Улсын дээд шүүхийн Тогтоол

2020 оны 10 сарын 02 өдөр

Дугаар 529

 

Б.Б-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Амарбаясгалан, С.Батдэлгэр, Б.Батцэрэн, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор А.Оюунгэрэл, шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Эрхбаяр, нарийн бичгийн дарга Ч.Уранбилэг нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 144 дүгээр шийтгэх тогтоол, Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 44 дүгээр магадлалтай, Б.Б-ад холбогдох хэргийг Төв аймгийн прокурорын газрын хяналтын прокурор М.Гансувдын бичсэн эсэргүүцлийг үндэслэн 2020 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Эрдэнэбалсүрэнгийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 1991 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 29 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, хүнд машин механизмын оператор мэргэжилтэй, ***, ял шийтгэлгүй, Х овогт Б-н Б-.

Б.Б- нь 2017 оны 10 дугаар сарын 17-ны өдөр Төв аймгийн Лүн сумын нутгаас иргэн Д.Б-гийн өмчлөлийн эд хөрөнгө болох 89-34 УНБ дугаартай “Ланд круйзер-80” загварын тээврийн хэрэгслийг түүний бэр дүү М.Э-аас итгэмжлэн хариуцуулж өгснийг авч яван, улмаар “зам тээврийн осолд орсон” гэх нэрийдлээр тус тээврийн хэрэгслийг бусдад зарж борлуулан завшиж, бусдад 12,950,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх шүүгдэгч Б.Б-ыг бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-ыг 2 жил 6 сар хорих ял шийтгэж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж,

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-аас 12,750,000 төгрөг гаргуулж хохирогч Д.Б-д олгуулахаар шийдвэрлэжээ. 

Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгож, шүүгдэгч Б.Б-ад холбогдох эрүүгийн хэргийг Төв аймгийн прокурорын газарт буцааж, Эрүүгийн хэргийг прокурорт очих хүртэлх хугацаанд Б.Б-ад авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэсэн байна.

Хяналтын шатны шүүхэд прокурор М.Гансувд бичсэн эсэргүүцэлдээ “...Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, Эрүүгийн хуулийг буруу тайлбарласан, ...магадлал нь хууль ёсны ба үндэслэл бүхий болж чадаагүй гэж үзэж байна.

Учир нь давж заалдах шатны шүүхийн хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн үндэслэл нь хэрэгт цугларсан хохирогч, гэрч, шүүгдэгчийн яллагдагчаар болон шүүгдэгчээр өгсөн мэдүүлэг зэрэгт үндэслээгүй, зөвхөн шүүгч нараас хэргийн сэдэлт санаа зорилго хэзээ төрсөн талаар тогтоолгохоор хийсвэр дүгнэлт хийж, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож байгаа нь учир дутагдалтай байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1.1-д заасан гэмт хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгасан, магадлалд заагдсан дээрх ажиллагааг хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудаар шалгаж тогтоосон бөгөөд анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны ба үндэслэлтэй гарсан гэж үзэж байна.

Зүй нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн объектив шинж нь иргэн өөрийн эд хөрөнгийг бусдад ямар зорилгоор, итгэлцлийн үндсэн дээр захиран зарцуулах эрхгүйгээр итгэмжлэн хариуцуулж өгснөөс үл хамааран, гэмт этгээд тухайн иргэний эд хөрөнгийг итгэмжлэгдэн хариуцаж авснаас хойш эд хөрөнгийг завшсан /бусдад зарж борлуулан, мөнгийг нь завшсан/ үйлдлээр илэрдэг бөгөөд уг гэмт хэрэг нь хохирогчийн хөрөнгө гэмт этгээдэд хууль ёсоор шилжсэний дараа уг эд хөрөнгийг шамшигдуулах, завших санаа бий болж хэрэгжсэнээр төгсдөг.

Гэтэл давж заалдах шатны шүүхээс Б.Б-ад холбогдох хэргийг хянан хэлэлцээд буцаасан үндэслэлд дүгнэлт хийвэл энэ төрлийн гэмт хэргийн сэдэлт санаа зорилго нь гэмт этгээд анхнаасаа бусдын эд хөрөнгийг завших зорилгоор бусдаас эд хөрөнгийг нь итгэмжлэгдэн хариуцаж авсан байх үйлдлийг шалгаж тогтоолгохоор үндэслэлээ тодорхойлсон нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг бусад өмчлөх эрхийн эсрэг гэмт хэргээс ялгаж зүйлчлэх, шүүгдэгч Б.Б-ад холбогдох хэргийг шийдвэрлэгдэхгүй байдалд хүргэж байна.

