Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 02 сарын 01 өдөр

Дугаар 210/МА2023/00280

 

 

2023 оны 02 сарын 01 өдөр

Дугаар 210/МА2023/00280

 

 

А ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Золзаяа даргалж, шүүгч Ш.Оюунханд, Т.Бадрах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 102/ШШ2022/03631 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: А ХХК-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: Б ХХК-д холбогдох,

8,796,204,704 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Т.Бадрах илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Энхтунгалаг, Н.Буянжаргал, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Л.Мөнхтөр, хариуцагчийн төлөөлөгч Жан Жиан Жиан /Zhang Jian Jian/, хариуцагчийн өмгөөлөгч А.Зүмбэрэл, Б.Байгалмаа, Г.Мөнхболд, орчуулагч Н.Цогзолмаа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Цэрэнжаргал нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга: 2012 оны 02 дугаар сард А ХХК нь Б ХХК-ийн Дундговь аймаг, Говь-Угтаал сумын нутаг дахь Хараат-Уулын төмөр, цайрын ордын хөрс хуулалтын ажил болон олборлолтын ажлыг гадаадын гүйцэтгэгчээр гүйцэтгүүлэхээр зарласан тендерт оролцож ялсан. Манай компани Б ХХК-тай Ил уурхайн гадаргуугийн хөрс хуулалт ба хүдэр олборлож үйлдвэрлэл явуулах ажлыг гадны компаниар гүйцэтгүүлэх гэрээ-г албан ёсоор байгуулж 2012 оны 5 дугаар сард ажлаа эхлүүлсэн. Энэхүү гэрээнд зааснаар хөрс хуулалт, олборлолтын үйл ажиллагаа явагдаж байх үед 2013 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр захиалагч компанийн үйл ажиллагааны хэлтсээс ямар нэгэн шалтгаангүйгээр манай компанид ажил түр зогсоох тухай мэдэгдлийг ирүүлсэн. Гэвч албан ёсоор ажил зогсоосон тухай мэдэгдэл захиалагч талаас ирүүлэлгүй өнөөдрийг хүрсэн. Б ХХК-ийн дээрх зүй бус үйлдлийн улмаас манай компани хийж гүйцэтгэсэн ажлынхаа зарим хэсэгт гэрээнд зааснаар тооцогдох төлбөрөөс гадна энэхүү тендерт шалгарч, улмаар гэрээнд заасан үүргээ зохих ёсоор бүрэн хэрэгжүүлэхтэй холбоотойгоор зарцуулсан хүн, хүч хөрөнгө, тоног төхөөрөмж, эд материалын буюу эдийн засгийн их хэмжээний хохирол хүлээсэн.

Өнгөрсөн хугацаанд манай компанид учирсан дээрх хохирол, төлбөрийг бүрэн барагдуулах талаар талууд олон удаа ярилцаж, уулзсан ба хариуцагч Б ХХК-ийн захирал В- нь гэрээний төлбөрийг төлж барагдуулахаа удаа дараа илэрхийлж байсан боловч гэрээний гүйцэтгэлийн баталгаа төлбөр болох 500,000 юаниас өөр төлбөрийг төлөөгүй байна.

Иймд дараах шаардлагуудыг гарган шүүхэд хандсан. Үүнд:

1.1. Гэрээний дагуу манай компанийн гүйцэтгэсэн зарим ажлын төлөгдөөгүй хэсгийн төлбөр 2,814,274.38 юанийг одоогийн төгрөгтэй харьцуулсан ханшаар тооцож 1,235,466,452.82 төгрөг;

1.2. Талуудын тохиролцсоноор 2021 оны 6 дугаар сарын 30-ны өдөр манай компанид өгөхөөр тохиролцсон гэрээний эрсдэлийн баталгааны мөнгө болох 500,000 юаньтай тэнцэх 219,500,000 төгрөг, нийт 1,454,966,452 төгрөгийг хариуцагч Б ХХК-аас шаардсан.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шаардлагыг дараах байдлаар ихэсгэсэн. Үүнд:

Иймд дараах шаардлагуудыг гарган шүүхэд хандсан. Үүнд:

1.3. Талуудын хооронд байгуулагдсан гэрээний дагуу манай компанийн 2013 онд хийж гүйцэтгэсэн ажлын зарим хэсэг болох 74,648.35 м.куб хэмжээтэй чулуулаг хөрс хуулалтын ажлын хөлсний 98 хувийг хариуцагч нь өнөөдрийг хүртэл төлөөгүй. Энэ нь гэрээний ерөнхий нөхцөлийн 5 дугаар зүйл, тусгай нөхцөлийн 14 дүгээр зүйлд тус тус зааснаар чулуулаг хөрсний нэгж үнэ болох 73,155.38 м.куб38.47 юань болох бөгөөд гэрээний ерөнхий заалтын 22.1-д зааснаар захиалагч тал төлбөрөө төлөх үүргээ биелүүлээгүй хугацаанд харгалзах БНХАУ-ын ардын банкны зээлийн хүүтэй тэнцүү хэмжээгээр тооцон хохирол төлөх тухай тохиролцсоны дагуу /урт хугацаанд 4,90% х 8 жил гэвэл/ 1,103,200 юань х 442,62=488,298,384 төгрөг болоод байна.

1.4 Гэрээний тусгай заалтын 8.1-д заасан 500,000 юанийг хугацаа хэтрүүлсэн нь БНХАУ-ын ардын банкны зээлийн хүүтэй тэнцүү хэмжээгээр /урт хугацаанд 4,90%8 жил / тооцвол 196,000 юань442,62=86,753,520 төгрөг болж байгааг хариуцагч Б ХХК-аас гаргуулна.

