Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 02 сарын 15 өдөр

Дугаар 210/МА2023/00387

 

 

 

 

 

2023 оны 02 сарын 15 өдөр

Дугаар 210/МА2023/00387

 

 

********* /*********/-ийн

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Бадрах даргалж, шүүгч Г.Даваадорж, Ш.Оюунханд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 181/ШШ2022/02705 дугаар шийдвэртэй,

********* /*********/-ийн нэхэмжлэлтэй ********, ********* нарт холбогдох,

Зээлийн гэрээний үүрэгт 437,846,290 төгрөг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлтэй, газар эзэмших эрхийг барьцаанаас чөлөөлөхийг даалгах тухай хариуцагч ********гийн сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг

хариуцагч *********ын гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Ш.Оюунханд илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ********, хариуцагч *********, хариуцагч ********гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ********, тэдгээрийн өмгөөлөгч Н.Батбаатар, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Бишрэлт нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, түүний үндэслэлийн агуулга: 2020 оны 03 дугаар сарын 31-ний өдөр зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд зээлийн төлбөр 200,000,000 төгрөг, хүү 52,574,556.97 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1,505,107,91 төгрөг нийт 254,079,664,88 төгрөгийг хариуцагч ********гээс гаргуулж, хариуцагч нь зээлийн төлбөрийг төлж барагдуулаагүй тохиолдолд барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

Мөн 2020 оны 03 дугаар сарын 31-ний өдрөөс 2022 оны 06 дугаар сарын 02-ны өдөр хүртэлх хугацааны зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд зээл 200,000,000 төгрөг, хүү 198,205,241.67 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 39,641,048.33 төгрөг буюу нийт 437,846,290.00 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага нэмэгдүүлж байна.

Хариуцагч ******** нь 2019 оны 05 дугаар сарын 23-ны өдөр №1032130101000048 тоот зээлийн гэрээ, №1032130101000048-1 дугаартай барьцааны гэрээ байгуулсан боловч үүнээс хүүгийн төлбөрт 2019 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр 5,000,000 төгрөгийг төлсөн ба үүнээс хойш ямар ч зээлийн төлөлт хийхгүйгээр манай байгууллагыг хохироож байна. Өөрөөр хэлбэл хариуцагч нь зээл авснаас хойш үндсэн зээл болон хэтэрсэн хугацааны зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг төлөөгүй гэрээний үүргээ сайн дураар биелүүлээгүй болно.

Талуудын байгуулсан №1032130101000048 тоот зээлийн гэрээний 2 дугаар зүйлийн 2.1.4-т зээлийн хүү сарын 2,8 хувь, 2.1.6-д зээлийн хүүгийн 20 хувь нэмэгдүүлсэн хүү байхаар харилцан тохиролцож гэрээг бичгээр байгуулсан байна. Мөн гэрээний 2 дугаар зүйлийн 2.4.4-т Зээлдэгч зээлийн гэрээний хугацаанд багтаан зээлээ бүрэн төлөөгүй бол зээлийн гэрээний үүргээ биелүүлж дуусах хүртэл хугацаанд зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг төлнө гэж заасан.

Хариуцагч ******** нь гэрээнд заасан хугацаанд зээлээ бүрэн төлж барагдуулаагүй, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй. Иймд 2020 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг 2022 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн байдлаар ихэсгэж зээл 200,000,000 төгрөг, хүү 198,205,241.67 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 39,641,048.33 төгрөг буюу нийт 437,846,290 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулна гэжээ.

 

2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга: ******** нь Домог-Инвест ББСБ" ХХК-тай 2019 оны 05 дугаар сарын 23-ны өдөр 1032130101000048 тоот зээлийн гэрээ байгуулж, 200,000,000 төгрөгийг 24 сарын хугацаатай сарын 2,8 хувийн хүүтэйгээр, хэрэглээний зээлийн зориулалтаар авахаар харилцан тохиролцсон бөгөөд зээл нь ********гийн Хаан банкны дансанд 2019 оны 05 дугаар сарын 25-ны өдөр шилжиж орж ирсэн,маргахгүй. Зээлдүүлэгчид 5,000,000 төгрөг шилжүүлсэн үүнээс өөр төлбөр төлөөгүй.

