Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2023 оны 02 сарын 09 өдөр

Дугаар 223/МА2023/00009

 

 

   2023          02           09                                                    223/МА2023/00009

 

Ц.Б-гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Мөнхдаваа даргалж, шүүгч З.Түвшинтөгс, Ерөнхий шүүгч Р.Мөнх-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Төв аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 151/ШШ2022/01177 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч Ц.Б-гийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч Ш.М-д холбогдох,

 

Зээлийн гэрээний үүрэгт 74,493,000 төгрөг гаргуулах, 2018 оны 10 дугаар сарын 07-ны өдөр байгуулсан хэлцлээс татгалзах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн өмгөөлөгч А.Мөнхтулгын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн 2022 оны 12 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Р.Мөнх-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ц.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч А.Мөнхтулга, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Ариунболд, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Дөлгөөн нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгч Ц.Б-гийн шүүхэд гаргасан нэхэмжлэлд болон шүүхэд гаргасан тайлбарын агуулга: “...Ш.М бид хоёр нэг нутаг, нэг сургуульд сурч байсан багийн найзууд юм. Тэрээр 25,000,000 төгрөг олж өгч туслаач ээ гэсэн. Би Н.Т-д өөрийн эзэмшлийн хашаа байшингаа барьцаалж, 8 хувийн хүүтэй 25,000,000 төгрөгийг Ш.М-д авч өгсөн. Энэ гэрээний дагуу хүү 2,000,000 төгрөгийг Ш.М төлсөн. Үүнээс хойш 11 сарын хүү, үндсэн төлбөрийг төлөөгүй. Харин би гэрээ хийснээрээ шүүхэд хариуцагчаар дуудагдсан. Бид эвлэрлийн гэрээ байгуулан хашаа байшингаа авахын тулд бүх төлбөрийг төлж барагдуулсан.

Ш.М 2018 оны 10 дугаар сарын 07-ны өдөр надтай иргэд хоорондын хэлцэл хийж 30,000,000 төгрөгийг барагдуулсан гэж гэрээ хийсэн ч уг мөнгийг өгөлгүй өнөөдрийг хүрч байна. Иймд уг хэлцлээс татгалзаж байна.

Энэ асуудлаар Цагдаагийн байгууллагад хандсан ч Нийслэлийн Чингэлтэй дүүргийн Прокурорын газрын 2021 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн Прокурорын тогтоолоор хэрэг бүртгэлийн хэргийг хааж шийдвэрлэсэн.

Би Төв аймгийн Эвлэрүүлэн зуучлагчид 2021 оны 12 дугаар сарын 01-ний өдөр өргөдөл гаргасан боловч Эвлэрүүлэн зуучлал хэрэглэхээс татгалзсан тухай тэмдэглэлийг 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдөр эвлэрүүлэн зуучлагч өгсөн. Иймд шүүхийн журмаар 30,000,000 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн. Гэхдээ би уг зээлийг төлөхийн тулд 2021 оны 12 дугаар сарын 08-ны өдөр “Ворлд голд” ББСБ-аас 39.000.000 төгрөгийг 4 хувийн хүүтэй зээлж авч барагдуулсан тул үндсэн зээл, хүүгийн хамт нийт 74.493.000 төгрөг гаргуулах шаардлагыг Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.3 -т зааснаар гаргаж байна гэжээ.

 

2.Хариуцагч Ш.М-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ариунболдын шүүхэд гаргасан хариу тайлбарын агуулга: “ ... Тус шүүхэд Ц.Б-гаас Ш.М-д холбогдуулан 2018 оны 10 дугаар сарын 07-ны өдөр иргэд хоорондын хэлцлээр 30,000,000 төгрөгийг барагдуулсан гэх гэрээний төлбөрийг нэхэмжилсэн. 2022 оны 3 дугаар сарын 15-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагыг 44,493,000 төгрөгөөр нэмэгдүүлэн нэхэмжилснийг бүхэлд нь эс зөвшөөрч дараах тайлбарыг гаргаж байна.