1.5. Иргэний хуулийн 352 дугаар зүйлийн 352.5.1-д заасны дагуу хариуцагч Б ХХК-ийн хариуцлагагүй байдал, буруутай үйл ажиллагааны улмаас тухайн үеийн ханшаар манай компанид их хэмжээний хохирол учирсныг нөхөн төлүүлэх шаардлагыг гаргаж байна. Үүнд:

1.5.1. 2012 онд аймгийн Мэргэжлийн хяналтын газраас Б ХХК-ийн газрын зөрчлөөс шалтгаалж үйл ажиллагааг түр зогсоосны улмаас уурхайн малталт, тээвэрлэлт саатаж 360,347 юань266,3= 95,960,406 төгрөгийн;

1.5.2. Тэсэлгээний зөвшөөрөл олгогдоогүйгээс 2013 онд зогссон малталт тээвэрлэх ажлын хөлсний хохирол 1,378,240 юань266.3= 367,025,312 төгрөгийн;

1.5.3. Олборлолтын талбай дээр 1 км тутам зайтай өндөр хүчдэлийн шугам угсарсан зардал 171,819 юань266.3= 45,755,399 төгрөгийн;

1.5.4. Олборлолтын талбайд нүх өрөмдөх хэмжилтийн зардал 260,560 юань266.3=69,387,128 төгрөгийн;

1.5.5 Г ХХК-ийн гүйцэтгэсэн ажлын материалын өртгийн зөрүү болон тэсэлгээний үйлчлэлийн зардал 563,900 юань266.3=150,166,570 төгрөгийн;

1.5.6. Ажил зогссоны дараа манай компанийн хүн, хүч, тоног төхөөрөмж, машин механизмыг тээвэрлэсэн буюу талбайгаас гарах зардал 342,914 юань266.3= 91,317,998 төгрөгийн;

1.5.7. Үнийн зөрүүний нөхөн олговор 3,015,058 юань266.3= 802,909,945 төгрөгийн;

1.5.8. 2013-2014 он хүртэл тоног төхөөрөмжийн сул зогсолтын зардал 9,173,936266.3= 2,443,019,156 төгрөгийн;

1.5.9. Олох ажлын алданги 10,141,361 юань266.3=2,700,644,434 төгрөгийн буюу бүгд 25,408,135266.3=6,766,186,348 төгрөг болж байна.

Иймд нийт 8,796,204,704 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү.

 

2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга: Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй.

2.1. 2013 онд хийж гүйцэтгэсэн ажлын зарим хэсэг болох 74,648 м.куб хэмжээтэй чулуулаг хөрс хуулалтын ажлын хөлсийг төлөөгүй гэж шаардлага гаргасан. Гэвч нэхэмжлэл дээр яг ямар ажлыг дутуу хийсэн талаар дурдаагүй. 2013 оны 08 дугаар сарын ажлын хэмжээнээс 4,000 м.куб ажлыг, 10 дугаар сарын ажлын гүйцэтгэлээс 70,648 м.куб ажлыг хүлээж аваагүй бөгөөд хасаж тооцсон. Ингээд нийтдээ ажлын гүйцэтгэл дутуу 74,648.35 м.куб чулуулаг хөрс хуулалтын ажлын хөлсийг бид төлөхгүй, ажил нь чанарын шаардлага хангаагүй гэдгээ нэхэмжлэгч тал хүлээн зөвшөөрөөд талууд харилцан тохиролцсон болно.

2.2. Хятадын ардын банкны 4.90 хувийн хүүгээр хүү төлөх ёстой гэсэн шаардлага гаргасан. Энэ дээр хугацаа хэтрүүлсэн төлбөр тооцооны асуудал байхгүй учраас ардын банкны хүүгийн хэмжээгээр төлбөр төлөх асуудал яригдахгүй. Талуудын хооронд төлбөр тооцоо дууссан учир энэ нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй.

2.3. 500,000 юанийг нэгийг нь хүлээж авсан, нөгөө 500,000 юанийг аваагүй гэсэн асуудал байгаа. Энэ 500,000 юанийг Б ХХК огт хүлээж аваагүй. Тиймээс үүнийг буцааж төлөх үүрэг хүлээхгүй, манайх энэ мөнгийг авсан талаар баримт байхгүй. Харин Shandong gold өнгөт металл уул уурхайн борлуулалтын групп /цаашид Шаньдун алт өнгөт металл уул уурхайн групп гэх/ ХХК-д шилжүүлсэн баримт гаргаж өгдөг. Уг компани нь Б ХХК-тай хамааралгүй.

2.4. Нэхэмжлэгч хохирлыг шаардаж нэхэмжлэлийн шаардлагаа ихэсгэсэн байгаад дараах тайлбарыг гаргаж байна. Үүнд:

2.4.1. Мэргэжлийн хяналтын газраас түр ажил зогсоогоод бид 28 хоног сул зогсолт хийсэнтэй холбоотой ажилчдын цалин, техникийн зардал, НӨАТ гэх мэт зардал гарсан гэж тайлбарласан. Алдагдлын тайлан дээр 2012 оны 08 дугаар сарын 12-ны өдрөөс 2012 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр хүртэл мэргэжлийн хяналтын газраас шалгалт хийж ажил зогсоож, 28 хоног болсон гэж тайлбарладаг боловч мэргэжлийн хяналтын газраас акт гаргаж, үйл ажиллагаа зогсоосон гэх нөхцөл байдал тогтоогддоггүй. Үүнийг баримтаар нотлоогүй байгаа учраас уг хохирлыг хүлээн зөвшөөрөхгүй.

