Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 10 сарын 29 өдөр

Дугаар 818

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Отгонбаяр даргалж,

Нарийн бичгийн дарга: Б.Баттулга,

Улсын яллагч: Б.Батжаргал,

Хохирогч М.Л, түүний өмгөөлөгч Я.Баатар,

Шүүгдэгч: Д.Ж, түүний өмгөөлөгч Б.Эрдэнэтулга, Ц.Цэгмид нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Д.Жд холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1802002890141 дугаартай хэргийг 2018 оны 10 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, Д.Ж, 1970 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, эрэгтэй, 48 настай, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Алт мөнгөний дархан ажилтай, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт ... тоот регистртэй,

Шүүгдэгч Д.Ж Баянгол дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэр Гурван Эрдэнэ дээд сургуулийн сургуулийн оюутны байрны 00 тоотод 2017 оны 08 дугаар сарын 18-ны өдөр иргэн М.Лтай хөөрөг хийх боломжтой чулууны мөнгө өгөөгүй гэх шалтгаанаар маргалдан зодож биед нь хөнгөн хохирол учруулсан,

Мөн 2018 оны 6 дугаар сарын 07-ны өдөр Баянгол дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт орших Гурван Эрдэнэ дээд сургуулийн сургуулийн оюутны байрны 00 тоотод НҮБ-ийн 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцийн 2 дугаар жагсаалтанд багтсан метамфетамины агууламж бүхий “мөс” гэх нэршилтэй мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх 4.9 грамм бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судлав.  Үүнд:

Шүүгдэгч Д.Жы шүүхийн хэлэлцүүлэгт: ”...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн, нэмж мэдүүлэх зүйлгүй” гэв.

Хохирогч М.Лгийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...2017 онд сар өдрийг нь санахгүй байна. Нэг хүнтэй 2 чулуу хувааж авсан. С гэдэг хүн өөр нэг хүнтэй чулуу хувааж авсан юм байна лээ. С чи энэ чулууны талыг авах уу, би 1.000.000 төгрөгийн ашиг нэмье, чи 7.000.000 төгрөгөөр ав гэсэн. Тухайн үед чулууг зүсээгүй байсан. Тэгэхээр нь зөвшөөрөөд чулуугаа зүсүүлэхээр Жы ажил дээр очиж, анх удаа уулзсан. Чулуугаа зүсүүлээд 3 хэсэг болгосон. 2 жижиг, нэг нь арай том болсон. Би томыг нь авсан. Би өөрийнхөө чулууг заръя гээд байж байтал С, Ч хоёр Ж ах чиний чулууг сонирхоод байна. Аваад ир гээд байна, чулуугаа өгөөд явуулчих гээд байсан. 2-3 удаа намайг шалгаагаад байхаар нь би Стай Ж дээр очсон. Ж үзэж байгаад 10.000.000 төгрөгөөр авъя. Би 10 хоногийн дараа мөнгийг нь өгъе гэсэн. С найдвартай хүн, сайн таньдаг ах маань байгаа юм гэхээр нь чулуугаа үлдээсэн. 10 хоногийн дараа утсаар залгахад мөнгийг чинь өгнө гэж байсан бөгөөд үүнээс хойш утсаа авахаа больсон. Гэтэл маргаан болохын урд өдөр нь залгатал утсаа авсан. Тэгэхээр нь би чулуугаа авъя гэтэл утасны цаанаас том том юм ярьлаа гээд маргалдсан. Би энэ хүн рүү нэг л удаа залгасан. Дараа нь орой Ж нэг удаа залгаад намайг заналхийлсэн. Маргааш өглөө нь би залгатал ажил дээрээ байна гэхээр нь яваад очсон. За ах учир зүйгээ олъё гэтэл би чамд юу ч өгөхгүй гэсэн. Чамайг шүүх цагдаагаар яваад юм олж долоохыг чинь харъя гэсэн. Тэгээд маргалдсан. Тонгорог гаргаж ирээд миний хөл, гуя руу чичээд байсан. Би энэ хүний өөдөөс эсэргүүцэл үзүүлээгүй. Нүүр рүү цохиод чихний хойноос цус урсаад байсан. Миний хоолойг боосон, би цагдаа дуудсан. Цагдаа ирэхэд хутга, жижиг тонгорог байсан. Цагдаа намайг эмнэлэг ор гэж хэлсэн. Хутгаар зүссэн нь зураг дээр тодорхой байгаа. Би 2 оёдол тавиулсан. Ж чулууны мөнгийг өгөхгүй гээд байгаа. С, Ч гэдэг хүмүүстэй хамгийн ойр хүн нь Ж өөрөө юм. Би Жтай 2 удаа л уулзсан. Энэ хэрэгт ээдрээ байхгүй, шийдэгдэх боломжтой байтал энэ хэргийг удаашруулаад байна. Яг үнэндээ энэ хэрэг бол залилан юм. Гэтэл Ч гэдэг хүн дээр эрүүгийн хэрэг үүсгэсэн байгааг ойлгохгүй байна. Энэ хүнтэй ямар ч хамааралгүй юм. Шүүх эмнэлэгт үзүүлсэн 8.000 төгрөг, зураг авахуулсан 120.000 төгрөгийн баримтыг өгсөн байгаа, үүнийгээ нэхэмжилнэ” гэв.