Нэхэмжлэгч нь 2020 оны 03 дугаар сарын 31-ний өдөр Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд ********тэй байгуулсан зээлийн гэрээг цуцалж, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд зээл 200,000,000 төгрөг, хүүд 52,574,556.97 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 1,505,107.91 төгрөг, нийт 254,079,664.88 төгрөгийг гаргуулах, хариуцагч зээлийн төлбөрийг төлж барагдуулаагүй тохиолдолд барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэл гаргасан. Энэхүү нэхэмжлэлийг гаргаснаас хойш нэхэмжлэлийн шаардлагаа хэд хэд нэмэгдүүлж, хамгийн сүүлд 2022 оны 06 дугаар сарын 02-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж, үндсэн зээлд 200,000,000 төгрөг. хүүд 198,205,241 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 39,641,048.33 төгрөг буюу нийт 437,846,290 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа 183,766,626 төгрөгөөр нэмэгдүүлсэн байдаг.

Дээр дурдсанчлан талууд зээлийн гэрээ байгуулахдаа 24 сарын хугацаатай байгуулсан боловч нэхэмжлэгч нь 2020 оны 03 дугаар сарын 31-ний өдөр буюу гэрээ байгуулагдсанаас хойш 10 сар гаруй хугацааны дараа талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээг цуцалж, зээлийн гэрээний дагуу тухайн үед бодогдсон хүү, нэмэгдүүлсэн хүүг үндсэн зээл дээр нэмж шаардсан. Нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагаас үндсэн зээл 200,000,000 төгрөг, зээлийн хүүд 52,574,556.97 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 1,505,107.91 төгрөг, нийт 254,079,664.88 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна.

Харин нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагаас ихэсгэсэн шаардлага болох 183,766,626 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй. Учир нь нэхэмжлэгч нь анх шүүхэд нэхэмжлэл гаргахдаа талуудын хооронд байгуулагдсан гэрээг цуцалж, зээлийн төлбөрийг шаардаж байгаа тухайгаа дурдсан бөгөөд зээлийн гэрээний хугацаа дуусахаас өмнө зээлийн төлбөрийг бүхэлд нь зээлдэгчээс шаардсан байдаг. Нэгэнтээ нэхэмжлэгч нь талуудын хооронд байгуулагдсан гэрээг цуцалж, зээлийн гэрээний хугацаа дуусахаас өмнө шаардлагаа гаргасан тул үүргийн харилцаа дуусгавар болсноос хойш үүргийн харилцаанаас үүсэх зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг зээлдэгчээс шаардах эрхгүй юм.

Нэхэмжлэгч нь зээлийн гэрээний хугацаа дуусахаас өмнө шүүхэд нэхэмжлэл гаргасан тул шүүхэд нэхэмжлэл гаргаснаар талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээ цуцлагдсан. Иймд нэхэмжлэгчийн ихэсгэсэн шаардлагуудыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй, гэрээ цуцлагдаж дуусгавар болсноос хойших үүрэг үүсээгүй.

Шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа үргэлжилж байх хугацаанд хүү тооцох нь эрх зүйн харилцаанд оролцогчдын эрх тэгш байх зарчимд нийцэхгүй гэж үзэж байна.

