Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 06 сарын 13 өдөр

Дугаар 74

 

Г.Мөнхжавын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч М.Нямбаяр даргалж, шүүгч С.Өмирбек, Н.Туяа нарын бүрэлдэхүүнтэй хийж,

 Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 153/ШШ2016/00140 дугаар шийдвэртэй, Ховд аймгийн Жаргалант сумын Баатархайрхан багт оршин суух, Очир овогт Галсангийн Мөнхжавын нэхэмжлэлтэй, хариуцагч Ховд аймгийн Жаргалант сум Жаргалант багт оршин суух, Занги овогт Аюушийн Чимгээд холбогдох иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн  төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн 2016 оны 06 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч, шүүгч Н.Туяагийн илтгэснээр тус шүүхийн хуралдааны танхимд хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Г.Мөнхжав, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Эрдэнэчимэг, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мөнхбат, нарийн бичгийн даргаар Ц.Энхтуяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэлийн шаардлага: 2.480.000 төгрөг гаргуулах тухай

 Сөрөг нэхэмжлэлийн шаардлага: 2015 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн “Зээлийн гэрээ”-г хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах

Нэхэмжлэлийн агуулга: “ Би А.Чимгээд 2015 оны 04 дүгээр сарын 14-ны өдрөөс 2015 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийг хүртэл хүүгүй 1.580.000 төгрөгийг зээлдүүлсэн юм.

Гэтэл өнөөдрийг хүртэл уг мөнгийг өгөөгүй байгаа тул тухайн мөнгийг зээлж авахдаа байгуулсан гэрээний дагуу алданги тооцон нийт 2.480.000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэж нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар өөрчилж байна. Би Завхан аймгийн иргэн А.Гүррагчаагаас 5.320.000 төгрөгт банз, палк худалдаж авсан. Модоо зарж байтал нэг эмэгтэй ирээд 400 ширхэг банзыг нэг бүрийг нь 10000 төгрөгөөр авъя гэсэн. Тэгээд би банзаа аваачиж өгөөд мөнгөө авах гэтэл нэг эмэгтэй гарч ирээд энэ миний мод өгөхгүй гээд буулгасан банз дээр суучихаад мөнгө өгөхгүй гээд байхаар нь бид цагдаа дээр очсон юм. Цагдаа шалгаад А.Чимгээг залилан хийсэн байна гээд цааш шалгах ёстой гэхэд уучлалт гуйгаад надад А.Гүррагчаагаас банзны мөнгө 2.300.000 төгрөгийг миний данс руу шилжүүлсэн. Мөн 120000 төгрөгийг цувуулж өгсөн. Ингээд би тооцоод А.Чимгээгээс 2.540.000 төгрөг гаргуулах ёстой байсан боловч хүү алдангийг нь тооцохгүй үндсэн мөнгө болох 1.540.000 гаргуулан авахыг хүсэж байна” гэжээ.

 Сөрөг нэхэмжлэлийн агуулга: Би модон бүтээгдэхүүн бэлтгэн нийлүүлэх бизнес эрхэлдэг. Завхан аймгийн Тосонцэнгэл сумын иргэн А.Гүррагчаа гэдэг хүнтэй тохиролцож банз авахаар болж урьдчилгаа мөнгөө шилжүүлж банзаа авах гэтэл Г.Мөнхжавт миний банз, палкуудыг ямар нэг зөвшөөрөлгүйгээр худалдсан. Миний бие 2015 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн зээлийн гэрээнд өөрийн хүсэл зоригоор бус бусдын хүч хэрэглэхээр заналхийлсэн үйлдэлд автан арга буюу гарын үсэг зурсан гэжээ.

