Улсын дээд шүүхийн Тогтоол

2020 оны 06 сарын 25 өдөр

Дугаар 001/ХТ2020/0256

 

“Тх банк” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Мб-нд холбогдох захиргааны хэргийн

 тухай

Монгол Улсын Дээд шүүхийн захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:

Даргалагч, шүүгч:       Ч.Тунгалаг

Шүүгчид:                         М.Батсуурь

                                              Б.Мөнхтуяа

                                              Д.Мөнхтуяа

Илтгэгч шүүгч:          Г.Банзрагч

Нарийн бичгийн дарга: Б.Уранзаяа

Нэхэмжлэлийн шаардлага: “Мб-ны Ерөнхийлөгчийн 2019 оны 05 дугаар сарын 23-ны А-138 дугаар тушаалаар батлагдсан “Банкны үйл ажиллагааны зохистой харьцааны шалгуур үзүүлэлтийг тогтоох, түүнд хяналт тавих журам”-ын 5.3 дугаар зүйлийг хүчингүй болгуулах”

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 221/ШШ2020/0005 дугаар шийдвэр,

Шүүх хуралдаанд оролцогч: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Х, Ю.Д, өмгөөлөгч Б.Э нарыг оролцуулж,

Нэхэмжлэгчийн төлөөлөгч М.О-ын гаргасан гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Өмнөх шатны шүүхийн шийдвэр

1. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 221/ШШ2020/0005 дугаар шийдвэрээр: Захиргааны ерөнхий хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, Төв банк /монголбанк/-ны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 1, 19 дүгээр зүйлийн 1, Банкны тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.1, 16.1.2, 43 дугаар зүйлийн 43.2, 43.2.8-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “Тх-ийн банк” ХХК-иас Мб-нд холбогдуулан гаргасан “Мб-ны Ерөнхийлөгчийн 2019 оны 05 дугаар сарын 23-ны А-138 дугаар тушаалаар батлагдсан “Банкны үйл ажиллагааны зохистой харьцааны шалгуур үзүүлэлтийг тогтоох, түүнд хяналт тавих журам”-ын 5.3 дугаар зүйлийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Гомдлын үндэслэл:

2. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 221/ШШ2020/0005 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч дараах үндэслэлээр давж заалдах гомдлыг гаргаж байна.

3. Үүнд: Нэхэмжлэгч нь Төв банк /Мб/-ны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.1 дэх заалт болон тус хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1-д заасан хариуцагчийн банкны заавал байлгах нөөц, зохистой харьцааны шалгуур үзүүлэлтийг тогтоох, дүрэм, журам, заавар, аргачлал, холбогдох бусад шийдвэр гаргаж, хэрэгжилтэд нь хяналт тавих эрх хэмжээний талаар маргаагүй. Харин давж заалдах шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт хариуцагчийн хуулиар олгогдсон эрх хэмжээний хүрээнд гаргасан хэм хэмжээний актыг хүчингүй болгуулах ерөнхий агуулгаар нь авч үзсэн нь шүүх бүрэлдэхүүн хэргийн агуулга, нэхэмжлэгчийн маргаж байгаа үндэслэлийг бүрэн ойлгоогүйг харуулахын зэрэгцээ шүүхийн шийдвэр хуульд нийцээгүй байдлаар гарахад хүргэжээ.

4. Тухайлбал, шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт “...Захиргааны ерөнхий хуулийн 62 дугаар зүйлийн 62.1-д “Захиргааны хэм хэмжээний актын төслийг тухайн захиргааны байгууллагын цахим хуудас болон мэдээллийн самбарт 30-аас доошгүй хоногийн хугацаанд байрлуулж санал авна”, 62.2-т “...эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөх бүлгийн хүрээнд хэлэлцүүлэг заавал хийнэ” гэж тус тус заасан бөгөөд хариуцагчаас маргаан бүхий хэм хэмжээний актыг батлан гаргахдаа Захиргааны ерөнхий хуульд заасан журмын дагуу төсөлд санал авсан, эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөх бүлгийн хүрээнд хэлэлцүүлэг хийсэн талаарх нотлох баримтыг шүүхэд ирүүлсэн боловч журмын маргаан бүхий заалт төсөлд байхгүй болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байгаагаас гадна хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс уг заалт байхгүй болохыг хүлээн зөвшөөрсөн” /7 дугаар хуудас/ гэжээ.

5. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч захиргааны байгууллага хэм хэмжээний акт батлан гаргахдаа гагцхүү уг маргаан бүхий 5.3 дахь заалтын хувьд хуульд заасан журам зөрчсөн тул хүчингүй болгох ёстой гэж маргасан. Гэтэл шүүх журам зөрчсөн хэдий ч ялихгүй ганцхан заалт учраас хуулийг зөрчсөн гэж үзэхгүй байж болно гэж дүгнэж байгаа нь шүүхийн шийдвэр хууль ёсны байх хуулийн шаардлагад нийцээгүй. Шүүхийн хэлэлцүүлгийн явцад хэдийгээр хариуцагч “уг заалт нь 2018 оны 5 дугаар сарын 25-ны өдөр Мб-ны цахим хуудаст байршуулсан “Харилцан хамаарал бүхий этгээд, холбогдох этгээд, төвлөрлийн эрсдэлийн удирдлагын журам”-ын төсөлд тусгагдан олон нийтээс санал авсан” /шүүхийн шийдвэрийн 5 дугаар хуудас/ гэж маргадаг.

6. Мб уг журмаа “Банкны үйл ажиллагаанд тавих хязгаарлалтыг тооцох, хангах, тайлагнах хяналт тавих журам” гэдэг нэртэйгээр 2019 оны 2 дугаар сарын 12-ны өдрийн А-36 дугаартай тушаалаар батлахдаа зарим нэг заалтыг хасч баталсан байдаг. Өөрөөр хэлбэл, арилжааны банкууд уг эх үүсвэрийн төвлөрлийн хязгаарлалтыг энэ удаад орхиж, төслөөс бүрэн хассан гэж ойлгож байсан. Гэтэл хариуцагч нь уг төслөөс хойш 7 сарын дараа буюу 2018 оны 12 дугаар сарын 25-ны өдөр өөрийн цахим хуудаст тавьж, олон нийтээс санал авсан, түүнчлэн 2019 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн А-138 дугаар тушаалаар батлагдсан “Банкны үйл ажиллагааны зохистой харьцааны шалгуур үзүүлэлтийг тогтоох, түүнд хяналт тавих журам”-д тухайн хасагдсан заалтыг гэнэтхэн “нууцаар” нэмж оруулаад /бас дээр нь санал авах төсөл дээрээ 50 хувь гэж байсан бол түүнийгээ 25 хувь болгон багасгаж/ баталсан нь Захиргааны хуульд заасан санал авах журам зөрчсөн байна гэж нэхэмжлэгчийн зүгээс маргаж байгаа.

7. Энэ тухай шүүх шийдвэрийн үндэслэх хэсэгтээ “Хэдийгээр энэ нь хариуцагчийг буруутгах үндэслэл мөн боловч хуульд заасан журмын дагуу хэм, хэмжээний актын нэгдсэн бүртгэлд бүртгэгдэж, хэвлэгдсэн хэм хэмжээний актын хүчин төгөлдөр байдлыг үгүйсгэх, үндэслэл болохгүй юм” /8 дугаар хуудас/ хэмээн дүгнэсэн нь шүүх хууль зөрчсөн ч гэсэн хэм хэмжээний актын дагуу нэгдсэн бүртгэлд бүртгүүлчих л юм бол хүчингүй болгож болохгүй хэмээн захиргааны шүүхийн чиг үүрэг, зорилгыг илт мушгин гуйвуулсан, өөрийн оршин тогтож байгаагаа үнэгүйдүүлсэн хэтэрхий бүдүүлэг дүгнэлт болжээ. Захиргааны ерөнхий хуульд  захиргааны байгууллагаас тухайн нэг захиргааны актын төсөлд олон нийтээс санал авахдаа хэзээ нэгэн цагт, өөр актын төсөлд оруулж санал авч байсан заалтыг “санал авсан” гэдэг үндэслэлээр хэдийд ч, ашиг сонирхол нь хөндөгдөх этгээдэд мэдэгдэлгүйгээр /эсхүл мэдэгдсэн гэж тооцож/, хожим батлагдах өөр захиргааны акт батлан гаргахдаа нэмж оруулан нууцаар баталж болохыг зөвшөөрсөн заалт, зохицуулалт, үзэл баримтлал байхгүй.

