Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 02 сарын 08 өдөр

Дугаар 210/МА2023/00337

 

 

 

 

 

2023 оны 02 сарын 08 өдөр

Дугаар 210/МА2023/00337

 

 

**********ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Г.Даваадорж даргалж, шүүгч Д.Золзаяа, Ш.Оюунханд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 183/ШШ2022/03385 дугаар шийдвэртэй,

**********ийн нэхэмжлэлтэй, *******-д холбогдох,

Орон сууц захиалгын гэрээний үүрэгт 47,916,400 төгрөг, алданги 17,106,012 төгрөг, нийт 65,022,412 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг

Хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Ш.Оюунханд илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ********, **********, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******, өмгөөлөгч ******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Мөнхбаатар нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, түүний үндэслэлийн агуулга: ********** нь 2020 оны 05 дугаар сарын 29-ний өдөр *******-тай орон сууц захиалан бариулах гэрээ байгуулж, Үйлчилгээний төвтэй 144 айлын орон сууц бүхий Смарт таун-2 цогцолбор хотхоны блок 2-ын 9 давхрын 2-906 тоотод байрлах, 2 өрөө бүхий, 43.96 м.кв талбайтай орон сууцыг тухайн жилийн үл хөдлөх эд хөрөнгийн ханшаар 47,916,400 төгрөг төлж захиалсан.

Гэрээний 3.1-т зааснаар барилгыг 2021 оны 03 дугаар улирал дотор багтаан бүрэн ашиглалтад оруулах байсан боловч захиалагчийг үнэн бодитой мэдээ мэдээллээр хангадаггүй, үүргээ биелүүлээгүй, удаа дараа уулзах хүсэлтээ гаргаж байсан боловч хүлээн авч уулздаггүй, 2022 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн байдлаар барилга таг зогссон байдалтай, хэзээ баригдаж дуусах нь тодорхойгүй, захиалсан бараа материалын баримт нотолгоо байхгүй байна.

Иймд хариуцагч *******-аас орон сууцны үнэ болох 47,916,400 төгрөг, алданги 17,106,012 төгрөг, нийт 65,022,412 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга: Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг зөвшөөрч, зарим хэсгийг зөвшөөрөхгүй байна. Бидний хооронд 2020 оны 05 дугаар сарын 29-ний өдөр 200529/01 дугаартай орон сууц захиалгын гэрээ байгуулагдаж, ********** нь гэрээний нийт үнэ болох 47,916,400 төгрөгийг төлсөн. Энэ дүнг бид хүлээн зөвшөөрч байна, маргахгүй.

Алданги 17,106,012 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй. 2020-2021 онуудад цар тахлын нөхцөл байдлын улмаас хорио цээрийн дэглэмд орсон. Энэхүү давагдашгүй хүчин зүйлийн улмаас хил хаагдсан. Манай компанид барилгын материал нийлүүлэхээр гэрээ байгуулсан компаниуд бараа материалыг нийлүүлж чадахгүй байдалд хүрсэн. Засгийн газрын тогтоол, Монголын Үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимаас гэнэтийн болон давагдашгүй хүчин зүйлийн гэрчилгээ өгснийг хавсарган хүргүүлсэн.

Нэхэмжлэгч ********** нь тус гэрчилгээнд дурдагдсан Б.Нэргүй, Х.Батбаяр, Д.Золбаяр нартай ижил хугацаанд адил нөхцөлтэйгөөр гэрээ байгуулсан нь энэхүү давагдашгүй хүчин зүйлийн гэрчилгээнд хамаарч байгаа болно. Цар тахлаас урьдчилан сэргийлэх тэмцэх, нийгэм эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хууль одоог хүртэл хүчин төгөлдөр үйлчилж байгаа. Нийтэд илэрхий үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй.

