Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 02 сарын 01 өдөр

Дугаар 210/МА2023/00282

 

 

2023 оны 02 сарын 01 өдөр

Дугаар 210/МА2023/00282

 

 

А ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Золзаяа даргалж, шүүгч Ш.Оюунханд, Т.Бадрах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 181/ШШ2022/02091 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: А ХХК-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: Б ХХК-д холбогдох,

119,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Т.Бадрах илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Пүрэвсүрэн, хариуцагчийн төлөөлөгч С, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Чулуунчимэг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга: "Б" ХХК нь өөрийн ажиллуулдаг "Оч" мини маркет дэлгүүрт 2020 оны 8 дугаар сарын 21-ний өдөр 116,000 төгрөгийн хүнс, ахуйн хэрэглээний барааг захиалгаар авсан. Тухайн үед төлбөр, тооцоог дансаар шилжүүлнэ гэж хэлээд төлөөгүй. Нэхэмжлэгч компанийн санхүүгээс удаа, дараа холбогдож төлбөрөө төлж барагдуул гэж шаардсан боловч үл ойлголцол үүсээд өнөөдрийг хүртэл төлбөрийг барагдуулаагүй. Тиймээс барааны үнэ 116,000 төгрөг, нэхэмжлэл гаргахтай холбоотой нотариатын зардал 3,000 төгрөг, нийт 119,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү.

 

2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга: С нь гэр бүлийн хамт Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо Харуул алтай хотхоны 102 дугаар байрны ** тоотод байрлах Оч мини маркет дэлгүүрийг Б ХХК-ийн хамт 2020 оны 10 дугаар сарын 25-ны өдөр иргэн В-гаас худалдан авч, үйл ажиллагаа явуулж байна.

А ХХК нь 2020 оны 8 дугаар сарын 21-ний өдөр 116,000 төгрөгийн барааг худалдагч н.Ариунаад хүлээлгэн өгсөн баримт байдаг нь Сыг худалдан авахаас өмнөх түрээслэгч н.Тунгалагтуяатай холбоотой тооцоо юм. Уг тооцооны талаар н.Тунгалагтуяагаас утсаар холбогдож тодруулахад 20 шил сөжү түр тавиад зарагдахгүй байсан тул тэр компани нь буцаагаад аваад явсан гэж тайлбарласан. Иймд нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 227 дугаар зүйлийн 227.3-т заасныг тус тус баримтлан Б ХХК-иас 119,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч А ХХК-д олгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 4,550 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 4,550 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн байна.

 

4. Хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч байна. Би гэр бүлийн хүний хамтаар Б ХХК-ийг 2020 оны 10 дугаар сарын 24-ний өдөр В-гаас худалдан авсан. Компанийн улсын бүртгэлийг 2021 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр шилжүүлсэн. Нэхэмжлэгч талаас 2020 оны 08 дугаар сарын 21-ний өдөр худалдагч н.Ариунаад 116,000 төгрөгийн бараа хүлээлгэн өгсөн байдаг. Цаг хугацааны хувьд компани болон дэлгүүр худалдаж авахаас өмнөх тооцоо байх тул манай компани хариуцахгүй.

 

5. Давж заалдах шатны шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан тайлбарын агуулга: А ХХК нь 2020 оны 08 дугаар сарын 21-ний өдөр Б ХХК-д барааг хүлээлгэж өгсөн. Дэлгүүр шилжихдээ өр авлага бүх зүйлтэйгээ шилждэг учраас Б ХХК төлбөрийг төлөх үндэслэлтэй.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх хэргийг хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын хүрээнд хянаад гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.

 

2. Нэхэмжлэгч А ХХК нь хариуцагч Б ХХК-д холбогдуулан нийлүүлсэн бараа бүтээгдэхүүний төлбөр 116,000 төгрөг, нотариатын зардал 3,000 төгрөг, нийт 119,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

3. Анхан шатны шүүх А ХХК нь 2020 оны 08 дугаар сарын 21-ний өдөр Б ХХК-ийн ажиллуулдаг Оч мини маркет дэлгүүрт нэг бүр нь 5,800 төгрөгийн үнэтэй 20 ширхэг бараа бүтээгдэхүүн /сөжү/-ийг хүлээлгэн өгсөн үйл баримтыг зөв тогтоож, талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэсэн нь үндэслэлтэй болжээ.

 

4. Хариуцагчийн төлөөлөгч нь Б ХХК-ийг 2020 оны 10 дугаар сарын 25-ны өдөр худалдан авсан бөгөөд өмнөх эзэмшигчтэй холбоотой төлбөр тооцоог хариуцахгүй гэж маргасан.

 

4.1. Б ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээнээс үзвэл 2020 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр Сыг гүйцэтгэх захирлаар томилж, компанийн хувьцаа эзэмшигч өөрчлөгдсөн байх боловч хувьцаа эзэмшигч солигдох нь хариуцагч компанийг гэрээний үүргээс чөлөөлөгдөх хуульд заасан үндэслэлд хамаарахгүй.

Түүнчлэн хариуцагч нь худалдах, худалдан авах гэрээний төлбөргүй, эсхүл барааг буцаан хүлээлгэн өгсөн талаарх тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотлоогүй.

 

4.2 Иймд анхан шатны шүүх Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч А ХХК нь хариуцагч Б ХХК-аас худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 116,000 төгрөг шаардах эрхтэй гэж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй.

Мөн нэхэмжлэгчийн шүүхэд нэхэмжлэл гаргасантай холбоотой нотариатчид төлсөн зардал 3,000 төгрөг гаргуулах шаардлагыг хангасан нь Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.3 дахь хэсэгт нийцсэн байна.

 

5. Дээрх дүгнэлтээр хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 181/ШШ2022/02091 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн төлөөлөгч давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 4,550 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.ЗОЛЗАЯА

 

ШҮҮГЧИД Ш.ОЮУНХАНД

 

Т.БАДРАХ