Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 10 сарын 30 өдөр

Дугаар 826

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Отгонбаяр даргалж,

Нарийн бичгийн дарга: Б.Мөнхтулга,

Улсын яллагч: Н.Ням-Очир,

Шүүгдэгч: Ц.Б, түүний өмгөөлөгч О.Баярбаясгалан нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Ц.Бд холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1805030740834 дугаартай хэргийг  2018 оны 10 дүгээр сарын 22–ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Ц.Б, 1990 оны 02 дугаар сарын 12-ны өдөр Хэнтий аймагт төрсөн, 28 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, авто инженер мэргэжилтэй, “ЮМЭКО” ХХК-д будагчин ажилтай,  ам бүл 2, хүүхдийн хамт... тоот регистртэй,

Шүүгдэгч Ц.Б нь 2018 оны 5 дугаар сарын 24-ний өдөр Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “ЮМЭКО” ХХК-ний ажлын байран дээр У.Өтай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан  гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэх судалсан болон хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч  Ц.Бшүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул, нэмж мэдүүлэх зүйлгүй” гэв.

Хохирогч У.Өын мөрдөн байцаалтад өгсөн: “...Бид хоёр хоёулаа согтуу байсан болохоор юунаас болж маргалдсанаа мэдэхгүй байна. Ямар ч байсан бид хоёр оффис орохоор хамт явж байсан. Тэгээд маргалдаад би Болортулгыг хавирч унагасан. Тэгсэн Б миний нүүрэн тус газар хэд хэд цохьсон. Бид хоёр урд хойноо гараад явж байхад Б гэнэт эргэж хараад миний хамар луу шууд мөргөсөн. Надад гомдол, санал байхгүй...”  гэсэн мэдүүлэг /хх-н 6-7/,

Гэрч Г.Ггийн  мөрдөн байцаалтад өгсөн: “...2018 оны 5 дугаар сарын 24-ний өдөр Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “ЮМЭКО” ХХК-ны ажлын байран дээрээ байж байхад Ө хүмүүс рүү дайраад согтуу агсраад байсан. Тэгснээ Б руу дайраад архины мөнгө нэхээд маргалдаад байж байхаар нь би Өыг үйлдвэрээс гаргахын хооронд Ө Бтай зодолдоод эхэлсэн. Тэр үед Б, Өын хамар луу нь мөргөчихсөн юм шиг байгаа юм, хамраас нь цус гарсан. Өыг үйлдвэрээс гаргахад манай ерөнхий менежер ирээд ар гэрээс нь хүн дуудаад өгч явуулсан байх. Өмнө нь юу болсныг би мэдэхгүй байна”  гэсэн мэдүүлэг /хх-н 10-11/,

Шинжээчийн 6698 тоот дүгнэлтэд: “...У.Өын биед баруун нүдний  ухархайн дотор ханын хугарал, хамар ясны хугарал, баруун, зүүн нүдний зовхи болон хамрын зөөлөн эдийн няцрал, цус хуралт, 2 шүдний сулрал, баруун хөмсөгний гадна хэсэг, баруун сарвууны зулгаралт бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэсэн дүгнэлт /хх-н 14/,

Яллагдагчаар Ц.Бмөрдөн байцаалтад өгсөн: “...2018 оны 5 дугаар сарын 22-ны өдөр цайны цаг болж байсан болохоор хоолондоо орохоор цайны газар орсон. Намайг хоол идэж байсан чинь Ө 2 инженертэйгээ маргалдаад зодолдох гээд байхаар нь би очоод салгасан. Өын дүү Санзай гэх эрэгтэйг дуудаж Өыг өгч гаргачихаад би хоолоо идэж дуусаад гадна гараад тамхи татаж байсан чинь Ө орж ирээд чи бид нарыг салгалаа гэж над руу агсарсан. Би тамхи татах цэг дээр тамхи татаад сууж байсан чинь араас Ө орж ирээд намайг дахин заамдаж аваад агсраад нягтлан бодогч ирж салгасан. Тэгээд би будгийн камер дотор ороод хэвтэж байсан чинь араас Ө ирээд дахин агсраад байсан. Би ч чимээгүй байж байтал намайг архи авч өг гэхээр нь чадахгүй, хангалтай авч өглөө шүү дээ гэсэн чинь намайг заамдаж аваад ширээ рүү түлхээд унагаасан. Би босч ирээд Өын нүүр хэсэг рүү нь 2-3 удаа баруун гараараа цохьсон. Тэгээд хоёулаа маргалдахаа болъё гэсэн чинь над руу дайрахаар нь би гараад зугтаасан. Тэгээд оффис дээр гүйж очоод Ө  архи уучихаад агсраад байна гэж хэлж байтал араас гүйж ирээд намайг хана руу мөргүүлсэн. Тэгэхээр нь би бас заамдаж байгаад нүүр лүү нь мөргөсөн. Цагдаад гомдол гаргаснаас нь хойш бид хоёр эвлэрээд эмнэлгээр дагуулж яваад үзүүлж харуулсан. Өыг үзүүлэхэд эмчилгээний зардал 600.000 төгрөг болох юм байна гэж хэлсэн. Тэгээд би эмчилгээг нь хийлгэж өгөх гэхэд чи надад бэлнээр 2.500.000 төгрөг өгчих тэгвэл гомдол саналгүй болчихно гэсэн. Би мөнгө хайсан боловч олдоогүй. Уг нь би гэм буруугаа ойлгоод эмнэлгээр дагуулж яваад үзүүлсэн боловч их хэмжээгээр мөнгө нэхсэн учир надад өгөх боломж байгаагүй” гэсэн мэдүүлэг /хх-н 35-38/,