Хохирогч М.Лгийн мөрдөн байцаалтад өгсөн: “...2017 оны 6 дугаар сарын эхээр зүс таних хүн болох Д.Ж гэх хүнд цагаан өнгийн хаш чулууг надаас хөөрөг хийх гээд 10.000.000 төгрөгөнд бодож зээлээр цаад талын хугацаа 10 хоног гэж авсан. Тэгээд 10 хоногийн дараа залгахад эхлээд мөнгө бүтэхгүй байна гэж хэлж байгаад сүүлдээ утсаа авахаа больсон. Тэгээд би 2017 оны 8 дугаар сарын 17-ны өдөр утсаар залгахад Ж утсаа аваад “тэгж байгаад өгнө, мөнгө, төгрөг олдохгүй байна” гэж хэлэхээр нь би “та яасан уддаг юм бэ, одоо бараг 3-4 сар боллоо” гэхэд нөгөө хүн чинь “чи одоо юу гээд байгаа юм, чи тэр шүүх цагдаагаараа яваад мөнгөө олж аваарай, надад чамд өгөх мөнгө байхгүй” гэж хэлсэн. Тэгээд би 2017 оны 8 дугаар сарын 18-ны өдөр 11 цагийн орчим Д.Жы ажлын газар очиж уулзаад за ах хоёулаа эв зүйгээр ярилцаад шийдье гэхэд чи муу утасны цаанаас юу гээд том дуугараад байгаа юм гээд хөөрөг хийдэг бололтой хутгаа аваад над руу хаашаа чинь шаах юм гээд хутгаараа чичээд миний толгойн зүүн хойд талыг зүсээд хоолой боогоод ам маажсан. Тэгэхээр нь би дүүтэйгээ утсаар яриад дараа нь цагдаад мэдэгдсэн...” гэсэн мэдүүлэг /хх 1-н 128-132, 159-160/,

Гэрч Т.Шгийн мөрдөн байцаалтад өгсөн: “...2018 оны 8 дугаар сарын 18-ны өдөр байсан байх цагийг нь санахгүй байна. Цагдаагийн ахлагч Эгийн хамт дуудлага өгсөн Баянгол дүүргийн 17 дугаар хороо, Гурван эрдэнэ дээд сургуулийн гадна очиход дуудлага өгсөн залуу гадаа зогсож байсан. Тэгээд уг залуу дээр яваад очиход хамар амнаас нь цус гарсан, хүзүүний араас цус гараад бага зэргийн зүсэгдсэн байдалтай байх шиг байсан. Тэгээд юу болсон талаар асуухад хэргийн утгыг хэлсэн ба дотогш хохирогч залуугийн хамт ороход 40-45 орчим насны хөөрөг хийдэг хүн ажлынхаа ширээний ард сууж байсан. Тэр үед хохирогч залуу энэ хүн намайг зодсон, мөнгө төгрөг, чулуу өгөхгүй авах гээд ирэхэд зодсон гэж хэлсэн...” гэсэн мэдүүлэг /хх 1-н 181-182/,

Гэрч Т.Бийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Манай нөхөр Л нь 2017 оны 8 дугаар сарын 18-ны өдөр 10 цагийн үед гэрээсээ гарахаасаа өмнө өөрийн гар утсаар нөгөө чулуу өгсөн гэх хүнтэй ярихдаа “та хаана байгаа юм, ажил дээрээ байна уу гэж асуухад нөгөө хүн нь байна...” гэж хэлсэн бололтой гэрээсээ зүгээр гараад явсан. Тэгээд ирэхгүй байхаар нь би нөхөр лүүгээ 13 цагийн үед залгахад манай нөхөр “би гэмтлийн эмнэлэг явж байна, юу болсон талаар очоод хэлье” гээд утсаа тасалсан. Тэгээд 14 цагийн үед байх манай нөхөр гэртээ ирэхэд баруун, зүүнийг нь санахгүй байна, чихнийх нь ар талаас цус гараад цамц нь цус болчихсон, нүүр, хоолой нь маажуулсан оромтой ирэхээр нь би “яасан юу болсон юм бэ” гэж асуухад “нөгөө чулуу зарсан хүн мөнгө төгрөг өгөхгүй гээд зодчихлоо” гэж хэлсэн...” гэсэн мэдүүлэг /хх 1-н 183-184/,

