Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 02 сарын 28 өдөр

Дугаар 221/МА2019/0125

 

 

 

 

 

 

С.С-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Сайхантуяа даргалж, шүүгч Э.Зоригтбаатар, шүүгч Д.Баатархүү нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Өнө-Эрдэнэ, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Г, М.З нарыг оролцуулан, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 128/ШШ2018/0808 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлоор, С.С-ийн нэхэмжлэлтэй, Гадаадын иргэн, харьяатын газрын даргад холбогдох захиргааны хэргийг шүүгч Д.Баатархүүгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 128/ШШ2018/0808 дугаар шийдвэрээр: Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2, Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, 43 дугаар зүйлийн 43.1, 43.2, 43.3, 10 дугаар зүйлийн 100.1, 101 дүгээр зүйлийн 101.2, Төрийн албаны тухай 2002 оны хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1, 27 дугаар зүйлийн 27.2.4-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, С.С-д 2017 оны 08 дугаар сарын 04-ний өдрөөс эхлэн 2017 оны 12 дугаар сарын 19-ний өдрийг дуустал ажилгүй байсан хугацаан цалин хөлстэй тэнцэх олговор 2,036,068 (хоёр сая гучин зургаан мянга жаран найм) төгрөгийг олгож, уг хугацааны эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг Гадаадын иргэн, харьяатын газрын даргад даалгаж, нэхэмжлэлийн үлдэх “2017 оны 12 дугаар сарын 20-ны өдрөөс эхлэн шүүхийн шийдвэрийг гарах хүртэлх ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг гаргуулах, Гадаадын иргэн, харьяатын газрын даргын 2018 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн “С.С-д сахилгын шийтгэл ногдуулах тухай” Б/46 дугаар тушаал, 2017 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн “С.С-ийг мэргэжилтнээр томилох тухай” Б/401 дүгээр тушаалуудыг тус тус хүчингүй болгуулах” шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.М, нэхэмжлэгчийн төлөөлөгч М.Ц нар давж заалдах гомдолдоо: Анх нэхэмжлэгчийг хууль бусаар ажлаас чөлөөлөгдсөн маргааныг тус шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн 128/ШШ2018/0808 дугаар шийдвэрээр Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2-т заасан баталгаагаар хангаж, урьд эрхэлж байсан албан тушаалын цалин хөлсийг бууруулахгүйгээр мэргэжил, мэргэшлийн дагуу өөр ажил, албан тушаалд шилжүүлэн томилохыг даалгасан байдаг.

Уг шүүхийн шийдвэрийн дагуу Гадаадын иргэн, харьяатын газрын даргын 2017 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн Б/401 дүгээр тушаалаар С.С-ийг 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдрөөс Баруун бүс дэх газрын Говь-Алтай аймаг дахь хэлтсийн Баянхонгор аймаг дахь мэргэжилтний албан тушаалд томилсон.

Энэхүү Б/401 дүгээр захиргааны акт нь шүүхийн шийдвэрийг биелүүлэх зорилгодоо нийцсэн эсэхэд үнэлэлт, дүгнэлт өгч хэргийг шийдвэрлээгүйгээс шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болоогүй байна.

1. “Сул орон тоо байсан” буюу шүүхийн шийдвэрийг бүрэн биелүүлэх боломжтой байсан нь шүүхэд цугларсан баримтаар тогтоогдсон. Шүүх 2017 онд анх хэргийг шийдвэрлэхдээ төрийн байгууллагын чиг үүрэг өөрчлөгдөх үед С.С-ийг ажиллаж байсан албан тушаалын ижил сул орон тоо байгаа буюу төрийн жинхэнэ албан хаагчийн баталгаагаар хангах боломжтой гэж үзэж шийдвэр гаргасан байдаг.

Гэтэл хариуцагчийн Б/401 дүгээр тушаал гаргасан үндэслэлээ “...Улаанбаатар хотод С.С-ийн ажиллаж байсан албан тушаалын ангилал, зэрэглэлтэй ижил албан тушаалын орон тоо байхгүй учраас орон нутагт томилсон...” гэж маргасан тул шүүх хэргийн нөхцөл байдал буюу “сул орон тоо байсан” эсэхийг тогтоохоор, нотлох баримтуудыг цуглуулж, хариуцагчийн холбогдох бичиг баримтад үзлэг хийсэн байдаг.

Ийнхүү хэрэгт авагдсан нотлох баримтуудын хүрээнд “сул орон тоо байсан” эсэх нь хангалттай тогтоогдож байх бөгөөд С.С-ийн анхны нэхэмжлэл шүүхээр хянан шийдвэрлэгдэх хугацаанд (2017.02.01-2017.08.04), мөн шүүхийн шийдвэр гарснаас Б/401, Б/46 дугаар тушаалууд гарах хүртэлх хугацаанд (2017.08.04- 2018.02.09), дээрх тушаал гарснаас хойших хугацаанд (2018.02.09- хойших) тус тус Улаанбаатар хотод маш олон хүмүүсийг С.С-тэй ижил ТЗ-6 албан тушаалд томилсоор байсан баримтууд хэрэгт цугларсан байдаг. Гэтэл анхан шатны шүүх Улаанбаатар хотод “сул орон тоо” гарсан нь тогтоогдохгүй байна гэж үндэслэлгүйгээр эсрэг дүгнэлтийг гаргаж, хэргийг шийдвэрлэжээ.

2. Орон нутагт өөртэй нь тохиролцохгүйгээр томилсон тухайд С.С-ийн “Ар гэрийн гачигдлыг харгалзан алс баруун хязгаарт биш, Улаанбаатар хотын бүсэд ажиллуулахыг хүссэн" өргөдлийг 2017 оны 12 дугаар сарын 05-ны өдөр Гадаадын иргэн, харьяатын газрын даргад хандаж гаргасныг зохих журмын дагуу шийдвэрлээгүй байдаг. Хариуцагч шүүхийн шийдвэрийн дагуу хэдийгээр ТЗ-6 ангиллын орон тоонд томилсон гэх боловч Улаанбаатар хотод ажиллаж амьдарч байсан төрийн жинхэнэ албан хаагчийн нэмэгдэл баталгааг хангахдаа өөртэй нь тохиролцохгүйгээр орон нутагт шилжүүлэн томилсон нь түр буюу байнга оршин суух газраа сонгох, ажил мэргэжлээ чөлөөтэй сонгох иргэний үндсэн эрхийг хөндсөн байна.

3. Цалинтай тэнцэх олговрыг зохих журмын дагуу тооцоогүй тухайд анхан шатны шүүхийн шийдвэрт С.С-д 2017 оны 08 дугаар сарын 04-ний өдрөөс 2017 оны 12 дугаар сарын 19-ний өдөр дуусах хүртэлх хугацаанд ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор 2,036,068 төгрөгийг олгохоор шийдвэрлэсэн байгаа явдал нь дундаж цалинтай тэнцэх олговрыг нэг сарын 470 000 мянган төгрөгөөр ойролцоогоор тооцсон байх тул зохих журмын дагуу тооцож чадаагүй гэж үзэж байна.

Учир нь хэрэгт цугларсан С.С-ийн нийгмийн даатгалын дэвтэр, цалингийн картаас Монгол Улсын Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 55 дугаар тушаалаар батлагдсан журмын 7 дугаар зүйлийн а-д заасны дагуу тооцоход нэхэмжлэгч нь сард 785 086 төгрөгийн дундаж цалин хөлс авсан болох нь баримтаар тогтоогддог билээ. Энэхүү дундаж цалин хөлснөөс нэхэмжилж буй хугацааны сар, хоногоор тооцож, нийт ажилгүй хугацааны цалинтай тэнцэх олговрын хэмжээг тогтоох нь үндэслэлтэй билээ.

Иймд Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 128/ШШ2018/0808 дугаар шийдвэр хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг ханган шийдвэрлэж өгнө үү.

