Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 06 сарын 14 өдөр

Дугаар 77

 

А.Соёлмаа, Б.Солонго нарын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

            Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч М.Нямбаяр даргалж, шүүгч С.Өмирбек, Н.Туяа нарын бүрэлдэхүүнтэй хийж,

Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 153/ШШ2016/00186 дугаар шийдвэртэй, Ховд аймгийн Жаргалант сумын Наран багт оршин суух, Цоохормууд овогт Аюушжавын Соёлмаа, Ховд аймгийн Жаргалант сумын Буянт багийн Эмчийнхэн овогт Буянбатын Солонго нарын нэхэмжлэлтэй, хариуцагч Ховд аймгийн Нийтийн аж ахуй үйлчилгээний “Шим-Ус” орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газарт холбогдох иргэний хэргийг хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн 2016 оны 06 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч, шүүгч Н.Туяагийн илтгэснээр тус шүүхийн хуралдааны танхимд хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч А.Соёлмаа, Б.Солонго, нэхэмлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мөнхбат, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.Энхжаргал, нарийн бичгийн даргаар Ц.Энхтуяа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэлийн шаардлага: “Шим-Ус” ОНӨААТҮГ-ын даргын 2016 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн Б/11 дүгээр тушаалын Б.Солонго, А.Соёлмаа нарт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, нэхэмжлэгч тус бүрийг урьд эррхэлж байсан халуун усны кассын ажилд эгүүлэн тогтоолгох мөн ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах тухай

 

Нэхэмжлэлийн агуулга: “А.Соёлмаа, Б.Солонго бид ажил олгогч “Шим-Ус” орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газартай хөдөлмөрийн хугацаагүй гэрээгээр тус үйлдвэрийн газрын халуун усны кассаар ажиллаж ирсэн.  Гэтэл ажил олгогчийн 2015 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн Б/44, Б/45 дугаар тушаал гарган нэхэмжлэгч иргэдийг ажлаас чөлөөлсөн. Уг тушаал нь хууль зүйн үндэслэлгүй болох нь Ховд аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 551 дүгээр шийдвэрээр тогтоогдсон бөгөөд биднийг урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоож, 2015 оны 10 дугаар сарын цалингийн зөрүүг гаргуулж шийдвэрлэсэн боловч хариуцагч уг шийдвэрийг биелүүлэлгүйгээр бидэнтэй хөдөлмөрийн гэрээ байгуулалгүй 2016 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн Б/11 дүгээр тушаал гарган биднийг ажлаас хууль бусаар дахин халж, Үндсэн хуульд заасан хөдөлмөрлөх эрхийг зөрчсөн.

 

Тушаалд биднийг сахилгын ноцтой зөрчил давтан гаргасан гэж дурдсан атлаа уг зөрчлийг хэзээ, хаана, ямар байдлаар гаргасан талаар бичээгүй нь уг тушаал хууль зүйн үндэслэлгүй болохыг нотолно. “Шим-Ус” орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрын даргын 2016 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн Б/11 дугаар тушаалын А.Соёлмаа, Б.Солонго нарт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, нэхэмжлэгч тус бүрийг урьд эрхэлж байсан халуун усны кассын ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулж өгнө үү.” гэжээ.

Хариуцагчийн тайлбарын агуулга: “Шүүхийн шийдвэрийн дагуу би А.Соёлмаа, Б.Солонго нарыг “Шим-Ус” үйлдвэрийн газарт халуун усны кассаар эгүүлэн авч ажиллуулсан боловч халуун усны газрыг түрээслэн ажиллуулсан ба түрээсийн гэрээний дагуу сард 150000 төгрөгийн төлбөр орж ирдэг үүнээс цалинг хуваахад цалингийн доод түвшинд хүрэхгүй байна.

 

Мөн уг газарт харьяалагдаж байгаа ажилтан удирдлагын үгэнд орохгүй, хуваарийн дагуу ажиллахгүй байгаагаас орлого багасаж, зардал өсөж байсан. Орлого байхгүй, цалинжуулах боломжгүй халуун усны өмчлөгч нь “Шим-Ус” ОНӨААТҮГ-т боловч ажиллуулах менежмент өөр эзэнд шилжиснээр тухайн орон тоог цалинжуулах боломжгүй зэрэг шалтгаанаар хөдөлмөрийн гэрээг үргэлжлүүлэн байгуулаагүй болно гэжээ.

 

Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 153/ШШ2016/00186 дугаар шийдвэрээр: “1. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-д зааснаар “Шим-Ус” ОНӨААТҮГ-ын даргын 2016 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн Б/11 дүгээр тушаалын Б.Солонго, А.Соёлмаа нарт холбогдох хэсгийг хүчингүй болгосугай.