Хариуцагчийн тайлбарын агуулга: “Би анх Завхан аймгийн Тосонцэнгэл сумын иргэн А.Гүррагчаа гэдэг хүнтэй утсаар ярьж банз авахаар тохиролцож улмаар түүний рүү 1.000.000 төгрөг шилжүүлсэн. А.Гүррагчаа банзаа ачаад ирэхэд би 1.800.000 төгрөг өгсөн. Би банзаа 1 ширхэгийг нь 7500 төгрөгөөр зарахаар тохиролцож өгөх гэтэл А.Гүррагчаа, Г.Мөнхжав хоёр хувилдаж банзыг хашаандаа буулгаж авсан. А.Гүррагчаа нь оргон зайлсан. Би А.Гүррагчаад нийт 2.800.000 төгрөг өгсөн. Г.Мөнхжав дарамталж байгаад гэрээ хийсэн. Иймд миний банзыг хууль бусаар авч зарсан хүмүүсээс мөнгөө эргүүлж авсан гэжээ. Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 153/ШШ2016/00140 дугаар шийдвэрээр: “1.Иргэний хуулийн 39 дүгээр зүйлийн 39.2, 42 дугаар зүйлийн 42.1, 43 дугаар зүйлийн 43.1.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч А.Чимгээгээс 1.540.000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Г.Мөнхжавд олгосугай. 2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 83420 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч А.Чимгээгээс 39540 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Г.Мөнхжавт олгох, төрийн сангийн орлогоос 43880 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Г.Мөнхжавт олгосугай ” гэж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга: “Анхан шатны шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчиж, нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэж, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүйн улмаас хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий хуулийн шаардлагад нйицэхгүй байна. Г.Мөнхжав нь хариуцагч А.Чимгээгээс 1540000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаа баримтаар нотлоогүй байхад анхан шатны шүүх нэхэмжлэлийг хангасан нь хуулийн зохицуулалтад нийцээгүй байна. Гэрч А.Гүррагчаагийн мэдүүлэг, тайлбар зэрэг нь нэхэмжлэгчийн 400 ширхэг банзыг 10000 төгрөгөөр А.Чимгээд худалдсан гэсэн үйл баримтыг нотлохгүй байхад анхан шатны шүүх дээрх баримтыг үнэлж, банз модны үнэ 1540000 төгрөг төлөхөөр хэлцэл хийсэн гэж дүгнэсэн нь хуулийн заалтыг ноцтой зөрчсөн байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгоно уу” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Г.Мөнхжав нь 2.480.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг А.Чимгээд холбогдуулан гаргасан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж 1.540.000 төгрөг  шаарджээ.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэснийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргасан байна. Нэхэмжлэгч нь А.Чимгээ надаас худалдаж авсан 400 ширхэг банзны үнийн үлдэгдэл 1.580.000 төгрөгийг өгөхөөр бид харилцан тохиролцож  2015 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр зээлийн гэрээ байгуулсан гэж тайлбарлаж гэрээгээ шүүхэд нотлох баримтаар ирүүлжээ. Хариуцагч нь миний 1 ширхэгийг 7500 төгрөгөөр худалдаж авахаар тохиролцож Завхан аймгийн Тосонцэнгэл сумаас А.Гүррагчаагаар авахуулсан банзыг намайг мөнгө хайж байх хооронд Г.Мөнхжав худалдаж авсан байсан, би одоо түүнээс 1 ширхэг банзыг 10000 төгрөгөөр худалдаж авах боломжгүй тул банзны үлдэгдэл үнэ 1.540.000 төгрөг нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй гэж тайлбарлажээ. Хариуцагч нь өөрийн тайлбар, татгалзлалын үндэслэлээ шүүхэд өөрөө нотлох үүрэгтэй бөгөөд шүүх түүнд энэ үүргээ хэрэгжүүлэх боломжоор хангасан байна.  Дээрх гэрээгээр хариуцагч  нь 1.580.000 төгрөгийг  нэхэмжлэгчид өгөхөөр харилцан тохиролцсон байх бөгөөд гэрээний гол нөхцөлийг   үгүйсгээгүй  мөн тайлбар, татгалзлалын үндэслэлээ шүүхэд нотлож чадаагүй байна. Бодит байдал дээр   нэхэмжлэгч  нь хариуцагчид  400 ширхэг банз худалдаж тэдний хашаанд буулгаж хүлээлгэж өгсөн нь талуудын тайлбараар нотлогдож байна. Дээрх зээлийн гэрээний агуулгаас үзвэл  талууд хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар  худалдах худалдан авах гэрээ хийгдсэн гэж шүүх  үзлээ.Талуудын дунд 2015 оны 4 дүгээр сарын 14 –ний өдөр худалдах худалдан авах гэрээ хийгдснээр  үлдэгдэл 1.580.000 төгрөгийг 2015 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр  хүү тооцохгүйгээр төлөхөөр  харилцан тохиролцсон бөгөөд хариуцагч нь худалдан авсан эд хөрөнгө болох банзны үнийг гэрээнд заасны дагуу  нэхэмжлэгчид төлөх үүргийг хүлээсэн байна. Анхан шатны шүүх  нэхэмжлэгчийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэнслэлтэй боловч Иргэний хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн алдаа гаргасныг  давж заалдах шатны шүүхээс  зөвтгөж шийдвэрлэх нь  зүйтэй байна. Мөн улсын тэмдэгтийн хураамжиийг хувиарлахдаа буруу тооцоолсон байх тул хуульд зааснаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл гаргахдаа төлсөн 83420 төгрөгийг төрийн сангийн дансанд үлдээж, А.Чимгээгээс 39590 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Г.Мөнхжавд олгож, нэхэмжлэгчийн илүү төлсөн 28150 төгрөгийг төрийн сангийн данснаас гаргуулж Г.Мөнхжавд олгож шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгож ТОГТООХ нь:

 

1. Ховд  аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 3 дүгээр сарын 16-ны өдрийн 153/ШШ2016/00140 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтын “Иргэний хуулийн 39 дүгээр зүйлийн 39.2, 42 дугаар зүйлийн 42.1, 43 дугаар зүйлийн 43.1.1 дэхь хэсэгт зааснаар” гэснийг “Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1.-т заасныг баримтлан” гэж, 2 дахь заалтыг “Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1.1.-т зааснаар 28150 төгрөгийг төрийн сангийн Ховд салбарын 110000321668 тоот данснаас гаргуулж нэхэмжлэгч Г.Мөнхжавт буцаан олгож, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1.-т зааснаар 39590 төгрөгийг хариуцагч А.Чимгээгээс гаргуулж нэхэмжлэгч Г.Мөнхжавт олгосугай.” гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр нь үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийг давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Хариуцагчийн төлөөлөгч давж заалдах гомдол гаргахдаа шүүгчийн захирамжаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.1, 172.2.-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч давж заалдах шатны шүүхийн энэ магадлалд “шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй”, “хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн”, “хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн”, “төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн”, “шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн” зэрэг үндэслэлүүдээр, магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     М.НЯМБАЯР

ШҮҮГЧИД                                                       С.ӨМИРБЕК

                                                                         Н.ТУЯА