8. Өөрөөр хэлбэл, Мб-ны энэхүү захиргааны хэм хэмжээний актад санал авах, батлан гаргахдаа цаг хугацаа харгалзахгүйгээр, олон актын заалтыг өөр хооронд нь хольж сольж, өөрийн дур зоргоор авирлаж байгаа нь захиргааны эрх бүхий байгууллага өөрийн эрх мэдлээ хэтрүүлэн, хуульд заасан журмыг зөрчиж байгаа хууль бус үйлдэл мөн. Энэхүү хууль бус үйлдэл нь нэхэмжлэгчийн төдийгүй жижиг арилжааны банкуудын хэвийн үйл ажиллагаанд нөлөөлөх, өрсөлдөх чадварыг алдагдуулах, банкны өсөлтийг боомилсон, эрх ашигт ноцтой хохирол учруулсан үйлдэл бөгөөд банкны салбарын шударга өрсөлдөөнийг шууд үгүйсгэсэн үр дагавартай юм.

9. Түүнчлэн, Иргэний хуулийн 455 дугаар зүйлийн 455.4-т “Тодорхой хугацаагаар байгуулсан гэрээг банк, мөнгөн хадгаламжийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий этгээд нэг талын санаачилгаар өөрчлөх, хугацаанаас нь өмнө цуцлах эрхгүй” хэмээн хуульчилсан байдаг бөгөөд Мб-ны уг журам хэрэгжиж эхэлснээр тус банкийг сонгож, бас итгэж мөнгөө хадгалуулсан иргэд, байгууллагын хадгаламжийг арилжааны банк хугацаанаас нь өмнө Иргэний хууль зөрчин нэг талын санаачлагаар цуцлах, ингэснээрээ иргэд, байгууллагын эрх ашгийг давхар хохироох ярвигтай нөхцөл байдал үүсгэж байна.

10. Дээрхээс үзвэл Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шийдвэр нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2, 106.4-т заасан хуулийн шаардлагыг тус тус хангахгүй байна. Иймд Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

11. Давж заалдах шатны шүүхийн шийдвэр үндэслэл бүхий байна.

12. Нэхэмжлэгч “Тх-ийн банк” ХХК-иас М-б-ны Ерөнхийлөгчийн 2019 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн А-138 дугаар тушаалаар батлагдсан “Банкны үйл ажиллагааны зохистой харьцааны шалгуур үзүүлэлтийг тогтоох, түүнд хяналт тавих журам”-ын 5.3 дахь заалт буюу “Банкны хамгийн том 10 харилцагчийн хадгаламж, харилцахын нийлбэр нь нийт активын 25 хувиас хэтрэхгүй” гэснийг хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэл гаргахдаа уг заалтын улмаас Өрсөлдөөний тухай хууль болон Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулиар хамгаалагдсан эрх нь зөрчигдсөн гэж маргажээ.