Иймд магадлалыг хүчингүй болгуулахаар прокурорын эсэргүүцэл бичив.

Прокурор А.Оюунгэрэл хяналтын шатны шүүх хуралдаанд хэлсэн хууль зүйн дүгнэлтдээ “Шүүгдэгч Б.Б- нь бусдын эд хөрөнгийг итгэлцлийн үндсэн дээр захиран зарцуулах эрхгүйгээр хариуцуулж өгсөн үйлдлээс хойш буюу тээврийн хэрэгслийг зам тээврийн осолд орсон гэх нэрийдлээр эд ангийг нь зарж борлуулан хувьдаа ашигласан гэмт хэрэг үйлдсэн болох нь нотлогдон тогтоогдсон.

Шүүгдэгч нь тухайн эд хөрөнгийг засахаар авч явахдаа биш, хоёр дахь үйлдэл буюу зам тээврийн осолд орсны дараа зарж хувьдаа ашигласан. Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг буруу тайлбарлаж, гэмт хэргийн сэдэл, санаа зорилго хэзээ бий болсон, хэрэгт шалгавал зохих байдлыг шалгаагүй гэдэг үндэслэлээр буцаасан.

Иймд магадлалыг хүчингүй болгож, прокурорын эсэргүүцлийг хүлээн авах нь зүйтэй гэж үзэж байна” гэв.

Хяналтын шатны шүүх хуралдаанд шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Эрхбаяр хэлсэн саналдаа “Давж заалдах шатны шүүхээс машин зарах болсон шалтгаан нөхцөл, гэмт хэргийн сэдэл, санаа зорилго, цаг хугацааны асуудлыг буюу хэргийн нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоогоогүй гэдэг үндэслэлээр хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн. Прокурор эсэргүүцэлдээ дээрх үйл баримтуудыг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар тогтоосон гэх боловч ямар нотлох баримтаар тогтоосноо дурдаагүй. 2017 оны 10 дугаар сарын 17-ны өдөр шүүгдэгч нь найзынхаа машиныг Төв аймгаас засах гэж унаж яваад Улаанбаатар хотод орж ирээд “Саппоро”-ийн тойрог дээр осолдсон. 2018 оны 03 дугаар сард машиныг нь хашаандаа 6 сар байлгаж байгаад зарсан үйлдэл, 2018 оны 08 дугаар сард мөнгийг нь бүрэн өгч дуусгана гэдгээ бичгээр илэрхийлсэн үйлдлүүдийг прокурор базаж байгаад “завших” гэмт хэргийг үйлдсэн байна гэж дүгнэсэн.

Шүүгдэгчийн үйлдэлд гэмт хэргийн шинж байхгүй, нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл байхгүй. Цаг хугацааны асуудлыг буруу тогтоосноор бусад хуулийн заалтуудыг үнэн зөв бодитойгоор хэрэглэх боломжгүй болж байгаа юм. Хэрэв 2017 оны 10 дугаар сарын 17-ны өдөр гэмт хэргийг үйлдсэн гэж үзэж байгаа бол Улаанбаатар хотод онхолдсон машины хэргийг яагаад Төв аймгийн шүүх шийдвэрлэж байгаа юм гэдэг шүүхийн харьяаллын асуудал, хөөн хэлэлцэх хугацааны асуудал яригдана. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан нотолбол зохих байдлыг бүрэн тогтоогоогүй.

Мөн 2020 оны 04 дүгээр сарын 21-нд цагдаа дээр очиход нь цагдан хорьсон бөгөөд 22-ны өдөр шүүх хуралдааныг хийсэн. Шүүх хуралдааны товыг 3 хоногийн өмнө мэдэгдэх ёстой. Шүүгдэгчийн эрх зүйн туслалцаа авах, өмгөөлөгч авах эрхээр хангаагүй зэрэг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн байх тул давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж өгнө үү” гэжээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Төв аймгийн прокурорын газрын хяналтын прокурор М.Гансувдын бичсэн эсэргүүцлийг үндэслэн Б.Б-ад холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлд заасны дагуу анхан болон давж заалдах шатны шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзэв.

