Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 02 сарын 16 өдөр

Дугаар 130

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Дамдинсүрэн даргалж, шүүхийн шүүх хуралдааны 1 дүгээр танхимд хийж,

Нэхэмжлэгч: Иргэн Д.Т*******

Хариуцагч: Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын Хуулийн этгээдийн бүртгэлийн газар

Гуравдагч этгээд: “*******” ХХК 

Нэхэмжлэлийн шаардлага: “*******” ХХК-ийн 2016 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн компанийн дүрмийн өөрчлөлтийг бүртгэсэн бүртгэлийг хүчингүй болгуулах” тухай шаардлага бүхий нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Д.Т*******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Э.Н*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Л*******, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Удаанжаргал нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Д.Т******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Д.Т******* би “*******” ХХК-д хөдөлмөр аюулгүй байдал, эрүүл ахуй, байгаль орчны хэлтсийн Аюулгүй ажиллагааны ажилтнаар ажиллаж байсан ба “*******” ХХК-ийн 2016 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 01/118-R тушаалаар хөдөлмөрийн гэрээ цуцалж, ажилгүй болсон. 

Тус  компанийн  дүрмийн  8 дугаар зүйлийн 8.7-ийн “ж”-д “гүйцэтгэх захирал нь компанийн дотоод бүтэц, зохион байгуулалтыг өөрчлөх ажлын байрыг цомхотгох шийдвэр гаргахдаа хувьцаа эзэмшигчдийн хурлын шийдвэрийг үндэслэн гаргах эрхтэй” гэж заасан байдаг атал 2016 оны 02 дугаар сарын 16-ны өдөр дүрмийн үг, үсгийн алдаа засаг нэрээр 8 дугаар зүйлийн 8.7-ийн “ж”-д “гүйцэтгэх захирал компаийн дотоод бүтэц, зохион байгуулалтыг өөрчлөх, ажлын байрыг цомхотгох шийдвэр гаргах эрхтэй ба ингэхдээ заавал хувьцаа эзэмшигчдийн хурлын шийдвэрийг авах шаардлагагүй” гэх утгын өөрчлөлтийг оруулсан байхад улсын бүртгэлийн байгууллага улсын бүртгэлд бүртгэсэн нь миний хууль ёсны эрх ашгийг хөндөж байна. Өөрөөр хэлбэл “*******” ХХК хувьцаа эзэмшигчдийн зөвшөөрлийг авч байж бүтцийн өөрчлөлтийг хийхээр зохицуулалттай байтал хувьцаа эзэмшигчдээс эрх олгоогүй байхад тус компанийн гүйцэтгэх удирдлагаас дүрмийн үг үсгийн алдаа засах нэрээр хувьцаа эзэмшигчдийн эрхэнд халдаж компанийн дүрэмд өөрчлөлт оруулж, уг дүрмийн өөрчлөлтийг улсын бүртгэлд бүртгүүлснээс шалтгаалж гүйцэтгэх удирдлагаас бүтцийн өөрчлөлт нэрээр ажлаас халагдсан учир миний хөдөлмөрлөх эрх ноцтой зөрчигдөж улмаар “*******” ХХК-ийн гүйцэтгэх удирдлагад дур зоргоор үйл ажиллагаа явуулах боломжийг олгосон нь хууль бус үйлдэл гэж үзэж байна.

2016 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр “*******” ХХК-ийн хувьцаа эзэмшигч Эс Жи Кү Көүл инвестмент Пти Лимитедийн хувьцаа эзэмшигч Чек Кай Жуаг гэх этгээдээс ирүүлсэн албан бичгийг үндэслэж байгаа гэх хэдий ч энэхүү албан бичиг нь нотлох баримтын хэмжээнд үнэлэгдэхгүй, 2016 оны 02 дугаар сарын 15-ны өдөр компанийн зүгээс улсын бүртгэлд бүртгүүлэх гэж хандсан нь 17 дугаар зүйлийн 17.4 “Компанийн дүрэмд нэмэлт, өөрчлөлт оруулах, компанийн дүрмийн шинэчилсэн найруулгыг тухайн шийдвэр гарснаас хойш ажлын 10 өдрийн дотор хуульд заасан журмын дагуу бүртгэлд бүртгүүлнэ” гэж заасныг зөрчсөн гэж үзэж энэхүү үйл байдлын талаар Д.Т*******ын нэхэмжлэлтэй “*******” ХХК-д холбогдох Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу 2016 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр мэдсэн ба мөн оны 09 дүгээр сарын 28-ны өдөр Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын Хуулийн этгээдийн бүртгэлийн газарт хандсан боловч 2016 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 8/11194 дүгээр албан бичгээр хууль журамд нийцсэн гэх хариу өгсөн тул “*******” ХХК-ийн 2016 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн компанийн дүрмийн өөрчлөлтийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.1-д заасны дагуу Улсын бүртгэлд бүртгэсэн бүртгэлийг хүчингүй болгож шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

