Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 01 сарын 03 өдөр

Дугаар 000008

 

                                  Ч.Даржаад захиргааны шийтгэл

                                       ногдуулсан хэргийн тухай

 

 

Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Туяа даргалж, шүүгч З.Хосбаяр, С.Цэцэгмаа нарын бүрэлдэхүүнтэй  явуулж, Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 08 дугаар шийтгэвэртэй, Ч.Даржаад холбогдох захиргааны шийтгэл ногдуулсан хэргийг, зөрчил гаргагч Ч.Даржаагийн давж заалдах гомдлыг үндэслэн 2016 оны 12 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Цэцэгмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн, 1963 онд төрсөн, 53 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 5, дүү нарын хамт Орхон аймгийн Баян-Өндөр сумын Бүрэнбүст багийн 5-11-69 тоотод оршин суух, ФА63090919 регистрийн дугаартай, Бэсүд овогт Чанцалын Даржаа.

 

Орхон аймгийн Цагдаагийн газраас:

 

Ч.Даржаа нь 2016 оны 12 дугаар сарын 22-ны өдөр архидан согтуурч, саатуулагдсан, удаа дараа архидан согтуурч, эрүүлжүүлэгдсэн байх тул хуулийн дагуу арга хэмжээ авч өгнө үү гэсэн хүсэлт ирүүлжээ.

 

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2016 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 08 дугаар шийтгэврээр:

 

Монгол Улсын Захиргааны хариуцлагын тухай хуулийн 22 дугаар зүйлд зааснаар Ч.Даржаад 14 /арван дөрөв/ хоногийн хугацаагаар баривчлах шийтгэл ногдуулж, энэ материалд хураагдаж ирсэн эд зүйл бичиг баримтгүйг дурьдаж, зөрчил гаргагч нарт шийтгэврийн нэг хувийг гардуулж, шийтгэвэрт зөрчил гаргасан этгээд, хохирогч, тэдний хууль ёсны төлөөлөгч буюу өмгөөлөгч 10 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэжээ.

 

Зөрчил гаргагч Ч.Даржаа давж заалдах гомдолдоо:

 

Чанцалын Даржаа миний бие 2016 оны 12 дугаар сарын 23-ны өдөр архи ууж хэвийн бус байсны улмаас цагдаа дуудсан байсан. Ингээд шүүгчийн шийтгэврээр 14 хоног баривчагдсан. Эрүүл мэндийн хувьд сонсголоор 70 хувийн хөгжлийн бэрхшээлтэй иргэн. Чихнээс цустай булаг байнга гардаг. Зүрхээр хатгуулан өвдөж байна. Энэ байдлыг харгалзан үзэж, надад оногдуулсан баривчлах шийтгэлийг багасгаж өгнө үү гэжээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Зөрчил гаргагч Ч.Даржаа нь архидан согтуурч удаа дараа эрүүлжүүлэгдсэн болох нь захиргааны зөрчлийн тухай тэмдэглэл, зөрчил гаргагчийн тайлбар, эрүүлжүүлэх баривчлах байрны бүртгэл зэргээр нотлогдож байна.

 

Анхан шатны шүүх Ч.Даржаад 14 хоног баривчлах шийтгэл ногдуулсан нь түүний удаа дараа эрүүлжүүлэгдсэн зөрчилд нь тохирсон байна.

 

Мөн зөрчил гаргагч Ч.Даржаагийн биеийн эрүүл мэндийн байдлыг  тогтоосон нотлох баримтгүй байх тул “... Чихнээс цустай булаг байнга гардаг, зүрхээр хатгуулж өвдөж байгаа зэрэг байдлыг харгалзан үзэж баривчлах шийтгэлийг багасгаж өгнө үү” гэсэн давж заалдах гомдлыг нь хэрэгсэхгүй болгож, шийтгэврийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж үзлээ.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1, 31 дүгээр зүйлийн 31.3.2.т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2016 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 08 дугаар шийтгэврийг хэвээр үлдээж, зөрчил гаргагч Ч.Даржаагийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Магадлалын хувийг Орхон аймгийн Цагдаагийн газрын эрүүлжүүлэх, баривчлах байранд хүргүүлсүгэй.

 

3. Магадлал эцсийн шийдвэр бөгөөд гомдол гаргах эрхгүй болохыг дурьдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                              Ц.ТУЯА

 

ШҮҮГЧИД                                                                 З.ХОСБАЯР

 

                                                                                            С.ЦЭЦЭГМАА