Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2017 оны 05 сарын 30 өдөр

Дугаар 001/ХТ2017/00670

 

Д.Гансүхийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, Ц.Амарсайхан, П.Золзаяа, Г.Цагаанцоож нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 183/ШШ2016/01275 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2017 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 574 дүгээр магадлалтай,

Д.Гансүхийн нэхэмжлэлтэй,

Ч.Өлзийсайханд холбогдох,

Зээлийн гэрээний үүрэгт 47.250.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагч Ч.Өлзийсайханы гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Г.Цагаанцоож илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч түүний өмгөөлөгч Д.Гансүх, З.Уянга нарийн бичгийн дарга Э.Боролдой нар оролцов.

Нэхэмжлэгч Д.Гансүх шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Би Ч.Өлзийсайханд 2015 оны 11 сарын 18-ны өдөр 30.000.000 төгрөгийг гурван сарын хугацаатай сарын 5 хувь хүүтэй зээлдүүлж, хугацаа хэтэрсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн 0.5%-ийн алданги тооцохоор зээлийн гэрээ байгуулж нотариатаар баталгаажуулсан. Хариуцагч нь эхний 2 сарын хүүг төлсөн боловч 3 дахь сарын хүү болон үндсэн зээлийг  буцаан төлөөгүй. Иймд Ч.Өлзийсайханаас үндсэн зээл, зээлийн хүү 31.500.000 төгрөг, алданги 15.750.000 төгрөг нийт 47.250.000 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Ч.Өлзийсайхан шүүхэд гаргасан тайлбартаа: Д.Гансүхээс 3 сарын хугацаатай 30.000.000 төгрөгийг сарын 5 хувийн хүүтэй зээлж, эхний 2 сарын хүүг төлсөн. Сүүлийн нэг сарын хүү, үндсэн зээлийг төлөөгүй тул 31.500.000 төгрөг төлөхийг зөвшөөрч байна. Үүргээ гүйцэтгэх боломжгүй байгаагаа би Д.Гансүхэд удаа дараа мэдэгдэж, хугацаа сунгахыг хүссэн боловч хүсэлтийг хүлээж аваагүй. Иймд хэт өндөр мөнгөн төлбөрийг зөвшөөрөхгүй гэжээ.

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 183/ШШ2016/01275 дугаар шийдвэрээр:Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаар зүйлийн 232.6-д заасныг баримтлан хариуцагч Ч.Өлзийсайханаас 46.500.000 /дөчин зургаан сая таван зуун мянган/ төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Д.Гансүхэд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 7.207.500 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 491.487 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 390.450 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 574 дүгээр магадлалаар:Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 183/ШШ2016/01275 дугаар шийдвэрийн Удиртгал хэсгийн “53.707.500” гэснийг “47.250.000” гэж, Тогтоох хэсгийн “7.207.500” гэснийг “750.000” гэж тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагч Ч.Өлзийсайханы төлсөн 232.950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Хариуцагч Ч.Өлзийсайхан хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Хан-Уул дүүргийн дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 сарын 02 ны өдрийн 183/ШШ2016/01275 дугаартай шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргаж Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдаан 2017 оны 02 сарын 24-ний өдөр болж 574 тоот магадлалаар шийдвэрийг хэвээр баталсныг эс зөвшөөрч хяналтын журмаар гомдол гаргаж байна.

Хариуцагч Ч.Өлзийсайхан би  Д.Гансүхээс 2015 оны 11 сарын 18-ны өдөр 30.000.000 төгрөг 3 сарын хугацаатай 5 хувийн хүүтэй зээлж авсан. Гэрээний үүргийн дагуу 2 сарын хүү 3000000 төгрөг төлсөн. Уг зээлийг хүргэн ах Ц.Батмэнд надаар дамжуулан авч өлөн боловсруулах үйлдвэрийн шинэ технологи тоног төхөөрөмж оруулж ирсэн боловч түүхий эд, арьс, өлөнгийн үнэ хэт их унаснаас болж түүхий эдийн хомсдолд орсон мөн АСЕМ болох нэрийдлээр үйлдвэрийг хааж үйл ажиллагааг нь зогсоосноор энэхүү зээлийг төлөх боломжгүй болсон. Анхан шатны болон давж заалдах шатны шүүх энэхүү нөхцөл байдлыг огтхон ч анхаарч үзээгүйд гомдолтой байна.

