Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 02 сарын 17 өдөр

Дугаар 210/МА2023/00402

 

 

 

 

 

2023 оны 02 сарын 17 өдөр

Дугаар 210/МА2023/00402

 

**********-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Баясгалан даргалж, шүүгч Э.Золзаяа Ш.Оюунханд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 181/ШШ2022/03096 дугаар шийдвэртэй,

**********-ийн нэхэмжлэлтэй ********, ********* нарт холбогдох,

Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд зээл 78,982,619.82 төгрөг, хүү 40,865,054.45 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 508,270.95 төгрөг, нийт 120,355,945.22 төгрөг гаргуулах, эрхийн улсын бүртгэлийн Ү2203022902 дугаартай барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах, мөн ирээдүйд олох орлогоос гаргуулах тухай иргэний хэргийг

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Ш.Оюунханд илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Бямбацэрэн, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Онон, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Шолпан нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, түүний үндэслэлийн агуулга:

1.а. ********** нь зээлдэгч ********, хамтран зээлдэгч ********* нартай байгуулсан зээлийн гэрээг цуцалж, дээрх хариуцагчдаас зээлд 78,982,619.82 төгрөг,

1.б. Хүүд 40,865,054.45 төгрөг,

1.в. Нэмэгдүүлсэн хүүд 508,270,95 төгрөг, нийт 120,355,945.22 төгрөг гаргуулах,

1.г. Ү-2203022902 дугаартай барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах, мөн ирээдүйд орох орлогоос гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан юм.

Хэргийг шүүхээр шийдвэрлэх явцад хариуцагч нараас сүүлд зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүд нийт 4,329,000 төгрөгийг төлсөн байх тул анх нэхэмжилсэн дүнгээс хасаад үлдсэнээр нь төлөлт хийлгэнэ гэжээ.

********** нь зээлдэгч Б. Сонинчимэг, хамтран зээлдэгч ********* нартай 2020 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр 20/07 тоот зээлийн гэрээг байгуулж 80,000,000 төгрөгийн зээлийг 50 сарын хугацаатай жилийн 24 хувийн хүүтэй барьцаатай, зээлдүүлж, зээлдэгчийн 102000051029 тоот дансанд олгосон.

Тус зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийн хангуулахаар 2020 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр №20/07 тоот барьцааны гэрээг байгуулж, ********, О.Энх-Амгалан нарын өмчлөлийн Сүхбаатар дүүргийн 3-р хороо, 5-р хороолол /14252/ Нарны Зам гудамж 41 байр, 9 тоот хаягт байршилтай, эрхийн улсын бүртгэлийн Ү-2201022902 дугаарт бүртгэлтэй үл хөдлөх хөрөнгийг барьцаалж, барьцааны гэрээг эрхийн улсын бүртгэлд бүртгүүлсэн.

Зээлдэгч нь 20/07 тоот зээлийн гэрээний салшгүй хэсэг болох хавсралт 1-ийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу зээл, хүүгийн төлбөрийг сар бүр бүрэн төлөх үүрэгтэй боловч 2020 оны 03 дугаар сарын 20-ны өдрөөс хойш зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй, хуваарийг зөрчиж, эхэлсэн тул банкнаас удаа дараа мэдэгдэж, утсаар холбогдож, мэдэгдэл хүргүүлсэн. Өнөөдрийг хүртэл огт төлөлт төлөлгүй муу ангилалтай болсон.

Зээлдэгч нь 20/07 тоот зээлийн гэрээ байгуулснаас хойш үндсэн зээлээс 1,017,380.18 төгрөг, хүүгээс 1,642,196.03 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгээс 796,380.07 төгрөг, нийт 3,455,956.28 төгрөг төлсөн.

Зээл 78,982,619.82 төгрөг, хүү 40,865,054.45 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 508,270.95 төгрөг, нийт 120,355,945.22 төгрөг болж хуримтлагдсан. Банкны зүгээс уг зээлийг төлүүлэхээр шат дараалсан арга хэмжээ авч ажиллаж байгаа боловч тодорхой үр дүн гараагүй. Харилцааны менежер нь зээлдэгч ********тэй олон удаагийн давтамжтайгаар утсаар болон биечлэн уулзсан. Ингэхдээ утсаар ярьсан тэмдэглэл, зээлдэгчийн хүсэлтийг баталгаажуулж авдаг.