Хохирогчийн гаргасан өргөдөл /хх-н 3/, компьютер томографийн оношлогоо /хх-н 15/, шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-н 23-28/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж үнэлэв.

Шүүгдэгчийн гэм буруу болон хохирол, хор уршигийн талаар:

Шүүгдэгч Ц.Б нь 2018 оны 5 дугаар сарын 24-ний өдөр Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “ЮМЭКО” ХХК-ний ажлын байранд У.Ө нь согтуурсан үедээ түүн рүү агсам тавьсаны улмаас түүнийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэм буруутай болох нь:

Шүүгдэгчийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүх хуралдаанд үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд, хохирогч У.Өын: “...Бид хоёр хоёулаа согтуу байсан болохоор юунаас болж маргалдсанаа мэдэхгүй байна. Ямар ч байсан бид хоёр оффис орохоор хамт явж байсан. Тэгээд маргалдаад би Болортулгыг хавирч унагасан. Тэгсэн Б миний нүүрэн тус газар хэд хэд цохисон. Бид хоёр урд хойноо гараад явж байхад Б гэнэт эргэж хараад миний хамар луу шууд мөргөсөн...гэсэн мэдүүлэг /хх-н 6-7/, гэрч Г.Ггийн: “...Тэр үед Б Өын хамар луу нь мөргөчихсөн юм шиг байгаа юм, хамраас нь цус гарсан. Өыг үйлдвэрээс гаргахад манай ерөнхий менежер ирээд ар гэрээс нь хүн дуудаад өгч явуулсан...” гэсэн мэдүүлэг /хх-н 10-11/, шинжээчийн 6698 тоот дүгнэлт болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

Шүүгдэгч Ц.Бүйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний  эрүүл мэндэд  хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийн бүх шинжийг хангасан байх тул түүнд холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч Ц.Б нь согтуурсан үедээ хохирогчтой маргалдаж, түүнийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан нь өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан үйлдэл болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэлээ.

Хэдийгээр хохирогчийн зүй бус үйлдлийн улмаас уг гэмт хэрэг үйлдэгдсэн байх хэдий ч энэ нь хохирогчийн эрүүл мэндэд нь хохирол учруулах шалтгаан болохгүй гэж шүүх дүгнэлээ. 

Шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нь гэм буруугийн талаар маргаагүй бөгөөд улсын яллагчийн шүүгдэгчийг гэм буруутай гэсэн дүгнэлт нь үндэслэлтэй байна.

Уг гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч У.Өын биед хөнгөн хохирол учирсан болох нь шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон байна.

Хохирогч нь хавтаст хэрэгт хамрын хагалгаанд орох 2.500.000 төгрөгийн нэхэмжлэх өгсөн ба тухайн хагалгаанд ороогүй, бодит хор уршиг учраагүй байх тул хохирол, хор уршгийн талаарх нотлох баримтаа бүрдүүлж жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдах нь зүйтэй.

Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүх шүүгдэгч Ц.Бүйлдсэн гэмт хэрэг нь нотлогдон тогтоогдсон тул түүнийг гэм буруутайд тооцсон бөгөөд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж дүгнэлээ.

Шүүгдэгч нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэнийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.

Шүүгдэгчид ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Улсын яллагч шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийг 450 нэгж буюу 450.000 төгрөгөөр торгох, шүүгдэгчийн өмгөөлөгч торгуулийн ялын доод хэмжээгээр торгох ял оногдуулж өгнө үү гэсэн ялын санал тус тус гаргасан ба шүүх шүүгдэгч Ц.Бгэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал буюу хохирогчийн буруутай үйлдэл нөлөөлсөн, түүний хувийн байдал буюу ажил хөдөлмөр эрхэлдэг зэргийг харгалзан улсын яллагч, шүүгдэгчийн өмгөөлөгч нарын гаргасан саналыг хүлээн авах нь зүйтэй гэж дүгнэлээ.

Шүүгдэгч Ц.Б нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болно.

Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч Ц.Б“хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Болортулгыг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
  3. Хохирогч У.Ө нь хор уршгийн талаарх нотлох баримтаа бүрдүүлж иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.
  4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.
  5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
  6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.Бд хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Ч.ОТГОНБАЯР