******** 2019 оны 05 дугаар сарын 23-ны өдөр "Домог-Инвест ББСБ ХХК-тай зээлийн гэрээг байгуулсан, зээлийн гэрээний дагуу 200,000,000 төгрөг зээлсэн байдаг. Гэтэл шүүхэд Домог-Инвест ББСБ ХХК-ийг төлөөлөх эрхгүй этгээд болох Ти Финанс ББСБ ХХК нэхэмжлэл гаргасан. Үүний дараагаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нь дахин солигдож Грийн финтек ХХК болж өөрчлөгдсөн. Энэ бүх хугацаанд Домог-Инвест ББСБ ХХК-ийн зүгээс өөрийгөө төлөөлөх бүрэн эрхийг Ти финанс ББСБ ХХК болон *********-ийн хэн алинд нь олгоогүй тул эдгээрийг зээлдүүлэгчийг төлөөлөх бүрэн эрхтэй этгээд гэж үзэх боломжгүй гэж үзэж байна. Түүнчлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1-д нэхэмжлэгч уг нэхэмжлэлийг гаргах эрхгүй, эсхүл хариуцагч нь нэхэмжлэлийн жинхэнэ хариуцагч биш болох нь нотлох баримтаар тогтоогдвол шүүх нэхэмжлэгчийн хүсэлтээр, эсхүл түүний зөвшөөрлөөр нэхэмжлэл гаргах эрхгүй этгээдийг жинхэнэ нэхэмжлэгчээр, хариуцагч биш этгээдийг жинхэнэ хариуцагчаар тус тус сольж болно гэж заасан. Гэтэл Домог-Инвест ББСБ ХХК-аас өөрийгөө төлөөлөх итгэмжлэлийг Ти финанс ББСБ ХХК болон нэхэмжлэгчийг *********-ийн хэн алинд нь олгоогүй, мөн эдгээрээс нэхэмжлэгчийг солих хүсэлт гаргаагүй байхад нэхэмжлэгчийг сольж, шүүхэд нэхэмжлэл гаргасан нь үндэслэлгүй.

Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор ******** нь өөрийн өмчлөлийн Баянзүрх дүүргийн 19-р хороо, Цайз Да хүрээ гудамж, 45\2 тоот хаягт байрлалтай 873,6 м.кв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалахаар "Домог-Инвест ББСБ" ХХК-тай барьцааны гэрээ байгуулсан хэдий ч тухайн гэрээ нь хууль зөрчсөн гэрээ тул үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахаар шаардах эрхгүй. Дээрх үл хөдлөх эд хөрөнгийн зах зээлийн үнэлгээ нь 1,700,000,000 төгрөгөөр үнэлэгдэж байхад Домог-Инвест ББСБ ХХК нь хэт доогуур үнэлж гэрээ байгуулсан.

******** нь *********той 2019 оны 05 дугаар сарын 20-ны өдөр Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг байгуулж, Баянзүрх дүүргийн 19-р хороо, Цайз Да хүрээ гудамж, 45\2 тоот хаягт байрлалтай 873.6 м.кв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгийг 200,000,000 төгрөгөөр худалдан авахаар харилцан тохиролцсон. Мөн өдрөө ******** нь *********той газар эзэмших эрхийн гэрчилгээ шилжүүлэх гэрээ байгуулж, Баянзүрх дүүргийн 19-р хороо, СОТ 3-н 1-р байрны хойно хаягт баярлалтай 506 м.кв талбай бүхий газрыг 650,000,000 төгрөгөөр худалдан авахаар харилцан тохиролцсон бөгөөд эд гэрээг тус бүр нотариатаар баталгаажуулсан, хүчин төгөлдөр гэрээнүүд юм. Домог-Инвест ББСБ ХХК-аас ******** зээл авсан бөгөөд тус маргаанд ********* оролцоогүй, Домог-Инвест ББСБ ХХК-тай ямар нэгэн гэрээ хэлцэл хийгээгүй, тус ББСБ-ын өмнө ямар нэгэн эрх эдэлж, үүрэг хүлээгээгүй тул *********ыг тус маргаанд хариуцагчаар оролцуулсан нь үндэслэлгүй байна.

Иймд түүнд холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна гэжээ.

 

3. Хариуцагч ********гийн сөрөг нэхэмжлэл, түүний үндэслэлийн агуулга: ******** нь 2019 оны 05 дугаар сарын 21-ний өдөр Домог-Инвест ББСБ" ХХК-тай 103213010100048-1 тоот барьцааны гэрээ байгуулж, ******** нь өөрийн өмчлөлийн Баянзүрх дүүргийн 19-р хороо, Цайз Да хүрээ гудамж, 45\2 тоот хаягт байрлалтай 873.6 м.кв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгийг, мөн Баянзүрх дүүргийн 19-р хороо, СОТ 3-н 1-р байрны хойно хаягт байрлалтай 506 м.кв талбай бүхий газар эзэмших эрхийг барьцаалахаар болж барьцааны гэрээ байгуулахаар болсон.

Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.2-т Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээг улсын бүртгэлийн байгууллагад бүртгүүлэх бөгөөд гэрээнд талуудын нэр, оршин суугаа газар, барьцаагаар хангагдах шаардлага, түүний хэмжээ, үүргийг хангах хугацаа, барьцааны зүйл, түүний байгаа газар, үнийг заана гэж, 156.3-т Энэ хуулийн 156.1, 156.2-т заасан шаардлагыг хангаагүй гэрээ хүчин төгөлдөр бус байна гэж тус тус заасан байдаг. Түүнчлэн Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-д Барьцааны гэрээ /цаашид "гэрээ" гэх/-г Иргэний хуулийн нийтлэг журам, энэ хуулийг баримтлан бичгээр байгуулах бөгөөд түүнд Иргэний хуулийн 156.2-т зааснаас гадна дараах зүйлийг тусгана, 11.1.6-д барьцааны шаардлагыг хангах журам, 11.1.9-д барьцааны зүйлтэй холбоотой гуравдагч этгээдийн эд хөрөнгийн эрхийг тус тус тусгана гээд мөн хуулийн 12 дугаар зүйлийн 12.2-т "Энэ хуулийн 11 дүгээр зүйл болон Улсын бүртгэлийн тухай хууль тогтоомжид заасан журмыг зөрчсөн гэрээг улсын бүртгэлд бүртгэхийг хориглоно, 12.3-т Улсын бүртгэлд бүртгүүлэх журмыг зөрчиж бүртгүүлсэн гэрээ хүчин төгөлдөр бус байна гэж тус тус заасан.

Гэтэл талуудын хооронд байгуулагдсан гэрээнд барьцааны зүйл болох газар эзэмших эрхийн үнийг заагаагүй, мөн барьцааны гэрээнд гуравдагч этгээд болох *********ын эд хөрөнгийн эрхийн талаар дурдаагүй, энэ талаар тусгаагүй, мөн барьцааны шаардлагыг хангах журмыг тус тус дурдаагүй байдаг. Энэ нь дээрх хуулийн шаардлагуудыг зөрчиж байгаа тул талуудын хооронд байгуулагдсан барьцааны гэрээний газар эзэмших эрхтэй холбогдох хэсэг нь Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.3, Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 12-р зүйлийн 12.2-т, мөн Иргэний хуульд тус тус заасны дагуу хүчин төгөлдөр бус гэх үндэслэлтэй байна. Нэгэнтээ талуудын хооронд байгуулагдсан барьцааны гэрээний газар эзэмших эрхэнд холбогдох хэсэг нь хүчин төгөлдөр бус байх тул Баянзүрх дүүргийн 19-р хороо, СОТ 3-н 1-р байрны хойно хаягт байрлалтай 506 м.кв талбай бүхий газар эзэмших эрхийг барьцаанаас чөлөөлөх үндэслэлтэй байна. Иймд Баянзүрх дүүргийн 19-р хороо, СОТ 3-н 1р байрны хойно хаягт байрлалтай 506 м.кв талбай бүхий газар эзэмших эрхийг барьцаанаас чөлөөлөхийг хариуцагчид даалгаж өгнө үү гэжээ

 

4. Нэхэмжлэгчийн сөрөг нэхэмжлэлд гаргасан татгалзал, тайлбарын агуулга: Талууд 2019 оны 05 дугаар сарын 21-ний өдөр №1032130101000048-01 тоот барьцааны гэрээ байгуулсан. Гэрээний 2.2-т барьцааны зүйл болох Баянзүрх, СОТ 3-ын 1-р байрны хойно 19-р хороо ,үйлчилгээний зориулалттай нэгж талбарын 18648311328874, 000749244 гэрчилгээний дугаартай талаар тусгаж, 2019 оны 05 дугаар сарын 24-ний өдөр газрын албанд бүртгүүлсэн. Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д газар эзэмших эрхийн гэрчилгээг хуулиар зөвшөөрсөн хэлбэрээр бусдад шилжүүлж, барьцаалж болно. Эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэх, барьцаалах үйл ажиллагаа нь зөвхөн Монгол Улсын иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын хооронд явагдана, мөн зүйлийн 38.5-т газар эзэмшигч нь газар эзэмших эрхээ Иргэний хуульд нийцүүлэн барьцаалж болох бөгөөд энэ тохиолдолд сумын газрын даамал, аймаг, нийслэл, дүүргийн газрын албанд бүртгүүлж, эрхийн гэрчилгээнд барьцаалсан тухай тэмдэглэл хийлгэнэ гэж тус тус заасан.