 

2. Хариуцагч талын татгалзал, тайлбарын агуулга: Төрийн банк нь зээлдэгч Б. Сонинчимэг, ********* нартай 2020 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр 20/07 тоот зээлийн гэрээ байгуулж, 80,000,000 төгрөгийн зээлийг 50 сарын хугацаатай, жилийн 24 хувийн хүүтэй хэрэглээний зээлийг хэрэглэгчийн 102000051209 дансанд олгосон.

Зээлдэгч нар нь зээлийн гэрээний дагуу үүргээ зохих ёсоор биелүүлж ирсэн. ******** зээлийн гэрээгээ үргэлжлүүлэх хүсэлтэй, зээлээ төлж байгаа. Зээлээ гэрээний хугацаандаа багтаж бүрэн төлөх болно. Талуудын хооронд байгуулагдсан гэрээний хугацаа 2025 оны 05 дугаар сарын 23-ны өдөр дуусах байтал уг хугацааг дуусахаас 3 жилийн өмнө 2022 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр ********** нэг талын санаачилгаар зээлийн гэрээнээс татгалзаж байгаа нь үндэслэлгүй.. Энэ талаар урьдчилж ямар нэгэн мэдэгдэл өгөөгүй нэхэмжлэгч гэрээнээс татгалзсан нь хууль зөрчиж байна.

Жужу ХХК нь 2017 онд иргэн Б.Мөнхтуулын өмчлөлийн Монголфакторинг ББСБ ХХК, Максимукапитал ББСБ ХХК нарын захиалгаар Баянзүрх дүүргийн Цайз-16-д 5 давхар орон сууц барьж, бусдын газар дээр өөрийн хөрөнгөөр 700 сая төгрөг бусдаас зээлж санхүүжүүлж уг барилгыг барьсан боловч захиалагчаас гүйцэтгэлийн төлбөр мөнгөө авч чадахгүйгээс мөнгөн урсгалын хомсдол үүссэнийг нөхөхийн тулд хэрэглээний зээл өөрийн нэр дээр авч энэ өр үүссэн. Одоо Жужу ХХК нь 461,886,414 төгрөгийг Монголфакторинг ББСБ ХХК-аас нэхэмжилж Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд маргаж байна. Тэрчлэн захиалагч хөрөнгөгүйн улмаас зогссон барилгын ажлыг урагшлуулахын тулд угсралтын ажлыг дуустал санхүүжүүлэхээр Б.Мөнхтуул, түүний дүү Б.Баярмаа нар нь манай Жужу ХХК-ийн өмчлөлд улсын бүртгэлийн Ү-2201010580 дугаарт бүртгэгдсэн Сарора зочид буудлын барилгыг барьцаалж Төрийн банкнаас 1 тэрбум төгрөгийн зээл авсан боловч нэг ч төгрөг төлөөгүй, үүргийн гүйцэтгэлийг барьцаанд байгаа үл хөдлөх хөрөнгөөр хангуулж манай компанийг хохироосон. Ийм маргаантай зэрэгцээд Ковидын хоёр жил, дайны нэг жилийн улмаас тус компанийн үйл ажиллагаа орлого доголдож, бизнесийн орлого дутаж, барилгын салбарт эдийн засгийн хүндрэл үүссэн, хил гаалийн хүндрэл, тээврийн саатал бэрхшээлээс шалтгаалж үйл ажиллагаа доголдож зээлийн төлбөр хойшилсон ч зээлдэгчийн компани 2023 онд Баянзүрх дүүрэгт 16 давхар орон сууцны барилга барих тул энэ орлогоос хугацаандаа багтаж зээлээ төлөх боломжтой гэж тооцож байна.

Засгийн газар, Улсын Онцгой комиссын шийдвэрээр хөл хорио тогтоож хорио цээрийн дэглэмд шилжиж, цаг үеийн байдлаас шалтгаалсан давагдашгүй хүчин зүйлийн улмаас үүсч 2020 оны 03 дугаар сарын 18-ны өдөр Монгол банк, Санхүүгийн Зохицуулах Хорооны түр журам шийдвэрийн дагуу зээл, зээлийн хүүгийн төлөлтийг 2022 оны 12 дугаар сарын 31-нийг хүртэл түр зогсоосон байхад ийнхүү шүүхэд нэхэмжлэл гаргасан нь хууль зөрчиж байна.