2.4.2. Тэсэлгээний зөвшөөрөл олгогдоогүй, уулын ажлын төлөвлөгөө баталж өгөөгүйгээс болж нэхэмжлэгч нь 2013 оны 04 дүгээр сарын 07-ны өдрөөс 2013 оны 07 сарын 06-ны өдөр хүртэл 90 хоног ажил зогссон гээд 367,025,312 төгрөгийн хохирол шаарддаг. Мөн адил ийм үйл баримт тогтоогддоггүй. Б ХХК-ийн гаргаж өгсөн 2013 оны уулын ажлын төлөвлөгөө буюу тайланд 2013 оны 4 дүгээр сард төлөвлөгөөг батлуулсан ба ажил 90 хоног саатсан талаар дурдаагүй.

2.4.3. Олборлолтын талбай дээр 1 километрийн зайтай өндөр хүчдэлийн шугам угсарсан учраас 45,755,399 төгрөг шаардсан ч энэ талаар санхүүгийн анхан шатны баримт хэрэгт байхгүй.

2.4.4. Олборлолтын талбайд нүх өрөмдөх хэмжилтийн зардал 69,387,128 төгрөг шаардсан. Энэ талаар нэхэмжлэгч алдагдлын тайлан дээр дурдахдаа танайх 2013 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр мэдэгдэлгүй ажил зогсоосон, гэтэл бид нар ажил үргэлжилнэ гэж бодоод баахан тэсэлгээ хийсэн, үүнтэй холбоотой зардал гарсан гэж тайлбарладаг. Гэтэл уг зардалтай холбоотой мөн л нотлох баримт байхгүй.

2.4.5. Г ХХК-ийн гүйцэтгэсэн ажлын материалын өртгийн зөрүү болон тэсэлгээний үйлчлэлийн зардал 150,166,570 төгрөгийн хохирол учирсан гэж шаардсан байна. Энэ нь мөн санхүүгийн анхан шатны баримт байхгүй. Үүнтэй холбоотой тэсэлгээний ажлын хоёр гэрээ болон 3 хуулга хавсаргаж өгсөн. Энэ нь 600 гаруй сая төгрөгийн зардал гарсан гэж харагдаж байгаа. Үүнээс 150,166,570 төгрөгийг яаж тооцож гаргаж ирсэн нь тодорхойгүй.

2.4.6. Ажил зогссоны дараа хүн, хүч, тоног төхөөрөмж, машин механизмыг тээвэрлэсэн буюу талбайгаас гарах зардал буюу 91,317,998 төгрөгийн зардал гарсан учир шаардсан Энэ нь мөн санхүүгийн анхан шатны баримт байхгүй. Хуульд зааснаар санхүүгийн баримтаар заавал бүртгэх ёстой.

2.4.7. Үнийн зөрүүний нөхөн олговор 802,909,945 төгрөгийг шаардсан. Энэ үнийн зөрүү яаж гарсныг тодруулахаар алдагдлын тайланг харахаар 25.81 чулуулаг хөрсний хуулга, өнгөн хөрсний хуулга 19.67 хоёроос хассан дүнгээр 6.4 нэгж үнээр тооцож хохирлоо гаргасан байсан. Гэтэл гэрээн дээр 25.81, эсхүл 19.67 гэсэн нэгж үнэ байхгүй ба 19.69 болон 38.47 гэсэн нэгж үнэ байгаа.

2.4.8 2013 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 2014 оны 10 дугаар сарын 31-ний өдөр хүртэл нийт 396 өдөр тоног төхөөрөмж сул зогссон гэж хохирол 2,443,019,156 төгрөгийг шаардсан. 2013 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр ажил зогсоосон боловч бид 10 дугаар сард ажил хүлээж авсан. Уг хохиролтой холбоотой мөн санхүүгийн баримт байхгүй. 182 хоногийн 39 ажилчдын цалин гэж байгаа боловч баримт байхгүй, хэрэв үнэхээр цалин гэж өгсөн бол цалин хөлсний суутгалын тайлан болон нийгмийн даатгалын тайлангаар баталгаажих ёстой. Мөн нэхэмжлэгч нь 9 төрлийн техникийн элэгдэл, хорогдлын тооцоо гаргасан байсан. Уг 9 төрлийн техник нь нэхэмжлэгчийн өмчлөлийн эд хөрөнгө мөн эсэх нь тодорхойгүй, техникийн тодорхойлолт байхгүй, тээврийн хэрэгслийн гэрчилгээ байхгүй.

2.4.9. Нэхэмжлэлд олох ажлын алданги гэж бичсэн. Харин алдагдлын тайлан дээр манай компани олох байсан ашиг гэж шаардсан. Талууд 2014 оны 06 дугаар сарын 24-ний өдөр харилцан тохиролцож гэрээгээ цуцалсан тул олох байсан ашиг орлогын талаар яригдахгүй. Б ХХК-ийн зүгээс гэрээгээ зөрчиж нэг талын санаачилгаар гэрээ цуцалсан асуудал байхгүй.

Дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэлийн шаардлагуудыг бүхэлд хүлээн зөвшөөрөхгүй байгаа учраас нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсгүүдэд заасныг баримтлан хариуцагч Б ХХК-аас 8,796,204,704 төгрөг гаргуулах тухай А ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид 2021 оны 8 дугаар сарын 30-ны өдөр төлсөн 7,432,790 төгрөг, 2021 оны 10 дугаар сарын 01-ний өдөр төлсөн 36,865,000 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

 

4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:

4.1. Нэхэмжлэгч А ХХК нь Б ХХК-тай гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор гүйцэтгэж ажлын үр дүнгээ хүлээлгэн өгсөн. Харин Б ХХК нь хэлэлцэн тохирсон ажлын хөлсөө өгөх үүргээ биелүүлээгүй. Хариуцагч нь 74,648,35 м.куб чулуулаг хөрс хуулалтын ажлын хөлсийг бид төлөхгүй, энэ ажил нь чанарын шаардлага хангаагүй, үүнийг нэхэмжлэгч хүлээн зөвшөөрөөд талууд харилцан тохиролцсон хэмээн тайлбарладаг. Гэтэл нэхэмжлэгч тал ажлын чанарын шаардлага хангаагүй гэдгээ хүлээн зөвшөөрсөн зүйл байхгүй ба хариуцагч нь нэхэмжлэгч талд ажлын хөлсийг өгөхөөр тохирсон хэргийн баримтаар тогтоогддог. Төслийн ажил түр зогссонтой холбогдуулан хоёр тал хэлэлцээр хийсэн ба 2013 оны 10 дугаар сард зүүн талын талбайд гүйцэтгэсэн ажил хоёр хэсэгт зураг төслийн шаардлагыг хангаагүй, гүйцэтгэсэн ажлын хэмжээ 70,648.35 м.кв, үүнээс 2%-г хасч тооцож 98%-ийн тооцоог хийх талаарх хэлэлцээрийг хийсэн. Хариуцагч нь хэлэлцэн тохирсон хөлсөө өгөөгүй юм.

4.2. 2014 оны 06 дугаар сарын 24-ний өдөр БНХАУ-н Шаньдун мужийн Жинань хотод төслийн ажлын гэрээ болон цаашид хэрхэх талаар талаар харилцан ярилцаж хоёр тал гэрээг цуцлахаар санал нэгтэйгээр тохиролцсон. Хэргийн 134 дэх талд авагдсан гэрээтэй холбоотой асуудлаар зөвшилцөх хурлын протокол авагдсан байдаг ба тухайн өдөр талууд тохиролцоонд хүрч, А ХХК нь Б ХХК-д нөхөн төлбөр авах утга бүхий 9 тооны шаардлага тавьснаас Б ХХК нь 5 шаардлагыг хүлээж авахгүй, харин 4 шаардлагыг нь хүлээн зөвшөөрч, бодит хохирлыг нарийвчилсан мэдээлэл гаргах шаардлагын дагуу нэхэмжлэгч тайлангаа гаргасан. Ингээд нэхэмжлэгч талаас хэргийн 119 дэх талд авагдсан Хараат уулын төмөр цайрын ордны төслийг зогсоож, нөхөн төлбөр олгох тайлан-г үндэслэн нэхэмжлэлээ гаргасан байдаг.

Хэргийн 82 дугаарт авагдсан баримтаар 2021 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн төлбөр төлөгч Шаньдун алт өнгөт металл уул уурхайн борлуулалтын групп ХХК-ийн гэрээ гүйцэтгэлийн баталгааг буцаасан гэх 500,000 юаныг Хятадын Үйлдвэр худалдааны банкаар А ХХК-д гуйвуулсан байдаг. 2021 оны 06 дугаар сарын 30-ны өдөр Б ХХК-н Хятад Улс дахь толгой компаниас дээрхи мөнгийг А ХХК-д гуйвуулсан байдаг бөгөөд шүүх шийдвэртээ энэхүү компани нь хариуцагчид хамааралгүй байна, мөнгө шилжүүлсэн үйл баримт тогтоогдохгүй байна хэмээн дүгнэсэн. Гэтэл энэхүү Хятад талаас мөнгө шилжүүлсэн Шаньдун алт өнгөт металл уул уурхайн борлуулалтын групп ХХК нь хариуцагчтай холбоотой талаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Мөнхболд нь гомдол хэлэлцэх хурал дээр манай толгой компани хэмээн нэрийг нь дурдаж Монголд хөрөнгө оруулж ирдэг хэмээн гомдолдоо дурдсан байсан. Иймд анхан шатны шүүх хөөн хэлэлцэх хугацааны хувьд хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримтыг үнэлээгүй.

4.3. Мөн нэхэмжлэгч талаас 2012 оноос 2021 он хүртэлх хугацаанд хариуцагч талтай ажил гүйцэтгэх гэрээтэй хөлсний асуудлаар байнга холбоотой байсан гэдэг ба энэ талаар нэхэмжлэгч талаас гэрчүүд асуулгасан, утсанд үзлэг хийлгэсэн зэрэг хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан болохыг зохих байдлаар нотолсон. Үүнийг шүүх анхаарч үзээгүй хэт нэг талыг барьж шийдвэрлэсэн.

4.4. Нэхэмжлэгч талаас шүүх хуралдааны аль үе шатанд хүсэлт гаргаж болно гэсний дагуу шүүгчээс татгалзсан. Гэтэл энэ хүсэлтийг шийдвэрлэхгүйгээр шууд хурлаа үргэлжлүүлсэн тул нэхэмжлэгчийн өмгөөлөгч Л.Мөнхтөр шүүх хуралдааныг орхиж гарсан Итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүх хуралдаанд өмгөөлөгчтэй оролцох хүсэлтэй байна, эсрэг тал 4 өмгөөлөгчтэй оролцож байна хурлыг хойшлуулж өгнө үү хэмээн хүсэлтийг амаар болон бичгээр гаргасан. Шүүгч энэхүү хүсэлтийг шийдвэрлэхгүйгээр мөн л хурлаа үргэлжлүүлсэн.