Гэрч З.Бгийн мөрдөн байцаалтад өгсөн: “...2018 оны 6 дугаар сарын 10-ны өдөр шиг санаж байна. Надтай утсаар яриад хоёр балай юм орж ирээд сэргээдэг барьдаг гээд нэг юм татуулаад байсан, тэр нь хар тамхи гэгч юм нь байж, баларчихаад байна гэчихсэн, сэтгэлээр унасан байдалтай ярьж байсан...” гэсэн мэдүүлэг /хх 1-н 29-31/,

Шинжээчийн 10589 тоот дүгнэлтэд: “...М.Лгийн биед зүүн чихний ард дагзны хуйханд шарх, баруун хацар, хүзүүний баруун хажуу хэсэг, зүүн хацар хавдсан, зүүн чихний ар хэсэгт зулгарал, зүүн хацрын зөөлөн эдийн няцрал үүсчээ. Дээрх гэмтэл нь хатуу ирмэгтэй зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хөнгөн зэргийн гэмтэл болно. Цаашид эрүүл мэнд хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй...” гэсэн дүгнэлт /хх 1-н 140/,

Шинжээчийн 6283 тоот дүгнэлтэд: “...Шинжилгээнд ирүүлсэн дээжүүд нь шинжилгээ хийхэд тэнцэж байна. Шинжилгээнд ирүүлсэн “1” гэсэн хаягтай гялгар уутанд хийсэн цайвар өнгийн талстлаг зүйл, “2” гэсэн хаягтай гялгар уутанд хийсэн цайвар өнгийн талстлаг  зүйл, “3” гэсэн хаягтай гялгар уутанд хийсэн цайвар өнгийн  талстлаг зүйл, “4” гэсэн хаягтай гялгар уутанд хийсэн цайвар өнгийн талстлаг зүйл, “№11 дугаартай шил мэт зүйл /сейфэн дотроос гарсан/ 2018-06-07” гэсэн хаягтай гялгар уутанд хийсэн шилний хэлтэрхийнүүдээс, “7” гэсэн хаягтай гялгар уутанд хийсэн хоосон гялгар уут, дотроо шингэнтэй, гуурстай улаан өнгийн хуванцар тагтай шилэн сав, шилэн гаанс мэт зүйл зэргээс метамфетамин /methamphetamine/ илэрч байна. Д.Ж РД:ДЮ70220477 гэсэн хаягтай шээснээс метамфетамин /methamphetamine/ илэрч байна. Илэрсэн бодис нь НҮБ-ын “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ийн жагсаалтад багтдаг болно. “5” гэсэн хаягтай гялгар уутанд хийсэн хуванцар савтай цэнхэр өнгийн эм мэт зүйл, цагаан шаргал өнгийн эм мэт зүйл зэргээс мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх бодис илрээгүй...” гэсэн дүгнэлт /хх 1-н 34-35/,

          Шүүх сэтгэц эмгэг судлалын 540 тоот дүгнэлтэд: “... Д.Ж нь урьд өмнө нь сэтгэцийн ямар нэгэн өвчнөөр өвчилж байсан гэх баримт мэдээлэл үгүй байна. Д.Ж нь одоо сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна. Д.Ж нь мөрдөн байцаалт болон шүүхийн шатанд үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай байна. Д.Ж нь сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай байсан байна. Д.Ж нь сэтгэцэд нөлөөт эм бодисын хамааралтай /донтой/ гэх шинж тэмдэг үгүй байна. Хэрэв сэтгэцэд нөлөөт эм бодисын хамааралтай гэж оношлогдвол Монгол Улсад, СЭМҮТ-д энэ төрлийн эмчилгээг хийж гүйцэтгэх боломжтой болно. Д.Жд эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ авах шаардлагагүй байна”...гэсэн дүгнэлт / 1 хх-н 47-48/,

