Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 02 сарын 08 өдөр

Дугаар 210/МА2023/00327

 

2023 оны 02 сарын 08 өдөр

Дугаар 210/МА2023/00327

 

 

“А” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Золзаяа даргалж, шүүгч Т.Бадрах, Э.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 181/ШШ2022/02645 дугаар шийдвэртэй,

 

“А” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Б-нд холбогдох,

 

Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгохыг даалгах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Э.Золзаяа илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Оюунбаяр, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Баттулга, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга           Т.Номин-Эрдэнэ нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:

1.1. Сүхбаатар дүүргийн шүүхийн шүүгчийн 2010 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 1368 дугаар Зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамжаар “А” ХХК-аас 1,790,201,902 төгрөгийг гаргуулан “Банк” ХК дахь банкны эрх хүлээн авагчид олгохоор хариуцагчийн зөвшөөрлийг баталж шийдвэрлэсэн байдаг.

1.2. “А” ХХК-ийн дээрх “Банк” ХК дахь банкны эрх хүлээн авагчид төлөх ёстой 1,790,201,902 төгрөгийг нэхэмжлэгч компанид тухайн үед өртэй байсан “В-” ХХК өр төлбөрийг төлөх үүргийг шилжүүлэн авсан. “В-” ХХК нь нэхэмжлэгчид 3 гаруй тэрбум төгрөгийн өрөндөө дээрх Сүхбаатар дүүргийн шүүхийн шүүгчийн 2010 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 1368 дугаар шийдвэрийн дагуу 1,790,201,902 төгрөгийг “Банк” ХК дахь банкны эрх хүлээн авагчид төлөхөөр “Үүрэг шилжүүлэн гүйцэтгэх гэрээ”-г 2010 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр төлбөр авагч “Банк” ХК дахь банкны эрх хүлээн авагчийг төлөөлж Г- болон “В-” ХХК-ийн ТУЗ-ын дарга Д- нар байгуулсан бөгөөд тус гэрээ өнөөдрийг хүртэл хүчин төгөлдөр байна.

1.3. Манай компани шүүхийн 2010 оны 1368 дугаар  шийдвэрийн дагуу төлөх ёстой төлбөрийг “Банк” ХК дахь банкны эрх хүлээн авагчийн өмнө “В-” ХХК хүлээж, тооцоо нийлсэн акт үйлдэж, “А” ХХК төлбөр төлөх үүргээс чөлөөлөгдсөн байхад түүнийг шийдвэрлэж өгөхгүй, улмаар “А” ХХК-д холбогдуулах шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуулж байгаа нь үндэслэлгүй.

1.4. Төлбөр авагч “Банк” ХК дахь банкны эрх хүлээн авагч нь 2015 оны 178 тоот, 2017 оны 196 тоот болон 2020 оны 48 тоот албан бичгүүдээр төлбөр төлөгчийг “В-” ХХК болохыг, “А” ХХК төлбөр төлөх үүрэггүй талаар дурдаж төлбөр төлөгчийг сольж, шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулах талаарх хүсэлтийг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсэн боловч шийдвэрлэхгүй өнөөдрийг хүрээд байна.

Иймд Сүхбаатар дүүргийн шүүхийн шүүгчийн 2010 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 1368 тоот шүүгчийн захирамжийн дагуу явагдаж байгаа “А” ХХК-д холбогдуулан үүсгэсэн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг дуусгавар болгохыг хариуцагчид даалгаж өгнө үү.

 

2. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн татгалзал, тайлбарын агуулга:

2.1. Сүхбаатар дүүргийн шүүхийн шүүгчийн 2010 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 1368 дугаар захирамжаар “А” ХХК-аас 1,790,201,902 төгрөгийг гаргуулж “Банк” ХК дахь банкны эрх хүлээн авагчид олгох, улсын тэмдэгтийн хураамжид 4,528,504 төгрөгийг тус тус гаргуулж улсын орлогод оруулахаар шийдвэрлэсний дагуу 2013 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэсэн. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.2 дахь хэсэгт “Төлбөр авагчийн эрх хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, үүргээ биелүүлээгүй гэж гүйцэтгэх баримт бичигт заасан хүн, хуулийн этгээдийг төлбөр төлөгч” гэж заасан, дээрх шүүхийн шийдвэрээр мөнгөн төлбөр төлөх үүргийг “А” ХХК-д тогтоосон байна.