Иймд дээрх нөхцөл байдлыг харгалзан үзэж 15.000.000 төгрөгийн алдангийн хэмжээг багасгаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ

Хариуцагчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах хууль зүйн үндэслэлгүй байна.

Нэхэмжлэгч Д.Гансүх хариуцагч Ч.Өлзийсайханаас анх 53.707.500 төгрөг шаардсан байх ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж, зээл 30.000.000 төгрөг, хүү 1.500.000 төгрөг, алданги 15.750.000 төгрөг нийт 47.250.000 төгрөг гэж тодорхойлжээ.

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д зааснаар зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар,  хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээх ба зээлийн гэрээгээр талууд хэлэлцэн тохиролцож хүү тогтоож болохоор мөн хуулийн 282 дугаар зүйлийн 282.1-т гэж заасан.

Зохигчдын хооронд 2015 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр бичгээр байгуулсан гэрээгээр Ч.Өлзийсайхан нь Д.Гансүхээс 30.000.000 төгрөгийг 3 сарын хугацаатай, сарын 5 хувийн хүүтэй зээлсэн ба 2 сарын хүүг буцаан төлсөн нь тогтоогдсон, энэ талаар маргаагүй байна.

Хариуцагч зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ хугацаанд нь биелүүлээгүй тул нэхэмжлэгч зээл, гэрээгээр тохирсон хүү, мөн алданги шаардах эрхтэй бөгөөд хариуцагч алдангийг эс зөвшөөрч, маргажээ.

Зээлийн гэрээгээр зээлдэгч нь зээлийг эгүүлэн төлөх хугацааг хэтрүүлсэн тохиолдолд хэтэрсэн хоног тутамд гүйцэтгээгүй үнийн дүнгийн 0.5 хувьтай тэнцэх алданги төлөх үүрэг хүлээсэн нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д заасантай нийцжээ.

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хэрэгт авагдсан баримтад тулгуурлан зохигчдын хооронд зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж үзэж, нэхэмжлэлээс 46.500.000 төгрөгийн шаардлагыг хангахдаа нэхэмжлэлийн шаардлагыг 53.707.500 төгрөг гэж буруу тодорхойлсныг давж заалдах шатны шүүх залруулж, энэ үндэслэлээр шийдвэрт өөрчлөлт оруулсан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т нийцжээ.

Харин шүүх Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.6 дах заалтыг тухайн маргаанд хэрэглэсэн буруу тайлбарыг зөвтгөх шаардлагатай байна.

Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-т зааснаар хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэх бөгөөд уг зохицуулалтын “...гүйцэтгээгүй үүргийн үнийн дүн...” гэдэгт төлөгдөөгүй зээл, гэрээний хугацааны хүү хамаарна.

Харин зээлдэгч зээлсэн мөнгийг тогтоосон хугацаанд буцааж өгөх үүргээ зөрчсөн тохиолдолд хэтрүүлсэн хугацаанд Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.5-т зааснаар тохирсон хүү төлөх ба энэхүү хүүгээс анз тооцохгүй талаар мөн зүйлийн 222.6-т заасан бөгөөд хуулийн энэ зохицуулалт нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлд заасан анзад хамаарахгүй юм.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар хэргийн оролцогч нь өөрийн шаардлага болон татгалзлыг нотолсон баримтыг өөрөө шүүхэд гаргаж өгөх үүрэгтэй ба алдангийг хүлээн зөвшөөрөөгүй тайлбараа хариуцагч баримтаар нотолж чадаагүй байна.

Иймд хариуцагчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 574 дүгээр магадлалыг хэвээр үлдээж, хариуцагч Ч.Өлзийсайханы гомдлыг хангахгүй орхисугай.

2. Хариуцагч хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2017 оны 4 дүгээр сарын 03-ны өдөр төлсөн 232.950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.                                            

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                 Х.СОНИНБАЯР

  ШҮҮГЧ                                                            Г.ЦАГААНЦООЖ