Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 10 сарын 30 өдөр

Дугаар 824

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Отгонбаяр даргалж,

Нарийн бичгийн дарга: Б.Мөнхтулга,

Улсын яллагч: А.Баясгалан,

Шүүгдэгч: Б.А, Б.Лнар өөрөө өөрийгөө өмгөөлөн тус шүүхийн шүүх  хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэрэгт Б.Л, Б.Анарт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1805041150802  дугаартай хэргийг  2018 оны 10 дүгээр сарын 23–ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

1. Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Б.Л, 1990 оны 12 дугаар сарын 12-ны өдөр Төв аймагт төрсөн, 28  настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, ноолуурын сүлжигч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл-4, эхнэр, 2 хүүхдийн хамт ...тоот регистртэй,

2. Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Б.А, 1989 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр Увс аймагт төрсөн, 29 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, эх бэлтгэгч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, эхийн  хамт ...тоот регистртэй,

Шүүгдэгч Б.А, Б.Лнар нь согтуурсан үедээ бүлэглэж 2018 оны 8 дугаар сарын 04-нөөс 05-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 12 дугаар хороо, Кастел баарны гадна иргэн Л.Ныг Б.Лг цохьсон гэх шалтгаанаар зодож  эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэх судалсан болон хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч  Б.Аын  шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Хэрэг гардаг өдөр би гадаа гарахад манай найз Лг цохьсон байсан. Тэгээд цагдаад дуудлага өгсөн. Хэрэг гарсан өдрөөс хойш 10 хоногийн дараа цагдаагийн газраас дуудаж юу болсон талаар хэлж шүүх эмнэлгийн дүгнэлт гаргаж үзүүлсэн” гэв.

Шүүгдэгч Б.Лгийн  шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Хэрэг гардаг өдөр шөнө 03 цагийн үед “Кастел” баарнаас гараад зогсож байхад нэг хүн ирж зүүн хөмсөг рүү түлхүүртэй гараараа цохьсон. Зүүн хөмсөг сэтэрсэн, түүнээс хойш юу болсон талаар мэдэхгүй байна” гэв.

Хохирогч Л.Нын  мөрдөн байцаалтад өгсөн: “...Би 2018 оны 8 дугаар сарын  04-нөөс 05-нд шилжих шөнө 02 цагийн үед хамт ажилладаг Б гэх хуурай дүүтэйгээ хамт Бичилийн “Кастел” бааранд орсон. Тэндээс ороод 1 шил 0,5 литрийн архи, ундаа, ус захиалж уусан. Тухайн үед бид 2 бааранд орохоосоо өмнө айлд 1 шил архи, 2 шил пиво хувааж уусан байсан. Тэгээд бааранд архи ууж байгаад баар хаах болсон бөгөөд тухайн үед би нэлээд муудсан байсан. Нэг мэдсэн хамт явж байсан дүү Б байхгүй байхаар нь би хайх гэж гарсан. Тэгээд баарнаас гараад нэг мэдсэн ухаан алдаад, нэг сэрсэн чинь нүүр ам цус болсон Бямба хажууд ирсэн байсан...” гэсэн мэдүүлэг /хх-н 14-16/,

Гэрч Э.Нмөрдөн байцаалтад өгсөн: “...шөнө баар хаах үед 03:30-04:00 цагийн хооронд...35 гаран насны залуу гартаа түлхүүр бариад атгаж гараад баарны гадаа зогсож байсан. Түрүүлж гарсан ширээний махлаг залууг түлхүүртэй гараараа нүүр лүү нь нэг удаа цохьсон. Тэгэхэд тэр залуу босч ирээд түлхүүртэй залуугийн нүүр лүү нэг удаа цохьсон. Тухайн үед тэр хоёр залуугийн хоёулангийнх нь нүд, хөмсөгнөөс цус гараад байсан” гэсэн мэдүүлэг /хх-н 17-18/,