Хариуцагч  Оюуны  өмч,  улсын бүртгэлийн ерөнхий газрын Хуулийн этгээдийн бүртгэлийн газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Л******* шүүхэд гаргасан тайлбартаа: “*******” ХХК-ийн дүрмийн өөрчлөлтийн монгол орчуулгыг 2016 оны 02 дугаар сарын 16-нд улсын бүртгэлд бүртгэхэд УБ-05 маягт, “*******” ХХК-ийн итгэмжлэл, Сингапур улсын Эс Жи Кү Көүл инвестмент Пти Лимитедийн тогтоол, түүний орчуулга, “*******” ХХК-ийн дүрмийн орчуулга зэргийг бүрдүүлж өгсөн.

Уг бүртгэл нь холбогдох хууль журамд нийцсэн байх тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

Гуравдагч этгээд “*******” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б******* шүүхэд гаргасан тайлбартаа: “*******” ХХК нь гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж бөгөөд компанийн бүх хувьцааг Сингапур улсад бүртгэлтэй Эс Жи Кү Көүл инвестмент Пти Лимитед дангаар эзэмшдэг.

2011 онд Компанийн тухай хуулийг шинэчлэн найруулсантай холбогдуулан компанийн дүрмийг шинэчлэн 2012 оны 07 дугаар сарын 09-ний өдөр баталсан. Ингэхдээ дүрмийг эхлээд Англи хэл дээр боловсруулан Монгол хэл рүүл хөрвүүлж бүртгүүлсэн.

Компанийн дүрмийг баримтлах, хэрэгжүүлэх явцад Англи дүрэм болон Монгол хэл рүү хөрвүүлсэн дүрэм утга, агуулгын хувьд зөрөх, техникийн алдаа гарсан зэрэг зөрчил байсан тул Англи хэл дээр бичигдсэн дүрмийг дахин Монгол хэл рүү хөрвүүлж бүртгүүлэх шаардлагатай болсон.

Ингээд 2016 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр “*******” ХХК-ийн хувьцаа эзэмшигчийн тогтоол гарч Англи хэлнээс Монгол хэл рүү дахин зөв хөрвүүлсэн дүрмийг баталгаажуулсан.

Компанийн зүгээс хувьцаа эзэмшигчийн тогтоолоор баталгаажсан дүрмийг 2016 оны 02 дугаар сарын 15-ны өдөр бүртгүүлэхээр Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын Хуулийн этгээдийн бүртгэлийн газарт холбогдох эх баримтуудын хамтаар өгч бүртгүүлсэн. “*******” ХХК-ийн дүрэм нь өөрчлөгдөөгүй ба зөвхөн орчуулгын засвар болон техникийн алдааг засварласан засвар орсон. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Иргэн Д.Т*******аас Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын Хуулийн этгээдийн бүртгэлийн газарт холбогдуулан гаргасан “*******” ХХК-ийн 2016 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн компанийн дүрмийн өөрчлөлтийг бүртгэсэн бүртгэлийг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудад үнэлэлт өгч хэргийг хянан шийдвэрлэлээ.

Улсын бүртгэлийн байгууллага нь Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 5 дугаар зүйлийн 5.4.3 дахь хэсэг , Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.1  дэх хэсэгт тус тус заасан чиг үүргийнхээ дагуу хуулийн этгээдийг үүсгэн байгуулах баримт бичиг, түүнд оруулсан өөрчлөлтийн бүртгэлийг хөтлөнө. 