Иргэн Ш.М 2016 оны 2 дугаар сарын 29-ний өдөр Ц.Б-гаас 20,000,000 төгрөгийг хүлээн авсан. Тухайн үед Ц.Б бусдын өмнө үүрэг хүлээсэн тухай хэлцэл, гэрээ хийж уг мөнгийг өгсөн талаар мэдэгдээгүй. Үүнээс хойш тухайн 20,000,000 төгрөгийг буцаах хүртэл хугацаанд ч мөн (2016 оны 02 дугаар сарын 29-ний өдрөөс 2018 оны 10 дугаар сарын 07-ны өдөр  хүртэл) аливаа байдлаар бусдын өмнө хүлээсэн үүргийн харилцааг тодорхойлж байгаагүй болно. Мөн иргэд хоорондын хэлцлээр Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт зааснаар хүсэл зоригийн илэрхийллийг нөгөө тал хүлээн авснаар буюу 2018 оны 10 дугаар сарын 07-ны өдөр өмнө зээлсэн мөнгөн хөрөнгийг 30,000,000 төгрөг болгон нэмэгдүүлэн олгоход хүлээн авч, талуудын хооронд аливаа өр авлага, төлбөр тооцооны асуудлыг дууссан хэмээн хэлцлийг эрх бүхий этгээдийн өмнө баталгаажуулснаар Ш.М-аас Ц.Б-гийн өмнө хүлээсэн үүрэг дуусгавар болсон. Хэдийгээр Ц.Б нь хэлцлээр хүлээсэн 30,000,000 төгрөгийн үүргээ биелүүлээгүй гэж нэхэмжилж байгаа ч энэхүү нэхэмжлэл нь үндэслэлгүй. 2018 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн хэлцэл нь Иргэний хуулийн 39 дүгээр зүйл 39.1 дэх хэсэгт заасан иргэний эрх үүргийг дуусгавар болгосон хуульд нийцсэн хэлцэл бөгөөд энэхүү хэлцлийн хүчин төгөлдөр эсэхэд маргаан үүсгээгүй байж хэлцлийн үүргийг нэхэмжлэх боломжгүй. Энэхүү хэлцлээр хийгдсэн мөнгөн хөрөнгийг хүлээн авсан болон хүлээлгэн өгсөн, тоолж хүлээн авсан, хэлцэл хийснийг Иргэний хуулийн 43 дугаар зүйл 43.2.1, 43.3 дахь хэсэгт заасан тодорхой үйлдэл байгаа тухай Чингэлтэй дүүргийн Цагдаагийн хэлтэст 201101178 дугаартай хэрэг бүртгэлийн хэрэг нээж шалгасан хэрэгт тодорхой нотлох баримт болон гэрчүүдийн (мөнгө хүлээлгэн өгсөн гэрч н.Мөнхбаатар, Ч.Тунгалаг нар) мэдүүлгээр тодорхой нотлогдоно.

Нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагын тухайд Ц.Б нь 2018 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн хэлцлийг хүчин төгөлдөр бусд тооцуулсан, нотариатын үйлдлийг хүчингүйд тооцсон тохиолдолд шаардах эрх нээгдэх бөгөөд Ц.Б-гийн бусдын өмнө хүлээсэн үүргийг Ш.М хүлээх үүрэггүй. Ц.Б-гийн өмнө үүрэг хүлээсэн гэрээ хэлцэл хийгээгүй. Иймд түүнийг бусадтай хийсэн гэрээнээс учирсан хохирлыг хүлээхгүй.  Ш.М-д Ц.Б-гийн бусдын өмнө хүлээсэн үүрэг, үүнээс гарах үр дагаврын талаар хэлсэн, мэдүүлсэн байхаас гадна талууд энэ талаар тохирсон байх ёстой. Энэ тохиолдолд Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.3 дахь хэсэгт зааснаар дагуу эрх үүсэх болно. Иймд Ц.Бгийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

 

3.Анхан шатны шүүх: Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.1.1, 186 дугаар зүйлийн 186.1, 219 дүгээр зүйлийн 219.1, 281 дүгээр зүйлийн 281.1.1-т зааснаар Ц.Б-гийн нэхэмжлэлтэй Ш.М-д холбогдох 2018 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн хэлцлээс татгалзах, мөн зээлийн гэрээний үүрэгт нийт 74.493.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Тус шүүхийн 2022 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн 151/ШЗ2022/01062 дугаартай шүүхээс гарах биелэлтийг баталгаажуулах захирамж нь шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болох хүртэл хугацаанд хүчинтэй болохыг дурдаж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 688.395 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

4.Нэхэмжлэгч Ц.Б болон өмгөөлөгч А.Мөнхтулга нарын давж заалдах гомдол болон тайлбарын агуулга: “ ... Шүүхийн шийдвэр хууль ёсны үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй. Үүнд:

1.Маргааны үйл баримтын тухайд нэхэмжлэгч Ц.Б нь хариуцагч Ш.М-ын гуйлтаар түүний хамт Н.Т-тай уулзаж миний багын найз Ш.М-д 20 сая төгрөг хэрэгтэй байна, зээлүүлээч гээд өөрийн хашаа байшинг барьцаанд тавьж зээлийн болон барьцааны гэрээг 2016 оны 2 дугаар сарын 29-ний өдөр байгуулан 20 сая төгрөгийг бэлнээр авч өгсөн байдаг. Нэхэмжлэгч хариуцагчид би чамд өөрийн хашаа байшинг барьцаалан зээлийн гэрээ хийж мөнгө авч өглөө шүү, зээл хүүгээ хугацаанд нь төлөөд найзынхаа хашаа байшинг буцаагаад аваад өгөөрэй гэж харилцан тохироод хариуцагч хүлээн зөвшөөрч байна гэснээр тэр хоёрын хооронд аман хэлцэл хийгдсэн байдаг. Энэ зээлийн болон барьцааны гэрээний гараар бичсэн бичвэр хэсгийг Ш.М бичиж бөглөн нэхэмжлэгч гарын үсэг зурдаг. Энэ зээлийн гэрээний хугацаа 1 жил, сарын 8 хувийн хүүтэй, алданги 0,5 хувиар тохиролцсоныг хариуцагч хамт байж гэрээний бичвэр хэсгийг бичсэн, зээлсэн мөнгийг авч байгаагийн хувьд хүлээн зөвшөөрсөн гэж үзнэ. Мөн 3-4 хоногийн дараа 2016 оны 3 дугаар сарын 02-ны өдөр нэмж 5 сая төгрөг хамт очиж авахдаа зээлийн гэрээн дээр нэмэлтээр бичүүлсэн байдаг. Ингээд 25 сая төгрөгийг 1 жилийн хугацаатай, сарын 8 хувийн хүүтэй мөнгийг нэхэмжлэгчээр дамжуулан хариуцагч авсан. Хариуцагч 25 сая төгрөг авсан гэдэг асуудлаар маргадаггүй хүлээн зөвшөөрдөг боловч, зээлийн гэрээ надад хамаагүй би оролцогч биш тул гэрээний үүргийг хүлээх ёсгүй тийм учраас хүү алданги надад хамаагүй гэж тайлбарладаг. Гэрч Н.Т-ын гэрчээр өгсөн мэдүүлгээр нэхэмжлэгч хариуцагч нар нь түүнээс 25 сая төгрөгийн зээл авахдаа хамтдаа байсан гэдгийг нотолдог. Энэ зээлийн гэрээнээс болж нэхэмжлэгч маш их хохирол амсаж үндсэн зээл, түүний хүү алдангид 65 сая төгрөгийг шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн журмаар зээлдүүлэгч Н.Т-д төлсөн нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдоно. Хариуцагч мөнгө авсан үеэс хойш 1 сарын үндсэн төлбөр, хүүгийн хамт 2 сая төгрөгийг зээлдүүлэгчид төлсөн бөгөөд түүнээс хойш нэг ч төгрөг төлөлгүй зээлийн хугацаа дууссаны үр дагаварт нэхэмжлэгч дээрх байдлаар хохирсон. Найздаа тус болсны төлөө өөрийн ганц өмч болох хашаа байшингаа алдахгүй нь тулд "Ворлд голд" ББСБ-аас 39 сая төгрөг 4 хувийн хүүтэй зээлж 65 сая төгрөгийн төлбөрийг барагдуулж хашаа байшингаа барьцаанаас чөлөөлсөн. Энэ зээлийн талаарх нотлох баримт хавтаст хэрэгт авагдсан. Ингээд нэхэмжлэгчийн нийт хохирлын хэмжээ 74,493,000 төгрөг болж түүнийг хариуцагчаас нэхэмжилсэн болно. Гэтэл шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэнд гомдолтой байна. Шүүх хариуцагч нь энэ зээлийг авахад байлцсан, зээлийн гэрээний бичвэр хэсгийг бичсэн, хүү алданги, хугацааг хүлээн зөвшөөрч тухайн зээлсэн мөнгийг авсан, нэхэмжлэгч хариуцагч нар нь хоорондоо бичгэн гэрээ хийгээгүй боловч зээлийн нөхцөлөө харилцан тохиролцсон хариуцагч түүнийг хүлээн зөвшөөрсөн хэлцэл хийгдсэн байхад "... хэлцлээр Ш.М нь ямар нэгэн үйлдэл хийх үүрэг хүлээсэн, хүлээсэн үүргээ зөрчсөн гэх үндэслэл тогтоогдохгүй байх тул хохирол шаардах эрхгүй байна" гэж үндэслэх хэсэгт дурдсан нь хууль ёсны үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй нэг үндэслэл болж байна. Учир нь зээлийн гэрээг бүхэлд нь хүлээн зөвшөөрч зээлийн гэрээний үүргийг бүрэн хүлээхээр харилцан тохиролцсон хэлцэл байсан тул түүний үр дагаврыг арилгах үүргийг хариуцагч хүлээнэ.