Яллагдагчаар Д.Жы мөрдөн байцаалтад өгсөн: “...Би 2017 онд сар өдрийг нь санахгүй байна, миний танилууд болох С, Ч нар миний ажлын байран дээр хүрч ирээд бид нарын хуваан авсан чулууг таслан авсан Лгийн чулууг та аваад хөөрөг хийчих юм бол 35 саяар авах хүн байна гэж хэлэхээр нь би нөгөө чулуугаа аваад ир харъя гэж хэлсэн. Тухайн өдрийнхөө орой С, Лг дагуулчихсан чулууг нь аваад ирсэн. Би чулууг нь хараад үнийг нь асуухад С, Ч нар 10 саяд өгнө гэж хэлсэн. Л бас 10 сая төгрөгөөр зарна гэж хэлсэн. Би одоохондоо надад мөнгө байхгүй байна орхиод явчих гэж хэлсэн. Би чулууг зүссэн болохоор Лд удахгүй мөнгө ороод ирэх байх тэгэхээр мөнгийг нь өгнө гэж тохирон чулуугаар нь өдөр шөнөгүй сууж байгаад 2 хоногийн дотор 30 мм амны тойрогтой, их гарын бага цагаан хаш хөөрөг хийсэн. Толгой нуух байхгүй. Хөөрөг хийж дууссан өдөр би Чад наад хөөрөг чинь 35 сая хүрэхгүй яахав бодит дүн нь 8 саятай хөөрөг байна гэж хэлсэн. Тэгтэл Ч 10 сая төгрөгөөр зарна гэхээр нь би 8 сая төгрөгөнд бодож өгөөд дахин өөрийн 5 сая төгрөгний дунд гарын хаш хөөргөө өгнө чи наад хөөргөө зараад 2 сая төгрөгийг нь 8 сая төгрөг дээрээ нэмж Лд өг харин надад 1 сая төгрөг өгөөрэй. Үлдсэн 2 сая төгрөгийг Чад хөөрөг зарсны шан болгон аваарай гэж хэлсэн. Учир нь С, Ч нарын ярьж байсан шиг хөөрөг тухайн чулуунаас гараагүй. Ч хөөрөг авч яваад 2 хоногийн дараа манай ажил дээр ирэхээр нь хөөрөг яасан талаар асуухад өнөө орой мөнгийг нь авна, зарчихсан. Мөнгөө авахаараа Лд мөнгийг нь өгнө гэж хэлсэн. Харин үүнээс хойш 10 хоногийн дараа Л надаас мөнгөө нэхэхээр нь гайхаад Лд мөнгө удахгүй орж ирнэ, чи түр хүлээж бай гэж хэлээд утсаа тавьсан. Тэгээд Чын дугаар луу залгатал холбогдох боломжгүй болсон. Үүнээс хойш Ч алга болсон... Хэрэг гардаг өдөр Л өглөөний 09 цаг өнгөрч байхад намайг хаана байгаа талаар асуухаар нь би ажлын байран дээрээ байгаа гэж хэлсэн. Удалгүй Л орж ирэхээр нь би чи яагаад намайг утсаар дарамтлаад байгаа юм гэж хэлсэн чинь Л чи надтай аятайхан яриарай чам шиг аав шигээ хөгшин тальхийг зодох уу би гэхээр нь би хөгшин байж болно чамд миний ганц гарыг хүчирхэж чадах тэнхээ байна уу гэж хэлэн баруун гараа зангидан өөдөөс нь харуулсан чинь Л миний өрөөний буйдан дээр сууж байснаа миний өөдөөс босч ирээд зангидсан байсан баруун гарыг чи наад гараа ав гээд түлхэхээр нь би сууж байсан сандлаас босож бие биенийгээ заамдан авсан. Би баруун гараараа зүүн чихний ар хэсгийг нидрүүлэгдсэн бөгөөд өөр цохиж зодсон асуудал байхгүй. Харин муудалцсан чигээрээ би буйдан дээр Лг доороо хийн дээр нь гарч унасан. Би гараа тавин арагш боссон. Тэгтэл Л өөрийнхөө утсыг авч хүмүүс рүү зодуулчихлаа  гээд залгаад байсан. Удалгүй цагдаа ирсэн. Би арагш гарсан өөрийн сандал дээрээ суугаад Лг харсан чинь чихний ар хэсгээс цус гарсан байсан.