“*******” ХХК-ийн хувьцаа эзэмшигч /Эс Жи Кү Көүл инвестмент Пти Лимитед/-ийн  2016 оны  01 дүгээр сарын 14-ний өдрийн тогтоол гарч тус компаний итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б******* 2016 оны 02 дугаар сарын 15-ны өдөр “*******” ХХК-ийн хувьцаа эзэмшигчийн тогтоол, итгэмжлэл, компанийн дүрэм зэргийг хавсарган “Хуулийн этгээдийн мэдээлэлд оруулсан өөрчлөлтийг улсын бүртгэлд бүртгүүлэх өргөдөл” гаргасныг улсын бүртгэлийн байгууллага хүлээн авч улсын бүртгэлд бүртгэсэн нь Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1-д заасантай нийцэж байна. 

Нэхэмжлэгч, “...“*******” ХХК нь Компанийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.4 “Компанийн дүрэмд нэмэлт, өөрчлөлт оруулах, компанийн дүрмийн шинэчилсэн найруулгыг тухайн шийдвэр гарснаас хойш ажлын 10 өдрийн дотор хуульд заасан журмын дагуу улсын бүртгэлд бүртгүүлнэ.”, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.3.-т “Энэ хуулийн 11.1-д заасан мэдээлэлд өөрчлөлт оруулсан бол тухайн хуулийн этгээд ажлын 15 өдрийн дотор энэ талаар улсын бүртгэлийн байгууллагад мэдэгдэнэ.” гэж тус тус заасныг зөрчсөн...” гэж маргаж байна. 

Гуравдагч этгээд “*******” ХХК-ийн хувьцаа эзэмшигч Эс Жи Кү Көүл инвестмент Пти Лимитед нь 2016 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн тогтоолдоо Компанийн дүрмийн Англи хэлнээс Монгол хэлрүү орчуулсан байдалд орчуулгын алдаа, зөрүү байгааг болон засварласан Монгол орчуулгыг энэхүү тогтоолд хавсаргасан байдлаар хувьцаа эзэмшигчид танилцуулсан болохыг тэмдэглэн орчуулгын засвар хийгдсэн Компанийн Монгол дүрмийг Хавсралтаар баталжээ.

Уг тогтоолоос харахад “*******” ХХК-ийн 2016 оны 02 дугаар сарын 16-ны өдөр улсын бүртгэлд бүртгүүлсэн дүрэм нь компанийн дүрмийн шинэчилсэн найруулга эсхүл дүрэмд нэмэлт, өөрчлөлт оруулсан агуулгагүй байна. 

Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.1-д “улсын бүртгэгч нь үйлчлүүлэгчид хууль бус шаардлага тавих, зүй бусаар харьцах;”, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2-т “Хуульд өөрөөр заагаагүй бол улсын бүртгэлийн байгууллага өргөдөл гаргагчаас энэ хуулийн 23.1-д зааснаас бусад баримт бичгийг шаардахгүй.” гэж зааснаар хариуцагч байгууллага компанийн дүрмийн орчуулгатай холбогдуулан өөр баримтыг нэхэмжлэгчээс шаардах эрхгүй байна.

Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуульд мөн хуулийн 11 дүгээр зүйлийн 11.3-т заасан хугацааг хэтрүүлсэн бол өргөдлийг хүлээн авахгүй байхаар зохицуулаагүй байна. 

Харин Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.5.-д “Хуулийн этгээд энэ хуулийн 11.3-т заасан хугацаанд өөрийн мэдээлэлд оруулсан өөрчлөлтийг улсын бүртгэлд бүртгүүлээгүй бол шүүгч, эсхүл эрх бүхий улсын байцаагч зөрчлийн шинж байдлыг харгалзан хуулийн этгээдийг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэгээс гурав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.” гэж хариуцлага хүлээлгэхээр заажээ.

Дээрх нөхцөл байдлуудад үндэслэн “*******” ХХК нь хуульд заасан материал бүрдүүлснийг хүлээн авч бүртгэсэн улсын бүртгэлийн байгууллага хууль зөрчөөгүй байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж дүгнэлээ.

 

         Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.1, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.1, 23 дугаар зүйлийн 23.1, 23.2-т заасныг баримтлан Д.Т*******аас Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын Хуулийн этгээдийн бүртгэлийн газарт холбогдуулан гаргасан ““*******” ХХК-ийн 2016 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн компанийн дүрмийн өөрчлөлтийг бүртгэсэн бүртгэлийг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай. 

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1., 51 дүгээр зүйлийн 51.1.-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогчид болон тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                           Н.ДАМДИНСҮРЭН