2.Мөн маргааны нэг гол сэдэв нь 30 сая төгрөгийг өгсөн авсан гэдэг асуудлыг шүүх 30 сая төгрөгийг өгсөн нь үйл баримтаар тогтоогдож байна гэсэн нь үндэслэлгүй юм. Энэ талаар гэрч нарын мэдүүлэг болон 2018 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн "Иргэд хоорондын хэлцэл" хийж нотариатаар гэрчлүүлсэн баримт хавтаст хэрэгт авагдсан. Гэрч нарын мэдүүлгээр хэлцэл хийхийн өмнө болон хэлцэл хийж байхад 30 сая төгрөгийг өгөөгүй гэдгийг бүгд гэрчилдэг. Гэтэл хэлцэлд "бэлнээр төлж дуусгасан нь үнэн болно" гэсэн байдаг. Хэлцэл хийж байх цаг хугацаанд 30 сая төгрөгийг бэлнээр өгөөгүй байсан нэг фактыг шүүх дүгнээгүй нь хууль ёсны үндэслэл бүхий шаардлагыг хангаагүй нэг үндэслэл болно. Гэрч нарын нэхэмжлэгчид өгсөн гэх 30 сая төгрөгийн эх үүсвэрийг 2-3 янзаар тайлбарладаг. Тухайлбал Хаан банкнаас авсан, бэлнээр авсан, металл зараад өгсөн гэх мэтээр. Мөн хаана өгсөн талаар машинд өгсөн, нотариатын дэргэд өгсөн гэх мэтээр, хэн хэн байлцсан талаар гурвуулаа байсан дөрвүүлээ байсан гэх мэтээр зөрүүтэй мэдүүлэг өгсөн байдаг. Гэтэл нэхэмжлэгчийн аваагүй мөнгийг авсан байна гэж шүүх үзсэн нь үндэслэлгүй юм.

3.Шүүх Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 281.2 дахь заалтуудыг тус тус дурдаад хэлцлээр Ш.М нь ямар нэг үйлдэл хийх үүрэг хүлээсэн, үүргээ зөрчсөн гэх үндэслэл тогтоогдохгүй байх тул хохирол шаардах эрхгүй байна гэсэн. Дээрх хуулийн зохицуулалтаар 25 сая төгрөгийг зээл түүний хүү, хугацаа, алдангийг хүлээн зөвшөөрсөн учраас хариуцагч тухайн мөнгийг авснаар зээлийн гэрээ буюу хэлцэл хийгдсэн үйл баримт нотлогдоно. Шүүх зөвхөн маргаан бүхий татгалзаж байгаа 2018 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн хэлцэл хүчин төгөлдөр учир шаардах эрхгүй гэж үйл баримтын талаар буруу дүгнэлт хийж хэргийг хянан шийдвэрлэсэн нь хууль ёсны үндэслэл бүхий шаардлагыг хангаагүй гэж үзнэ. Хэлцэл хийгдсэн хэлцлээс үүссэн хохирол хор уршгийг Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсгээр шаардах эрхтэй гэж үзнэ. Тухайн 30 сая төгрөг өгсөн өгөөгүй асуудалтай холбоотой 2018 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн хэлцлээс  татгалзах нэхэмжлэлийн шаардлага нь Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1 дэх хэсгээр 30 сая төгрөгийг шаардах эрх юм.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн тухайд:

          1.Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчээс зээлийн болон барьцааны гэрээний бичвэр хэсгийг хэн бичсэн талаар шинжээч томилох болон эрүүгийн хэргээс нотлох баримт гаргуулах хүсэлтийг хангаагүй нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн эрхийг ноцтой зөрчсөн гэж үзнэ. Нэхэмжлэгч тал прокурорт хүсэлт гарган зарим нотлох баримтыг гаргуулж шүүхэд өгсөн боловч хүлээж авалгүй буцаан өгсөн. Мөн шүүх хуралдааныг хийлгэхгүй байх үүднээс хариуцагч нь 3 төлөөлөгч томилсон, тэдгээр төлөөлөгч нар нь шүүх хуралдаанд ирдэггүй, ирэхээрээ зөвхөн шүүгчээс татгалзах хүсэлт гаргаж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд санаатай саад учруулж байхад шүүх ямар нэгэн арга хэмжээ аваагүй. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ирээгүй байхад шүүх хуралдааныг шалтгаангүйгээр удаа дараалан хойшлуулсан нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг санаатай удаашруулсан ноцтой зөрчилд орно.