Үүнээс өөр зодоон болоогүй. Манай урланд хутга байхгүй. Бид хоёр бие биенийгээ заамдах үед гарт ир үзүүр бүхий зүйл байхгүй байсан. Бид хоёроос өөр хүн байгаагүй. ...Би Баянгол дүүргийн 17 дугаар хороо Гурван-эрдэнэ дээд сургуулийн оюутны байрны “00” тоот ажлын өрөөндөө 2018 оны 06 дугаар 07-ны өдөр хадгалж байсан “Мөс” гэх бодисыг 2018 оны 06 дугаар сарын 06-ны орой 19 цагийн үед манай ажлаар ирж  бөгж, гинж эд нар гагнуулж байсан, намайг ахаа гээд л гүйгээд явдаг Эрка, Осу гээд хоёр залуу өгсөн юм. 2018 оны 6 дугаар сарын 06-ны өглөө цехээр ирээд ах сонин юу байна ажил их байна уу гэхээр нь нас хөгшрөөд, ядраад нэмэргүй болсон байна гэсэн чинь “Ах хоёр дүүд нь ядраадаггүй, сэргээдэг сэргээшийн бодис байна, говьд нүүрс зөөдөг том тэрэгний жолооч нарын хэрэглээд байдаг мими гэдэг бодис сонссон уу, тиймэрхүү юм байгаа шүү” гэхээр нь би урьд нь жолооч нар тийм юм хэрэглээд олон цаг унтахгүй машинаа бариад явдаг гэж хүнээс сонсож байсан болохоороо тийм юм байвал одоо хэрэглэчихмээр л байна шүү гээд инээсэн. Эрка нь Осу гэдэгтээ ахад нөгөөхөөсөө 4 уутыг өгчих, дараа нь болно биз гэж хэлэхэд Осу нь өмднийхөө халааснаас 4 ууттай зүйл, үүргэвчнээсээ шилтэй бортогтой шилэн гуурстай савыг гаргаад өөрөө эхлээд шилэн савныхаа бортогонд цайвар өнгийн чихэр шиг юмнаасаа хийж байгаад доороос нь асаагуураар шатаагаад гарсан утааг нь сорсон, дараа нь Эрка сороод, хамгийн сүүлд надаар соруулсан. Энэ юу гэдэг нэртэй эд вэ гэж асуухад “Мөс” гэдэг юм аа, хэрэг болсон үедээ хааяа нэг үлээчихэж байхгүй юу гэж инээгээд гарсан. Надаас мөнгө төгрөг аваагүй, мөнгө төгрөг асуугаачгүй явсан. Би тэрийг нь худалдаж аваагүй. Надтай утсаар ярьж байгаагүй, ажлаар өөрсдөө л хүрээд ирдэг, нэр усаа бүтнээр нь хэлж байгаагүй, нэг нэгнийгээ л Эрка, Осу гэж дуудаад байдаг. 29-35 орчим насны өндөр шар залуучууд байдаг. “Мөс” гэдэг нь хар тамхи юм гэдгийг би 2018 оны 06 дугаар сарын 07-ны өдөр цагдаад баригдаад л мэдсэн болохоос өмнө нь мэддэггүй байсан. Тэр хоёр залуу 2018 оны цагаан сарын үеэр ирэхдээ хар тамхийг хүн болгон зөөдөг болжээ. Нөгөө урд байсан, хэн ч гэлээ нэг хүний нэр хэлээд хилээр оруулж ирээд, зарж байгаад баригдсан байна, цаана нь бас нэг хүний нэр хэлээд тэр л байгаа даа, тэд нар сайхан бужигнуулж байна даа гээд л яриад байсан. Тэр хоёр нөхөр 20 цагийн үед явсан байх түүнээс хойш 23 цагийн үед дахин ганцаараа нэг сорох гэж үзсэн. Өрөөгөөр нэг утаа шиг юм болоод сорох гэсэн ууршаад алга болчихоод байх шиг болохоор нь ганц нэг оролдож үзээд больчихсон. Нойр хүрдэггүй гэсэн нь үнэн байсан. Бусдаар ч өөр ямар нэг нэгэн зүйл мэдэхгүй ээ. Гарсан утаа шиг юмыг нь сорох үед ямар нэгэн мэдрэмж төрөөгүй...” гэсэн мэдүүлэг /хх 1-н 64-67/,

Хэргийн газрын үзлэг хийсэн: “...ажлын өрөөний баруун урд буланд байх саарал өнгийн сейфийг онгойлгон дотор талаас нь зиплок түгжээ бүхий ууттай дотор талдаа  цагаан өнгийн мөс мэт талстлаг зүйлтэй эд зүйл гаргаж ирснийг №1 гэж дугаарлав. Мөн тухай сейфнээс улаан өнгийн тагтай, дээрээ шилэн болон хуванцар гуурстай дотор талдаа шингэн зүйлтэй сав, үзүүр хэсэг нь хагарсан, дотор хэсэг нь шатаж харласан байдалтай шил мэт зүйл гаргаж ирэв...нийт 4.9 грамм болж байлаа...” гэсэн тэмдэглэл /хх 1-н 3-4/,

Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх 1-н 2/, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх 1-н 3-15, 183/, хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл /хх 1-н 16-18/, хүний биеэс биологийн дээж авсан тэмдэглэл /хх 1-н 20-21/, 6283 тоот шинжилгээний зураг /хх 1-н 36-42/ шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд /хх 1-н 70-75, 145 , 169,  2-н 1-3/ , хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл /хх 1-н 176/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан нотлох баримт нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж үнэлэв.

Шүүгдэгчийн гэм буруу болон хохирол, хор уршигийн талаар:

Шүүгдэгч Д.Ж нь Баянгол дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэр Гурван Эрдэнэ дээд сургуулийн сургуулийн оюутны байрны 00 тоотод 2017 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн 11 цагийн орчим иргэн М.Лтай хөөрөг хийх боломжтой чулууны мөнгө өгөөгүй гэх шалтгаанаар маргалдан зодож биед нь хөнгөн хохирол учруулсан,

Мөн 2018 оны 6 дугаар сарын 07-ны өдөр Баянгол дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт орших Гурван Эрдэнэ дээд сургуулийн сургуулийн оюутны байрны 00 тоотод НҮБ-ийн 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцийн 2 дугаар жагсаалтанд багтсан метамфетамины агууламж бүхий “мөс” гэх нэршилтэй мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх 4.9 грамм бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэм буруутай болох нь:

Шүүгдэгчийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүх хуралдаанд үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд, хохирогч М.Лгийн: “...би 2017 оны 08 дугаар сарын 18-ны өдөр 11 цагийн орчим Д.Жы ажлын газар очиж уулзаад за “ах хоёулаа эв зүйгээр ярилцаад шийдье” гэхэд “чи муу утасны цаанаас юу гээд том дуугараад байгаа юм” гээд хөөрөг хийдэг бололтой хутгаа аваад над руу хаашаа чинь шаах юм гээд хутгаараа чичээд миний толгойн зүүн хойд талыг зүсээд хоолой боогоод ам маажсан. Тэгэхээр нь би дүүтэйгээ утсаар яриад дараа нь цагдаад мэдэгдсэн...” гэсэн мэдүүлэг /хх 1-н 128-132, 159-160/, гэрч Т.Шгийн: “...Тэгээд уг залуу дээр яваад очиход хамар амнаас нь цус гарсан, хүзүүний араас цус гараад бага зэргийн зүсэгдсэн байдалтай байх шиг байсан. Тэгээд юу болсон талаар асуухад хэргийн утгыг хэлсэн ба дотогш хохирогч залуугийн хамт ороход 40-45 орчим насны хөөрөг хийдэг хүн ажлынхаа ширээний ард сууж байсан. Тэр үед хохирогч залуу энэ хүн намайг зодсон, мөнгө төгрөг, чулуу өгөхгүй авах гээд ирэхэд зодсон гэж хэлсэн...” гэсэн мэдүүлэг /хх 1-н 181-182/, гэрч Т.Бийн: “...Тэгээд ирэхгүй байхаар нь би нөхөр лүүгээ 13 цагийн үед залгахад манай нөхөр “би гэмтлийн эмнэлэг явж байна, юу болсон талаар очоод хэлье” гээд утсаа тасалсан. Тэгээд 14 цагийн үед байх манай нөхөр гэртээ ирэхэд баруун, зүүнийг нь санахгүй байна, чихнийхээ ар талаас цус гараад цамц нь цус болчихсон, нүүр, хоолой нь маажуулсан оромтой ирэхээр нь би “яасан юу болсон юм бэ” гэж асуухад “нөгөө чулуу зарсан хүн мөнгө төгрөг өгөхгүй гээд зодчихлоо” гэж хэлсэн...” гэсэн мэдүүлэг /хх 1-н 183-184/, Хэргийн газарт үзлэг хийсэн: “...ажлын өрөөний баруун урд буланд байх саарал өнгийн сейфийг онгойлгон дотор талаас нь зиплок түгжээ бүхий ууттай дотор талдаа  цагаан өнгийн мөс мэт талстлаг зүйлтэй эд зүйл гаргаж ирснийг №1 гэж дугаарлав. Мөн тухай сейфнээс улаан өнгийн тагтай, дээрээ шилэн болон хуванцар гуурстай дотор талдаа шингэн зүйлтэй сав, үзүүр хэсэг нь хагарсан, дотор хэсэг нь шатаж харласан байдалтай шил мэт зүйл гаргаж ирэв. ...нийт 4.9 грамм болж байлаа...” гэсэн тэмдэглэл /хх 1-н 3-4/, гэрч З.Бгийн: “...2018 оны 06 дугаар сарын 10-ны өдөр шиг санаж байна. Надтай утсаар яриад хоёр балай юм орж ирээд сэргээдэг барьдаг гээд нэг юм татуулаад байсан, тэр нь хар тамхи гэгч юм нь байж, баларчихаад байна гэчихсэн, сэтгэлээр унасан байдалтай ярьж байсан...” гэсэн мэдүүлэг /хх 1-н 29-31/, Шинжээчийн 10589, 6283 тоот дүгнэлтүүд, шүүх сэтгэц эмгэг судлалын 540 тоот дүгнэлт болон эд мөрийн баримтаар хураагдсан 4 ширхэг ууттай “Мөс” гэх мансууруулах бодис болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