13. Тодруулбал, “...жижиг банкуудыг зах зээлээс мөнгөн хөрөнгө татах үйл ажиллагааг хязгаарласан, том банкуудтай өрсөлдөх боломжийг хориглосон, зах зээлийг борлуулалтын хэмжээгээр хуваарилахад шууд чиглэсэн үр дагаврыг зориуд үүсгэх зэргээр Өрсөлдөөний тухай хуулийг зөрчсөн, мөн банкны дотоод хэрэгт хөндлөнгөөс шууд бусаар оролцсон, томоохон харилцагчдыг зөвхөн нэг банкны үйлчлүүлэгч байж, томоохон цөөхөн банкаар үйлчлүүлэхийг хүчээр тулган шахаж байгаа нь Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн 5.1-д заасан эрхэд шууд халдаж байгаа, уг хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.2-т заасан эрхээ хэтрүүлэн эдэлсэн...” гэж, мөн нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс хяналтын шатны шүүх хуралдаан дээр “М б уг журмын заалтыг баталснаараа Өрсөлдөөний тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2-т заасан аж ахуй эрхлэгчийг тодорхой төрлийн үйл ажиллагаа явуулах, бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэх, борлуулахыг хориглосон буюу хязгаарласан; тухайн зах зээлд өрсөлдөгч гарч ирэхийг хориглосон буюу хязгаарласан, эсхүл түүнийг зах зээлээс шахан гаргахад чиглэсэн; зах зээлийг нутаг дэвсгэр, эсхүл үйлдвэрлэл, борлуулалтын хэмжээ, барааны нэр, төрөл, худалдагч, худалдан авагчийн хүрээгээр хуваарилахад чиглэсэн; аль нэг аж ахуй эрхлэгчид давуу байдал олгоход чиглэсэн зэрэг төрийн захиргааны байгууллагад хориглосон үйл ажиллагааг явуулсан, ингэснээр Захиргааны ерөнхий хуулийн 60 дугаар зүйлийн 60.1.1. “Монгол Улсын Үндсэн хууль, энэ хууль болон бусад хуульд нийцсэн байх” болон 60.1.6. “хуулиар хориглоогүй асуудлаар хориглосон зохицуулалт тогтоохгүй байх” гэсэн захиргааны хэм хэмжээний актад тавигдах шаардлагыг зөрчсөн гэж тодорхойлсон.

14. Мөн, тэрээр “хариуцагч уг журмын заалтыг батлахдаа Захиргааны ерөнхий хуульд заасан захиргааны хэм хэмжээний актыг батлан гаргахад баримтлах журмыг, тухайлбал 62 дугаар зүйлийн 62.1. “Захиргааны хэм хэмжээний актын төслийг тухайн захиргааны байгууллагын цахим хуудас болон мэдээллийн самбарт 30-аас доошгүй хоногийн хугацаанд байрлуулж санал авна”, 62.2. “Нийтийн ашиг сонирхол, хүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөх тохиолдолд захиргааны хэм хэмжээний актын төсөлд нийтийн санаа бодлыг тусгах зорилгоор хэлэлцүүлэг зохион байгуулж, оролцох боломжоор хангах бөгөөд эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөх бүлгийн хүрээнд хэлэлцүүлэг заавал хийнэ” гэснийг зөрчсөн гэж маргасан ба гомдлын агуулга нь энэ хүрээнд байна /Тодорхойлох хэсгийн 4-10/.

15. Мб-ны Ерөнхийлөгчийн 2019 оны А-138 дугаар тушаалаар батлагдсан “Банкны үйл ажиллагааны зохистой харьцааны шалгуур үзүүлэлтийг тогтоох, түүнд хяналт тавих журам”-ыг хариуцагчаас Төв банкны /Мб/ тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.1-д “Мб төрийн мөнгөний бодлогыг хэрэгжүүлэхдээ дараах арга, хэрэгслийг ашиглаж болно: 1/банкны заавал байлгах нөөц, зохистой харьцааны шалгуур үзүүлэлтийг тогтоох”, 19 дүгээр зүйлийн 1. “Мб хадгаламж эзэмшигч, харилцагчийн эрх ашгийг хамгаалах, банкны тогтолцооны найдвартай байдлыг бэхжүүлэх зорилгоор, банкны өөрийн хөрөнгө, төлбөрийн чадварыг хангуулах, үйл ажиллагааг нь зохицуулах, албадлагын арга хэмжээ авахтай холбогдсон дүрэм, журам, заавар, аргачлал болон холбогдох бусад шийдвэр гаргаж, хэрэгжилтэд нь хяналт тавина” гэсэн бүрэн эрхийнхээ хүрээнд баталсан байх ба уг журмын зорилго нь Банкны тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.1-16.1.2 дахь заалтын дагуу Монголбанкнаас банкинд зохистой харьцааны шалгуур үзүүлэлтийг тогтоох, түүнийг мөрдүүлэх, хянах, урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах харилцааг зохицуулахад оршиж байна.