          2. Гэрч Ч.Тунгалагийг шүүх хуралдаанд дуудан ирүүлдэггүй шалтгаанаар шүүх хуралдааныг удаа дараалан хойшлуулсан ба шүүх хуралдаанд гэрч Ч.Тунгалагийг танхимаар оролцуулалгүй, гэрч оролцуулах хуулийн заалтыг ноцтой зөрчиж шүүх хуралдаан хийсэн. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 109 дүгээр зүйлийн 109.1 дэх хэсэгт заасан “Шүүх хуралдаан даргалагч гэрчийг шүүх хуралдааны танхимд оруулж түүний үүрэг, хүлээлгэх хариуцлагыг урьдчилан сануулж, энэ тухай шүүх хуралдааны тэмдэглэлд гарын үсэг зуруулна" гэснийг ноцтой зөрчиж онлайнаар шүүх хуралд оролцуулсан нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн гэж үзнэ. Хуульд зааснаар гэрчийг танхимаар оролцуулаагүй, хууль сануулж гарын үсэг зуруулаагүй болно. Шүүх гэрчийг шүүх хуралдаанд оролцуулах үүргээ биелүүлээгүй албадан ирүүлэх захирамж гаргасан боловч түүний биелэлтийг хангаагүй ноцтой зөрчил гаргасан.

          Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5-д зааснаар Төв аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 151/ШШ2022/01177 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож дахин шийдвэрлүүлэхээр буцааж өгнө үү” гэв.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Ариунболдын тайлбарын агуулга: “Төв аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 151/ШШ2022/01177 дугаар шийдвэрийг хууль ёсны бөгөөд үндэслэлтэй гарсан гэж үзэж байна. Нэхэмжлэгчийн гаргасан гомдлыг үндэслэлгүй гэж үзэж байна.

...Иргэд хоорондоо 20.000.000 төгрөг авсан дээр маргахгүй. Тэгэхдээ 20.000.000 төгрөгийг ямар нөхцөлөөр авсан бэ гэдэг дээр ямар нэгэн байдлаар гэрээ хэлцэл хийгээгүй, талуудын хоорондын тохиролцоогоор авсан талаар марагддаггүй. 20.000.000 төгрөгийг буцаагаад 30.000.000  төгрөг болгож өгсөн. Уг 30.000.000 төгрөгийг 2018 оны 10 дугаар сарын 07-ны өдөр буцааж өгөхдөө гэрчүүд, нотариатчийн хажууд өгдөг. Мэдээж нотариатын үйлдэл маань өөрөө хууль зүйн үйл явцыг баталгаажуулж өгдөг болохоос ямар нэгэн байдлаар тогтоож өгдөг гэрээ хэлцэл биш бөгөөд нотариатын үйлдэл нь өөрөө хүчин төгөлдөр юм. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн асуудлыг ярьж байна. Гэрчийг онлайнаар асуудаг. Гэрч Тунгалагийн хувьд өөрөө хүндэтгэн үзэх шалтгаанаар ам бүлийнх нь хүн нас барсан тул оролцох боломжгүй гээд нэхэмжлэгчийн зөвшөөрлөөр онлайнаар оролцуулдаг. Зөвшөөрлийг нь хурлын тэмдэглэлдээ тусгуулж байгаад асуусан байгаа. Гэрчийн мэдүүлгийг шүүх шийдвэрийнхээ үндэслэл болгоогүй гэдгийг шийдвэртээ тусгаж өгсөн байдаг. Гэрчийн мэдүүлгийг шүүх үнэлээгүй гэдгийг дурддаг. Тиймээс нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү “ гэв.

 

ХЯНАВАЛ:

 

1.Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн өмгөөлөгч А.Мөнхтулгын гаргасан давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзэхэд анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулахдаа хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн, хуулиар тогтоосон журмыг ноцтой зөрчсөний улмаас шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй тул шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж үзлээ.

