| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Сугарын Болортуяа |
| Хэргийн индекс | 177/2018/0190/э |
| Дугаар | 200 |
| Огноо | 2018-12-11 |
| Зүйл хэсэг | 17.12.1., |
| Улсын яллагч | Я.Дина |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 12 сарын 11 өдөр
Дугаар 200
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Болортуяа даргалан,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Энхтуяа,
Улсын яллагч: Увс аймгийн Прокурорын газрын хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих хяналтын прокурор Я.Дина,
Шүүгдэгч: Б.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийж, Увс аймгийн Прокурорын газрын хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих хяналтын прокурор Я.Динагаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ш ургийн овогтой Бын Бэд холбогдох 1835003610226 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1996 оны 9 дүгээр сарын 06-ны өдөр Увс аймгийн Өлгий суманд төрсөн, 22 настай, эрэгтэй, бүрэнд дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл-9, аав, ээж, ах, дүү нарын хамт Увс аймгийн Өлгий сумын 2-р багт оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгүүлж байгаагүй, РД:ОИ96090612, Ш ургийн овогтой Бын Б.
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Шүүгдэгч Б.Б нь 2018 оны 10 дугаар сарын 03-наас 04-нд шилжих шөнө Увс аймгийн Өлгий сумын 2 дугаар багийн нутгаас хохирогч Д.Цийн 3 тооны бог мал буюу ямааг хулгайлж 137.000 төгрөгний хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
1. Шүүгдэгч Б.Бийг мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлийн талаар:
Увс аймгийн Өлгий сумын 2-р багийн нутагт нутаглаж байсан хохирогч Д.Цийн 3 тооны ямааг 2018 оны 10 дугаар сарын 03-ны орой 22 цагийн үед шүүгдэгч Б.Б хулгайлж авсан болох нь хохирогч Д.Цийн хэрэг бүртгэлтэд өгсөн: “Би 2018 оны 10 дугаар сарын 04-ний орой малаа хураагаад гэрийн гадна ээрээд хэвтүүлээд маргааш өглөө нь босоод саахад хар халзан эх ямаа, хар хүрэн эх ямаа дутахаар нь ямаагаа тоолоход 3 ямаа дутсан юм. Тэгээд малаа зүслэхэд саадаг хоёр ямаанаас гадна халзан зүсмийн дөнөн ямаа байхгүй болохоор нь гайхаад хажуу айлуудын мал шүүгээд байхгүй байсан юм. Тэгээд ишигтэй ямаа ишигнээсээ салах учир байхгүй тийм болохоор хулгай авсан гэж бодоод цагдаагийн байгууллагад хандсан юм. Алга болсон ямаа гурвуулаа манай ямаанууд юм. Хар хүрэн зүстэй чих нь урдаасаа гөлөм имтэй, зүүн чих нь ардаасаа цөгрөг имтэй 4 настай эх ямаа, хар халзан зүстэй 4 настай эх ямаа /им ижил/ улаан халзан зүсмийн 3 настай эр ямаанууд /им ижил/ алга болсон юм. Манай ямаа алга болдог орой буюу шөнө шуургатай байсан ба