Гэрч О.Бын мөрдөн байцаалтад өгсөн: “...Би 2018 оны 8 дугаар сарын 04-нөөс 05-нд шилжих шөнө 02 цаг өнгөрөөд хуурай ах Нтай Бичилийн “Кастел” бааранд орсон. Тэгээд ороод 1 шил 0,5 литрийн архи, ус, ундаа авч уусан. Тэгээд шөнө би агаар амьсгалах гэж гараад зогсож байхад Н ах араас гарч ирээд надтай юм яриад зогсож байсан залууг цохиод авсан. Тэгэхэд нөгөө залуу нь Н ахыг цохиод авсан. Баарны хамгаалагч нар ирээд салгасан. Бид хоёр дотор өөр хүнтэй маргалдаж муудалцаагүй. Тухайн үед Н ах өөрөө эхэлж уг залууг цохиход тэр зөрүүлээд Н ахыг цохьсон. Би зодоонд оролцоогүй” гэсэн мэдүүлэг /хх-н 21-22/,

Шинжээчийн 9569 тоот дүгнэлт: “...Л.Нын биед баруун талын нүдний ухархайн дотор хана 1.4 см өргөн хэсэгт дотогш этмойд хөндий рүү 0.6 см, ухархайн доод хана 2.2 см өргөн хэсэгт доош гайморовын рүү 0.5 см тус тус гүн хэмжээтэй цөмөрсөн хугарал, этмойд болон гайморовын хөндийн шингэн хуралт, хамар яс, хянга болон хажуу хананы зөрүүтэй шинэ хуучин хавсарсан хугарал, хамрын таславчийн муруйлт, баруун нүд, хацар, хамар, зулайн ар хэсгийн зөөлөн эдийн няцрал, баруун хөмсөгт няцарсан шарх, хамрын нуруунд зулгаралт, зүүн шилбэнд зулгарлт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүссэн шинэ гэмтэл байна. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх нь эдгэрэлт эмчилгээний үр дүнгээс хамаарна” гэсэн дүгнэлт /хх-н 30/,

Яллагдагчаар Б.Лгийн мөрдөн байцаалтад өгсөн: “...2018 оны 8 дугаар сарын 04-нөөс 05-нд шилжих шөнө 01 цаг өнгөрөөд өөрийн найз Аын хамт Бичилийн “Кастел” бааранд орсон. Бид тэнд ороод 1 шил 0.5 литрийн виски авч уусан. Тэгээд баар хаах үед бид хоёр баарнаас 04 цагийн үед гараад үүдэнд зогсож байхад араас нэг хүн татаад эргээд хартал нэг залуу барьж явсан түлхүүрээрээ зүүн хөмсөг рүү цохьсон. Тэгэхээр нь би араас нь уг залууг татаж аваад гараараа нүүр лүү нь 1 удаа цохьсон. Тэгээд миний хөмсөгнөөс цус гараад цусаа тогтоогоод зогсож байхад баарны хамгаалагч нар ирээд нөгөө залууг холдуулаад салгасан. Тэгээд удалгүй цагдаа нар ирсэн....Би согтуудаа хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Би Нтай эвлэрч эмчилгээний зардал 4.900.000 төлж барагдуулсан. Би хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна” гэсэн мэдүүлэг  /хх-37-38, 49-50/,

Яллагдагчаар Б.Аын мөрдөн байцаалтад өгсөн: “...2018 оны 8 дугаар сарын  04-нөөс 05-нд шилжих шөнө 01 цаг өнгөрөөд өөрийн найз Л, Л нарын  хамт “Кастел” бааранд орсон. Тэгээд сууж байгаад нэг мэдэхэд би ядраад унтсан байсан. Манай найз Л ирээд гаръя баар хааж байна гээд шөнө 04 цагийн үед баарнаас гарсан. Тэгээд найз Л түрүүлээд гарсан. Би араас нь гарахад баарны гадаа манай найз Л, намайг цохичихлоо гээд нүдээ дарчихсан, тэндээс нь цус гарчихсан зогсож байсан. Тэгээд би очоод хэн цохьсон талаар асуухад тэр гээд нэг залууг зааж өгсөн..Би очоод уг залууг сууж байхад нь нүүр лүү нь нэг удаа өшиглөсөн... Би хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байгаа хийсэн үйлдэлдээ гэмшиж байна. Би Нтай эвлэрч эмчилгээний зардал 4.900.000 төлж барагдуулсан... ” гэсэн мэдүүлэг  /хх-н 39, 45-46/,