Прокуророос Б.Б-ыг 2017 оны 10 дугаар сарын 17-ны өдөр Төв аймгийн Лүн сумын нутгаас иргэн Д.Б-гийн өмчлөлийн эд хөрөнгө болох “Ланд круйзер-80” загварын тээврийн хэрэгслийг итгэмжлэн хариуцаж авч явсан, улмаар “зам тээврийн осолд орсон” гэх нэрийдлээр тус тээврийн хэрэгслийг зарж борлуулан завшиж, бусдад эд хөрөнгийн хохирол учруулсан гэж буруутган Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтад тулгуурлан хэргийн үйл баримтыг тогтоохдоо хэрэгт хамааралтай баримт нэг бүрийг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянах үүрэгтэй бөгөөд уг шаардлагыг хангалгүй хэргийг шийдвэрлэсэн байгааг давж заалдах шатны шүүхээс дүгнэн, улмаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй болсон байна.

Тодруулбал, гэмт хэрэг гарсан байдал, хэрэгт холбогдсон хүний үйлдлийн шинж чанар, гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан нөхцөл, гэмт хэргийг хэн, хэзээ, хэрхэн үйлдсэн болох, гэм буруугийн хэлбэрийн шинжийг тал бүрээс шалгаж, нарийвчлан тогтоогоогүй, хэргийн шийдвэрлэлтэнд ач холбогдолтой байж болох нотлох баримтыг цуглуулах мөрдөн шалгах ажиллагааг гүйцэт хийгээгүй зэргээр хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг бүрэн нотлоогүй байх тул хэргийн талаар хийсэн шүүхийн дүгнэлт нь бодит байдалд нийцээгүй, үндэслэлгүй гэж дүгнэсэн давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй.

Өөрөөр хэлбэл, шүүгдэгч Б.Б- нь 89-34 УНБ дугаартай Ланд круйзер-80 загварын тээврийн хэрэгслийг өмчлөгчөөс ямар зорилготой авч явсан болох, тус тээврийн хэрэгслийг Улаанбаатар хотод осолдоход хэн жолоо барьж байсан, мөн бусдад заавал худалдах шаардлага бий болсон эсэх, хэдэн төгрөгөөр худалдсан, мөнгийг юунд зарцуулсан болох, түүнчлэн шүүгдэгчийн үйлдэлд бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завших гэмт хэргийн шинж байгаа эсэх, эсхүл өөр өрсөлдөх хэм хэмжээ байгаа эсэхийг шалгаж тогтоох, гэмт хэрэг үйлдэх санаа, бодол хэдийд үүссэн болох, энэхүү харилцаа бий болох болсон шалтгаан нөхцөлийг шалгаж, дээрх маргаантай асуудлын талаарх үйл баримтыг бүрэн тогтоосны эцэст, хууль зүйн дүгнэлт хийх шаардлагатай болно.

Энэхүү ажиллагаа нь бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завших болон өөр өрсөлдөх хэм хэмжээ бүхий гэмт хэргийн шинжтэй эсэхэд дүгнэлт өгөх урьдач нөхцөлүүд мөн бөгөөд дээрх маргаантай харилцаанд хамаарах үйл баримтыг бүрэн тогтооход нотлох баримт хангалттай цугларсан эсэхэд прокурор хяналт, шалгалтыг дутуу хийсэн, анхан шатны шүүх хууль зүйн оновчтой дүгнэлт хийж чадаагүй байна.

Үүний зэрэгцээ, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг нь зөрчиж явагдсан, хэргийн оролцогчоос гаргасан гомдол, хүсэлтийг анхааран үзэж, мөрдөн шалгах ажиллагааг хуульд нийцүүлэн явуулбал зохино.    

Шүүхийн шийдвэрт нөлөөлж болох дээрх нөхцөл байдлууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлд заасан “Хэргийн бодит байдлыг тогтоох”-д чухал ач холбогдолтой тул анхан шатны шүүхийн шийдвэр хуульд заасан шаардлагыг хангаагүй гэж үзнэ.

Иймд шийтгэх тогтоолыг хүчингүй болгосон магадлалыг хэвээр үлдээж, прокурор М.Гансувдын бичсэн “...хэргийн нотолбол зохих байдлууд хангалттай нотлогдон тогтоогдсон, хэргийн зүйчлэл тохирсон тул магадлалыг хүчингүй болгуулах” тухай эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.3-т заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1. Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 144 дүгээр шийтгэх тогтоолыг хүчингүй болгосон Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 44 дүгээр магадлалыг хэвээр үлдээж, прокурор М.Гансувдын бичсэн эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Шүүгдэгч Б.Б-ад холбогдох хэргийг прокурорт очтол түүнд урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

                                      ДАРГАЛАГЧ                                                   Б.ЦОГТ

                                      ШҮҮГЧ                                                           Б.АМАРБАЯСГАЛАН

                                                                                                             С.БАТДЭЛГЭР

                                                                                                             Б.БАТЦЭРЭН   

                                                                                                             Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН