Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 10 сарын 31 өдөр

Дугаар 830

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Отгонбаяр даргалж,

Нарийн бичгийн дарга: Б.Баттулга,

Улсын яллагч: Г.Эрдэмбаатар,

Шүүгдэгч: Д.Нөөрөө өөрийгөө өмгөөлөн тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт Д.Нт холбогдуулж яллах дүгнэлт, ялын санал үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн 1805048470976 дугаартай хэргийг 2018 оны 10 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Д.Н, 1983 оны 02 дугаар сарын 24-ний өдөр Говь-Алтай аймагт төрсөн, 35 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, “Оюунлаг фильм” ХХК-д нярав ажилтай, ам бүл 3, эхнэр, хүүхдийн ... тоот регистртэй,

     Шүүгдэгч Д.Ннь 2018 оны 9 дүгээр сарын 14-нөөс 15-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 5 дугаар хороо, 80а байрны 105 тоотод гэртээ эхнэр Э.Утай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Д.Нын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн тул нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв.

Хохирогч Э.Уын мөрдөн байцаалтад өгсөн: “...2018 оны 9 дүгээр сарын 14-нөөс 15-нд шилжих шөнө...Би хүүгээ унтуулах гээд сууж байхад миний хөлд суучихаад олон юм яриад чи хүүхдэд хайхрамжгүй хандлаа гээд над руу олон юм ярьсан. Би тоохгүй цааш унт гэхэд миний чих рүү гараа атгаад цохьсон. Би ээж рүү залгахад ээж утсаа аваагүй. Тэгтэл чи миний хүүхдийг хайхарсангүй өвдсөн байна, танай 8 настай эрэгтэй хүүг чинь адилхан болгоно ална, тална гээд намайг хэд хэд алгадаад бөгс, бөөр лүү өшиглөөд, хутга барьж дайраад би хүүхдээ барьчихсан болохоор хүүхдэдээ сайн хүн цохихгүй байх гэтэл бид хоёрыг хана руу саваад, хүүхдийг жижиг түрдэг тоглоомын дугуйг нь бид хоёр луу аваад шидсэн. Манай нөхөр бурханы урд 0.5 грамм тал архи байсныг авч уучихаад агсам тавиад аймар байсан. Намайг гэрээс гаргахгүй байхаар нь нөхөр 00 орох хооронд гэрээс нүцгэн гараад аавындаа очсон, аав руугаа замдаа утсаар яриад аавыг аваад гэртээ ирэхэд 20 минут л болсон байх. Манай аав охиныг яагаад зодож байгаа юм гэхэд хэн зодсон юм гээд юу ч мэдэхгүй байсан. Архи уухаараа агсам тавиад байдаг. Намайг цохиод зодоод байдаггүй, хөөгөөд зайл гэдэг байсан. Архи уухаараа их авиргүй хүн” гэсэн мэдүүлэг /хх-н 15-16/,

Шинжээчийн 11320 тоот дүгнэлтэд: “...Э.Уын биед тархи доргилт, баруун нүдний дээд, доод зовхи, баруун чихний дэлбэн, баруун чихний арын төвгөр, духанд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсэх шинэ гэмтэл байна. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” гэсэн дүгнэлт /хх-н 20/,

Яллагдагчаар Д.Нын мөрдөн байцаалтад өгсөн: “...Би хүүгээ хараад гэртээ байсан. Эхнэр Э.У ажлаас ирээд миний бөөр өвдөөд эм уугаад дарагдахгүй байхаар нь пиво уусан. Эхнэр надад пиво авч өгсөн. Дахиад 3 пиво авч уусан, бурханы тал шил архийг нэмж уусан. Тэгээд би согтоод тасарсан байсан. Би гаргасан үйлдлээ санахгүй байгаа, нэг сэргэхэд хоёр цагдаатай хамт байсан” гэсэн мэдүүлэг /хх-н 32-33/,

Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-н 2/, Хохирогчийн өргөдөл /хх-н 3/, Аюулын зэргийн үнэлгээний маягт /хх-н 8-9/, шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-н 10-12, 24-27, 31, 41-43/, хохирогчийн хүсэлт /хх-н 36, 45/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж үнэлэв.

Шүүгдэгчийн гэм буруу болон хохирол, хор уршигийн талаар:

Шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар  зүйлд заасны дагуу шүүгдэгч, хохирогч нар нь хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан байна.