шуурган дунд нохой хуцаад мал үргэсэн юм. Тэгээд би салхинд юм хийсэж ирж мал үргэсэн юм байх гэж бодоод малаа ээрчихээд ороод унтсан юм. Тэгтэл өглөө босоод ямаагаа саахад саадаг хоёр ямаа дутахаар нь хулгай авсан гэж сэжиглэж байгаа юм. Би урьд өгсөн мэдүүлэгтээ 2018 оны 10 дугаар сарын 04-ноос 05-нд шилжих шөнө 3 тооны ямаагаа хулгайд алдсан гэж мэдүүлэг өгсөн бөгөөд эхнэр бид хоёр он сар өдрөө андуурч мэдүүлэг өгсөн байсан. Манайх 2018 оны 10 дугаар сарын 04-ний өглөө ямаагаа саах гэтэл манай ямаагаа 3 ямаа дутасныг нь мэдсэн юм. Уг 3 ямааны 2 ямаа нь саамийн эх ямаанууд байсан. Нөгөө ямаа нь 3 настай эр ямаа байсан юм. Манай ямаанууд 2018 оны 10 дугаар сарын 03-наас 04-нд шилжих шөнө хулгайлагдсан байсан ба эхнэр бид хоёр сүүлд календарь харж байж мэдсэн юм. Бид нар малаа алдаад 5 хоногийн дараа буюу 2018 оны 10 дугаар сарын 08-ны өдөр цагдаад өргөдөл гаргасан юм. Тэгж бодохоор 10 дугаар сарын 03-ны шөнө малаа хулгайд алдсан юм. Надад учирсан хохирол болох 3 тооны ямаануудыг Бөд зарсан байсныг хурааж авч надад өгсөн, учирсан хохирол төлөгдсөн. Надад ямар нэгэн санал хүсэлт, гомдол тэмцэл, нэхэмжлэх зүйл байхгүй” /хх-ийн 07-09 тал/ гэх мэдүүлэг,
иргэний нэхэмжлэгч Н.Б мөрдөн байцаалтанд өгсөн: “Би энэ жил сумандаа ямаа худалдаж авч байгаа юм. 2018 оны 10 дугаар сарын 04-ний орой би Өлгий сумын төвд байх гэртээ өөрийн эхнэр Ө болон хүүхдийнхээ хамтаар байж байтал манайд манай нутгийн Б ахын хүү болох Б нь 3 тооны ямаа туучихсан 21.00 цагийн үед ганцаараа ирсэн юм. Тэгээд Б нь надад “би өглөө ажилтай учраас оройн цагаар мал тууж авч ирлээ, миний ямаанууд байгаа юм” гэж хэлээд надад хар халзан эм ямаа-1, улаан халзан гунан буюу гурван настай ямаа-1, хар хүрэн зүсийн эх ямаа 4 настай-1 нийт 3 ямаа 125.000 төгрөгөөр зарсан. Би Б-ээс хар халзан эх ямааг 45.000 төгрөг, нөгөө хоёр ямааг 40.000 төгрөгөөр тооцож худалдаж авсан юм. Тэгээд Б мөнгөө авчихаад явчихсан юм. Би өөрийн худалдаж авсан ямаануудыг сумын төвд гэртээ хадгалж байсан бөгөөд 2018 оны 10 дугаар сарын 29-ний өдөр хэсгийн төлөөлөгч ахлах дэслэгч Б.Б прокурорын зөвшөөрлөөр Бийн надад зарсан 3 тооны ямааг авсан юм. Уг 3 тооны ямаа нь Ц гэх хүний хулгайд алдсан ямаанууд байсан. Б.Б надад зарсан 3 тооны ямааг хураалгасаны дараа надтай уулзаж уг 3 тооны ямааг хулгайлсан талаар хэлж надад учирсан хохирол болох 125.000 төгрөгийг төлж хохирлын барагдуулсан. Надад Бээс нэхэмжлэх зүйл, гомдол байхгүй” /хх-ийн 30-32 тал/ гэх мэдүүлэг,
гэрч У.Н-гийн хэрэг бүртгэлтэд өгсөн: “...Манай малуудаас 3 тооны ямаанууд нь 2018 оны 10 дугаар сарын 03-ны шөнө хулгайлагдсан байсан. Тэгээд бид нар 2018 оны 10 дугаар сарын 04-ний өглөө малаа тоолоход манай малаас хар халзан, улаан халзан, хар хүрэн зүсмийн 3 ямаа дутсан. Баруун чих нь урдаасаа гөлөм имтэй, зүүн чих нь ардаасаа цөгрөг имтэй юм. Нөхөр бид хоёр 5 хоногийн дараа цагдаагийн байгууллагад өргөдөл гаргасан юм. Нөхөр Ц бид хоёр урьд мэдүүлэг өгөхдөө 2018 оны 10 дугаар сарын 04-ноос 2018 оны 10 дугаар сарын 05-ны шилжих шөнө хулгай гарсан гэж андуурч мэдүүлэг өгсөн байсан юм. Нөхөр бид хоёр сүүлд календарь харж байж 10 дугаар сарын 03-ны шөнө хулгай гарсныг мэдсэн.” хх-ийн 10-12 тал/ гэх мэдүүлэг,
гэрч О.Ө-ын хэрэг бүртгэлтэд өгсөн: “Би тэр үед гэртээ байсан. Орой 21 цагийн үед гадаа хүн ямаа өгнө гэж хэлээд манай нөхөр Б гарч ямаа аваад хашаа руу оруулчихаад орж ирсэн юм. Тэгээд Б гэдэг залуу хар халзан, улаан халзан, бор хүрэн зүсмийн 3 ямаа авч ирлээ гэж хэлсэн юм. Би яг гадаа гарч хараагүй. Тэр залуу ганцаараа 3 ямаа тууж авч ирж өгсөн байсан. Тухайн үед гэрийн гадна ямар нэгэн машин унаа ирэх дуу чимээ гараагүй.” гэх мэдүүлэг /хх-ийн 13-14 тал/ гэх мэдүүлэг,
гэрч Д.Нгийн мөрдөн байцаалтанд өгсөн: “Би Увс аймгийн Өлгий сумын 2 дугаар багийн нутагт нөхөр Б болон 7 хүүхдийнхээ хамтаар амьдардаг юм. Манай хүү М, Ц, Э нар нь Улаанбаатар хотод ажиллаж байгаа. Харин Бийн 3 дүү болох С, Д, О нар нь Өлгий сумын төвд сургуульд сурцгаадаг юм. 2018 оны 10 дугаар сарын 03-ны үеэр нөхөр Б, хүү Б бид гурав хөдөө байх гэртээ байсан юм. Манайх 100 гаруй бог малтай бөгөөд манай малыг ихэвчлэн Б малалдаг юм. 2018 оны 10 дугаар сарын 03-ны өглөө Б малаа туугаад бэлчээрт гарсан бөгөөд тэр шөнө гэртээ 23.00 цагийн үед ирж хоносон. Б нь сүүлд буюу цагдаа нарт шалгагдаж эхлэхдээ хулгай хийсэн талаараа хэлсэн бөгөөд Б нь нөхөр бид хоёрт “би Ц ахын малаас 2018 оны 10 дугаар сарын 03-ны шөнө 3 ямааг ганцаараа хулгайлж аваад маргааш орой нь буюу 2018 оны 10 дугаар сарын 04-ний шөнө сумын төв рүү тууж орж Бөд 125.000 төгрөгөөр зарсан” гэж хэлсэн юм. Б.Б нь Цийн малаас 3 тооны ямааг хулгайлж олсон мөнгөөрөө өөртөө гар утас авах гэж хулгай хийсэн гэж хэлсэн юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 17-18 тал/ гэх мэдүүлэг,
гэрч Б.Б-гийн мөрдөн байцаалтанд өгсөн: “Би Өлгий сумын төвд эхнэр Шагж болон бага насны 3 хүүхдүүдийн хамтаар амьдардаг юм. Б.Б нь хөдөө аав, ээжийнхээ хамтаар мал маллаж амьдардаг бөгөөд манайхаар ирж очоод, хонож өнжөөд яваад байдаг юм. 2018 оны 10 дугаар сарын 04-ний шөнө 22.00 цагийн үед Б нь манайд ганцаараа явган ирж хоноод маргааш өглөө нь гэрлүүгээ явсан. Б нь манайд ирэхдээ хөдөө гэрээсээ ирлээ гэж хэлж байсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 19-20 тал/ гэх мэдүүлэг,