Шүүгдэгч Д.Жы үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан”,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан” гэмт хэргүүдийн бүх шинжийг хангасан байх тул түүнд холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч Д.Ж нь хохирогч М.Лтай маргалдан, зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан, хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан нь өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан нийгэмд аюултай үйлдэл болох нь хэрэгт авагдсан нотлох баримтууд болон эд мөрийн баримтаар хураагдсан мансууруулах, сэтгэцэд нөлөөлөх бодис зэргээр нотлогдон тогтоогдсон гэж дүгнэлээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч нарын Д.Ж нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг болгоомжгүй үйлдсэн. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан тул хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэсэн санал гаргасныг хүлээн авах үндэслэлгүй байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “...гэмт хэрэг үйлдсэн этгээд энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан хугацаа өнгөрөөгүй байхад санаатай гэмт хэрэг дахин үйлдвэл хөөн хэлэлцэх хугацааг сүүлчийн гэмт хэргийг үйлдсэн үеэс гэмт хэрэг тус бүрд шинээр тооцно...” гэж заажээ.

Шүүгдэгч Д.Ж нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг 2017 оны 8 дугаар сарын 18-ны өдөр үйлдсэн бөгөөд тухайн хэргийг хөөн хэлэлцэх хугацаа /01 жил/ өнгөрөөгүй байхад буюу 2018 оны 6 дугаар сарын 07-ны өдөр дахин гэмт хэрэгт холбогдсон учир Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй байна.

Шүүгдэгч Д.Ж нь “Мөс” гэх бодисыг мансууруулах, сэтгэцэд нөлөөлөх бодис гэж мэдсээр байж хадгалсан нь гэм буруугийн санаатай хэлбэртэй байх ба тухайн гэмт хэргийг болгоомжгүй хэлбэрээр үйлдэх боломжгүй гэж шүүх дүгнэлээ.

Өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн бол санаатай гэмт хэрэгт тооцох ба шүүгдэгч нь уг бодисыг мөс буюу мансууруулах бодис гэдгийг мэдэж хэрэглэсэн, мөн уг бодисыг үлдээгээд явсны дараа өөрөө ганцаараа дахин хэрэглэсэн, өөрийн ажлын байрны сейфэнд хадгалсан нь  уг гэмт хэргийг санаатай үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.    

Хохирогч М.Лгийн биед хөнгөн хохирол учирсан болох нь шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон байна.

Хохирогч, түүний өмгөөлөгч нь чулууны мөнгө болох 10.000.000 төгрөгийг нэхэмжилж байна гэсэн бөгөөд хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт тухайн нэхэмжилсэн 10.000.000 төгрөгийн хохирол хамааралгүй, шалтгаант холбоогүй учир тухайн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхих нь зүйтэй гэж үзлээ.

Хохирогч М.Л нь хэрэгт баримтаар шүүх эмнэлэгт үзүүлсэн 8.000 төгрөг, томографийн зураг авахуулсан 120.000 төгрөг, нийт 128.000 төгрөг нэхэмжилсэн ба шүүгдэгч нь шүүх хуралдаанд уг хохирлыг бэлнээр хүлээлгэн өгсөн тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт бодит хохирол, хор уршиг учраагүй бөгөөд хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан нь олон нийтийн аюулгүй байдал, түүнчлэн, Үндэсний аюулгүй байдлын эсрэг түүнд хохирол, хор уршиг учруулах нөхөн төлөх боломжгүй хор уршигтай болохыг дурдах нь зүйтэй.

Эрүүгийн хариуцлагын талаар:

   Шүүх шүүгдэгч Д.Жы үйлдсэн гэмт хэргүүд нь нотлогдон тогтоогдсон тул түүнийг гэм буруутайд тооцсон бөгөөд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж дүгнэлээ.

Шүүгдэгч Д.Жд ял хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Улсын яллагч шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 02 жил 04 сар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 480 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ялуудыг нэмж нэгтгэн нийт 02 жил 06 сарын хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх, шүүгдэгчийн өмгөөлөгч нар Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд зааснаар хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж өгнө үү гэсэн санал тус тус гаргасныг дурдах нь зүйтэй.

