр нэхэмжлэгчээс Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.4-т зааснаар нэхэмжлэлийн шаардлагаар тодорхойлогдох захиргааны үйл ажиллагааг хэрэгжүүлж буй захиргааны байгууллага, албан тушаалтныг хариуцагчаар тодорхойлж нэхэмжлэл гаргах эрхтэй ч тухайн хариуцагчаас хуульд заасан эрх хэмжээний хүрээнд, ямар захиргааны акт гаргуулах гэж байгааг тодорхойлсны үндсэн дээр нэхэмжлэлийн шаардлагаа гаргах ёстой.

Энэ тохиолдолд нэхэмжлэлд дурдсан газрын баталгаа олгохгүй байгаа ямар захиргааны байгууллага, албан тушаалтны хууль бус үйл ажиллагааны улмаас түүний эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хэрхэн хөндөгдсөн, түүнийгээ шүүхээр яаж сэргээлгэхийг хүсэж байгаа нь тодорхой бус, ойлгомжгүй байна.

Иймд нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлийг өөр, өөр агуулгаар тайлбарлан маргаж буй нөхцөлд анхан шатны шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тодруулах боломжийг олгож, мөн хуулийн 53.3-т зааснаар нэхэмжлэлийн бүрдүүлбэрийг хангуулах ёстой.

Гэтэл анхан шатны шүүх дээрх хуульд заасан боломжийг хэрэгжүүлсэн хэрнээ нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэл зөрүүтэй байхад хэргийг хянан шийдвэрлэсэн нь буруу байна.

Иймд хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1.4, 121.3.3, 121.3.4 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 34 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 48 дугаар зүйлийн 48.3-т заасны дагуу нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                           Д.БАТБААТАР

     ШҮҮГЧ                                                               Ц.САЙХАНТУЯА

ШҮҮГЧ                                                               Д.БААТАРХҮҮ