Гэрээний 5.2-р зүйлд гүйцэтгэгчийн үйл ажиллагаанаас үл шалтгаалж Монгол Улсад үүссэн байгалийн гамшиг, гэнэтийн болон давагдашгүй хүчин зүйлсийн улмаас ашиглалтад оруулах хугацаа хэтэрсэн, үүнийгээ захиалагчид баримттайгаар нотолсон тохиолдолд гүйцэтгэгч гэрээний 3.3-т заасан үүргээс чөлөөлөгдөнө гэж, Иргэний хуулийн 222.2-т хугацаа хэтрэхэд хүргэсэн нөхцөл байдал нь үүрэг гүйцэтгэгчийн гэм буруугаас болоогүй бол үүрэг гүйцэтгэгчийг хугацаа хэтрүүлсэн гэж үзэхгүй гэж заасны дагуу алдангиас чөлөөлөгдөх хууль зүйн бүрэн үндэслэлтэй. Алданги 17,916,400 төгрөгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 232 дугаар зүйлийн 232.6, 232.8-д зааснаар хариуцагч *******-аас ажил гүйцэтгэх гэрээний дагуу 47,916,400 төгрөг, алданги 8,553,006 төгрөг, нийт 56,469,406 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч **********т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 8,553,006 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгч **********ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 483,062 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******-аас 440,297 төгрөг гаргуулж нэхэмжлэгч **********т олгож шийдвэрлэсэн байна.

 

4.Хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:

4.1 Алданги 17,106,012 төгрөгийг гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй. Монгол Улс хорио цээрийн дэглэм тогтоож, хилээ хаасан. Үүний нөлөөгөөр манай компанид барилгын материал нийлүүлэхээр гэрээ байгуулсан компаниуд бараа материалыг нийлүүлж чадахгүй байдалд хүрсэн. Энэхүү гэнэтийн болон давагдашгүй нөхцөл байдал үүссэнийг Засгийн газрын тогтоол, Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимаас "Гэнэтийн болон давагдашгүй хүчин зүйлийн гэрчилгээ" олгосныг бид хэргийн материалд нотлох баримтаар өгч холбогдох хуулийн дагуу алданги төлөхгүй байх хууль зүйн. үндэслэлээ тайлбарласан.

4.2. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхээс хэргийг шийдвэрлэхдээ хариуцагчийн гаргаж ирүүлсэн холбогдох гэрчилгээ болон Засгийн газрын тогтоолууд буюу нийтэд илэрхий үйл баримт нь орон сууцыг гэрээнд заасан хугацаанд ашиглалтад оруулах боломжгүй нөхцөл байдалд хамаарна гэж үзээд нэхэмжлэгчийн алдангийн хэмжээг тодорхой хувиар бууруулах нь шударга ёсонд нийцнэ гэж үзлээ.." гэж. нотлох баримтыг үнэлж Ковид-19 цар тахлын нөлөөг дүгнэсэн тул Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.2-т "Хугацаа хэтрэхэд хүргэсэн нөхцөл байдал нь үүрэг гүйцэтгэгчийн гэм буруугаас болоогүй бол үүрэг гүйцэтгэгчийг хугацаа хэтрүүлсэн гэж үзэхгүй" гэж зааснаар хугацаа хэтэрсэн гэж үзэх боломжгүй юм.

Гэрээний 5.2 дахь хэсэгт "Гүйцэтгэгчийн үйл ажиллагаанаас үл шалтгаалж Монгол Улсад үүссэн байгалийн гамшиг, гэнэтийн болон давагдашгүй хүчин зүйлсийн улмаас ашиглалтад оруулах хугацаа хэтэрсэн, үүнийгээ захиалагчид баримттайгаар нотолсон тохиолдолд гүйцэтгэгч гэрээний 3.3-т заасан үүргээс чөлөөлөгдөнө," гэсний дагуу алдангиас чөлөөлөгдөх ёстой.

4.3. Түүнчлэн гэрээний 3.3-т "Хэрэв гүйцэтгэгч нь хоног тутамд гэрээний нийт үнийн дүнгийн 0.1 хувьтай тэнцэх хэмжээний алдангийг захиалагчид төлнө" гэж заасан нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 "Хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ." гэснийг агуулгыг зөрчсөн, хүчин төгөлдөр бус хэлцэл.