Шүүгдэгчийн өмгөөлөгч нарын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар  зүйлд зааснаар хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж өгнө үү гэсэн саналыг хүлээн авах үндэслэлгүй  гэж үзлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлд хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх хуулийн зохицуулалтыг нарийвчлан зохицуулсан ба Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “...Энэ хуулийн тусгай ангид заасан хоёр, түүнээс дээш гэмт хэргийг санаатай үйлдсэн, эсхүл хорих ялын дээд хэмжээг таван жилээс дээш хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн, эсхүл зохион байгуулалттай гэмт бүлгийн гишүүн гэмт хэрэг үйлдсэн бол энэ зүйлийн 1 дэх хэсэг хамаарахгүй” гэжээ.

Шүүгдэгч Д.Ж нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1, 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хоёр санаатай гэмт хэрэг үйлдсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх боломжгүй байна.  

Шүүхээс шүүгдэгч Д.Жы гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хохирол нөхөн төлсөн, хувийн байдал, гэмт хэргийн улмаас Үндэсний аюулгүй байдал болон олон нийтийн эрх ашигт учрах хор уршиг зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялын доод хэмжээг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан торгох ялын доод хэмжээг тус тус оногдуулахаар шийдвэрлэлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Жд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт оногдуулсан торгох ялыг тус тусад нь эдлүүлэх зүйтэй.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Жд шүүхээс оногдуулсан хорих ялыг нээлттэй дэглэмтэй хорих ангид эдлүүлэх нь зүйтэй.

Шүүгдэгч Д.Жд Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт оногдуулсан торгох ялыг хорих ялыг эдэлж дууссаны дараа эдлүүлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2-т зааснаар   шүүгдэгчийн урд баривчлагдсан 2 хоногийг хорих ял эдэлсэн хугацаанд оруулан тооцох нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн НҮБ-ын 1971 оны сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенцын 2 дугаар жагсаалтанд багтсан метамфетамины агууламж бүхий 4.9 грамм бодис /уутны хамт №1 гэж дугаарласан 1.2 грамм, №2 гэж дугаарласан 1.2 грамм, №3 гэж дугаарласан 1.1 грамм, №4 гэж дугаарласан 1.4 грамм/, №11 гэж дугаарласан шилэн гаансны хэлтэрхий 1 ширхэг, №07 гэж дугаарласан гялгар уут 1 ширхэг, амсар хэсэгтээ цайвар өнгийн резинэн оруулга бүхий шилэн гаанс 1 ширхэг, шаргал өнгийн соруул бүхий улаан өнгийн тагтай цайвар өнгийн сав /бонго/ 1 ширхэг зэргийг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгах нь зүйтэй.

Энэ хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, 1705004850316 тоот хэргийг нэгтгэсэн, тусгаарласан хэрэггүй болно.

Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2,  36.6,  36.7,  36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон  ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч Д.Жыг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

              - “хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

       2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Жыг 01 жил хорих ялаар,

              - Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.

        3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Жд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 01 жил хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялыг тус тусад нь эдлүүлэхээр тогтоосугай.

       4. Шүүгдэгч Д.Жд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 01 жил хорих ялыг эдэлсний дараа  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялыг  эдлүүлсүгэй.

        5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2-т зааснаар Д.Жы урд баривчлагдсан 02 хоногийг хорих ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.

      6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Жд шүүхээс оногдуулсан 01 жилийн хорих ялыг нээлттэй дэглэмтэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

       7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн НҮБ-ын 1971 оны сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенцын 2 дугаар жагсаалтанд багтсан метамфетамины агууламж бүхий 4.9 грамм бодис /уутны хамт №1 гэж дугаарласан 1.2 грамм, №2 гэж дугаарласан 1.2 грамм, №3 гэж дугаарласан 1.1 грамм, №4 гэж дугаарласан 1.4 грамм/, №11 гэж дугаарласан шилэн гаансны хэлтэрхий 1 ширхэг, №07 гэж дугаарласан гялгар уут 1 ширхэг, амсар хэсэгтээ цайвар өнгийн резинэн оруулга бүхий шилэн гаанс 1 ширхэг, шаргал өнгийн соруул бүхий улаан өнгийн тагтай цайвар өнгийн сав /бонго/ 1 ширхэг зэргийг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

        8. Энэ хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, 1705004850316 тоот хэргийг нэгтгэсэн, тусгаарласан хэрэггүй, шүүгдэгч нь 02 хоног баривчлагдсан болохыг тус тус дурдсугай.

        9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

          10. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Жд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

 

 

            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                         Ч.ОТГОНБАЯР