4.5. Шаньдун алт өнгөт металл уул уурхайн борлуулалтын групп ХХК болон Б ХХК нь ямар хамаарал бүхий компани болох талаар мэдээлэл, лавлагаа гаргуулахаар нотлох баримт гаргуулах хүсэлт гаргасныг шүүх хангаагүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дахь хэсэгт заасныг зөрчсөн. Хэрэгт авагдсан Б ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээнд хувьцаа эзэмшигч, гүйцэтгэх захирал, өмчлөгч өөрчлөгдсөн талаар тэмдэглэгдсэн боловч үүнтэй холбоотой баримт байхгүй. Хариуцагч талаас өмнөх шүүх хуралдаанд Шаньдун алт өнгөт металл уул уурхайн борлуулалтын групп ХХК-ийг манай хувьцаа эзэмшигч гэж хэлсэн бол нэхэмжлэгчид толгой компани гэж тайлбарладаг тул тухайн хуулийн этгээдүүдийн харилцан хамааралтай эсэхийг Улсын бүртгэлийн ерөнхий газрын хуулийн этгээдийн бүртгэлийн газар, Гадаадын хөрөнгө оруулалттай компанийн бүртгэлийн газраас нотлох баримт гаргуулахаар хүсэлт гаргасан. Мөн БНХАУ-ын ардын банкны урт хугацааны зээлийн хүүгийн талаарх нотлох баримтыг шүүхийн журмаар гаргуулах хүсэлт гаргасан. Хариуцагч талаас интернэтээс татан авч, үзлэг хийлгүүлэх талаар тайлбарласан боловч шүүх шийдвэрлээгүй нь талуудын мэтгэлцэх эрхийг зөрчсөн.

4.6. Захиалагч Б ХХК нь мэдэгдэл өгч ажлаа түр зогсоосон ба эцсийн байдлаар төлбөр тооцоо нийлнэ гэсээр байгаад цар тахал гарч, хөл хорио тавигдсанаар тооцоо нийлж чадаагүй. Тендерийн баталгааны мөнгө 500,000 юанийг Шаньдун алт өнгөт металл уул уурхайн борлуулалтын групп ХХК 2021 оны 06 дугаар сарын 30-ны өдөр шилжүүлсэн тул энэ өдрөөс бидний шаардах эрх үүсэн бөгөөд хөөн хэлэлцэх хугацаа өнгөрөөгүй юм.

4.7. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү.

 

5. Давж заалдах шатны шүүх хуралдаанд хариуцагч талын гаргасан тайлбарын агуулга: Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон шүүхийн шийдвэр үндэслэл бүхий гарсан.

5.1. Б ХХК 74,648 м.куб ажлыг хүлээж аваагүй, нэхэмжлэгч хүлээлгэн өгөөгүй. 2013 оны 08 дугаар сард 146,103 м.куб хөрс хуулалтын ажлыг хүлээн авч, 4,000 м.куб ажлыг чанарын шаардлага хангаагүй гэх үндэслэлээр хасаж тооцсон. 2013 оны 10 дугаар сард 157,780 м.куб ажлыг хүлээн авч, үүнээс чанарын шаардлага хангаагүй 70,648 м.куб ажлыг хасаж тооцсон. 2013 оны 08, 10 дугаар сарын хөрс хуулалтын ажлын хүлээн авч, төлбөр тооцоог хийж дуусгасан. Талууд 98 хувийг тооцож, хэлэлцээр хийсэн гэх баримтад тамга, тэмдэг дарагдаагүй, огноо бичигдээгүй. Ажил гүйцэтгэх гэрээний тусгай нөхцөлд ажлын хэмжээг хэрхэн тооцож, хүлээн авах тухай тусгасан. Сар бүр ажлыг захиалагч тал, зөвлөх инженер, гүйцэтгэгч тал оролцож ажлын хэмжээг баталгаажуулж авах талаар тусгасан. Өмнөх ажил хүлээлцсэн баримтыг талууд хэрэгт гаргаж өгсөн.

5.2. Нэмэгдүүлсэн шаардлагаар 9 төрлийн хохирол, гаргасан зардал, ашиг алдагдлыг шаардсан. 2014 оны 06 дугаар сарын 24-ний өдөр тэмдэглэл үйлдэж, ажил гүйцэтгэх гэрээг цуцалсан. Ингэхдээ 74,000 м.куб ажлын 98 хувийн хөлсийг төлөх талаар тохиролцоогүй, зөвхөн 9 төрлийн алдагдлын талаар ярилцсан. Нэхэмжлэгч тал нөхөн төлбөрийн алдагдлыг гаргасан 2 төрлийн тайлан гаргасан. Огноогүй, нөхөн төлбөрийн тайлан нь санхүүгийн анхан шатны баримтаар нотлогдоогүй. Сул зогсолт, материалын зардал, ажилчдын цалин зэрэг нь баримтаар нотлогдох ёстой. Гэтэл нягтлан бодох бүртгэлийн дагуу анхан шатны баримтад бүртгээгүй, тайланд тусгаагүй, аудитаар баталгаажаагүй.

5.3. 2021 оны 06 дугаар сарын 30-ны өдөр Шаньдун алт өнгөт металл уул уурхайн борлуулалтын групп ХХК-иас 500,000 юанийн гүйцэтгэлийн баталгааг буцаасан гэх утгатай мөнгийг нэхэмжлэгч хүлээн авсан гэдэг. Энэ нь хариуцагчтай хамааралгүй баримт тул хөөн хэлэлцэх хугацааг сэргээх баримт биш. Хөөн хэлэлцэх хугацааг ажил гүйцэтгэх гэрээг цуцалсан үеэс тооцно гэж дүгнэсэн шүүхийн дүгнэлт үндэслэлтэй. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан, түр зогссон нөхцөл байдал тогтоогдоогүй.

5.4. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа 1 жил гаруй үргэлжилсэн бөгөөд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Энхтунгалаг 3 удаа өмгөөлөгч авч байсан, өмгөөлүүлэх эрхийг шүүх хангасан. Шүүх хуралдаан эхлэх үед шүүгчээс татгалзан гаргах хүсэлт байгаа эсэх талаар тодруулсан бөгөөд талууд аль аль нь татгалзан гаргах хүсэлтгүй талаар мэдэгдэж шүүх хуралдаан үргэлжилсэн. Хүсэлтийг хангахгүй орхисонтой холбоотойгоор шүүгчээс татгалзсан нь үндэслэлгүй.

5.5. Шүүх хуралдаан нэхэмжлэгч талын хүсэлтээр 16 удаа хойшилсон бөгөөд шүүх хуралдаан бүрт 4-5 нотлох баримт гаргуулах хүсэлт гаргаж, шүүхээс хангаж нотлох баримт цуглуулж, гэрч асууж, үзлэг хийсэн. Сүүлийн шүүх хуралдаан дээр дахин улсын бүртгэлийн лавлагаа, ханшийн лавлагаа гаргуулах хүсэлт гаргасан. Уг баримтууд нь анх нэхэмжлэл гаргах үед байсан баримт бөгөөд шинэ нотлох баримт биш байсан.

5.6. БНХАУ-ын аж ахуйн нэгж болох Шаньдун голд өнгөт металл ХХК-аас Хятад компани руу 500,000 юанийг шилжүүлсэн. БНХАУ талаас хуульч нар үг ойролцоо тул андуурч байх шиг байна. Шаньдун голд өнгөт металл ХХК нь Б ХХК-тай ямар нэг харилцан хамааралгүй.

Иймд гомдлыг хэрэгсэхгүй болгож, шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт заасан бүрэн эрхийн хүрээнд хэргийг бүхэлд нь хянаад шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаав.

 

2. Нэхэмжлэгч А ХХК нь хариуцагч Б ХХК-д холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээний үүрэг болон хохиролд 8,796,204,704 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргасан.

Талууд 2012 оны 5 дугаар сарын 28-ны өдөр Ил уурхайн хөрс хуулалтын ажил болон уурхайн олборлолтын аутсорсингийн ажлын гэрээ байгуулжээ /2хх 182-3хх 6/.

 

3. Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлага, үндэслэл болон хэрэгт ач холбогдол бүхий үйл баримтыг тодруулаагүй, хуулийн этгээдийг төлөөлж байгаа этгээдийн итгэмжлэл хуульд нийцэж байгаа эсэхийг хянаагүйгээс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна.

 

4.1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1 дэх хэсэгт зааснаар хуулийн этгээд төлөөлөгчөөрөө дамжуулан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцоно.

Үүний дагуу нэхэмжлэгч А ХХК-ийн ерөнхий захирал Жао Вэй Минг /Zhao Weiming/-ээс 2021 оны 12 дугаар сарын 22-ны өдөр иргэн Д.Энхтунгалагт 3 сарын хугацаатай итгэмжлэлийг хятад хэл дээр олгожээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт зааснаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа монгол хэлээр явагдах учир Д.Энхтунгалагт олгосон итгэмжлэлийн монгол хэл дээрх орчуулгаар итгэмжлэлийн агуулгыг тодорхойлно. Иймд итгэмжлэгдсэн төлөөлөгч нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцохоор олгосон 3 сарын хугацааны дотор үйл ажиллагаагаа явуулна. /2хх 136-137/.

 

4.2. Гэвч Д.Энхтунгалагт олгосон шүүхэд төлөөлөх 3 сарын хугацаатай итгэмжлэлийн хугацаа 2022 оны 3 дугаар сарын 22-ны өдөр дууссан байхад хэргийг хянан шийдвэрлэсэн 2022 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн шүүх хуралдаанд түүнийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцуулсан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 99 дүгээр зүйлийн 99.2 дахь хэсэгт заасан төлөөлөгчийн бүрэн эрхийг шалгах үүргээ шүүх хэрэгжүүлээгүй гэж үзнэ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн төлөөлөх бүрэн эрхийн хугацаа итгэмжлэлийн хугацаагаар хязгаарлагдах бөгөөд түүний шүүх хуралдаанд гаргасан тайлбар нь нэхэмжлэгч хуулийн этгээдийн хүсэл зориг мөн эсэхийг тодорхойлох боломжгүй.

Өөрөөр хэлбэл, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчийн тайлбар нь нотолгооны хэрэгсэлд хамаарах бөгөөд итгэмжлэлийн хугацаа дууссан тул Д.Энхтунгалагийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар нь хуулиар зөвшөөрөгдсөн нотолгооны хэрэгсэлд хамаарахгүйгээс гадна мөн хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.1-д зааснаар нэхэмжлэгчийг шүүх хуралдаан оролцох эрхээр хангаагүй гэж дүгнэх юм.