ХЯНАВАЛ:

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт заасны дагуу нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын дагуу анхан шатны шүүхийн шийдвэрийг хянаад шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгч С.С-ээс “Гадаадын иргэн, харьяатын газрын даргын 2018 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн Б/46 дугаар тушаал, 2017 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн Б/401 дүгээр тушаалыг тус тус хүчингүй болгуулах, ажилгүй байсан 2017 оны 08 дугаар сарын 04-ний өдрөөс энэхүү хэргийн шүүхийн шийдвэр гарах хүртэлх хугацаанд ногдох цалинтай тэнцэх олговрыг хариуцагчаас гаргуулан нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгах” шаардлага бүхий нэхэмжлэл гаргажээ.

Тэрээр нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “... 2017 оны 02 дугаар сарын 01-ний өдөр Хилийн тухай хууль үйлчилж эхэлсэн үндэслэлээр н/02 дугаар тушаалаар ажлаас хууль бусаар чөлөөлсөн. Улмаар Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр, давж заалдах шатны шүүхийн магадлалаар урьд эрхэлж байсан албан тушаалын цалин хөлсийг бууруулахгүйгээр мэргэжил, мэргэшлийн дагуу өөр ажил албан тушаалд шилжүүлэн томилохыг Гадаадын иргэн, харьяатын газрын даргад даалгаж шийдвэрлэсэн. Гадаадын иргэн, харьяатын газрын дарга нь шүүхийн шийдвэрийг бүрэн гүйцэт биелүүлэхгүй өнөөдрийг хүрсэн. ... Улаанбаатар хотод сул орон тоо байсаар байтал алс хол аймагт томилсон” хэмээн тайлбарлан маргасан байна.

Маргаан бүхий 2017 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн Б/401 дүгээр тушаалаар нэхэмжлэгч С.С-ийг 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдрөөс Баруун бүс дэх газрын Говь-Алтай аймаг дахь хэлтсийн Баянхонгор аймаг дахь мэргэжилтнээр томилж, 2018 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн Б/46 дугаар тушаалаар хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажил тасалсан үндэслэлээр 2018 оны 02 дугаар сарын 12-ны өдрөөс тасалбар болгож, төрийн албанд 1 жилийн хугацаанд эргэж орох эрхгүйгээр халах сахилгын шийтгэл ногдуулжээ.

Нэхэмжлэгч С.С-ийг 2017 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн Б/401 дүгээр тушаалаар 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдрөөс Баруун бүс дэх газрын Говь-Алтай аймаг дахь хэлтсийн Баянхонгор аймаг дахь мэргэжилтнээр томилох тухайн цаг хугацаанд Улаанбаатар хотод сул орон тоо байсан гэдэг нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдохгүй байх ба энэ талаарх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “...Тухайн үед Буянт-Ухаа дахь салбарт сул орон тоо байгаагүй” гэх тайлбар үндэслэлтэй байна.

Тодруулбал, нэхэмжлэгчээс шүүх хуралдаан дээр “...Э.Б-ийг 2017 оны 12 дугаар сарын 06-ны өдөр, О.Э-ыг 2017 оны 10 дугаар сарын 02-ны өдөр ТЗ-6 ангилалд авсан...” гэж тайлбарлан маргасан хэдий ч тухайн цаг хугацаанд томилогдсон гэх Э.Б-ийг 2017 оны 02 дугаар сарын 01-ний өдөр Виз зөвшөөрлийн газарт гэрээт ажилтнаар түр авч, 2017 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр гэрээг нь 3 сараар сунгаж, 2017 оны 12 дугаар сарын 06-ны өдөр Виз зөвшөөрлийн мэргэжилтнээр томилсон байна. О.Э-ыг 2017 оны 09 дүгээр сарын 29-ний өдрөөс Виз зөвшөөрлийн газарт мэргэжилтнээр шилжүүлэн томилсон байх бөгөөд нэхэмжлэгч С.С-ийг урьд эрхэлж байсан албан тушаалын цалин хөлсийг бууруулахгүйгээр мэргэжил, мэргэшлийн дагуу өөр ажил, албан тушаалд шилүүлэн томилохыг даалгасан хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр гарахаас өмнө болсон үйл баримт байх тул С.С-ийг Улаанбаатар хотод сул орон тоо байсаар байтал алс хол аймагт томилсон гэж үзэхээргүй байна.

