| Шүүх | Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Хумбаагийн Отгонжаргал |
| Хэргийн индекс | 173/2018/00171/Э |
| Дугаар | 186 |
| Огноо | 2018-10-08 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | У.Анхжаргал |
Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 10 сарын 08 өдөр
Дугаар 186
Өвөрхангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Х.Отгонжаргал даргалж,
Улсын яллагч: У.Анхжаргал,
Хохирогч: Х.Сосорбарам,
Шүүгдэгчийн өмгөөлөгч: Б.Энхтуяа,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Алтанцэцэг,
Шүүгдэгч: Т.М нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Өвөрхангай аймгийн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн ******* овогт Т.М-д холбогдох 1826000000219 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, улсаас авсан гавъяа шагнал, ял шийтгэлгүй, ******* овогт Т.М
Шүүгдэгч Т.М нь хохирогч Х.С-г хувийн таарамжгүй харьцааны улмаас зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүгдэгч Т.М шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би хохирогчтой харилцан тохиролцсон байгаа. Хохирогчид учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлж байна. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээж байна. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна гэв.
Хохирогч Х.С шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:... 2018 оны 08 дугаар сарын 15-ны өдөр 16 цагийн орчимд намайг машинтайгаа ухраад зогстол миний машины хаалгыг онгойлгоод Т.М гэдэг залуу миний хөмсөг рүү гараараа нэг удаа цохисон. Тухайн үед миний хөмсөгнөөс цус их гарсан. Би Т.М-г буруугаа ойлгоод над дээр ирээд уучлалт гуйх байх гэж бодсон. Тэгтэл Т.М ирэхгүй 2 хонохоор нь цагдаад хандсан. Миний хамар битүүрч өөрийн эрүүл мэндээрээ хохирсон. Би 20 гаруй хоног эмнэлгээр явсан. Би өөрөө үр хүүхэдтэй учраас хүний хүүхдийн мууг үзээд яахав гэж бодсон. Эмнэлгээр явахад 450000 төгрөгийн зардал гарсан. Т.М болон ээж нь надаас уучлалт гуйсан. Т.М намайг хохиролгүй болгоно гэж харилцан тохиролцсон. Иймд одоо надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй гэв.
Хохирогч Х.С мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:... 2018 оны 08 дугаар сарын 15-ны өдөр 16 цагийн орчимд Өвөрхангай аймгийн ******* сумын 5 дугаар баг Хүнс барааны захын баруун талын зогсоол дээр намайг машинтайгаа ухарч зогстол миний машины хаалгыг онгойлгоод Т.М гэдэг залуу миний хөмсөг рүү нэг удаа цохисон. Тухайн үед миний хөмсөгнөөс цус их гарсан. Тухайн үед Т.М-г буруугаа ойлгоод хүрч ирээд уучлалт гуйлгүй 2 хонохоор нь цагдаад хандсан. 2018 оны өвөл А, Ж, А, П бид тавуул байж байхдаа би Т.М гэх залууд хандаж чи машины банкны таглаа авсан юм уу? гэхэд Т.М би таны машины банкны таглааг аваагүй гээд яваад өгсөн. Тэрнээс хойш Т.М надад юм санаад байгаа юм шиг байгаа юм. /хх-ийн 11-12 хуудас/,
Гэрч О.О мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:... Т.М нь 2006 онд оройгоор 8 дугаар анги төгссөн. Өөрөөр сургуульд сураагүй, цэргийн алба хаагаагүй. Бага байхдаа мориноос унаж толгойдоо гэмтэл авч байсан бөгөөд түүнээс хойш уур уцаар ихтэй болсон. Зан байдлын хувьд хүнтэй хамаагүй юм ярьдаггүй. Архи, тамхи хэрэглэдэггүй. Өөрт ногдох эд хөрөнгө байхгүй. Тухайн өдрөөс 2 хоногийн дараа цагдаагийн газраас Т.М-г дуудахад нь хүн зодсон талаар нь мэдсэн. /хх-ийн 18 хуудас/,
Гэрч Т.Б мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:... Т.М нь цагаан өнгийн Пронтер маркийн автомашинтай. Уг машинаараа аймгийн Хүнс барааны захын баруун талд зогсож хувиараа хүний ачаа ачиж зөөдөг ажил хийдэг. /хх-ийн 19 хуудас/,
Өвөрхангай аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн №529 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд:... Үзүүлэгч Х.С-н биед хамар ясны хугарал, баруун хөмсөгний дотор хэсэг, хамрын нуруу хэсэгт зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлэээр үүсгэгдэх боломжтой. Хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. /хх-ийн 21 хуудас/,
Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол, шүүгдэгч Т.М-н тэтгэврийн дэвтрийн хуулбар, депозит дансны дэлгэрэнгүй хуулга, шүүгдэгч Т.М-н яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 25, 27, 38, 41, 43, 49 хуудас/,
Шүүгдэгч Т.М-н хувийн байдлыг тогтоосон Өвөрхангай аймгийн ******* сумын 2 дугаар багийн Засаг даргын 2018 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн тодорхойлолт, иргэний үнэмлэхийн хуулбар /хх-ийн 45-46 хуудас/,
Шүүгдэгч Т.М-н урьд ял шийтгүүлсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 51 хуудас/ зэрэг болно.