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-н 2/, хохирогчоос гаргасан өргөдөл /хх-н 4/, шүүгдэгч нарын хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-н 8, 53-60, 61-68, 71, 74-75, 78/ камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл / хх-н 12/, компьютер томографийн оношлогоо /хх-н 31/, шинжээчээс авсан мэдүүлэг /хх-н 35-36/, камерийн бичлэг /хх-н 85/, хохирогчийн хүсэлт /хх-н 88/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж үнэлэв.

Шүүгдэгч нарын гэм буруу болон хохирол, хор уршигийн талаар:

Шүүгдэгч Б.А, Б.Лнар нь согтуурсан үедээ бүлэглэж 2018 оны 8 дугаар сарын 04-нөөс 05-нд шилжих шөнө 04 цагийн орчим Баянгол дүүргийн 12 дугаар хороо, Кастел баарны гадна иргэн Л.Н нь Б.Лг цохьсоны улмаас түүнийг зодож эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэм буруутай болох нь:

Шүүгдэгч нарын мөрдөн байцаалтын шатанд болон шүүх хуралдаанд үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд, хохирогч Л.Нын: “...Баарнаас гараад нэг мэдсэн ухаан алдаад, нэг сэрсэн чинь нүүр ам нил цус болсон Бямба хажууд ирсэн байсан...” гэсэн мэдүүлэг /хх-н 14-16/, гэрч Э.Н: “...35 гаран насны залуу гартаа түлхүүр бариад атгаж гараад баарны гадаа зогсож байсан. Түрүүлж гарсан ширээний махлаг залууг түлхүүртэй гараараа нүүр лүү нь нэг удаа цохисон. Тэгэхэд тэр залуу босч ирээд түлхүүртэй залуугийн нүүр лүү нэг удаа цохисон. Тухайн үед тэр хоёр залуугийн хоёулангийнх нь нүд, хөмсөгнөөс цус гараад байсан...” гэсэн мэдүүлэг /хх-н 17-18/, гэрч О.Бын: “...Н ах араас гарч ирээд надтай юм яриад зогсож байсан залууг цохиод авсан. Тэгэхэд нөгөө залуу нь Н ахыг цохиод авсан. Баарны хамгаалагч нар ирээд салгасан. Бид хоёр дотор өөр хүнтэй маргалдаж муудалцаагүй. Тухайн үед Н ах өөрөө эхэлж уг залууг цохиход тэр зөрүүлээд Н ахыг цохьсон...” гэсэн мэдүүлэг /хх-н 21-22/, шинжээчийн 9569 тоот дүгнэлт, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн камерийн бичлэг болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

Шүүгдэгч нар нь хохирогч Л.Ныг цохиж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан байх тул тэдгээрийг бүлэглэн хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол бүлэглэн учруулсан гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Гэмт хэрэг үйлдэх талаар урьдчилан үгсэн тохиролцоогүй боловч үйлдлээрээ сааатай нэгдсэнийг гэмт хэрэгт хамтран оролцсонд тооцох тул шүүгдэгч нарыг бүлэглэн гэмт хэрэг үйлдсэн гэж үзсэн болно.

Шүүгдэгч Б.А, Б.Лнарын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан “хүний  эрүүл мэндэд  хүндэвтэр хохирол учруулах гэмт хэргийг бүлэглэн” үйлдсэн гэмт хэргийн бүх шинжийг хангасан байх тул тэдгээрт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч Б.А, Б.Лнар нь согтуурсан үедээ бүлэглэн хохирогч Л.Н нь Б.Лг цохьсоны улмаас түүнийг зодож эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан нь өөрсдийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан нийгэмд аюултай үйлдэл болох нь хэрэгт авагдсан нотлох баримтууд болон эд мөрийн баримтаар хураагдсан тухайн хэргийн үйл баримтыг тогтоосон бичлэг зэргээр нотлогдон тогтоогдсон гэж дүгнэлээ.

Шүүгдэгч нар нь гэм буруугийн талаар маргаагүй бөгөөд улсын яллагчийн шүүгдэгч нарыг гэмт буруутай гэсэн дүгнэлт нь үндэслэлтэй байна.

Уг гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Л.Нын биед хүндэвтэр хохирол учирсан болох нь шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон байна.

Хохирогч нь мөрдөн байцаалтын шатанд ямар нэгэн гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэм мэдүүлсэн, бичгээр хүсэлт /хх-н 88/ гаргасан тул шүүгдэгч нарыг бусдад төлөх төлбөргүй гэж шүүх үзлээ.

Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүх шүүгдэгч Б.Л, Б.А нарын үйлдсэн гэмт хэрэг нь нотлогдон тогтоогдсон тул тэдгээрийг гэм буруутайд тооцсон бөгөөд тэдгээрт эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж дүгнэлээ.

Шүүгдэгч нар нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэнийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.

Шүүгдэгч нарт ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно. 

Улсын яллагч шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч нарт 6 сар хорих ял оногдуулах, шүүгдэгч нар хорих ял оногдуулахгүй тэнсэж өгнө үү гэсэн санал тус тус гаргасныг дурдах нь зүйтэй.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...Хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан...бол гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл, хэсэг, заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр таван жил хүртэл хугацаагаар тэнсэж болно” 7.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт “...Шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан энэ хуулийн 7.3 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэгт заасан хэд хэдэн үүрэг хүлээлгэж, хязгаарлалт тогтоож болно” мөн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “...энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг таван жил, түүнээс доош хугацаагаар оногдуулахаар тогтоосон, эсхүл ... хөнгөн гэмт хэрэг гэнэ” гэж тус тус хуульчилжээ.

Шүүгдэгч Б.Л, Б.А нарын холбогдсон гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хөнгөн гэмт хэргийн ангилалд багтаж байна.

  Иймд шүүхээс шүүгдэгч Б.Л, Б.А нарын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, тэдгээрийн хувийн байдал, хохирогчийн хохирлыг барагдуулсан, гэмт хэрэг гарахад хохирогчийн буруутай үйлдэл нөлөөлсөн зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1, 3, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 3 дахь хэсгийн 3.3-т заасныг тус тус баримтлан мөн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар ял оногдуулахгүйгээр тэнсэж, зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах үүрэг хүлээлгэж, согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох хязгаарлалт тогтоохоор шийдвэрлэлээ.

Шүүх шүүгдэгч Б.Л, Б.А нарт ял оногдуулахгүйгээр тэнсэж, зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах үүрэг хүлээлгэж, согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох хязгаарлалт тогтоохоор шийдвэрлэсэн тул Шинэчлэн найруулсан 2017 оны Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 153 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч Б.Л, Б.А нарт оногдуулсан тэнсэж, үүрэг хүлээлгэж, хязгаарлалт тогтоосонд хяналт тавихыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгах нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн бичлэг бүхий 1 ширхэг сиди-г хэрэгт хавсаргахаар шийдвэрлэв.

Шүүгдэгч Б.Л, Б.А нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй болно.

Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.2,  36.6,  36.7,  36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон  ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч Б.Л, Б.Анарыг “хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг бүлэглэж” үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
  2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 3 дахь хэсгийн 3.3-т заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар шүүгдэгч Б.А, Б.Лнарт хорих ял оногдуулахгүйгээр, 01 жилийн хугацаагаар тэнсэж, зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах үүрэг хүлээлгэж, согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох хязгаарлалт тогтоосугай. 
  3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.А, Б.Лнар нь шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн бол прокурорын дүгнэлтийг үндэслэн, уг шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг мэдэгдсүгэй.
  4. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 153 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч Б.А, Б.Лнарт оногдуулсан тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээнд хяналт тавихыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.
  5. Энэ хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
  6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг сидийг хэрэгт хавсаргасугай.
  7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
  8. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.А, Б.Лнарт хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ тус тус авсугай.

 

 

 

               ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Ч.ОТГОНБАЯР