16. Аливаа банк нь, тухайлбал, нэхэмжлэгч нь Банкны тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.1-ийн дагуу “...төлбөр түргэн гүйцэтгэх чадварыг Мб-аас тогтоосон журмын дагуу зохих хэмжээ, хэлбэрээр хангахын зэрэгцээ хадгаламж эзэмшигч, харилцагчийн мөнгөн хөрөнгийг бүрэн байлгаж, тэдгээрийн анхны шаардлагаар гаргаж өгөх, шилжүүлэх”; 16.1.2-т зааснаар “өөрийн хөрөнгийн хүрэлцээ, зээл төлөгдөхөд учирч болзошгүй алдагдлаас хамгаалах сан, гадаад валютын болон бусад зохистой харьцааны шалгуур үзүүлэлтийг Мб-аас тогтоосон журмын дагуу биелүүлэх” үүрэгтэй ба эдгээр үүргийн хэрэгжилтийг хангах, тодруулбал, банкны тогтолцооны найдвартай байдлыг хангах, банкны эрсдэл даах чадварыг сайжруулах, хадгаламж эзэмшигч, харилцагчийн эрх ашгийг хамгаалах, төлбөр түргэн гүйцэтгэх чадварын зохистой харьцааг хангах зэрэг зорилгоор Мб-ны дээрх журмаар бүхий л банкуудад ижил шаардлага тавьсны дотор “төвлөрлийн эрсдэлийн зохистой харьцааг хангах” нэг шалгуур үзүүлэлт болох маргаан бүхий заалт буюу 5.3. “Банкны хамгийн том 10 харилцагчийн хадгаламж, харилцахын нийлбэр нь нийт активын 25 хувиас хэтрэхгүй” байхаар заажээ.

17. Дээрх хуулиудын зохицуулалт буюу мөнгөний бодлогыг хэрэгжүүлэгч Төв банкны бүрэн эрх, арилжааны банкны хүлээх үүрэг болон Мб-ны журмын зорилго, түүнчлэн маргаан бүхий заалт нь бүхий л банкинд /том, жижиг гэж ялгаварлалгүйгээр/ нэгэн ижил үйлчилж байгаа зэргээс үзвэл, хариуцагч нь уг заалтыг “... жижиг банкуудыг зах зээлээс мөнгөн хөрөнгө татах үйл ажиллагааг хязгаарлах, том банкуудтай өрсөлдөх боломжийг хориглох, зах зээлийг борлуулалтын хэмжээгээр хуваарилах үр дагаврыг үүсгэх зорилгоор баталсан, Өрсөлдөөний тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2-т заасан төрийн захиргааны байгууллагад хориглосон өрсөлдөөнийг хязгаарлахад чиглэсэн үйл ажиллагааг явуулсан, мөн хэрэглэгчийн эрхийг зөрчсөн” гэх үндэслэлгүй тул энэ талаарх давж заалдах шатны шүүхийн дүгнэлт зөв байна. 