 

4.3. Мөн А ХХК-иас иргэн Б.Ганболдод 2021 оны 8 дугаар сарын 31-ний өдөр олгосон итгэмжлэлийн хугацаа 2022 оны 8 дугаар сарын 31-ний өдөр дууссан байх ба уг төлөөлөгч 2022 оны 01 дүгээр сарын 24-ний өдрөөс хойш хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцоогүй байгааг тэмдэглэх нь зүйтэй байна. / 1хх 5, 2хх 143-144, 148, 155, 158/.

 

5. 2022 оны 10 дугаар сарын 21-ний өдөр болсон шүүх хуралдаанд нэхэмжлэгч талаас гаргасан хариуцагч хуулийн этгээдтэй холбоотой улсын бүртгэлийн лавлагаа гаргуулах хүсэлтийг шүүх 2022 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 102/ШЗ2022/17559 дүгээр захирамжаар хангахаас татгалзсан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дахь хэсэгт нийцээгүй байна.

 

5.1. Зохигч нь гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацааны талаар маргасан.

Үүнтэй холбогдуулан нэхэмжлэгч нь Б ХХК-ийн харилцан хамаарал бүхий компани болох Шаньдун алт өнгөт металл уул уурхайн борлуулалтын групп компаниас гэрээний гүйцэтгэлийн баталгааг 2021 оны 6 дугаар сарын 30-ны өдөр 500,000 юанийг Хятад улсын Үйлдвэр худалдааны банкаар буцаан шилжүүлсэн тул гэрээний хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан гэж тайлбарласан /1хх 82/.

Хэрэгт авагдсан Б ХХК-ийн дүрэмд хувьцаа эзэмшигчээр БНХАУ-ын хуулийн этгээд Шаньдун гө хүй эд хөрөнгийн менежмент ХХК 85.27 хувь, Монгол улсын хуулийн этгээд Жөн юан ХХК 14.73 хувь гэж 2019 оны 6 дугаар сарын 27-ны өдөр бүртгэгдсэн бол 2019 оны 8 дугаар сарын 27-ны өдөр улсын бүртгэлийн гэрчилгээнд хувьцаа эзэмшигч 1 нэмэгдэж, 1 хасагдсан бүртгэл хийгдсэн байна /1хх 155-161/.

 

5.2. Нэхэмжлэгч талын зүгээс Улсын бүртгэлийн ерөнхий газраас Б ХХК нь Шаньдун алт өнгөт металл уул уурхайн борлуулалтын групп компанитай харилцан хамаарал бүхий компани болох талаар хуулийн этгээдийн улсын бүртгэлд хамаарахгүй лавлагааг гаргуулах хүсэлт гаргажээ.

Гэхдээ шүүх тухайн хүсэлтийг тодруулж, Б ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлд бүртгэгдсэн хувьцаа эзэмшигчийн мэдээлэл, түүний өөрчлөлтийн талаар баримтыг гаргуулж 2021 оны 6 дугаар сарын 30-ны өдөр гэрээний гүйцэтгэлийн баталгаа 500,000 юанийг буцаан шилжүүлсэн хуулийн этгээд нь хариуцагчтай хамааралтай эсэх, эсхүл гуравдагч этгээдээр тухайн гэрээний гүйцэтгэлийг шилжүүлэх үүрэг гүйцэтгүүлсэн эсэхэд дүгнэлт өгөх шаардлагатай.

Иймд нэхэмжлэгчийн гаргасан хүсэлт нь хэргийн үйл баримтыг тогтооход ач холбогдолтой байхад анхан шатны шүүх хүсэлтийг тодруулалгүй хангахгүй орхиж шийдвэрлэсэн нь учир дутагдалтай болсон, энэ талаар гаргасан нэхэмжлэгч талын гомдлыг хангах үндэслэлтэй.

 

5.3. Түүнчлэн хэрэгт ач холбогдол бүхий Shandong gold өнгөт металл уул уурхайн борлуулалтын групп компаниас гэрээний гүйцэтгэлийн баталгааг 2021 оны 06 дугаар сарын 30-ны өдөр 500,000 юанийг Хятад улсын Үйлдвэр худалдааны банкаар буцаан шилжүүлсэн баримтын нотариатаар гэрчлүүлсэн орчуулгын хуулбар хэрэгт авагдсан байна /1хх 82/.

Харин тухайн баримт нь эх хувь эсхүл нотариатчаар гэрчлүүлсэн байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангасан хэлбэрээр хэрэгт авагдаагүй.