гэрч Ж.Бын хэрэг бүртгэлтэд өгсөн: “2018 оны 10 дугаар сарын 03-ны өглөө Б малаа туугаад бэлчээрт гарсан бөгөөд тэр шөнө гэртээ 23.00 цагийн үед ирж хоносон. Тэгээд маргааш өглөө нь Б урдын адил малуудаа бэлчээрт авч гарсан ба өглөө гарахдаа өнөө орой сумын төв орж хоночихоод ирнэ гэж хэлээд гарсан юм. Манайх орой телевизоргүй бөгөөд Б сумын төв рүү орж айлд хонож өнжөөд гэртээ ирж очоод яваад байдаг юм. Б нь тэр орой буюу 2018 оны 10 дугаар сарын 04-ний шөнө Өлгий сумын төв рүү орж манай хүргэн Батхүүгийн гэрт хоночихоод маргааш нь гэртээ ирсэн. Манайх өөрийн малуудаа явганаар хариулж малладаг бөгөөд Б мөн адил малуудаа явганаар хариулж малладаг юм. Тэр өдөр ч гэсэн малуудаа явганаар маллаж байсан юм. Б.Б нь сүүлд буюу цагдаа нарт шалгагдаж эхлэхдээ хулгай хийсэн талаараа хэлсэн бөгөөд Б нь эхнэр бид хоёрт “би Ц ахын малаас 2018 оны 10 дугаар сарын 03-ны шөнө 3 ямааг ганцаараа хулгайлж аваад маргааш орой нь буюу 2018 оны 10 дугаар сарын 04-ний шөнө сумын төв рүү тууж орж Бөд 125.000 төгрөгөөр зарсан” гэж хэлсэн юм. Тэгээд Б нь Ц, Б нартай уулзаж хохирлыг нь төлж барагдуулсан бөгөөд Цийн 3 ямааг хэсгийн төлөөлөгч Б.Б нь Бөд мал байсныг хураан авч Цэд өгсөн, харин Бөөс 3 ямааг зараад авсан гэх 125.000 төгрөгийг Б буцаагаад Бөд өгч хохирлыг барагдуулсан” гэх мэдүүлэг /хх-ийн 23-24 тал/ гэх мэдүүлэг,
шүүгдэгч Б.Б-ийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн “Би Өлгий сумын 2 дугаар багийн нутагт аав Б, ээж Н, ах М, Ц, Э, дүү О, С, Д нарын хамт ам бүл-9 мал маллаж амьдарцгаадаг юм. Манай гэрээс Ц ахынх 500 метр орчим зайнд айл хошоо байсан юм. Би 2018 оны 9 дүгээр сарын сүүлээр өөрийн Самсунг S2 маркийн гар утасаа гээгдүүлсэн юм. Тэгээд би гар утасгүй болчихсон учраас 2018 оны 10 дугаар сарын 03-ны өдөр малаа маллаж явж байгаад оройхон Ц ахын малаас 3 ямаа хулгайлж зарж мөнгө олж, олсон мөнгөөрөө өөртөө гар утас авна гэж бодсон юм. Тэгээд би тэр шөнө буюу 2018 оны 10 дугаар сарын 03-ны 22:00 цагийн үед харанхуй болохоор ганцаараа явганаар хажуу айл болох Цийн гэрийн ар талд задгай хэвтэж байсан бог малуудаас хар халзан эх ямаа-1, хар хүрэн эх ямаа-1, улаан халзан зүсмийн 1 тооны ямаа нийт 3 тооны ямааг барьж аваад туусан бөгөөд тэднийх унтаж байх шиг байсан юм. Тэгээд би хулгайлсан 3 ямаагаа тууж урагшаа эргээд 2 километр орчим явганаар алхаад эзгүй чулуугаар барьсан хашаа руу уг 3 ямаагаа тууж оруулаад саравчинд уячихаад буцаад гэрлүүгээ явсан. Тэгээд би гэртээ 23:00 цагийн үед очоод унтсан юм. Тухайн үед манай гэрт манай аав Б, ээж Н нар байсан юм. Тэгчихээд би маргааш өглөө нь буюу 2018 оны 10 дугаар сарын 04-ны өглөө би 07:00 цагийн үед гэрээсээ гарч өөрийн бог малуудаа бэлчээрт тууж гаргачихаад бэлчээртээ байж байгаад орой болохоор нь Цийн малаас хулгайлсан 3 тооны ямаагаа очиж аваад урагшаагаа Өлгий сумын төв рүү тууж 21:00 цагийн үед сумын төвд ирсэн. Тухайн мал хашсан гэх газраас Өлгий сумын төв хүртэл 7 орчим километр зайтай байсан юм. Тэгээд би Өлгий сумын төвд ирээд сумын төв дээр мал худалдаж авдаг чэнж Бийн гэрт нь очсон юм. Тэдний гэрт Б эхнэр болон бага насны хүүхдийнхээ хамтаар гурвуулаа байсан юм. Тэгээд би хулгайлсан 3 тооны ямаагаа Б ахад өглөө эрт ажилтай болчихсон учраас орой аваад ирлээ, манай өөрийн ямаанууд байгаа юм гэж хэлээд хар халзан эх ямааг 45000 төгрөгөөр, нөгөө хоёр ямааг нь тус бүр 40.000 төгрөгөөр нийт 125.000 төгрөгөөр зарсан юм. Тэгчихээд би Өлгий сумын төвд хүргэн ах Батхүүгийн гэрт хоносон ба маргааш нь буюу 2018 оны 10 дугаар сарын 05-ны өдөр хөдөө байх гэртээ харьсан юм. Би мал хулгайлаад зарсан мөнгөөрөө өөртөө гар утас авах гэж хулгайн гэмт хэрэг үйлдсэн юм. Би тухайн үед Ц ахаас уучлалт гуйсан бөгөөд Ц ах малаа буцааж авсан тул гомдолгүй болж хохирол нь барагдсан. Харин Б ахад би Ц ахын 3 ямааг зарж авсан мөнгө болох 125.000 төгрөгийг нь буцааж өгч хохирлыг төлж барагдуулсан юм. Би Д.Цийн 3 тооны ямааг хулгайлсан үйлдлээ хүлээн зөвшөөрч байгаа бөгөөд гэмт хэрэг үйлдсэндээ маш их гэмшиж байна.” гэх мэдүүлэг,
Эд зүйл хураан авах прокурорын зөвшөөрөл, эд мөрийн баримт хураан авсан тухай тэмдэглэл, 3 тооны ямаанд үзлэг хийж хүлээлгэн өгсөн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, Гэрэгэ эстимэйт ХХК-ийн 2018 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн УВ/01/543 дугаар “Бог малын зах зээлийн үнийн тодорхойлолт” /хх-ийн 34-40, 42 тал/ зэрэг хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт авагдаж бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр нотлох баримтуудыг үнэлж, хэргийг хянан шийдвэрлэлээ.
Дээрх нотлох баримтуудаар шүүгдэгч Б.Б 2018 оны 10 дугаар сарын 03-ны орой хохирогч Д.Цийн гэрийн гадна хотолж байсан малаас нь 3 тооны ямааг таслаж аваад 2 км орчим газарт явганаар тууж эзгүй хашаанд оруулан, улмаар маргааш нь Н.Б гэх хүнд 125.000 төгрөгөөр худалдсан үйл баримт нотлогдон тогтоогджээ.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлд бусдын малыг хулгайлсан бол “Мал хулгайлах” гэмт хэрэгт тооцохоор хуульчилсан бөгөөд тус зүйлийн тайлбар хэсэгт: “мал” гэдэгт хонь, ямаа, адуу, үхэр, тэмээ хамаарна гэж заасан тул шүүгдэгч Б.Бийн хохирогч Д.Цийн 3 тооны ямааг өмчлөгч, эзэмшигчид нь мэдэгдэхгүйгээр нууцаар авч, бусдад 125.000 төгрөгөөр зарсан үйлдэл нь “Мал хулгайлах” гэмт хэргийн шинжийг хангасан байна.