Нэхэмжлэгчийн нэхсэн үнийн дүн тооцоо алдаатай, үндэслэлгүй гэж үзэж маргаж байна. 2022 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн байдлаар зээлийн төлбөр 3,455,956.28 төгрөг төлснийг нэхэмжлэгч зөвшөөрдөг.

Гэтэл хариуцагч нийт 6,551,821 төгрөг төлсөн нь хэрэгт хавсаргасан Төрийн банкны дансны хуулгаар нотлогдоно.

Хариуцагчийн тооцсоноор 26 сар 27 өдрийн зээлийн хүү 43,016,000 төгрөг болно. Задалбал: сарын зээлийн хүүний төлбөр 80,000,000х2%=1,600,000 төгрөг ба 26 сарын хүү 41,439,991 төгрөг, нэмэх нь 27 хоногийн зээлийн хүү 1,439,991 төгрөг буюу нийтдээ 43,039,991 төгрөг. Үүн дээр 80,000,000 төгрөгийн үндсэн зээлийг нэмэхэд нийт үүрэг 123,016,000 төгрөг, Нийт үүргээс төлсөн 6,551,821 төгрөг, дансанд царцаасан 1,996,991.7 төгрөгийг хасахад үлдэгдэл төлбөр 114,467,267 төгрөг болно. Нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1, 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт зааснаар зохигч талуудын хооронд байгуулагдсан 2020 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 20/07 тоот зээлийн гэрээг цуцалж, хариуцагч ********, ********* нараас 116,026,945 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч **********-д олгож, нэхэмжлэлийн шаардлагын 4,329,001.22 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар үүрэг гүйцэтгэгч нар сайн дураар үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд барьцааны зүйл ********, О.Энхамгалан /хоёр иргэний/ нарын өмчлөлийн Ү-2203022902 дугаартай Нийслэлийн Сүхбаатар дүүрэг, 3-р хороо, 5-р хороолол /14252/ Нарны зам гудамж 41 байр, 9 тоот хаягт байрлах 84.2 м.кв талбайтай 4 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг албадан дуудлага худалдаагаар худалдан борлуулж үүргийн гүйцэтгэлийг хангуулах, мөн хариуцагч нарын ирээдүйд орох орлогоос үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн /70,200+759,730/ нийт 829,930 төгрөгийг улсын төсвийн орлого болгож, хариуцагч ********, ********* нараас 808,285 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч **********-д олгож шийдвэрлэсэн байна.

 

4. Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:

4.1. Зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцалсан нь үндэслэлгүй.

"Төрийн банк" ХХК нь зээлдэгч ********, Ш. Зоригт нартай 2020 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр 20/07 тоот зээлийн гэрээ байгуулж, 80,000,000 төгрөгийн зээлийг 2024 оны 03 дугаар сарын 22-ны өдөр хүртэл 50 сарын хугацаатай жилийн 24 хувийн хүүтэй хэрэглээний зээлийг хэрэглэгчийн 102000051029 дансанд олгосон.

2022 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр "Төрийн банк" ХХК шүүхийн нэхэмжлэл гаргаж, нэг талын санаачилгаар зээлийн гэрээнээс татгалзсан ба энэ талаар урьдчилж ямар нэгэн мэдэгдэл өгөөгүй нэхэмжлэгч гэрээнээс татгалзсан нь хууль зөрчиж байна. Аль нэг тал гэрээнээс татгалзах бол энэ тухайгаа нөгөө талдаа мэдэгдэнэ.

Хуульд заасны дагуу мэдэгдээгүй тул гэрээ цуцлах талаар хуулиар тогтоосон журмыг зөрчсөн гэх үндэслэлтэй. Мэдэгдлийг гардаж аваагүй талаар хариуцагч нарын хэн аль нь шүүхэд мэдэгддэг, тайлбарладаг. Гэтэл анхан шатны шүүхээс тухайн мэдэгдлийг хариуцагч нь хүлээн авсан хэмээн үзэж, нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй. ИХШХШ тухай хуулийн 40-р зүйлийн 40.2-т "Нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлээгүй.

4.2. ******** миний бие Төрийн банкаар дамжуулан цалингаа авдаг бөгөөд тус банкнаас миний цалингийн дансыг битүүмжилж, зээлийн эргэн төлөлтийг хийлгэдэг. Иймд ******** би тогтсон хуваарийн дагуу зээлээ төлж байгаа

4.3. Коронавируст цар тахлын үүссэн нөхцөл байдал нь давагдашгүй хүчин зүйлд хамаарна.

 

Монгол банкнаас зээлийн эргэн төлөлтийг тодорхой хугацаанд чөлөөлсөн. Өөрөөр хэлбэл зээлдэгчийн гаргасан хүсэлтийн дагуу зээлийн эргэн төлөх хугацааг хойшлуулж байсан. Бидний гаргасан хүсэлтийг зохих журмын дагуу шийдвэрлэлгүй орхигдуулсан нь, мөн шүүхийн зүгээс бидний гаргасан тайлбар, хүсэлтийг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлж хэргийг шийдвэрлээгүйд гомдолтой байна.

4.4. Нэхэмжлэгч нь 2022 оны 12 сарын 20-ны өдөр хариуцагч Б. Сонинчимэгийн Төрийн банк дахь цалингийн данснаас 1,997,000 төгрөгийг зээлийн төлбөрт тооцон шилжүүлсэн баримтыг зохигчид шүүх хуралдаан эхлэхээс өмнө өгсөн бөгөөд шүүх хуралдааны явцад талууд харилцан зөвшөөрсөн байхад шүүх уг баримтыг үнэлж, зээлдэгчийн зээлийг эргэн төлсөн төлбөрийн тооцоонд оруулалгүй шийдвэрлэсэн нь үндэслэлгүй.

Иймд 1,997,000 төгрөгийг төлбөл зохих нийт төлбөрөөс хасч өгнө үү гэжээ.

 

5. Давж заалдах шатны шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан тайлбарын агуулга: Ковид-19 цар тахалтай холбоотой зээлийн төлөлт хойшлогдсон тухай тайлбарласан. Энэ нь Засгийн газраас үндсэн төлбөрийн орон сууц худалдан авах зориулалтай зээлийн төлбөрийг хойшлуулж байсан. Гэтэл хариуцагч ********ийн авсан зээл нь Орон сууц барьцаалсан хэрэглээний зээл байгаа.

Мөн зээлийн хугацааны талаар хариуцагч нараас зээлийн төлөлт хойшлуулах бичгээр хүсэлт гаргаагүй.

Хоёрдугаар, сар бүр зээл төлж байсан бол өнөөдрийн хүртэл 30,700,000 төгрөгийг зээлэнд төлж, үлдэгдэл 78,900,000 төгрөгийн зээлийн гэрээний үүргийг биелүүлээд явах байсан. Хариуцагч ********* нь нэг ч удаа ирж уулзаагүй, ********т мэдэгдэл өгөөгүй, нэг талын санаачилгаар гэрээг цуцалсан гэж тайлбарлаж байна. Үүнийг хүлээн зөвшөөрөхгүй байна, мэдэгдлийг олон удаа өгсөн.

Дараа нь Төрийн банканд 2022 оны 03 дугаар сарын 20-ны өдөр хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Онон, ******** нартай миний өрөөнд нэг удаа уулзаж, 3 сард багтаагаад 3,000,000 төгрөг төлнө, 4 сардаа багтааж 10,000,000 төгрөг, 5 сардаа багтан буцаж зээлийн гэрээний үүргээ биелүүлж, график төлөлтөд оруулна гэж хүсэлт бичиж өгсөн. Гэтэл уг төлбөр мөнгийг хугацаанд төлөөгүй тул Төрийн банк зээлийн гэрээний 6 дугаар зүйлийн 6.2 дахь хэсэгт зааснаар шүүхэд нэхэмжлэл гаргасан. Мөн хариуцагч талаас илүү төлөлт хийсэн гэж тайлбарлах нь үндэслэлгүй. Төрийн банк нь өөрийн дотоод хяналт шалгалтай, дахиад ТУЗ-н харья дотоод аудитын газартай. Мөн манайх жил болгон Ai QR-ийн олон улсын шинжилгээ өгдөг, Олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн, жил болгон баталгаажуулж тайлангаа гаргаж хариуцлагатай ажилладаг байгууллага юм гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дах хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцсэн хэвээр үлдээх нь зүйтэй гэж үзэв.