 

6. Нэхэмжлэлийн зарим шаардлагын үндэслэл тодорхойгүй буюу Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.4-т заасан шаардлагыг хангаагүй байхад хэргийг хянан шийдвэрлэжээ. Үүнд:

- Гэрээний тусгай заалтын 8 дугаар зүйлийн 8.1-д заасан 500,000 юанийг төлөх хугацаа хэтрүүлсэн нь БНХАУ-ын ардын банкны зээлийн хүүтэй тэнцүү хэмжээгээр тооцож 196,000 юань442,62=86,753,520 төгрөг гаргуулахаар шаардахдаа ямар хугацаанд уг хүүг тооцсон болох нь тодорхойгүй,

- 2012 онд Дундговь аймгийн Мэргэжлийн хяналтын газраас Б ХХК-ийн газрын зөрчлөөс шалтгаалж үйл ажиллагааг түр зогсоосны улмаас уурхайн малталт, тээвэрлэлт зогссоны хохирол 360,347 юань266,3=95,960,406 төгрөг гаргуулах шаардлагын хохирол тооцсон хугацаа, хохирлын задаргаа тодорхой бус,

- Тэсэлгээний зөвшөөрөл олгогдоогүйгээс 2013 онд зогссон малталт тээвэрлэх ажлын хөлсний хохирол 1,378,240 юань266.3=367,025,312 төгрөг гаргуулах шаардлагын хохирол тооцсон хугацаа, хохирлын задаргаа тодорхой бус,

- Г ХХК-ийн гүйцэтгэсэн ажлын материалын өртгийн зөрүү болон тэсэлгээний үйлчлэлийн зардал 563,900 юань266.3=150,166,570 төгрөг гаргуулах шаардлагад Г ХХК-ийн гүйцэтгэсэн ажлын өртөгийн хэмжээ, өртгийн зөрүү үүссэн үндэслэлийг тусгаагүй,

- Ажил зогссоны дараах хүн, тоног төхөөрөмж, машиныг тээвэрлэсэн буюу талбайгаас гарах зардал 342,914 юань266.3=91,317,998 төгрөг гаргуулах шаардлагад хамаарах хүн, тоног төхөөрөмж, машины тоо хэмжээ, түүнд ногдох зардлын тооцоолол байхгүй,

- Үнийн зөрүүний нөхөн олговор 3,015,058 юань266.3=802,909,945 төгрөгийг гаргуулахаар шаардахдаа гэрээнд заасан ямар нэгж үнийг баримталж үнийн зөрүүг гарсан болохыг тодорхойлоогүй,

- 2013-2014 он хүртэлх хугацааны тоног төхөөрөмжийн сул зогсолтын зардал 9,173,936 юань266.3=2,443,019,156 төгрөг гаргуулах шаардлагад хамаарах тоног төхөөрөмжийн тоо хэмжээ, зардлын тооцоолол байхгүй,

- Олох ажлын алданги 10,141,361 юань266.3=2,700,644,434 төгрөгийг гаргуулахаар шаардсан хугацаа, алдангийн хувь хэмжээ, ямар үнийн дүнгээс тооцсон нь тодорхойгүй.

 

6.1 Хэрэгт нэхэмжлэлийн шаардлагатай холбоотой нотлох баримтууд авагдсан боловч шүүхэд гаргаж буй нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэл нотлох баримтын задаргаагаар бус нэхэмжлэлд тусгагдсан байх ёстой. Үүнийг тодруулах нь шүүхийн үүрэг юм.

 

7. Дээр дурдсан зөрчлийг давж заалдах шатны шүүх нөхөн гүйцэтгэх боломжгүй тул нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1, 168.1.7-д зааснаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Хэргийг дахин шийдвэрлүүлэхээр тогтоосон маргааны үйл баримт, хууль хэрэглээний талаар дүгнэлт хийх эрх зүйн үндэслэлгүй.

 

8. Харин нэхэмжлэгч талын гаргасан зарим гомдол үндэслэлгүй.

 

8.1. Шүүх хуралдааны шатанд шүүгчийг татгалзан гаргах талаар нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдол үндэслэлгүй байна. Учир нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гаргасан хүсэлтийг шүүгч хангаагүй үндэслэлээр хэргийг хэлэлцэж эхэлснээс хойш шүүгчийг татгалзан гаргах хүсэлт гаргасныг шүүгч хүлээн аваагүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 91 дүгээр зүйлийн 91.2 дахь хэсэгт нийцсэн гэж үзнэ.

Шүүх 2021 оны 9 дүгээр сарын 07-ны өдөр иргэний хэрэг үүсгэснээс хойш хэргийг шийдвэрлэсэн 2022 оны 10 дугаар сарын 21-ний өдөр хүртэл 1 жил гаруй хугацаанд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдсан байх тул нэхэмжлэгчийн эрх зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх эрхийг хязгаарласан гэж үзэхгүй.

 

8.2 Хил хамгаалах ерөнхий газраас Б ХХК-ийн тухайн үеийн захирал В--г Монгол Улсад байсан эсэх талаар лавлагаа гаргуулах хүсэлтийг 2022 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 102/ШЗ2022/09516 дугаар захирамжаар хангаж шийдвэрлэсэн, үүнд Хил хамгаалах ерөнхий газрын 2022 оны 6 дугаар сарын 06-ны өдрийн 2-46/1715 тоот албан бичгээр хариу өгсөн, мөн Б ХХК-ийн тухайн үеийн захирал В--г Монгол Улсад байсан эсэх нь хэрэгт ач холбогдол үйл баримтыг шууд нотлохгүй.

Мөн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Энхтунгалаг нь Шаньдун гө хүй эд хөрөнгийн менежмент ХХК-ийг гуравдагч этгээд оролцуулах тухай хүсэлт, үндэслэлийн талаар шүүх хуралдаанд тодорхой тайлбарлаж дэмжээгүй, мөн бичгээр гаргасан давж заалдах гомдолд энэ үндэслэлийг заагаагүй тул уг гомдол үндэслэлгүй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1, 168.1.7-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 102/ШШ2022/03631 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа нэхэмжлэгч А ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 44,297,790 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.ЗОЛЗАЯА

 

ШҮҮГЧИД Ш.ОЮУНХАНД

 

Т.БАДРАХ