Дээрхээс үзвэл барьцааны зүйл болох үйлчилгээний зориулалттай Ү-2204010047 дугаартай, 873.6 м.кв хэмжээтэй үл хөдлөх эд хөрөнгө болон нэгж талбарын 18648311328874 дугаартай 506 м.кв үйлчилгээний газар нь Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1, 156.2 болон Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1, 38.5-д заасан шаардлагын дагуу зохих ёсоор улсын бүртгэлийн эд хөрөнгийн газар, Баянзүрх дүүргийн газрын албанд тус тус бүртгэгдсэн. Сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

5. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч ********гээс үндсэн зээл 200,000,000 төгрөг, хүү 193,205,241.67 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 13,734,575 төгрөг, нийт 406,939,816.67 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч *********-д олгож, нэхэмжлэлээс 30,906,473.33 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 174 дүгээр зүйлийн 174.1, 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцааны зүйл болох хариуцагч ********гийн өмчлөлийн Баянзүрх дүүргийн 19 дүгээр хороо, Цайз /13291/ да хүрээ гудамж, 45/2 тоот, үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн Ү-2204010047 дугаартай, 873.6 м.кв талбайтай, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, хариуцагч *********ын эзэмшлийн нэгж талбарын 18648311328874 дугаартай, Баянзүрх дүүрэг, 19-р хороо, СОТ 3-ын 12-р байрны хойно байрлах, 506 м.кв талбай бүхий эзэмших эрхийн 000749244 дугаар гэрчилгээтэй газрыг тус тус албадан дуудлага худалдаагаар худалдан борлуулж, үүргийн гүйцэтгэлийг хангахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д заасныг баримтлан нэгж талбарын 18648311328874 дугаартай, Баянзүрх дүүрэг, 19-р хороо, СОТ 3-ын 12-р байрны хойно байрлах, 506 м.кв талбай бүхий 000749244 дугаар гэрчилгээтэй газрын эзэмших эрхийг барьцаанаас чөлөөлөхийг даалгах тухай хариуцагч ********гийн сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсгийг тус тус баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 3,720,819 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч ********гээс улсын тэмдэгтийн хураамжид 2,262,849.08 төгрөг, хариуцагч *********оос 70,200 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч *********-д олгож шийдвэрлэсэн байна.

 

6. Хариуцагч *********ын гаргасан давж заалдах гомдлын агуулга:

6.1. Анхан шатны шүүхийн шийдвэрээс 152,860,151.79 төгрөгийг зөвшөөрөхгүй.

Шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа үргэлжилж байх хугацаанд хүү, нэмэгдүүлсэн хүү тооцох нь эрх зүйн харилцаанд оролцогчдын эрх тэгш байх зарчимд нийцэхгүй.

Гэрээг хугацааны өмнө татгалзах эсхүл цуцалж байгаа тохиолдолд үүргийн харилцаа дуусгавар болж, үүргийн харилцаанаас үүсэх шаардах эрх дуусгавар болсон.

Зээлдэгч шүүхэд нэхэмжлэл гаргаснаар үүрэг гүйцэтгэгч гэрээ цуцлах хүртэл хугацааны гүйцэтгээгүй үүргээ гүйцэтгэх бөгөөд гэрээ цуцлагдаж дуусгавар болсноос хойших үүрэг үүсээгүй. Иймд хариуцагч 2021 оны 3 дугаар сарын 31 хүртэлх зээл, зээлийн хүү 254,079,664.88 төгрөгийг зөвшөөрч, үлдэх 152,860,151.79 төгрөгийг шүүх үндэслэлгүй шийдвэрлэсэн.

Хариуцагч тал гэрээний хугацаа дуусаагүй байхад нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагаас нэхэмжлэл гаргасан 2021 оны 3 дугаар сарын 31 хүртэлх зээл 200,000,000 төгрөг, хүүд 52,574,556.97 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 1,505,107.91 төгрөг, нийт 254,079,664.88 төгрөгийг хүлээн зөвшөөрч гэрээнээс татгалзсанаас хойших хүү, нэмэгдүүлсэн хүү 183,766,626 төгрөгийг зөвшөөрөхгүй маргасан юм.

6.2. Домог-Инвест ББСБ" ХХК-ийн зүгээс өөрийгөө төлөөлөх бүрэн эрхийг "Ти финанс ББСБ" ХХК болон "Грийн финтек" ХХК-ийн хэн алинд нь олгоогүй тул нэхэмжлэгчийг зээлдүүлэгчийг төлөөлөх бүрэн эрхтэй, шаардах эрхтэй этгээд гэх боломжгүй.

******** 2019 оны 5 дугаар сарын 23-ны өдөр "Домог-Инвест ББСБ" ХХК-тай зээлийн гэрээг байгуулсан байдаг. Гэтэл шүүхэд "Домог-Инвест ББСБ" ХХК-ийг төлөөлөх эрхгүй этгээд болох "Ти Финанс ББСБ" ХХК 2020 онд нэхэмжлэл гаргасан. Үүний дараагаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нь дахин солигдож "Грийн финтек" ХХК болж өөрчлөгдсөн. Энэ бүх хугацаанд "Домог-Инвест ББСБ" ХХК-ийн зүгээс өөрийгөө төлөөлөх бүрэн эрхийг "Ти финанс ББСБ" ХХК болон "Грийн финтек" ХХК-ийн хэн алинд нь олгоогүй.

Нэхэмжлэгчийг солих хүсэлт гаргаагүй байхад нэхэмжлэгчийг сольж, шүүхэд нэхэмжлэл гаргасан нь үндэслэлгүй.

6.3. Барьцааны гэрээг ********* байгуулаагүй, "Домог-Инвест ББСБ" ХХК, ******** нар байгуулсан гэж шүүх үзсэн атлаа ********* ********д барьцааны гэрээ байгуулах итгэмжлэл олгоогүй талаар шүүх үнэлээгүй, өмгөөлөгч Н.Батбаатар шүүх хуралдаанд *********оос ********д итгэмжлэл олгосон эсэхийг шалгуулах хүсэлтийг шүүх хэлэлцээгүй, хариуцагчийн хууль ёсны эрхийг зөрчсөн.

Талуудын хооронд байгуулагдсан барьцааны гэрээний газар эзэмших эрхт холбогдох хэсэг нь хүчин төгөлдөр бус. Шүүхийн шийдвэрт 406,939,816.67 гэснийг 254,079,664 төгрөг болгон засах, дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү.

 

7. Давж заалдах шатны шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан тайлбарын агуулга: Анхан шатны шүүхэд хариуцагч *********ын зүгээс Миний өөрийн эзэмшлийн газрыг зохих ёсоор улсын бүртгэлд бүртгүүлээгүй гэсэн агуулгатай сөрөг нэхэмжлэл гаргасан. Зээлийн гэрээнд гарын үсэг зураагүй гэсэн тайлбар хэлдэг боловч нотолж чаддаггүй. Хэрэгт авагдсан газар эзэмших гэрчилгээ байгаа. Гэрчилгээний арын хэсэгт тухайн газрыг Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлд заасны дагуу зохих ёсоор газрын албанд бүртгүүлсэн талаар бичигдсэн. Иймд хариуцагч *********ын гаргасан давж заалдах гомдол хуулийн шаардлага хангахгүй байна. Анхан шатны шүүх сөрөг нэхэмжлэлийг нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна. Зээлийн гэрээ, барьцааны гэрээнд зурсан гарын үсэг таны гарын үсэг мөн үү гэж асуухад ********* мөн байна гэж хэлсэн атлаа би очиж гэрээ байгуулаагүй гэдэг асуудлыг сүүлд нь ярьдаг. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хэргийг зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянан үзээд шийдвэрийг хэвээр үлдээв.