Иймд шүүгдэгч Б.Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
“Гэрэгэ Эстимэйт” ХХК-ийн 2018 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн УВ/01/543 дугаар “Бог малын зах зээлийн үнэлгээний тодорхойлолт” / хх-ийн 42-р тал/-ыг үндэслэн тооцоход энэ гэмт хэргийн улмаас хохирогч Д.Ц 3 тооны бог мал буюу 125.000 төгрөгийн хохирол учирсан байх бөгөөд мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогчийн 3 тооны ямааг иргэний нэхэмжлэгч Н.Бөөс хураан авч, хохирогч Д.Цэд буцаан олгосон байна.
Мөн иргэний нэхэмжлэгч Н.Б нь хулгайн эд зүйл буюу 3 тооны ямааг нийт 125.000 төгрөгөөр худалдан авсан байх ба уг төлбөрийг шүүгдэгч Б.Б нь төлсөн нь тогтоогдсон тул шүүгдэгчээс гаргуулах хохирол, төлбөргүй гэж үзлээ.
Шүүгдэгч Б.Б нь шүүхийн хэлэлцүүлэгт “хэргийн үйл баримт, гэм буруугийн талаар маргахгүй, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмшиж байна” гэж мэдүүлж оролцсон болохыг дурдах нь зүйтэй.
2. Шүүгдэгч Б.Бэд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:
Шүүгдэгч Б.Б мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон бөгөөд тэрээр хэрэг хариуцах чадвартай, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт “энэ хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг нэг жилээс дээш, дээд хэмжээг найман жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон, эсхүл зорчих эрхийг хязгаарлах ялын доод хэмжээг нэг жилээс дээш хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэнээс хойш таван жил өнгөрсөн” гэж зааснаар тухайн гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байх тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Б.Бийн хувийн амьдрал, зан байдлын талаар гэрч Ж.Б, Ц.Б, Ж.Д нар мэдүүлсэн ба түүний өмчлөлд ямар нэгэн хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгө бүртгэгдээгүй, урьд өмнө ял шийтгүүлж байгаагүй байна. /хх-ийн 23-24, 25-26, 27-28, 59, 64, 65, 71 тал/
Шүүгдэгч Б.Бийн үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Мал хулгайлах” гэмт хэрэг нь хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл зургаан сараас таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас таван жил хүртэл хугацаагаар хорих ял оногдуулахаар заасан, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хөнгөн ангиллын гэмт хэрэгт хамаарах тул шүүх шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн нөхцөл болон түүний хувийн байдал, үйлдэгдсэн гэмт хэргийн шинжийг харгалзан, гэмт зан үйлийг ухамсарлуулж ойлгуулах зорилгоор 300 цаг нийтэд ажил хийлгэх ял оногдуулах нь зүйтэй гэж дүгнэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “Ялтан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солино” гэж заасан тул шүгдэгч Б.Бэд шүүхээс оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлэх үүрэгтэйг, биелүүлээгүй бол хорих ялаар солих болохыг тайлбарлах нь зүйтэй.
Шүүгдэгчид ял шийтгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй ба гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт заасан хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон болно.
Шүүгдэгч Б.Б нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгө байхгүй болохыг тус тус дурдаж, гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял оногдуулсан тул шүүгдэгчид өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэхээр тогтлоо.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Ш овогтой Бын Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Мал хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-д 300 /гурван зуун/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б шүүхээс оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй тохиолдолд оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 /найм/ цагийн ажлыг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулсугай.
4. Шүүгдэгч Б.Б нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, гаргуулах хохиролгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжилсэн эд хөрөнгө байхгүй болохыг тус тус дурдсугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-д өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.БОЛОРТУЯА