 

1. Нэхэмжлэгч ********** нь хариуцагч ********, ********* нарт холбогдуулан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд

1.а. Зээл 78,982,619.82 төгрөг,

1.б. Хүү 40,865,054.45 төгрөг,

1.в. Нэмэгдүүлсэн хүү 508,270.95 төгрөг, нийт 120,355,945.22 төгрөг гаргуулах

1.г Барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

2. Хэргийн үйл баримт, шүүхийн шийдвэрийн үндэслэлийн талаар.

2.а. ********** нь *********, ******** нартай 2020 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр 20/07 тоот зээлийн гэрээг байгуулж, сарын 2, жилийн 24 хувийн хүүтэйгээр, 50 сарын хугацаатайгаар, 80,000,000 төгрөгийг орон сууц барьцаалсан хэрэглээний зээлийн зориулалтаар зээлдүүлсэн. Мөн өдөр барьцааны гэрээ байгуулан, ********, О.Энхамгалан /хоёр иргэний/ нарын өмчлөлийн Сүхбаатар дүүрэг, 3-р хороо, 5-р хороолол /14252/ Нарны зам гудамж 41 байр, 9 тоот хаягт байрлах 84,2 м.кв талбайтай 4 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалсан болох нь хэрэгт авагдсан гэрээ, зохигч талуудын тайлбараар тогтоогдож байна. /хх16-20/

Дээр дурдсан зээлийн болон барьцааны гэрээнүүдийг зохигч талууд бичгээр байгуулж, гарын үсэг зурж, барьцааны зүйл болох ********, О.Энхамгалан нарын өмчлөлийн Сүхбаатар дүүрэг, 3-р хороо, 5-р хороолол /14252/ Нарны зам гудамж 41 байр, 9 тоот хаягт байрлах 84,2 м.кв талбайтай 4 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг улсын бүртгэлийн газарт бүртгүүлсэн байх тул шүүх эдгээр гэрээг Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.2, 156 дугаар зүйлийн 156.1, 156.2, 451 дүгээр зүйлийн 451.2 дах хэсэгт заасан шаардлагыг тус тус хангасан хүчин төгөлдөр гэж үзлээ.

Талуудын хооронд байгуулагдсан зээлийн болон барьцааны гэрээнүүд нь хүчин төгөлдөр байх тул гэрээнд заасан үүргээ талууд биелүүлэх үүрэгтэй.

Гэрээгээр зээлдүүлэгч нь зээлийн мөнгөн хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгөх, зээлдэгч нь зээл, хүүг гэрээнд заасан хугацаанд төлөх, хэрэв гэрээнд заасан хугацаанд авсан зээлээ эргүүлэн төлөөгүй бол гэрээнд заасны дагуу нэмэгдүүлсэн хүү төлөх үүргийг тус тус хүлээхээр хуульд заасан тул нэхэмжлэгч зээлийн гэрээний үүргийг хариуцагч ********, ********* нараас шаардах эрхтэй.

2.б. Гэрээний 2.1-д зээлдэгч зээлийн эргэн төлөлтийн хуваарийг 3-аас дээш удаа зөрчсөн тохиолдолд гэрээг ноцтой зөрчсөн гэж үзнэ гэж заасан. Хариуцагч тал зээлийг графикт заасан хуваарийн дагуу төлөөгүй 2020 оны 02 дугаар сарын 29-ний өдөр буюу нэг удаа 1,017,380.18 төгрөг төлсөн, төлөгдөөгүй үлдэгдэл 78,982,619.80 төгрөгийн талаар хариуцагч тал маргаагүй.