Уг хүсэлтийн дагуу прокуророос хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай тогтоол гарган, яллах дүгнэлт, ялын санал үйлдэж хэргийг шүүхэд ирүүлснийг шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хэргийг шууд хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэн хэргийг хялбаршуулсан журмаар ял оногдуулах шүүх хуралдаанаар шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй.

Шүүгдэгч Д.Ннь 2018 оны 9 дүгээр сарын 14-нөөс 15-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 5 дугаар хороо, 80а байрны 105 тоотод гэртээ эхнэр Э.Уыг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэм буруутай болох нь:

Шүүгдэгчийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүх хуралдаанд үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд, хохирогч Э.Уын: “...2018 оны 9 дүгээр сарын 14-нөөс 15-нд шилжих шөнө ...Би хүүгээ унтуулах гээд сууж байхад миний хөлд суучихаад олон юм яриад чи хүүхдэд хайхрамжгүй хандлаа гээд над руу олон юм ярьсан, би тоохгүй цааш унт гэхэд миний чих рүү гараа атгаад цохьсон. ...чи миний хүүхдийг хайхарсангүй өвдсөн байна, танай 8 настай эрэгтэй хүүг чинь адилхан болгоно ална, тална гээд намайг хэд хэд алгадаад бөгс бөөр лүү өшиглөөд, хутга барьж дайраад би хүүхдээ барьчихсан болохоор хүүхдэдээ сайн хүн цохихгүй байх гэтэл бид хоёрыг хана руу саваад, хүүхдийг жижиг түрдэг тоглоомын дугуйг нь бид хоёр луу аваад шидсэн. Манай нөхөр бурханы урд 0.5 грамм тал архи байсныг авч уучихаад агсам тавиад аймар байсан. Намайг гэрээс гаргахгүй байхаар нь нөхөр 00 орох хооронд гэрээс нүцгэн гараад аавындаа очсон...” гэсэн мэдүүлэг /хх-н 15-16/, шинжээчийн 11320 тоот дүгнэлтэд болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн үйлчлэлд хамаарах этгээдэд “эхнэр, нөхөр, гэр бүлийн бусад гишүүн, хамтран амьдрагч, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, тэдгээрийн асрамж, хамгаалалтад байгаа этгээд, тухайн гэр бүлд хамт амьдарч байгаа этгээд”-ийг хамааруулахаар заажээ.  

Шүүгдэгч нь согтуурсан үедээ эхнэр Э.Уыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан байх тул түүнийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэж үзсэн нь хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Д.Нын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” үйлдсэн гэмт хэргийн бүх шинжийг хангасан байх тул түүнд холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч Д.Ннь хохирогч Э.Уыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан нь өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан нийгэмд аюултай үйлдэл болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэлээ.

Хохирогч нь шүүгдэгчтэй сайн дураараа эвлэрсэн, нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй гэсэн хүсэлт /хх-н 36, 45/ бичгээр гаргасан тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ. 

Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрч, хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг зөвшөөрөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон болох нь хавтаст хэрэгт авагдсан шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшиж байна. Хохирол нөхөн төлж хохирогчтой эвлэрсэн. Прокурорын санал болгосон эрүүгийн хариуцлагыг бүрэн хүлээн зөвшөөрч байгаа тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэсэн мэдүүлэг, хүсэлтүүд, хохирогчийн хүсэлт, эрүүгийн хариуцлагын төрөл хэмжээний талаарх прокурорын саналтай танилцаж зөвшөөрсөн талаарх баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өгсөн мэдүүлэг, шинжлэн судалсан баримтуудаар тогтоогдож байна.  

          Прокуророос ялын төрөл хэмжээний талаар гаргасан “шүүгдэгч Д.Ныг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 700 нэгж буюу 700.000 төгрөгөөр торгох ял” оногдуулах саналыг шүүгдэгчид танилцуулсан байх ба прокурорын дээрх санал нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийг зөрчөөгүй байх тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу хэргийг хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ. 

          Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.  

Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2,  36.6,  36.7,  36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон  ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч Д.Ныг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Ныг 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.
  3.   Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
  4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
  5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Нт хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

 

                  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Ч.ОТГОНБАЯР