 

2. Б.Солонго, А.Соёлмаа нарыг урьд эрхэлж байсан халуун усны кассын ажилд эгүүлэн тогтоосугай.

 

3.Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д зааснаар “Шим-Ус” ОНӨААТҮГ-аас цалингийн зөрүүтэй тэнцэх олговор Б.Солонгод 998394 төгрөгийг, А.Соёлмаад 1.219.374 төгрөгийг олгосугай.

 

            4.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар хариуцагч байгууллагаас улсын тэмдэгтийн хураамжид 104,014 төгрөг гаргуулж Төрийн сангийн орлогод оруулж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч нар нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай” гэж шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн давж заалдах гомдлын агуулга: “Байгууллагын зүгээс тушаал гаргахдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн холбогдох заалт, хөдөлмөрийн гэрээ, дотоод журам тус байгууллагад ирүүлсэн өргөдөл гомдлыг үндэслэн ажлаас халах шийдвэр гаргасан. Мөн тушаалын нотлох баримтыг анхан шатны шүүхэд гаргаж өгсөн боловч анхан шатны шүүхээс нотлох баримтад бодитой дүгнэлт хийлгүй ажилчдыг эгүүлэн тогтоосныг цуцлуулах.

 

Мөн  А.Соёлмаа, Б.Солонго нар нь 2015 оны 10 дугаар сараас халуун ус түрээсэлж байгаа ажилтан Н.Амаржаргал, Д.Отгонзаяа нартай даргын зөвлөлийн хурал дээр харилцан тохиролцож сарын 300000 төгрөгийн тогтмол цалинтайгаар хамтран ажилласан бөгөөд 2015 оны 11,12 дугаар сарын цалинг халуун ус түрээслэгчээс, 2016 оны 1, 2 дугаар сарын цалинг шүүхийн шийдвэрийн дагуу “Шим-Ус” ОНӨААТҮГ-аас бодуулан авсан байтал шүүх 2015 оны 7,8,9 дүгээр сарын цалингаас тооцон шүүхийн шийдвэр гаргасан нь үндэслэлгүй байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү.” гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

            Нэхэмжлэгч А.Соёлмаа, Б.Солонго нар нь Ховд аймгийн Нийтийн аж ахуй үйлчилгээний “Шим-Ус” орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газарт холбогдуулан “Шим-Ус” орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрын даргын 2016 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн Б/11дүгээр тушаалын  А.Соёлмаа, Б.Солонго нарт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, шүүх ажилтны ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг бодож, урьд эрхэлж байсан халуун усны кассын ажилд эгүүлэн тогтоолгох, нэхэмжлэгч тус бүрийн ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх нөхөн олговор гаргуулах тухай гомдлыг шүүхэд  гаргажээ.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэснийг хариуцагч эс зөвшөөрч давж заалдах журмаар гомдол гаргасан байна. Ховд аймгийн Нийтийн аж ахуй үйлчилгээний “Шим-Ус” орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрын даргын 2016 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн Б/11 дүгээр тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.2, 40 дүгээр зүйлийн 40.1.4 дэх заалтуудыг баримтлан А.Соёлмаа, Б.Солонго нарыг  ажлаас халжээ.

Ажил олгогч тушаалынхаа үндэслэлээ А.Соёлмаа, Б.Солонго нарыг сахилгын зөрчил давтан гаргасан, түрээслэгчээс өгсөн түрээсийн орлогоос буюу хөдөлмөрийн хөлсний доод түвшин 192000 төгрөгөөр цалинжуулсныг эсэргүүцсэн гэжээ.

 Хэргийн 44 дүгээр талд Нийтийн аж ахуй үйлчилгээний “Шим-Ус” орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газар нь Б.Солонготой 2015 оны 03 дугаар сарын 30-ны өдөр 68 дугаартай хөдөлмөрийн гэрээ байгуулжээ.

 Харин А.Соёлмаатай хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-т зааснаар Ажил олгогч нь хөдөлмөрийн гэрээг бичгээр байгуулж, гэрээний нэг хувийг ажилтанд өгөх үүрэгтэй ба нэг ажлын байранд хэд хэдэн ажилтан ажиллуулах тохиолдолд ажилтан тус бүртэй хөдөлмөрийн гэрээ байгуулахаар хуулиар зохицуулагджээ.

Үүнээс үзэхэд ажилтантай хөдөлмөрийн гэрээ байгуулах үүрэг хуулиар ажил олгогчид ногдсон байх бөгөөд энэ үүргээ ажил олгогч хэрэгжүүлээгүй явдалд ажилтан А.Соёлмаа буруугүй байна.

Ажил олгогч нь ажилтантай хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй боловч түүгээр ажил үүрэг гүйцэтгүүлсэн байх тул А.Соёлмаагийн эрх зүйн байдал нь хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж буй ажилтны нэгэн адил байна гэж үзнэ.