Мөн анхан шатны шүүхийн шийдвэрт 2020 оны 02 дугаар сарын 19-ний өдөр 27,219.19 төгрөг, 2020 оны 2 дугаар сарын 20-ны өдөр 793,929.67 төгрөг, 2020 оны 2 дугаар сарын 28-ны өдөр 706,486.2 төгрөг, 2020 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр 114,561.15 төгрөг, 2022 оны 10 дугаар сарын 18-ны өдөр 1,176,729.05 төгрөг, 2022 оны 10 дугаар сарын 31-ний өдөр 647,000 төгрөг, 2022 оны 12 дугаар сарын 20-ны өдөр 1,997,000 төгрөг, нийт 5,462,925.08 төгрөгийг төлсөн, гэрээний графикт хугацаанд зээлийн төлөлтийг төлөөгүй ийнхүү хугацаа хэтрүүлсний улмаас нэмэгдүүлсэн хүүд 2020 оны 02 дугаар сарын 02-ны өдөр 1,070.33 төгрөг, 2020 оны 02 дугаар сарын 28-ны өдөр 133.8 төгрөг, 2020 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр 25,438.85 төгрөг, 2022 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр 467,000 төгрөг,

2022 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр 302,737 төгрөг, 2022 оны 05 дугаар сарын 11-ний өдөр 465,000 төгрөг, 2022 оны 10 дугаар сарын 18-ны өдөр 43,270 төгрөг, нийлээд 1,304,651.02 төгрөгийг нэмэгдүүлсэн хүүд төлсөн ба нийтдээ 6,767,576.10 төгрөгийг хариуцагч төлсөн болох нь хэрэгт авагдсан дансны хуулгаар тогтоогдож байна гэж дүгнэснийг хариуцагч баримтаар няцаагаагүй. /хх65-70/

Мөн анхан шатны шүүхээс барьцааны гэрээнд заасан үл хөдлөх хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар заасанд хариуцагч маргаагүй.

 

3. Давж заалдах гомдлын талаар

3.а. Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч гэрээг хугацаанаас өмнө цуцлах эрхтэй гэж дүгнэсэн нь үндэслэлгүй гэжээ.

Анхан шатны шүүхээс Гэрээний 2.2.1-д зээлдэгч зээлийн эргэн төлөлтийн хуваарийг 3-аас дээш удаа зөрчсөн тохиолдолд гэрээг ноцтой зөрчсөн гэж үзнэ., 6.2-т Дараах нөхцөл байдал үүссэн, үүсэжс болзошгүй болсон нь нотлогдсон тохиолдолд банк энэхүү гэрээг хугацаанаас өмнө нэг талын санаачлагаар цуцалж болно, 6.2.1-т Зээлийн эргэн төлөлтийн хуваарийг ноцтой зөрчиж байгаа талаар зээлдэгчид удаа дараа мэдэгдэл хүргүүлсэн боловч зөрчлийг арилгах арга хэмжээ аваагүй бол, 6.3-т Банк гэрээг цуцалсан тохиолдолд Зээлдэгчээс зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү, бусад зардал, төлбөрийн нэн даруй төлөхийг шаардах эрхтэй... гэж тус тус зааж, харилцан тохиролцсон байх тул гэрээг цуцалсан нь үндэслэлтэй гэж дүгнэснийг буруутгахгүй.

Хэргийн баримтаас нэхэмжлэгч нь гэрээний үүргээ хугацаандаа биелүүлэхийг хариуцагчаас удаа дараа шаардаж байсан байна.

3.б. Ковид-19 цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулиар зээлдэгч нарын зээлийн хүүг бууруулах, хүү, нэмэгдүүлсэн хүү тооцохгүй байх үүргийг банкинд ногдуулаагүй учир энэ талаарх хариуцагч нарын төлөөлөгчийн татгалзлыг хүлээн авч, хангах боломжгүй.

3.в. 2022 оны 12 дугаар сарын 20-ны өдөр төлсөн 1,997,000 төгрөг зээлийн төлбөрт төлсөн тооцоонд оруулж өөрчлөлт оруулж өгнө үү гэх агуулгатай гомдлын тухайд:

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар зохигч өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаарх нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй.

Өөрөөр хэлбэл, хариуцагч талаас 2022 оны 12 дугаар сарын 20-ны өдөр 1,997,000 төгрөг төлсөн гэж тайлбарлаж байгаа боловч тус тайлбараа өөрөө нотлоогүй, энэ талаарх баримт хэрэгт авагдаагүй байна. Баримтаа бүрдүүлж уг төлбөрийг шийдвэр гүйцэтгэлийн шатанд тооцуулах эрх хариуцагчид нээлттэй юм.

 

4. Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 181/ШШ2022/03096 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 47,000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ М.БАЯСГАЛАН

 

ШҮҮГЧИД Э.ЗОЛЗАЯА

 

Ш.ОЮУНХАНД