2.2. Төлбөр авагч “Банк” ХК дахь банкны эрх хүлээн авагч болон “В-” ХХК-ийн хооронд “Үүрэг шилжүүлэн гүйцэтгүүлэх гэрээ” байгуулагдсан ч уг гэрээг үндэслэн албадлагын арга хэмжээ хэрэгжүүлэх үндэслэлгүй, хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийг гүйцэтгэх чиг үүргийг манай байгууллага хэрэгжүүлдэг. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.2 дахь хэсэгт “гүйцэтгэх баримт бичигт төлбөр төлөгчөөр гүйцэтгүүлэхээр заасан үүргийг төлөөлөгчөөр төлөөлүүлэн гүйцэтгэхийг хориглоно” гэж хуульчилсан, гүйцэтгэх баримт бичигт заагдаагүй, гуравдагч этгээдтэй холбогдуулан шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулах боломжгүй байна.

Иймд “А” ХХК-д холбогдуулан үүсгэсэн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгох үндэслэлгүй тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

 

3. Гуравдагч этгээдийн шүүхэд гаргасан тайлбарын агуулга:

3.1. Сүхбаатар дүүргийн шүүхийн шүүгчийн 2010 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 1368 дугаар захирамжаар “А” ХХК-аас 1,790,201,902 төгрөгийг гаргуулан “Банк” ХК дахь банкны эрх хүлээн авагчид олгохоор хариуцагчийн зөвшөөрлийг баталсан байна. Энэхүү шүүгчийн захирамж гарснаас хойш буюу 2010 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн ООГ/154 дугаартай “Үүрэг шилжүүлэн гүйцэтгүүлэх гэрээ”-ний дагуу “В-” ХХК нь нэр бүхий хуулийн этгээдүүдийн төлбөрийн үүргийг шилжүүлэн авсан ба үүний дотор хамаарал бүхий “А” ХХК-ийн үүрэг багтсан болно.

3.2. Төлбөр авагч нь дээрх гэрээний дагуу шийдвэрлэгдсэн шүүхийн шийдвэр, шүүгчийн захирамж, мөн нэхэмжлэгчийн төлбөрийн үүргийг “В-” ХХК-д шилжүүлэн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулахыг хүсэн гэрээний хуулбар, “В-” ХХК-тай 2016 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 149 дугаартай тооцоо нийлсэн акт зэргийг хуулбарлан Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд /тухайн үед хариуцаж байсан/, 2018 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 41 дугаар албан тоотоор Банк, хадгаламж зээлийн хоршоодын төлбөр барагдуулах албанд тус тус хүргүүлсэн. Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба хүсэлтийг хүлээн авч, 2015 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 3/32215 дугаар бичгээр хариу ирүүлсэн ба Банк, хадгаламж зээлийн хоршоодын төлбөр барагдуулах албаны дарга Б.Дашдаваа Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанаас шилжин ирсэн дээрх гүйцэтгэх ажиллагааг хэвээр үргэлжлүүлэхээ илэрхийлсэн.

Энэ нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль /2002 он/-ийн 24 дүгээр зүйлийн 24.1 дэх хэсэгт “Талуудын аль нэг нь байхгүй /сураггүй алга болсон, нас барсан, хуулийн этгээд татан буугдсан, өөрчлөн байгуулагдсан, шаардлага ба үүргээ бусдад шилжүүлсэн/ бол төлбөр авагч, төлбөр төлөгчийн хүсэлтээр уг этгээдийг эрх залгамжлан авбал зохих этгээдээр сольж болно”, 24.2 дахь хэсэгт “Энэ хуулийн 24.1-д заасан эрх залгамжлагч шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад тухайн этгээдтэй холбоотой эрх эдэлж, үүргийг хэрэгжүүлнэ” гэж заасны дагуу төлбөр төлөгчийн үүрэг “В-” ХХК-д шилжсэн гэж бид ойлгож байна.

Дээрх заалт нь 2017 онд батлагдсан Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 35 дугаар зүйлд хэвээр тусгагдсан байна. Иймд нэхэмжлэгчийн хууль зүйн үндэслэл болгосон Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 29 дүгээр зүйлд заасан үндэслэл бий болоогүй бөгөөд шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгож, гүйцэтгэх баримт бичгийг хаах боломжгүй. Харин “В-” ХХК-д дээрх үндэслэлээр үүрэг шилжсэн тул төлбөр төлөгчийн үүргийг шилжүүлэн шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг гүйцэтгэхийг хариуцагчид даалган шийдвэрлэж өгнө үү.

 

4. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай /Шинэчилсэн найруулга/ хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1 дэх хэсэгт заасан иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгох тухай үндэслэл тогтоогдоогүй тул Сүхбаатар дүүргийн шүүхийн 2010 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 1368 дугаар шүүгчийн захирамжийн дагуу “А” ХХК-д холбогдуулан үүсгэсэн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг дуусгавар болгохыг хариуцагчид даалгах тухай нэхэмжлэгч “А” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

5. Нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна.

5.1. Анхан шатны шүүх нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлээгүй байна.

Сүхбаатар дүүргийн шүүхийн шүүгчийн 2010 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 1368 дугаар захирамжийн дагуу “А” ХХК-ийн 1,790,201,902 төгрөгийг “Банк” ХК-д төлөх үүргийг “В-” ХХК өөртөө шилжүүлэн авахыг хүлээн зөвшөөрч “Үүрэг шилжүүлэн гүйцэтгэх гэрээ”-г төлбөр авагчтай байгуулсан. Үүрэг шилжүүлэн гүйцэтгэх гэрээний дагуу “В-” ХХК нь “Банк” ХК-д тодорхой төлөлтийг хийсэн бөгөөд энэ нь “Банк” ХК, “В-” ХХК-ийн хоорондын 2016 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 149 тоот Тооцоо нийлсэн актаар нотлогддог. 

Мөн шүүх хуралдаанд гуравдагч этгээд “Банк” ХК дахь банкны эрх хүлээн авагчийн төлөөлөгчөөс “В-” ХХК-аас төлөлт хийгдэж байсныг үгүйсгээгүй байхад анхан шатны шүүх “А” ХХК нь 1,790,201,902 төгрөгийн төлбөрөөс огт төлөлт хийгдээгүй, төлбөр хэвээр байгаа гэж дүгнэсэн нь үндэслэлгүй.  

5.2. Анхан шатны шүүх эрх зүйн харилцаанд оролцогч талуудыг буруу тодорхойлсон, хэргийг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзэх хуулийн зохицуулалтыг зөрчсөн байна.

“Банк” ХК нь дээрх шүүгчийн захирамжийн дагуу төлөгдөх 1,790,201,902 төгрөгийн өр төлбөрийг “В-” ХХК-аас авах өр төлбөрийн жагсаалтад оруулж, “А” ХХК-аас авах өр төлбөр байхгүй гэдгээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа дурддаг. Гэтэл шүүх “А” ХХК-д холбогдуулан явуулж буй шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд хамааралгүй тул дуусгавар болгох үндэслэлгүй гэж үзсэн нь нэг төлбөрийн үүргийг “А” ХХК болон “В-” ХХК гэсэн 2 компанид давхардуулан хүлээлгэж байгаа агуулгатай байна.

5.3. “Шаардлага гаргах эрх, үүргээ бусдад шилжүүлсэн” гэх хуулийн зохицуулалт нь төлбөр авагчийн хувьд “шаардлага гаргах эрхээ бусдад шилжүүлэх”, төлбөр төлөгчийн хувьд “үүргээ бусдад шилжүүлэх” гэсэн 2 утгаар хэрэглэгдэх бөгөөд талуудын хэн аль нь эрх, үүргээ бусдад шилжүүлсэн тохиолдолд нөгөө тал нь зохих этгээдээр солих хүсэлт гаргах эрхийг нээлттэйгээр хуульд тусгаснаар уг зохицуулалт нь ганц төлбөр авагчийн эрхэд хамаарахгүй болохыг харуулж байна. Гэтэл анхан шатны шүүх төлбөр төлөгч “А” ХХК нь байхгүй болоогүй, бодитой байгаа нь талуудын аль нэг байхгүй гэх хуулийн заалттай нийцээгүй, мөн шаардлага гаргах эрх, үүргээ бусдад шилжүүлэх гэдгийг гагцхүү төлбөр авагчийн эрхэд хамаарна гэж дүгнэсэн нь хуулийг буруу тайлбарлан хэрэглэж, нэхэмжлэгчийн ашиг сонирхлыг зөрчсөн байна.