Тиймээс хариуцагч Гадаадын иргэн, харьяатын газраас хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийг биелүүлж нэхэмжлэгч С.С-ийг урьд эрхэлж байсан албан тушаалын цалин хөлсийг бууруулахгүйгээр мэргэжил, мэргэшлийн дагуу өөр ажил албан тушаалд буюу Баруун бүс дэх газрын Говь-Алтай аймаг дахь хэлтсийн Баянхонгор аймаг дахь мэргэжилтнээр томилсныг буруутгах боломжгүй бөгөөд энэ талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байна.

Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 55 дугаар тушаалын хавсралтаар батлагдсан “Дундаж цалин хөлс тодорхойлох журам”-ын 7 дугаар зүйлийн 7.а-д “Хөдөлмөрийн тухай хуульд заасны дагуу ажилтанд сул зогсолтын үеийн, ажил хүлээлцэх хугацааны, ажил, албан тушаал нь хэвээр хадгалагдаж байгаа үеийн, буруу халсан буюу шилжүүлсэн үеийн зөрүү, олговор олгох, нийтээр амрах баярын өдөр ажилласны нэмэгдэл хөлс олгох, ажлын цагийг богиносгох, ажилтны хүсэлтээр ажилтанд тэтгэмжтэй чөлөө олгох, цалин хөлсний тодорхойлолт гаргах, ажилтанд ажлаас халагдсаны болон Хөдөлмөрийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.2-т заасны дагуу тэтгэмж олгох, ажилтанд эд хөрөнгийн хязгаарлагдмал хариуцлага хүлээлгэх, хохирлыг нөхөн төлүүлэхтэй холбогдуулан дундаж цалин хөлсийг тодорхойлохдоо тухайн ажилтны сүүлийн 3 сарын дундаж цалин хөлсөөр” гэж заасны дагуу нэхэмжлэгч С.С-ийн сүүлийн 3 сарын цалин хөлснөөс ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговрыг тооцон олгох ёстой байтал анхан шатны шүүх өмнөх шүүхийн шийдвэрийн дагуу нөхөн бичилт хийсэн дүнгээс тооцсон нь буруу юм.  

Зүй нь нэхэмжлэгчийн нийгмийн даатгалын дэвтэрт бичигдсэн[1] нэхэмжлэгчийн сүүлийн 3 сарын дундаж цалин /914 038+796 662+644 559=2 355 259/-аар тогтоож, нэг сарын дундаж цалин хөлсийг 785 086 төгрөг, үүнийг сарын ажлын өдрийн дундаж тоонд хувааж, /785 086:21.2=37032/ нэг өдрийн дундаж цалин хөлсийг тооцож, ажиллаагүй хугацаа болох 2018 оны 08 дугаар сарын 04-ний өдрөөс 2017 оны 12 дугаар сарын 19-ний өдрийг хүртэлх нийт 98 хоногийн 3 629 136 төгрөгийг тооцон олгох байжээ.

Иймд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “дундаж цалинтай тэнцэх олговрыг зохих журмын дагуу тооцож чадаагүй” гэх гомдол нь үндэслэлтэй байх тул шийдвэрийн тогтоох хэсэгт өөрчлөлт оруулж шийдвэрлэв.  

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.3 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 128/ШШ2018/0808 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтад “...ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор 2,036,068 (хоёр сая гучин зургаан мянга жаран найм)” гэснийг “...ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор 3 695 824 (гурван сая зургаан зуун ерэн таван мянга найман зуун хорин дөрөв)” гэж өөрчилж, бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангасугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг буцаан олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

  ШҮҮГЧ                                                                       Ц.САЙХАНТУЯА

      ШҮҮГЧ                                                                       Э.ЗОРИГТБААТАР

ШҮҮГЧ                                                                       Д.БААТАРХҮҮ

 

 

 

 

 

 

 


[1] 1 дүгээр хавтаст хэрэг, 31 дүгээр тал