Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2017 оны 05 сарын 31 өдөр

Дугаар 001/ХТ2017/00703

 

В.Наранбатын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Ц.Амарсайхан, П.Золзаяа, Г.Цагаанцоож, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 102/ШШ2016/06119 дүгээр шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2017 оны 3 дугаар сарын 06-ны өдрийн 630 дугаар магадлалтай,

В.Наранбатын нэхэмжлэлтэй,

“Булган цэнгэл” ХХК, А.Идэрзориг, Р.Цэцэгмаа нарт холбогдох,

Ажлын хөлс 48.945.600 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагч А.Идэрзориг, Р.Цэцэгмаа нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Түвшинтөгсийн гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Г.Цагаанцоож илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч В.Наранбат, хариуцагч “Булган  цэнгэл” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Мөнгөнзаяа, өмгөөлөгч Л.Даваасүрэн, хариуцагч А.Идэрзориг, Р.Цэцэгмаа нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Түвшинтөгс, нарийн бичгийн дарга Ш.Мөнхжаргал нар оролцов.

Нэхэмжлэгч В.Наранбат шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие А.Идэрзориг, Р.Цэцэгмаа нартай амаар хийсэн хэлцлийн дагуу Баянгол дүүргийн 8 дугаар хороо П.Ганбат, Х.Батбаяр нарын захиалгаар баригдсан “Кореа Таун” орон сууцны 2 барилгын гадна фасадны зарим ажлууд болох шавар эмульс, гурунт, шагари зэрэг ажлыг хийж гүйцэтгэж хүлээлгэн өгсөн. Анх “Кореа Таун” орон сууцны 2 барилгын гадна фасадны ажлыг миний таньдаг хүн надад хийх талаар санал болгосон бөгөөд миний хувьд дангаар хийхэд цаг хугацаа их орох байсан учир А.Идэрзориг, Р.Цэцэгмаа нартай тохиролцоод эдгээр хүмүүсийн туслан гүйцэтгэгчээр би ажиллахаар болж, захиалагч П.Ганбат, Х.Батбаяр нартай “Булган Цэнгэл” ХХК-ийн нэрээр А.Идэрзориг, Р.Цэцэгмаа нар хийх ажлын бүх гэрээг байгуулсан юм. Би ажлыг 2012 оны 8 дугаар сарын 16-ны өдрөөс эхэлж, 2013 оны 7 дугаар сард хийж гүйцэтгэж дуусгасан. Миний хийж гүйцэтгэсэн ажил бол“Кореа Таун” орон сууцны 2 барилгын 2-14 давхрын 5115 м.кв талбайн шаврын ажлыг 1м.кв 5.000 төгрөгөөр буюу нийт 25.575.000 төгрөгөөр, мөн 2-14 давхрын 5225 м.кв-ыг талбайн эмульсийн ажлыг 1 м.кв-ыг 4000 төгрөгөөр буюу 20.900.000 төгрөгөөр, гурунтын ажил буюу хана бэхжүүлэх, хөрсжүүлэх нийт 5982 м.кв ажлыг 4.785.600 төгрөгөөр, гадна фасадны шагьрийн 5982 м.кв ажлыг 4.187.000 төгрөгөөр, дахин 1 давхрын болон техникийн давхрын шавар, эмульсийн ажлыг хийж гүйцэтгэсэн. Дээрх ажлын хөлсөнд нийт 75.115.600 төгрөгийг А.Идэрзориг, Р.Цэцэгмаа нар надад төлөхөөс 26.170.000 төгрөгийг төлсөн юм. Ажлын үлдэгдэл төлбөрийг шаардахаар захиалагч нараас мөнгөө аваагүй байгаа, санхүүжилт өгөөгүй гэх зэргээр тайлбар тавьж хойшлуулсаар өдийг хүргэсэн боловч бодит байдал дээр А.Идэрзориг, Р.Цэцэгмаа нар нь ажлын хөлсийг бэлэн мөнгөөр болон “Кореа Таун” орон сууцнаас 2 өрөө байр аваад, надад төлөх ажлын хөлсөө төлөхгүй хохироосон. 2014 оны 9 дүгээр сард тэдэнтэй хийсэн ажлын тоо, хэмжээ, өгөх, авах ажлын хөлсний талаар тооцоо нийлж баримт үйлдсэн бөгөөд уг тооцоогоор ажлын хөлсний үлдэгдэл 48.945.600 төгрөг байгаа, үүнээс 2014 оны 9 дүгээр сарын 22-ны өдрөөс 10 дугаар сарын 22-ны хооронд 10.000.000 төгрөгийг төлөхөөр тохирч Р.Цэцэгмаа гарын үсэг зурсан боловч амлалтаа биелүүлж, мөнгөө төлөөгүй. А.Идэрзориг, Р.Цэцэгмаа нарын амлалт, үйлдэл нь залилах байдалтай болсон учир би арга буюу Цагдаагийн байгууллагад хандаж, гомдол гаргасан боловч иргэний шүүхэд хандаж шийдвэрлүүлэх боломжтой гээд миний гомдлыг хүлээн авахаас татгалзсан хариу өгсөн. Би ажил гүйцэтгэх гэрээний үүргээ биелүүлсэн тул хариуцагч А.Идэрзориг, Р.Цэцэгмаа, “Булган Цэнгэл” ХХК-иас ажлын хөлсний үлдэгдэл 48.945.600 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Р.Цэцэгмаа, А.Идэрзориг нар шүүхэд гаргасан тайлбартаа: 2012 оны 8 дугаар сарын эхээр захиалагч П.Ганбат, Х.Батбаяр нартай уулзаж “Кореа Таун” орон сууцны 2 дугаар барилгын гадна фасадны ажлыг хийхээр тохиролцож, 2012 оны 8 сарын 16-ны өдөр албан ёсоор гэрээ байгуулснаар барилгын үйл ажиллагаа эхэлсэн. Үүний дараа 2012 оны 8 дугаар сарын 27-нд В.Наранбаттай Ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, хийх ажлыг 1 м.кв талбайн нийт төлбөрийг 8000 төгрөг байхаар тохиролцсон. Гэтэл нэхэмжлэгч В.Наранбат нь ажлуудыг задаргаа, тус тусад нь үнэ тохиролцсон мэтээр, мөн гэрээ хийгээгүй мэтээр худлаа зүйл бичиж үндэслэлгүй их хэмжээний мөнгө нэхэмжилсэн байна. В.Наранбат нэхэмжлэлдээ 75,115,600 төгрөгийн ажил хийсэн юм шиг бичсэн байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь анх гэрээнд зааснаар 1 м.кв талбайн төлбөрийг 8000 төгрөг байхаар тохиролцсон байхад нэхэмжлэлдээ 1 м.кв талбайн төлбөрийг 9000 төгрөгөөр бодож, мөн бусдын хийсэн ажлыг өөрийн хийсэн ажил мэтээр тайлбарлан бичсэн нь үндэслэлгүй юм. Р.Цэцэгмаа, А.Идэрзориг нар нь В.Наранбаттай төлбөр тооцооны асуудалгүй байхад их хэмжээний мөнгө нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

Хариуцагч “Булган Цэнгэл” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Мөнгөнзаяа шүүхэд гаргасан тайлбартаа:Энэ хэргийн хариуцагч А.Идэрзориг, Р.Цэцэгмаа нар манай компанийн нэрээр В.Наранбаттай барилгын ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, хувь хүмүүс хоорондоо харилцан тохиролцож, ажил гүйцэтгэсний хариуцлагыг “Булган Цэнгэл” ХХК-д тохож байгааг хүлээн зөвшөөрөхгүй. Учир нь дээрх хувь хүмүүс болон А.Идэрзориг, Р.Цэцэгмаа, В.Наранбат нарын хоорондын хийсэн ажлын талаар асуудалд манай компани ямар ч оролцоогүй тул В.Наранбатын нэхэмжилсэн 48,945,600 төгрөгийг манай компани төлөх үндэсгүй. Дээрх байдлыг ч А.Идэрзориг, Р.Цэцэгмаа, В.Наранбат нар өөрсдөө сайн мэдэж байгаа. Манай компанийг хариуцагчаар татах үндэслэлгүй болно. “Кореа Таун” ХХК-иас энэ хүмүүсийн хийсэн ажлын хөлс гэж нэг ч төгрөг манай компанид орж ирээгүй. Энэ нь манай компанийн дансны хуулгаар нотлогдох болно. Иймд нэхэмжлэгч В.Наранбатын гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, манай компанийг хариуцагчаас чөлөөлж өгнө үү гэжээ.

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 102/ШШ2016/06119 дүгээр шийдвэрээр:Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч РЮ77112515 регистртэй Хонин Онход овогт Аюурзанын Идэрзориг, ЧД84101662 регистртэй Онги овогт Раднаагийн Цэцэгмаа нараас 13,355,000 /арван гурван сая гурван зуун тавин таван мянган/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч В.Наранбатад олгож, нэхэмжлэлийн шаардлагын үлдэх 33,385,600 төгрөгийн болон хариуцагч “Булган Цэнгэл” ХХК-д холбогдох шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 402,680 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч А.Идэрзориг, Р.Цэцэгмаа нараас 224,725 төгрөг гаргуулан нэхэмжлэгч В.Наранбатад олгож шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 3 дугаар сарын 06-ны өдрийн 630 дугаар магадлалаар:Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 102/ШШ2016/06119 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, зохигчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагч А.Идэрзориг, Р.Цэцэгмаа нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Түвшинтөгсийн төлсөн 225.000 төгрөг, нэхэмжлэгч В.Наранбатын 324.878 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж  шийдвэрлэжээ.

Хариуцагч А.Идэрзориг, Р.Цэцэгмаа нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Түвшинтөгс хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 03 сарын 06-ны өдрийн 630 дугаар магадлалыг эс зөвшөөрч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1-т заасныг удирдлага болгон хяналтын журмаар гомдол гаргаж байна.

Хэргийн материалын 183-191 дэх талд “Булган Цэнгэл” ХХК-ийн 5009353609 тоот дугаартай депозит дансны дэлгэрэнгүй хуулга, “Булган Цэнгэл” ХХК-ийн хариу тайлбар авагдсан байхад 183-191 дүгээр талд авагдсан нотлох баримтуудад хүлээн авагчийн гарын үсэггүй нэг талын баримтууд олон удаа авагдсан байна хэмээн дүгнэн үзэж байгаа нь үндэслэлгүй юм. Мөн түүнчлэн нэхэмжлэгч В.Наранбат нь тус шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ А.Идэрзориг, Р.Цэцэгмаа нар надад 26.170.000 төгрөгийг төлсөн. Мөн шүүх хуралдаанд гаргасан тайлбар мэдүүлэгтээ ажлын хөлсөнд 26.170.000 төгрөгийг авснаас хойш дахин 3.624.900 төгрөгийг авсан боловч үүнээс 70.000 төгрөг нь ажлын хөлс бус бараа материалын үнэ байсан болохыг мэдүүлсэн. Нэхэмжлэгч В.Наранбат хариуцагч А.Идэрзориг, Р.Цэцэгмаа нараас ажлын хөлсөнд 29.724.900 төгрөг хүлээн авсан болохоо хүлээн зөвшөөрч байхад Давж заалдах шатны шүүхээс талуудын хоорондын тооцоог бүрэн нотлох боломжгүй хэмээн дүгнэн үзэж хэргийг шийдвэрлэсэнд гомдолтой байна.

Анхан болон давж заалдах шатны шүүх нэхэмжлэгч В.Наранбат нь 13.355.00 төгрөгийн авлагатай гэсэн дүгнэлтийг хийж хэргийг шийдвэрлэсэн явдалд гомдолтой байна. Учир нь нэхэмжлэгч В.Наранбатын хийсэн ажлын үр дүн тогтоогдохгүй байхад В.Наранбат нь 13.355.000 төгрөгийн авлагатай гэсэн дүгнэлтийг хийж байгаа нь үндэслэлгүй байна. Иргэний хуулийн 346 дугаар зүйлийн 346.1-т зааснаар ажил гүйцэтгэгч нь эхлээд үүргээ гүйцэтгэх ёстой гэсэн үг. Хуульд зааснаар ажлын хөлсийг шаардахын тулд зарчмын хувьд эхлээд ажлыг бүрэн гүйцэтгэсэн ба хүлээлгэн өгсөн байх ёстой юм.

В.Наранбат нь хэргийн материалын 154-156 дахь талд авагдсан 2012 оны 08 сарын 27-ны өдрийн ажил гүйцэтгэх гэрээнд заасны дагуу 5225 м.кв тортой шавар татах ажлыг бүрэн хийгээгүй, хүлээлгэж өгөөгүй бөгөөд В.Наранбат нь 2012 оны 08 сарын 27-ны өдрийн ажил гүйцэтгэх гэрээний 1.4-т заасан хугацаанд дээрх ажлыг хүлээлгэж өгөх байсан боловч хугацаандаа амжаагүй, хүйтний улирал эхэлсэнтэй холбогдуулан В.Наранбатын хийх ёстой байсан 5225 м.кв тортой шавар, татах ажлыг Баттулга, Чинбаяр, Батжаргал, Баяртогтох нарын бригад хийсэн. Тухайлбал Баттулгын бригад 699.9 м.кв тортой шавар татах ажлыг 1 м.кв-ийг 8.000 төгрөгөөр хийж гүйцэтгэж 5.599.200 төгрөгийг Идэрзориг Цэцэгмаа нараас хүлээн авсан байдаг (Хэргийн материалын 104-106 дахь талд Ажил гүйцэтгэх гэрээ, 107-114 цалин хөлс өгсөн баримт, 115 ажил хүлээлцсэн акт, 116баталгаа), Чинбаярын бригад 147.5 м.кв тортой шавар татах ажлыг 1 м.кв-ийг нь 7.000 төгрөгөөр хийж гүйцэтгэж 1.032.500 төгрөгийг Идэрзориг Цэцэгмаа нараас хүлээн авсан (Хэргийн материалын 128-129Ажил гүйцэтгэх гэрээ, 130цалин хөлс өгсөн баримт 140-141ажил хүлээлцсэн акт), Баяртогтохын бригад 480.3 м.кв тортой шавар татах ажлыг хийж 480.3*7000=3.362.100 төгрөгийг хүлээн авсан (Хэргийн материалын 117-118Ажил гүйцэтгэх гэрээ, 120-126цалин хөлс өгсөн баримт), Батжаргалын бригад 402.17 м.кв тортой шавар татах ажлыг хийж 402.17*5000= 2.0X0.850 төгрөгийг ажлын хөлсөнд хүлээн авсан (Хэргийн материалын 177-179 Ажил гүйцэтгэх гэрээ 142-146цалин хөлс өгсөн баримт, 182ажил хүлээлцсэн акт). Дээрх бригадууд В.Наранбатын хийх ёстой байсан 5225 м.кв тортой шавар татах ажлаас 1.729, 87 м.кв тортой шавар татах ажлыг гүйцэтгэж нийт 12.004.650 төгрөгийг Идэрзоригоос хүлээн авсан байхад В.Наранбатын 5225 м.кв шавар татах ажлыг хүлээн авч талууд маргаагүй байна хэмээн үзэж хэргийн материалд авагдсан дээрх нотлох баримтуудыг үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлэхгүй орхиж хариуцагч Идэрзориг, Цэцэгмаа нарын эрх хууль ёсны ашиг сонирхлыг хохироож байгаад гомдолтой байна.

Иймд Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 03 сарын 06-ны өдрийн 630 дугаар магадлалыг бүхэлд нь хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ

Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангажээ.

Ажлын хөлсний үлдэгдэл 48.945.600 төгрөг гаргуулахаар шаардсан нэхэмжлэгч В.Наранбатын нэхэмжлэлийг эс зөвшөөрөхдөө хариуцагч “Булган цэнгэл” ХХК нь нэхэмжлэгчтэй гэрээ байгуулаагүй гэж, хариуцагч А.Идэрзориг, Р.Цэцэгмаа нар ажлын хөлсийг бүрэн төлсөн гэсэн тайлбарыг тус тус гаргаж, маргажээ.

Нэхэмжлэгч В.Наранбат нь Кореа таун орон сууцны барилгын гадна фасадын шавар, эмульсийн ажлыг хийж гүйцэтгэх, хариуцагч А.Идэрзориг, Р.Цэцэгмаа нар нь 1 м.кв талбайн хөлсийг 8000 төгрөгөөр тооцож төлөхөөр харилцан тохиролцож гэрээ байгуулсан нь Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д заасан шаардлагад нийцсэн ба зохигчид гүйцэтгэсэн  ажлын хэмжээ, төлөх хөлсний талаар маргажээ.

Ажил гүйцэтгэх гэрээний ажлын үр дүнг хүлээн авсан захиалагч гүйцэтгэсэн ажлын хөлсийг төлөх үүрэгтэй бөгөөд дээрх гэрээний дагуу нэхэмжлэгч 5225 м.кв талбайн шавар, эмульсийн ажил хийснийг хариуцагч хүлээн зөвшөөрсөн байх ба ажлын хөлсөнд 28.445.000 төгрөг төлсөн нь хэргийн баримтаар тогтоогджээ.   

Шүүх, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хэрэгт авагдсан баримтад тулгуурлан нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, хариуцагч А.Идэрзориг, Р.Цэцэгмаа нараас 13.355.000 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 344 дүгээр зүйлийн 344.1, 346 дугаар зүйлийн 346.1, 351 дүгээр зүйлийн 351.1.1-т заасан шаардлагад нийцсэн байна.

Нэхэмжлэгч нь “Булган цэнгэл” ХХК-тай ажил гүйцэтгэх гэрээ байгуулаагүй, үүрэг үүсээгүй тул хоёр шатны шүүх тус компанид холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгосон нь Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д заасныг зөрчөөгүй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2-т заасан үндэслэл тогтоогдоогүй тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж, шийдвэр, магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 102/ШШ2016/06119 дүгээр шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 3 дугаар сарын 06-ны өдрийн 630 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Түвшинтөгсийн гомдлыг хангахгүй орхисугай.

2.Хариуцагч хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2017 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр төлсөн  225.000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                 Х.СОНИНБАЯР

 ШҮҮГЧ                                                            Г.ЦАГААНЦООЖ