Дээрх тушаалын агуулга нь ажилтан нарт сахилгын шийтгэл оногдуулах үндэслэл нь сахилгын зөрчил давтан гаргасан гэж үзэхээр байна. Ажил олгогчийн гаргасан тушаалыг ажилтан нар эс зөвшөөрч шүүхэд гомдол гаргасан байна.

Энэ тохиолдолд ажил олгогч нь гаргасан тушаалынхаа үндэслэл болон хөдөлмөрийн хуульд нийцэж байгаа байдлын талаар шүүхэд нотлох баримтаар нотлох үүрэгтэй. Шүүх ажил олгогчийг энэ үүргээ биелүүлэх боломжоор хангасан байна. Хэрэгт авагдсан хөдөлмөрийн гэрээний 1.5-д зааснаар талууд сарын үндсэн цалинг хөдөлмөрийн хөлсний доод түвшин 192000 төгрөгөөр цалинжуулахыг тохиролцоогүй тул энэ талаар дүгнэлт хийх боломжгүй юм.

Харин ажил олгогч нь ажилтан нарыг сахилгын зөрчил давтан гаргасан талаар  тус бүрд нь байгууллагын захиргаанаас зөрчлийг хэрхэн шалгаж тогтоож баримтжуулсан, ажилтан нараас гаргасан зөрчлийн талаар тайлбар авсан, хэзээ ямар  хурал зөвлөгөөнөөр хэлэлцэж хэрхэн шийдвэрлэсэн талаар, хуульд заасан шаардлага хэлбэрийг хангасан бичгийн болон бусад нотлох баримтуудыг шүүхэд гаргаж ирүүлээгүй байна.

Ажил олгогч сахилгын давтан зөрчлийн улмаас А.Соёлмаа, Б.Солонго нарыг ажлаас халсан тушаалынхаа бодит байдалд нийцсэн үндэслэлийн талаар шүүхэд нотлох баримтаар нотолж чадаагүй талаар анхан шатны шүүх хууль зүйн үндэслэлтэй дүгнэлт хийжээ.

Шүүх хөдөлмөрийн эрх зүйн маргааныг шийдвэрлэхдээ хэрэгт цугларсан баримтуудыг хэрэгт хамааралтай ач холбогдолтой талаас үнэлж Хөдөлмөрийн тухай хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн боловч найруулга зүйн болон улсын тэмдэгтийн хураамжийг алдаатай тооцоолж гаргасан байх тул давж заалдах шатны шүүхээс дээрх алдааг зөвтгөж шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

 Хариуцагч нь давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 120634 төгрөг төлөх байжээ.

 Хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид  төлсөн 70200 төгрөгийг  төрийн сангийн дансанд хэвээр нь үлдээж, давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид дутуу төлсөн 50434 төгрөгийг хариуцагч Ховд аймгийн Нийтийн аж ахуй үйлчилгээний “Шим-Ус” орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газраар нөхөн төлүүлэн, төрийн   сангийн орлого болгохоор шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгож ТОГТООХ нь:

 

1. Ховд  аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн 153/ШШ2016/00186 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 2 дахь заалтыг “Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1.-т заасныг баримтлан хариуцагч Ховд аймгийн Нийтийн аж ахуй үйлчилгээний “Шим-Ус” орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газраас ажилгүй байсан хугацааны нөхөх олговорт 998394 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.Солонгод,  1219374 төгрөг гаргуулан нэхэмжлэгч А.Соёлмаад тус тус олгосугай.” гэж, 3 дахь заалтыг “Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5.-д зааснаар нэхэмжлэгч  Б.Солонго, А.Соёлмаа нар тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдаж, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1.-т заасныг баримтлан хариуцагч Ховд аймгийн Нийтийн аж ахуй үйлчилгээний “Шим-Ус” орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газраас 120634 (50434+70200) төгрөг гаргуулан төрийн сангийн орлого болгосугай.” гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр нь үлдээж, хариуцагчийн гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 58 дугаар зүйлийн 58.1, 60 дугаар зүйлийн 60.1.-т заасныг баримтлан хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр нь үлдээж, давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид дутуу төлсөн 50434 төгрөгийг хариуцагч Ховд аймгийн Нийтийн аж ахуй үйлчилгээний “Шим-Ус” орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газраас гаргуулан, төрийн сангийн дансанд оруулсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.1, 172.2.-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч давж заалдах шатны шүүхийн энэ магадлалд “шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй”, “хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн”, “хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн”, “төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн”, “шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн” зэрэг үндэслэлүүдээр, магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     М.НЯМБАЯР

ШҮҮГЧИД                                                       С.ӨМИРБЕК

                                                                        Н.ТУЯА