5.4. Хэрэгт авагдсан Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны дарга, хурандаа Т-ын 2015 оны 09 дугаар сарын 16-ны өдрийн 269 тоот “Гүйцэтгэх баримт бичиг шилжүүлэх тухай” албан бичгээр “Банк” ХК дахь банкны эрх хүлээн авагчаас гаргасан төлбөр төлөгчийг солиулах тухай хүсэлтийг шийдэж, “А” ХХК-д холбогдуулан явуулж байсан 13280716 дугаартай гүйцэтгэлийн хувийн хэргийг “В-” ХХК-д холбогдох 13280716 дугаартай гүйцэтгэлийн хувийн хэрэг болгон, Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хороонд байрлах “В-” ХХК-ийн хаягаар ажиллагааг үргэлжлүүлэн явуулах чиглэл өгч, төлбөр төлөгчийг сольсон шийдвэрийг гаргасан атлаа өнөөдрийг хүртэл гаргасан шийдвэртэйгээ зөрчилдсөн, эсрэг ажиллагааг хийж нэхэмжлэгч байгууллагын эрх ашиг сонирхлыг зөрчиж байна.

Анхан шатны шүүх хариуцагч байгууллагаас төлбөр төлөгчийг сольсон тухай үйл баримт, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны дарга, хурандаа Т-ын 2015 оны 09 дугаар сарын 16-ны өдрийн 269 тоот “Гүйцэтгэх баримт бичиг шилжүүлэх тухай” албан бичигт үнэлэлт дүгнэлт өгөөгүй нь нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой талаас нь үнэлэх үүргээ зөрчсөн гэж үзэхээр байна.

Мөн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 35.3, 35.3.1, 35.3.2-т заасны дагуу 2010 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн “Үүрэг шилжүүлэн гүйцэтгүүлэх гэрээ”-г үндэслэн төлбөр төлөгч “А” ХХК-ийг “В-” ХХК-аар сольсноор “А” ХХК-ийн хувьд “Банк” ХК дахь банкны эрх хүлээн авагчид төлөх өр төлбөргүй буюу Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.3-т заасны дагуу төлбөр төлөгч гүйцэтгэх баримт бичигт заасан төлбөрөө бүрэн төлсөн гэж үзэж, шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгох үндэслэлтэй юм.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү.

 

6. Хариуцагч болон гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар давж заалдах шатны шүүхэд тайлбар гаргаагүй, шүүх хуралдаанд оролцоогүй болно.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлоор хязгаарлалгүй Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хэргийг бүхэлд нь хянан үзээд, шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаав.

 

2. Нэхэмжлэгч “А” ХХК нь хариуцагч Б-нд холбогдуулан шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгохыг даалгах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

3. Сүхбаатар дүүргийн шүүхийн шүүгчийн 2010 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 1368 дугаар захирамжаар “А” ХХК 2010 оны 11 дүгээр сарын 15-ны дотор 1,790,201,902 төгрөгийг “Банк” ХК дахь банкны эрх хүлээн авагчид төлж барагдуулахаар зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон, Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба гүйцэтгэх баримт бичгийг үндэслэн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэж, ажиллагаа явагдаж байгаа талаар зохигч маргаагүй.

 

4. Төлбөр авагч “Банк” ХК дахь банкны эрх хүлээн авагч болон “В-” ХХК-ийн хооронд 2010 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн ООГ/154 дугаар “Үүрэг шилжүүлэн гүйцэтгэх гэрээ” байгуулагдсан, тус гэрээгээр “В-” ХХК нь нэхэмжлэгч “А” ХХК-ийн 1,790,201,902 төгрөгийн үүргийг шилжүүлэн авсан гэх агуулгаар нэхэмжлэгч болон гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар тайлбарлажээ.  

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3 дахь хэсэгт “Шүүхээс гарах шийдвэр маргааны зүйлийн талаар бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн эрх, үүрэгт сөргөөр нөлөөлөхөөр байвал шүүхийн шийдвэр гарахаас өмнө уг этгээдийн өөрийнх нь болон зохигчийн хүсэлтээр бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн хувиар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулж болно” гэж заасан бөгөөд “Банк” ХК дахь банкны эрх хүлээн авагчид шүүхийн шийдвэрээр төлөх “А” ХХК-ийн өрийг шилжүүлэн авсан гэх “В-” ХХК-ийн эрх, үүрэгт сөргөөр нөлөөлөх буюу тус компанийн эрх ашиг хөндөгдөж байгаа тохиолдолд бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн хувиар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулах боломжийг хангах учиртайг шүүх анхаараагүй байна.

 

5. Дээрх зөрчлийг давж заалдах шатны шүүхээс залруулах боломжгүй тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 181/ШШ2022/02645 дугаар шийдвэрийг хүчингүй болгож дахин шийдвэрлүүлэхээр буцаасугай.  

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                              Д.ЗОЛЗАЯА

                                           

         ШҮҮГЧИД                                             Т.БАДРАХ

                                                                                             

Э.ЗОЛЗАЯА