Иймд алданги 8,553,006 төгрөгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

5. Давж заалдах шатны шүүх хуралдаанд нэхэмжлэгч талаас гаргасан тайлбарын агуулга: Зөвхөн алданги нэхэмжилсэн болохоос биш, түрээсэлсэн, 3 жил хүлээсэн, сэтгэл санааны хохирол зэрэг маш их хохирол байгаа. Яагаад байр удаашралтай байгаа талаар асуухад, анхнаасаа худлаа ярьсан байсан. Манайх хямдралтай байгаа дахин хямдрал зарлахгүй гэж худлаа хэлж миний хугацаатай хадгаламжийг цуцлуулж байрны захиалга авсан. Гэтэл 7 дугаар сард дахин хямдрал зарласан. Анхан шатны шүүхийн шийдвэрийг үндэслэлтэй гэж үзэж байна. Гэрээгээр алдангийг бүтэн төлөх үүрэгтэй байсан боловч анхан шатны шүүх 50 хувиар багасгаж өгсөн. Иймд давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.

 

1. Нэхэмжлэгч ********** нь хариуцагч *******-д холбогдуулан орон сууц захиалгын гэрээний үүрэгт 47,916,400 төгрөг, алданги 17,106,012 төгрөг, нийт 65,022,412 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч 47,916,400 төгрөгийг хүлээн зөвшөөрч, Ковид-19 цар тахлын нөхцөл байдалтай холбоотойгоор алданги болох 17,106,012 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргажээ.

 

2. Хэргийн үйл баримт, шүүхийн шийдвэрийн үндэслэлийн талаар.

2.а. Хэрэгт авагдсан баримт, талуудын тайлбараар ********** нь *******-тай 2020 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн орон сууц захиалгын гэрээг байгуулж, тус гэрээгээр хариуцагчийн барьж буй Хан-Уул дүүргийн 16 дугаар хорооны нутагт дэвсгэрт байрлах, үйлчилгээний төвтэй 144 айлын орон сууц бүхий Смарт таун-2 цогцолбор хотхоны блок 2-ын 9 давхрын 2-906 тоотод байрлах, 2 өрөө , 43,96 м.кв талбайтай орон сууцыг 47,916,400 төгрөгөөр захиалан бариулах, хариуцагч нь орон сууцыг 2021 оны 03 дугаар улиралд багтаан ашиглалтад оруулж, хүлээлгэн өгөхөөр тохиролцож, нэхэмжлэгч нь орон сууцны үнэ 47,916,400 төгрөгийг хариуцагчид бүрэн төлсөн байна. /хх5-9/

2.б. Хариуцагч ******* нь орон сууцны үнэ 47,916,400 төгрөгийг нэхэмжлэгчид буцаан төлөхийг хүлээн зөвшөөрсөн.

2.в. Нэхэмжлэгч алдангид 17,106,012 төгрөг шаардсанаас анхан шатны шүүх 8,553,006 төгрөгт холбогдох хэсгийг хангаж, 8,553,006 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэснийг нэхэмжлэгч хүлээн зөвшөөрч давж заалдах журмаар гомдол гаргаагүй.

 

3. Зохигч алданги гаргуулах үндэслэлтэй эсэхэд маргаж байна.

3.а. Хариуцагч татгалзлын үндэслэлээ цар тахлын нөхцөл байдал буюу давагдашгүй хүчин зүйлсийн нөлөөнд өртсөн, Монгол Улсын Засгийн газрын 2020, 2021 онуудад гарсан тогтоолууд, Монголын Худалдаа аж үйлдвэрийн танхимын 2022 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 02/570 дугаар гэрчилгээгээр тогтоогдож байгаа, Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.2-т зааснаар хугацаа хэтрүүлээгүй гэж маргасан.