Дээрх нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх хэрэгт хамааралтай, ач холбогдолтойд тооцож, шүүгдэгчийг яллагдагчаар болон хохирогч, гэрч нарыг байцаахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, нотлох баримтууд нь агуулгын хувьд зөрүүгүй, нөхцөл байдлыг хангалттай тогтоосон байх тул шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтын хэмжээнд дүгнэлт хийж, шүүгдэгч Т.М-д холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж дүгнэлээ.
Шүүгдэгч Т.М нь 2018 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн 16 цагийн орчимд Өвөрхангай аймгийн ******* сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэр Хүнс барааны захын баруун талын автомашины зогсоол дээр хохирогч Х.С-г зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч Т.М-н үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч Х.С-н 2018 оны 08 дугаар сарын 15-ны өдөр 16 цагийн орчимд Өвөрхангай аймгийн ******* сумын 5 дугаар баг Хүнс барааны захын баруун талын зогсоол дээр намайг машинтайгаа ухраад зогстол миний машины хаалгыг онгойлгоод Т.М гэдэг залуу миний хөмсөг рүү гараараа нэг удаа цохисон гэх мэдүүлэг, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан хохирогч Х.С-н Т.М миний хөмсөг рүү гараараа нэг удаа цохисон. Гэрч О.О тухайн өдрөөс 2 хоногийн дараа цагдаагийн газраас Т.М-г дуудахад нь хүн зодсон талаар нь мэдсэн гэх мэдүүлгүүд, Өвөрхангай аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн №529 дугаартай шинжээчийн дүгнэлт, эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол, шүүгдэгч Т.М-н тэтгэврийн дэвтрийн хуулбар, депозит дансны дэлгэрэнгүй хуулга, шүүгдэгч Т.М-н яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлгээр нотлогдон тогтоогдсон, мөрдөн байцаалтын шатанд хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн байна.
Шүүгдэгч Т.М-д холбогдох хэргийн зүйлчлэл зөв, шүүхээс түүнийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж дүгнэв.
Шүүгдэгч Т.М нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшсэн эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх онцгой нөхцөл байдлыг болон түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдлыг тус тус харгалзан үзэж түүнд торгох ял оногдуулсан болно.
Шүүгдэгч Т.М нь шүүхээс оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг,
Мөн шүүгдэгч Т.М нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйл, бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хохирогч Х.С-д хохирол төлбөрт 40000 төгрөг төлсөн, 450000 төгрөгийг нөхөн төлөхөө илэрхийлж хохирогчтой сайн дураараа эвлэрсэн, энэ хэрэгт хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт авагдаагүй, хохирогч Х.С нь гомдол саналгүй гэсэн, хохирогч нь өөрт учирсан хохирол болон цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлж иргэний хэрэг хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгчээс нэхэмжлэх эрхтэйг тус тус дурьдаж,
Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол мөн шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Т.М-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж тус тус шийдвэрлэх нь зүйтэй байна.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэг, 17.5 дугаар зүйлийн 1, 5, 6, 7, 8, 9 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.5, 36.8 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч ******* овогт Т.М-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.М-д дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу дөрвөн зуун тавин мянган төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.М нь шүүхээс оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг, мөн шүүгдэгч Т.М нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйл, бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хохирогч Х.С-д хохирол төлбөрт 40000 төгрөг төлсөн, 450000 төгрөгийг нөхөн төлөхөө илэрхийлж хохирогчтой сайн дураараа эвлэрсэн, энэ хэрэгт хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт авагдаагүй, хохирогч Х.С нь гомдол саналгүй гэсэн, хохирогч нь өөрт учирсан хохирол болон цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлж иргэний хэрэг хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгчээс нэхэмжлэх эрхтэйг тус тус дурьдсугай.
4.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Т.М-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
5.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.
6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Т.М-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.