 

2.Нэхэмжлэгч Ц.Б хариуцагч Ш.М-аас зээлийн гэрээний үүрэг болон хохиролд нийт 74,493,000 төгрөг гаргуулах, 2018 оны 10 дугаар сарын 07-ны өдөр 30,000,000 төгрөг төлсөн гэсэн хэлцлээс татгалзах шаардлага гаргасан.

Хариуцагч Ш.М 30,000,000 төгрөгийг бэлнээр төлсөн тул зээлийн гэрээний үүрэг дуусгавар болсон. Мөн нэхэмжлэгч Ц.Б-гийн бусдаас зээлсэн мөнгөний хүүг хохиролд тооцон шаардаж байгааг зөвшөөрөхгүй гэж маргасан байна.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар нэхэмжлэгч нэхэмжлэлээ дэмжсэн нотлох баримтыг шүүхэд цуглуулан өгөх, хариуцагч татгалзаж байгаа үндэслэлээ баримтаар няцаах, талууд хуульд зааснаар шүүхийн журмаар нотлох баримт бүрдүүлэн мэтгэлцэх эрх, үүрэгтэй.

 

Анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 151/ШЗ2022/03793 дугаар шүүгчийн захирамжаар Ч.Тунгалагаас гэрчийн мэдүүлэг авахаар шийдвэрлэсэн байна.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.3.-т зааснаар хүндэтгэн үзэх шалтгаантай байгаагаас бусад тохиолдолд шүүх гэрчийг дуудаж мэдүүлэг авах бөгөөд гэрч шүүхэд заавал хүрэлцэн ирэх үүрэг хүлээнэ.

 

Шүүх хуралдааны шатанд гэрчээс мэдүүлэг авах тохиолдолд гэрчийг шүүх хуралдааны танхимд оруулж, үүрэг хүлээх хариуцлагыг урьдчилан сануулж, энэ тухай шүүх хуралдааны тэмдэглэлд гарын үсэг зуруулсны дараа мэдүүлэг авах ажиллагааг зайлшгүй явуулах нь гэрч мэдүүлэг өгөхөөс татгалзах буюу зайлсхийх, зориуд худал мэдүүлэг өгөхгүй байх үүргийг хуулиар үүрэгжүүлсэн нь хариуцлага тооцохтой холбоотой.

Харин анхан шатны шүүх гэрч Ч.Тунгалагийг шүүхэд дуудах ажиллагааг хийлгүй шүүх хуралдаанд онлайнаар оролцуулсан нь хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэх үндэслэл болов.

 

Мөн шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт “ ... Нэхэмжлэгч Ц.Б-гийн хүсэлтийг үндэслэн гэрч Н.Т, Ц.Э нараас мэдүүлэг авах ажиллагааг хийсэн ба гэрч нарын мэдүүлэг нь Ц.Б мөнгө зээлсэн, Ш.М мөнгө зээлсэн үйл баримтыг нотолж байх ба зээлсэн мөнгө буцааж өгсөн эсэх үйл баримтыг хэн аль нь мэдүүлээгүй ба гэрчийн мэдүүлэг нь өөр бусад баримтаар нотлогдохгүй байх тул гэрч нарын мэдүүлгийг үнэлээгүй болно” гэж үнэлсэн атлаа гэрч Ч.Т-с авсан мэдүүлгийг хэрхэн үнэлсэн нь тодорхойгүй байгаа тул хэрэгт авагдсан баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1., 40.2.-т заасны дагуу үнэлсэн гэж үзэх боломжгүй.

           

Иймд давж заалдах шатны шүүх дээрх ажиллагааг нөхөн гүйцэтгэх боломжгүй тул нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаахаар давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.

 

5.Нэхэмжлэгч тал давж заалдах гомдол гаргахдаа төлсөн улсын тэмдэгтийн хураамж 688.365 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгох нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1-д заасныг баримтлан ТОГТООХ нь:

1.Төв  аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 151/ШШ2022/01177 дугаар шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож хэргийн дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа төлсөн улсын тэмдэгтийн хураамж 688.365 /зургаан зуун наян найман мянга гурван зуун жаран тав/ төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3.Зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.4-т заасны дагуу магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                           М.МӨНХДАВАА

 

       ШҮҮГЧИД                                           З.ТҮВШИНТӨГС

 

                                                                                         Р.МӨНХ-ЭРДЭНЭ