1. Нэхэмжлэгч ********* нь хариуцагч ********, ********* нарт холбогдуулан 2022 оны 06 дугаар сарын 02-ны өдрийг хүртэлх н зээл 200,000,000 төгрөг, хүү 198,205,241.67 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 39,641,048.33 төгрөг, нийт 437,846,290 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч газар эзэмших эрхийг барьцаанаас чөлөөлөхийг даалгах тухай сөрөг нэхэмжлэл гарган маргажээ.

 

2. Хэргийн үйл баримт, шүүхийн шийдвэрийн үндэслэлийн талаар.

2.а. Зохигчийн хооронд 2019 оны 05 дугаар сарын 23-ны өдөр 1032130101000048 дугаартай зээлийн гэрээ байгуулагдаж, зээлдүүлэгч нь 200,000,000 төгрөгийг жилийн 33,6 хувийн хүүтэйгээр 24 сарын хугацаатай зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь 2021 оны 05 дугаар сарын 25-ны өдөр хүртэл хуваарийн дагуу зээл, зээлийн хүүд нийт 291,628,225.69 төгрөгийг буцаан төлөх, гэрээнд заасан хугацаанд авсан зээлээ эргүүлэн төлөөгүй тохиолдолд зээлийн хүүгийн 20 хувийн хэмжээгээр нэмэгдүүлсэн хүү төлөхөөр тохиролцжээ./1хх11-14/

2.б. Зээлдэгч зээлийн гэрээний үүргийг гүйцэтгээгүй тохиолдолд хариуцагч ********гийн өмчлөлийн Баянзүрх дүүргийн 19 дүгээр хороо, Цайз /13291/ Да хүрээ гудамж, 45/2 тоот, үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн Ү-2204010047 дугаартай, 873,6 м.кв талбайтай, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, хариуцагч *********ын эзэмшлийн Баянзүрх дүүрэг, 19-р хороо, СОТ 3-ын 12-р байрны хойно байрлах, нэгж талбарын 18648311328874 дугаартай, 506 м.кв талбайтай, 000749244 дугаар гэрчилгээтэй газар эзэмших эрхээр тус тус зээлийн гэрээний шаардлагыг хангахаар талууд 2019 оны 05 дугаар сарын 21-ний өдөр 1032130101000048-1 тоот барьцааны гэрээг бичгээр хийж, нотариатаар гэрчлүүлэн, үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газар, газрын албанд тус тус бүртгүүлсэн байна./1хх15-16, 33-35/

Дээрхээс үзэхэд зохигчийн хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээ, 165 дугаар зүйлийн 165.1 дэх хэсэгт заасан үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ тус тус байгуулагдсан байна.

Зээлдэгч ******** авсан зээлээ эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөөгүй үндэслэлээр нэхэмжлэгч ********* нь зээлийн гэрээнээс татгалзаж, 2020 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар үүссэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэл гаргаснаас хойших хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүүг гаргуулахаар шаардлагын хэмжээгээ ихэсгэсэн./1хх232-235/

2.в. Талуудын хооронд хүчин төгөлдөр зээлийн гэрээ байгуулагдаж, зээлдэгч 200,000,000 төгрөгийг хүлээн авсан, зээлийн төлбөрт 5,000,000 төгрөг төлсөн үйл баримтын талаар маргаагүй.

 

3. Зохигч шүүхэд нэхэмжлэл гаргаснаас хойших хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүү шаардах эрхтэй эсэх, газар эзэмших эрх барьцаалсан гэрээ хүчин төгөлдөр эсэхэд маргаж байна.

Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт зааснаар банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээдэг.

3.а. Зээлдүүлэгч нь 200,000,000 төгрөгийг зээлдэгчид шилжүүлсэн боловч зээлдэгч нь 2019 оны 05 дугаар сарын 23-ны өдрөөс 2021 оны 05 дугаар сарын 25-ны өдрийг хүртэлх хугацаанд гэрээнд заасан хуваарийн дагуу зээл, хүүд нийт 291,628,225.69 төгрөг төлөхөөс 2019 оны 09 дугаар сарын 05-ны өдөр 5,000,000 төгрөг төлж, өөрөөр төлбөр төлөөгүй үйл баримт тогтоогдож байна.

Иймд зээлдэгч нь гэрээний 2.4.1, 4.2.2-т заасан зээл олголт, зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу зээлийг буцаан төлөх үүргээ удаа дараа зөрчсөн байх тул гэрээний 7.1.1, Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, 226 дугаар зүйлийн 226.1.1-д заасны дагуу гэрээнээс татгалзаж, зээлийг буцаан шаардах эрхтэй.

Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.3 дах хэсэгт банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс олгох зээлийн үйл ажиллагааг хуулиар зохицуулна гэж заасан. Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1 дэх хэсэгт зээлийн хүүг зээлийг ашигласан хугацаагаар тооцно, 21.2-т зээлдэгч зээлийг зээлийн гэрээнд заасны дагуу төлөөгүй, эсхүл хууль, зээлийн гэрээнд заасан үндэслэлээр зээлдүүлэгчийн нэг талын санаачилгаар зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцалсан бол зээлийг бүрэн эргүүлэн төлөх хүртэлх хугацаанд зээлийн үндсэн хүү, зээлийн гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлнө гэж заажээ.

Иймд шүүхэд нэхэмжлэл гаргаснаас хойших хүү, нэмэгдүүлсэн хүүг хариуцагчаас гаргуулах нь дээрх хуулийн зохицуулалтад нийцнэ гэж үзлээ.

3.б. Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд барьцаалсан хариуцагч ********гийн өмчлөлийн Баянзүрх дүүргийн 19 дүгээр хороо, Цайз /13291/ Да хүрээ гудамж, 45/2 тоот, үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн Ү-2204010047 дугаартай, 873,6 м.кв талбайтай, үйлчилгээний зориулалттай үл эд хөрөнгийн барьцааны гэрээ нотлох баримтын шаардлага хангасан хэлбэрээр хэрэгт авагдсан, тус гэрээ Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1, 156.2-т заасан шаардлага хангасан хүчин төгөлдөр гэрээ байна.

3.в. Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар *********ын эзэмшлийн нэгж талбарын 18648311328874 дугаартай, Баянзүрх дүүрэг, 19-р хороо, СОТ 3-ын 12-р байрны хойно байрлах, 506 м.кв талбай бүхий 000749244 дугаар гэрчилгээтэй газар эзэмших эрхийг барьцаалж, барьцааны гэрээг бичгээр байгуулан хариуцагч ********, ********* нар хүсэл зоригоо илэрхийлэн гарын үсэг зурсан нь Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.1, 42.2-т заасан шаардлага хангажээ. *********ын газар эзэмших эрхийг барьцаалсан гэрээг Газрын албанд бүртгүүлж, гэрчилгээний арын нүүрэнд барьцаалагч Домог-Инвест ББСБ ХХК, эхэлсэн огноо 2019.05.24 гэсэн тэмдэглэл хийгдсэн, барьцааны гэрээг талууд бичгээр байгуулан нотариатаар гэрчлүүлсэн нь Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1, 156.2, 165 дугаар зүйлийн 165.1 дэх хэсэгт тус тус заасантай нийцжээ.

 

4. Давж заалдах гомдлын талаар.

4.а. Санхүүгийн зохицуулах хорооны даргын 2019 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн оноосон нэрийг өөрчлөхийг зөвшөөрөх тухай 580 дугаар тушаал, 2021 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн оноосон нэрийг өөрчлөхийг зөвшөөрөх тухай 362 дугаар тушаалаар / Домог-Инвест ББСБ ХХК-ийн оноосон нэрийг Ти финанс ББСБ ХХК болгож, Ти финанс ББСБ ХХК-ийн оноосон нэрийг *********/ болгож өөрчилсөн байх тул энэ талаар гаргасан хариуцагчийн гомдлыг хангах үндэслэл тогтоогдохгүй байна./1хх7, 191/

4.б. Мөн дээр дурдсанаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйл, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1, 21.2 дахь хэсэгт тус тус нийцсэн. Мөн барьцааны гэрээнүүд хуульд нийцсэн, хүчин төгөлдөр байна.

Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч *********ын гаргасан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 181/ШШ2022/02705 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч *********ын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч *********ын давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 2,347,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.БАДРАХ

 

ШҮҮГЧИД Г.ДАВААДОРЖ

 

Ш.ОЮУНХАНД