18. Өөрөөр хэлбэл, дээрх хуулиудыг зөрчсөн гэх үндэслэл тогтоогдохгүй байх тул маргаан бүхий журмын заалт нь Захиргааны ерөнхий хуулийн 60 дугаар зүйлийн 60.1.1. “Монгол Улсын Үндсэн хууль, энэ хууль болон бусад хуульд нийцсэн байх” гэснийг зөрчөөгүй, мөн Төв банкны /Мб/ тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.1-д зааснаар “Монголбанк ... банкны заавал байлгах нөөц, зохистой харьцааны шалгуур үзүүлэлтийг тогтоох” эрхтэй тул Захиргааны ерөнхий хуулийн 60.1.6-д заасан “хуулиар хориглоогүй асуудлаар хориглосон зохицуулалт тогтоосон” гэж үзэхгүй юм.

19. Харин давж заалдах шатны шүүх хариуцагч маргаан бүхий журмын заалтыг батлахдаа Захиргааны ерөнхий хуулийн 62 дугаар зүйлийн 62.1, 62.2-т заасан журмыг зөрчсөн боловч энэ нь “...хуульд заасан журмын дагуу хэм хэмжээний актын улсын нэгдсэн бүртгэлд бүртгэгдэж, хэвлэгдсэн хэм хэмжээний актын хүчин төгөлдөр байдлыг үгүйсгэх үндэслэл болохгүй юм...” гэсэн дүгнэлт хийсэн нь буруу болжээ.

20. Тодруулбал, захиргааны хэм хэмжээний акт нэгэнт бүртгэгдсэн л бол ямар ч алдаатай байсан хамаагүй түүний хүчин төгөлдөр байдалд нөлөөлөхгүй гэж үзэхгүй, харин тухайн тохиолдолд шийдвэр гаргах ажиллагааны зөрчлийн улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хэрхэн зөрчигдсөн, хэрэв шийдвэр гаргах ажиллагааны журам зөрчигдөөгүй бол маргаж буй шийдвэр нь /хэм хэмжээний акт/ гарахгүй байсан гэх үндэслэл байгаа эсэхийг шалгах нь зүйтэй.

21. Харин энэ тохиолдолд нэхэмжлэгчийн маргаж буй шийдвэр гаргах ажиллагааны алдаа гараагүй байсан бол, тухайлбал “маргаан бүхий журмын заалтыг цахим хуудас болон мэдээллийн самбарт 30-аас доошгүй хоногийн хугацаанд байршуулж нэхэмжлэгчээс санал авсан бол, эсхүл эрх хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөх бүлгийн хүрээнд хэлэлцүүлэг хийсэн бол уг заалт батлагдахгүй байсан” гэх үндэслэл тогтоогдохгүй байна, учир нь нэгэнт хуулиар тогтоосон эрхийн хүрээнд хариуцагч тухайн журмыг /заалтыг/ батлах бүрэн эрхтэй, уг эрхийнхээ хүрээнд баталсан шалгуур үзүүлэлт /“Банкны хамгийн том 10 харилцагчийн хадгаламж, харилцахын нийлбэр нь нийт активын 25 хувиас хэтрэхгүй” байх/-ийг зөв эсэхийг шүүх хянах боломжгүй тул шийдвэр гаргах ажиллагааны улмаас нэхэмжлэгчийн Өрсөлдөөний тухай хууль болон Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн гэх үндэслэлгүй байна.

22. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.8-д зааснаар “захиргааны хэм хэмжээний акт хууль бус бөгөөд түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн бол...” шүүхээс маргаан бүхий шийдвэрийг хүчингүй болгох боломжтой.

23. Иймд, шүүх бүрэлдэхүүн “хариуцагч маргаан бүхий журмын заалтыг батлахдаа Захиргааны ерөнхий хуульд заасан журмыг зөрчсөн байхад шүүх хуулийг буруу тайлбарлан хэрэглэж үндэслэлгүй шийдвэр гаргасан” гэсэн утгатай нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гаргасан гомдлыг хангалгүй орхиж, давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээхээр тогтов.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 127.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 221/ШШ2020/0005 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                         Ч.ТУНГАЛАГ   

                        ШҮҮГЧ                                                                Г.БАНЗРАГЧ