Хэргийн баримтаас хариуцагч нь 2 өрөө, 43,96 м.кв талбайтай орон сууцыг 2021 оны 03 дугаар улиралд багтаан ашиглалтад оруулж, хүлээлгэн өгөх үүрэгтэй байсан. Хэдий хил хаагдсан ч ачаа эргэлт явагдаж байсан, цар тахлын үеэс өмнө үүргийн гол гүйцэтгэл дуусахаар хугацаатай байгаа, өнөөдрийг хүртэл үүргээ гүйцэтгээгүй зэргийг харьцуулан дүгнэж алданги 8,553,006 төгрөгт холбогдох хэсгийг хангаж шийдвэрлэснийг буруутгахгүй.

Мөн анхан шатны шүүхээс Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.8-дах хэсэгт заасан анзын хэмжээ илт их байвал хэргийн нөхцөл байдлыг харгалзан шүүх түүнийг багасгаж болно гэсэн заалтын дагуу нэхэмжлэгчийн нэхэмжилсэн алданги 17,106,012 төгрөгөөс 50 хувь болох 8, 553,006 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн байна.

 

4. Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, зохигчдын маргаанд хамааралтай нотлох баримтыг бүрдүүлэх болон үнэлэх журмыг зөрчөөгүй боловч талуудын маргаанд хамааралтай Иргэний хуулийн заалтыг зөв тайлбарлан хэрэглээгүйг давж заалдах шатны шүүхээс залруулан өөрчлөх боломжтой гэж үзлээ. Тодруулбал, анхан шатны шүүх зохигчдын байгуулсан гэрээг Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт зааснаар ажил гүйцэтгэх гэрээ гэж үзсэнийг давж заалдах шатны шүүхээс талуудыг Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар худалдах, худалдан авах гэрээ байгуулсан гэж дүгнэв.

Худалдах, худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлөх үүрэгтэй. Харин ажил гүйцэтгэх гэрээгээр гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авах, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээдэг. Өөрөөр хэлбэл худалдах, худалдан авах гэрээний хувьд эд хөрөнгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлдэг бол ажил гүйцэтгэх гэрээний онцлог нь гүйцэтгэсэн ажлын үр дүн байдаг.

 

5. Давж заалдах гомдлын талаар.

Хариуцагч дээр дурдсан үндэслэлээр хугацаа хэтрүүлээгүй гэж үзэх үндэслэлгүй.

5.а. Хариуцагч ******* нь худалдах, худалдах авах гэрээгээр тохирсон эд хөрөнгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх үүргээ биелүүлээгүй байх тул нэхэмжлэгч ********** нь Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт зааснаар гэрээнээс татгалзах эрхтэй.

Талуудын хооронд байгуулагдсан 2020 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн орон сууц захиалгын гэрээний 3.3-т агуулгын хувьд алдангийн талаар тохиролцсон.

Иргэний хуулийн 198 дугаар зүйлийн 198.1 дэх хэсэгт зааснаар гэрээг тайлбарлахдаа түүний үгийн шууд утгыг анхаарна. Гэрээний аль нэг нөхцөлийн утга нь ойлгомжгүй бол түүний агуулгыг бусад нөхцөл болон гэрээний ерөнхий агуулгатай харьцуулах замаар тодорхойлно. Талууд гэрээний 3.3-т " гүйцэтгэгч нь хоног тутамд гэрээний нийт үнийн дүнгийн 0,1 хувьтай тэнцэх хэмжээний алдангийг захиалагчид төлнө" гэж заасан.

Хэргийн баримтаас үзэхэд гэрээний нийт үнийн дүн 47,916,400 төгрөг байх бөгөөд хариуцагчийн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн хэмжээ ч 47,916,400 төгрөг болж байна.

Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дах хэсэгт зааснаар хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ.

Гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн хэмжээ, гэрээний нийт үнийн дүн тохирч байгаа тул талуудын тохиролцоо агуулгын хувьд хууль зөрчөөгүй байна.

 

Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулж, хариуцагчийн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 183/ШШ2022/03385 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 232 дугаар зүйлийн 232.6, 232.8-д гэснийг Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 205 дугаар зүйлийн 205.1, 232 дугаар зүйлийн 232.6-д гэж өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 152,000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.ДАВААДОРЖ

 

ШҮҮГЧИД Д.ЗОЛЗАЯА

 

Ш.ОЮУНХАНД